Сурвалжилга: 55-р сургууль шагнуулсан мөнгөөрөө кофе шоп нээж, сурагчдаа дадлагажуулж, мэргэжлийн гэрчилгээ олгож байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Тусгай гэж нэрлэгддэг байсан уг сургууль сурагчдадаа мэргэжил эзэмшүүлж, мэргэжлийн чадамжийн гэрчилгээтэй төгсгөж байна. Ингэснээр тус хүүхдүүдэд бусадтай мөр зэрэгцэн ажиллах боломж бүрдэж буй юм. Тодруулбал, цэцэрлэгч-ногоочин, талх нарийн боов-бариста, зочид буудлын өрөөний үйлчлэгч, тогооч зэрэг боломжит дөрвөн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
Энэ дундаас хамгийн "залуу" нь "талх нарийн боов-бариста"-ийн анги бөгөөд шилдэг сургууль болсон шагналынхаа мөнгөөр сургалт болоод дадлага хийх зориулалтаар дэлхийн жишигт нийцсэн кофе шопыг аль жилийн өмнө өөрсдөө тохижуулж, нээжээ. Үүнээс гадна булан тохой бүрээ, таазаа хүртэл ашиглаж 400 орчим цэцэг, ургамал тарьж ургуулсан, дээвэр дээрээ хүлэмжтэй цэцэгчин ногоочны анги, дутуу юм нэг ч үгүй зочид буудал, гал тогооны дадлагын өрөө гээд онцлох зүйл олонтой энэ сургууль ирэх жил 50 нас хүрэх гэж байна.
Манай улсад оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг нийт дөрвөн сургууль бий ч гурав нь есдүгээр анги л төгсгөдөг системтэй. Өөрөөр хэлбэл 55 дугаар сургууль Монголд анхдагч төдийгүй, цор ганц гэх тодотголоос гадна ачааны хүндийг үүрч байна.
-55 дугаар сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш Ч.Ганбилэг: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр дагаад багш нарт ээлтэй орчин бүрддэг-
-Танай сургууль анх хэдэн онд үүсэн байгуулагдсан бэ, ирэх жил ойтой юм байна?
-Манайх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль. Хуучин тусгай сургууль гэдэг нэртэй байсан. Одоо бүх сургууль адилхан болчихсон учраас Ерөнхий боловсролын 55 дугаар сургууль. 1976 онд байгуулагдсан, ирэх жил 50 жилийн ойтойгоо золгох гэж байна.
-Сургуулийн орчин үнэхээр сайхан юм. Энэ мэдээж менежмент, багийн ажил байх. Хэрхэн чиглүүлдэг вэ?
-Сургуулийн менежмент их чухал. Наад зах нь боловсон хүчний асуудалд анхаарахгүй бол боломгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд арай өөр учраас тэдэнд ээлтэй, тухтай, хоёрдогч гэр нь сургууль учраас орчин их чухал. Тиймээс нэгдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх. Хүүхдийг ямар үед хаана амраах уу, суулгах уу. Яавал тэр хүүхдийн биед илүү эвтэйхэн байна, ямар нөхцөлд сурвал хичээлээ илүү сайн ойлгох уу зэрэг тал дээр нь дэлхийн жишиг рүү дөхүүлээд явж байгаа. Сургуулиа дэлхийн жишигт хүргэнэ гэдэг л зорилтыг тавьж ажиллаж байна.
Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр дагаад багш нарт ээлтэй орчин бүрддэг. Өөрөөр хэлбэл хоёр давхар зорилготой гэсэн үг. Үүний дараа багш нарынхаа арга зүйг дээшлүүлнэ гэдэг том ажил байна. Эдгээр хүүхдүүдийг энгийн хүүхэд сургадаг аргаар сургаж болохгүй шүү дээ. Жишээлбэл, ерөнхий боловсролын энгийн сургуулийн нэг ангид дөрвөн аргын тоо самбар дээр заагаад, ингэж. ингэж бодно шүү гэхэд тухайн ангийн 40, 50 хүүхэд бодоод л эхэлнэ.
