Нийгмийн

Д.Сэрээтэр: Цагаан сараар морины сайныг унан, шинэлж явах мөн ч сайхан шүү

Өнөөдөр монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын шинийн нэгэн. Шижрүүн мөнгөн өвлийг өнтэй давж, шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны баярыг угтан нэгэн эрхэм хүнийг уншигч та бүхэнтэй “уулзуулъя”. Ярилцлагыг нь шинийн нэгэнд нийтлэхээр хоймортоо зорин байж урьсан эрхэм бол Ардын багш, Гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэр гуай.

Монголын чөлөөт бөхийн алтан үеийн төлөөлөл, олимпоос медаль хүртсэн анхны тамирчдын нэг, Төв аймгийн Лүн сумын харьяат түүнтэй энэ сарын 10-нд ярилцсанаа сонирхуулъя. Бид яриагаа цаг үетэй уялдуулан Цагаан сар, сар шинийн барилдааны талаар түлхүү өрнүүллээ.

-Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр айлчлан ирлээ. Дээхнэ үед сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байв?

-Юуны өмнө монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Цагаан сар бол Монголын уламжлалт сайхан баяр. Өвөг дээдсээ эрхэмлэн, хүндэтгэхийн илэрхийлэл болсон ёс заншил. Өвлийг өнтэй давлаа, малаа онд оруулж чадсан, төл хүлээж авахад бэлэн болсон цаг үе л дээ. Монгол түмэн Цагаан сар, улсын наадамд баяр баяраас илүү ач холбогдол өгдөг. Аль болох бэлэг дэмбэрэлтэй, өлзийтэй сайхан зүйл ярилцан, энх цагтай золгосноо тэмдэглэдэг уламжлалтай. Монгол түмэн үеийн үед эрхэмлэн дээдэлж, уламжилж явах учиртай баяр бол Цагаан сар.

Намайг бага байхад Цагаан сарыг өнөөгийнх шиг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байсан. Нэг их юм бэлдэхгүй. Нутгийнхаа ахмад хүмүүст юун түрүүнд золгоно. Одоогийнх шиг машин элбэг байсангүй. Хаана л бол хаана морьтой давхиж явна. Нутгийнхаа бүхий л айлаар зочилно. Танихгүй айл үгүй. Хөдөөгийнхөн зочломтгой хүмүүс шүү дээ. Зарим нэг айлд оролгүй ирвэл настай хүмүүст зэмлүүлнэ. Цагаан сарын бэлэг гэж заавал том юм өгөхийг, авахыг чухалчлахгүй. Зочныхоо гарын алгыг дээш нь харуулах л чухал. Хэвийн боов, ёотон, чихэр бэлэглэнэ. Бэлгээ цуглуулсаар уут дүүрэн хэвийн боов, ёотон, чихэр ганзагалаад давхидаг байлаа. Идээндээ чихэр тавьсан айл нүдний гэм. Нэлээд боломжтой айл чихэртэй байдаг байлаа.

Монголчууд ямар нэгэн баярт гоёж очих дуртай улс. Цагаан сар, наадам, сонгуульд хамгийн сайхан хувцсаа өмсөн, мориныхоо сайныг, унах дуртай нь одоо ч хэвээрээ. Сар шинийн баяраар морины сайныг унан, шинэлж явах мөн ч сайхан шүү.

-Нэг хэсэг сар шинийн баярыг хориглож байсан гэдэг. Үнэн үү?

-Үнээн. Тэгснийг нь би сайн санаж байна. 1950-иад оны үед юм уу даа. Засаг төрөөс л сар шинийг баярыг тэмдэглэхийг хорьсон юм. Тэр үеийн цаг үетэй холбоотой. Тухайн үед би бага, найман настай байсан үе. Аавтайгаа хамт орой үдшийн цагаар нууцаар айл хэсдэг байлаа.

-Тухайн үед сар шинээр ууц тавьдаг байв уу?

-Намайг 10 настай байх үед лав айлууд ууц тавьдаггүй байсан. Айл нэг их хэсэхгүй болчихсон байсан. Харин сүүлийн үед Цагаан сарын баярыг өргөн дэлгэр, сайхан тэмдэглэдэг болсон нь олзуурхууштай. Малчдад, монгол түмэнд ч сайхан байлгүй яах вэ. Баярлаж, цэнгэхдээ гол нь бус өв уламжлалаа дээдэлж, ахмад настнаа хүндлэн, амар мэндийг нь мэдээд золгох чухал юм шүү.

