П.Батболд: Энержи Ресурс ХХК говьд 200 мянган модтой ойн зурвас байгуулж, хангайд 50 мянган нарс тарьж, ургуулсан

Энержи Ресурс ХХК өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 400 гаруй мянган мод, сөөг тарьж, амжилттай ургуулсан байна. Үүнээс онцлох нь говьд бий болгоод буй 200 мянган модтой ойн шинэ зурвас юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 7 км-т байрлах тус ойн зурвасыг Энержи Ресурс ХХК 2020 оноос эхлэн бүтээн байгуулсан бөгөөд одоогоор 100 мянга гаруй модыг амжилттай ургуулаад байгаа аж.
Түүнчлэн тус компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл хангай болон говьд 40 сая тод тарьж, ургуулахаар ажиллаж байна.
Иймд бид энэ удаа Цогтцэций сумыг зорьж, уурхайчдын говьд бүтээн байгуулж буй ногоон байгууламж, ойн зурвасыг онцоллоо.
Энэ хүрээнд бид тус компанийн мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн талбайтай танилцаж, Энержи Ресурс ХХК-ийн Байгаль орчны ахлах менежер П.Батболдтой ярилцлаа.

-Энержи Ресурс ХХК-ийн тарьсан ногоон байгууламж, ойжуулалтын явцын талаар танилцуулаач?
-Бид яг одоо Энержи Ресурс компанийн мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн туршилтын талбай гэдэг нэртэй газарт зогсож байна. Энэхүү талбайд манай компани 2009 оноос эхлэн мод, сөөг үржүүлж ногоон байгууламж болон нөхөн сэргээлтдээ ашиглаж эхэлсэн. Одоогоор манай компани 400 гаруй мянган мод тарьж ургуулаад байна.
-Танай компани нийтдээ 400 мянга гаруй мод тарьж, ургуулсан гэсэн шүү дээ. Энэ дундаа 200 мянган модыг нь нэг дор тарьж, ойн зурвас байгуулсан гэж сонссон?
-Та бүхэн мэдэх байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тэрбум мод хөтөлбөр 2021 орноос хэрэгжиж эхэлсэн. Уг хөдөлгөөнд манай компани нэгдэж, 2030 он хүртэл 40 сая мод тарьж ургуулах үүрэг, амлалт авсан. Энэ хүрээнд Цогтцэций сумаас 7 км-ын зайд ойн зурвас байгуулж эхэлсэн. Тус ойн зурвас нийтдээ 100 гаруй мянган модтой хоёр талбайгаас бүрдэж байгаа. Нэг нь 40 га талбай, нөгөөх нь 20 гаруй га талбайтай. Тэр хэсэг газар Цогтцэций сумын ойролцоох хамгийн том ногоон зурвас болоод байна.

-Ногоон байгууламжад хүлэмж бас харагдаж байна?
-Манай ногоон байгууламжуудад хүлэмж байгаа. Энэ талбайд гэхэд гурван хүлэмж бий. Бид эдгээр хүлэмждээ үрээр говийн мод, сөөгийг үржүүлдэг. Хүлэмжид ихэвчлэн жигд гэдэг модыг үржүүлж байна.

-Танай компани говьд ямар зүйлийн мод, сөөгийг тарьдаг вэ?
-Яг энэ талбайд манай компани ихэвчлэн говийн бүсэд ургадаг мод, сөөгийн тарьж ургуулдаг. Жишээ нь хайлаас, сухай, жигд байна. Мөн сүүлийн жилүүдэд бид тоорой мод үржүүлж байгаа. Бас заг үржүүлж, тарьдаг. Энэ мэтчилэн дандаа говь нутагт ургадаг төрөл зүйлийн моднуудыг тарьж ургуулсан. Ногоон байгууламжийн зорилгоор улиас болон бусад навчит модыг үржүүлдэг.
-Энэ мод үржүүлгийн талбайд хэдэн зүйлийн мод тарив?
-Энэ талбайд 20 гаруй зүйлийн мод тарьсан. Үүнээс 5-6 нь говийн мод. Үүнд тоорой, буйлс, хайлаас зэрэг моднууд орж байгаа. Бас энэхүү талбайдаа туршилтын шугамаар хангайд ургадаг нарс, бургас, голт бор гэхчлэн навч моднуудыг ургуулсан. Харин талбайн зүүн хэсэг манай үржүүлгийн хэсэг. Энэ хэсэгт сухай гээд мөчрөөр говьд ургуулдаг мод бий.

