Ярилцлага

Г.Бүрэн-Ирээдүй: Одоо дурлаж явах нас биш

The Voice of Mongolia шоуны оролцогч Г.Бүрэн-Ирээдүйтэй ярилцлаа. "Орь залуу нас" дууг өөрийн өвөрмөц хоолой,  эгэл даруу төрхөөрөө шинэчлэн дуулснаар нь бид түүнийг танина. Шоуны нэгэн өнгө төрх болж чадсан түүний үзэл бодол, хувийн амьдралын зах зухаас уншаарай.

-БИ БАГААСАА ДУУЛААГҮЙ. ЭМЧ БОЛЪЁ ГЭЖ БОДДОГ БАЙСАН-

-Voice шоу болсноос хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд өөрийн чинь амьдралд ямар сонин сайхан зүйлс болж өнгөрөв, үүнээс яриагаа эхэлье.

-Түрүү жилийн нэгдүгээр сард Voice шоу анх гарч байсан. Тэр үед дөнгөж 17 настай, зүгээр л дуулах дуртай, хоббитой хүүхэд байлаа. Нэг их хүсэл мөрөөдөл, баахан юм тээчихсэн. Шоунд орсноос хойш маш их зүйл өөрчлөгдсөн. Одоо On N' Off продакшнд артистын гэрээ хийчихсэн, өөрийнхөө уран бүтээл дээр ажиллаж байгаа. Энэ бол Voice шоуны ач. 

-Уг шоуны нэг чухал өнгө төрх болсон гэж өөрийг чинь хардаг. Хүмүүс шинэ уран бүтээл хэр зэрэг нэхэж байна?

-Фэйсбүүк, Инстаграмаар маш их асуудаг байсан. “Орь залуу нас”-ын студио хувилбарыг гаргаач гэсэн санал их ирдэг. Одоо өөрийнхөө уран бүтээл дээр ажиллаж байгаа болохоор удахгүй сонсогчиддоо бэлэг барина аа. Гэхдээ тийм их хүлээлт үүсгэсэн гэж бодохгүй байна.

-Бүрэн-Ирээдүй багын л дуулдаг хүүхэд байв уу? Дуу хөгжим хэр сонирхолтой байсан бэ?

-Багын дуулдаг хүүхэд байгаагүй. Нэлээд хожуу дуулж эхэлсэн гэх юм уу. Багадаа зүгээр спортын хүн байсан. Волейбол, хөнгөн атлетик гээд янз бүрийн спортоор хичээллэдэг байж байгаад 10 настай байхдаа машины осолд орсон юм.  Тэгээд, “За за, спорт баяртай” юм чинь эмч болъё гэж бодож эхэлсэн л дээ.

Дуулдаггүй, дуу сонсох дуртай л хүн байсан. ЕБС-д урлагийн үзлэгийн үеэр манай багш бүх хүүхдүүдийг гаргаад дуулуулахад би амандаа орж ирсэн нэг дуугаа л аялчихсан чинь гоцлол дуу дуулахаар болгосон. Тэрнээс хойш дуулж эхэлсэн.

-Дуучин болно, энэ карьерийг хөөнө гэж ихэнх хүмүүс Voice шоунд оролцдог байх. Өөрийн чинь хувьд юу зорьж уг шоунд оролцохоор шийдсэн бэ?

-Voice-с өмнө “Би эстрадын дуучин” гэдэг тэмцээнд оролцоод хүмүүсээс их гоё үгс сонсч байсан юм. Эмч болно гээд бодчихсон байсан болохоор, үүнийгээ сонирхол гэж л хардаг байлаа. Харин Voice руу бараг албан шахалтаар орсон. Манай ах Москвад сурдаг, бид хоёр 12 насны зөрүүтэй. Намайг нэлээн “аттаклана”. “Чи очоод бүртгүүлчих ээ, зүгээр ороод үзээч” гэж хэлэхэд тийм ч өөртөө итгэлтэй байгаагүй. Ахын шахалтаар бүртгүүлээд орсон чинь тэнцчихсэн.