Харин манай хүүхдүүд самбар, шохойгоор арай ойлгож, хийж чадахгүй. Ер нь зургаан мэдрэхүйгээр мэдрүүлж сургана гэсэн үг. Хичээлийн хэрэглэгдэхүүн, үзүүлэн, таниулах материалыг өргөн хүрээнд ашиглана. Энэ нь цаасан, цахим байж болно. Бодит биет байж болно. Тоглоомын арга маш их хэрэглэнэ. Тиймээс багш нарын арга зүй дээр их анхаардаг. Багш нараа хөгжүүлэхдээ зөвхөн дотооддоо биш гадагшаа сургуулиудын туршлага судлуулж, хуралд оролцуулдаг. Тодруулбал, БНСУ, Герман, ОХУ, Унгар, АНУ, БНХАУ зэрэг орнуудын яг манайх шиг сургуулиудтай хамтын ажиллагааны үзэглэсэн гэрээтэй байдаг. Бололцоо байвал өөрсдөө очиж судална. ОХУ-руу жилд 1-2 удаа зайлшгүй явж, туршлага судлаад, илтгэл солилцоод, хуралд оролцоод ирдэг. Миний хувьд багшлах боловсон хүчинг дотооддоо бэлтгэж чадахгүй байна гэж үздэг.
Жишээлбэл, Японы сургуулийн захирал дараа жил манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд ирэх нь гэж мэдээд анги болон тэр хүүхдэд багшлах багшаа захиалж бэлддэг тухайгаа ярьж байсан.
Гэтэл манайх бага ангийн багш ажилд авах сонгон шалгаруулалт зарлахад зүгээр энгийн сургуульд багшилдаг багш нар л ирдэг. Тиймээс бид ажилд авахдаа энэ хүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хэр их сэтгэлтэй байна гэдгийг нь хараад, чадварыг өөрсдөө суулгаж авдаг. Эсвэл тэр багшаа дотооддоо бэлтгэж авдаг.
Мөн бидний дараагийн гол зарчим бол харилцаа, хандлага. Ямар хүүхдүүдтэй ажиллаж байгаа билээ, ямар сэтгэл зүйтэй эцэг эхчүүд ирэх үү. Тийм учраас харилцаа, хандлага чухал үүрэгтэй. Тиймээс дандаа эерэг харилцаа, хандлага дээр суурилдаг. Дотоод журамдаа ч баталгаажуулсан. Наад зах нь мэндлэх, хүндлэх ёсноос эхэлнэ шүү дээ.
Манай сургууль эдгээр зүйлүүд дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хугацаанд Нийслэлийн шилдэг менежменттэй сургуулиар дөрвөн удаа шалгарлаа. Энэ жил Баянзүрх дүүргийн шилдэг сургууль боллоо. 2025 оны шилдэг сургуульд дахиад өрсөлдөх гэж байна. Өнөөдөр шалгаад явлаа.
-55 дугаар сургууль 500 гаруй сурагчтай. Эдгээр хүүхдүүдийн маань бэрхшээл хөнгөн, хүндэвтэр, хүнд гээд өөр, өөр. Бусад тусгай сургуультай харьцуулахад танайх хүүхдийг 12 дугаар анги төгстөл сургаж, мэргэжил хүртэл эзэмшүүлж байна. Бусад тусгай сургуулиуд есдүгээр анги л төгсгөдөг. Танайх ямар учраас ийм хөтөлбөртэй болов?
-Мэргэжлийн ангиуд нээх болсон шалтгаан бол ерөөсөө л хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ, эцэг эхчүүдийн хүсэлт. Нэг ээж бүр манай өрөөнд уйлаад орж ирсэн. Тухайн үед би сургалтын менежер байсан л даа. Тэр ээж манай охин есдүгээр ангиа төгслөө. Одоо хаачих вэ. Бүх хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. Манай хүүхдийг авах сургууль байхгүй гэж хэлсэн. Тэр үед эдгээр хүүхдүүдийг 12 жил сургах ёстой юм байна. Ингэхдээ мэргэжлээр сургасан нь зөв юм байна гэж бодсон л доо. Тухайн үед манайд мэргэжлийн сургалтын суурь тавигдаж, эрүүл хүүхэд сургадаг байсан. Тэгээд үүнийгээ болиод эдгээр хүүхдүүдээ сургаж эхэлье гэж шийдсэн.
