Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэг усны хангамжийг тасална гэсэн тул Пакистан сандарч байна

Өнгөрсөн долоо хоногт Кашмир нутгийн Энэтхэгийн удирддаг хэсэгт террорист халдлага гарч 26 хүн амь үрэгдсэн. Хэрэгтнүүд эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдийг тусгаарлаж, эрэгтэйчүүдийг хөнөөхийнхөө өмнө нэрийг нь асуусан юм. Гэрчүүдийн хэлснээр халдагчид эрэгтэйчүүдийг Исламын шашны эшлэл хэлэхийг шаардаж, чадаагүй хүмүүсийг нь буудаж хөнөөсөн байна.

Энэтхэг улс тус халдлагыг үйлдсэн гурван этгээдийн хоёр нь Пакистанаас хил даван орж ирсэн гэж үзэж байгаа. Ийм учраас Энэтхэг 1960 онд хийгдсэн Инд голын усны гэрээг түдгэлзүүлсэн юм. Тус гэрээгээр Пакистан улс хөдөө аж ахуй усалгааныхаа 80 хувийг хийдэг. Дэлхийн банк хоёр улсын хооронд зуучилж үүсгэсэн тэрхүү гэрээ нь Энэтхэг-Пакистаны хоёр ч дайныг даван туулсан ч өнгөрсөн долоо хоногийн террорист халдлагын улмаас нуран унав. Хариуд нь Пакистан Энэтхэг нисэхийн компаниудыг агаарын орон зайг нь ашиглахыг хориглосон.

Пакистан улс хил дамнасан терроризмыг дэмжиж байгаагаа баттай, эргэлт буцалтгүй цуцлах хүртэл энэхүү арга хэмжээ үргэлжилнэ гэж Энэтхэг мэдэгдсэн юм. Хоёр улсын засгийн газрын албан тушаалтнууд болон шинжээчдийн үзэж буйгаар Энэтхэг Пакистан руу урсдаг гурван голд усан цахилгаан станц л барьсан тул усны урсцыг шууд зогсоож чадахгүй гэж үзэж буй. Гэхдээ хэдэн сарын дараа бүх зүйл өөрчлөгдөж магадгүй. Энэтхэгийн Усны нөөцийн сайд Чандракант Рагхунат Паатил “Бид Инд мөрний дусал ч усыг Пакистанд хүргэхгүй” гэсэн байна.

Нэрээ нууцалсан хоёр Энэтхэг албан тушаалтан хэлэхдээ тус улс хэдэн сарын дотор суваг ашиглан усны урсцыг өөрсдийн тариалангийн талбай руу шилжүүлж болно гэжээ. Харин ус нөөцөлдөг далан барихын тулд 4-7 жил шаардагдана гэж тэдгээр албан тушаалтнууд хэлсэн юм.

Инд мөрний усны урсцыг зогсоох нь Пакистаны хувьд томоохон асуудал болно. Тус улсад газар тариалан эрхэлдэг 40 настай Хомла Такхур “Хэрвээ тэд усны урсгалыг зогсоовол энэ бүхэн Тар элсэн цөл болж хувирна. Улс орон бүхэлдээ цөл болно” гэжээ.

Усны урсгалыг зогсоохоос гадна Энэтхэг улс Пакистанд ус зүй болон үерийн аюулын талаар мэдээлэл хуваалцахаа зогсооно хэмээсэн юм. Энэтхэгийн Усны төв комиссын дарга асан Кушвиндер Вохра хэлэхдээ “Ямар хэмжээний ус хэзээ ирэхийг тэд хэлж чадахгүй болно. Ийм мэдээлэлгүйгээр тэд урьдчилж төлөвлөж чадахгүй” гэсэн байна. Пакистаны Дотоод хэргийн сайд Кашмирын халдлагыг төвийг сахисан байдлаар мөрдөн байцаахыг уриалж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. Гэхдээ тус халдлагыг хамтран шалгах магадлал багассаар байна. Учир нь ням гарагт /2025.04.27/ хоёр талын зэвсэгт хүчин гурав дахь өдрөө хил дээр гал солилцсон юм.

Мөн Инд мөрний урсгалыг хаах нь хөдөө аж ахуй төдийгүй цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлж, эдийн засагт хүндхэн цохилт болж магадгүй гэж шинжээчид үзэж буй. Их Британид үйл ажиллагаа явуулдаг “Oxford Policy Manager” фирмийн эдийн засагч Вакар Ахмед хэлэхдээ Пакистан Энэтхэг улс тус тохиролцоог хаях аюулыг дутуу үнэлсэн гэсэн юм. Тэр “Энэтхэгт яг одоо усны урсцыг зогсоох дэд бүтэц байхгүй. Ялангуяа үерийн үед. Энэ нь Пакистан усны нөөцийн асуудлаа шийдвэрлэх цонхыг гаргаж өгч байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button