Г.Байгаль: Сэтгүүл зүй чанартай, мэргэжлийн болохын тулд сэтгүүлч мэргэших ёстой гэж боддог

Eguur News редакц жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр салбартаа манлайлал үзүүлж буй нэг сэтгүүлчийг онцлон ярилцдаг.
Иймд бид энэ удаа “Eagle” телевизийн тоймч Г.Байгальтай ярилцлаа.
-Юуны түрүүнд танд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Хүний мэдэх эрхийг хангахын төлөө ажиллаж байгаа нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчдад дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Мөн биднийг хүлээн авдаг үзэгчдэдээ мэдэх эрхийн төлөөх баярын мэндийг хүргэе.
ВИДЕО:
-Мэргэшсэн сайн сэтгүүлч болох зорилгоор дахин эдийн засгаар суралцсан-
-Та яагаад эдийн засгаар бичих болсон бэ?
-Би сэтгүүлчээр суралцаж байхдаа экологийн сэтгүүлч болно гэж боддог байсан. Тухайн үед манай их сургуулийн багш нар ямар нэг байдлаар сэтгүүлч хүн мэргэших хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэндээс би яг юугаар мэргэших вэ гэж бодож байгаад байгаль, эх дэлхийгээ хамгаалсан сэтгүүлчдийн түүх, ажлын талаар уншаад сэтгэлийн хөөрлөөрөө экологийн сэтгүүлч болох шийдвэр гаргасан.
Гэвч сургуулиа төгсөөд ажилд орохдоо “Bloomberg” телевизэд орчихсон. Нөгөөх экологиор мэргэших гээд байгаа хүний орсон газар нь эдийн засаг дагнасан телевиз болж таарсан. Тэгээд л хүссэн хүсээгүй эдийн засгийн мэдээллүүдтэй танилцаж эхэлсэн дээ.
Уг нь алт олборлолтыг байгаль талаас нь эсэргүүцдэг экологийн сэтгүүлч болох хүсэлтэй байсан хүн эсрэгээрээ алтны ордын үйл ажиллагааг дэмждэг сэтгүүлч болчихсон. Ажиллах явцад эдийн засаг маш сонирхолтой, өрнөлтэй, адал явдалтай кино шиг өдөр болгон өөрчлөлт бий болж байдаг сэтгүүл зүй гэдгийг олж харсан. Бас илүү үнэн бодит мэдээллийг авах, тоо дататай ажиллах надад таалагдаж цаашид эдийн засгаар явах шалтгаан болсон.
-Сэтгүүлчээс гадна эдийн засгаар суралцсан гэж сонссон. Сонгосон чиглэлээрээ суралцах, судалж мэдэх хоёрын ялгааг та хэрхэн хардаг вэ?
-Эдийн засгийн мэдээ мэдээлэл бэлтгээд явж байхад тухайн зүйлийг сонссон учраас мэдээд байгаа юм шиг. Гэхдээ үнэхээр мэдэж байна уу гэхээр мэдэхгүй байгаа ч юм шиг нөхцөл байдал надад маш их тохиолддог байсан. Жишээ нь нэг компанийн санхүүгийн тайланг аваад үзэхээр тэр тайлан дээр байгаа юмыг нь би уг нь мэдээд байгаа юм. Гэхдээ үнэхээр яг мэдэж байна уу. Би компанийн захирал, ажилтнууд шиг бүрэн хэмжээнд тэр тайланг ойлгож уншиж байна уу гэхээр үгүй байдаг. Зарим тоонуудыг нь яаж гарсныг нь мэдэхгүй байх зэрэг эргэлзээнээс эхлээд олон асуудал гарч эхэлсэн. Тиймээс энэ чиглэлээр суралцъя. Илүү мэдлэгтэй больё. Арай системтэй, цэгцтэй больё гээд Санхүү эдийн засгийн их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, төгссөн. Төгсөөд бизнесийг, эдийн засгийг арай өөрөөр харах боломжтой болсон. Мэргэшсэн сайн сэтгүүлч болох гэж хүссэн учраас эдийн засгийг ойлгох гэж дахин сурсан.
Эдийн засаг, улс төр гэдэг тодорхой хэмжээний мэдлэг шаарддаг. Системтэй, цэгцтэй, онолын хүрээний мэдлэгийг шаарддаг.
