УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Шижир: “Нийтийн эрх ашиг” нэрийн дор хувийн хэвшлийн эрхийг зөрчиж болохгүй

Саяхан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээнд “Монгол Улсын Засгийн газар Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлах эрхтэй” гэх шүүхийн шийдвэрийн тойм тавигдлаа. Энэ нь “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэйЗасгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай байжээ.

Эргэн сануулахад “Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах төслийг Концессын гэрээний дагуу хэрэгжүүлж их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан. Компани нь гэрээний хүрээнд уул уурхай, төмөр зам, цахилгааны шугам татах зэрэг ажлуудыг хийсэн. Харин Гангийн үйлдвэр барих төсөл нь цахилгааны эх үүсвэр хүрэлцээгүй учраас, хугацаа авч өөр технологиор Техник эдийн засгийн үндэслэлийг шинээр батлуулаад байж байтал төслийг зогсоож гэрээг гэнэт цуцалчихлаа гэж тайлбарладаг. Харин Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэн цуцалсан байдаг бөгөөд түүндээ АТГ-ын Мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэл болгосон.

Мега төслийн нэг гэгдэж байгаа Гангийн үйлдвэрийн төсөлтэй холбоотой энэхүү маргаантай холбоотой шүүхийн шийдвэрийн талаар “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижиртэй ярилцлаа.

– Шүүхийн тоймд “нийтийн эрх ашгийн үүднээс” гэсэн үг онцолсон байна. Энэ нь яг юуг илэрхийлж байгаа гэж та үзэж байна вэ?

– Энэ нэр томьёо бол хуулийн хувьд онцгой, хязгаарлагдмал нөхцөлд хэрэглэгдэх ёстой ойлголт. “Нийтийн эрх ашиг” гэдэг нь иргэдийн нийтлэг сайн сайхан, нийгмийн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Байх ёстой зохицуулалт нь энэ.

Гэвч өнөөдрийн хэрэглээнд энэ ойлголтын хүрээллийг хэт өргөтгөж, тодорхой үндэслэлгүйгээр эрх хязгаарлах, шийдвэрийг зөвтгөх хэрэгсэл болгон ашиглах хандлага ажиглагдаж байна.

Ингэснээр төрд хэмжээ хязгааргүй эрх мэдэл олгох, захиргааны шийдвэрийг дур мэдэн гаргах эрсдэлийг бий болгож байна. Ийм нөхцөлд “нийтийн эрх ашиг” гэдэг үг өөрөө хамгаалах биш, харин эрхийн зөрчлийн халхавч болж хувирах аюултай. Хуульд заасан энэ ойлголттой холбоотой шийдвэр гаргахдаа бодит эрсдэлийн нотолгоо, зайлшгүй байдал, тэнцвэрийн шалгуур гурвыг заавал хангах ёстой.

Энэ ойлголтыг дураараа тайлбарлан ашиглах нь эцэстээ “хууль дээгүүр гарсан улс төрийн шийдвэр”-ийн халхавч болдог хамгийн аюултай хэлбэр юм.

Та бүхнийг “нийтийн эрх ашиг” зөрчсөн гэж үзээд байна уу? Эсвэл та нараас төрд авчихаар “нийтийн эрх ашиг” хангагдаад байна гэж үзээд байна уу?

Маш сонирхолтой асуулт байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь яг юу байсныг бид бичгээр хүлээж авсны дараа л тодорхой ойлгох боломжтой болно. Одоогоор хэлэхэд арай эрт байна. 

Гэхдээ шүүх хуралдааны дараа шүүгч шийдвэрээ танилцуулахдаа “маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ” гэж хэлсэн. Их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа зарцуулсан хичээл зүтгэлийг гэнэт тасдан зогсоосон үйл явцад “та нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна” гэдэг дүгнэлт сонсоод их гайхширсан.

Харин дараа нь шүүхийн сайтад гарсан шийдвэрийн тоймд “нийтийн эрх ашгийн үүднээс цуцалж байгаа нь бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр” гэж бичсэн байна билээ.

Тэгэхээр хурлын хойно, хэлсэн тоймоо яагаад ингэж өөрчилсөн, ямар үндэслэлээр “нийтийн эрх ашиг” гэх зүйл оруулсан нь одоогоор тодорхойгүй байгаа учраас бид бичгээр гарсан шийдвэрийг хүлээхээс аргагүй байна.

