Сурвалжилга: 55 настай эмэгтэйн бие хүнд, хүн барьсан байж болзошгүй баавгайг олж устгажээ
Энэ онд баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай дуудлага мэдээлэл 597 удаа бүртгэгдсэн байна. Хохирлын хэмжээ хашаа, хороо сэндийчсэн, мал амьтан барьж идсэнээр хэмжигдэж байсан бол өдгөө хүний алтан аминд хүрэв.
Хэрэг явдал энэ сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө гарчээ. Гэрт амарч байсан 40 настай эрэгтэй, 55 настай эмэгтэйн биед баавгай халдаж, улмаар 40 настай эрэгтэй гэрээс 100 метрийн зайд чирэгдэн гарч, нас барсан. Эмэгтэй толгойн дагз хэсэгтээ самардуулж, цээж, мөрөндөө хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Өчигдөр ГССҮТ-ийн төв эмнэлгийн тархины тасагт түүнийг шилжүүлж, шаардлагатай хагалгааг хийсэн. Биеийн байдал хүнд, шокийн байдалтай буй тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.
Баавгайг эрэн хайх ажиллагаанд 41 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, 20 цаг эрэн хайсны эцэст хүн барьсан байж болзошгүй баавгайг олж усгажээ. Тухайн баавгайг хүний амь насанд халдсан баавгай мөн эсэхийг мэргэжлийн шинжээчид тогтоох юм байна.
Фото:
Баавгайд дайруулсан айл Баянзүрх дүүргийн 35-р хороо, Улиастайн Бурхантын аманд байрладаг. Ойр хавь нь битүү уул, моддоор хүрээлэгдсэн, арав хүрэхгүй алхамын урд гол урсана. Баавгайд дайруулсан гэр бүхэлдээ сүйджээ. Гэрийн мод, хана туурга хэдэн хэсэг болж, хэмхэрч хоцорч. Тус айлын хувьд яг энэ байршилдаа арав гаруй жил мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ. Өмнө нь тус хороонд том хар баавгай үзэгдсэн тухай дуудлага мэдээлэл холбогдох байгууллагуудад бүртгэгдэж байсан боловч шаардлагатай арга хэмжээг аваагүйн улмаас хүний амь нас эндэх эрсдэлд хүргэлээ хэмээн орон нутгийн иргэд ярьж байлаа.

Баавгайд дайруулж, хүнд гэмтсэн эмэгтэйн найз: Манайх ойр саахалт амьдардаг. Ийм айхтар хэрэг гарсан тухай байгаль хамгаалагч шөнө хаалга нүдэж хэлсэн. Баавгай ойр хавиар явж л байна гэж дуулж байсан болохоос ийм хэрэг гарна чинээ санасангүй.
Саяхан хамтдаа хадлангаа авсан найз маань юм. Гурван хүүхэдтэй, ханиа алдчихсан л ийм эмэгтэй шүү дээ. 20-д гаргаад өвөлжөө рүүгээ нүүнэ гээд ярьж байсан. Гэтэл баавгайд дайруулж эрүүл мэндээрээ хүнд хохирлоо. Толгойдоо самардуулж, хоёр мөр нь битүү зулгарсан. Одоо амьд л байгаасай, амьд мэнд тэсэж үлдээсэй л гэж бодож байна. Түүнд тусалж цуг амьдарч басан хуурай дүү нь араатны өгөөш болж амиа алдлаа. Хэдэн яс л үлдсэн байсан. Зүрх шимширч байна.
Бид айж байна, шаардлагатай арга хэмжээг авахгүй бол яаж амьдрах юм бэ. Хэдэн хүний амь насыг авах вэ.

Баавгайг эрэн хайх ажиллагаанд оролцож буй орон нутгийн иргэд: Хэрэг болсон газар баавгайн мөр байна. Намар цаг болчихсон. Өвс хуурайшилтай, цас байхгүй учир ямар ч мөр хөөх боломжгүй, хаашаа гарсныг хэлж мэдэхгүй болчхоод байна л даа. Бид урьд шөнөөс хойш энэ байршил дээр эрэн хайх ажиллагаанд оролцоод явж байна. Тэр баавгайг хурдан олж агнах хэрэгтэй. Хүний маханд амташсан баавгай дахиад хүн баривал яана вэ, оршин суугчид айдастай байна. Дулаан мэдрэгчтэй дрон ашиглан эрэн хайж байгаа. Хэрэв илрүүлчихвэл Байгаль орчны газар, Онцгой байдлын газарт шилжүүлэх байх.
Харин албаныхны зүгээс дараах байр сууриудыг илэрхийллээ.