Мэргэшнэ гэхээр заавал сургуульд суралцах биш. Сонгосон чиглэлээрээ ном уншиж, хүмүүсээс мэдээлэл авах зэрэг төрөл бүрээр арга байж болно. Сэтгүүл зүй үнэхээр мэргэжлийн чанартай болж, сайжрах гэж байгаа бол сэтгүүлч мэргэших нь чухал. Мэргэшсэн сэтгүүлчээс чанартай материал гарна. Яг ийм байдлаар сэтгүүлчид чанартай материал гаргаж эхэлбэл салбарт өрсөлдөөн бий болж сэтгүүл зүйн чанар сайжирна. Сэтгүүлчид цэвэр хийж байгаа зүйлээрээ өрсөлдөж, хараат бус болох гээд олон давуу талтай. Давхар бас мэргэжлийн нэр хүнд сайжрах боломжтой. Тиймээс сэтгүүлч хүн аль нэг чиглэлээр мэргэшнэ гэсэн амбицтай байх нь зөв гэж боддог.

-Яагаад сонингоос телевиз рүү орох болсон бэ. Та сайн бичиж чаддаг. Тиймээс үргэлжлүүлээд бичих эсвэл сайт руу орох гээд олон сонголт байсан байх. Гэтэл яагаад телевизийг сонгов?
-Би засгийн газрын мэдээ сонинд зургаан жил ажиллаж байсан. Тэнд бичиж эхэлсэн. Дараа нь телевизэд ороод өмнө нь сонинд ажиллаад тодорхой хэмжээнд цаг хугацаа алдсан юм болов уу гэж боддог байсан. Гэхдээ эргүүлээд бодоход миний сонинд ажиллаж байхдаа сурсан бичих гэдэг эрдэм бол маш чухал эрдэм юм байна.
Ер нь бичиж чаддаг хүн ярьж чаддаг юм байна лээ. Бичиж чаддаг хүн нээлттэй сэтгэж, аливаа зүйлийг олон талаар харж чаддаг юм байна. Ер нь бичих гэдэг өнөөдөр жаахан дутуу үнэлэгдээд байгаа юм шиг надад санагддаг.
Гэхдээ бичих эрдэм, бичих чадвар гэдэг бол хүний толгой тархийг маш их задалж өгдөг. Хүнийг өөр өнцгөөс харах боломж олгодог чухал зүйл. Харин ажлаа сольсон тухайд би сонинд ажиллаж байхдаа ажил, мэргэжлээсээ түр хугацаанд залхсан.
Би сэтгүүлчийн ажлыг маш их дурлаж хийдэг. Нэг ширхэг мэдээ бичих байсан ч хийж байгаа ажлаа маш их хүсэл тэмүүлэл, дур сонирхолтойгоор хийдэг. Хэзээ ч ямар нэгэн юмыг гурилдъя, аргалаад өнгөрөөе гэж боддоггүй. Гэтэл яг энэ дур сонирхлоо би сонинд ажиллаж байхдаа нэг хэсэг алдаж, сэтгүүл зүйн ажлаасаа жил орчим завсарлага авсан.
Тэр хугацаанд өөр салбарт ажиллаж үзсэн. Тэнд ажиллаж байхдаа миний хийх дуртай, уйдахгүй хийж чадах ажил сэтгүүлч л юм байна гэж ойлгосон. Тиймээс эргээд салбартаа орохоор болсон. Буцаж орохдоо юу хийх вэ. Дахиад бичих үү, яах уу гэж эргэлзэж явахад манай “Eagle” телевизээс надад ажиллах санал ирсэн. Би телевизийн салбарт ороод удаагүй, цоо шинэ хүн. Гэхдээ энэ салбарт яг өөрийнхөө бодсоноор сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ямар байгаасай гэж хүсдэг яг тэр сэтгүүл зүйгээ хийх гэж чадан ядан хичээж байгаа. Одоогоор яг хүссэн шигээ сэтгүүл зүйн бүтээл хийж чадахгүй байгаа. Надад салбартаа яг үүнийг л хийнэ гэсэн мөрөөдөл бий. Би одоо тэр мөрөөдлийнхөө 20 хувийг нь л хийж байгаа. Дахин сайжрах 80 хувийн боломж надад бий. Тэрийгээ хийхийн тулд илүү хичээнэ.