Blind Audition дээр гурван шүүгч эргэсэн. Ноно, Д.Болд ах нарыг эргэчхээсэй гэж маш их хүсч байсан. Маш их сандарсан. Ука шүүгч суудлаасаа босоод ирсэн чинь “Надад боломж байгаа юм байна шүү” гэж бодогдоод л хичээсэн, нэг мэдэхэд гурван шүүгч эргэчихсэн байсан даа.

12-р ангиа төгсөж байх үедээ эмч болох тухай бодлоо бараг л орхичихсон байсан. Яагаад гэвэл манай ах  10 жил сурч байгаа. Би заавал ахыгаа дуурайхыг хүсээгүй, эмч надад тохирохгүй юм шиг санагдсан. 

-Voice шоунд оролцож олны танил болсноос хойш амьдралд нь ямар шинэ зүйлс бий болсон бэ?

-Миний бодлоор олны танил гэдэг үг нийцэхгүй байх аа. Би С.Наран эгч биш, Ука эгч биш. Тийм алдартай болоогүй ш дээ,  зүгээр л шоунд оролцсон. Маш олон ах эгч, найзууд, зөндөө олон танилтай болсон. Маш их зүйл сурч мэдсэн. Зүгээр л урлагийн ертөнц рүү яваад орчихсон. Багийнхантайгаа хамт хөгжилтэй, дурсамжтай цаг мөчүүдийг бүтээсэн.

-Ямар урсгал, жанраар дуулдаг юм бэ?

-Би одоо Монгол улсын консерваторт Жазз дуулаачийн ангид сурдаг. Яг ийм тийм урсгал надад тохирно гэж барьж авдаггүй. Хүссэнээ л дуулдаг. Ихэвчлэн жазз.

-Жазз урсгалын дуртай дуучдаасаа нэрлэвэл?

-Элла Физжеральд, Кармен Мкрей, Нэнси Вилсон.

-Ер нь хувь хүнийхээ хувьд хэр бүрэг, дотогшоогоо юм бол?

-Нэг их нээлттэй биш шүү. Уурлачхаараа юу ч болоогүй юм шиг л байж байдаг. Хүнд юу ч ярьдаггүй, өөртөө л хадгалдаг. Би уураа маш сайн барьж чаддаг. Тэр хүн яаж ч хариуцлага алдсан бай, би уураа илэрхийлдэггүй. Шулуухан үг хэлээд л орхидог.

-ӨСГИЙТЭЙ ГУТАЛ ӨМСӨХ ДУРГҮЙ. ПАЛАТЬЕ ОГТ ӨМСЧ БАЙГААГҮЙ-

-Blind Audition-с хойших шатуудад нэлээд сэтгэл хөдлөл өндөртэй байгаа харагдсан?

-Battle-ийн шатанд өөрийгөө их сэтгэл хөдлөлтэй байсан гэж бодож байна. Хичээлээ таслаад On N’ Off дээр очоод шөнө хүртэл бэлдсээр байгаад би хоолойгоо сөөлгөчихсөн байсан. Би хасагдахыг хүсэхгүй байсан, хол явахыг хүсч байсан. Э.Алтаннамар ах маш хүчтэй өрсөлдөгч байсан. Хасагдчихлаа гэж бодож байтал миний нэрийг хэлэхэд би хөлөө мэдрэхээ байгаад л доошоо суучихсан.

Би эршүүд талдаа. Өсгийтэй гутал өмсдөггүй, палатьег бол хэзээ ч өмсч байгаагүй. Тэр үед өмсөх шаардлагатай болсон, өмссөн. Нүүрээ ч нэг их буддаггүй байсан. Гэхдээ тийм ч сүртэй зүйлс биш ээ. 

-Финалд үлдэх, ялагч болох дотоод хүсэл байсан уу?