Хошууч С.Баярбилэг: "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастайн Бурхантын ам гэх газар баавгай айлын гэр рүү дайраад байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагын харьяа нэгжээс шуурхай тухайн газарт очиж ажилласан. Шалгалтын явцад 55 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан байдалтай, мөн 40 настай эрэгтэй нас барсан байдалтай байсан.
Эмэгтэйн хувьд баавгайд самардуулаад гэрээс гараад зугтаасан тулдаа амьд үлдсэн гэх мэдээллийг өгч байна. Одоогоор эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авсан. Нас барсан эрэгтэйн цогцсыг гэрээс нь холгүй зайнаас олсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ оны байдлаар баавгайтай холбоотой байгаль орчны газарт нийт 597 тохиолдол бүртгэгдсэн. Айлын гэр рүү халдсан баавгайг холбогдох албаныхантай хамтран эрэн хайж байгаа. Баавгай дайрсан тохиолдолд хэн ямар хариуцлага хүлээх нь хуульд тусгагдаагүй. Тиймээс бид өөрсдөө аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна. Нийслэлийн байгаль орчны газар, Байгаль орчны яам энэ асуудал дээр анхаарал хандуулах ёстой" гэлээ.
Нийслэлийн байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр: 2026 онд Улаанбаатарт хотод баавгай харсан гэх 28 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 24 дуудлага нь бодит дуудлага байсан. Үлдсэн дөрөв нь хуурамч дуудлага мэдээлэл байсан юм. Байгаль орчны яамнаас баавгайг аюулгүй болгох зөвшөөрөл олгосон. Гэхдээ эвш, бамбаруушийг агнаж болохгүй. Үүнийг цагдаагийн байгууллагын хяналтан дор хийнэ.
БОУАӨ-ийн яамны газрын дарга Т.Балжинням: Найман аймагт баавгай агнах зөвшөөрлийг олгочихсон байгаа. Одоогоор суурьшлын бүс рүү ойртсон зургаан баавгайг агнасан. Засгийн газрын тогтоолоор 1 тэрбум 80 сая төгрөгийг баавгайн эсрэг арга хэмжээ авахад зарцуулахаар болсон. Үүнийг булчин сулруулах унтуулгатай буу, барих тор, орон нутаг дахь тусгай хамгаалалттай газруудын тээврийн хэрэгслийн шатахуунд зарцуулна. Хэнтий аймагт буудуулсан баавгайг задлан шинжлэхэд ходоодонд нь хоол гэхээр зүйл байгаагүй. Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн орж ирж байгаа гэж таамаглаж байна. Тиймээс хууль бусаар самар түүх, мод бэлтгэлийн ажлыг таслан зогсоох, жимс түүхээр уул руу орохыг хориглож байна
Ер зунаас хойш л баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Төр хариу арга хэмжээ авч чадалгүй дуншсаар хүний амиар гарав

Баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол элбэгшсэнтэй холбоотойгоор унтуулгын буу, сум, цацлага тэргүүтэн худалдаж авах, идэш тэжээл тавих, тухайн голомтод ажиллаж буй алба хаагчдын хэрэгцээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 88 сая төгрөг шийдэж өгсөн. Гэхдээ баавгай бүхий аймгууд болон нийслэлд шаардлагатай унтуулгын зүү шидэгч буу худалдаж авах ажил өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй, удаашралтай байгааг албаныхан хүлээн зөвшөөрөв.
Тендер зарлахгүй, шууд худалдан авалт хийнэ гэсэн хэрнээ баавгай бүхий 12 аймаг, нийслэлийн шаардлагатай бүсүүдэд унтуулгын буу, сум, эм цацлага хэрэглэгдэхүүнээ яагаад одоо хүртэл авч өгч нийлүүлээгүй байгаа талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр болоод БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нараас эхлээд хариу тайлбар хэлэх ёстой албан тушаалтнууд таг чиг.
Төрийн худалдан авах ажиллагааны өнө удаан процессыг удахгүй ичээндээ орно гэх баавгай ч хүлээсэнгүй, эцэст нь хүний аминд хүрлээ. "Хэргийн эзэн" баавгайг олохоор эрэн хайж байгаа албаныхан одоо ч гар нүцгэн байна.
Албаныхны зөвлөж анхааруулсны эсрэг тэрсэлсэн үйлдэл хийж, уул хадаар хэсээгүй, зүв зүгээр гэртээ унтаж байсан хоёр хүний нэг нь баавгайд бариулан нас барж, нөгөө нь үхэлтэй тэмцэн эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Ард иргэд хөвчийн баавгайг чадах чинээгээрээ аргалж, тэмцэж ирсэн. Одоо бол тэвдэж, мэгдэж байна. Энэ нөхцөлд салбар хариуцсан сайд нар нь гарч ирээд, бодит нөхцөл байдлыг тайлбарлаж, талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйх нь наад захын соёл байлтай.
ОХУ-д хүрэн баавгай 20 гаруй хүний аминд хүрсэн тул тоо толгойг зохицуулах яаралтай арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн байна

