ВИДЕО КОНТЕНТЯРИЛЦЛАГА

Б.Бүргэд: “Монгол улсын иргэн боллоо, төрийн ордонд ирээрэй” гэж хэлэхэд ИТГЭЭГҮЙ

“Та Монгол Улсын иргэн боллоо. Төрийн ордонд ирээрэй гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярихад итгэхгүй байсан. Олон жил хүлээсэн мэдээгээ гэнэт сонсох сонин юм билээ. Сэтгэлийн гүнд хэнд ч хэлж чадахгүй хүлээлт байсан. Тэр хүлээлтийн зангилаа тайлагдаж, зорилго маань өөрийн эрхгүй цэгцрээд ирсэн. Гэхдээ энэ шийдвэрийг зөвхөн бид хоёр ч биш. Багш нар, найз нөхөд маань ч хүлээж байсан. Үнэхээр зорилгын үзүүрт жаргал байдаг юм байна аа” хэмээн ярих энэ залууг Балжийн Бүргэд гэдэг.

Дээд Монголын Хөрлөг хошуунд аргалын утаа бургилсан малчны гэрт төрж, нутагтаа монгол хэл, уран зохиолын чиглэлээр мэргэжил эзэмшсэн Б.Бүргэд 2004 онд Монгол Улсад сурахаар иржээ. Гэргий Ц.Дэгмү нь түүнтэй адил Дээд Монголоос ирж, тэд Улаанбаатарт танилцан гал голомтоо асаажээ. Б.Бүргэдийн гэр бүл өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсоор Монгол Улсын иргэн болсон. Чухам яагаад монголд үлдэхийг ингэтлээ хүсэж тэмүүлсэн тухайгаа, амьдрал ахуйгаа Монгол Улсад хэрхэн цогцлоож буйгаа тэд манай уншигчидтай хуваалцсан юм.  

“МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ”, “УЯНГЫН ТОЙРОГ”-ИЙГ УНШИЖ ӨСЛӨӨ

-Таны угсаа гарвал бол Дээд монгол. Дээд монголчуудын үүх түүх, нутаг ус, өнөөгийн аж амьдралын тухай ярианаас ярилцлагаа эхлэе.

– Дээд монголчууд БНХАУ-ын баруун хязгаарт Хөхнуур, Гансу хоёр мужид тархан суурьшдаг. Нүүдэл соёл нь одоог хүртэл тасраагүй л байгаа нутаг орон доо. Хөдөө нутагт гэрээ барьж, малаа маллан аж төрцгөөж байна. Намайг наашаа гарахад уламжлалт амьдрал өнөөдрийнхөөсөө илүү уугуулаараа байсан. Яахав сүүлийн 10 гаруй жил морь унадаг хүмүүс цөөрч, мотоцикл унаж, машин барьдаг хүн олширсон ч тэмээ, сарлагтаа гэрээ ачаалаад нүүдэллэж л байна.

-Дээд Монголд монгол хэлээрээ боловсрол эзэмших боломж хэр байдаг вэ?

-Монгол хэлээр боловсрол эзэмших боломж бий. Бага сургууль, дунд сургуулиуд монголоор хичээлээ зааж байгаа. Хөхнуурт нэг их сургуультай. Бас 56 бага сургуультай. Хүүхдүүд монгол хэлээрээ суралцаж байна аа.

-Та уран зохиолын хорхойтон, зохиолч, яруу найрагч хүн. Ямар, ямар монгол зохиолчдын ном бүтээлийг уншиж өссөн бэ?

-Монголд алтан үе гэж нэрлэгдэж байгаа зохиолчдын бүтээлүүдийн хуучны хэвлэлүүд Хөхнуур руу их хүрсэн байдаг. Манай аав XX дугаар зууны Монголын сонгодог зохиолчдын бүтээлийг цуглуулдаг байсан юм. Миний хувьд дунд сургуульд байхдаа “Тунгалаг тамир”, “Үүрийн туяа”, “Зүрхний хилэн” романууд, Бэгзийн Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ”, Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Уянгын тойрог” зэрэг яруу найргийн номууд уншиж байсан. Үүнээс хойно би 2002 онд Өвөрмонголын утга урлагийн холбоонд нэг жил ажиллахдаа монгол зохиолчдын намтар уран бүтээлийг “Дэлхийн утга зохиол” сэтгүүлд нийтэлж байсан юм. Тэдгээр намтруудыг монгол бичигт хөрвүүлж, “Халхын хүүхнүүд” гэсэн нэртэй сэтгүүлийн тусгай дугаарыг монгол бичгээр гаргаж байлаа. Тэгж л царай төрхийг нь ганц удаа хараагүй зохиолчдын уран бүтээл, намтартай нь танилцаж байлаа.

