НИЙГЭМНийгэм мэдээ

Хэрэглэсэн ч хоригдохгүй, хөнгөн ялтай Монголын хууль хэнд үйлчилдэг вэ?

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хар тамхины хэрэглээ, хууль бус эргэлт эрс нэмэгдэж, улсын аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна. Цагдаагийн байгууллагад сүүлийн нэг жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 254 хэрэг бүртгэгдэж, 221 сэжигтэй этгээдийг холбогдуулан шалгажээ. Дээрх гэмт этгээдүүдийн 197 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй, 13-56 насны иргэд байсан ба үүний 11-ийг нь 13-17 насны хүүхдүүд эзэлж буй.

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсний улмаас 10 хүн нас барж, 204 этгээд ял шийтгэл эдлэн хоригдож байна. Энэ хугацаанд 5 тэрбум 201 сая төгрөгийн өртөг бүхий 85.334 хүнээс нэг удаа мансуурах хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хураан авч, хууль бус эргэлтийг таслан зогсоосон байна.

Монгол Улсын 128 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон

Монгол Улсын 128 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 92 иргэн хорих ял, 38 иргэн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн байна.

Мөн энэ онд манай улсын 12 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаснаас 2 иргэн хорих ялаар, 8 иргэн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ба өнөөдрийн байдлаар нийт 49 иргэн гадаад улсад ял эдэлж байгаагаас 69.3 хувь нь БНХАУ-д ялаа эдэлж байгаа ажээ.

Сүүлийн найман жилийн хугацаанд гадаадын 12 улсаас Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар нэвтрүүлсэн 76 гэмт хэрэг бүртгэгдснээс 37.9 хувийг газраар, 12.1 хувийг агаараар үлдсэн 50 хувийг шууд илгээмжийн үйлчилгээ ашиглан илгээсэн байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд хураан авсан мансууруулах бодисын 75.8 хувийг БНТУ-аас хууль бусаар нэврүүлжээ

Монгол Улсад оруулж ирж буй хар тамхины гол гарал үүсвэрийн нэг нь Турк улс болоод байна. Цагдаагийн Ерөнхий газрын Мансууруулах бодистой тэмцэх газраас мэдээлснээр, олон улсын хар тамхины наймааны сүлжээнд Монгол иргэд холбогдон, Туркээс мансууруулах бодис тээвэрлэн ирж буй хэд хэдэн тохиолдлыг илрүүлжээ. 2019 он хүртэл БНХАУ-аас нийлүүлэгдэж байсан бол 2019 оноос хойш тус улсаас нийлүүлэгдэх явдал эрс нэмэгдсэн аж.

2024 онд Истанбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр дамжуулан “мөс”, MDMA (экстази), кокаин зэрэг өндөр нөлөөтэй бодисыг ачааны цүнх, хувцас, биедээ нуух хэлбэрээр тээвэрлэсэн 15 гаруй хэргийг илрүүлсэн байна.

Тухайлбал, нэгэн эмэгтэй Турк улсад ажиллаж байхдаа танилцсан хүний даалгавраар 2 кг хар тамхи биедээ нууж авч ирэх гэж байгаад Хөшигийн хөндийн нисэх буудал дээр баригдсан. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн гадаадад суралцаж, ажиллаж буй залуус, эсвэл “амьдралын боломж эрэлхийлж” явсан иргэд татагдах явдал өндөр. Туркт суугаа Монголын ЭСЯ-ны мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 гаруй монгол иргэн хар тамхины хэргээр Турк улсад шалгагдаж, 8 нь ял авсан тохиолдол бүртгэгджээ.

Нийгэмд нөлөө бүхий хэрэглэгчид

Сүүлийн жилүүдэд эрх мэдэл бүхий хүмүүсийн хүүхдүүд, урлаг, спорт, шоу бизнесийн салбарын зарим төлөөлөгч хар тамхитай холбоотой хэргээр олон нийтийн өмнө ил гарч, шүүхийн хаалга татах болсон. 2023-2025 оны хооронд нийт 10 гаруй олны танил хүн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, бусдад зуучилсан гэх хэрэгт холбогдож, зарим нь тэнсэн, зарим нь 1-2 жилийн хорих ял авсан юм. Харин заримынх нь хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон, эсвэл нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог нь олон нийтийн итгэлийг сулруулж, “од, эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэхгүй” гэсэн ойлголтыг иргэдэд өгч, шүүмжлэл дагуулсан.

Саяхан болсон “Эрэл” компанийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн байх үедээ танхайрч, бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг олныг бухимдуулсан. Хэрэгт холбогдогчдоос зарим нь хилийн дээс даван зугтаж, хэргээс мултрах арга хайж байна гэх хардлага нийгэмд үүслээ. Энэ байдал анхных биш. Улстөрчид, эрх мэдэлтэй этгээдүүдийн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон ч, ял шийтгэлгүй өнгөрсөн жишээ цөөнгүй бий. Үүнийг эргэн сануулахад:

  • 2020 онд Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал Кастл” хотхоны 103 дугаар байрнаас нэгэн залуу амиа хорлосон хэрэг гарсан. Хэрэг гарах үед сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэж байсан этгээдүүдийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүү Хүлэгт байсан. Түүний гэрт нэгжлэг хийж хэд хэдэн төрлийн мансууруулах бодисыг олсон ч тэрээр хэрэг үүрэлгүй гарсан байдаг.
  • Эрүүл мэндийн сайд асан Т.Болдбаатарын охин хоёр ч удаа хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх шалтгаанаар шалгагдаж, сүүлийнх дээрээ 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон ч мөн л хэрэг үүрэлгүй өнгөрсөн
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү С.Цог 2014 онд тар тамхины хэргээр хоёр жилийн ял авсан өршөөлөөр суллагдаж байсан ба 2016 онд дахин биедээ авч явж байсан нь баригдсан ч хариуцлага хүлээгээгүй юм.