Хөрш орнуудад нөхцөл байдал илүү хүнд болсон. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн бүс нутагт хяналтаас гарч, 22 хүний аминд хүрээд буй хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах яаралтай арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж эхэлснээ мэдэгджээ.
Хамгийн сүүлд Оросын алс дорнодын Камчаткийн хязгаарт жимс түүж явсан 23 настай залуу, мөн Сибирт нэгэн эмэгтэй гэрийнхээ хашаанд баавгайд бариулж амиа алдсан хэрэг гарсан байна. Улс орон даяар ийм төрлийн халдлага нэмэгдэж буйг шинжээчид уур амьсгалын өөрчлөлт болон хүмүүсийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.
Засгийн газраас хүрэн баавгай агнах квотыг цуцлах боломжийг судлах, бүс нутгийн хэмжээнд баавгайн тоо толгойн дээд хязгаарыг тогтоох, тоо толгойг хянах нэмэлт эрх мэдлийг орон нутгийн удирдлагад олгох, мөн уг асуудлыг шийдвэрлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай бүс нутгуудыг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдэв. Шинжээчдийн үзэж буйгаар энэ жил хавар эрт эхэлж, хуурайшилт ихтэй байснаас есдүгээр сард баавгайн идэш тэжээл болох жимс хомстсон тул тэд хоол хайж алс хол явахаас өөр аргагүйд хүрчээ.
Мөн хүмүүс хоол хүнсний хаягдлаа ил задгай орхин баавгайг татах зэргээр аюулгүй байдлын дүрмийг үл тоомсорлосон алдаа гаргадгийг шинжээчид анхааруулж байна.
О.ОНОН


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv zugeer getee untaj bsan irgedee baavgai baariulij baihad gardsan turiin alban tusyaaltan alga u
1 terbum 80 say tugrug tsatschaad untuulagch buugaa ch avch chadaagui tag chig suuj bgaa N.Nomtoibayar, Ts.Sandag-Ochir nar ogtsor
Үнэхээр сэтгэл өвдөж байна, зүгээр л гэртээ байсан хүнийг чирээд идэж байхад төр засаг юу хийж байсан юм бэ
Bayanzurhiin Uliastai gej hothoi oirhon shd, ter havinaar tiim ayultai ym bolood bhed yag yu hiiv
597 udaa baavgain duudlaga irj bhed gants buu, untuulagch avj ugch chadaagui nileed arga barjee
Амиа алдсан залуугийн ар гэрээс эмгэнэл илэрхийлж уучлалт гуйх наад захын ёс зүй ч алга энэ сайд нарт
Khun bariad idчихсэн баавгайг одоо шууд агнахаас өөр сонголтгүй, хүний маханд амташсан амьтан дахиад л хүн барина
Khun bariad idчихсэн баавгайг одоо шууд агнахаас өөр сонголтгүй, хүний маханд амташсан амьтан дахиад л хүн барина
Khunnii altan ami spideed bhad tender narmai yariad suuj bdag hetsuu ch tur yum daa
Хууль бусаар хушны самар түүж байгалийн идэш тэжээлийг нь дуусгасан хүмүүстэй ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй
Orosuud shig shuud baavgain kvotog tsuatgaad toog ni tsooloh tsag ni bolson
Гэртээ байсан хоёр хүн шүү дээ, одоо бүр гэртээ ч тайван унтаж чадахаа болилоо
Ene BAZ, BOUD-iin yamanuud yu hiij bdiin, tender nereer mungu ih zaasan baij manai alban haagch nar gar nutsen
Эмэгтэй нь амьд үлдээсэй дээ, толгой дагздаа аймаар самардуулсан гэхээр ямар аймшигтай вэ
Баавгай агнахад ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гээд сууж байдаг полицийн хошууч нь ч яачихсан юм
Засгийн газар нь даруй арга хэмжээ авч, баавгайн аюулыг бүрэн арилгахгүй бол оршин суугчид айдастай байна