ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

А.Алтантөр: Би тайзан дээр амьдармаар байна. Би бэлэн байгаа

Жүжигчин Алтанжаргалын Алтантөр. 2002 онд “Мюзик холл” театр, кино, хөгжмийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөнөөсөө хойш 2007 он хүртэл урлагтай холбогдох бүх л ажлыг хийж үзжээ. Сонирхлоо дагаж зураглаачаар хүртэл ажиллаж үзсэн тэрээр таван жилийн дараа УДЭТ хэмээх их айлын босгыг алхаж, 2018 он хүртэл их тайзнаа тоглосон. Харин одоо “Мongolian social channel” нэртэй студи дээрээ төвлөрч байна. Гэхдээ түүний цээж театрын тухай бодол, хүслээр дүүрэн. Тэр тайзан дээр амьдармаар байгаагаа нуусангүй. “Би бүх зүйлд бэлэн байгаа” гэж хэлэхдээ догдлолоо ч нуусангүй.

А.Алтантөрийн гол дүрд нь тоглож, гэр бүлээрээ ажиллан 2017 онд бүтээсэн “Явуулын хүн” кино нь хөл хорионы үеэр телевизүүдээр үнэгүй цацагдан чамгүй шуугиан тарьж, амтай болгон л ярьж буй. Хэвлэлд тэр бүр ам нээж байгаагүй түүнтэй кино урлагийн тухай, ярианы сэдэв болж буй киноных нь тухай ярилцсан ч тэр ярианы сэдвийг театр тийш хөтлөөд байлаа.

-ОСКАР БАРЬЧИХСАН БАЙГААГААР ӨӨРИЙГӨӨ ЗҮҮДЭЛСЭН Ч ҮЕ БИЙ-

-Та хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй хүн бололтой. Хэвлэлүүд таныг тойроод гүйгээд байдаг юм уу. Эсвэл та өөрийгөө нээхийг хүсдэггүй хүн үү?

-Хийж байгаа зүйл нь хүмүүст таалагдах, хүрэх нь өөр асуудал байх. Гэхдээ хийх юмаа л сайн хийж байхад болно. Заавал бусдад тайлагнах шаардлагагүй гэж боддог гэх үү дээ. Хамгийн гол нь өөрийнхөө хүссэн, зорьсон ажлаа л сайн хийх  чухал. Түүнээс биш би ийм юм хийлээ гээд хүмүүст зарлах нь чухал биш байх.

-Жүжигчин болох таны багын тань мөрөөдөл байв уу?

-Анх аав урлагийн сургууль элсэлтээ авах гэж байна. Чи шалгалт өгч чадах уу гэсэн. Би ерөнхий боловсролын сургуульд байхдаа урлагийн үзлэгт л ордог байсан. Түүнээс биш яг урлагийн сургуульд орно гэж бодож, зорьж байгаагүй юм. Аавынхаа сонголтоор л урлагийн сургуульд шалгалт өгч, тэнцэж байсан. Гэхдээ алдаагүй л юм шиг санагддаг.

Сургууль төгссөнөөс хойш ч багагүй хугацаа өнгөрлөө. Төгсөөд УДЭТ-д ажиллаа. Одоо студи ажиллуулж байна. Хүмүүс А.Алтантөр өө чи камерын урд байх ёстой хүн. Яагаад камерын ард байгаа юм гэдэг. Тэр асуудал биш. Насан туршдаа сурна гэж нэг сайхан үг байдаг шүү дээ. Болчихсон гэж ерөөсөө ханаж болохгүй. Энэ л надад гоё. Түүнээс бол ямар байх, хүнд яаж харагдах ямар ч хамаагүй.

Жүжигчин гэхээс илүү уран бүтээлч байх юмсан гэж боддог. Ямарваа нэгэн зүйлийг урнаар бүтээж, хүмүүст сэрэл мэдрэмж төрүүлж, юм бодуулах юмсан гэж л. Ер нь бол уран бүтээлч байхыг л хүсдэг.

-Таны хувьд тайз, дэлгэцийн олон арван бүтээлд тоглосон. Хийсэн зүйлдээ ханасан мэдрэмж амталж үзсэн үү?

-Кино урлаг асар том салбар. Би өөрийгөө анхлан суралцаж яваа хүн л гэж боддог. Гэхдээ дэлхийн хэмжээний уран бүтээл хийж чадна гэдэгтээ итгэдэг. Оскар барьчихсан байгаагаар өөрийгөө зүүдэлсэн ч үе бий.

