Б.Пунсалдулам: Нярайлаад хоёрхон сар болж байхдаа улсын наадамд түрүүлж байлаа

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын шилдгүүд өчигдөр тодорсон.
Энэ жилийн наадмын эрэгтэйчүүдийн харваанд Баян-Өлгий аймгаас шинэ мэргэн төрсөн бол Б.Пунсалдулам төрийн наадамд гурав дахиа түрүүлж даяар дуурсах мэргэн болсон билээ. Ийнхүү бид баярын халуун мөчид түүнтэй ярилцсан юм.
-Анх хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Үндэсний сурын спортоор 2003 оноос хойш хичээллэж байгаа. Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд сур харваагаар хичээллэдэг байсан тамирын багш Н.Ууганзаяа сурын дугуйлан хичээллүүлж эхэлснээр уг дугуйланд хамрагдаж байсан. Улсын баяр наадамд 2010 оноос хойш буюу 14 дэх жилдээ харваж байна.
-Олон жил сур харваагаар хичээллэж байгаа юм байна. Аймаг сумын наадамд оролцож эхэлсэн байх. Хамгийн анх хэдэн сум онож байв. Анхны амжилтаа дурдвал?
-2010 оноос хойш гэхээр 12 жилийн турш тасралтгүй наадамд оролцож, хоёр удаа түрүүлж, хоёр удаа улсын аварга болж байлаа. Наадамд дөрвөн удаа эхний тавд буюу хоёроос дөрөвдүгээр байрт шалгарч байв.
Анхны тэмцээн 2003 оны хавар аймгийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд орсноор эхэлж байсан. Уг тэмцээнд төдийлөн амжилт гаргаагүй. Хэдий тийм ч маш тууштай бэлтгэлээ хийсэн. Ээж, аав маань дэмжиж спортын мастер н.Бямбаа багшаар нум сум сонгуулж авч өгч байсан. Тэр жилийн наадмаар Өвөрхангай аймгийн өсвөрийн тэмцээнд түрүүлсэн. Анхны амжилт гэвэл тэр л байна даа. Хэдэн сум онож байснаа санахгүй байна.
-Нууцаар жүдогоор хичээллэж байсан намайг аав минь сур харваа руу хөтлөн оруулсан-

-2016 онд үндэсний их баяр наадамд түрүүлж, улсын мэргэн цолны болзлыг хангасан. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач, ямар мэдрэмж төрж байв?
-Би хүүхэд байхдаа ихэвчлэн аймгийнхаа наадамд түрүүлсэн тохиолдолд л улсын аваргад оролцдог байсан. Улсын наадамд тогтмол 5-6 жил харвасны дараа түрүүлсэн. Тухайн үед үнэхээр сайхан санагдаж, өөртөө итгэж чадаагүй. Тэр үед би нярайлаад удаагүй, хүүхдээ яг хоёр сартай байхад наадамд оролцсон. Бие маш сул, бэлтгэл сургуулилт муу байсан учраас их аз түшсэн. Их дурсамжтай мөч байлаа.
-Таны удамд харваач байдаг уу. Сур харваагаар хичээллэж эхлэхэд гэр бүлийн зүгээс хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Манай удамд сур харвадаг хүн байхгүй. Хань маань, хадам аав, мөн манай дүү сур харвадаг. Дүү маань Улсын тод харваач цолтой. Аав маань намайг сур харваанд хөтөлж оруулсан. Жүдогоор хичээллэж байсан боловч, өндөр учраас амжилт үзүүлэхгүй байх гэж байсан.
-Өмнөх жил Даян мэргэн цол хүртэхэд нөлөөлсөн зүйл юу вэ. Хэдий хугацаанд бэлдсэн бэ?
-Бэлтгэлийн хувьд гэвэл өмнө жилийн дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй бэлдсэн. Ажлынхаа хажуугаар, мөн амралтын өдөр зав л гарвал бэлддэг байсан. Энэ жилийн бэлтгэлийн тухайд Өвөрхангай аймгийн Их Монголын харвуул харваачдын нэгдсэн холбоо 20 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр бэлдсэн.
Улаанбаатар хотод байгаа Өвөрхангай аймгийн харваачид улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө буюу зургаадугаар сарын 21-нд бэлтгэлдээ гарч, наадмын өмнө бэлтгэлээсээ буусан. Баг багаараа, нутаг нутгаараа наадмын өмнө гал болоод бэлтгэл сургуулилтаа базаадаг. Үүний нэгэн адил манай Их Монголын харвуул харваачид хамтдаа бэлтгэлээ хийсэн.
-Сурын спортоор улс гэлтгүй бусад тэмцээн уралдаанд тогтмол харвадаг 400-500 харваач байсан бол одоо 1000 дөхөж байна