“БАЙЦАЙ ГЭЖ МОНГОЛ НЭР БАЙХАД ЦАГААН НОГОО Ч ГЭХ ШИГ…”

-Одоо хоёулаа монголд ирж байсан цаг мөчийг дурсъя. Та монголд хэрхэн хөл тавив? Монгол орон, хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

-Монголд их сургуулийн урилгатай оюутнууд ирдэг байсан. Би 2004 их сургуульд магистрантаар суралцахаар монголд ирсэн. Хамгийн бэрхшээлтэй зүйл нь хэл яриа л байсан даа. Би нутгийн аялга ихтэй ярьдаг байсан юм. Анхандаа хүмүүстэй ойлголцоход бэрх байсан. Хүмүүс аль нутгийн хүүхэд вэ гэхэд нь заримдаа Увс, Ховдынх гээд хэлчихдэг байлаа. Харин заримд нь урдаас ирсэн гэхээр Дээд монгол гэж бүр мэддэггүй. Өвөр Монгол гэж хэлвэл л ойлгоцгооно.

Хүмүүс бүгд л сайхан хүлээж авсан. Хэл аялгаараа ялгарч байгаа нь харин ч надад сонирхолтой байсан. Зохиолч бүтээлчид энэ бүр хол нутгаас хүрээд ирсэн байна гэлцэнэ. Тэр тусмаа манай настай зохиолчид, эрдэм шинжилгээний ажилтнууд бол “Дээд монгол” гэж мэдээд ихэд тал өгч, яриа өрнүүлдэг нь таатай байсан. Тэр тусмаа Хэл зохиолын хүрээлэнгийн багш нар Дээд Монголын тухай маш сайн мэддэг. Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш л гэхэд ихэд тоон элгэмсэж, нутаг орны маань тухай ярихад сайхан байж билээ. Харин анх зохиолчид дунд ороод Дээд монголын тухай ярихад их гайхаж байсан. Танай Дээд монголд ямаа, тэмээ байдаг уу, мал малладаг уу гээд танин мэдэхүйн асуултууд их асуудаг байж билээ.

-Аялга хийгээд соёлын ялгаагаа хэрхэн даван туулав даа?

-Аялгын иймэрхүү ялгаа бол эмзэглээд байхаар зүйл биш л дээ. Харин монголын уламжлалт амьдралд байгаагүй гадаад үг өнөөдрийн монголд төдийгүй дэлхийгээр тарсан монголчуудын хэрэглээнд их  байгааг анзаарсан.

Гэргий маань МУБИС-т хэл шинжлэлийн чиглэлээр магистр хамгаалсан. Бид хоёр яг ямар сэдэв сонгож, дипломоо бичих вэ гэж бодож байгаад дээд монгол аман яриан дахь харь үг, халх монгол аман яриан дахь харь үгийг харьцуулан судалсан. Дээд монголд бол ихэнх технологийн үг, ойлголтыг Хятадаар нэрлэдэг. Харин Монгол Улсад оросоор нэрлэнэ. Судалгааны зорилгоор нэг өдөр Баянзүрх зах орлоо. Ногооны худалдагчаас нутагтаа хэлж заншсанаараа “цагаан ногоо” авъя гэж асуусан. Харин худалдагч өөдөөс “Чи Өвөр Монгол уу, Өвөр Монголоос ирсэн хужаа байна л даа. Байцай гэж монгол нэр байхад цагаан ногоо ч гэх шиг” гэсэн. Уг нь “цагаа ногоо” гээд монгол үг хэлж байхад, монгол худалдагч бид нарын өөдөөс “байцай” гэсэн хятад үгийг монгол үг гэж хэлсэн. Дараа нь барилгын материалын зах гэх мэт олон газраар явж, судалгаа хийсэн. Гадаад үг их ашигласнаасаа болоод хүмүүсийн дунд үл ойлголцол их гардаг. Анх монголд ирчхээд найзуудтайгаа чинийх зөв, минийх зөв гээд их маргалддаг байсан л даа. Сүүлдээ судлаад, энэ маргаанд хэн нь ч ялахгүйг ойлгосон. Бидний хэлэнд ямар олон гадаад үг ороод ирснийг ойлгосон. Одоо бидний хийх ёстой ганцхан зүйл монгол хэлээ илүү дархлаатай болгох л чухал.