-Би сэтгүүл зүйн ажлыг хар ажил гэж боддог. Камерны ард нүдэнд харагддаггүй, хүмүүст мэдрэгддэггүй тийм их ажлууд байдаг-

-Салбараасаа залхаад завсарлага авч байсан гэлээ. Сүүлийн үед салбараасаа гарч буй сэтгүүлчдийн тоо нэмэгдэж, шинэ хүн олох нь редакцуудын толгойны өвчин болоод байгаа. Энэ зүйл танд ч тохиолдож байж. Сэтгүүлчдийн шантарч байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Би өөрийнхөө талаас хоёр янзаар тайлбарламаар байна. Эхлээд ажилд орж байгаа сэтгүүлчээс хамааралтай хүчин зүйлс маш их байна. Манай салбар ямар ч байж болно. Хамгийн гол нь тэр хүн энэ салбарыг сонгохоосоо өмнө үнэхээр би дуртай юу. Сонирхолтой юу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Сэтгэл, зүтгэлтэй байж ажил явна. Хэрэв дур сонирхолтой, мэргэжилдээ дуртай хэр нь салбартаа ажиллаад шантарч байвал манай салбар асуудлаа харах ёстой.
Нөгөө талаас би өөрөө хийж байгаа учраас ингэж хэлж байгаа юм биш. Гэхдээ энэ салбар хэцүү. Ер нь ажил мэргэжил бүгд хэцүү. Түүний адил манай салбарт ч бас хэцүү зүйлс маш их байдаг.
Магадгүй сэтгүүл зүйг зарим тохиолдолд хөндлөнгөөс харахад маш амархан мэт, зүгээр л шууд дамжуулалт хийгээд болдог юм шиг харагддаг боловч цаана нь маш их хар хөдөлмөр байдаг. Маш их цаг наргүй ажил байдаг. Маш их тэсвэр тэвчээр шаардлагатай байдаг. Лид, монтаж гээд асар их зүйл ард нь байдаг. Би сэтгүүл зүйн ажлыг хар ажил гэж боддог. Нүдэнд харагддаггүй, хүмүүст мэдрэгддэггүй тийм их ажлууд байдаг.
Сэтгүүлчид маань үүнд ядарч, шантардах байх. Бас сүүлийн үед сэтгүүл зүйн үнэлэмж, цалин хөлстэй холбоотой, мэргэжлийн нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Энэ нь сэтгүүлчид салбараа сонгохгүй байх, залхах бас нэг шалтгаан болж байгаа байх.

Бид өөрчлөгдөх ёстой. Хүүхдүүд яагаад шантраад байгааг анзаарах хэрэгтэй. Ажлын байрны орчин эрүүл байх ёстой. Тэрнээс биш “бидэнтэй зохицохгүй байна яв” гэдэг хандлага байж болохгүй. Манай салбар цагийн хувьд, ачааллын хувьд өөрчлөгдөж байж сайн хүнийг тогтоож, барьж үлдэнэ. Бид “Өмнө нь ингэж загнуулдаг байсан. Гар хөлийн үзүүрт гүйдэг байсан” гэх хандлагаа өөрчлөх ёстой. Цаг үе өөрчлөгдөж байна. Бид дагаж өөрчлөгдөх ёстой. Шинэ хүнтэй яг ажилтан шиг харьцах ёстой. Цалинг нь цагт нь өгдөг байх ёстой. Хөдөлмөрийн зах зээл хувьсан өөрчлөгдөж байна. Ажиллах орчныг нь сайн бүрдүүлэх нь зүйтэй. Нөгөө талд ажиллаж байгаа хүн бас хариуцлагатай байх ёстой. Ажлаа гэсэн чинь сэтгэл зүтгэлтэй байх ёстой. Хоёр талын итгэлцэл, хамтын ажиллагаагаар явах ёстой гэж хардаг.
Хүний нөөцөөс гадна ер нь сэтгүүл зүйд сүүлийн үед хамгийн их дутагдаж байгаа зүйл нь сайн сэтгүүлчээс гадна сайн редактор гэж би боддог. Сайн сэтгүүлчийн цаана дандаа сайн редактор байсаар байсан. Гэхдээ сүүлийн үед яг тийм байна уу гэдэг дээр жаахан асуултын тэмдэгтэй байгаа юм шиг санагддаг.
