Реппер “Orice” цонхоор буух үедээ хөл алдаж унасан уу

“Street dreams” шоуны ялагч, олонд “Orice” нэрээр танигдсан реппер М.Алтан-Оргил өчигдөр /2020.07.27/ нас барсан. Түүнийг хэсэг бүлэг этгээд дээрэмдэж, таван давхраас унагаасан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл ЦЕГ-аас эл мэдээллийг үгүйсгээд буй.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
“Хүний амь нас хохирсон хэрэг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Гэвч цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод таван давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно” гэв.
Харин эх сурвалжийн мэдээллээр өнгөрөгч 24-ний өдрийн үүрийн 05.00 цагийн үед тухайн харамсалтай хэрэг гарсан аж. Талийгаач М.Алтан-Оргил нь ЦЕГ-аас мэдээлсэнчлэн бусдад зодуулсан байдлаар нас бараагүй бөгөөд цонхоор буух үедээ хөл алдан унасны улмаас авсан бэртлээ даалгүй, харамсалтайгаар амь насаа алдсан гэх мэдээлэл байна.
Ар гэрийнх нь зүгээс гадны нөлөөгүй нас барсан, цонхоор унасан гэх мэдээллийг үгүйсгэж буй бөгөөд хүнд зодуулсан байдалтай нас барсан гэж үзэж байгаа аж. Одоогоор хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Талийгчийн ар гэр, төрөл төрөгсдийг хүндэтгэн үзэх үүднээс сэтгэгдлийг хаасан болно.
С.ЭРДЭНЭ