МОНГОЛД ИРЖ СУРАХ ОЮУТНУУДЫН  ТЭМҮҮЛЭЛ МАШ ИХ БОЛСОН

-Монголд ирээд утга, уран зохиолын хүрээлэлтэй танилцаж, тэдний дунд амьдарч эхлэх танд сонирхолтой байсан байх. Тусалж дэмжсэн хүмүүс, анхны адал явдлуудаасаа яриач?

-Монголд ирээд хоёр сар болж байсан юм. Хичээлгүй зарим өдөр цүнхээ үүрээд гудамжаар тэнэж өгнө. Хамаг юм сонин. Нүдээрээ нэгжээд л явдаг байлаа. Аминдаа монгол бичгээ л хайгаад яваа юм. Тэр үед өнөөдрийг бодвол Улаанбаатарын гудамж англи голцуу гадаад хаяг эрээлжилж байдаг байлаа шүү дээ. Харин нэг өдөр явж байгаад “Монголын нууц товчоо” гэсэн босоо бичигтэй хаяг олж үзээд, дотор нь юу байдаг юм бол гээд эрхгүй хаалгыг нь татсан. Явсаар хоёр давхар руу нь гарвал намтрыг нь хөрвүүлж байсан өнөө алдартай зохиолчдын маань зураг хананд ярайтал өлгөөстэй угтдаг байгаа. Онгорхой хаалга хайн бүгдийг нь түлхэж үзтэл ашгүй нэг өрөө онгорхой, дотор нь хүн байх юм. Ширээний цаанаас нэг намхан ах надтай мэнд мэдэн хаанаас явж байгааг минь асуугаад яруу найрагч уу, зохиолч уу гэж асуух нь тэр. Би ч тийм ээ би яруу найрагч гэж хэлээд сандал руу суулаа. Намайг аль нутгаас явж байна гэж асуухад нь “Дээд монгол” гэж хэлсэн. Тэгж л анх удаа яруу найрагч Х.Чилаажав ахтай уулзаж байлаа. Чилаа ах тэр үед Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Бид хоёр танилцаад сууж байтал гаднаас яруу найрагч Ж.Баяржаргал ах орж ирлээ. Бид сайхан танилцаж, хэсэг юм ярьж суусны дараа маргааш болох Монгол- Япон зохиолчдын уулзалтын урилга өглөө. Би ч маргааш нь яваад очтол миний бахархаж омогшдог, намтрыг нь мэддэг зохиолчид бүгд ирчихсэн байлаа. Түүн шиг баяр амьдралд барагтаа тохиогоогүй дээ. Зохиолчид ч энэ уулзалт олон улсын хэмжээнд болж байна хэмээн надад мөнгө аягатай сүү барьж билээ. Тэр мөч л ер мартагддаггүй юм. Түүнээс хойш зохиолчидтой ойр дотно болж, яруу найргийн наадмуудад орж шүлэг бүтээлээ уншдаг болсон. Анх ирээд УДЭТ, Соёлын төв өргөөнд болж байгаа бүх тоглолтыг үзэж, сонирхдог байлаа. Сүүлийн 10 гаруй жил яруу найрагчдын давлагаа болсон жилүүд байлаа. Төв нутгийн яруу найраг болоод ч тэр үү шүлэгтээ хэрэглэж байгаа үгийн хэрэглээ, сонголт, илэрхийлэл маш тод.

-Таны хувьд Дээд Монгол болон Өвөр Монголын уран зохиолыг Монгол Улстай холбох чиглэлд бараг 20 гаруй жил ажиллаа. Энэ хугацаанд хийсэн хөдөлмөрийнхөө тухай яриач?

