НийгмийнСПОРТ

УЛСЫН НАЧИН А.Давааням: Туг тойроод явж байхдаа “ингээд тав давчихсан юм байхдаа” гэж итгэж ядсан

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начны даваанд 32 бөх барилдаж, таван шинэ начин “төрсөн” билээ. Уншигч та бүхэнтэйгээ бид энэ удаа улсын харцага М.Бадарчаар тав давж начин цолны болзол хангасан Хөвсгөл аймгийн харьяат А.Даваанямыг уулзуулж байна.

Тэрбээр аав ээжийн талаас бөхийн удамтай бөгөөд хар багаасаа л “Энэ хүүхэд бөх болно” гэх яриан дунд өсөж өндийжээ. Аавтайгаа хамт Нарантуул зах дээр гутал авахаар явахад нь анхны багш нь түүнийг анзаарч харж, ааваас нь зөвшөөрөл авснаар түүний спортын амьдрал эхэлсэн гэлээ. А.Даваанямын сонирхолтой амьдрал, начин цолны болзол хангаад хэрхэн баярласан, энэ цолыг яаж хүндэлж, ямар удаан хүлээсэн тухай бид ярилцлаа.

НАМАЙГ МЭНДЭЛДЭГ ЖИЛ МӨРӨНГИЙН НААДАМД ДАВААНЯМ НЭРТЭЙ БӨХ ТҮРҮҮЛЖЭЭ

-Улсын цолонд хүрсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Хэр удаан хүлээж энэ цолонд хүрэв ээ?

-Миний бие 2000 оноос хойш спортын гараагаа эхлүүлсэн. Үүнээс хойш 20 гаруй жил өнгөрсөн байна. Анх спортын гараагаа жүдо бөхөөр эхлүүлж, үндэсний бөхөөр сургуулиа төгсөж ирснээс хойш буюу 2010 оноос хойш тууштай барилдаж байна.

-“Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээндээ 10 жил болсон байх нь ээ?

-Тиймээ. Мөн ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир спортын хорооны бөх гэж явдаг.

-Таны үндэсний бөхийн спорттой анх холбогдож байсан түүх их сонихон юм билээ шүү дээ. Та тэр дурсамжаа уншигчидтай маань хуваалцахгүй юу?

-Хүүхэд байх үеийн үү? /инээв. сурв/

-Тиймээ?                                                                                    

-Манайх Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 1999 онд нүүж Улаанбаатарт шилжиж ирсэн. 2000 оны хичээлийн жил эхлэхийн өмнө аав минь намайг дагуулаад Нарантуул захаас гутал авч өгөх гээд дагуулаад явж байсан. Тэр үед нэг багш надтай таарсан нь Цэдэн-Ишийн Шийрэв багш байв. “Энэ хүүхэд бөх болох хүүхэд байна, шавиа болгож авмаар байна” гэдэг саналыг аавд минь тавьж, багшийнхаа шавь болсноор анх бөхтэй холбогдож байсан түүхтэй.

-Та хэдэн настай байсан юм бэ?

-16 настай байсан.

-Шийрэв багштай таарахаас ч өмнө танд бөх болъё гэдэг бодол байсан болов уу? Аав, ээж хоёр талаасаа бөхийн удамтай шүү дээ.

-Миний нэр бас их учиртай. Хөвсгөл аймгийн Мөрөнгийн аймгийн наадамд намайг мэндэлдэг жил Цагаан-Үүр сумын аймгийн арслан н.Давааням гэдэг хүн түрүүлж байж. Наадам долоодугаар сард болдгоороо болж, би есдүгээр сард төрж байсан юм билээ. Наадмын уур амьсгал огт арилчихаагүй байсны дээр намайг “Бөх болох байх” гэдэг үүднээс Давааням гэж нэрийдсэн гэдэг. Төрсөн гараг нь хүртэл учиртай, нямд өвдөж, даваад төрсөн болохоор энэ нэр ч таарж. Би дөнгөж мэдээ ороод л, ойр зуур юм санадаг болсон байх үед аав минь намайг дагуулаад айл хотлоор орохдоо хөгшид, найз нөхөдтэйгөө дандаа л бөх ярьж, намайг “Энэ л бөх болох юм” гэж ярьж явдаг байсан нь санаанаас гардаггүй. Тийм болохоор ч тэрүү багаасаа л “Би бөх болох ёстой” гэж өссөн.