-Эдгээр модны үрийг хаанаас авч байна?
-Бид модны үрийг дандаа өөрсдийн талбайгаас бэлтгэдэг. Энэ үржүүлгийн талбай гэхэд 2009 онд байгуулагдаж, 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа учраас үр, мөчрөө энэ талбайгаасаа бэлтгэж тарьдаг гэсэн үг. Өөр газраас үр, мөчир бэлтгээд байдаггүй нь манай нэг онцлог.
-Говьд нарс тарьчихсан байгаа нь их сонирхолтой харагдаж байна л даа?
-Нарс байгалийн бүс бүслүүрийн хувьд говьд ургадаггүй мод. Гэхдээ говьд шилмүүст модыг ургах боломжтой юу гэдгийг үзэхээр туршилтаар тарьсан. Энэ талбайд байгаа нарс модыг 2010 онд тарьсан. Одоо 10 гаруй жил ургаж байна. 4 метр орчим өндөр ургасан. Нарс мод нь өөрөө мөнх ногоон. Дээрээс нь тоос шороог шингээх чадвартай байдаг.

-Талбайн онцлох моднуудаа сонирхуулбал?
-Бид энэ талбайд тоорой мод үржүүлдэг. Энэ мод нь нэн ховор ангилалтай. Бараг устаж, үгүй болоход ойрхон байгаа мод. Бид тоорой модны үрийг байгалиас түүж ирээд 2020 оноос үржүүлж байгаа. Үржүүлэхдээ бортогонд хийж, тодорхой нарийн горимын дагуу усалгаа хийж үржүүлдэг. Тооройн үрийг Баянхонгор аймгийн Эхийн голын баян бүрдээс авч ирсэн.

-Говьд мод ургуулахын тулд нэлээд арчилгаа шаардлагатай. Дээрээс нь усалгааны асуудал бас хүндрэлтэй байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь мод ургуулна гэдэг усалгаа, арчилгаа их шаарддаг. Хангай газраас ялгаатай нь говьд мод тарихад зориудын усалгаа хийх шаардлага гардаг. Говьд ургуулж буй модыг задгай усалж болдоггүй. Задгай усалбал усны нөөц их зарцуулна. Тиймээс бид мод тарьсан талбай болгондоо зориудаар усалгааны систем тавьдаг. Тэр систем нь дуслын усалгаа буюу усыг бага зарцуулдаг систем байгаа. Мөн говийн бас нэг онцлог нь хаврын шороон шуурга, гэнэтийн цочир хүйтрэл байдаг. Тэр үеийн онцлогт тааруулж модоо тарьж, арчилдаг. Ер нь байгаль цаг уурын онцлогт нь тааруулж яг говьд ургадаг модыг сонгож тарьж байгаа. Ингэснээр моднууд маань амжилттай ургадаг.

-Мод тарих ажилд компанийнхан ажилчид өөрсдөө гар бие оролцдог уу. Хэд орчим хүн энэхүү ажилд оролцож байгаа вэ?
-Манай компани 2600 орчим ажилтантай. Тухайн ажилтнууд маань алба хэсгээрээ хуваагдаж ажилладаг. Тухайлбал манай ногоон байгууламжууд уурхайн албаны ногоон байгууламж, тээврийн хэсгийн ногоон байгууламж, авто үйлчилгээний засварын хэлтсийн ногоон байгууламж гэхчлэн тус тусдаа хуваарилагдсан эзэнтэй байдаг. Талбай болгондоо шинээр ногоон байгуулж байгуулах болон арчилгаа хийхдээ тэр хэсгийн ажилтнууд нь оролцож арчилгаа болон тарилт хийгээд явдаг.