-Өвөр Монголын сурах бичигт уг нь Монгол Улсын өчнөөн зохиолчдын уран бүтээл байдаг байсан. Сүүлийн үед хасагдсаар одоо бүр хөтөлбөрөөс хасагдлаа. Үүнд бид хилийн наанаас хэчнээн орилоод нөлөөлж чадахгүй. Хэрэв эх хэлээ хамгаалъя, ахан дүүсээ өмгөөлье гэвэл хэлэх биш хийх хэрэгтэй. Энэ бол нэн түрүүн бидний уран бүтээлчдээс эхлэх ажил.

Миний хувьд монгол зохиолчдын бүтээлийг кирилл бичгээс монгол бичигт хөрвүүлсэн. Чамгүй олон яруу найргийн антологи, мөн шинжлэх ухааны бүтээлүүдийг хөрвүүлжээ. Тэдгээр шинжлэх ухааны бүтээлийн нөлөө гэрлийг авсан хүүхдүүд монголд ирж суралцвал дипломоо түүртэлгүй биччихдэг. “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийг манай “Монгол уламжлалын ака­демиа” 2012 оноос хойш тогтмол гаргаж буй нь тус дэм болж байгаа байх. Тухайн сэтгүүлд монгол судлаачдын бүтээлийг хөрвүүлэн нийтэлж, Дээд монголын багш нарын бүтээлийг мөн нийтэлдэг. Өнөөдрийн байдлаар Монголын уран зохиолын 60 гаруй номыг монгол бичигт хөрвүүлж,  Дээд Монголын 40 гаруй номыг Монгол Улсад хэвлүүлжээ. Мөн 20 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийн ном боосон байна.

2006 онд их сургуулиа төгсөөд “Монгол уламжлал академиа”-д ажиллаж байна. Монгол туургатны оюутан залуусыг уулзуулдаг цугларалтыг академиас жил бүр санаачлан зохион байгуулсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл 200 илүү оюутан иржээ. Сүүлийн хоёр жил л цар тахлын улмаас зохион байгуулж чадсангүй. Тэд маань ирээд Монгол Улсын сор болсон хүмүүстэй уулзах хүсэлт тавина. Бид ч тэр бүгдийг уулзуулж, хөдөө байгальд 10 хоног сургалтаа явуулдаг. Л.Дашням багш маань үүнд хамгийн их сэтгэлээ чилээнэ. Монголын уран зохиол, түүхийг ярьж, асуусан асуулт бүхэнд нь хариулдаг. Бид оюутнуудаа галт тэрэгнээс тосоод хамгийн түрүүнд Д.Нацагдоржийн хөшөөнд аваачдаг. Дараа нь Чингис хаан, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд очдог. Ирж байгаа оюутнууд Явуухулангийн хөшөө, Нацагдоржийн хөшөөг асар том хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байх гэсэн төсөөлөлтэй ирдэг юм шиг билээ. Тэр төсөөллөө их сониноор илэрхийлж, “Ийм жижигхэн газар байж байдаг юм уу? Ийм том хүнийг ийм жижигхэн газар байгуулчихсан байдаг юм уу?” гэлцэнэ шүү дээ. Энэ сургалтад ирсэн оюутан залуусын монголыг ойлгох ойлголт тэлж, оршин суугаа орондоо их өндөр сэтгэгдэлтэй буцдаг байх. Яагаад гэвэл монголд ирж сурах оюутнуудын  тэмүүлэл маш их болсон.

МОНГОЛ РУУ ЯВАХ ЗҮГ ЧИГИЙГ ААВ МИНЬ ЗААЖ, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛИЙГ МИНЬ ХӨВЧИЛЖ ӨГСӨН

-Нутаг орноо орхин, иргэншлээ солих нь хэн хүний зориглож хийх алхам биш. Таныг ийм шийдвэр гаргахад юу чухам нөлөөлөв?

