Гал тогоогүй ч “ГАНГАН” генсек

Ардчилсан нам өчигдөр гэнэтийн шийдвэр гаргав. Тэр нь, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг АН-ын генсекээр томилсон явдал. Улстөрийн хүрээнд С.Эрдэнийг яагаад гэнэт Ц.Баатархүүд итгэл үзүүлэх болов гэсэн асуудал анхаарал татсан юм.
С.ЭРДЭНЭ ГЕНСЕКТЭЭ НАМЫНХАА ТОГООГ “ӨГДӨГГҮЙ” ХҮН
Аль ч улстөрийн намын генсек бүхий л дотоод ажлаа зохицуулдаг. Намын санхүү, дотоод зохион байгуулалт, хурал хуй, төлөвлөгөөт ажил гээд л генсект чиг үүргийн хувьд оролцохгүй ажил гэж бараг үгүй.Гэвч улстөрийн намуудын түүхэнд С.Эрдэнэ бараг анх удаа намын хэрэг эрхлэх газар байгуулсан хүн. Хэрэг эрхлэх газрын баг нь бүгд С.Эрдэнийн хүмүүс.
Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ аливаа ажил явуулахдаа зөвхөн өөрийн хүмүүстээ л найддаг гэсэн үг. Энэ ч утгаараа Ц.Туваан бэлгэдлийн чанартай генсекийн ажлыг хийсэн. Хаа нэг хурал цуглаан дээр очиж харагддагийг эс тооцвол намын хэрэг эрхлэхийн хүмүүс нь л бүгдийг амжуулж байсан. Ийм байдлаар Ц.Тувааны өрөө жил гаруй цоожтой байж, ажлаа өгнө гэсэн яриа өнгөрсөн оноос л дуулдаж байв.
Сонирхолтой нь яг сонгуулийн өмнөхөн Ц.Тувааныг Ц.Баатархүүгээр солив. Мэдээж Ц.Туваан явлаа гээд С.Эрдэнэ намын хэрэг эрхлэх албаны хүмүүсээ тараачихгүй. Тэгэхээр яг бодит байдал дээр Ц.Баатархүүг симбол утгаар л оршино гэсэн үг.
НАМЫН ЗАЛУУ ГЕНСЕКЭЭР УДИРДУУЛСАН БАГ НИЙСЛЭЛД ӨРСӨЛДВӨЛ ГОЁ ХАРАГДАНА
Хамгийн гол нь, Ц.Баатархүү залуу дүр төрх. Нийслэл дээр бүлэг ахалж байсан, хоёр дараалан НИТХ-д сонгогдсон зэргээр “хоногшсон”. Эсрэг талд Нийслэлийн МАН-ынхан баахан бүтэлгүй дүр төрхтэй. Генсек нь баахан хэрэг төвөгт орооцолдсон. Аа, харин Ц.Баатархүү бол Д.Амарбаясгалангийн хажууд “гялгар”. Тиймээс ч эрч хүчтэй, хэлэхээ хэлчихдэг залуу дүр Ц.Баатархүүг генсекийн суудлаар “өнгөлж”, сонгуульд өрсөлдүүлэх тактик гэж харж болно.
Мэдээж, намын дарга хүн том ялалтаа л харна. Нийслэлчүүд сошиал медиагийн нөлөөгөөр 2016 оноос хойш асар сайн хэрсүүжсэн. Тэд чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг, либериал байрын АН-ын тогтоосон имижийг үгүйлж байгаа. Ийм орон зайн дээр С.Эрдэнэ Ц.Баатархүүг сойж, том ялалтаа бодсон гэж харж болохоор.
Ц.Баатархүү 2020 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр зэхэж буй юм.
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН УГШИЛТАЙ Ч БҮГДЭД ТАЛ АЛДДАГГҮЙ Ц.БААТАРХҮҮ
АН-ын шинэхэн генсек Ц.Баатархүүгийн намтар товч бөгөөд тодорхой. Тэр МУИС-ийг дүүргэж, дараа нь “Лектор” төвийн захирлаар ажилласан түүхтэй. Улмаар Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед жил орчим засгийн газрын ХМОНХА-ны даргаар ажилласан.Нэг ёсондоо Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч явсан нэгэн.
Авууштай нь,тэр намынхан нь Ц.Элбэгдоржоос нүүрээ буруулж, муулж “мэдрэлтэхэд”дагаж давхиагүй. Муулж ч яриагүй. Түүний давуу тал нь маш сайн логиктой яриатай. Дээрээс нь хэнд ч тал алддаггүй.Эдүгээ тэр З.Энхболдтой ч, Ерөнхийлөгч Х.Баттулгатай ч эвтэйхэн асуудлаа яриад, дэмжлэгээ авчихдаг.
Тиймээс ч хөшигний ард Ц.Баатархүүгийн томилгоог Ц.Элбэгдоржийн шахаа, З.Энхболдын тохироо гэхчлэн дүгнэж буй. Мөнхүү Э.Бат-Үүлийн шахаасаар Ц.Туваан өргөдлөө өгсөн гэх яриа ч байна. Ямар байлаа ч Ц.Тувааныгаа бодвол Ц.Баатархүү нэг мөлийсөн дүр биш. Байж болох эвтэйхэн дүр. Гэхдээ С.Эрдэнэ түүнийг намынхаа гал тогоонд ажиллуулахаас илүү хотод хэдэн эвтэйхэн суудал аваад ирэх эерэг гарцуудын нэг гэж харж байгаа гэсэн таамгаа дахин дэвшүүлье.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nutgin duud amjilt
Шороотой хутгалдсан нам шоронгын хулгайч удирдагчын дор очих хэрэг байсан юмуу даа дүү минь хайран сайхан нэр хүнд.