Б.Баярмагнай: Урианхай, Баруун Монголын дэргэд халх нутаг туульчгүй болчихлоо. Гэхдээ бүх монгол хүн тууль хайлж чадна

Гурван жилийн өмнөх ярилцлагыг өнөөдөр сэргээн нийтэлж буйн учир:
2020 оны Цагаан сар цар тахлын эхэн сураг сонсогдож эхэлсэн, айдас эргэлзээтэй, мөртлөө олон нийтийн "Ёс уламжлалаа таслахгүй" гэсэн нийтлэг хандлагын дор болж билээ. Олон айл цахимаар золгосон. Цагаан сар болох, болохгүй нь тодорхойгүй тэр өдрүүдэд туульч Б.Баярмагнайнхыг зорьж очсон.
Туульд нарийн учир, учиг, увидас нуугддаг. Тэнд монголчууд бидний уг гарвалаас эхтэй үлгэр домог, шид бий. Харин туульч Б.Баярмагнай өнөөгийн бидний ёслол хүндэтгэлтэйгээр урьж залдаг олонх туульчдаас онхи ондоо нэгэн байсан нь сэтгэлд хадгалагдан үлджээ. Тэр халх туульч гэдгээрээ хамгийн онцлог. Урианхай туульчдыг, удам дамжсан туульчдыг "мэргэжлийн" гэж зиндаархдаг өнөөгийн ай сав дотор тэр "гадуурхагддаг" атлаа туулийн увдис, шидийг жинхнээр нь өөртөө нээсэн, билэг танхай нэгэн санагдсан. Атал Жангарын 99 бүлгийг хайлж, 108 CD гаргасан, ер Жангарыг Монголын тайзнаа хамгийн анх хайлсан нэгэн юм билээ, тэр.
Цагаан сарыг одоо л урьдынхаараа элдэв хориг саадгүй, өргөн дэлгэр тэмдэглэж эхэлж буй учир туулийн тухай ч энэ ярилцлагаа сэргээн нийтэлье гэж бодсон юм. Уншигч та хүлээн авна уу. Тэр бол Монгол Улсын төрийн ерөөлч, "Зууны манлай туульч", Төв азийн өргөмжлөлт, жангарч Базаржавын Баярмагнай.
СОЦИАЛИЗМЫН ҮЕД ТУУЛИЙГ ДЭЭД ТАЛ НЬ ТАВАН МИНУТ Л ХАЙЛУУЛДАГ БАЙСАН
-Эртний монголчууд Цагаан сараар заавал тууль хайлдаг байсан гэдэг. Бидний ярилцлага сар шинийн баярын өдрүүдээр уншигчдад хүрнэ, иймд энэ сэдвээр эхлүүлье гэж бодож байна.
-Ерөөс монголчуудын тууль хайлах ёсонд учир их бий. Цагаан сарын өмнөх гурван өдөрт, үдэш оройн цагаар тууль хайлдаг ёстой. Мөн туулийг зун хайлахгүй, өвөл хайлна. Дутуу хайлахгүй, гүйцэд хайлна ч гэдэг учиртай. Цагаан сарыг угтаж гэртээ зөөлөн цагаан тууль хайлуулахад ирэх жилдээ өвчин зовлонгүй, идэж уух, эдлэх хэрэглэх зүйл арвинтай, сүрэг мал нь тарган, сүү сааль нь их, дэлхийн шим дээшилсэн, дэлэнгийн шим доошилсон, хорвоогийн сайхан ургаж ногоорсон, хотол олноороо тэнүүн жаргалтай байх юм гэж бэлгэшээдэг.
Тууль хатуу, зөөлөн гэсэн хоёр ангилалд багтдаг. Хатуу буюу баатарлагийн туулийг дайн байлдаанд явахдаа, байгалийн элдэв гамшгаас хамгаалахын тулд хорвоо дэлхийн эзэн савдгуудыг аргаж, магтан хайлдаг уламжлалтай. Харин зөөлөн туулийг ийн Цагаан сар тэргүүтэй баяр ёслол, найр наадмын үеэр илүүтэй хайлдаг.

