Top StoriesНийгэм ярилцлага

Сумандаа музей байгуулж, үнэ төлбөргүй үзүүлдэг 76 настай Г.Дашчирэв: Энэ миний бий болгосон гурав дахь музей

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэн, Монгол улсын байгаль орчны гавъяат ажилтан Г.Дашчирэв сумандаа гурав дахь музейгаа байгуулаад байгаа нь энэ. Сумын төвийн баруун урд байрлах “Баржин” байгалийн музей гэх хаягтай жижигхэн байшин хаалттай байв. Нутгийн иргэдээс асуухад “Гэр нь тэрүүхэн дор нь байгаа” гэснээр цаг уурын ажилчдын байр гэх цагаан байшингийн урд барьсан монгол гэрээс Г.Дашчирэв гуайг очиж авлаа.

Өдгөө 76 настай тэрбээр хөнгөн, шаламгай хүн аж. Таягаараа цонхны хөшгүүдийг нээж, үүдний хэсгээс музейгээ тайлбарлаж эхэллээ.

“Манай сум говийн цөлийн бүсэд, их говийн дархан цаазат газартай хиллэж оршдог. Хамгийн өндөр нь Залаа жинст хайрхан нутгийн тахилгатай уул далайн төвшнээс 2257 метр, Сэгс цагаан богд уул 2480 метр, бидний энэ зогсож байгаа газар бол 2218 метр өргөгдсөн. Зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан хосгүй сайхан нутаг. 147 хөхтөн амьтан, 100 гаруй зүйлийн жигүүртэн, 47 булаг шанд, нэг рашаан, нэг нууртай. 336 зүйлийн ургамлаас 67 нь бутлаг, сөөглөг бусад нь өвслөг” хэмээн нутгийнхаа бүхий л мэдээллийг агуулж хэвлэсэн зурагт хуудаснаа тайлбарлав.

-Та сая ирэх замд сумандаа гурван удаа музей байгуулсан гэсэн. Тэр тухайгаа ярихгүй юу?

-1967 онд намын төв хорооноос гаргасан сум болгоныг музейтэй болго гэсэн шийдвэрийн дагуу Баянхонгор аймаг бүх сумдаасаа нэг, нэг хүн аваачиж аймгийн музейд сургалт зохион байгуулсан. Тэгэхэд 17 настай миний бие сумаасаа сонгогдож бэлтгэгдсэн юм. Ирээд сумандаа анхны музейг археологийн голдуу олдвор, хуучин шинэ ном судар, хэнгэрэг цан зэрэг тухайн цагтаа хамгийн элбэг олдсон эд зүйлсээр бүрдүүлж нээсэн. Ингээд 1969 онд музейгээ хүлээлгэж өгөөд цэрэгт яваад 1972 онд халагдаад ирэхэд хаачсан, яасан нь мэдэгдэхгүй устчихсан байж билээ.

Ингээд 1975 онд бас л тушаал шийдвэр гарч зөвхөн байгалийн ургамал, эрдэс чулуулаг зэрэг давамгайлсан үзмэрүүд цуглуулж дахиад нэг музей байгууллаа. Энэ маань явсаар 1990 онд бүх байшин хувьчлагдахад музей ч өртсөн. Тэгээд байшинг авсан хүн бүх үзмэрийг сургууль руу шилжүүлсэн ч тэнд очоод эзэнгүйдээд бас л юу ч үгүй дуусчихсэн юм.  

Миний бие сумынхаа Цаг уурын газрын даргаар 40 гаруй ажилласан. 1982 оноос цаг уурын өртөөний нэг өрөөнд сонирхлоороо ургамал, чулуу янз бүрийн юм цуглуулж, гадны дотны хүмүүст үзүүлдэг байлаа. 2014 онд тэтгэвэртээ гарахдаа цуглуулсан юмнуудаа өөрөө л аваад явахаар өөр аргагүй болсон. Тэрнээс өмнө гадаадын хүмүүс ирэхээр хамт явдаг байлаа л даа. Тэд нартаа “Би ингээд баахан үзмэр цуглуулчихсан. Байшин тасалгаа нь улсын өмч болохоор аваад тэтгэвэртээ гарахаас өөр арга алга” гэж ярьж явтал нөгөө хүмүүс чинь нийлээд туслаад энэ байшинг барьсан.