Миний хувьд азаар би үеийн үед маш сайн редакторын дор ажиллаж байсан. Одоо ч бас маш сайн редакторын дор ажилладаг. Надаас магадгүй гайгүй, сайн юм гарч байвал тэр манай редакторын чиглүүлэг, ач тус. Тэр хүний удирдлага дор ажиллаж байгаа учраас л би буруудчихгүй явж байгаа. Манай сэтгүүл зүйн салбарт сайн редактор их дутагдалтай байгаа. Сайн редактор гэдэг бол сайн сэтгүүлчийг, бүтээлийг нь бэлтгэдэг гол чиглүүлэх хүч, луужин нь байдаг. Энийг бид мартаж болохгүй байх. Сүүлийн үед сэтгүүлч л танигдаад байгаа учраас зарим хүмүүс зөвхөн сэтгүүлчийн тухай ярьдаг. Гэхдээ тэрний ард байдаг хүн бол сайн редактор.

-Гаргаж буй хандлага, хичээл зүтгэлээрээ энэ мэргэжилд хэр их хайртайгаа харуулахыг хичээдэг-
-Та ер нь хэр мэргэжилдээ дуртай, хайртай хүн бэ?
-Анх сэтгүүлч мэргэжлийг сонгохдоо, суралцаж байхдаа, мэргэжлээрээ ажиллаж эхлэхдээ би өөрийгөө сэтгүүл зүйн салбарт хайртай гэж бодож байгаагүй. Би бас ажилдаа дуртай гэж өөрийгөө мэдэрч байгаагүй. Цаг хугацаа явахын хэрээр би сонгосон мэргэжил, ажилдаа маш их дуртай байсан гэдгээ ойлгосон. Би энэ мэргэжлээс маш их аз жаргалыг мэдэрдэг. Бас салбараасаа маш олон зүйлийг авч байгаа гэж боддог. Найз нөхөд, хамт олон, сэтгэл зүйн маш олон сайхан зүйлсийг би салбараасаа авч байгаа. Гэсэн ч би хүмүүс шиг ажилдаа дуртай, ажилдаа хайртай гэж хэлдэггүй. Цаашид ч хэлж чадахгүй байх. Миний мэргэжлээ хайрлах хайр зүрх сэтгэл дотор маань гүн байдаг. Тэрийг би амаараа хэлж чадахгүй ч хийж байгаа ажлаараа харуулахыг боддог. Яг өөрийнхөө хийж байгаа зүйлийг юу ч байсан хамгийн сайнаараа хийх гэж хичээдэг. Мэдээж дандаа сайн байж чаддаггүй. Гэхдээ хийж байгаа зүйлээрээ биеэ авч явж байгаа байдлаараа мэргэжлээ гэх сэтгэл, хандлагаа харуулах гэж хичээдэг.
Тэрнээс биш би сэтгүүл зүйг мөнгө, өөрийгөө таниулах гэсэн арга зам гэж хардаггүй. Яагаад гэвэл би энэ ажил мэргэжилдээ маш их дуртай. Ажилдаа маш их хайртай учраас хийж буй ажлаараа, өөрийн гаргаж буй хандлага, хичээл зүтгэлээрээ энэ мэргэжилд хэр их дуртай вэ гэдгээ харуулъя гэж боддог.
-Таны сэдвийн сонголт, эдийн засгийг хэнд ч ойлгогдохоор тайлбарлаж байгаа арга хэлбэр бусдаас ялгарч харагддаг. Та ер нь сэдвээ яаж хайдаг вэ?
-Би олон сайн сэдвээс нэг сайн сэдэв гардаг гэж боддог учраас маш олон сэдэв олохыг боддог. Гэхдээ би таван сонирхолгүй сэдэв барьчхаад тэрийгээ олон сэдэв гэж боддоггүй. Яг таван сайн сэдэв барьж аваад нэг сайн сэдэв гаргана гэж боддог. Тиймээс маш олон сэдэв олохыг хичээдэг. Хүнтэй ярилцах явцдаа, нийгмийн сүлжээ, сониноос гээд төрөл бүрийн аргаар сэдэв хайдаг. Би өдөр бүр хамгийн багадаа тав дунджаар есөн сэдэвтэй даргынхаа өрөө рүү ордог. Нэг, хоёр сэдэв барьчхаад мэдээ хийнэ гэдэг зүйлийг би өөртөө зөвшөөрдөггүй.