-Угаасаа би монгол хүн. Өөртөө шингээж авсан бүхий л эд эс минь монгол. Бидний өвөг дээдсийн эх нутаг болсон Монгол орныг зорих нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа монгол хүн болж төрсөн хэн бүхний мөрөөдөл байх. Монгол руу явах зүг чигийг анх аав минь зааж, хүсэл тэмүүллийг минь хөвчилж өгсөн. Би 2003 онд их сургуулиа төгсөж, 2004 онд сэтгүүлийн хороонд ажиллах гэж байхад аав маань миний хүү чи сэтгүүлийн хороонд сууж шүлэг бичих гэж байгаа юм бол зуны гурван сар л надад хонь хариулж өг. Бусад хугацаанд нь чи чөлөөт уран бүтээлч бол. Нэг бол монгол руу яв. Үнэхээр л уран бүтээл хийх гэж байгаа юм бол тэнд очиж уран бүтээлээ туурви. Нэг бол мэргэжлээ дээшлүүлээд судалгааны байгууллагад монгол судлалын чиглэлээр ажил гэсэн. Тэгээд л би монголд ирж суралцахаар зориг шулуудсан. Ирснээс хойш хоёр сарын дараа эхнэр маань ирж, бид монголд танилцсан. Тэгээд магистраа хамгаалсны дараа хаана амьдрах вэ гэдэг сонголттой нүүр тулсан л даа.  Нэг нь монгол судлалын хүн, нэг нь хэлний чиглэлийн хүн тул монголд амьдаръя гэсэн сонголтыг хийгээд эндээ үлдсэн. Монгол судлалын төв нь энд, монгол хэлээр яригч соёлын төв нь энд байхад ийм сонголт хийхээс аргагүй.

Танай нутгийнхан монгол руу цайны дээжээ өргөдөг, Монгол Улс хүслийн орон нь байдаг тухай аялсан хүмүүсийн тэмдэглэлд олонтаа дурдсан байдаг…

-Монголын Эзэнт гүрний үед бид хэчнээн том гүрэн байлаа. 1227 онд Чингис хаан Тангудыг дайлаар мордож, баруун тийш дөрөө жийснээс хойш монгол угсаатны нүүдэл тасраагүй. Тиймээс төрийн минь сүлд өршөө гэж бүх газрын монголчууд хэлж байна шүү дээ. Төрийн сүлд гэдэг үг хүмүүсийн зүрхэнд буй бичигдээгүй том тамга. Дээд монголчууд баруун тийш, монгол руу харуулж эмээлээ тавьдаг. Тэгэх ёстой юм шиг л яг монгол руу заавал харуулж тавьж, цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Үүнийгээ бид сайн анзаардаггүй юм билээ. Дээд Монголоор явсан Монгол Улсын судлаач, сэтгүүлчид л элгэмсэж, энд ирээд хэвлэн нийтэлснийг үзээд эртний учир шалтгаан, бэлгэдлийн учир холбогдлыг ухаарч байгаа юм.

-Монгол улсын иргэн болохын тулд хэдэн жил зарцуулав? Энэ учир дээр ялангуяа Өвөр Монгол иргэдэд чамгүй бэрхшээл тулгардаг гэж ярьдаг. Гэр бүлээрээ Монгол Улсын иргэн болсны хувьд манай үзэгчдэд энэ тухай дурсаач?

-Монгол улсын иргэн болох  өргөдлөө бид 2014 онд өгсөн. Гэр бүлээрээ хүсэлт гаргаж байгаа хүмүүс өргөдөл өгөхөөс өмнө нь монголд тасралтгүй найман жил амьдарсан байх хэрэгтэй юм билээ. Өргөдлөө өгсөн ч материалууд хэд хэдэн удаа буцаагдсан. Бид ч нэмж өгөх ёстой материалуудаа нэмж өгсөөр л байсан. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр бичиг баримт очиж, зохих хугацааны дараа Ерөнхийлөгчийн зарлигаар монгол улсын иргэн болдог юм билээ. Бид зургаан жил хүлээж байж сая нэг юм Монгол Улсын иргэн боллоо.

УРАН БҮТЭЭЛЧ ХҮМҮҮС ЗАХ ЗЭЭЛИЙН ХОМОРГОНД ХҮЧИН МӨХӨСДӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

-Монгол хүн л болсон хойно нутгаа санана. Хэр их нутаг гүйж байна?