Энэ хүүхдүүд манайхаас өөр газар очсон ч сурах боломжгүй болох нь гээд 2000 оноос эхний буюу тогоочийн ангиа нээсэн. Үүний дараа 2016 онд зочид буудлын өрөөний үйлчлэгчийн анги нээгдсэн. Дараа нь 2018 онд цэцэрлэгч, ногоочны анги. Харин өнгөрсөн жил бариста, талх нарийн боовны анги нээгдсэн. Хуучин социализмын үед ийм хүүхдүүдийг оёдол, мужаанд л сургадаг байсан. Орчин үед бол мужааны мэргэжил ээлгүйдээ ордог болсон. Өөрөөр хэлбэл аюулыг мэдэхгүй хүүхдүүд их байдаг учраас эрсдэлтэйд тооцогдож, аажимдаа халж, шинэ, ээлтэй, ажлын байр олдох мэргэжлүүдийг сонгон сургаж байна.
-Цэцэрлэгч, ногоочны ангийн багш Г.Ганжаргал: 50 гаруй нэр төрлийн 400 орчим цэцэгтэй болсон байна-
-Ямар сайхан цэцгийн дэлгүүр шиг анги вэ?
-Энэ анги бол цэцэрлэгч, ногоочны мэргэжлийн ангийн дадлагын өрөө. Үүнээс гадна онолын өрөө гэж бий. Бидний зогсож байгаа энэ өрөөнд тасалгааны ургамлыг тариалах, арчлах дадлагыг хүүхдүүд маань эзэмшдэг. Онолоос илүү дадлагын хичээл олон цагаар ордог онцлогтой.
-Дадлагын эхний хичээл үр суулгахаас эхэлж байна уу?
-Ургамал гэж юу юм. Ургамлын аймаг гэж юуг хэлэх вэ гэдгээс эхэлнэ.Ургамлууд бүгд амьтай учраас арчлах, хамгаалах ямар чухал гэдгийг ойлгуулна, мэдрүүлнэ, өөрсдийг нь оролцуулна. Цаашлаад хүн, амьтнаас ялгаагүй амьд байгаль гэдэг энэ зүйлтэй хэрхэн зөв харьцаж, зэрэгцэж амьдрах вэ гэдэг талаас нь ойлголт өгөх зэргээр бүхий л талыг хослуулж, дадлага болон онолын хичээлээрээ заадаг.
-Энэ өрөөнд хэдэн нэр, төрлийн ургамал, цэцэг байна вэ. Та хүүхдүүдтэйгээ тарьж, ургуулсан байх?
-Манай мэргэжлийн анги 2018 оноос элсэлт авч эхэлсэн. Анх анги байгуулагдах үед цөөн хэдэн цэцэгтэй, тэр цэцгүүдээсээ л үрсэлгээ, арчилгаа хийдэг байлаа. Харин одоо 50 гаруй нэр төрлийн 400 орчим цэцэгтэй болсон байна. Энд тарьж ургуулсан цэцгүүдээ бусад ангиуд руугаа, албан газрууд руу бас өгдөг. Ангиуд маань бас энэ цэцгийг хүүхдүүдтэйгээ нийлээд арчлаад, тордоод өгөөч. Савыг нь солиод өгөөч гэж их ханддаг. Өөр ангийн хүүхдүүд ч гэсэн ангийнхаа гундсан, шарласан цэцгүүдийг барьж ирээд зөвлөгөө авч болдог.
-Ийм орчинд дадлага хийнэ, суралцана, мэргэжил эзэмшинэ гэхээр сайхан юм байна?