-Таны хань харваач гэлээ. Сур харвааны бэлтгэл эсвэл наадмын үеэр танилцаж байв уу?
-Сурын зурхай дээр танилцаж байсан. Хань маань улсын баяр наадамд нэг удаа айрагдаж, урианхай сурын харваанд нэг удаа түрүүлж байсан. Урианхай сурын мэргэн, үндэсний сурын аймгийн мэргэн спортын цолтой харваач.
-Сур харваагаар амжилт үзүүлэхэд нөлөөлсөн хүн бол таны багш байх. Багшийнхаа талаар яривал?
-Хөвсгөл аймгийн уугуул, үндэсний сурын холбооны хүндэт мэргэн спортын мастер Б.Жалбаа гэж хүн бий. Манай багш зөвхөн үндэсний сурын харваагаар хичээллэхээс гадна олон жил шагай харваагаар хичээллэсэн, шагай харвааны харьшгүй мэргэн цолтой. 1964, 1968 оны өвлийн олимпод тэшүүрийн төрөлд эх орноо төлөөлж оролцож байсан.
Мөн гранд мастер олон улсын тэмцээнд оролцож байсан мундаг хүн байдаг. Багшаасаа маш их зүйлийг сурч авч байлаа.
-Ер нь эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёр харвахад тодорхой хэмжээнд ялгаа гардаг байх?
-Хүч тэнхээний хувьд ялгаатай. Тохирох зай нь түүнийгээ дагаад хол байдаг. Өөр ялгаа гээд хэлчхээр зүйл байхгүй. Эрийн гурван наадмаас эмэгтэйчүүд оролцдог нэг төрөл нь сур харваа байдаг. Эмэгтэй уяачид байдаг гэж би сонссон.
Сүүлийн жилүүдэд харваа маань маш хүчтэй хөгжиж байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай, улсын баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт орсноор маш эрчимтэй ихэссэн. Сурын спортоор улс гэлтгүй бусад тэмцээн уралдаанд тогтмол харвадаг байсан 400-500 сур харваач байсан бол одоо 1000 дөхөж байна. Сур харвааг сонирхох болсон хүмүүс ч ихэссэн.
-Харваачид маш их хүч, энерги зарцуулдаг. 40 сум тавихад нэг өдөрт 12 км алхсан гэж утасны апплейкшн зааж байна-

-Сур харвааг хүмүүс ихээр сонирхох болсонд юу нөлөөлж байна гэж харж байна вэ. Мөн ач холбогдлыг нь хэрхэн тодорхойлох вэ?
-Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, үндэсний ёс уламжлалаа дээдэлдэг болсонтой холбоотой юм болов уу л гэж хардаг. Бахархал шүү дээ, сур харваа гэдэг чинь.
Хотжсон суурин амьдралтай хүмүүст хөдөлгөөний дутагдал гэх мэт сөрөг үр дагаврууд их байдаг. Гэтэл сурын харваа нь өдөрт 40-50 сум тавина гэж бодоход бүхэл өдөржингөө л 65-75 метрийн зайндаа нааш цааш байнга холхидог. Ийм ч учраас хөдөлгөөний дутагдалд орно гэсэн асуудал гарахгүй гэсэн үг.
-Сурын харваа төрөл тамирчнаас их төвлөрөл шаарддаг спорт шиг санагддаг?
-Харваачдын хувьд гурван өдөр сэтгэл зүйн байдал, биеийн байдал, цаг агаар зэрэг бүх зүйлийг хянах, тооцоолох хэрэгтэй болно. Маш их хүч, энерги зарцуулна. Ганцхан жишээ хэлэхэд 40 сум тавихад нэг өдөрт 12 км алхсан гэж утасны апплейкшн зааж байна билээ.
-Хэт халуун өдөр нумны хэвийн байдал хэр өөрчлөгдөх вэ?
-Хэвийн дулаан өдөр өглөөнөөс орой хүртэл 2-3 паунд өөрчлөгдөнө. Чийглэг өдөр мөн арай өөр.
-Таны хувьд цаашид тавьсан зорилго юу байна вэ?
-Би өөрөө физикийн багш мэргэжилтэй. Мөн үндэсний сур харваагаа хүүхдүүдэд зааж сургахыг хүсдэг. Өөрийгөө бусдад зааж сургах бүрэн чадвартай болсон гэж дүгнэсэн үедээ хүмүүст зааж сургаж, үндэсний бахархал болсон өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийг хичээх болно. Харваач хүн бүрийн дотор ийм зорилго байдаг болов уу гэж бодож байна. Мөн сур харваагаа илүү сайжруулж, олон сайхан наадмын айраг түрүүг авахыг мөрөөдөж, түүнийхээ төлөө хичээсээр байгаа.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүний шавь болох юмсан
Хөөрхөн хүүхэн байна. Багш хүн гоё цэгцтэй ярьж байна. Дархан мэргэн болоорой
Durtai al ve haha