-Цагаан сарын баярыг бөхийн барилдаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Таныг ид барилдаж байх үед сар шинийн бөхийн барилдаан хэр болдог байв?

-Их сайхан болдог байлаа. Цагаан сарын барилдаанд одоогийнх шиг олон бөх барилдахгүй. Олондоо 64 бөх барилддаг байв. Бөх цөөн, 128 хүрдэггүй байсан шүү дээ. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилээ цол ахьдаг гэж бөхчүүд бэлгэшээдэг. Тэгдэг гэдэгт би ч мөн итгэдэг. Жил жилийн Цагаан сарын барилдаанд заавал зодоглохыг чухалчилдаг байлаа. Амжилт гаргах, түрүүлж үзүүрлэх бус сар шинээр хийморио сэргээх, түмэн олноо хүндлээд барилдах л надад чухал байсан юм.

Намайг ид барилдаж байх үед “Хоёр Мөнх” аварга босоо байлаа. Цагаан сарын барилдаанд ихэвчлэн тэр хоёрын аль нэг нь түрүүлнэ. Тэр үеийн барилдаан их шударга, шуурхай болдог байв. Одоогийнх шиг будилаад, элдэв маргана гэж үгүй.

-Та ер нь сар шинийн барилдаанд ямар амжилт гаргаж байв?

-Би сар шинийн барилдаанд 1963-1990 он хүртэл барилдсан. Үнэндээ нэг их гавьтай амжилт гаргаагүй. Ихэвчлэн хоёр юм уу гурав даваад л том цолтонд амлуулаад өвдөг шорооддог байлаа. Тэд амлах эрхтэй, би амлуулах ёстой хүн. Мэдээж давъя гэж бодоод барилдана. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргаас гадна олон сайхан бөх байлаа.

-Ихэвчлэн хэн, хэнд амлуулаад өвдөг шороодсон бэ?

-Ж.Мөнхбат аварга, Цэрэн аварга, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуай нарт голдуу унасан. Улсын харцага Өвгөнхүү зэрэг тунадаг хэд хэдэн бөх байв. Бидний үед нэг дутагдал байсан юм.

-Тэр нь юу вэ?

-Бэлтгэл. Үндэсний бөхийн бэлтгэлийг өнөөгийнх шиг өндөр түвшинд, тогтмол бэлтгэл хийдэггүй байв. Ёстой байгалийн бяртай бөх л түрүүлж байсан болов уу.

-Тухайн барилдаанаа зурагтаар одоо үзэхэд танд ямар санагддаг вэ?

-Бидний үед элдэв будлиан, найраа огт байгаагүй. Хоёр бөх хоорондоо учраа таарсан л бол ана мана барилдана. Цагаан сарын барилдаан цол олгодоггүй тул шударга болдог гэж хүмүүс ярьдаг. Уг нь улсын наадам ч гэсэн сар шинийн барилдаан шиг шударга болох учиртай юм шүү дээ. Одоо зарим зүйл утгаа алдаж байна. Зөвхөн наадамд ч бус улсын аварга, нэрэмжит барилдаанд аймаг, сумын цол олгож буй нь утгагүй зүйл. МҮБХ хэлэлцэж байгаад дүрмийг нь өөрчилсөн нь их зөв алхам.

Цаг үеэ дагаад юм хөгжиж байгаа ч зарим зүйлийн утга алдагдаж байна. Яагаад вэ гэвэл хүүхдийн найр, цолны найранд түрүүлсэн бөх, моринд медаль өгөөд байх юм. Шагналын үнэ цэнийг улам алдагдуулаад байгаа юм л даа. Шагналын, медалийн, цолны үнэ цэнэ сүүлийн үед дэндүү их алдагдаж байна.

-Цагаан сарын барилдаанд амжилт гаргасан бөх тэр жилээ цол авдаг, ахиулдаг гэж хүчтэнүүд бэлгэшээдэг. Таны амжилтад сар шинийн барилдаан хэр нөлөөлсөн бэ?

-Их нөлөөлсөн шүү. Сар шинийн барилдаанд гайгүй барилдахаар сэтгэл зүй тэс өөр болчихдог. Улсын наадамд төдийгүй чөлөөт бөхийн спортоор гаргасан амжилтад их нөлөөлсөн шүү.