-Аав ээж, ах дүү минь цөм тэнд байгаа шүү дээ. Очилгүй яахав. Жил болгон л очдог. Хэдий амьдрал ахуй төвхнөөд өмнөө тавьсан зорилгын төлөө яваа ч жилдээ нэг удаа аав, ээж дээрээ очиж байна гэж төлөвлөсөн. Бас энэ хугацаанд санасан юм байлгүй, Дээд монголоос 600 гаруй хүн авчирч, Монгол Улсын үзэсгэлэнт хөдөө нутгаар аялуулсан. Манай хамаатнууд, аав, ээж бүгд л ирсэн. Мөн хамаатан садны хүүхдүүд энд ирж сургуульд сурсан. Ер нь бол энэ хугацаанд их л юм боллоо.

Таниас асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. 16 жил монголд ажиллаж амьдарч байгаа хүний хувьд анзаарсан л байх. Тэр үеийн Монгол одоо хэрхэн өөрчлөгдөв?

-Маш их барилга баригдаж, хүмүүсийн сэтгэлзүй илүү даяарчлагдаж байна. Гадны соёл маш их нэвтэрч, нөлөөлж, карьерээ өсгөх сургалтууд газар авчээ. Залуучууд ч тийм болох юмсан гэж, манлайлагч байхсан гэж тэмүүлж байна. Мөн компани байгуулах юмсан, ашиг орлого арвинтай бизнес хийх юмсан гэсэн залуус их байна. Тэр нь ч нэг талаасаа зөв. Гэсэн ч маш олон залуус, ажиллах хүчин гадагшаа явж байна. Оршихуйн нөхцөл нь бизнес байдаг гэсэн бодолтой залуус олон болж. Анх монголд ирээд уулзаж байсан хүмүүсийн ихэнх нь уран бүтээл ярьдаг байсан бол одоо уран бүтээлчидтэйгээ уулзахад хүртэл болж л өгвөл бизнес ярих гэдэг болжээ.

Судалгааны чиглэлийн, уран бүтээлч хүмүүс зах зээлийн хоморгонд хүчин мөхөсдөх хандлагатай байна. Уран бүтээлчид уран бүтээлээ цахим сүлжээгээр цацахаа л урьтал болгох болжээ. Олон танигдах тэмүүлэл энэ үзэгдлийг удирдаад байх шиг. Гэвч эцсийн бүлэгтээ тухайн бүтээлийн чанар нь ямар юм байна гэдэгт анхаарах хэрэгтэй юм болов уу даа гэж бодогддог.

ЗОРИЛГО ТОДОРХОЙ: ХИЛИЙН ГАДНА БАЙГАА МОНГОЛЧУУДЫН УРАН БҮТЭЭЛИЙН АЙ САВЫГ МОНГОЛД ТӨВЛӨРҮҮЛЭХ

-Одоо эдүгээ эрхэлж буй ажил хэргийн тань талаар ярилцъя. Уран зураг, уншлага, бий биелгээ, уртын дууны сургалт бүхий дугуйлан ажиллуулдаг юм билээ…

-Эхнэр маань хүүхдүүдтэйгээ ойр байж ажиллахын хажуугаар нийгэмд хэрэгтэй юм хийе гэж шийдэж, ер нь хүүхэдтэй ажиллах сонирхолтой байсан болохоор 2017 оноос “Гэр хүүхдийн урлан”-г байгуулсан.

Улаанбаатарт хотын төвд л юм хийвэл сонирхолтой, ач холбогдол, үнэ цэнэтэй гэсэн хандлага бий. Гэтэл энд, Сонгинохайрхан дүүрэгт бага насны хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, олон нийтийн харилцаанд орох газар ховор байна. Бас эндэхийн хүүхдүүд хичээлээс гадуур төлбөртэй сургалтад хамрагдах санхүүгийн боломж муутай. Хүүхдүүдэд зураг зурах, гарын доорх материал, хог хаягдлаар өөртөө болон гэр бүлийнхэндээ хэрхэн хэрэгтэй зүйлс хийх зэрэг бүтээлч сэтгэлгээний төрөл бүрийн хичээлийг эхнэр маань заадаг юм. Одоо урланд маань 60 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Анхандаа төлбөр авалгүй хоёр жил ажилласан. Харин гурав дахь жилээсээ сарын 35 мянган төгрөгийн төлбөртэй болсон.

