НИЙГЭМЯрилцлага

Гэртээ гэмтсэн хотон тэжээж буй Ц.Ганболд: “Азбаяр”-ыг даарчих вий гэж санаа зовоод шөнө нойр хүрдэггүй

-Сайн байна уу, Та. Ц.Ганболд мөн үү

-Мөн байна. Хэн бэ.

-Улаанбаатар хотоос, “Eguur.mn” сайтын сэтгүүлч холбогдож байна.

-Аан, за. Ах нь хотонгоо усанд оруулаад түмэн завгүй сууна. Завтай болохоороо эргээд холбогдъё.

-Тэгье ээ.

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн түүнийг Цэвээнхүүгийн Ганболд гэдэг. Далавч нь бэртэн, буруу эдгэсэн хотонг тэжээн, тордож, түүгээр ч үл барам “Азбаяр” гэдэг нэр өгчээ. Ц.Ганболд хувиасаа мөнгө гарган, хотонд зориулж гэр барин, тохижуулжээ. 150 литрийн багтаамжтай ваннын усыг хоёр хоноод нэг сольдог, үүрээр босож гэрийг нь галлах, хоолыг өгөхөөс авхуулаад түүний ажил мундахгүй их. “Азбаяр”-ыг өдөржин тордож, тойглон, хүүхэд шиг л бөөцийлдөг гэнэ.

Ц.Ганболд өмнө нь буюу 2018 онд мөн гэмтсэн хотонг долоон сар шахам тэжээн, эдгээсэн туршлагатай. “Аз хүү” гэдэг нэр өгсөн тус хотон өдгөө ижил сүрэгтэйгээ хамт нисэж яваа.

Амьтан хамгаалал гэхээр нүд сэргэдэг тэрбээр сайн дурын биологич. 1990-ээд оноос хойш сайн дураар ажиллаж буй Ц.Ганболд өнөөг хүртэлх хугацаанд огт цалингүй ажиллажээ. Байгаль дэлхийдээ, амьтанд хэр их хайртай, сайхан сэтгэлтэйгийнх нь нэгээхэн илрэл нь энэ.

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг түүний хань нь. Нөхрийнхөө ажлыг үргэлж дэмжиж, ойлгодог гэнэ.

Ц.Ганболд өнөөг хүртэл хугацаанд хотон, чоно, бах зэрэг 10 гаруй амьтан тэжээн, амийг нь аварсан буянтан. Амьтны нууцлаг ертөнцөөр аялж яваа Ц.Ганболд заарт хархыг гэрийн нөхцөлд үржүүлэх боломжтой эсэхийг Монголоос анх удаа судалж, баталсан гэнэ. Түүнтэй утсаар холбогдон, ярилцсанаа сонирхуулъя.

ТЭЖЭЭЖ БУЙ ХОТОНДОО ЗОРИУЛЖ ГЭР БАРИН, ТОХИЖУУЛСАН

-Хотон том биетэй шувуу. Гэрт тэжээх амаргүй нь мэдээж. “Азбаяр”-ыг хэзээ олов. Тэжээгээд хэр удаж байна вэ?

-Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн Б.Ганзориг, Д.Эрдэнэчимэг, байгаль хамгаалагч Ш.Энхээ нар “Азбаяр”-ыг гэмтсэн байхад нь арваннэгдүгээр сарын 9-нд олсон юм билээ. Улмаар холбогдох байгууллагад нь мэдэгдэн, энд авч ирсэн юм.