-Тийм шүү. Дадлагын хичээл хэдий урт, зургаан цаг үргэлжилдэг ч цэцгүүдээ арчлаад, ургуулаад, шинээр тарьдаг болохоор хүүхдүүдэд сонирхолтой өнгөрдөг. Өөрсдийн тарьсан үр нь нэг навчтай, хоёр навчтай болоод томроод, ургаад ирэхээр маш их урам авдаг. Тарьсан цэцэг, ургамлаа яаж ургаж, цэцэглэж байгааг дэргэдээс нь байнга харж байдаг болохоор дадлагын хичээлдээ илүү дуртай болдог. Бид тасалгааны ургамал тариалахаас гадна жимс, голт бор, интоор, бөөрөлзгөнийн модны үрсэлгээ хийж туршиж байна. Сургалтын үйл ажиллагаа учраас жишээлбэл энэ моднууд бүгд ургах албагүй шүү дээ. Эндээс хүүхдүүд маань арчлахгүй, тордохгүй бол ингээд үхчигхдэг юм байна. Хэтэрхий услаад байвал ямар болох уу зэргийг ойлгож, туршлага суудаг. Хүүхдүүд маань аливаа зүйлийг олон дахин хийсний үр дүнд сурдаг онцлогтой учраас дадлагын энэ үйл явц чухал.
-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ, эдгээр хүүхдүүд маань цэцэрлэгч, ногоочин болж төгсөх үү?
-Мэргэжлийн энэ ангид долоо хоногт 12 цагаар хоёр анги ордог. Нэг нь төгсөх анги. Нөгөө нь аравдугаар анги буюу анхан шатнаасаа эхлээд, танилцах байдлаар суралцаж байгаа хүүхдүүд гэсэн үг. Төгсөх ангийн хүүхдүүд дунд энэ мэргэжлийг эзэмшсэн гэдэг гэрчилгээ авах хүүхдүүд байна. Эсвэл цэцгийн дэлгүүрт ч юм уу ажиллах чадвартай болоод төгсдөг ч хүүхдүүд бий. Мөн гэртэй хүнсний ногоо, тасалгааны ургамал тариалчхаж чадахаар хэмжээнд болоод төгсөж байгаа хүүхэд байна. Өөрөөр хэлбэл бэрхшээлийн хувьд ялгаатай учир эзэмшиж буй чадварууд нь харилцан адилгүй байдаг.
-Мэргэжил эзэмшихээс илүү энэ сурсан зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгтэйгээр ашиглаж болно гэдэг чухал санагдлаа?
-Мэргэжлийн ангиудын гол зорилго энэ л дээ. Тухайн хүүхдэд чадамж эзэмшүүлж, бодит чадварыг нэмэгдүүлэх чухал байгаа юм. Бүр мундаг цэцэгчин, ногоочин болдоггүй юм гэхэд гэртээ байгаа цэцгийг арчилчихдаг, цөөн хэдэн цэцэг үрслүүлээд түүнийгээ зарчихдаг, жаахан ч гэсэн санхүүдээ нэмэрлэчихдэг байж болно шүү дээ. Ер нь бүх хүүхдийг төгсөөд ажил дээр гарах түвшинд сургах, бэлтгэх боломжгүй л дээ. Учир нь сүүлийн үед хүүхдүүдийн бэрхшээл хүндрээд байна.
-Талх, нарийн боов, баристагийн багш Н.Одонгуа: Кофе шоп маань дэлхийн стандартыг хангасан. Тоног төхөөрөмжийн хувьд хамгийн үнэтэй, чанартайг нь авсан-

-Энэ анги хэзээ байгуулагдав?
-Жилийн өмнө аравдугаар сард албан ёсоор энэ ангиа нээсэн. Мэдээж урт хугацаанд төлөвлөж, дотоод засал, тохижилтоо сэтгэл гаргаж өөрсдөө хийсэн л дээ.
-Одоо танай ангид хэдэн хүүхэд суралцаж байна?