Харин театрт тайзан дээр амьдарч байхдаа өөртөө “За болж байна шүү. Одоо л болж байна шүү гэж” хэлсэн үе байсан. Жишээ нь, “Тамгагүй төр” жүжигт надад дүр хуваарилагдаагүй, олны хэсэгт орж байсан юм. Гэсэн ч Ачирын дүр санаанд багтаад болдоггүй. Тэгээд нэг өдөр Ч.Найдандорж найруулагчид, “би Ачирын дүрд бэлдэж байгаа, үзүүлье ээ” гэж хэлсэн. Тэгэхэд Ардын жүжигчин Г.Равдан, Ч.Найдандорж найруулагч нар нэг үзье дээ гэж хэлээд үзсэн. Бэлдсэнээ ганцхан удаа үзүүлэхэд л Найдандорж найруулагч “Тогло, чамд эрхийг нь өглөө” гэж хэлсэн. Өөрийгөө бүрэн гүйцэд болчихсон гэж би хэлээгүй ч тэгэхэд надад нэг итгэл төрсөн юм. Мундаг хүмүүсийн цаг хугацаа, хөлс хүчээ зориулсан энэ тайзан дээр амьдрах сайхныг мэдэрсэн. Ханах бол биш шүү.

-БИ СОНГОЛТ ХИЙХ ЭРХТЭЙ ХҮН БИШ. БИ ЧИНЬ ГҮЙЦЭТГЭГЧ-

-Өнгөрсөн дурсамж руугаа аялах сайхан. Та УДЭТ хэмээх их айлд хөл тавьж орсон тэр өдрийг эргэн дурсаач...

-УДЭТ-т шалгалт авч байгааг мэдээд очиж өгөөд тэнцэж, студи ангид нэг жил ажилласан. Жилийн дараа үндсэн ажилтан болсон. Тийм агуу газар орсон нь амьдралыг маань тэр чигээр нь өөрчилсөн. Ажиллаж байх үедээ нэг жүжигчин өвдөхөд бэлэн байх ёстой тэр хүн нь би байх юмсан гэж үргэлж л боддог байсан. Тиймдээ ч Парисын Дарь эхийн сүм дээр жүжигнийх нь өмнөөс гарч байлаа.

Өөрөө ургуулаад бодчихсон ч юм уу бүү мэд. Анхандаа театрт байдаг агуу хүмүүсийн сүнс шатаар дээшээ, доошоо явахад араас түлхээд байгаа юм шиг би ямар ч хүч зарцуулахгүй яваад байгаа юм шиг санагддаг байсан. Энэ мэдрэмж одоо хүртэл цээжнээс төөнөдөг. Шатаар доошоо буухад арай л хурдан буугаад байгаа юм шиг. Би мундаг хүмүүсийн сүнс “за миний хүү өшөө, өшөө” гээд байгаа юм болов уу гэж бодсон.

Гэхдээ өөрөө, өөртөө үнэнч байхын тулд би театраас гарсан. Түүнээс бол чи чадахгүй, чамайг халлаа гэж хэн ч хэлээгүй. Олон сайхан жүжгүүдэд дүр авч, ажиллаад үргэлжлүүлвэл болох л байсан. Намайг өөрөөс минь холдуулах гээд байсан болохоор л гарсан. Гэхдээ театр гоё. Театрын үнэр нь хүртэл гоё. Хааяа санахаар уйлмаар санагддаг шүү дээ. Одоо ч би театртаа хайртай.

Эхнэртээ тайзан дээр амьдармаар байгаагаа, төв, орон нутгийн театрт дуудсан очоод жүжигт тогломоор байгаагаа хэлдэг. Хоёрын хоёр хүүхдээ орхиод хөдөө очиж ажиллана гэхээр ханийн маань сэтгэлд багтахгүй л байх шиг байгаа юм. “Яах юм бэ” гэж байсан.

-Тайзны агаар ахин амтлах хүсэл байгаа ч ахуйдаа дарлуулчхаад байгаа юм аа даа?

-Ахуйдаа дарлуулах ч гэж дээ. Угаасаа миний л сонголт. Театраас би өөрөө л гарсан. Гэхдээ ямар нэгэн юм дууслаа гэхэд дараагийн хаалга үргэлж нээлттэй байдаг шүү дээ. Би үзэх ёстой юмаа үзэж, хийх ёстой юмаа л хийж байна. Хэрвээ надад ямар нэгэн театраас энэ жүжигт тоглооч гэсэн санал тавих юм бол орилоод л очно.

-Аль ч аймгийн театраас санал ирсэн зөвшөөрөх хэрэг үү?

-Тийм ээ. Би сонголт хийх эрхтэй хүн биш. Би чинь гүйцэтгэгч. Хэрвээ надад санал тавих юм бол би шууд очно. Яагаад гэвэл би тайзан дээр амьдармаар байна л даа. Орон нутагт ч гэсэн адилхан амьдрал байгаа шүү дээ.

