АСУУДАЛ: Цэцэрлэгийн 31 хүүхдийг “АНГИ ЗАСВАРЫН МӨНГӨ ӨГӨӨГҮЙ” хэмээн гарыг нь өргүүлж зогсоожээ

Цэцэрлэг, сургууль тойрсон мөнгө татаасны асуудал олон жилийн турш анги засварын мөнгө болон хандив нэрийн доор явагдсаар ирсэн. Ангийн багш нар нь элдэв сургалт, ном, тоглоом авах, тоглолт үзүүлэх, шинэ жилийн арга хэмжээ, багшдаа бэлэг авч өгөх зэрэг олон шалтгаан тоочиж мөнгө татдаг “албан бус” ажил хэзээ цэгцрэхийг хэн ч таашгүй.
Салбарын яамнаас хандив нэрэн дор хүүхдүүдээс мөнгө авахыг хориглосон шийдвэр гаргасан ч бодит байдал дээрээ эл шийдвэр огтоосоо хэрэгждэггүй. Цэцэрлэгийн удирдлагууд мөнгө хураалтын явцад шууд байдлаар оролцож чадахгүй ч багш нарт үүрэг даалгавар өгч, мөнгө цуглаж байгаа дээр үргэлж хяналт тавьж, багш нарыг шахдаг байна.
Тухайлбал, бидэнд цэцэрлэгийн удирдлага болон багш нартай холбоотой татаас мөнгөний талаар баримт, мэдээллүүд ирсэн юм. Мэдээллийн дагуу бид ажиллаж учир байдлыг тодрууллаа. Гэвч үүнийг шууд байдлаар мэдээлэх нь багш болон тус цэцэрлэгүүдийн нэр хүндэд хохиролтой учир бид доорх мэдээллүүдийн эх сурвалж болон нэр усыг чандлан нууцалж мэдээлэн санхүүгийн татаасны жишээг олон нийтэд ил гаргаж байгаа юм.
-МӨНГӨ ХУРААЛГААГҮЙ ХЭМЭЭН БАГШДАА ШИЙТГҮҮЛСЭН ХҮҮХДҮҮД “ЭЭЖЭЭ, ААВАА БАГШИД МӨНГӨӨ ӨГӨӨГҮЙ ЮМ УУ?” ХЭМЭЭН АСУУЖЭЭ-
БАРИМТ-1:Саяхан Нийслэлийн нэгэн цэцэрлэгийн “Бэлтгэл” бүлгийн нийт 60 гаруй хүүхдүүдийн 31 анги засварын 20 мянган төгрөг өгөөгүй гэх шалтгаанаар гарыг нь өргүүлж зогсоожээ. Дээрх хэрэг хүүхдүүд ээж ааваасаа “Та багшид мөнгө өгөөгүй юм уу? хэмээн асууснаар ил болсон аж. Учир нь өнгөрсөн долоо хоногт тус бүлгийн багш эцэг, эхийн хурал зарлаж, цэцэрлэг тарах үеэр анги засвар хийх гэж байгаа тул хүүхэд тус бүрээс 20 мянган төгрөгийн татаас авах тухайгаа хэлжээ.
Харин эцэг, эхчүүд долоо хоногийн хугацаанд нэхсэн мөнгийг нь өгөөгүй байсан тул хүүхдүүдийг нь ийнхүү гарыг нь өргөж зогсоосон байна. Энэ нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчил юм.
Хүүхдүүд “Гар өргөж зогсоосон миний гар их өвдсөн” гэж эцэг эхдээ хэлсэн байна. Улмаар эцэг, эхчүүд нь юу болсон талаар асууж тодруулахад, “Багш анги засварын мөнгө өгөөгүй юм чинь та нар ингээд байж бай гээд гар өргөж зогсоосон” гэжээ.
Дээрх байдлыг мэдсэн эцэг эхчүүд цэцэрлэгийн удирдлагад хандан гомдол гаргахаар ирсэн байна. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч “Хөдөө ажилтай байна” гэсэн хариуг хэлсэн байна.
БЭЛТГЭЛ АНГИЙН БАГШААС ЭНЭ ТАЛААР ТОДРУУЛАХАД,
“Миний ийм үйлдэл хийдэг нь үнэхээр буруу зүйл. Би үнэхээр харамсаж байна. Хүүхдүүдээ мөнгө өгөөгүй нь босоорой гээд тоолж үзээд хальт л гарыг нь өргүүлсэн.
Олон цаг өргүүлсэн гэдэг худал. Манай туслах багш нар нэг юманд явна гээд, нөгөөх нь хоол оруулж ирнэ гээд 11:30 болж байхад гарсан. Туслах багшийгаа хоол оруулж ирэхтэй зэрэгцээд гарыг нь буулгуулсан. Тухайн үедээ гэнэт за би чинь яаж байна болъё хүүхдүүдээ дуулаарай гээд гарын хөдөлгөөнтэй бүжиг хийлгүүлсэн. Камерт цаг хугацаатайгаа буусан байгаа. Гэхдээ би энэ үйлдлийнхээ маш их харамсаж эцэг эхчүүдээс бүгдээс нь уучлалт гуйсан.