Мазаалай баавгай хамгаалах сан, Хавтгай хамгаалах сан, Баянхонгор аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, судлаачид, аялж явсан хүмүүс гээд бүгд л хандив өгсний хүчинд ийм хөөрхөн байшинтай болж, олон жил цуглуулсан эд юмсаараа дүүргээд нээсэн дээ.

-Энд одоо хэчнээн үзмэр бий бол?

-Эцэслэж тоолоогүй л байна. Гялтагнуур, болор, гартаам, мана, анар гэх мэт 100 гаруй ургамлын хатаадас байна. Зэс, тугалга, төмрийн хүдэр, цайр, сэндэр, шөрмөсөн чулуу гэх мэт маш олон төрлийн геологийн олдвор, үлэг гүрвэл, яст мэлхий, шүр, сувд, дун, хөвд биетэн гэх мэт палентологийн ховор чулуужсан олдворууд, сум, буу, дарины нухуур, цахиур цутгамал зэрэг археологийн олдворууд, амьтдын чихмэл, сийлбэр, ардын уламжлалт тоглоом, хөгжмийн зэмсэг, гар урлал, байгаль түүх болон орон нутгийн онцлогийг өгүүлсэн 200 гаруй ном гээд яриад нэрлээд байвал дуусашгүй их юм цуглуулжээ, би. Манай нутагт ургадаг 330 гаруй зүйл ургамлаас 100 гаруй нь энд байна. За тэгээд нэн ховордсон, устаж үгүй болсон амьтан ургамлын бүхий л мэдээлэл энд бий. Зураг хөрөг нэлээд их авч, жаазалж тордож үзүүлж харуулах хэмжээгээр бэлдсэн байхгүй юм байхгүй дээ. Археологи, палентлоги, геологи, эрдэс баялаг бүгдийг л нэг дороос харчихна. Дээр үед манай нутагт далайн ёроол байсан газар маш их сувд, шүр хадан цохиод хадгалагдсан байсныг дэлгэлээ. Анх байшингаа бариулж байхдаа энийг би юугаар дүүргэх бол гэж бодож байтал одоо хөл тавих зайгүй. Цаашдаа чулуу, ургамал, амьтан гэж төрөлжүүлээд сайхан том музей ч болох боломж бий.

-Та цаг уурын техникум төгсөөд сумандаа 40 гаруй жил цаг уурын газрын даргаар ажиллаж. Мэргэжил тань таныг ийш үргэлжлүүлэн хөтлөв үү, эсвэл...?

-Хоёулаа л нөлөөлсөн. Анх музейн эрхлэгчийн курст сурч байхад нэг настай хүн намайг авч үлдээд олон сайхан зүйлийг ярьж, тайлбарлаж өгдөг байлаа. Тэр хүн их нөлөөлсөн. Нөгөө талаас цаг уур гэдэг чинь байгаль, ургамал, хөрс, агаар гээд бүхнийг судалж, шинжилж, ажигладаг онцлогтой ажил. Манай нутагт дээхнэ үед үлэг гүрвэлийн яс, өнгө өнгийн чулуу ил хэвтэж байдаг байлаа. Цуглуулга хобби, хүний сонирхол гэдэг ямар нэгэн хүчин зүйл, шалтаг шалтгаанаас хамаардаггүй сайхан л даа. Сумандаа хоёр дахь удаагаа байгуулсан байгалийн музейд маш их үзмэр цуглуулсан ч хасагдсаар байгаад юу ч үгүй болсон. Гэтэл миний энэ жижигхэн хувийн музей өдөрт нэг юм олоод тавихад нэмэгдсээр л байдаг. Мөн ирж үзсэн хүмүүсийн санаа, оноо, мэдээлэл миний ажилд их дэм болж урам өгдөг. Манай нутаг баян газар. Дэлхийд байхгүй мазаалай энд байна. Ирвэс, шилүүс, янгир, хулан байна. Тахь, зэгсний гахай, улаан чоно, соргог бөхөн байсан нь устаж үгүй болсон. Би Сэгс цагаан богд, говийн их дархан цаазат газрыг жилдээ 1-3 удаа заавал эргэж тойрч явдаг. Энэ бүхэн нийлснээр “Баржин” байгалийн музей оршин тогтнож яваа.  

