Н.Мөнхсүлд: Гэрээслэлийг "муу ёр" гэж хүлээж авалгүйгээр өв хөрөнгөө маргаангүй, үлдээх хэрэгтэй

Гэрээслэлээр эд хөрөнгөө өвлүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн иргэдийн дунд үл ойлголцол үүсэж, улмаар иргэний хэргийн маргаан нэмэгдэх сөрөг үр дагавартай юм. Үүнтэй холбоотойгоор Монпролексис ХХН гүйцэтгэх захирал Н.Мөнхсүлдтэй ярилцлаа.
-Гэрээслэл гэж яг юу вэ?
-Гэрээслэл гэдэг нь өөрийн өмч хөрөнгийг нас барсныхаа дараа хэрхэн хуваарилах вэ гэдэг зохицуулалтыг л хэлээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл өв залгамжлалын нэг төрөл гэсэн үг. Магадгүй тухайн хүн, гэрээслэл үйлдээгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг эхний ээлжид нас барагч этгээдийн хууль ёсны эхнэр нөхөр, үр хүүхэд, эцэг эх нь өвлөж авах эрхтэй. Эдгээр хүмүүс өвлөж авахаас татгалзаж эсвэл тухайн эрхээ алдаж болно. Энэ эрхээ алдвал дараагийн буюу хоёрдугаар шатны өвлөгч болох төрөл садан, ах дүүст хөрөнгө шилжинэ. Гэхдээ нэгдүгээр ээлжийн өвлөгч байгаа тохиолдолд хоёр, гурав дахь үеийн өвлөгчдөд эд хөрөнгө шилжинэ гэсэн ойлголт байхгүй. Заавал татгалзаж буюу өвлөх эрхээ алдсан тохиолдолд шилждэг практик бий. Хууль ёсны өвлөгчийг хоёр янзын байдлаар ангилсан байдаг. Нас барагчтай хамт амьдарч байсан. Нас барагч тусдаа амьдарч байсан өвлөгч гэж ялгаж үздэг гэсэн үг. Хамт амьдарч буй өвлөгч эд хөрөнгийг авахаас татгалзаагүй л бол автоматаар өвлөн авах эрх нээгдэнэ. Тусдаа амьдарч байсан өвлөгч, нэг жилийн дотор эд хөрөнгийг өвлөж авах хүсэлтээ гаргасан тохиолдолд өв хүлээн авагчид тооцогдоно. Энэ хугацаа өнгөрвөл өвлөж авах эрхээс татгалзсанд тооцдог.
-Тэгэхээр гэрээслэлээ бичээд нотариатаар баталгаажуулахад хангалттай гэж ойлголоо.
-Гэрээслэлийг баталгаажуулахдаа дараах хоёр бичиг баримтыг заавал бүрдүүлэх ёстой байдаг. Нэгдүгээрт, тухайн хүн өөрийгөө оюун санаа, сэтгэцийн хувьд эрүүл гэдгээ баталсан мэргэжлийн эмчийн бичиг байх ёстой. Хоёрдугаарт, тухайн өвлүүлэх эд хөрөнгө болон эрхтэй холбоотой баримт бичиг хэрэгтэй. Нас барах болоогүй шүү дээ, муу ёр гэж гэрээслэлийг бодохоос илүү миний ард үлдэж буй гэр бүл, үр хүүхэд яах билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Нотариат бол гэрчийн үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Хэрвээ нотариат байхгүй тохиолдолд сум, аймгийн засаг дарга, цэргийн ангийн дарга, эмчээрээ гэх мэт албан тушаалтнуудаа гэрчээ болгох хэрэгтэй.
-Гэрээслэлээ нотариатаар батлуулахдаа хөрөнгийнхөө нэг хувийг хураалгадаг юм байна лээ. Энэ нь хэтэрхий өндөр учраас хүмүүс гэрээслэл бичихээс цааргалж байж магадгүй.
-Дэлхийн аль ч улс оронд ийм төрлийн зохицуулалт байдаг болов уу гэж бодож байна. Саяын хэлсэнчлэн энэхүү дүн нь нотариатын үйлчилгээний л мөнгө. Өөрөөр хэлбэл, өвлөх эрх, гэрээслэл гэрчлэгдэх, өвлөх эд хөрөнгийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэхэд үнийн дүнгийн нэг хувийг тооцно гэсэн хуулийн зохицуулалттай. Үүний хүрээнд л ажиллаж байгаа. Яагаад, нэг хувийг тооцох болсныг тодорхой нарийн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ нь хуулийн зохицуулалтаараа л шийдэгдэж байгаа зүйл. Сүүлийн жилүүдэд эдийн засаг өсөж, хүн бүр үл хөдлөх эзэмших болсон нь гэрээслэл бичих үндсэн шалтгаан болж байгаа шүү дээ. Тиймээс бид энэ талаараа сайн ойлголттой, мэдлэгтэй байх хэрэгтэй.
-Ер нь манай улс эрт үеэсээ л гэрээслэл бичих заншилтай байсан уу?