-Манай багийн 17 оролцогч бүгдээр л финалд үлдэхийг хүсч, үүний төлөө хичээж хөдөлмөрлөж байсан. Зарим нь хичээлээсээ чөлөө авсан, гэр бүлээсээ зөндөө удаан холдсон. Гэхдээ тэмцээн л бол тэмцээн учраас нэг нь ялж, бусад нь хасагдана шүү дээ.

Миний хувьд хичээл маш их тасалдсан. Нэгдүгээр байсан курс байсан. Багш нар маань тэмцээнд оролцсоныг харгалзаж үзээд төгсөлтийн шалгалтанд орох эрхийг маань өгч, төгсч чадсан. Хичээлээ бараг хаяад, чөлөө авчихдаг юм уу гэж бодож байсан. Чөлөө аваагүй нь ч болсон. 

-Шоуны үйл явц хэр аз жаргалтай, дурсамжтай өнгөрсөн бэ?

-Blind Audition-г маань ирж үзэх боломжтой хүн цөөн байлаа. Ээж Сэлэнгэ аймагт, ах Москвад байсан. Маш их сандраад л. Найзууд маань завгүй байсан учраас хэн ч ирж үзэхгүй юм байна гэж бодож байсан. Гэтэл манай нэг эгч ирж үзсэн юм. Тэр үед маш их баярлаж байлаа. Voice-д орлоо, шүүгчид эргэлээ, С.Ононбат ахын багт орлоо, 17-уулаа боллоо.

Voice шоу телевизээр маш бага хугацаанд гарж байгаа ч бодит амьдрал дээр их удаан үргэлжилдэг. Энэ хугацаанд бид бүгдээрээ хамт байсан болохоор бие биедээ үнэхээр хайртай болсон. Би их шаардлага тавьдаг, ааш муутай нь байсан болохоор намайг бараг л “хөгшин эмээ” гэж дууддаг байсан /инээв. Сурв./. Хасагдахад маш их хэцүү байсан.

Бид наймаас дөрвийг нь сонгох болоход Ноно ах намайг сонгосон. Маш удаан хамт байсан болохоор багийнхандаа их дассан. Ийм удаан хамт бэлдчихээд нөгөө хэдийгээ хасагдахыг харах их хэцүү байсан. Дээшээ харж чадахгүй, уйлчихсан байдалтай байлаа. Дараачийн шатанд надад зориулж даашинзан дээр сонирхолтой үзүүлбэр хийсэн нь маш их азтай хэрэг. Түүнд гарч байгаа дүрсүүдийг  нь Ноно ах шөнө нойргүй сууж өөрөө хийсэн, миний нулимс цийлэгнэсэн шүү. Мөн Ноно ахын эхнэр н.Нансалмаа эгч бидэнд бүхнийг зааж сургадаг. Би гэртээ сурдаггүй, сургууль дээр сурдаггүй юмаа On’n Off дээр сурдаг байсан.

С.Онон ах Монголын хамгийн анхны видео клипийг хийсэн хүн болоод ч тэр үү, хөгжмийн маш өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн. Багийн ажиллагааг маш их чухалжилж үздэг. Тиймдээ ч харагдсан байх, бид нар хасагдсан ч гэсэн үлдсэн хэддээ туслаад ард нь дуулж байсан. 

On’n Off-д маш олон хүн ажилладаг. Тэр дунд A-Sound хамтлагийн төгөлдөр хуурч, "Арга билиг" хамтлагийн ахлагч н.Пүрэвсүх багш ажилладаг. Тэр хүн бидний багш, би маш их хайртай. Өөрөө зориглоод хэлж чадахгүй л дээ /инээв. Сурв./ 

-Бусад багийнхаа оролцогчидтой хэр ойр дотно болж амжсан бэ?

-Blind Audition-д орохоос өмнө дуулдаг хүмүүс нь бие биеэ гайгүй таньдаг байсан. “Өө та орж байгаа юм уу” гээд л. Түүний дараа бусад багийнхантайгаа хамт байх үе зөндөө таардаг, бүгдтэй нь дотно сайн танилцсан.