-Сүүлийн хоёр жил Цагаан сарын барилдааныг өнжлөө. МҮБХ сар шинийн барилдааныг Говь-Алтай аймагт хийх санал гаргаад ч дэмжигдсэнгүй. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ц.Магалжав залуу хүн, уламжлалаа хүндэтгэсэндээ тийм шийдвэр гаргасан байх. Монгол Улс өнгөрсөн жил Цагаан сарын баярыг хориглосны хүчинд халдвар хожуу илэрсэн гэж боддог. Энэ жил сар шинийн баярыг хориглосон нь зөв. Төр, засгийн шийдвэрийг дэмжиж байна. Би буруу гэж хэлэхгүй. Яагаад вэ гэдэл, Монгол Улс өнгөрсөн намар хэтэрхий санаа амарч, назгайраад халдварыг алдсан шүү дээ.

Одоо Цагаан сарын баярыг өмнөх шигээ өргөн дэлгэр тэмдэглээд, бөх барилдуулсан бол халдварын голомтыг улам алдах эрсдэлтэй. Барилдуулснаас болж бөхчүүд халдвар авбал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Эдгэсэн ч ужиг өвчтэй болвол яах вэ. Энэ асуудалд их ул суурьтай хандах хэрэгтэй. Говь-Алтайд бөх барилдуулаад халдвар тархахгүй гэсэн баталгаа байхгүй. Хоёулаа ингээд ярилцаад сууж байна. Хэн нэг маань халдвартай эсэхийг шууд хараад мэдэх боломжгүй. Ийм их эрсдэл байгаа тул бөхийн барилдааныг цуцалсан нь зөв. Тиймээс бөхчүүдээ, олон түмнээ хайрлах хэрэгтэй.

Цагаан сарын барилдаан байтугай олимпын наадмыг хойшлуулсан шүү дээ. Эрүүл, саруул байвал ирэх жил дахиад шинэлнэ, сар шинээр барилдана. Амьд байвал хэзээ ч аав, ээж, хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзаж, золгож болно шүү дээ.

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та их спортын тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальтай. Допинг, цолны найраатай тэмцэх хамгийн зөв гаргалгаа юу вэ?

-Ерөөсөө тухайн бөх өөрөө ухамсартай байх хэрэгтэй. Зарим бөх “Мэдэлгүй, санамсаргүй эм уутал допинг илэрчихлээ” гэдэг. Энэ туйлын буруу. Ууж, хэрэглэж буй зүйлсээ үргэлж хянан, допингоос ангид байх нь тамирчин хүний үүрэг. Бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэж буй нь том алдаа. Хэнийх нь эрхийг хоёр жилээр, хэнийх нь эрхийг зургаан сараар хасдаг юм бэ. Хуулийн өмнө тамирчин бүхэн адилхан хариуцлага хүлээх чухал. Аварга ч бай, сумын начин, залуу бөх байсан ч адилхан шийтгэж, ижилхэн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Гурвуулаа адилхан хар шөл уугаад барилдвал хэн хэндээ гомдолгүй.

Сүүлийн үед допинг үнэхээр том асуудал болж байна. Одоо тэгэхээр яах нь зөв бэ.

-Наадмаар барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариуг сар гаруйн дараа зарладаг. Тэр хооронд шинэ цол авсан бөхчүүд цолоо аваад, найраа хийчихсэн байдаг шүү дээ. Шинжилгээнийх нь хариу гарсны дараа цол олговол зүгээр санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм шүү. Ер нь наадмын орой шууд хариуг нь гаргах чухал байгаа юм. Допинг илэрвэл цолыг нь хураагаад, өөр бөхөд нөхөж олговол ямар нэгэн асуудал гарч, удаан хугацаанд маргалдахгүй. Монгол Улс допингийн шинжилгээг БНСУ-д хийлгэдэг. Тэр том лаборатори допингийн шинжилгээг буруу шинжлэхгүй, хольж солихгүй. Харин Монголд ирснийх нь дараа ямар нэгэн асуудал гарахгүй, хольж солихгүй байхын баталгаа үгүй. Адаглаад гурван бөхөөс допинг илэрлээ гэхэд хоёрыг нь зарлаад, нэгийг нь дараад өнгөрч болно. Иймэрхүү асуудал допингийг улам гааруулаад байгаа юм.