-Та ч бас жил бүрийн Цагаан сараар гэртээ зөөлөн туулиа хайлдаг байж таарна?
-Хайлна аа. Социализмын үед тууль хайлахыг хоцрогдсон, бүдүүлэг соёл гэж үзээд “хасчихсан” юм шүү дээ. Ер үндэсний гэх ёс заншлыг балар эртний, муу муухай, хуучны бурангуй гэдэг утгаар буруушааж байсан. Харин одоо сэргэн мандалт гэх үү, уналт гэх үү, ардчиллын буянаар үндэсний ёс заншлууд эргэн сэргэж эхэлж байна.
40, 50-иад оны үед Нэгдэлжих хөдөлгөөн ч гэх шиг, янзын юм их болж өнгөрсөн. Үүгээр улс малчдын малыг ашиг шимтэй нь хамт хурааж авсан. Ингэхээр монголчуудын гэрээ барих, эсгийгээ хийх тэргүүтэй зан үйлүүд нь малаа дагаад хумигдаж эхэлсэн. Эсгий хийхэд ямар ёс уламжлал байдаг вэ гэдэг мартагдахаас эхлээд монгол найр наадам ч жинхэнэ утгаараа цөөн хийгдэх болсон. Үүнийг дагаад ардын бэлгэ зүй, ерөөл магтаал ховордсон. Ер хэрэглэхээ байж эхэлсэн тул бараг л мартагдсан гэж болно. Энэ л их харамсалтай санагддаг. Нэгэнт тасраад буй зүйлийг дахин сэргээх, үргэлжлүүлэх гэдэг хэцүү байдаг юм байна. Бас “Хэнд ч хэрэгтэй эд юм дээ” гэсэн бодол нийгэмд давамгайлж байна.
-Социализмын үед та хөгжимчин, концертмейстр хүн байсан байсан юм билээ?
-Би социализмын төгсгөл дээр л туульч болсон хүн шүү дээ. Түүнээс өмнө Хөвсгөл аймгийн театрт хөгжимчин, дараа нь 1983 онд Завхан аймгийн театрт концертмейстрээр ажилладаг байсан. 1986 онд Монголын зохиолчдын хороо, “Завханд нэг тийм нөхөр байна гэнэ” гэж намайг дуудуулсан юм гэнэ билээ. Тэр үед Үлгэрийн танхим гэж язгуур урлаг, аман билгийн чуулга байсан юм. Ингэж ардын аман зохиолын их аваргуудтай хөл нийлүүлж, Үлгэрийн танхимд элссэнээр туульстай холбогдсон юм. Өмнө нь яах вэ, ганц нэг холбоо шүлэг, ерөөл магтаал оролддог байсан л даа.
-Тэр үед олны өмнө тууль хайлах боломж ихээхэн хаагдмал байсан болов уу?
-Урлагтай нийцүүлж, найруулан тайзан дээр тоглодог байсан. Яг туульсыг бүтнээр нь дагнаж хайлах боломж байгаагүй. Тоглолтын хөтөлбөрийн дагуу 5-10 минут л өгөгддөг. Төрийн тоглолт, есөн шидийн юманд оруулна, ингэхдээ дээд тал нь л таван минут, гүйцээ.
Одоо бол чөлөөтэй сэтгэж, ажилладаг эрэн үе ирлээ. Таван минутад захирагдахгүй, хэчнээн л бол хэчнээн цаг, хоногоор хайлах боломж байна. Гэтэл хайлдаг хүн нь сонсдог хүнтэйгээ хамт ховор болчхож. Цаг үеийн тохироо гэж ийм хэцүү байдаг юм байна.