-Шоунд оролцоод хичээлээ давтах завгүй байхад гэр бүл нь яаж хүлээж авч байв?

-Ээж над руу залгахаараа, “Хичээлээ хийж байна уу чи? Юунд л яваад байна даа?” гэдэг байсан. Voice гарахаас өмнө шүү дээ. Өвөө эмээ, аав ээж, “Хичээлээ сайн хийгээрэй” л гэдэг байсан. Ээж намайг дуулахыг бараг сонсч байгаагүй байх аа. Харин Voice шоу телевизээр гарсны дараа бол нэлээн гайхсан юм шиг байна лээ. Дуучин болохыг нэг их таатай хүлээж аваагүй ч, “Чиний амьдрал юм чинь, чи өөрөө л шийд” гэж байсан. 

-БИ ХЭНД Ч ДУРЛАЖ ҮЗЭЭГҮЙ-

-“Бөмбөөлэй” хочдоо яагаад дургүй юм бэ?

-Манай өвөө надад өгсөн л дөө. Би бага байхдаа том нүдтэй, сахилгагүй, морь унах дуртай хүүхэд байсан. Ер нь “Бөмбөөлэй” гэдэг нэр гоё биш байгаа биз дээ? Үеийн охидоосоо арай том биетэй байсан гэж боддог.

Анх Voice-ын уулзалт болоод 17-уулаа уулзахад, “Насанд хүрээгүй хүн байна уу?” гэж асуусан. Манай багийн С.Номин бид хоёр гараа өргөсөн чинь бүгд над руу гайхаж хараад л. Э.Энхсүх ах тоглоом шоглоом хийх дуртай, “Би чамайг 17-той гэж бодоогүй шд. 30 настай нэг байгууллагын  нягтлан хүүхэн байна гэж бодсон” гэж хөгжилдөж байсан. Хүмүүсийн ихэнхи нь л намайг "Та" гээд байдаг. 

-Хувцаслалтдаа хэрхэн анхаардаг вэ? Хүссэнээрээ хувцаслахад тренд саад болдог?

-Заавал хүмүүст гоё харагдах гээд л, палатье, өсгийтэй гутал өмсөөд л...Яг үнэнийг хэлэхэд л өсгийтэй гутал, даашинз өмсөхийг хүсдэггүй. Тайзан дээр гоё харагдах хэрэгтэй л дээ, өмсөх шаардлага гардаг. Би өөрийнхөө хүссэнээр хувцаслаад тайзан дээр гарчихвал, “Энэ одоо юу вэ?” гэх маягтай хүлээж авдаг ч юм уу, тиймэрхүү тал бий. Манайхан хэзээ чөлөөтэй болох юм мэдэхгүй. Амьдрал дээр бол өөрийнхөөрөө л хувцасладаг, ердөө л T-Shirt.

Би төрөлхийн сэгсгэр буржгар үстэй. Индүүдэх гэж их зовдог. Үүндээ их дуртай. Бүрэн-Ирээдүй гэж хэлбэл энэ үсээр маань төсөөлөх байх гэж боддог.

-Өдөр тутмын амьдралын хэмнэл хэрхэн өрнөж, үргэлжилдэг вэ?

-Хичээл ордог үед бол бусдын л адил өглөө босч хичээлээ давтана, хичээлдээ явна. Тараад шууд On N’ Off дээр очиж, бэлтгэлээ хийж өөр дээрээ ажилладаг. Мөн шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа. Үүнээс  гадна “Хөгжим судлал” гээд том номыг эхлүүлчихсэн явж байгаа. Бид нарын сонсч байгаагүй маш олон жанр бий. Хүмүүс жанр заавал хөөх хэрэггүй, ихэнхи дуучид өөрсдийнхөө дуулж байгаа жанрыг ч мэдэхгүй гэж надад хэлж байсан. Гэхдээ сонсоод шууд бүх жанрыг ялгадаг болохыг их хүсч байгаа.