Манай хувьд бол энэ тайлбар байж боломгүй гэж үзэж байгаа. Ийм том хэмжээний хөрөнгө оруулалт, төслийн үр нөлөөг харгалзахгүйгээр “нийтийн эрх ашиг” нэрийн дор хувь хүний болон компанийн хууль ёсны эрхийг үгүйсгэх нь эрх зүйн хувьд ч, эдийн засгийн хувьд ч маш буруу хандлага юм. Нийтийн эрх ашиг гэдэг заавал “төр өөрөө хийх” гэсэн санаа биш шүү дээ.

Би түрүүн хэлсэн энэ шийдвэр нь “нийтийн эрх ашиг”-ийн төлөө байсан юм бол тэр эрх ашиг зөрчигдөх гээд байсан бодит үндэслэл, зөрчигдөх эрсдэл нь юу байсан, энэ шийдвэрийн зайлшгүй шаардлага нь яг юу байв, тэнцвэрийн шалгуур нь зөв байв уу, гэдгийг тооцож байж гарах ёстой.

Жишээ болгож хэлбэл, гурван жилийн хугацаатай бүтээн байгуулалт эхлүүлэх ТЭЗҮ батлагдчихаад хэрэгжих байсан төслийг зогсоохын тулд, түүнээс илүү хурдан барих шийдэлнь байгаад түүнийг хэрэгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргах ёстой гэсэн үг юм.

Гэтэл одоо тухайн шийдвэр гарснаас хойш гурван жил хагас боллоо. Юу урагшлав? Хэний ямар эрх ашиг хангагдав?

Ажил зогсож, гацсанаас өөр үр дүн харагдахгүй л байна шүү дээ.

Сүүлийн үед өмчийг төрд авахаар ард түмний мэдэлд ирлээ гэж ярих нь элбэг болсонЭнэ ойлголт “нийтийн эрх ашиг”-тай холбоотой юу?

Ингэж яриад байдаг боловч үнэн хэрэгтээ ард түмний мэдэлд, эсвэл өмчлөлд очдоггүй шүү дээ. Бодит байдал дээр нам, улс төр хөөсөн цөөн хэдэн хүний хяналт, мэдэлд л очдог. Тэгээд л түүнийг тойрсон ашиг сонирхлын зөрчил, хардлага дагуулсан мэдээлэл сонсогдоод л байдаг шүү дээ.Тэгэхээр энэ бол хамгийн буруу, төөрөгдүүлсэн гаж ойлголт гэж боддог.

Өнгөрсөн зун, шинэ Ерөнхий сайд хэлэхдээ “Монгол Улсыг дахин агуутгахын гол үндэс нь хувийн хэвшил байна” гэж хэлсэн. Би үүнийг их зөв томьёолол гэж, санал нэг байгаа. Хувийн хэвшил бол нийтийн эрх ашгийн нэг тулгуур багана. Илүү үр ашигтай менежмент, ажлын байр, татварын орлогын тэлэлт, технологийн нэвтрүүлэлт зэргээр нийгмийн сайн сайхныг хувийн хэвшил бодитоор бий болгож байдаг.

Манай компанийн хувьд “Уул уурхай металлургийн цогцолбор” байгуулах төрийн бодлогыг Концессын гэрээний хүрээнд хэрэгжүүлж ирсэн. Хэрэгжүүлэхдээ, төрөөс хөрөнгө гаргуулахгүй, гэхдээ олж болох байсан ашгийг нь урьдчилж төлж байгаад, өөрсдөө хөрөнгө оруулалт хийж ажиллаж байсан. Үр дүнд нь татварын орлогыг нэмэгдүүлсэн, ажлын байрыг хадгалж, бүтээмж нэмсэн, учирч болох эрсдлээс нь хамгаалж, цаашдын төслийн хөрөнгө оруулалтыг төрийн нуруунд үүрүүлэхгүйгээр шийдэж ажиллаж байгаа нь “нийтийн эрх ашиг”-ийг хамгаалж байгаа бодит илэрхийлэл юм.

Нөгөө талаар шүүх, Засгийн газрыг “бүрэн эрхийнхээ хүрээнд цуцалсан” гэсэн байна. 

Бидний байр суурь бол процедурын хувьд Засгийн газар нь эрх олгодог тал. Харин олгогдсон эрхийн дагуу Эдийн засгийн хөгжлийн яам нь гэрээнийхээ дагуу цуцлах процессыг хэрэгжүүлэх ёстой байсан гэж үзэж байгаа. Компанийн жишээгээр бол ТУЗ нь Гүйцэтгэх захирлынхаа байгуулсан гэрээг шууд цуцалж болох уу гэдэгтэй төстэй юм.