Дээрээс нь хавар, зун, намартаа сумандаа байдаг орон нутгийн ажилчдаа гэрээлэн ажиллуулдаг. Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд оюутнуудыг цалинтайгаар дадлага хийлгэж, мод үржүүлгийн талбайд ажиллуулдаг. Ийм байдлаар ажиллах хүчээ шийдвэрлэж байгаа.
-Цаашдаа мод тарьж 40 саяд хүргэнэ гэж байгаа. Тэдгээрийг зөвхөн говьд тарих уу?
-Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 40 сая мод тарьж ургуулахаар ажиллаж байна. Эдгээрийг бүгдийг нь говьд тарихгүй. Тэрбум мод хөдөлгөөний үндсэн зорилтуудын тэргүүн эгнээнд доройтсон ойн санг ойжуулах гэдэг зорилт байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр монгол орны шилмүүст мод, нарс болон шинэсэн ой түймэр боррл хортон шавжид идэгдчихсэн. Дахин ойжуулах шаардлагатай байдаг. Тиймээс тэдгээр талбайнуудад бид ойжуулалт хийж эхэлсэн.

Тухайлбал, 2024 онд бид Хэнтий аймгийн Дадал суманд 50 мянган нарс мод тарьж, ойжуулсан. Цаашид энэ жишгээрээ шилмүүст модны ойжуулалтыг түлхүү хийнэ. Дээрээс нь бид говьд ногоон байгууламж хийж байна. Говийн гол мод заг байдаг. Ойн санг бүрдүүлэхэд хамгийн их шаардлагатай нь заг учраас бид Өмнөговь аймгийн Байгаль орчны газартай хамтран заг модны ойжуулалт хийж байгаа. Энэ хүрээнд жил бүр 10 мянган мод тарьдаг.
-Ойжуулсан талбайгаа эргээд яаж хамгаалж байгаа вэ?
-Хамгаалалт маш чухал. Ялангуяа төв суурин газар. Мөн монгол орны онцлог нь малын бэлчээтэй ойжуулж байгаа талбай давхцах явдал. Тиймээс манай заг тарьсан талбай болон бусад ногоон байгууламжийн талбай дандаа хашаатай байдаг. Мөн хамгаалалт талаас өөр анхаарах ёстой зүйл нь мэрэгч амьтад байдаг. Мэрэгч амьтадаас хамгаалахын тулд бид хашааныхаа доогуур нарийн ширхэгтэй трос татдаг. Энэ мэтчилэн ямар мод хаана тарьж байгаагаас хамаараад хамгаалалтыг онцлогт нь тааруулж хийдэг.

-Танай байгууллагын тарьсан 400 мянган модны ургалт хэдэн хувьтай явж байна?
-Тарьсан модоо гурваас доошгүй жил арчлан, хамгаалсны үр дүнд манай компанийн тарьсан модны амьдралын хувь жил болгоны тооллогоор 85-аас дээш хувьтай гардаг. Эхний талбайгаа бид аймгийн төрийн байгууллагуудад нь хүлээлгэн өгч, дүгнэлт гаргуулаад явж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх ард түмний өмч байх ёстой таван Толгойн ордын хамгийн нөөц сайтай хужирыг нь авч ханаж цадахгүй идэж байгаа нөхдүүд энэ зэргийн хэдэн мод, бургас тарих юм байлгүй л яахав дээ.
Баяр хүргэе.Амжилт хүсье
Гэтэл эд нарт муурхдаг Женко Монголд хэрэгтэй юу бүтээсэн юм бэ???