Монгол Улсын хуулиар хар тамхитай холбоотой гэмт хэрэгт ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

1. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл- Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах

Хүн өөрөө хэрэглэх зорилгоор бага хэмжээгээр хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн бол:

  • 1 жил хүртэл хорих ял эсвэл торгууль, хорихоос өөр төрлийн ял онооно.
  • Хэрэглэх зорилгогүй (борлуулах, дамжуулах, нөөцлөх): 2-5 жил хүртэл хорих ял
  • Хэрэв зохион байгуулалттай бүлэглэлээр, их хэмжээтэй, олон удаагийн үйлдлээр: 8-15 жил хүртэл хорих ял

Их хэмжээ гэдэг нь тухайн бодисын төрлөөс хамаарч тодорхой хэмжээг хэтрүүлсэн тохиолдлыг хэлнэ.

Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйл- Мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг албадан эмчлүүлэх

  • Сэтгэцийн өөрчлөлтөд орсон, дахин хэрэглэж болзошгүй этгээдийг шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулж болно.
  • Энэ нь ял шийтгэл биш боловч эрүүгийн хэрэгт холбогдох нөхцөл болох эрсдэлтэй.

Эрүүгийн хуулийн 20.9 дугаар зүйл- Мансууруулах бодисын хууль бус хэрэглээг сурталчилсан, уриалсан, өдөөсөн үйлдэл

  • Жишээлбэл: сошиал хуудсаар “уух, татах” бодисыг сурталчилсан, бусдыг уриалсан тохиолдолд: 180–450 цагийн албадан ажил хийх, 2 жил хүртэл хорих ял ногдуулж болно.

2. Захиргааны хариуцлага

Зөрчлийн тухай хууль (15.6 дугаар зүйл)

Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, тээвэрлэсэн нь эрүүгийн хэрэгт хүрээгүй бол:

  • 20 хоног баривчлах, эсвэл
  • 200 мянган төгрөг хүртэл торгууль ногдуулна.
  • Давтан үйлдэл гаргавал хуулийн дагуу эрүүгийн хариуцлага үүсэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдэд үзүүлэх нэмэлт хариуцлага

  • Гадаад паспорт хүчингүй болгох, хилээр зорчих эрхийг хязгаарлах
  • Уран бүтээл, спорт, нийгмийн үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдах
  • Хүүхдэд нөлөөлөх ажил (сурган хүмүүжүүлэх, багшлах гэх мэт) эрхлэхийг хориглох

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана 

Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар хар тамхины асуудлыг тухайлан хэлэлцүүлж,

  1. Ялын бодлогыг чангатгах хууль эрх зүйн орчныг чангатгах, Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих хуулийг шинэчлэх Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж ялын төрлийг нэмэх,
  2. Хар тамхитай тэмцэх бие даасан тусгай албыг байгуулж чадавхжуулах, Гадаад улсуудын тусгай албатай хамтран ажиллах, хар тамхины худалдааг таслан зогсоох тусгай ажиллагааг зохион байгуулах,
  3. Нийслэл аймгуудад бүх талын нөлөөллийн ажиллагааг зохион байгуулах, хяналтыг сайжруулах, олон нийтийн цэнгээний газар зэрэг эрсдэлтэй цэгүүдэд үнэлгээ хийж хяналтад авах, Хил гаалийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүргийг холбогдох газруудад өгчээ.

Засгийн газрын уг шийдвэр гарснаар:

  • Хар тамхины хэргээрх ялын бодлогыг чангалж,
  • Бие даасан нэгжийн бүтцээр гадны улсуудтай хамтран ажиллаж,
  • Хил гааль тэргүүтэй байгууллагуулагуудын хяналтыг чангатгаж, эрсдэлтэй цэгүүдэд байнгын хяналт тавих нөхцөл бүрдэнэ гэж тооцсон.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оноож буй ялын бодлого нь олон улсын жишигтэй харьцуулахад хөнгөн байсаар байна. Эрүүгийн хуульд 1-15 жилийн хорих ял заасан байдаг ч, шүүхээс ихэвчлэн хамгийн доод буюу 1 жилийн ял оноох, эсвэл тэнсэн харгалзах, торгох хэлбэрээр шийдвэрлэх тохиолдол олон. Энэ нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг дахин үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлж, хор уршгийг бууруулах биш, нуух, давтах, далд хэлбэрт шилжих эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа олны танил хүмүүсийн хэрэг “хөнгөн шийтгэгдэж” буй нь ёс зүйн болоод хууль зүйн маргаан дагуулдаг.

М.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
7 сар 26, 2025 15:46

Ниргэсэн хойно хашиграв шэгчээрурьд ньодлн хүн ял завшиж байсан юм чинь одоо бол бүүр доодох байх төрийн гурван өндөрлөг гуйлгахо �##�ба
Хашдаг гадны хүмүүсийн хонцын сэтгэлээр
Хандаж байгаа улсыг яагаад байлгаад байдаг байнаа энэ чинь хууль үйлчилдэг төр. Улс байна уу хэдэн аргатай з�##�ьтай хүмүүсийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэг байна уу Ман монгол улсад тарьсан гай зовлон үйл лай багадаагүй шүү
Одоо тахимаа өгсөн дээрдээ

Холбоотой мэдээ

Back to top button