НИЙГЭМХУУЛЬ

ТОДРУУЛГА: Мессенжэрээр дансны мэдээлэл хуулдаг вирус тараагүй

Цахим, тэр дундаа сошиал орчинд суурилсан залилангийн шинжтэй гэмт хэргүүд олон хэлбэрээр үйлдэгдэх болсон талаар цагдаа, хуулийн байгууллагынхан үргэлж сануулдаг. Шууд лайвын үеэр мэргэлж, ирээдүйг зөгнөж өгнө, эсвэл утасны дугаар сугалж, азтан шалгаруулна гэхчлэнгээр иргэдийг төөрөгдүүлж, халаасыг нь сэгсэрсэн олон янзын залилан сошиал орчинд хийгддэг.

Тэгвэл сүүлийн үед фэйсбүүк мессенжэрээр хувь хүний дансны мэдээллийг хуулж, хөндлөнгөөс удирдан гүйлгээ хийх боломжийг бүрдүүлдэг вирус тарж байна гэх сэрэмжлүүлэг мэдээлэл ихээр хийгдэх болов.

Тодруулбал, мессенжэрээр “Утасны дугаараа өгөөч?” гэсэн утгатай зурвас үл таних хүнээс ирэх ба үүнийх нь дагуу гар утасны дугаараа бичиж явуулбал хариу мессеж ирдэг гэх. Мессежид “Уг мессежийг эргүүлээд явуулбал мөнгөн хонжвортой, эсхүл азтан болох боломжтой” гэхчлэн бичсэн байдаг. Үүнд итгэж мессежийг эргүүлээд явуулахад тухайн хүний дансны бүх мэдээлэл хуулагддаг ба нэг шөнийн дотор олон IP хаягаас гүйлгээ хийн хоосолсон байдаг гэсэн утгатай сэрэмжлүүлэг мэдээлэл юм.

Энэ дагуу иргэдэд бодит мэдээлэл хүргэх үүднээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.

Тэрбээр ийм хэлбэрийн залилан хийгдэх боломжгүй гэв. Мөн цагдаагийн байгууллагад ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд, иргэдийн сэтгэл зүйг айдас, түгшүүрт автуулах зорилготой хуурамч сэрэмжлүүлгүүд цахим орчинд ихээхэн тардаг гэдгийг хэллээ.

Иймд аливаа сэрэмжлүүлэг мэдээлэлд ч иргэд шүүлтүүртэй, бодит сэтгэлгээгээр хандаж, мэдээллийн эх сурвалжийг сайтар магадалж, тайван байх хэрэгтэй хэмээн санууллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button