-Хэрвээ би англи хэлтэй байсан бол энэ байтугайг хийх байсан-

Гэрэл зургийг Б.Мягмарбаяр Баянхонгор Шинэжинст сум "Барчин" музей

-Та нэлээд сайн аялагч бололтой?

-1980  оноос хойш идэвхтэй аялж эхэлсэн. Сонирхол, мэргэжлээсээ улбаалаад дандаа гадаад жуулчидтай хамт явна. Надад даанч гадаад хэлний мэдлэг байгаагүй. Хэрвээ англи хэлтэй байсан бол энэ байтугай юм хийж болохоор байсан. Тэгж л чадсангүй.

 -Таны музейгээ үнэ төлбөргүй үзүүлдэг юм байна...?

-120 сая жилийн өмнөхөөс одоог хүртэлх цаг хугацааг хамаарах зүйлс энд байгаа юм. Хүнд хэрэг болог гээд үзвэрийн үнэ гэж тавьдаггүй. Гадаад хүмүүс хэдэн төгрөг тавьчхаад гарна. Судлаачид бол байнга л дэмждэг. Хүн үзэж, харж, мэдэрч л байвал болоо доо. Ингээд үзүүлээд байвал байгалиа хайрладаг болох болов уу. Хүүхэд залуус энд зөвхөн чулууны талаар л гэхэд энергитэйг нь, эм гаргаж авдгийг, устай, алт мөнгө зэс бүгд чулуун дотор байдгийг мэдэж аваад гарна. Гэтэл монгол хүмүүс биш гадны улс их үзэх юм. Ажил амьдрал нь болдоггүй л байх. Нөгөө талаас сонирхол байхгүй, цаад учир утгыг ойлгохгүй байна. Эндээс үзэж сонирхохгүй байгаа учир байгаль дэлхийгээ ойлгохгүй л байна гэсэн үг. Гадаад хүмүүс маш их баярлалаа гэж олон хэлдэг. Хэл усыг нь мэдэхгүй болохоор нарийн мэдрэхгүй ч их таатай шимтэж үзнэ. Манай монгол судлаачид хувиараа байгалийн музей байгуулсан хүн танаас өөр байхгүй гэж хэлдэг. Гэтэл дотооддоо энэ алаг дарам газрыг нь хүртэл булаацалдаад байх юм.

-Тийм үү?

-Бүр анх байгуулахад сум таны музейг шилжүүлж авах учир энд барьсан нь дээр гээд газар зааж өгсөн. Одоо үүнийг сонирхдог хүнгүй болжээ. Нэг  хэсэгхэн зайг нь айлын газар орчихлоо гээд хэл ам болоод байгаа юм. Тэгээд ингээд байж байгаа юм. Болохгүй бол хэдэн хүүхдэдээ аваачиж өгнө дөө.

-Гэр тань бас жаахан зайтай л юм. Жуулчны улиралд өдөрт хэд хэдэн удаа нааш цааш явдаг уу?