ТУГ ТОЙРООД ЯВЖ БАЙХДАА “ИНГЭЭД ТАВ ДАВЧИХСАН ЮМ БАЙХДАА” ГЭЖ ИТГЭЖ ЯДСАН

-Та аав, ээжийнхээ удам угсааны талаар ярихгүй юу? Ямар хүчтэнүүд байв?

-Манай аавын талаас жаахан хол ч Монгол улсын заан Сарангэрэлийн Хүрэлбаатар байдаг бол аавын төрсөн ах мөн сумын заан байв. Аав өөрөө ч барилдчихдаг хүн. Ээжийн минь төрсөн хоёр ах хоёул барилдана. Нэг нь сумын заан н.Жамсранжав, нөгөө нь цэргийн начин н.Далхсүрэн гэж хүн байв.

-Улсын баяр наадмын өдрийн тэр торгон агшны тухай эргэн ярилцъя. Улсын цолонд хүрэх даваагаа давсны дараах зүлэг ногоон дэвжээн дээрх сэтгэл хөдлөлөө одоо та санадаг уу?

-Өмнө би 2016 оны тавын даваанд өвдөг шороодсон. Тавын даваанд уначихаад буцаад явах мэдрэмж, тав давчихаад туг тойрох мэдрэмж хоёр шал өөр байдаг юм байна. Үнэхээр л олон жил энэ бөхийн төлөө зүтгэж ирсний минь ач гавьяа болов уу. Туг тойроод явж байхдаа “Нээрэн давчихсан юм болов уу, ингээд тав давчихсан юм байхдаа” гэж бодогдоод итгэж өгөхгүй л байсан.

-Ижий аав хоёр тань зурагтаар харж байв уу?

-Тиймээ.  Тав давж орж ирэхэд ах хажууд байж байгаад аав руу залгасан. Их ч баярласан.

-Малгайдаа шинэ цолныхоо начин шонхор шувууны тэмдгээ хийлгэж зүүжээ. Сайхан харагдаж байна. Цолонд хүрснийхээ маргаашаас л тэмдгээ базааж эхлэв үү?

-Би энэ малгайгаа 2010 оноос хойш л өмсөж байгаа юм, 10 гаруй жил өмсөж. Өнөөдөр /2019.07.17/ Хөвсгөлийг зорих гээд, хөдөө очихоор хүн амьтан “Шинэ начин” гээд харах болов уу гэж бодоод өчигдөр л залаа, тэмдгээ шинэ малгайн дээрээ хийлээ. Уг нь ч шинэ малгай захьчихсан, арай амжихгүй бололтой.

-Улсын цолтой болчихоод нутагтаа очно гэдэг сайхан аа? Ямар мэдрэмж төрж байна?

-Хөдөөний улс улсын цолтой хүн гэхээр их сайхан хүлээж авдаг. Ах дүү нартаа очих гэж сэтгэл минь их өндөр байна.

ЗАЛУУ, ХҮЧТЭЙ ХАРЦАГАТАЙ БАРИЛДАХАД ЦАГ УДАХ ТУСАМ УНАХ МАГАДЛАЛ ӨНДӨР ТУЛ ШУУДХАН ШИЙДСЭН ЗҮЙЛЭЭ ХИЙСЭН

-Таныг их шүтлэгтэй хүн гэж сонссон. Барилдаанд гарахынхаа өмнө уул усандаа залбираад гардаг гэв үү?