-Та УДЭТ хэмээх их айлд 10 жил ажиллаа. Халагдах өргөдлөө өгчхөөд хаалгыг нь гаднаас хаах үед юу бодогдож байв?

-Бүх л юм тас харанхуй болчихсон. Одоо ч ороход гоё санагддаг. Ажлын завсраар ороод гарахдаа ч тайзандаа мөргөдөг. Тэр тайз тоостой ч, тоосгүй заавал адис авдаг.

-Хамгийн сүүлд хэзээ театраараа орсон бэ. УДЭТ-ын тайзнаа тавигдаж буй жүжгүүдийг очиж үзэж завдаж байна уу?

-Байнга үздэг. Дүү нар маань яаж байна. Миний хэлж, тусалж чадахаар юм юу байна. Ах, эгч нар маань хэрхэн хөгжиж байна. Байнга л хардаг. Дандаа үзэгчдийн хаалгаар орж, хүмүүстэй аль болох таарахгүйгээр үзчихээд буцдаг. Гэхдээ л үзэгчдийн суудлаас үзэх өөр л дөө. Гараад тоглочих юмсан гэж бодогддог. Хэрэв би байсан бол ингэх байсан даа гэж дотроо эргэцүүлнэ.

-КИНО УРЛАГ ГЭДЭГ БҮГДИЙГ ТАЙЛБАРЛАХ ГЭХЭЭС ИЛҮҮ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ, ЮМ БОДОГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Одоо хоёулаа дэлгэцийн уран бүтээлийн тухай ярилцъя. Таны хамгийн сүүлд дүр авч, ажилласан кино “Төлөөс” байх аа?

-Тийм ээ. Одоо бол “Хотулун гүнж” киноны төслийн багт орчихсон явж байгаа. Зураг авалт нь өнгөрөгч намар эхэлсэн. Энэ ондоо нээлтээ хийх байх. Би энэ кинонд баатрын дүрд тоглож байгаа.

-Таны гол дүрд нь тоглосон “Явуулын хүн” кино 2017 онд үзэгчдийн хүртэл болсон. Харин хөл хорио үеэр хэн хэнгүй л үзэж, шаагилдлаа. Дөрвөн жилийн өмнө хийсэн бүтээлийг тань анзаараад, үзээд, яриад эхлэхээр юу гэж бодов?

-Хамгийн түрүүнд айдас төрсөн. Айсан. Эхнэр бид хоёрын санаачилж, хийе гэж зүтгэсэн анхны кино. Тухайн үед ОХУ-ын “MIFF Москвагийн олон улсын кино наадам”-д оролцсон. Бид ч кино театрт нээлт хийгээгүй. Халуун зуурын найз нөхдөөрөө цуглаад цомхон нээчихсэн юм. Албан ёсоор IPTV-д нээлтээ хийсэн. Тийм болохоор хүмүүс бага үзсэн байж магадгүй. Сая хөл хорионы үеэр хүмүүсээс шүүмж, талархлын үг их ирж байсан. Үзсэн хүмүүс “үнэгүй үзсэндээ харамсаж байна аа. Мөнгө өө өгмөөр байна аа” гэж байсан. Энэ үг дараа дараагийн уран бүтээл үүнээс илүү байх ёстой гэдгийг санууллаа.

Бусад киноноос өөр байсан эсэхийг нь мэдэхгүй ч хөдөө хэн үлдээд байгаа юм бэ? Хэнд үлдэх ёстой юм бэ? Хэн үлдэж байж энэ улс байх ёстой юм бэ? гэсэн бодол л байсан. Анхдагч эмзэглэл нь энэ юм. Тэгээд “Төөрөг” гэдэг нэртэй төөрсөн хүний тухай кино хийнэ гэж бодож байсан. Харин кино багийнхныгаа цуглуулаад ярьсны дараа найруулагч Д.Баярсайхан В.М.Шукшины “Миний хэнэггүй ах” зохиолыг санал болгож, бид ч киноныхоо ард гарцгаая гээд ажилласан. Киноны нэр ч “Явуулын хүн” болж өөрчлөгдсөн.

Яг үнэндээ ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй л дээ. Гэхдээ кино урлаг гэдэг бүгдийг тайлбарлах гэхээс илүү мэдрэмж төрүүлж, юм бодогдуулах хэрэгтэй гэж би боддог.

-Сүүлийн үед гарч буй кинонуудыг та үзэж байна уу? Таны яриад буй шиг үйл явдал хөөсөн, тайлбарласан өнгө аястай кинонууд их гарч байх шиг...

-Би бүгдийг нь үздэг, судалдаг. Тэгээд дотроо дүн шинжилгээ хийнэ. Би  ямар шүүмжлэгч биш, гэхдээ ингэсээр байгаад хөгжинө гэж боддог. Оролдсоор байгаад л хөгжинө. Тийм биз дээ?