Одоо бол зун болчихсон, хичээл амарчихсан. Дугуйтайгаа цэцэрлэгт хүрээлэн орж нар мандахыг харчихаад харьдаг. Өдрийн цагаар бол дугуйтай яваад дэмий юм байна лээ, би хоёр ч удаа онхолдсон. Дугуйн зам дээр явахаар хүмүүс урд юу ч болоогүй юм шиг алхдаг. “Холдоорой” гэхээр “Урдах замаа хараач” гэдэг. Би уг нь дугуйн зам дээр явж байгаа биз дээ. /инээв. Сурв./

Look TV-ийн эрхтэй байгаа үедээ кино үздэг. Хүмүүсийн “Наад нойр хүрмээх уйтгартай дуугаа унтраагаач” гэж хэлдэг дуунуудаа сонсдог.

-Үе тэнгийнхэн, залууст хандаж хэлмээр үг байдаг уу?

-Хүүхдүүд сошиал медиаг арай дэндүү ашиглаад байгаа юм шиг санагддаг. Сошиал орчинд эерэг байх хэрэгтэй гэж боддог. Энэ ярилцлагыг уншаад эерэг, сөрөг янз бүрийн л сэтгэгдэл ирэх байх. Гол нь эерэг л байх хэрэгтэй. Өөрийгөө нуучихсан хуурамч хаягаас сөрөг зүйл бичиж байгаа  ч гэсэн, “карма” гэж зүйл байдаг юм шүү дээ гэж хэлмээр байна.

-Хүсэл мөрөөдлийнхөө тухай яриач.

-Надад нэг мөрөөдөл бий. Биелүүлэх боломжгүй биш гэж боддог. Сүүлд бас нэг мөрөөдөл нэмэгдсэн.  Бүх зүйл нээлттэй болчихсон, маш гоё нийгэмд бид амьдарч байгаа. Хүн зөвхөн өөрийнхөө амьдарч буй ертөнцийг л “Хорвоо ертөнц ийм юм байна” гэж ойлгоод үхдэг шүү дээ. Энэ их харамсалтай. Би энэ амьдралдаа амжиж маш олон өөр ертөнцөөр аялж үзэхийг хүсдэг. Африкт нэг өөр ертөнц байгаа. Парист бүр шал өөр ертөнц. Герект, Хятадад, Исландад, Антарктитад... Бас маш олон өөр өөр хүмүүстэй уулзаж үзэхийг хүсдэг.

Манай улс визгүй зорчдог нэлээн хэдэн орон байдаг. Тэр орнуудаар үүргэвчээ үүрээд л аялмаар санагддаг. Дасаж дадсан нэгэн хэвийн энэ ертөнцөөс холдож, өөр ертөнцүүдийг олж нээх гэж байхад гэнэтийн ажлууд гарч ирээд саад болох вий гэж санаа зовж байна. Гэхдээ би аялна, эхлээд Монгол орноо тойрно.

-Найз залуу бий юу? Үерхлийн тухай юу гэж бодож явдаг вэ?

-Би хэнд ч хэзээ ч дурлаж үзээгүй. Ер нь бол бид нарын дурлаж явах нас биш шүү дээ. Их зүйлийг хийж бүтээх нас. Би 10 жилд байхдаа энэ үерхэл гэдэг юмнаас тэс хөндлөн явсан. Сурах хэрэгтэй. Маш их зүйлийг туршиж, хийж үзэх хэрэгтэй. Цаг нь болохоор болох л байлгүй дээ. Нэг тийм хүнтэй учирна гэсэн төсөөлөл бол бий. Гэхдээ одоо биш, хэдэн жилийн дараа болох байх. Парк дээр хөтлөлцөөд явж байснаас нэг газар суугаад ном уншиж суусан нь дээр дээ.

-Ярилцсанд баярлалаа.

 М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button