Уг нь Монголчууд Чингис хаанаас ч өмнө туулиа хайлж, тэгж амьдралаа “аргалдаг” байсан юм билээ. Тэр цагт одоогийнх шиг олон шашин дэлгэрээгүй байсан. Мөнх тэнгэрээ, алтан нар, мөнгөн сараа шүтдэг байсан. Тэдгээртэй холбож өгдөг хэл нь тууль юм гэж ойлгодог байж. Тууль хайлснаар уул ус, хангай дэлхийн эзэн савдгууд сонсон баярладаг, баяссан учир хайр буянаа эргээд хайрладаг, үүний хүчээр амьдрал ахуй нь аз жаргалтай явдаг гэсэн ойлгоц байсан.
ЭРДЭМД ОРОЙ ҮГҮЙ ГЭЖ ҮНЭН ЮМ БИЛЭЭ

-Таны багад туульч хүмүүс хэр олон байсан бол?
-Би Хөвсгөлд төрсөн, малчин айлын хүүхэд. Ховор, ховор. Дөрөв, таван хүний л сураг сонсогддог байсан. Би судраас олж уншиж байснаас өөрийн нүдээр харсан, уулзсан удаагүй. Тууль хайлдаг уламжлалаа алдалгүй хадгалж үлдсэн хүмүүс бол Урианхайчууд. Э.Баатаржав, А.Балдандорж нар байна. Харин бусад нутгийнхан таслаад хаячихсан байхгүй юу. “Дээр үед манай өвөө, эмээ тууль хайлдаг байсан юм гэнэ лээ” гэж ярихаас өөрсдөө чаддаг нь байхгүй болчихсон.
Буриад, Өвөр Монгол, Шинжаан, Халимаг зэрэг нутагт тууль хайлдаг залуус цөөнгүй. Харин төв халхаар бараг алга. Урианхайчууд маш гоё хайлдаг, гэхдээ урианхай хэлээрээ хайлаад байхаар хүмүүс ойлгодоггүй. Үгүй яахав дээ, бид өв соёлоо гээчихсэн улс хойно. Урианхайчууд урианхай хэлээрээ хайлж л байг /инээв. Сурв/.
-Удам дамжсан урианхай туульчдын дэргэд та харьцангуй сүүлд туульсын ертөнц рүү оржээ. Хөтөлж, урагшлуулсан багш нарын тань алдар хэн бэ?
-Хүний нэр дурдаж хэлнэ гэхэд төвөгтэй. Маш олон хүнээр заалгаж байсан. Би одоо ч суралцаж байгаа сурагч байхгүй юу. Ардын аман зохиол гэдэг нэг хүнээр заалгаад ханачихдаг эд биш. Учир нь Монголын ард түмний соёлд суралцаж байгаа тул ард түмнээсээ сурч байгаа юм.
Үүнд зонхилох гол нөлөө үзүүлсэн хүмүүс мэдээж бий л дээ. Ховд аймагт бид тоглолтоор явж байгаад, Сүхийн Чойсүрэн гэж туульчаар тууль хайлуулан гэрт нь хонож л байлаа. Түүнийг би багшаа л гэж бодож явдаг.
Оргилууд нь тэнгэрт хальчхаж дээ, одоо. Үлгэрийн танхимтайгаа 21 аймгаар тоглолт хийж явахдаа давхар судалгаа хийнэ. Монголын радиогийн фондоос архив бичлэг сонсоно. Сүхбаатараас н.Саарал гуай, Өмнөговиос н.Нэргүй гуайн тууль хайлж буй арга барилаас суралцах жишээтэй. Монгол угсаатнууд хилийн наана, цаанагүй яригдана шүү дээ. Тийм болохоор одоо хэр суралцаж явдаг юм.