Гэхдээ сэдэв гэдэг чинь зөвхөн агуулга. Бид редактортайгаа зөвлөлдөөд бичих агуулгаа сонгодог. Тэрний дараагийн процесс нь хэлбэр. Тоо гэдэг чинь өөрөө уйтгартай. Гэсэн ч эдийн засаг хүнд хамаатай. Тэгэхээр агуулга гоё байгаа ч гэсэн хэлбэр нь ямар байж хүнд хүрэх вэ гэдгийг би маш их бодож өөрийгөө шахаж гаргадаг. Зогсож ярих уу, гараа яаж хөдөлгөх вэ гэдгээс эхлээд бүх зүйлээ бодож төлөвлөнө. Гадаадын телевизүүдээс жишээ харна гээд олон янзаар хэлбэрээ хайж, гэртэй байхдаа, найзуудтайгаа уулзахдаа гээд бүх үед дотроо нөгөө агуулгаа яаж хүргэх вэ гэдгээ бодсоор л байдаг. Гэхдээ яаж ч хийсэн заримдаа уйтгартай болчихдог. Гэсэн ч өөрийгөө түлхээд хичээж байгаа.
-Салбарийнхаа хөгжлийг хэрхэн харж байна?
-Би салбараа хөгжлийнхөө замаар л явж байгаа гэж боддог. Туулах ёстой зүйлээ туулж, тэндээсээ сургамж авч байж бид ахиж дэвшинэ. Тиймээс би салбараа шүүмжлэхийг хүсэхгүй байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн салбартай харьцуулж харахад манайх зөв чиглэл рүүгээ явж байгаа. Энэ зуурт мэдээж хөгжлөө дагаад янз бүрийн сорилт тулгарч байна. Тэрийг бид бүгдээрээ даваад гарч байгаа. Нийгэм эдийн засгийн хувьд бид шилжилтийн үед явж байна. Дэлхийн эдийн засаг, технологийн салбарын өөрчлөлттэй адилхан хэвлэл мэдээллийн салбар ч гэсэн өөрчлөлт, шинэчлэлтийн үе дээр ирж байна.
Өөрчлөлтөөр сургууль төгсөөгүй ч хүн сэтгүүл зүй хийж болох боломжийг цахим сүлжээ олгодог болсон байна. Энэ утгаараа энэ сэтгүүл зүй мөн, биш гэдэг яриа хүртэл сүүлийн үед их гарч байна. Гэхдээ энэ бол өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байгаагийн нэг илрэл байх гэж боддог.
Хэлбэр нь өөр ч бид бүгд сэтгүүл зүй хийж байна. Цаг хугацааны явцад бүгд цэгцрээд голдиролдоо ороод явах байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Urand hudaldagdsan setguulch. Tseverhen tsarailaad yahav dee
Мундаг сэтгүүлч шүү
Сэтгүүлч гэж энэ хүнийг л хэлнэ дээ .
Монголд нийтийн мэдээлэл маш муу хөгжсөн. Гадаад орныг их ярих гэнэ.Дотоод асуудлуудаа мөн чанараар нь ард түмэндээ ойлгуулах нь маш бага.Хуулийн чух�##� за�##�туудыг ард түмэн хожим мэдэж хохирдог.
Эрэл хайгуул хийдэг бүтээлч сэтгүүлч гэж боддог, гарч таарв�##� заав�##� үздэг.
zugeer l aytaihan medee toimoo unsh za bitii orilood devhtseed bai huduunii haltar huuhen guai
Manai ene TV nuudeer niitleg haltaisan huduunii ork huuhnuud l efirt garch medee unshij bga haragdahiin buur neg zolbin tsaraitai haltar hun aimaar nuur amaa budtsan yamar ch ichdeggui yum uursduu ene Baigal metiin haltaruud
Zolbin haltar ehnertei huntei yawalddag haltar