Тэжээх зориулалтын байргүй тул яах вэ гэж нэлээд ярилцаж байгаад надтай холбогдсон гэнэ лээ. Би тухайн үед бөхөнгийн тооллогын ажлаар Завхан аймгийн Дөрвөлжин суманд явж байв. “Хар ус нууранд нэг хотон гэмтсэн байхыг оллоо. Уржнангийн “Азхүү”-тэй адилхан шархтай юм байна. Одоо яах вэ, Болдоо ах аа” гэсэн. Тэгэхээр нь “Бөхөнгийн тооллогын ажлыг дуусгаад шууд яваад очъё. Намайг очтол аргалж байгаарай” хэмээв. Тэндэх ажлаа дуусгаад шууд ирэх нь ээ манайхан хотондоо “Азбаяр” гэдэг нэр өгчихсөн, намайг хүлээж байв. Тэгээд хотонгоо хаана байлгах вэ, тэжээх вэ гэдэг асуудал ундарлаа. Хашаандаа гэр барин, “Азбаяр”-т зориулж тохижуулсан. Өмнө нь яг ийм бэртсэн хотон тэжээж байсан болохоор арай туршлагатай байна. “Азбаяр”-ыг гэрт байрлуулан, тэжээгээд сар болж байна.

-Та хувиасаа мөнгө гарган, гэрийг нь өөрөө тохижуулсан уу?

-Тэгсэн. Хөөрхий амьтныг тэжээхийн тулд энэ хэрийн юм зарцуулалгүй яах вэ. “Азбаяр”-т зориулж гэр барьсан, хананд нь хотонгийн зураг томоор хэвлэн наасан. Хотон маань тэр зургийг харах, урд нь зогсох их дуртай. Хөөрхий ижил сүргээ их санадаг бололтой. Өдөржин гэрт ганцаараа байхаар уйдна. Нуур, ижил сүргийнхээ зургийг хараад тайвшраг гэж бодоод ингэж байрлуулсан юм.

“АЗБАЯР” НАДАД ОДОО Л ЖААХАН ДАСАЖ БАЙНА

-Хотон ямархуу зан, ааштай амьтан бэ. Тэжээхэд ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ?

-Байгалийн зэрлэг амьтан болсон хойно ууртай, ширүүн. Гал түлэх, хоол өгөх, усанд оруулахаас авхуулаад өдөржин хамт өнжиж байгаа болоод ч тэр үү одооноос надад жаахан дасаж байна.

-Та ер нь өглөө хэдэн цагт босдог вэ. “Азбаяр” та хоёрын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Даарчих вий гэж санаа зовоод шөнө нойр хүрдэггүй. Шөнө босож, гэрийг нь галладаг. Үүр хаяарангуут босож, гал түлдэг. Галын ээлчинд сайхан дулаацахаар нь хооллодог. Өдөрт 5-6 загас иддэг. Өмнө нь тэжээж байсан “Азхүү” 6-7 загас иддэг байсан. “Азбаяр” хоолондоо жаахан тааруу.

-Гэмтлээсээ болоод уу. Эсвэл өөр шалтгаан бий юү?

-Ерөөсөө гэмтлээсээ болоод нэлээд бухимдалтай байх шиг. “Азбаяр” хөдөлгөөн багатай. Гэмтээд удсан, далавч нь муруй эдгэсэн. Зовууриндаа ч тэр үү далавчаа дэвэх дургүй. Хөдөлгөөн багатай байхаар хоол нь удаан шингэдэг бололтой.

ӨДӨРТ 5-6 ЗАГАС ИДДЭГ

-Өдөрт зургаан загас иддэг гэхээр овоо олон загас хэрэг болох нь. Та хэрхэн зохицуулдаг вэ?

-Сайхан сэтгэлтэй хүмүүс “Азбаяр”-т өгөөрэй гээд авч ирж өгөх нь бий. Хар-Ус нуураас загас барих хориотой. Хураагдсан загаснаас хотонг тэжээгээрэй гэж заримдаа өгдөг.

-Гэрт байрлуулсан ванн нь 150 орчим литрийн багтаамжтай юм билээ. “Азбаяр”-ыг усанд оруулах бүртээ дүүргэдэг үү?

-Тэгдэг. Дүүргэхгүй бол “Азбаяр” гарч ирж чаддаггүй юм. Ваннанд хийх усаа зөөж авчирдаг. Усыг нь хоёр хонуулаад сольдог.