Нас ч явчихлаа. Эрдэмд орой үгүй гэж үнэн юм билээ. Сурах юм тоймгүй их ч нүд муудаж, хорвоог харахаа бараг байлаа. Өөрийнхөө хэмжээнд Гэсэр, Жангарын их хөлгөн туульсыг Монголын тайзнаа анх хайлсан гавьяатай. Одоо Гэсэрийг хайлж CD болгон үлдээхээр ажиллаж байна. Өмнө нь Жангарын 99 бүлгийг хайлж, 108 CD гаргасан. Нэг CD нь 60-80 минут үргэлжилнэ. Тийм ч амар ажил биш л дээ. Тоймгүй хөдөлмөр орсон.
Хамгийн чухал нь, “Монголчууд ийм байж, ийм зүйл бүтээсэн юм байна” гэдгийг олон түмэн мэднэ. Баярмагнай бол түүний зах зухаас нь барьж аваад л хайлж байгаа өвгөнөөс цаашгүй шүү дээ.
-Өнөөдөр та өөрийгөө “Туульч” гэж бүрэн тодорхойлох уу?
-Үгүй ер, бурхангүй газар бумба галзуурна гэгчээр юм болох байлгүй. Халх нутагт туульч үгүй болчихлоо шүү дээ, үнэнийг хэлэхэд. Урианхай, баруун Монголоос бусад газар ер хэцүүхэн. Увсад дөрвөд, баядын дөрөв таван хүн байна. Ховд, Баян-Өлгийд байна. Гэхдээ маш цөөхөн. Уламжлал тасарсан энэ үед би туульчгүй газраа туульч. Харин мундаг туульчидтай газар чимээгүй л явж байдаг юм /инээв. Сурв/. Их туульсыг нь оролдсон юм хойно туульч л юм даа. Ингээд өвгөн туульч болчихлоо.

-Ер нь тууль хайлж эхэлсэн тань ямар үйл явдлаас эхтэй бол?
-Хуучин Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн гэж байгууллага байлаа. Тэндхийн эрдэмтэн н.Гомбожав гуай Үлгэрийн танхимд хандаж, Жангар хайлуулж бүх сургуулиудад тараах пянз хэвлүүлэх гэж байгаа тухайгаа ярьсан юм билээ. “Ямар хүн байна?” гэхэд нь намайг зааж өгсөн бололтой.
Ингээд ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Нарантуяа гэдэг хүний өөрийн гараар бичиж өгсөн Жангарын нэг бүлгийг хайлж, Монголын Радиод бичлэгэнд орсон. Тэр нь гайгүй болсон юм байлгүй, Монголын Радиогийн найруулагч н.Цэндсүрэн гэж сайхан буурал, “Энэ ямар дажгүй хөөрхөн хүү ороод ирэв. Миний хүү тун зүгээр шүү, ахдаа хэлээд ирж бай, цаг нарыг нь зохицуулаад өгнө. Ингээд бичүүлээд баймаар байна” гэж хэлсэн. Тэр үед академич Х.Сампилдэндэв гуай ч бас, “Чи Жангараа л хайлаад бай, олон юм руу ороод хэрэггүй. Чадах хэмжээндээ хайл, угаас чи барахгүй” гэж байв.
ТУУЛЬ ХАЙЛАХ ҮЕЭР БИЕ НЭГ Л СОНИН ОРЧИНД ОРЧИХДОГ
-Сонирхож нэг зүйлийг асууя. Тууль хайлж байхад танд юу мэдрэгддэг вэ?
-Аяндаа цаанаа нэг шившлэгтэй яруу найраг гэдэг нь мэдрэгддэг юм. Бие хаа нэг л сонин орчинд орчихдог. Заримдаа нисээд ч, хөвөөд ч байх шиг. Би тууль сонсох хүмүүст ч урьдчилж хэлдэг юм, “Бие чинь эвгүй, тавгүй болвол битгий айж, сандраарай” гэж.