-Өмнө жил 12 хүүхэд элссэн. Одоо арваннэгдүгээр анги. Энэ жилийн хувьд мөн 12 хүүхэд элссэн. Ингээд нийт 20 гаруй хүүхэд талх, нарийн боов, баристагийн ангид суралцаж байна.
-Хүүхдүүдэд анхан мэдэгдэхүүнээс эхэлж зааж байна уу?
-Кофены тухайд гарал үүслээс нь эхэлнэ. Аль улсад ургадаг, хэрхэн боловсруулдаг вэ гэх зэргээр. Нарийн боовны хувьд гурил гэж юу вэ, хэрхэн тариалдаг вэ буюу бас л үндэснээс нь эхэлж заадаг.
-Сургалтын цагууд хэр урт байна, онол дадлага хосолдог байх?
-Манай мэргэжлийн хичээл долоо хоногт 12 цаг ордог. Зургаан цаг нь дадлага, дөрөв нь практик, хоёр нь онолын хичээл гэх байдлаар явдаг.
-Энэ өрөөнд дутуу зүйл гэж алга. Ийм орчинд хүүхдүүдийг сургах нь ямар давуу талыг бий болгож байна вэ?
-Энэ кофе шоп маань дэлхийн стандартыг хангасан гэж хэлж болно. Тоног төхөөрөмжийн хувьд хамгийн үнэтэй, чанартайг нь авсан. Мөн илүү хүнд бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулж, кноп дарахаар кофе нь гарчихдаг, ажиллахад хялбар машин авсан.
Ер нь дутуу зүйл байхгүй. Яг л кофе шопод ажиллаж байгаа юм шиг дадлагаа хийх боломжтой.
-Хүүхдийн бэрхшээлээс хамаараад ажлын байран дээр гарах боломжийг олгож байна шүү дээ. Энэ хугацаанд танай төгсөгчдөөс ажилд орсон, мэргэжлээрээ ажиллаж байгаа хүүхдүүд бий байх?
-Манай нэг хүүхэд томоохон зочид буудалд бэлтгэгчээр ажиллаж байгаад сүүлд тогооч болсон гээд ярьж байна лээ. Мөн Тэрэлж зочид буудалд ажилладаг хүүхэд бий. Гэх зэргээр төгсөөд мэргэжлээрээ ажиллаад явж байгаа хүүхдүүд байгаа. Миний хувьд Баристагийн анги нээгдэх үед энд багш болсон. Өмнө нь бол сургуульдаа математикийн багшаар ажиллаж байсан. Тэгэхээр миний төгсөгчдөөс ажлын байран дээр хараахан гараагүй л байна.
-Та өөр мэргэжлийн багш байж шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр суралцаад багшилж байна гэсэн үг үү?
-Бид кофе шопынхоо бүх тоног төхөөрөмжийг Италийн "ESSA" гэдэг компаниас авсан. Үүний хариуд манай таван багшийг үнэгүй сургаж өгсний нэг төгсөгч нь би.
-Ийм орчин бүрдээд ирэхээр сурлагын чанарт хэр ахиц гарч байна?
-Өдрөөс өдөрт ахиц гардаг. Сурах үйл ажиллагаа чинь хамтынх болчихсон шүү дээ. Жишээ нь талх нарийн боовны дадлага дээр жижиг бялуу хийлээ гэхэд гэртээ очоод бас хийнэ. Хийсэн бялууныхаа зургийг группэдээ давхар оруулаад, ажиллаад явдаг. Тийм учраас ахиц сайн гардаг л даа. Эцэг эхчүүд маань ч гэсэн "манай хүүхэд гал тогоондоо орох дуртай болчихлоо. Оройн хооны төмсөө надаар арилгуулсангүй гээд уурладаг боллоо" гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл энэ бүхнийг ахиц гэж ойлгож байгаа.
-Талх нарийн боов гэхээр бялуу гэх мэт нарийн чимхлүүр зүйлсийг ч сургах нь ээ?