Байгууллага маань ч намайг цэцэрлэгийн нэр хүнд унагаасан хариуцлагагүй үйлдэл хийлээ хэмээн ихэд зэмлэж цалин хасах арга хэмжээ авсан. Одоо ч сэтгэлийн дарамттай байна. Уучлалт гуйсан эцэг эхчүүд маань ч бас энэ хэргийг дарахаар болсон” хэмээн уйлж, биднийг мэдээллээ гаргахгүй байхыг хүссэн юм.
Харин цэцэрлэгийн гадаа хүүхдээ авахаар цугласан эцэг эхчүүдээс энэ талаар лавлахад“Ийм зүйл болсон эсэхийг мэдээгүй. Өөр анги, өөр бүлэг л дээ. Гэхдээ мөнгө хураалгаагүй гээд гарыг нь олон цаг өргүүлнэ гэдэг харгис байна”, “Хэд хоногийн өмнө хоёр ээж тэгээд явж байсан шүү”, “Өнөөдөр эцэг эхийн хурал хийнэ гээд байсан бодвол анги засварын мөнгө, төгсөлтийн мөнгө гэж хураах биз гэж бодсон”. “Өмнө нь угаасаа анги засварын мөнгөний талаар хэлж байсан. Төгсөлтийн мөнгөтэй нийлээд бараг 100 гаран мянган төгрөг хураана гэсэн шүү дээ” хэмээн эцэг эхчүүд дор бүрнээ ярьж байлаа.
-ЯАМНААС МӨНГӨ ХУРААХЫГ ХОРИГЛОСОН УЧИР “ЭЦЭГ ЭХЭЭС-ЭЦЭГ ЭХЭД” ГЭСЭН ЗАРЧМЫГ БАРЬЖ ТАТААС АВДАГ БОЛЖЭЭ-
БАРИМТ-2:Хичээлийн жил дуусаж зуны амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан цэцэрлэгийн удирдлагууд ангийн багш нарт анги засварын мөнгийг өөрсдөө хурааж авахгүй ч эцэг эхээр дамжуулан цуглуулахыг үүрэгджээ. Уг цэцэрлэг нь гурван бүлэгтэй бөгөөд арга ядсан багш нар тус тусдаа арга олов. Нэгдүгээр ангийн багш эцэг эхийн идэвхтэй төлөөллүүдэд энэ талаар мэдэгдэж, ангийн хурал дээр эцэг эхээр мэдээлэл хүргүүлсэн байна. Ингээд “ЭЦЭГ ЭХЭЭС-ЭЦЭГ ЭХЭД” гэсэн зарчмыг барьж татаас мөнгийг төлөөлөл ээж аавуудаар хураалгажээ.
Харин хоёр болон гуравдугаарх ангийн багш нар ангийн хүүхэд бүрийг 20 мянган төгрөгт дүйцэх барилгын материал авч ирэхийг шаардсан аж. Ингэхдээ ойролцоох үйлчилгээний төвийн барилгын материалын үнэлгээг тоочин ангийн засварт шаардагдах барилгын материалыг дурдаж 20 мянган төгрөгт багтаан авч ирэх зүйлсийг тус тусад нь эцэг эхчүүдэд үүрэгдэж өгчээ.
-ХӨТӨЛБӨР, ТЭМЦЭЭН УРАЛДААНД ОРОЛЦОХ НЭРЭЭР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС ТАТААС НЭХЭХ ЗАРЧИМ-
БАРИМТ-3: Өнгөрөгч 2018 онд "УХААЛАГ МОНГОЛ ХҮҮХЭД" - "УНШЛАГЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” зарлагдаж цэцэрлэг бүрд ангийн номын сантай болж тус хөтөлбөрийн уралдаанд амжилттай оролцох үүрэг ирэв. Үүнтэй холбоотой мөн л удирдлагууд багш нарт номын сантай болохыг зарлигдан, ажлыг өрнүүлэв. Зарим багш нар ангийн хүүхдүүдийг баг болгон хувааж эцэг эхчүүдээр ном авчруулах, хүүхдийн номын сангийн тавилга хийлгэх гэх мэт зүйлсийг хийлгэв. Харин өөр нэгэн цэцэрлэгийн багш нар манай захирал таньдаг хэвлэлийн газрынхаа хүнээс бөөний үнээр хямд ном нэг дор авна гэсэн учраас эцэг эхчүүд зөвхөн мөнгө өгөхөд болно. Бид номоо авч, тавилгаа авна гэх мэтээр эцэг эхчүүдээс татаас авсан бөгөөд ангийн хүүхдийн тооноос хамааран харилцан адилгүй хураажээ.
Энэ мэт ногоон гэрэл цагаан шугам, багт наадам, урлагийн үзлэг, үзүүлэн тоглолтын хувцас гэх мэтээр тэмцээн уралдаанд оролцох замаар эцэг эхчүүдээс их бага хэмжээгээр үргэлж мөнгө татдаг байна.
Г.ҮҮЛТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.