Нэг ийм домог бий. Эрт цагт Алтайн ууланд туульч, үзмэрч, анчин гурван найз ан хийгээд явж байж. Үдэш ирэхэд унтахаар хэвтэцгээгээд, туульч нэгнээрээ тууль хайлуулахаар болсон гэнэ. Ингээд тууль хайлаад эхэлтэл туульчийн энгэр, мөр, өвөр дээр нь нүдэнд үл үзэгдэх амьтад ирж суугаад, уул усны эзэн савдгууд цугларчээ. Энэ нь үзмэрчийн нүдэнд харагдаад байж. Гэтэл нэг улаан дээлтэй эмгэн, “Ийм сайхан юм болж байхад надад хэлэхгүй яагаа вэ, хоцорчихлоо” гэж уулгалаад, туульчийн хамар дээр нь суух гэж хальтраад унахдаа сахалнаас нь зуураад авч. Үүнийг нь харсан үзмэрч инээд алдчихсан чинь туульч уурлаж, хайлахаа байгаад унтаад өгч гэнэ. Ингэтэл нүдэнд үл харагдах зочид уурсаж, улаан дээлтэй эмгэнийг бүгдээр зэмлээд, доголон бухыг нь буга болгож гурван найзад бэлэглэсэн юм гэдэг.
Үүнийг домог боловч үнэн гэж би ойлгодог юм. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй өч төчнөөн биет биднийг тойроод оршиж байна. Би Хөвсгөлийн хүн, намар болоход манай нутагт самар жимснээс элбэг юм байхгүй. Олноор явж байгаад самар ихтэй газар тааралдвал өглөө үүр гэгээрэхээр босож түүцгээе гээд хажуулцгаана. Өглөө сэрэхэд өнөө их самарнаас ганц нь ч үгүй болчихсон байна. Газарт унаагүй. Амьд амьтан биш, жигүүр далавч байх биш. “Самар нисдэг” гэж манай нутгийнхан ярьдаг.
Байгалийн тайлж баршгүй оньсого зөндөө бий. Үүний адил тууль хайлж байхад нүдэнд үл үзэгдэх зочид ирж сонсон, баясаад бидний амьдралыг дэмжиж тэтгэдэг гэдэгт би итгэдэг.
-Ном, сурах бичиг дээр “Тууль гэж үүнийг хэлнэ” гэж тодорхойлсон өгүүлбэрүүд бий. Харин таны энэ хугацаанд боловсруулсан тодорхойлолтыг сонсмоор байна. Тууль гэж юу юм бэ?
-Тууль гэж зан үйлтэйгээ холбогдсон аман соёл, оюуны дээд түвшний шившлэгтэй, тарнитай яруу найраг юм. Түүнийг ном дүрмийнх нь дагуу хайлах ёстой юм. Тууль хайлуулах бол хуурыг нь хоёр хоногийн өмнө гэрт нь авчраад залчихдаг. Болзсон өдөр ирэхээр цагаан эсгий дэвсэж туульчийг оруулдаг. Ширээн дээр идээ будаагаа тавьж, арц хүжээ унгатгана. Туулиа хайлахын өмнө заавал уул ус, хангай дэлхийгээ аргадан магтдаг.
-Үг шидтэй, увдистай гэж ярьдаг. Харин үгэн яруу найргийг хөгжимтэй “хайлж” эхлэхээр шид, увдис нь улам арвиждаг гэмээр.
-Тийм, тийм. Хөгжим үгийг амьдруулж, хүчтэй болгодог. Ерөөс өнөөгийн шинжлэх ухаанч гэдэг юм уу, тийм талаас нь өнгөцхөн харвал тууль гэдэг зүгээр л шүлэглэсэн үлгэр, тийм үү. Тэр үлгэрийг туульч, “Эрт ээ урьдын цагт” хэмээгээд сайхан ярих нь байна. Яваандаа нутаг, нутгийнхан ингэж үлгэр хэлэхдээ гоё сайхан болгох гэж хичээж, арга хэлбэрээ сонгож, өөрсдийн болгон тогтооно. Жангарыг Буриадууд нэг өөр, Үзэмчингүүд нэг өөр, баруун Монголчууд нэг өөрөөр хайлна. Гэхдээ Жангар гэдэг утга санаа байж л байна.