“АЗБАЯР” БЭРТЭЭД УДСАН, ДАЛАВЧ НЬ МУРУЙ ЭДГЭСЭН

-Тэжээхийнхээ хажуугаар эмчилгээ хийж байгаа юу. Муруй эдгэсэн далавчийг нь эмчлэх боломжтой юу?

-“Азбаяр”-ын далавч бүр бороолоод эдгэчихсэн. Тэгээд ижил сүрэгтэйгээ хамт нүүдэллэж чадалгүй үлдсэн юм билээ. Одоо муруй эдгэсэн далавчийг нь эмчлэх боломжтой эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан тэжээгээд хавартай золгуулаадахъя. Ижил сүрэг нь ирэхээр нийлүүлнэ. Тэгээд юу болох нь уу, харъя. Ер нь нисэж чадахгүй байх магадлал өндөр. Тэглээ гээд ийм сайхан амьтныг үхүүлэлтэй нь биш. Ямар ч байсан тэжээнэ, нисчихвэл түүн шиг сайхан юм хаана байх вэ. Мал эмнэлгийн эмч нар 14 хоногт нэг удаа “Азбаяр”-т үзлэг хийдэг.

-Өмнө нь гэмтсэн байхад нь олсон “Азхүү”-г та хэр удаан тэжээсэн бэ?

-Яг “Азбаяр”-тай адил арваннэгдүгээр сард гэмтсэн байхад нь олсон юм. Тэгээд зургаадугаар сар хүртэл тэжээсэн. Хотон шувуу үүрээ засах үед нь аваачиж, ижил сүрэгтэй нь нийлүүлсэн.

ӨМНӨ НЬ ТЭЖЭЭСЭН ХОТОН МААНЬ ШУУД НИСЭЭД, СҮРЭГТЭЙГЭЭ НИЙЛЭХЭД НЬ БАЯРЛАСАН ГЭЖ ЖИГТЭЙХЭН

-Танд хэр их дассан байв?

-Олон сар гэрт байсан болохоор “Азхүү”-г байгальд дасгахын тулд Хар-Ус нуурыг бүтэн тойрон завиар 10 гаруй хоног хамт явсан. Хөлийг нь гэмтхээргүй эвтэйхэн уяад, хоносон газраа нуурын захад тавиад байсан. Нууранд загас тавин, өөрөөр нь бариулахад их дуртай байв. Тэгээд гэртээ авч ирэхэд уурлаж, бухимдаад ёстой балласан. Над руу хүртэл дайраад. “Байгальд гаръя” гэж ойлгуулахыг хичээж байхгүй юу, хөөрхий минь. Тэгэхээр нь байгальд тавьж, ижил сүрэгтэй нь нийлүүлсэн. Уяаг нь авангуут шууд ниссэн. Би баярласан гэж жигтэйхэн. Бараг уйлсан байх аа. Өвөлжин, хаваржин тэжээж, зүтгэснийхээ үр дүнг харах их сайхан юм билээ. Би шууд буцсан. Гялс буцахгүй бол намайг дагах байх гэж санаа зовсон юм.

-Та “Азхүү”-тэй дахин таарсан уу?

-Нэг удаа таарсан.

-Таныг таньсан уу?

-Таньж байна лээ. Нэг удаа усны судалгааны ажлаар Хас-Ус нуураар явж байсан юм. Тэгж явахдаа “Азхүү”-г байгальд тавьсан газар зорьж очлоо. Дурандаад, нэлээд хайгаад олоогүй. Буцаад явж байх нь ээ ард нэг хотон биднийг дагаад байгааг гэнэт анзаарав. Тэгээд харах нь ээ “Азхүү” яг мөн байсан. Хотон шувуу ямар ч нөхцөлд хүн хараад шууд зугтдаг. Би дуудаад, “уулзмаар” байсан ч намайг дагах вий гэж санаа зовсон. Түүнээс хойш дахиж таараагүй.

