Нийгмийн

Редакцын зурвас: Тусгаар тогтнолын тунхаглал, эв эеийн бэлгэдэл - Монгол наадам

Өнө мөнхийн бэлгэдэл өндөр төрийн наадам эхэллээ. Хүннү гүрнээс улбаатай монгол наадам бол баяр цэнгэл гэхээс илүүтэй тусгаар тогтнолын тунхаглал, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Төв цэнгэлдэхийн хойморт Эзэн Богд Чингис хааны үеэс уламжлан дээдэлж ирсэн есөн хөлт цагаан туг сүндэрлэж, алтан соёмбот төрийн далбаа нарны цацрагтай ханьсан намиран буй зураглал буурал түүхийг үггүй өгүүлнэ.

Зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхчүүд цагийг эзэгнэн дэвж, уртын дууны шуранхай огторгуйд уусан шингэнэ. Сур, шагайн харвааны асраас уухайн түрлэг цуурайтаж, шандаст хурдан хүлгүүд хийморь бадраан хурдалж, гийгоон аялгуу уудам талыг уяраан эгшиглэхүй. Ийм амгалан оршихуйг үр хойчистоо үлдээхийн тулд бидний өвөг дээдэс цагийн цагт эв эеийг эрхэмлэж, эх орон, тусгаар тогтнолоо хамгаалж ирэв.


Энэ жил Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадам тохиож байна.

Наадам бол монгол түмний уламжлалт баяр төдийгүй хүн төрөлхтний соёлын өвийн цөм юм. Баяр наадмын хэсэг уртын дуу, морин хуур, бий биелгээ, үндэсний бүжиг, шагайн харваа нь ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан. Энд монгол наадмын үйл ажиллагаа цогцоороо дэлхийн соёлын өвд тооцогддог гэдгийг дурдах нь зүй.

2010 оны арваннэгдүгээр сар. “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэв.

Наадам бол их түүхийн түүчээ юм.

Үндэсний их баяр наадмыг зарлахдаа Тулгар төрийн болон Их Монгол Улс байгуулагдсаны ойг онцлон дурддаг нь учиртай. Энэ бол нүүдэлчдийн байгуулсан анхны төрт улс буюу Хүннү гүрний суу алдар, Чингис хааны үүтгэн захирсан эзэнт гүрний суу алдрыг зарлан тунхаглаж буй хэрэг. Үүний цаана залуу хойч үедээ үүх түүх, өв соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх агуулга оршино. Ерөөс наадам бол соёлын дархлааг бэхжүүлж, түүхийг түүчээлэх арга хэмжээ юм.

Түүхэн сурвалжуудад Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхлэн наадам тэмдэглэж ирсэн тухай тэмдэглэсэн байдаг. Мөн "Монголын нууц товчоо"-нд хуран сар буюу долоодугаар сард эрийн гурван наадам хийсэн тухай дурдагддаг. XIII зууны үед Төрийн сүлдийг цэнгүүлэн тахиж, нум сум харвах, агт шалгаруулах, цэрэг эрийн хүчийг сорих наадам болгон хийдэг байсныг судлаачид хэлдэг.

Баатарлаг дээдсийн гавьяа, тусгаар тогтнолын үнэ цэнийг санаж эрхэмлэх өдрүүд

Аливаа үндэстэн ястан бүр өөр өөрийн уламжлалт баяртай. Гэвч үндэстэн бүрд тусгаар улсаа тунхаглаж, уламжлалт бая наадмаа улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх хувь тохиодоггүй нь гашуун үнэн. Тиймээс Үндэсний их баяр наадмын өдрүүд бол эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг илүү ухамсарлаж, энэ цагийг бидэнд үлдээсэн үе үеийн эх орончдыг санан хүндлэх мөн.

Тодруулбал,

  • 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Манж Чин гүрний ноёрхлыг халж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан. Ийнхүү Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй.
  • 1921 оны Ардын хувьсгал. Энэ бол XX зууны үеийн Монголын түүхэн дэх гол үйл явдлын нэг. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан монголчууд хамжлагат ёсыг халж, ардын засгийг байгуулах шилжилт хийсэн.
  • 1990 оны Ардчилсан хувьсгал. Олон намын төлөөлөл бүхий парламентын засаглалтай, Ардчилсан Монгол Улсын суурийг ийн тавив.

Бидний дунд хоногшсон Ардын засгийн наадам, Ардын төрийн наадам гэх хэллэг энэ үеэс эхлэлтэй аж.

Ардын засгийн наадам: 1921 оны Ардын хувьсгалын ялалтын баяраар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Цэрэг толгойг тахиж, наадам хийжээ. Ардын төрийн наадам: Богд хаант Монгол Улсын үед Тусгаар тогтнолынн баярын өвөл ёслон тэмдэглэдэг байв. Харин Ардын засаг байгуулагдсанаар зуны улирал руу шилжүүлж, Ардын төрийн наадам гэж нэрлэжээ. Хожим 1946 онд БНМАУ-ыг олон улс хүлээн зөвшөөрч, НҮБ-д элссэн үеэс 1946 наадмаар Ардын хувьсгал ялсны ой хэмээн давхар тэмдэглэх болсон байна.

Үгийн сайныг хэлэлцэж, эв эеийг эрхэмлэх цаг

Монголчуудын сэтгэлгээний онцлог бэлгэдэл. Тийм ч учраас монгол хүн амны бэлгээр гэдэг үг үүсэж, Монголд бэлгэдэлзүйн судалгаа түлхүү хөгжсөн болов уу. Төрийн сүлдэндээ залбирч, төрөө дээдлэн хүндлэх сэтгэлгээ, наадмын өмнөх шөнө дээлээ бэлдээд хонодог хандлага бол үүний нэг хэсэг.

Тэр дундаа уламжлалт баяр наадмаар үгийн сайныг хэлэлцэж, бэлгэ ерөөл тавьдаг нь тогтсон ёс мэт болсон. Даяаршлын эринд дэлхийн олон улс үндэстэнтэй зэрэгцэн хөгжиж буй цөөн хүн амтай улсын хувьд үндэсний дархлаа, эв нэгдэл хамгийн чухал гэдгийг буурал түүх бидэнд сануулдаг.

Айсуй сонгуулийн чимээ ойртож, улс төр "халж" байгаа хэдий ч олон улс, геополитикийн нөхцөл эгзэгтэй эмзэг байгаа энэ цаг үед эв эеийг эрхэмлэж, дотоод хүчээ нэгтгэх нь эрхэм билээ.

Ардын багш, доктор С.Дулам:  Монгол хүн аливааг бэлгэдэлтэй болгож сэтгэдэг ард түмэн. Цагийн цагт ингэж явж ирсэн. Цагийн цагт ингэж явна гэж би бас бодож байна. Одоогийн нийгмийн бухимдлын үеэр гарч ирж байгаа бэлгэгүй үгс мөнх байхгүй. Хүний ген удамшил гэж юм бий. Тэр бол хүчтэй. Нэг л өдөр дийлэх болно.

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button