Урлангаас гадна дэргэд нь кофе шоп ажиллуулах болсон. Энд хэн ч орж ирээд сууж болно. Хүүхдүүд нам гүм орчинд суугаад гэрийн даалгавраа хийж болно. Уран бүтээлчид хүсвэл ирээд номын нээлт, медиа контент, уулзалт, ярилцлагаа ч хийж болно. Хамгийн гол нь нэг дүрэмтэй. “Согтууруулах ундаа байхгүй, интернет байхгүй”. Бид хүүхдүүд хичээлээ хийх, ном унших тухтай интернетгүй орчинг бүрдүүлсэн. Мөн багш нарт манай танхимыг ашиглаад бий биелгээ, уртын дуу, хөөмийн сургалт явуулах боломж олгосон. Цар тахал намжихаар удахгүй үүд хаалгаа нээнэ ээ.

Сонгинохайрханы энэ хавьд архичид их цугладаг газар байсан. Урлан маань ажиллаад, хүүхдийн хөл тасрахаа больсноос хойш тийм улс ч цуглахаа болиод тойрдог болсон байна билээ.

-Та нэлээд олон удаа зорилго гэж ярилаа. Уран бүтээл, ажил хэргийн цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаад ярилцлагаа өндөрлөе.

-Зорилго бол маш тодорхой. Хилийн гадна байгаа монголчуудын уран бүтээлийн ай савыг монголд төвлөрүүлэх бол эхний зорилго. Хүүхэд хөгжүүлэх урлангийнхаа үйл ажиллагааг идэвхжүүлж, авч үлдэх том зорилго бас байна. Уг нь 2015 “Хуучин танил” яруу найргийн ном хэвлэлд бэлдсэн ч хэвлүүлж амжаагүй л байна. Энэ жил гурван яруу найргийн ном хэвлүүлнэ гэж бодож байгаа. Мөн Л.Дашням багштайгаа ярилцсан ярилцлагын ном энэ онд хэвлүүлэхээр төлөвлөсөн.

Сэтгүүлчийн тэмдэглэл: 

Ярилцлагын гарчигт яруу найрагч Б.Бүргэдийн өмнө “ДЭЭД МОНГОЛ” гэсэн тодотгол тавьснаа эргүүлэн арилгалаа. Бид дээд, ар, өвөр гэх мэтчилэн бусдын заасан ойлголт, бусдын заасан хязгаарт багтаж, хэл нэгт, хэвэл нэгт ахан дүүстээ хүнийсэх сэтгэлээр ханддаг байдлаа ч ийнхүү арилгахаас аргагүй цаг үе тулж иржээ. Үүнд үгээрээ ч, үйлдлээрээ ч уриалж яваа жирийн монгол залууг бид танилцуулахыг хичээлээ. Тэр бол Монгол Улсын иргэн Балжийн Бүргэд. Монгол Улсын төрийн дуулал,

“Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт…” гэж эхэлдэг юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

48 Сэтгэгдэл

  1. Монгол Улс, монгол хэл гэж хоёр үгээ ялгаж зөв бичээч сэтгүүлч гуай. Монголд ирсэн гэвэл м заав#### томоор бичигддэг шүү дээ

  2. МОНГОЛ УЛСЫН МИНЬ ГОЛОМТ ӨНӨ МӨНХ МАНДАН БАДАРЧ, ӨРГӨЖИН ТЭЛЖ ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭХ БОЛТУГАЙ!!!

  3. Тийм юмаа заав#### ар өвөр дээд монгол гэж хувааж хэрчиж жижиглэх хэрэггүй юм байна. Сайн сайхныг хүсэе.

  4. Бид цуглах болсон. Үнэхээр сайн байна. Хийсэн ажилтай зөв бодолтой юм. Улам их амжилт хүсье

  5. Маш Сайхан з####уус байна,их баярл####аа,Сонгино хайрханы хуухэд багачуулд Маш их тустай сайхан буян хийж байгаад их баярл####аа ???????? Та нартаа аз жарг#### Эруул энх хамгийн сайн сайхан бугдийг хусье ????