-Миний аав лам хүн. Олон жил Зүүнхүрээ Дашчойлин хийдэд зурхайч лам хийсэн. Би өөрөө Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Гэхдээ аав, өвөө, өвөг дээдсийнхээ нутаг Хөвсгөл аймгийн Галт сумаар овоглож явдаг. Өөрөөсөө илүү өвөг дээдэс, уул усаа хүндэлж хайрлаж явдаг болохоороо ч уул усандаа сүсэгтэй хандаж, шүтэж, баярлаж явдаг юм.

-Бөх сонирхогчид начин цолны үнэ цэнийг маш сайн мэднэ. Аваргаас дутахгүй цол гэж ярилцах нь ч бий шүү дээ. Таны хувьд энэ цол ямар үнэ цэнэтэй вэ?

-Монгол үндэсний өв соёл, тэр дундаа үндэсний бөх бол асар том соёл юм. Соёлоос гадна мэргэжлийн спорт боллоо. Жирийн хүн аль ч наадамд очоод сумын цол авахад хэцүү шүү дээ. Энэ чинь олон жил хөдөлмөрлөж, хөлс хүчээ гаргаж байж авдаг эд. Олон жил хөдөлмөрлөсөн олон аавын хүүтэй өрсөлдөж байж начин, заан, харцага, арслан гээд л цолонд хүрсэн хүнийг буянтай хүн юм уу даа л гэж боддог юм. Энэ цолыг минь хэр баргийн аавын хүү аваад байдаггүй л гэж бодож явдаг даа.

-Та улсын баяр наадамд барилдсан таван даваагаа тоймлон ярихгүй юу? Аль бөхтэй ямар тактик барьж барилдана гэж бодож боловсруулж байв? Үндэсний бөх гэдэг зөвхөн бярны спорт биш гэдэг.

-Би тавын даваан Монгол улсын харцага М.Бадарчтай барилдсан. М.Бадарч харцага насаар надаас залуу, би ч ахмадын эгнээ рүү орж яваа хүн. Залуу үеийн хүчтэй харцагатай барилдахад цаг удах тусам миний хувьд тамир тэнхээ хүрэхгүй, тэр тусмаа цаашаа золгоод барилдвал унах магадлал өндөр байв. Тиймээс наана нь хийх ёстой юмаа хийе, нэгэнт л барилдаж байгаа юм чинь шийдсэн зүйлээ хийе гэж шийдсэн.

-Зургаагийн даваанд ахиад нэг даваа ахиулчихсан гэх шунал мэдээж байсан л болов уу?

-Байлгүй яахав. Халхын сайхан аварга, Монгол улсын аварга Ч.Санжаадамбатай барилдсан. Сайхан барилдаад, өвдөг шороодсон.

ЯПОН УЛСАД БИЗНЕСИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ ТӨГССӨН, ОДОО МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАДАГ

-Энэ 20 жилийн хугацаанд бөхийн спортод амьдралаа зориулж явахад тань хэзээд мартагддаггүй эсвэл үргэлж сургамж болж санагддаг барилдаан байдаг уу? Ямар барилдаан байдаг вэ?

-Сургамж гэхээсээ илүүтэй огт мартагддаггүй барилдаан бий. Би ахлах болон дээд сургуулиа Япон улсад төгсөж, жүдо бөхөөр хичээллэж ирсэн. Жүдо бөхдөө их хайртай. Өөрийгөө -100 кг жинд нэлээд амжилт гаргасан тамирчин болно гэж итгэж явсан. 2008 оны бүх ард түмний спарткад болж, тухайн жил Бээжингийн олимп болох байв. Тэр жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяртай аваргын төлөө финалдаж барилдсан. Тухайн үед миний бэлтгэл сайн, аварга бид хоёр “ойрхон” барилддаг байсан болохоор түрүүлчихсэн гэсэн тамирчны тэмүүлэл, хүсэл байсан. Энэ л барилдаан санаанаас минь гардаггүй. Жаахан алдаа гаргаж, юуко үнэлгээ алдаад, нөхөж хөөж барилдсан ч оноо авч чадалгүй цаг дуусаад ялагдаж байсан. Харамсаад байх зүйл биш. Гэхдээ Монгол улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аваргатайгаа нэг жинд нэг үед барилдаад явж байсандаа бахархдаг. Харин аварга маань намайг ялж яваад олимпийн аварга болж байв. Үүнээс хойш жүдо “хөөгөөд”, -100 кг жинд яваад байх юм бол аваргад “даруулсаар” байгаад нас чацуу учир дуусах юм байна гэж бодсон. Тиймээс бусад бөхийн барилдаанаар, зодолдохоос бусдаар явъя гэж шийдсэн. Ингээд өөр бөхийн төрлүүдээр хичээллэж хэд хэдэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн. Үүгээрээ бахархаж явдаг.

