Irish Times: Монгол Улс БНХАУ, ОХУ болон барууны орнуудтай хэрхэн найрсаг байдаг вэ

Ирландын “Irish Times” сонин “Хүн болгоны нөхөр: Монгол Улс БНХАУ, ОХУ болон барууны орнуудтай хэрхэн найрсаг байдаг вэ” гарчигтай нийтлэл оруулсан байна. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
Монгол Улсын нийслэл дэх Улаанбаатар зочид буудал нь тус улсын анхны тансаг зэрэглэлийн, байнгын халуун усны хангамжтай буудал байсан. Одоо тэр буудал ЗХУ-ын үеийн архитектурын нэгэн сонирхолтой жишээ болон үлджээ. Гэхдээ 1961 онд нээгдсэнээс хойш хэдэн арван жилийн турш энэ сүрлэг, үзэмжтэй барилга нь коммунист дэглэмтэй, далайд гарцгүй алслагдсан улсын хувьд олон улсын шинжтэй ховорхон газруудын нэг байв.
Монголын Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ "Тухайн үед дэлхий хоёр хуваагдаж, эргэлзээтэй, дайн дэгдэхэд их ойрхон байсан. Энэ үед Улаанбаатар зочид буудал олон улсын дипломатчид, сэтгүүлчдийн түр орон байр болж байлаа" гэж хэлэв.
Тэрбээр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-ний арав дахь удаагийн хуралдааны эхэнд үг хэлэхдээ ингэж хэлсэн юм. Жил бүр зохиогддог энэхүү арга хэмжээнд бүс нутгийн болон дэлхийн улс орнуудын дипломатчид, аюулгүй байдлын судлаачид, эрдэмтэд оролцдог. Хуралд БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, АНУ, Канад, Австрали мөн Төв Азийн хэд хэдэн орноос илтгэгчид оролцсон юм.
Хойд Солонгос цар тахал дэгдэхээс өмнө жил бүр төлөөлөгчдөө илгээдэг байсан юм. Цар тахал дууссанаас хойш төлөөлөгчөө тус улс илгээгээгүй байна. Гэсэн ч Монгол Улс БНАСАУ-ыг анх хүлээн зөвшөөрсөн улсуудын нэг юм. Улаанбаатар Пёньянтай найрсаг харилцаатай тул зохион байгуулагчид тэднийг эргэн ирнэ гэж найдаж буй.
Коммунист дэглэмтэй 70 орчим жил оршин тогтнож, ЗХУ-ын холбоотон байсан Монгол Улс 1990 оноос ардчилсан парламентын тогтолцоотой болсон. Тус улс БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгож, АНУ, Европын холбоотой дипломат холбоо тогтоон, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд нэгдсэн юм.
Калгаригийн их сургуулийн түүхийн профессор Дэвид Кертис Райт Монгол Улс 1980–1990-ээд онд Канад хийх гээд бүтэлгүйтсэн аль нэг тал руу хэт хазайлгүй, бүгдтэй нөхөрсөг харилцаа тогтоох зорилтод амжилттай хүрсэн гэжээ. Монгол улс Зүүн хойд Азийн аюулгүй байдалд оролцдог зургаан улсын аль алинтай нь сайн харилцаатай.
Райт "Монгол улс зүүн Хойд Азийн эх газрын аюулгүй байдлын асуудлыг Япон, Өмнөд Солонгос, АНУ-аас илүү ойлгодог. Мөн эдгээр орны аюулгүй байдлын ашиг сонирхлыг ОХУ, БНХАУ, Хойд Солонгосоос ч илүү сайн мэдэрч ойлгодог" гэж хэлсэн юм.

Тэр нэмж хэлэхдээ "Зүүн хойд Азид дайн гарвал дөрвөн цөмийн зэвсэгт улс болох АНУ, ОХУ, БНХАУ, БНАСАу мөн зэвсэглэл сайтай хоёр улс болох Япон, Өмнөд Солонгос оролцоно гэдгийг Монгол ойлгодог. Үр дагавар нь үнэхээр аймшигтай байх болно. Түүнчлэн дэлхийн хамгийн том гурван эдийн засаг болох АНУ, БНХАУ, Японыг дайнд татан оруулах нь дэлхийн эдийн засагт асар их сүйрэл авчирна" гэжээ.