-Эртнээсээ л өв, хөрөнгөө шилжүүлэх соёл бол байсан. Хаад аймаг хошуудын ноёд гэрээслэл бичиж үлдээдэг заншилтай байсан болов уу. Ерөнхий тиймэрхүү эх сурвалж, бичгүүд байдаг. Нууц товчоон дээр хүртэл Чингис хааны хатан Есүй хаанд хандаж, "туг мэт бие чинь тулбирч одвол, туг сүлдийг чинь хэн залах вэ, уул мэт бие чинь нурж унавал улс орныг чинь хэн харах вэ" гэж хэлсэн байдаг нь гэрээслэлээ үлдээх хэрэгтэйг л илэрхийлж байна. Яах вэ энгийн ардуудад гэрээслэл үлдээх нь тийм ч түгээмэл байгаагүй байж мэднэ. Гэхдээ заншлын хэм хэмжээнд арай хялбар аргаар шийдсэн байдаг. Нүүдэлчин ахуйтайгаа уялдуулан үр хүүхдүүдээ мал, ахуйгаа хуваарилж, өгдөг байсан. Одоогийн нийгэмд хуучин шиг гэр бариад тусдаа гарахгүй шүү дээ, тиймээс орон сууцны үнэ цэн өссөөр өв хөрөнгийн маргааны л эхлэл нэлээн үүсэж байна.
- Өв хөрөнгө өвлөгдөж байгаа шиг өр өвлөгддөг -

-Үр хүүхэд нь насанд хүрээгүй тохиолдолд, гэрээслэлийг нь хадгалж байгаад өгөх үү?
-Гэрээслэлтэй хамт тодорхой үүрэг хүлээлгэж бас болдог. Хүүхдүүд нь насанд хүрээгүй учир эхнэртээ, нөхөртөө "Хүүхдүүдээ том болохоор өгөөрэй" гээд хуваарилалт хийж, үүрэг гүйцэтгэгчийг томилоод өгч болно. Эсвэл цор ганц амьдардаг хүн байж болно. Тийм тохиолдолд өв хөрөнгө нь улсынх болох тохиолдол байдаг.
-Өв хөрөнгө өвлөгдөж байгаа шиг өр өвлөгдөх үү?
-Гэрээслэлийг хүлээж авсан хүнд өр өвлөгддөг. Хөрөнгийг нь өвлөж авч байгаа хүмүүс өрийг нь өвлөж байгаа хэмжээгээрээ хувь тэнцүүлж, өрийг нь өвлөж авна. Өр дангаараа хэн нэгэнд гэрээслэгдэхгүй, өвийг дагаж, өр ирдэг гэж ойлгоход болно. Хэрвээ өв хөрөнгө нь өр зээлээс нь бага байвал мэргэжлийн хүнээс туслалцаа авах хэрэгтэй. Өвөөс хэтэрсэн өрийг өөртөө авбал, эдийн засгийн алдагдалд орох тохиолдол байдаг. Аль эсвэл татгалзаж болно. Татгалзвал улсад хураагддаг.
-Гэр бүлийнхнээсээ өөр хүнд өвлүүлж болох уу?
-Болно. Энэ тохиолдолд хамгаалалт бүхий хууль байгаа. Яадаг вэ гэхээр дээр дурдсан гэр бүлийн хамаатан садан хүмүүсээс ангид хүнд гэрээслэл үлдээсэн тохиолдолд тодорхой хувийг нь үр хүүхэд, гэр бүлийн хүнд нь үлдээдэг.
-Хүн бүр гэрээслэл үлдээх ёстой юу?
-20, 30 жилийн өмнөх нөхцөл байдалтай өнөөгийн нийгмийг харьцуулбал, эдийн засгийн хөгжил их үүнийгээ дагаад хувь хүн нэг бүрийн өв хөрөнгө, өмчлөх эрх нь эрс нэмэгдсэн. Тиймээс томоохон групп компани, өндөр үнийн дүнтэй үл хөдлөхүүд гэх мэт хөрөнгүүд дээр сүүлийн жилүүдэд маргаан их үүсэж байгаа. Тиймээс хүн бүрийг гэрээслэл үлдээх хэрэгтэй гэж хуульчилж болохгүй. Бид хэд наслах, хэдэн настайдаа ямар хөрөнгөтэй болох эсэхээ ч мэдэхгүй. Тэгэхээр хууль дүрэм гаргаж, "заавал гэрээслэл бичих хэрэгтэй" гэж шахаж боломгүй. Харин эсрэгээрээ иргэд, олон нийт энэхүү асуудал дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй.
-Олон нийт гэрээслэл гэдэг үгийг сонсоод, "муу ёр" гэж төвөгшөөх нь олон. Гэхдээ чин үнэндээ энэхүү муу ёр гээд байгаа зүйлтэй нүүр тулах нь яагаад зөв бэ?
-Жишээ аваад үзье. Нэг орон сууцтай, газартай дундаж айлын өрхийн тэргүүн нас барлаа гэж бодъё. Гэтэл хүүхдүүд нь ээжтэйгээ газар, байраа булаалцалдаж шүүх дээр маргаан үүсгэж байна. Эсвэл нөхөр нь нас барсан тохиолдолд нөхрийнх нь талын ах дүү нар орон сууцыг нь булаацалдах жишээтэй. Зарим хүн гэрлэлтээ баталгаажуулж амжилгүйгээр нас барах тохиолдол ч байна. Иймэрхүү асуудлаас болж шүүх дээр гэр бүлийн гишүүд дунд нэлээдгүй маргаан үүсэж байна. Тиймээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр гэрээслэл гэдэг бол өөрөө маш том соёл юм.
Тухайн хүн амьд ахуйдаа, ухаан санаа нь эрүүл байхдаа өөрийн хөрөнгийг хэнд өгөх вэ гэдгээ бичгээр үйлдээд, баталгаажуулаад сурчихвал маш том асуудлаас урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Миний хувьд монголчуудыг гэрээслэл бичиж үлдээх соёлд суралцаасай гэх хүсэлтэй байгаа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.