ТУУЛЬ ХАЙЛЖ ЧАДАХГҮЙ МОНГОЛ ХҮН ГЭЖ ҮГҮЙ

-Таны амьдралд тууль хайлсны дараа этгээд, сонин зүйл тохиолдож байв уу?
-Туультайгаа холбож боддог зүйл нэлээд бий.
Эхнэр бид хоёр Цагаан сараар лам дээр очиж засал ном энэ тэр хийлгэдэггүй. Гэртээ туулиа л хайлдаг. Би нүд муутай өвгөн, эхнэр тэргээ бариад хөдөө зам огт мэдэхгүй газраар өдөржин, шөнөжин явахад төөрвөл, төөрчихөөр, элс цас, даваа гүвээнд суувал суучихаар. Гэтэл дугуй ганц цоорохгүй яваад очдог. Хэдэн жилийн өмнө би автын осолд хоёр ч удаа орж байсан, үхвэл үхэхээр. Эдгээр бүхнийг туультайгаа холбож бодвол дээд тэнгэр маань намайг их л харж үздэг болтой.
Яруу найрагч Т.Галсан надад хэлдэг юм, “Нүд нэг л эвгүй байна аа, Магнай. Зүгээр. Юм хийх хүнийг бурхан байлгаад байдаг юм. Чи Жангар хайлж байгаа юм чинь, туулсын тэнгэр чамаар хайлуулах гээд байлгаад байгаа юм” гэж. Нээрэн ч тийм байж мэднэ.
20-иод жилийн өмнө нэг залуу, хүүхэн хоёр, “Манайд ирж тууль хайлж өгөөч. Аав минь тууль сонсмоор байна” гэж ирсэн. “Тэгье” гээд яваад очлоо. Хэвтэрт орчихсон нэг өвгөн байна аа. Туулиа хайлаад эхэлтэл бүр босож ирээд суучихлаа. Дууссан хойно санаа сэтгэл нь амарсан янзтай, дэрэн доороосоо боодолтой юм өгсөн. Гэртээ ирээд задлаад үзтэл гурван сая төгрөг. “Хүүе яана аа, аав чинь андуураад мөнгө өгчих шиг боллоо” гэтэл залуу, “Зүгээр ээ, аав танд өгье л гэж өгч байгаа юм” гэсэн.
Өнгөрсөн зун Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зам асуух гэж эхнэр, бид хоёр айлаар орсон юм. Тэгтэл бас нэг хөгшин хэвтэрт орчихсон байж байна, хотоос хүүхэд, багачууд нь ирчихсэн. Би тууль хайлтал эмгэн босоод суучихлаа. Хайлж дуусаад явсан, саяхан мэнд мэдэхэд өнөөх эмгэн одоо хүртэл мэнд гэнэ. Ингээд холбож бодвол учиртай юм их л болдог.
-Ингэхээр хүссэн хүн болгон тууль хайлж чадах уу эсэн асуулт гарч ирнэ?
-Тууль хайлж чадахгүй монгол хүн гэж байхгүй. Өөрөө хүсэж, чин сэтгэлээсээ зоривол хүн бүхэн тууль хайлж чадна. Монгол хүний амьдрал эхийн хэвлийд байхаас байгалд шингэх хүртлээ туж ардын аман зохиол дотор өрнөөд дуусдаг. Эзэн хичээвэл, заяа хичээнэ.