Монголын Үндсэн хуульд гадаад орны зэвсэгт хүчнийг нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрөх, байршихыг хориглодог. Түүнчлэн Монгол улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан. Гэхдээ Монголын цэргүүд Ирак, Косово, Афганистанд АНУ-ын хүчинтэй хамтран ажиллаж байсан. Мөн Монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, сайн танигдсан.
Зүүн хойд Ази нь НАТО шиг цэргийн эвсэлгүй бүс тул Монгол улс ОХУ, БНХАУ болон барууны орнуудын хооронд тэнцвэр хадгалах гэсэн хүнд сорилттой тулгарч байна. Сингапур, Швейцар шиг батлан хамгаалахын өндөр чадавхтай байж чадахгүй учраас Монгол дипломат арга хэрэгсэлд тулгуурласан “зөөлнөөр” тэнцвэр баримталдаг.
Энэхүү бодлого нь Хүйтэн дайны үеийн Финландын жишээгээр боловсруулагдсан. Монгол Улс аль нэг их гүрний талд орохгүй, маргаантай асуудлуудад төвийг сахиж, их гүрнүүдэд хэлэлцээ хийх төв талбар болон өөрийгөө олон улсад харуулж байна.
Японы Бодлогын судлалын үндэсний дээд сургуулийн олон улсын харилцааны профессор Ёоко Ивама Улаанбаатарын яриа хэлэлцээний үеэр хэлэхдээ, АНУ-ын зөөлөн болон хатуу хүч буурч байгаа нь Зүүн хойд Азид сорилт үүсгэж байна гэв. Тус бүс нутгийн хөгжилтэй, чинээлэг улсууд дайн дэгдэхээс зайлсхийх арга замыг бодох хэрэгтэй.
Ивама "Энэ байдал 1970-аад оны хүйтэн дайны үеийн Европтой төстэй. Тухайн үед АНУ, ЗХУ хоёр хоёулаа олон асуудалтай тулгарсан учир зөрчилдөөнийг намжаах сонирхолтой байсан. Цөмийн зэвсгийн хуримтлал нь дайн хийхийг амиа хорлохтой адил болгож байсан тул тэд харилцан ярилцах механизм, байгууллагууд шаардлагатай болсон юм" гэжээ
Тэр нэмж хэлэхдээ "Азид ч мөн ийм яриа хэлэлцээний үйл явц хэрэгтэй. Цөмийн зэвсэгтэй орнууд хоорондоо энэ зэвсгийн хяналтын асуудлыг удирдах шаардлагатай. Өнөөдрийн цөмийн гүрнүүдийн төрөлжилт тэр үеийн Европоос илүү олон болсон. Хэдий нийт цөмийн бөмбөгийн тоо цөөрсөн ч, тэдний хор хөнөөл багассан гэсэн үг биш" хэмээсэн юм
АНУ-ын гадаад бодлогын Доналд Трамп ерөнхийлөгчөөр иргэн ирснээс хойш өөрчлөгдсөн нь Европ дахь холбоотнуудыг түгшээж байгаа. ОХУ-ын ШУА-ийн К.И.Бабаев хэлэхдээ энэ бол олон улсын орчинд болсон эерэг өөрчлөлтийн нэг хэсэг гэжээ.
Тэрбээр их гүрнүүдийн хоорондын зөрчлийн хамгийн доод цэгээ өнгөрөөж, одоо харилцаа намдах үйл явц өрнөж эхэлсэн гэж үзэж байгаа юм. АНУ, ОХУ долоо хоног бүр утсаар ярьж, Вашингтон, Бээжин худалдааны харилцаагаа хэлэлцэж байгаа. Япон, Өмнөд Солонгосын сайд нар БНХАУ-ын сайд нартай уулзаж, нийтлэг ойлголтод хүрэхээр ажиллаж байгаа. Сөүл, Токио хоёр ОХУ-д тавьсан хоригийг сулруулах талаар ч авч үзэж байгаа гэж тэр хэлсэн юм.