-Тэгвэл цаашид үндэсний бөхөөрөө дагнах нь ээ?

-Өмнө хэлсэнчлэн манай үеийнхэн яах аргагүй ахмадын эгнээнд шилжих гэж байна. Нэлээд ахиж ирээд цолоо авлаа. Одоо 2021 он хүртэл бэлтгэлээ хийж байгаад хоёр гурван наадамд сайхан барилдана гэж бодож байна. Харин цаашид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад зааж зөвлөх ажлуудаа түлхүү хийгээд явах болов уу.

-Та Япон улсад ахлах сургуулиа төгссөнөөс гадна дээд мэргэжлээ эзэмшсэн гэсэн. Ямар мэргэжил эзэмшсэн юм бэ?

-Би Токио дахь нэгэн их сургуулийг бизнес менежментийн чиглэлээр суралцаж 2009 онд төгссөн. Үүнээс хойш нэг жил тэндээ ажиллаад 2010 оноос Монголдоо ирж, үндэсний бөхийн спортоор хичээллэх болсон. Саяхан би ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороонд гурван жил хашсан даргын албаа хүлээлгэж өгсөн.

-Та үндэсний бөхийн спортоос зодог тайлсныхаа дараа мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа юу?

-Тийм. Гэхдээ би одоо ч Японтой хамтарсан ажлууд хийж, мэргэжлээрээ ажиллаж байгаа. Үүнийхээ хажуугаар бэлтгэлээ хийдэг. Энэ спортод хайртай, холдож чаддаггүй учраас залуу байх хугацаандаа бэлтгэл хийж, хөлсөө гаргахгүй бол байж чаддаггүй. Бие минь ч бэлтгэлээ хаяхыг зөвшөөрдөггүй. Үнэхээр л нас яваад чадахаа больчихвол орхихоос аргагүй. Дараа нь харамсах зүйлгүй байхын тулд л энэ бүхнийг хийж байна.

-Нутаг усаа зорихын өмнө бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Өдий зэрэгтэй явахад тусалж дэмжсэн хүмүүсээ дурьдахгүй бол болохгүй. Хүн гэдэг ганцаар явсаар ийм зэрэгт хүрдэггүй. Амжилтын цаана ард нь нуугдаж байдаг хүмүүс маш их бий. Тэр хүмүүсээ дурсмаар байна. Намайг бөхийн гараа руу хөтөлж оруулсан, төрүүлж өсгөсөн аав ээждээ, намайг өдий зэрэгтэй дэмждэг Хөвсгөлийн холбооныхон, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Хөвсгөлийн нутгийн зөвлөл, ШШГЕГ-т баярлалаа. Би дөрвөн хүүхэдтэй, миний арыг бүрэн хариуцдаг ханьдаа мөн баярлалаа.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-12 04:48

ene yag Badarchiig uneneesee davsan ymuu daa tavilttai l haragdaad bsn daa!

Зочин
Зочин
2023-11-08 09:35
Reply to  Зочин

ш�##�ихгүй ээ 300 хан саяд начин болсон.

Холбоотой мэдээ

Back to top button