Нийтлэг үгээр, төр эрхээ эдэлж болно, гэхдээ гэрээний итгэл, хууль ёсны итгэл хадгалах үндсэн зарчмаа барих ёстой шүү дээ. Гэрээгээ цуцлах бол үндэслэлээ тодорхой байдлаар илэрхийлэх ёстой. Урьдчилж мэдэгдэх ёстой. Харин гэнэт цуцалчихаад цагдаа, тагнуулын байгууллагын хүчээр дайрч холдуулчихаад алга болчих нь гэрээнд итгэх итгэлд маш хортой шүү дээ.

Нөгөө талаар, эрчим хүчний эх үүсвэрийн төслүүд хэрэгжээгүй, ковидын нөхцөл байдал бүх салбарт нөлөөлсөн үед манай компани төслийн технологийн шийдлээ өөрчилж, шинэ ТЭЗҮ боловсруулахад хугацаа зарцуулсан. Гэхдээ энд яагаад “хувийн хэвшил 100% буруутай” гэж дүгнэгдэх ёстой вэ?

Ийм шүүмжлэл нь шалтгаант холбоо ба эрх үүргийн эрсдэлийн хуваарилалтын логикийг алдагдуулж байна. Эрчим хүчний эх үүсвэр, сүлжээний чадавх нь хуулиараатөр-улсын дэд бүтцийн бодлогын хүрээний ажил. Гэтэл цахилгаан станцууд баригдаагүй, баригдахгүй нь тодорхой байх үед бид тоггүй үйлдвэр барьчихаад юмаа хийчлээ гээд суух нь нийтийн эрх ашгийн хувьд шийдэл биш. 

Харин бид, Төрийг буруутгаж гомдоллож суухын оронд эсрэгээрээ эрсдэлийг бууруулах, тасралтгүй хэрэгжилтийг хангахын тулд эрчим хүч бага шаарддаг технологи сонгонТЭЗҮ-ээ шинэчлэх, хууль ёсны журмаар батлуулаад явах алхмыг хийсэн. Ковид бол давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байсан. Ийм үед хувийн хэвшлийг дангаар нь буруутгаж, төрийн хийх байсан ажлын хоцролтын бурууг бидэнд шууд үүрүүлэх нь тэнцвэргүй, шударга бусаар асуудалд хандсан хэрэг. Бид “гомдоод явах” биш, Монголд байгаа нөхцөлдөө таарсан шийдэл хайж, хариуцлагатайгаар эрсдэлийг удирдаж ирсэн. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөөх зөв сонголт.

- Та бүхний дараагийн алхам юу вэ?

Шүүхийн тогтоол бичгээр хэлбэржин гарах болоогүй байна. Бичгээр гарахаар дэлгэрэнгүй үндэслэлүүдийг тодорхой заана байх. Бид хуулийн дагуу дараагийн алхмыг хийгээд явна. 

Гэхдээ бидний зорилго зөвхөн шүүхийн маргаанд тулгуурлах биш. Гэрээнд заасан эвийн журмаар асуудлыг шийдвэрлэх боломжийг илүүд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцсан яам, байгууллагуудтай ил тод ярилцаж, хамтарсан ажлын хэсэг байгуулан бодит нөхцөл байдлыг үнэлж, цаашдын шийдлийг харилцан ойлголцлын үндсэн дээр гаргах зорилготой.

Бидний зорилго бол зөрчил үүсгэх биш, харин Монгол Улсад концессын болон төр–хувийн хэвшлийн итгэлцлийн жишгийг сэргээхэд хувь нэмэр оруулах явдал юм.

- Танд эцэст нь олон нийтэд хандаж хэлэх зүйл байна уу?

Бизнес эрхэлж, бүтээн байгуулалтад чиглэж ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд “нийтийн эрх ашиг” гэдэг нь төрийгөмчтэй байлгах тухай биш, харин иргэдийн амьжиргаа, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг хамгаалах тухай ойлголт гэж би боддог. Хувийн хэвшил үүний төлөө л ажиллаж байгаа шүү дээ.

Ярилцсан Г.Саруул

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Шүүхийг тараая миний хүссэнээр шийдвэр гаргах боломжтой би өгөх юмаа өгсөн муусайн новшнууд ажлаа хийхгүй байна шижир

Зочин
Зочин

mongol ulsin shvvh ylzarad bhgvi blson

Зочин
Зочин

Төрийн өмчит компанийг з�##�ьдаж авах арга хуучирсаан бронжи !! ӨӨРСДӨӨ БҮТЭЭЛДЭЭ БАНДИА

Холбоотой мэдээ

Back to top button