1992 ОНООС ХОЙШ САЙН ДУРААРАА, ЦАЛИНГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА

 -Одоо “Азбаяр” нэртэй хотонг та хувиасаа мөнгө гаргаад, тэжээж байгаа юм билээ. “Азхүү”-г тэжээсэн зардлыг ч мөн та гаргасан уу?

-Ер нь тэгсэн. “Азхүү”-г тэжээхэд олон хүн туслаж, дэмжсэн. Дэлхийн байгаль хамгаалах сангаас түлээ, нүүрсний мөнгө шийдэж өгч байсан.

-Та сайн дураараа ажилладаг юм билээ. Сайн дурын байгаль хамгаалагч, биологич гэж тодотгож болмоор. Улсаас цалин авдаг уу?

-Цалин авдаггүй. Зүгээр л амьтдын төлөө сайн дураараа, сайхан сэтгэл гаргаад ажилладаг. Гэмтсэн амьтныг онд оруулъя, амийг нь аваръя гэсэндээ ингэж ажиллаж байгаа юм. Үндсэндээ 1992 оноос хойш ингэж сайн дураараа ажиллаж байна. Дунд нь Ховд их сургуулийн амьтан судлалын лаборантаар 10-аад жил ажилласан.

-Өнөө цагт сайн дураараа ингэж ажилладаг хүн ховор. Хань тань биологич тул таныг илүү сайн ойлгож, дэмждэг байх.

-Ёстой тийм шүү. Хань минь миний ажлыг үргэлж ойлгож, дэмждэг.

СҮРГЭЭСЭЭ ТӨӨРЧ, НҮҮДЭЛЛЭЖ ЧАДААГҮЙ “ХАЛТАР ШУНГУУР” ТЭЖЭЭЖ БАЙГАА

-“Азбаяр”-аас өөр тэжээж байгаа амьтан бий юү?

-Хэд хоногийн өмнө “Халтар шунгуур” нэртэй усны шувуу тэжээж байна. Хөөрхий минь ижил сүргээсээ төөрч, нүүдэллэж чадаагүй, ганцаараа үлдсэн юм. Би тэжээгээд удаагүй, гурав л хонож байгаа. Их сэргэлэн шувуу.

-Тан шиг сайн дурын байгаль хамгаалагч, биологич Монголд хэр олон байдаг вэ?

-За, ёстой мэдэхгүй.

-Байгаль дэлхийгээ, амьтдыг хайрлахын хамгийн сайхан нь юу вэ?

-Нэг ч гэсэн амьтны амийг аварна гэдэг буянтай ажил. Ижил сүрэгтэйгээ нийлээд явж байхыг нь харах хамгийн сайхан.

БИ ОНДАТРЫГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ҮРЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙГ МОНГОЛД АНХ УДАА БАТЛАСАН

-Та өнөөг хүртэлх хугацаанд ямар, ямар амьтан тэжээж байв?

-Заарт харх буюу ондатрыг гэрийн нөхцөлд үржүүлж болох эсэхийг хоёр жил орчим судалсан. Тэгээд боломжтойг нь батласан нь Монголд анхных. Гэрийн нөхцөлд үржүүлж, аж ахуй, үйлдвэрлэл байгуулж, үсийг нь ашиглах боломжтойг батласан юм.

-Судалгааныхаа талаар ном гаргасан бил үү?

-Тэгсэн. МУИС-ийн доктор Шар, Ховдын доктор Мөнхтогтох нарын хамт “Ондатр гаршуулан тэжээх технологи” гэдэг нэртэй ном гаргасан.

ЧОНО ТЭЖЭЭЖ БАЙСАН

-Таны тэжээсэн хамгийн сонин амьтан юу вэ?