Бабаев "Хоёр дахь чиг хандлага бол дэлхийн өмнөдийн орнууд дуу хоолойгоо өргөж эхэлсэн явдал. Тэд хэлэлцээний ширээнд өөрийн суудалтай болохыг хүсэж байна. Азийн орнууд, бүс нутгийн тоглогчид хүчирхэг болж, дэлхийн бодлого, эдийн засагт бодитой оролцож буйг бид сүүлийн олон зуун жилд анхны удаа харж байна. БНХАУ, Энэтхэг, Ойрх дорнод, Африк, Латин Америкийн орнууд илүү чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байгаа. Энэ бүхэн урьд өмнө нь огт байгаагүй, Европын давамгайллаас ангид шинэ ертөнцийг бий болгож байна" гэжээ.
Тэр хэлэхдээ АНУ, ОХУ, БНХАУ гэсэн гурван цөмийн гүрэн дэлхий дахины энэ чиг хандлагуудыг хүлээн зөвшөөрч эхэлсэн, барууны ноёрхлын үе өндөрлөж байна гэжээ. Их гүрнүүд илүү тогтвортой олон улсын засаглалын системийг бүрдүүлэхийн тулд зөвшилцөлд хүрэхээс өөр аргагүй учир Вашингтон, Москва, Бээжин олон улсын шинэ тогтолцооны тулгуур багана болж чадна гэж Бабаев хэлсэн байна.
Бабаев “Энэ үйл явцад зөвхөн гурван том гүрэн оролцоно гэсэн үг биш, гэхдээ тэдний аль нэг нь оролцохгүй бол боломжгүй. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засагт нөлөө нь өсөж буй бүс нутгийн орнууд болох Өмнөд ба Зүүн өмнөд Ази, Ойрх Дорнод, Латин Америкийн орнуудыг ч оролцуулах нь зүйтэй” хэмээсэн юм.
Тэр нэмж “Миний бодлоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг сэргээх нь зүйтэй. Одоогоор энэ байгууллага гацаанд орсон байгаа. Учир нь их гүрнүүд асуудлууд дээр санал нэгдэж чадахгүй байна. Харин АНУ, ОХУ, БНХАУ зөвшилцөлд хүрч чадвал бүс нутгийн түншүүд ч дагаж, олон улсын засаглалын систем дахин сэргэх магадлалтай. Сэргэсэн систем магадгүй дахин 50 жилийн турш үйл ажиллагаа явуулах байх. Бид бүх улс орнуудыг, том ч бай жижиг ч бай, үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан, хүндэтгэсэн нийтлэг аюулгүй байдлын баталгааны хэлэлцээр явуулах хэрэгтэй байна. Тэр хэлэлцээ 1945 оны Ялта, 1975 оны Хельсинкигийн хэлэлцээрийн завсрын шинжтэй байж болно, эсвэл цоо шинэ хэлэлцээр ч байж болно” гэжээ.
Олон улсын шинэ дэг журам тогтооход Европыг огт дурдаагүй тул Европын оролцогчид Бабаевын саналд дургүйцсэн байна. Бабаев дараа нь Европын Холбоог Украинд энх тайван тогтооход ямар ч бүтээлч санаачилга гаргаагүй, дайныг сунгах сонирхолтой гэж шүүмжилсэн юм.