-Гадаа очоод л дууддаг юм. Одоо ингээд хүйт орохоор хөл татарчихна. Би өөрөө өвөл болохоор хот руу хүүхдүүд дээрээ очиж өвөлжөөд хавар ирдэг. Гэр эндээ байсан нь дээр. Ажлын газрын хоёр сайхан хүүхдийг бараадаж амьдарч байгаа нь энэ. Миний хоол унд, бүх зүйлийг бэлдээд өгдөг юм. Миний хань багш хүн байлаа. Өөд болоод арваад жил боллоо. Манайх зургаан хүүхэдтэй. Бүгд их, дээд сургууль төгссөн. Хамгийн том нь их сургуульд багшилж байна, дараагийн дөрвөн хүүхэд нягтлан бодогч, хамгийн бага нь сүүний инженер. Өвлийн хүйтнийг хүүхдүүд дээрээ өнгөрөөгөөд ирдэг.

-Хүүхдүүд тань өөрсдөөсөө хол ганцаараа байхаар дургүйлхэж байна уу. Хотдоо бүр ир гэдэг ч юмуу?

-Дургүйцэхгүй ээ, миний хүүхдүүд. Аавынхаа насаараа цуглуулж хичээсэн ажил болохоор ойлгоно.  Хамгийн гол нь хүүхдүүд руугаа аваад явъя гэхээр үүнийг багтаах байр сав байхгүй. Тэгээд би эндээ хорогдоод, хаяад явбал бас л алга болно. Миний музейг нэг үзэхэд ямар ч хүн байгалийн сайхныг, байгалийн сайхан бас устаж үгүй болдгийг мэдэж авна. Тийм л учраас ингээд сахиад суугаад байгаа юм.

Тэрбээр ийн ярилаа. Г.Дашчирэв гуай музейн энэ байрандаа арван жилийн сурагчдад зориулсан “Ногоон төглийн найзууд”, “Мазаалай” клубыг ажиллуулж сургалт, аялал, мод тарих, байгаль хамгаалал зэрэг олон ажлыг санаачлан хийж иржээ. Байгаль орчныхоо төлөө түүний хичээл зүтгэлийг төрөөс үнэлж Байгаль орчны гавъяат ажилтан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Байгаль орчны тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгүүдээр мялаажээ.

Түүний аав “Амарбуянт” хийдийн хамгийн сүүлчийн гэгээнтний хоол цай хийдэг хүн байж. Хожим  гэгээнтнээ хил давуулж өгөхөд өөрийг нь буц гэсэн учир нутагтаа эргэж ирээд аян жин тээдэг байжээ. Харин 60 нас хүрээд сумынхаа сургуульд манаач, тогоочийн ажил олон жил эрхэлжээ. Түүний ээж аймгийн сайн малчны болзлыг хоёр удаа хангасан алдартай ажилсаг хүн байж. Морь малд эрэмгий, сааль сүүнд хонь, үхрээ өөрийн дасгасан дуу авиагаар дуудаад эргүүлчихдэг, 400 гаруй хонь, ямаагаа өөрөө самнаад, ноослочихдог байсан тухай тэр бахархангуй дурьдаж суув. Г.Дашчирэв гуай аав, ээжээс тавуулаа, айлын бага хүүхэд. Том эгч, том ах хоёр бурхны оронд одож, би ах эгч хоёртойгоо үлдсэн дээ гэж нэмж хэлсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 31, 2024 10:49

Buyan zaya ni delgereg, gaihaltai hugshin bn

Зочин
Зочин
10 сар 31, 2024 11:08

Ийм хүмүүсээ дэмжээд өгөөсэй

Зочин
Зочин
11 сар 3, 2024 15:40

Гялтагнуур, болор, гартаам, мана, анар гэх мэт 100 гаруй ургамлын хатаадас байна гэжээ. Энэ хүн лав тэгж чулууг ургам�##� гэж хэлээгүй нь ойлгомжтой. Өөрсдөө нэмж чимж, гоё сайхан нийтлэл болгож чаддаггүй юмаа гэхэд хүний хэлснийг зөв найруулаад биччихдэг сэтгүүлч баймаар байна. Манай сэтгүүлчдийн мэдлэг даан ч нимгэн юм даа, гамшиг биш гэж үү

Холбоотой мэдээ

Back to top button