
Уншигч та бүхэндээ бид энэ удаа Монгол инженерүүдийн ээлжит бүтээл Монголдоо угсарч үйлдвэрлэсэн анхны цахилгаан ачааны автомашиныг танилцуулахаар “Эвэко мотор" компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Б.Нямдэмбэрэлтэй ярилцлаа.
-ГУРВАН ЦАГТ БҮРЭН ЦЭНЭГЛЭГДЭНЭ-

-Сайн байна уу? Монголдоо угсарч үйлдвэрлэсэн ачааны автомашины хүчин чадал, боломжуудыг танилцуулахгүй юу?
-Сайн, сайн байна уу. Уг цахилгаан автомашиныг бүрэн цэнэглэхэд 8-10 кВт цахилгаан хэрэглэх буюу дунджаар 1000 төгрөгний зардал гарах юм. 800 кг даацтай, 60 км/ц хүртэл хурдлана.
-Цахилгаан ачааны автомашиныг захиалагчид ихэвчлэн ямар зориулалтаар ашиглахаар худалдан авч байгаа вэ?
-Одоогоор албан ёсоор борлуулж эхлээгүй учраас авч хэрэглэх сонирхолтой цөөхөн байгууллагууд захиалж авч байгаа. Ачааны зориулалттай учраас бараа түгээлтийн чиглэлд хэрэглэж байна.
-Цахилгаан системийг Монгол инженерүүд өөрсдөө шийдсэн үү? Ямар технологиор шийдсэн бэ?
-Үндсэн цахилгаан системийг бэлэн туршигдсан баталгаатай тоноглол, цахилгаан хэрэгслийг суурилуулж шийдсэн. Харин эрс тэс уур амьсгал, хүйтэн нөхцөлд тааруулж жолоочийн кабины халаалтын систем, батарейны дулаалга зэргийг монгол инженерүүд шийдсэн. Технологийн хувьд бүрэн цахилгаан автомашин учраас батарейн технологи гол нь юм. Автомашинд суурилсан батарейг цахилгаанаар цэнэглэж, түүнээс энерги авч цахилгаан хөдөлгүүрт тэжээл өгснөөр хөдөлгөөн хийх зарчимтай.
-Нэг удаадаа хэдэн цаг цэнэглээд, хэдэн цаг явах вэ?
-Ачаалал болон замын нөхцөлөөс хамаарч бүрэн цэнэгээрээ 80-120 км зам туулах боломжтой. Литий-ион технологийн батарейтай 3 цагт бүрэн цэнэглэгдэнэ.
-Туулах чадвар шатахуун хэрэглэдэг автомашинуудтай адил уу?
-Туулах чадварын хувьд 800 кг ачаатай хот суурин газрын нөхцөлд саадгүй явахаар хийгдсэн. Бусад төрлийн автомашинаас хөдөлгүүр нь цахилгаан гэдгээс бусад байдлаар ялгарах зүйлгүй. Заавал хөдөлгөөн эхэлж байж цахилгаан зарцуулах учраас түгжрэлд удаан зогссон ч ямар нэг зардал гарахгүй нь давуу талтай.
УГ ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ АРЫН БҮХЭЭГ, ҮНДСЭН АРЛЫГ ДОТООДДОО ХИЙСЭН

