Айлчлалын тойм: Хоршооллыг дэмжих, тээвэр, логистикийн шинэ гарцуудыг нээх боломжуудыг хэлэлцэв

Улс төрийн үйл явдлууд бужигнаж буй энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9-р сард НҮБ-ын Ассемблейн 80-р чуулганаас хойш ийн БНЭУ руу айлчлал хийхээр мордов.
Манай улсын хувьд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх үүднээс Энэтхэгийн ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 оноос хэрэгжүүлж буй. Энэ онд хэмжээг 236 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, 700 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулсан билээ.
Мөн дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны хувьд манай улсаас коксжих нүүрс импортлох асуудлыг тус улсын JSW Steel компани удаа дараагийн оролдлогууд хийсэн ч тээврийн зардал өндөр зэрэг шалтгаанаар уг асуудал саналын түвшинд явсаар буй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаад тус улс дахь айлчлалаа хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийж буй.Тэрбээр БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны хэлэлцээ хийхээр товлосноор айлчлалыг эхлүүлсэн.
Энэтхэгийн ДНБ 4.3 их наяд ам.доллар бөгөөд экспортын хэмжээ 603 тэрбум, импортын хэмжээ 682 орчим тэрбум ам.долларт эргэлддэг асар том зах зээлтэй улс. Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн Засгийн газар дотоодын гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх хүрээнд компаниудаа төмрийн хүдэр, коксжих нүүрё зэрэг голлох түүхий эдүүдийн орд газрыг гадаад улсад эзэмшихийг дэмжих бодлого барьж буй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д айлчилсны дараахан тус улсын Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Хайдарабад ордонд хүрэлцэн ирэхэд угтан авсан билээ. Айлчлалын үеэр Энэтхэгийн Засгийн газраас “Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 2025-2026 онд 70 монгол оюутанд шинээр тэтгэлэг олгох шийдвэр гаргаснаа онцолсон юм.
Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Үүнд,
- Хоршооллын салбарыг дэмжих хүрээнд хоршоод хоорондын худалдааны түншлэл байгуулах. Хоршоодыг тухайн улс орон нутгийн болон олон улсын зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих, хэрэгцээтэй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах. Монгол Улсын Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулсан. Энэ хэлэлцээр нь хоршооллын салбарыг эдийн засаг, боловсрол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, олон нийтийн чиглэлээр хөгжүүлнэ гэдгийг онцлов.
- Хоёр улс тус тусын нутаг дэвсгэрт тохиолдсон томоохон хэмжээний гамшгийн үед тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэх.
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зам, дэд бүтэц, соёл, олон нийтийн болон боловсрол, эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулах зэрэг жижиг төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Хэлэлцээрийн дагуу нэг төсөлд олгох санхүүжилт 50.0 мянган ам.доллар бөгөөд хэрэгжүүлэх төсөл, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх боломжтой. Энэ хүрээнд жилд 2-5 төсөл хэрэгжүүлэх аж.
- Богд хааны өвлийн ордныг Энэтхэгийн талтай хамтран сэргээн засварлаж, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахаар болов.
- Хоёр улсын нийгэм, эдийн засаг, технологи, байгаль орчны хөгжлийг дэмжих зорилго бүхий хэлэлцээрийн хүрээнд ашигт малтмалын хэтийн төлөв бүхий бүс, талбайд орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх, гео шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт татах, эрдэс баялаг болон байгаль орчны менежментийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох зэргээр хамтран ажиллана.
- “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг Улсын хонины ноос боловсруулах, ялангуяа хивс, нэхмэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, хоёр орны давуу талыг уялдуулан түүхий эдийн нийлүүлэлт, хүний нөөцийн солилцоо, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах боломжийг судлан үзэхээр тохиров.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр, логистикийн шинэ гарцуудыг эрэлхийлэх нь чухал” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон бөгөөд гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудын боломжийг хамтдаа ашиглах, хоёр орны хооронд шууд нислэгтэй болох, транзит нислэгийг нэмэгдүүлэх боломжийг судлахаар болсон юм. Түүнчлэн Монголын агаарын тээврийн компани энэ оны сүүлээр Дели болон Амрицар хот руу захиалгат нислэг үйлдэнэ гэдгийг онцлов.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хэлсэн үгэндээ “Бид ирэх жил шашны дурсгалт үнэт өвийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байна. Мөн санскрит номын багшийг Гандантэгчэнлин хийдэд илгээж, гүнзгийрүүлсэн судалгааг өргөжүүлж, тухайн хийдэд байгаа Будда бурхны зураг хөргийг нарийвчлан судлах болно. Бид нэг сая ширхэг эртний монголын номлолыг цахимжуулна” гэсэн юм.
Түүнчлэн Энэтхэг улс цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэснээ танилцуулав.
Айлчлалын төгсгөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мурмутай уулзаж Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллаж буй Энэтхэгийн төр, засагт талархал илэрхийлсэн юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.