Ер нь монгол бөхийн цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох туйлын буруу. Одоо тэгээд Оюунболдын асуудал Ерөнхийлөгчийн зарлигаас болоод гацчихсан. Олны өмнө барилдаад цол авсан. Баяр наадмын зохион байгуулах хороо л хариуцах учиртай. Цол олгох учиртай бол олгоод, хураахаар болвол хураах хэрэгтэй.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Баярлалаа. Засаг төр Цагаан сарын баярыг хориглосныг дэмжиж байгаа. Цар тахал, халдвар хумигдаж, дарагдаж л байвал үүн шиг сайхан зүйл үгүй. Тиймээс энэ жил гэртээ цомхон шинэлнэ. Бэлдсэн юм бараг байхгүй. Таваг засаад, хэдэн ширхэг бууз чимхсэн, тэгээд л болно. Сар шинээр хөл хорио тогтоочихно. Би хүүхдүүддээ сар шинээр ирээд яах вэ гэсэн. Энх цаг ирэхээр хэзээ ч золгож болно шүү дээ.

Одоо цахим ертөнц, фэйсбүүк гэж нэг сайхан юм байна. Цахимаар золгохоор уулзаад шинэлэхээр бараг ялгаагүй. Ямар бүхий л хугацаанд Цагаан сарын хорьсон биш. Ганцхан жил тэсээд, засаг төрийнхөө шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй. За, тэгээд монгол түмэндээ сар шинийн баярын мэнд хүргэе. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан баярлаарай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-12 09:32

Та нарт ч сайхан л байх эмэгтэй хүмүүст ядардаг хэцүү баяр !

Зочин
Зочин
2021-02-12 09:49

Бүгдэд нь допинг тарь, цагаан сарыг цаазлан хоригло, таны яриаг одооны зовлогонууд худлаа гэж бодно.

Tanid ervvl enh sain saihaniig hvsie
Tanid ervvl enh sain saihaniig hvsie
2021-02-12 12:08

Bi buh sonirhodggui naadam tsagaan sariin shuwgiin 4 iig vzdeg.Gehdee Sereeter guan yrisaniig sonsohod ih saihan yereg goy yriltslaga bolson bna.odoonii ymar ch yriltslaga iim goy saihan neg tiishee hazaij dolignoson eswel hen negniig harluulsan sedew bhgui bna.ih saihan hvndetgemeer hvn bdag um bna.

Tanid ervvl enh sain saihaniig hvsie.
Tanid ervvl enh sain saihaniig hvsie.
2021-02-12 12:08

Bi buh sonirhodggui naadam tsagaan sariin shuwgiin 4 iig vzdeg.Gehdee Sereeter guan yrisaniig sonsohod ih saihan yereg goy yriltslaga bolson bna.odoonii ymar ch yriltslaga iim goy saihan neg tiishee hazaij dolignoson eswel hen negniig harluulsan sedew bhgui bna.ih saihan hvndetgemeer hvn bdag um bna.

иргэн
иргэн
2021-02-12 21:42

монголын хамгийн чух�##� баяр монгол хүнийг монгол ёс заншил хэнийг юуг яаж хайрлах ёстойг сургадаг уламжл�##� гадны нөхдүүд дуугүй бай чадахгүй бол эх орноос минь яваа

Зочин
Зочин
2021-02-12 22:09

Шуурхай, хурц ш�##�маг барилдаантай бөх байсан даа, Сэрээтэр харцага... Бас эерэг хандлагатай, хүнлэг сэтгэлтэй, зүгээр л нэг сайхан гүндүүгүй Монгол эр хүн бололтой. Ийм л сайхан эрчүүд уул хангайд, уудам их говь, т�##�даа боодог хорхогны шөл уусан шиг ээ, ганц хоёр "юм"-ны бөглөө мулт�##�чихаад хууч хөөрөөд хонох ч бидний Монголд л байх...

Зочин
Зочин
2021-02-13 08:18

ЖАЛГА ДОВНЫ ҮЗЛЭЭР ОЛОН БӨХИЙГ ШУДРАГА БУСААР ХОХИРООСОН ЭТГЭЭД БОЛ СЭРЭЭТЭР МӨН

Зочин
Зочин
2022-01-19 21:21

Эрь урьдын ил задгай юмаа санаж мөрөөдөж, бу�####�д буруу юм ярихаа боль өвгөн гуай

Холбоотой мэдээ

Back to top button