-Чоно. Бэлтрэг байхад нь жил тэжээсэн. Манай нэг найз чонын үүртэй таараад, нэг бэлтрэг байхаар нь аваад ирсэн юм билэ Тэгээд над руу утсаар холбоо бариад “Шөнөжин гийнаж хонолоо, одоо яах вэ” гэдэг юм байна. Үүрэн дээр нь аваачиж тавих уу гэж хүртэл эргэлзсэн. Хүний үнэр шингэчихсэн болохоор эх нь хавьтуулахгүй, дор нь сэгсэрчихнэ. Тэгээд би тэжээв.

Нүдээ нээгээгүй, атгын чинээ жаахан амьтан байсан юм. Нэг жил болоход их том болдог юм байна. Анхны цаснаар их уурлаж, ааш нь хувирдаг юм билээ. Тэгэхээр нь “За, ер нь хүн барьж мэдэх нь” гэж бодоод шууд байгальд нь тавьсан.

Ер нь өнөөг хүртэл хугацаанд тэжээсэн амьтныхаа тоог гаргаж байгаагүй. Чамайг энэ талаар асуухаар чинь л “Хэд билээ” гэж бодож сууна. Ойролцоогоор лав 10 гаруй бий. Хамгийн жижиг нь монгол бах, том нь чоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bbb
bbb
2020-12-19 11:20

yamar saihan hun beeee. Burhan iveegeee

Od
Od
2020-12-20 10:12
Reply to  bbb

Ene huugiin saihan setgeliig “”BAIGALI EN “ ooroo negen tsagt hariulah l bolono.Uiluun uiliin ureer holbogdson 2 bnshdee hoorhii. Tsaashdiinh ni ajild amjilt husie dee. Ulam olin gemtsen,toorson, ydarsan amitadad buyn bolj yvaarai !

Зочин
Зочин
2020-12-19 11:29

Хөөрхий д�##�авч нь муруй эдгэсэн бол нисэж чадахгүй байх даа. Яаж сүрэгт нь тавина даа

Зочин
Зочин
2020-12-19 13:25
Reply to  Зочин

Д�##�авч нь нисэж болохгүйгээр муруй буруу бороолсон бол м�##� эмнэлгийн эмч л эмчилнэ. Тэнэг юм шиг ирж хараад явахын оронд яаж д�##�авчийг нь засах мэс зас�##� хийх вэ гэдгээ м�##� эмнэлгийнхэн бодооч. Мэдэхгүй бол гадаадын эмч нараас асууж сураглаач ! Эхлээд шувууныхаа рентген зураг авах хэрэгтэй болох байх. Шархадсан бүргэд өөрөө эмнэлэгт ирэхэд хүртэл эмч нар зургийг нь аваад оношлоод эмчлээд эдгээсэн. Гадаадад ... Эмчлэхгүй л бол байнга ийм амьдр�##�тай болох нь байна.

Jiriin mongol irgen.
Jiriin mongol irgen.
2020-12-19 12:09

Маш буянтай хүүхэд юм даа. Даган баясая. Ийм хүн одоо цагт ховроос ховор доо.

Зочин
Зочин
2020-12-19 13:27

Азхүүтэйгээ сайн уулзаж эрхлүүлэхгүй яасан. Дагахгүй зүгээр уулзах гэж ирж байгаа байхгүй юу !

Зочин
Зочин
2020-12-20 05:49

Ямар гоё юм бэ. Цагийн хүрдийнхэн, цусан эвэрт нь шунаж сэрүүн хангайн бугыг х�##�уун говьд хорьж тамлаж байгаа хүнийг байг�##�ьд ээлтэй хүн гэж цоллрж байхаар энэ хүнийг олж харахгүйдээ. Ёстой байг�##�ьд ээлтэй баатар байнадаа. БОАЖЯам цаг �##�д�##�гүй м�##� эмнэлгийн хүрээлэнтэй холбогдож арга хэмжээ авч өгмөөр юм. Манай м�##�ын эмч эрдэмтэд мэс зас�##� хийж чадах байхаа. Амжилт хүсэе. Сайхан сэтгэлийн тань буян тариа будаа шиг үржиг.

Холбоотой мэдээ

Back to top button