Харин БНХАУ-ын Фудань их сургуулийн Жуо Зихан илүү болгоомжтой байр суурь илэрхийлж, их гүрнүүдийн хооронд нөлөөллийн хүрээ хуваах санааг Бээжин эсэргүүцэж байгааг мэдэгдэв. Тэрбээр АНУ, БНХАУ-ын харилцаа ойрын үед сайжирна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Тэр “Шулуухан л байцгаая. Бид энэ өрсөлдөөний бүтцийн шинж чанарыг ойлгож байгаа. Гэвч АНУ-ын зарим улс төрч Хятадыг харилцан ажиллах түнш биш, хязгаарлах ёстой аюул гэж үзэж байгаад бид санаа зовж байна. Энэ нь бүс нутгийн хувьд ноцтой үр дагавартай. АНУ-ын стратегийн баримт бичгүүд БНХАУ-ыг энх тайвнаар харилцах стратегийн түнш биш, харин системийн өрсөлдөгч гэж тодорхойлох болсон. Энэ хандлага нь бүс нутгийн орнуудыг тал сонгох шахалтад оруулж, зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж байна” гэсэн юм.
Тэр нэмж “Хятад, Азид эсвэл өөр хаана ч ноёрхол эрмэлздэггүй. Бид нөлөөллийн хүрээ хуваах үзлийг дэмждэггүй. Бүх улс, түүний дотор Монгол, Солонгосын хойгийн хоёр улс, Япон зэрэг нь бүрэн тусгаар тогтносон, эрх тэгш, нэр төртэйгөөр өөрийн замаа сонгох эрхтэй гэдэгт бид итгэдэг” хэмээжээ.
Америкийн Стимсон Төвийн ахлах судлаач Женни Таун хэлэхдээ, том гүрнүүдийн өрсөлдөөн нэмэгдэж, аюулгүй байдлын түншлэлүүд хатуужиж, батлан хамгаалахын төсөв хурдтай өсөж байгаа нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг шийдвэрлэх гэсэн оролдлого боловч нөгөө талаараа асуудлыг улам хүндрүүлж байна гэсэн юм. ОХУ, БНХАУ, Хойд Солонгосын үүсгэсэн “хойд гурвалжин” нь Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын “өмнөд гурвалжин”-тай сөргөлдөж байгаа дүр зураг харагдаж байгаа гэж тэр хэлсэн байна.
Гэхдээ Доналд Трампын Цагаан ордонд эргэн ирсэн явдал болон Өмнөд Солонгост гадаад бодлогын прагматик үзэлтэй И Жэ Мён ерөнхийлөгчөөр сонгогдсон нь өөрчлөлт авчирч магадгүй гэдгийг тэр онцолсон юм.
Таун “АНУ болон Өмнөд Солонгосын шинэ удирдлагууд олон улсад шинэ боломжуудыг бий болгож байна. Бүс нутагт хамтын ажиллагааны цар хүрээ болон хязгаарлалуудыг дахин тодорхойлох бүрэн боломж тус тусын орнуудад гарлаа. Сөүл, Вашингтоны аль аль нь хоёр талын болон олон талт холбоотны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж амласан байгаа. Гэвч ийм хамтын ажиллагаа хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна” гэжээ
Улаанбаатарын яриа хэлэлцээгээр хоёр өдрийн турш бүс нутгийн аюулгүй байдал, Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагаа, Төв Азитай хамтрах боломж, уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний тогтвортой байдал зэрэг сэдвийг хэлэлцэв. Монгол Улс 2026 онд COP17 уур амьсгалын бага хурлыг зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд тус улсад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ноцтой цаг уурын үзэгдлүүд олширч байна.
Монголын НҮБ-ын Холбооны үүсгэн байгуулагч Э.Хишигжаргал хэлэхдээ Зүүн хойд Азийн залуус уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний тогтвортой байдлын асуудлыг хамтран шийдвэрлэх шаардлагатай гэдгийг ухамсарлаж байгаа гэжээ.
Тэр “Манай бүс нутаг амархан санал нэгдэхгүй. Ялангуяа олон талт хамтын ажиллагааны тогтолцоо хомс байгаа үед. Гэхдээ хоёр цөмийн зэвсэгтэй улс оршин байгаа, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг энэ бүс нутаг улам бүр хуваагдаж болохгүй. Энэ санаа Улаанбаатарын яриа хэлэлцээний туршид нэлээн тодорхой гарч ирсэн. Бидний ирээдүй маш гүн гүнзгий харилцан хамааралтай, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” хэмээсэн юм.
Эх сурвалж: Irish Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!