Хуур дуугаргаж, хөөмийлөх, исгэрэх, харгих арга барилыг нь сурчихвал манай залуус бүгд чадна. Гэхдээ тууль руу орж өгөхгүй байна. Шалтгаан нь ийм юм. Тэр олон зуун шад шүлгийг цээжлээд авлаа. Дараа нь хайлъя гэхэд хайлах газар, сонсох хүн алга байна шүү дээ. Тэгэхээр аяндаа хөндийрчхөж байна. Тийм болохоор рок, поп хэв маягтай болгоод хамтлаг байгуулаад дэлхийн энэ тэнд явж байна, миний олон шавь нар.
-Миний асуулт боллоо. Танд ярилцлагаар дамжуулж олон түмэнд хэлэх, ярих зүйл байна уу?
-Ардын аман зохиол, өв уламжлалаа хадгалж үлдэхээс гадна сэргээх тал дээр төр засгийн хүчтэй бодлого дутагдаж байна. Үүнийг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол Монгол туульгүй, туульчгүй гэж яригдах хэмжээнд ирчхээд байна шүү дээ. Ноднин нэг олон улсын симпозиум хурал дээр Өвөр Монголын эрдэмтэд хэлж байна. “Монголд Жангар хайлдаг хүн алга” гэж. “Байгаа, байгаа. Б.Баярмагнай гэж хүн бий” гэж нэг нь дуугартал, “Тэрийг Жангарч гэж үзэхгүй ээ. Яагаад гэвэл удам дамжаагүй юм байна” гэсэн. Би чинь малчны хүүхэд юм байхгүй юу, туульчийн хүүхэд биш.
Би үүнийг сонсоод тэр хурал дээр хэдэн үг хэлсэн юм. “Тийм ээ, би удам дамжаагүй нь үнэн. Удам дамжаагүй гээд үгүйсгэдэг юм бол Д.Сүхбаатар жанжин, жанжны хүү биш малчны хүү тул жанжин биш юм байна. Ц.Дамдинсүрэн эрдэмтний хүү биш, малчны хүү тул бас эрдэмтэн биш юм байна. Олимпын аваргыг бас тооцохгүй юм байна, С.Гүррагчаа сансрын нисэгч биш юм байна. Наад тэнэг үгээ больчих. Би хөдөлмөрч хүн шүү. Монгол туульсын тэнгэрт Жангар хайлдаг 30 хүрэхгүй хүн бий. Бид туульсын тэнгэрт халин дүүлж байгаа Хангарьдууд. Бүү атаархаж дээш нулим, шүлс чинь нүүрэн дээр чинь унана шүү”. Зарим нь алга ташиж, зарим нь гараад явсан.
Өвөр Монголын Урлагийн их сургууль намайг урьж лекц уншуулаад газар дээр нь Хүндэт профессор цол өгсөн. Харин СУИС намайг мэдэхгүй, таних ч үгүй. Монгол Улсын эмгэнэл байгаа биз дээ. Хар авдарт ном байна, хазгар өвгөнд эрдэм байна гэгчээр харахад цагаан таягаар хорвоог түшсэн хараагүй, үрчгэг хорчгор өвгөн явж л байна. Харин толгой дотор байгаа зүйлийг минь ашиглах хэрэгтэй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Мөн туулийг өвөл хайлахгүй, зун хайлна" өвөл зунаа сэтгүүлч солиод биччихсэн бололтой
Сайхан өв соёлоо бадрааж дэвжээж буйд т�##�архаж бна аа Улам их дэлгэрүүлж дэвжээхэд Төр түмэн маань туслаасай .Иргэн олон минь дэмээсэй Амжилт Эрүүл Энх урт наслаасай!!! Хурай хурай хурай !!!
Юүнд Баатарлагийн,адгуусны сэдэвт,гэрлэлтийн тууль гэж нэрлэсэн бэ?
Энэ хүнтэй холбоо барих утас мэддэг хүн байна уу. Өгч туслаач
Ховор сайхан мэрэгжил эзэмшин хүн арддаа өргөж яваа тууль шигээ хийморлиг яваарай анд минь