УЛС ТӨР

ХАМААРАЛ, ХАРДЛАГА: “Оюу толгой”-н шинэ томилгоо, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

Өчигдөр /2020.10.29/ “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хоёр гишүүнийг шинээр томиллоо. Тэдний нэгээр “Аспайр Майнинг Лимитэд” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир нэрлэгдсэнийг манай сайт анхлан мэдээлсэн.

“Аспайр Майнинг Лимитэд” УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийнх гэгддэг. Тэр 2019 онд мэдүүлсэн ХОМ-тээ тус компанийн 52.7 хувийг эзэмшдэг гэж дурджээ. Ингэхээр компанидаа ажиллаж байсан хүнийг “Оюу толгой”-д оруулж, томилгоонд нөлөөлөв үү гэсэн хардлага гишүүн дээр буугаад байна.

Ташрамд хэлэхэд, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д шинээр томилох гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалт явуулан сонгохоор байсан. Шалгаруулалтад 46 хүн нэрээ өгөөд байв. Мөнөөх гурвын нэгэнд Ерөнхийлөгч асан Н.Багабанди үлдсэн нь маргаан дагуулж буй. Бусдаар бол шинэ хоёр гишүүн “Рио Тинто” компанитай цаашид хийх гэрээ, хэлэлцээрүүдэд шинэ салхи авчрах чухал үүрэг хүлээж байгаа юм.

-Ц.ЦЭРЭНПУНЦАГ: З.ГАН-ОЧИР ХУВЬЦААГАА ЗАРААД БАРАГ ДУУСАЖ БАЙГАА-

Хардлага дэгдсэн тул сэтгүүлчид Ц.Цэрэнпунцаг гишүүнээс тодруулав. Харин тэр нэг талын бөөрөнхий, нэг талын дөрвөлжин хариулт өгөв.

Тодруулбал, “З.Ган-Очиртой уулзаж байсан. Яагаад гэвэл бид компанийн хувьцаа эзэмшигчид учраас. Мэдээлэл гарахаар нь асуутал тэр компанид ажиллахаа болиод удаж байгаа юм байна. Хувьцаагаа ч одоо зараад дуусаж байгаа. Тэгэхээр бүрэн хамааралгүй болох биз ээ. Би бол томилгоонд нөлөөлөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Үүнийхээ өмнө “Би яаж мэдэх юм. Тэр хүний хаана ажиллаж байсан нь ямар хамаатай вэ” хэмээн сэтгүүлчид рүү хэгжүүрхэж байв.

-З.ГАН-ОЧИР ЖИЛИЙН ӨМНӨ “АСПАЙР МАЙНИНГ ЛИМИТЭД”-ЭЭС ГАРЧЭЭ-

“Аспайр Майнинг Лимитэд”-ийн тухай улсын бүртгэлийн тухай нээлттэй мэдээллийн сангаас хайхад гарч ирдэггүй. Учир нь энэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани юм.

Иймд тус компанийн ажилтантай утасдаж тодрууллаа. Ингэхэд, “З.Ган-Очир жилийн өмнө гүйцэтгэх захирлаар ажиллахаа больсон. Одоо Д.Ачит-Эх  захирлаар ажиллаж байна. Гүйцэтгэх захирлын орон тоо байхгүй” гэсэн мэдээлэл өгөв.

З.Ган-Очирын хувьд ШУТИС-ийг төгссөн, Канадын Break Water resources, “Майн Инфо” зэрэг компанид ажиллаж байсан. Мөн Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн сургуулийн санхүүгийн мастер хамгаалжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
10 сар 29, 2020 15:14

Гадаадад сургууль төгссөн хүмүүс Монгол улсынхаа эрх ашгийг хамга�##�даггүй, харин ч өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдгийг бид бүгд өчнөөн харлаа. Монголчуудын амьдр�##�ыг мартчихсан байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button