  6. Маш Сайхан з####уус байна,их баярл####аа,Сонгино хайрханы хуухэд багачуулд Маш их тустай сайхан буян хийж байгаад их баярл####аа ???????? Та нартаа аз жарг#### Эруул энх хамгийн сайн сайхан бугдийг хусье ????

  7. сэтгүүлчээс асууя ДЭЭД МОНГОЛООС ИРСЭН ГЭДГИЙГ ОЙЛГОСОНГҮЙ ЮУГЭЭД ХУЦААД БГА ЮМ.ӨВӨР МОНГОЛ БИШ ЮМУУ БИД НАР ЯМАР МОНГОЛ ЮМ

  8. Сайхан хөдөлмөрч бүтээлч хүн байна ажил үйлст нь амжилт хүсье. Монголоо гэсэн олон олон хүмүүс эх Монголд минь эргэн ирэх болох болтугай.Монгол төр ####гаа тосон хүлээн аваасай

  9. Монгол улсын иргэн болсонд юуны түрүүнд баяр хүргэе. Монгол улс маань зөв сайхан хүмээсээр дүүрч улам өнөр өтгөн болоосой.

  10. Баяр хүргэе, Монгол улс дэлхийн монголчуудын эх орон шүүдээ, монгол хүн эх орондоо ирж амьдрах нь нутгаа зорьж байгаа морь шиг шүүдээ, баярлан угтаж байна, Монгол орондоо тавлаг сайхан амьдраарай.

  11. Тэр дээд монгол гэж юу хуцаад байгаа юм би тэгээд ямар монгол юм гээд байгаа үхэрт хэлэхэд чи бол үхэр төв х####х

  12. Өвөрмонголыг хужаа цаашаа бай гээд байгаа дээд монгол гэж юу хуцаад байгаа юм энэ тэр гээд байгаа нөхдүүд бол хөмөрсөн тогоон дотор цээжээ дэлдэж хир хөлсөө үнэртүүлсэн оркууд шүү

  13. сайн байна та бүгдэд баяр хүргэе олон олон монголчууд минь эх орондоо иж тавтай амьдрацгаа

  14. Аз жарг####, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Монгол улсад ирсэнд маш их баярл####аа. Үеийн үед улам бүр батжих болтугай

  15. Иргэншил авах гэж их уддаг юм байна.Эмч багш инженер боловсрол өндөр хүмүүст шууд иргэншил олгомоор юм.

  16. Za ter nariin nogoonii naimachin avgain yvdal setgelruu ymr gun orj bnaa , manaihan arai l archaagui bnshu uuh tuuhee medehgui deeresn mongol hytad oros ugnuude yalgahgui! Uneheer bolovsrolgui zavaan archaagui!

  17. Deed mongol gedeg chin hytadad shinjan uigariin Urdu hoh nuurt baidag tsoohon mongolchuudiig 1600 gaag orii Ued nerleseer irsen yum tuuhee medehgui ork atznuudaa. Ali esvel hurliizuud zoriud uimuulj baigaa

  18. ИХ МОНГОЛ НЭГДЭЖ ГҮРЭНМОНГОЛ БОЛОХ ЭХЛЭЛ БАЙХ БОЛТУГАЙ, ТА ХОЁР МИНЬ ЭХ НУТАГТАА САЙХАН АМЬДАРЧ,МУНХАРСАН МОНГОЛОО СЭРЭЭГЭЭРЭЙ

  19. ТА ХОЁРТ ЭРҮҮЛ ЭНХ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ!
    УЛАМ ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭГЭЭРЭЙ. ЯНЗ БҮРИЙН ХҮМҮҮСИЙН ЭЛДЭВ ҮГЭНД БҮҮ ГОМДООРОЙ. СЭТГЭЛ НЬ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЖАРГАЖ БҮТЭЭЛЭЭ УРЛААРАЙ.

  20. Би өвөрмонголчуудыг Монгол гэж хэлж чадахгүй их л муу хүмүүс Эрээн хотод биднийг доромжлоод л сууж байдаг тэд эх оронгүй хүмүүс

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button