-Хаана, хэрхэн цэнэглэх боломжтой вэ?
-220В буюу энгийн хэрэгцээний цахилгааны залгуур байгаа бүх газарт цэнэглэж болно.
-Тус автомашины ямар ямар эд ангийг яг Монголдоо үйлдвэрлэж хийж байгаа вэ?
-Хамгийн чухал зүйл болох техникийн зураг төсөл, инженерийн тооцооллууд, үйлдвэрлэх технологиудыг бид өөрсдөө боловсруулж, сайжруулан ажиллаж байна. Үйлдвэрлэлийн SKD / Semi-Knocked Down/ нөхцөлөөр үйлдвэрлэсэн. Энэ нь зарим эд ангиудыг түүхий эд хэлбэрээр авчирч гүйцэд боловсруулалт хийж угсарна гэсэн ойлголт юм. Уг цахилгаан автомашины арын бүхээг, үндсэн арлыг дотооддоо хийсэн. Цаашид автошил, зарим жижиг деталиуд, пластик эд ангиуд зэргийг дотоодын үйлдвэрлэгчдээс авах боломжтой байна. Энэ талаар судалж, байгууллагуудтай ярилцаж байгаа.
-Захиалгын өртөг хэдэн төгрөг вэ? Гаднаас экспортоор худалдан авахаас хямд тусах уу? Эсвэл?
-Албан ёсоор борлуулж эхлээгүй учраас үнийн хувьд нарийн баттай болоогүй. Монгол орны эрс тэс уур амьсгал, хүйтэн нөхцөлд тохирсон гэдгээрээ харьцуулашгүй давуу талтай бөгөөд гадаадад байгаа яг ийм төрлийн, ийм технологийн тээврийн хэрэгслээс харьцангуй хямд байх болно. Бидний үйлдвэрлэж байгаа автомашинд ашиглаж байгаа импортоор авдаг зарим гол эд анги, сэлбэг материалын гааль, НӨАТ зэрэг татварыг тэглэх зэргээр төр засгийн зүгээс дэмжвэл улам хямдрах боломжтой.
-Олон тоогоор үйлдвэрлэх боломж бий юу? Цаашид энэ тал дээр ажиллах судалгаа хийж байгаа юу?
-Монгол улс чөлөөт ардчилсан зах зээлд шилжсэнээр эдийн засаг маань олон дахин тэлж, нийт автомашины тоо 970 мянгад хүрч, эндээс зөвхөн 0.5-5 тн даацтай ачааны автомашин 150 мянга орчим бүртгэлтэй, тээврийн хэрэгсэл болон шатахуунаа 100 хувь импортоор авдаг, мөн нийт автомашины 70 хувь нь 10-с дээш жилийн насжилттай, олон улсын стандартаар бол хөдөлгөөнд оролцох эрхгүй болсон зэрэг нь уг үйлдвэрлэл хөгжих боломжтойг болон чухал шаардлагатайг харуулж байна. Шатахууны хэрэгцээгээ импортоор хангадаг манай улсын хувьд цахилгаан автомашин бол стратегийн чухал ач холбогдолтой тээврийн хэрэгсэл юм. Шатахууны хомсдолд орж автомашинууд явах боломжгүй боллоо гэж үзэхэд, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй манай улс цахилгаан эрчим хүчээ тасралтгүй үйлдвэрлэсээр байх бөгөөд цахилгаан автомашинууд ард иргэд, аж ахуйн хэрэгцээг бүрэн ханган ажилласаар байна.
ОЛОН УЛСЫН ЖИШГИЙН ДАГУУ 6 САРААС 1 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГНӨ

-Баталгаат хугацаа бий юу?
-Цахилгаан автомашин нь дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад ашиглалтын зардал маш бага, эвдрэл гэмтэл бараг гарахгүй зэрэг олон давуу талтай. Цахилгаан автомашинуудын баталгаат хугацаа олон улсад 6 сараас 1 жил хүртэл байдаг. Бид энэ жишгийн дагуу баталгаат хугацаа өгөхөөс гадна, өөрийн орны орчин нөхцөл, цаг уурт бүрэн нийцэх бүтээгдэхүүн нийлүүлж байгаа гэдгээрээ мөн үйлдвэрлэгч нь дотооддоо ойрхон байгаа зэргээр бусдаас ялгарах давуу талтай.
-Уг автомашиныг Монголдоо угсарч үйлдвэрлэснээр Монгол улсад ямар дэвшилтүүд бий болж байна гэж та бүхэн харж байгаа вэ?
-Эхний ээлжинд угсралтаар эхлэж байгаа боловч, шинэ техник технологи нутагших, олон улсын хөгжил дэвшлээс хоцрохгүй байх, монгол хүн эх орондоо ажилтай орлоготой баталгаатай амьдрах, цаашид үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагаа тогтворжиж сайжирснаар монгол гэсэн тодотголтой шинэ технологи, инноваци бий болгож дэлхийд өрсөлдөх боломжтой. Дэлхийн 160 гаруй оронд хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байгаа хүн амынх нь 65% нь зөвхөн ЖДҮ-ийн салбарт ажилладаг. Манай улсад автомашины угсралтын үйлдвэрлэлийн салбар хөгжсөнөөр, гадагш урсах валютын урсгал саарч, дотооддоо олон мянган ажлын байр шинээр бий болж, олон жижиг дунд үйлдвэрлэгч нар дагаж хөгжин эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулахад гол үүрэгтэй юм.
Б.ГЭРЭЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.