-Бүх төрлийн жигнэмэг, тоорт хийнэ. Тослог зуурмаг, хөрөнгөтэй зуурмаг гээд олон төрөл бий. Тэр бүгдийг хийж сурна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөрөө хийж чадах бүх амттан, бялуугаа хийгээд хөргөгчөө дүүргэчихдэг. Эцэг, эхчүүд маань ирж танилцдаг юм.
-Багын сургалтын менежер Ч.Саранцацрал: Хүүхдүүдийнхээ онцлогийг харгалзан үзэж, мэргэжлийн сургалтуудыг нарийвчлах нь амьдрал дээр хэрэг болно гэдэг үүднээс энэ ангийг нээсэн-

-Зочид буудлын өрөөний үйлчлэгч бэлтгэдэг дадлагын өрөөнд сууж байна. Яг л зочид буудал шиг болгож тохижуулжээ?
-2017 онд Австралийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулсан. Сургалтын явцад амьдралаас хэрэгцээ урган гардаг л даа. Тиймээс хүүхдүүдийнхээ онцлогийг харгалзан үзэж, мэргэжлийн сургалтуудыг нарийвчлах нь амьдрал дээр хэрэг болно гэдэг үүднээс энэ ангийг нээж байсан. Засвар, тохижилтын ажлыг бид өөрсдөө хийчихдэг. Харин хийж чадахгүй тавилга, тоног төхөөрөмж зэргийг шагнал урамшууллын мөнгөөрөө ч юм уу авдаг.
-Хүүхдүүдээ сонгохдоо шалгуур тавьдаг уу?
-Хүүхдийн өөрийнх нь хүсэл, сонирхол, чадвар болон эцэг, эх, асран хамгаалагчдын саналыг харгалзаж нарийн мэргэжлийн ангидаа авдаг. Зочид буудлын өрөөний үйлчлэгчийн ангийг сонгож суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй учир зочид буудалд очоод ажиллах хэмжээнд бэлтгэгддэг. Харин хүндэвтэр, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд маань өөрөө өөртөө үйлчлэх энгийн чадварт суралцдаг. Тухайлбал, гэрээ цэвэрлэх, ор дэрээ хураах, ахуйн эрүүл ахуйд суралцах, амьдрал хөдөлмөрт бэлтгэх зорилготой анги байгаа юм. Хэдий тоо цөөн ч маш сайн мэргэжилтэн болж бэлтгэгдээд гарч байгаа хүүхдүүд бий. Тиймээс бид Монголын зочид буудлын холбоотой энэ чиглэлд хамтарч ажилладаг. Мөн Баянзүрх дүүрэг манай төгсөгчдийг ажлын байртай болох тал дээр анхаарч байгаа.
-Мэргэжлийн багш, боловсон хүчний тал дээр хэрхэн анхаарч байна?
-Их дээд сургууль төгссөн багш нар тусгай чиглэлээр тодорхой хэмжээний кредит үзсэн байдаг. Үүнээс гадна яг тусгай хэрэгцээт боловсролын ангийг 3.5 жилээр төгсдөг. Мөн тусгай сургуульд ажиллаж байгаа багш нарыг нэг жилээр бэлтгэдэг. Гэхдээ төгсөгчдийн тоо хангалтгүй учраас хүрэлцээ сайнгүй. Тиймээс бусад багш бэлтгэх сургуулиудыг төгсөж ирсэн бакалавраас дээш зэрэгтэй багш нарыг хүлээж аваад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах талаас нь сэтгэл зүйн хувьд бэлдэж авч байна. Нэмээд мэргэжил, арга зүйн хувьд бэлтгэж, онолын мэдлэгийг өгдөг. Манай сургууль шинэ багш авахдаа ажлын байран дээр чадваржуулахад сайн анхаардаг. Өөрөөр хэлбэл шууд багшлахгүйгээр эхлээд туслах багш хийнэ. Илүү чадваржиж, мэргэшсэнийх нь дараа үндсэн багш болгодог.


















































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.