-Гэхдээ хэт их кино үйлдвэрлэгч улс болоод байгаа юм биш үү?

-Энэ чинь сайн хэрэг. Ингэж байж л гарцаа олох юм шиг санагддаг. Хийж үзэх хэрэгтэй. Би “Явуулын хүн” киног хийж үзсэн. Хийж үзэж, халуун галд орж үзэж байж л алдаагаа олно, оносноо ч олно. Тэрийгээ дараагийн уран бүтээлдээ шигтгэнэ. Хүмүүс “Хэдэн төгрөг өгөөд кино үзчихлээ. Шал тэнэг юм байна” гээд сошиал дээр хүссэнээрээ бичиг л дээ. Хамгийн гол нь таны өгсөн тэр мөнгө уран бүтээлчдэд дараа, дараагийн шилдэг рүү дөхөх бүтээл хийхэд нь дэмжлэг болох юм.

-Тэгвэл таныхаар сайн кино гэж ямар киног хэлэх вэ?

-Үзэгчдэд мэдрэмж өгч, хэдэн өдөр бодолд нь уяатай явдаг киног сайн кино гэдэг болов уу.

-ТЕАТРААС ГАРЧ БАЙХ ҮЕД “РОМЕО, ЖУЛЬЕТТА” ТАВИГДСАН. ТИЙМ САЙХАН ЖҮЖИГТ ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙДЭЭ ҮНЭХЭЭР ГУТАРСАН-

-“Явуулын хүн” киног үзээд А.Алтантөр гэдэг хүн Сайнаагийн дүрийг ямар ч жүжиглэлтгүй, өөрийнхөөрөө бүтээж дээ гэж бодсон...

-Би өөрийнхөө дүрийг хөдөөний нэг яриад л суугаад байдаг хүнээр төсөөлж байсан. Гэхдээ зохиол дээр арай өөр байсан. Дөхүүлье дээ л гэж бодсон. Сүүлд үзэхэд санасанд бол хүрээгүй.

Үнэндээ энэ дүр надаас их өөр байсан. Би чинь их томоотой хүн шүү дээ. Бага байхдаа гадагшаа гардаггүй, гэртээ л дүүтэйгээ тоглоод сууж байдаг хүүхэд байсан. Аав, ээж, эгч тогло гээд хөөж гаргадаг байсан. Одоо ч гэсэн тэр зан чанар маань надад бий.

-Тэгвэл Сайнаагийн дүрээс суралцаж, өөрийгөө шинээр нээсэн зүйл юу байв?

-Нээсэн гэх нь хаашаа юм. Гэхдээ хөдөө айлд очихдоо ямар байх, яах ёстойг сурсан. Мэддэг, мэддэг гээд байгаа болов ч бид өөрсдөө монгол ахуйгаа мэддэггүй л юм билээ. Худаг дээр адуугаа усалчхаад мориндоо мордож буйг харчхаад найруулагч маань “Ойрд ингэж мордож байгаа хүн харсангүй. Ингэж мордох ч сайхан шүү” гэж байсан. Тэгэхэд зүгээр нэг харагдахдаа гол нь биш, монгол ахуйгаа мэддэг байх чухал юм байна гэдгийг ойлгосон. Цаашдаа ч монгол ахуйтай кино хийе гэж бодож байгаа.

-Ингэхэд та тоглосон киногоо хэр олон удаа үздэг вэ?

-Өөрөө, өөртэйгөө ажиллах хэрэгтэй тул зав л гарвал үздэг. Би чинь уран бүтээлч шүү дээ. Ер нь тэгээд суралцаад л явж байна.

-Та тайз дэлгэцийн олон бүтээлд гол дүр болон туслах дүр бүтээсэн. Эргээд харах нь ээ Алтантөр гэдэг хүний бүтээх л ёстой байж дээ гэж олзуурхдаг дүр бий юу?

-“Тэнгэрийн хүү” жүжгийн Арваадайн дүр байна. Гэхдээ 100 хувь болчихсон, бүтээчихсэн гэж хэлээгүй шүү. “Тамгагүй төр” жүжгийн Ачирын дүр байна. “Ану хатан”-ы Бага бандийн дүр байна. Гэхдээ тоглох юмсан гэж хүсдэг дүрүүд ч зөндөө байна. Тиймээс байнга бэлэн байх ёстой. Өнгөрсөн онд би “Фауст” жүжигт ажиллаж, буцаад тайзан дээр гарсан. Сайхан байсан. Би бэлэн байгаа. Юу ч дуудсан би бэлэн байгаа. Намайг зураг ав гэвэл би яваад очно. Бүх зүйл дээр л бэлэн байхгүй бол А.Алтантөр гэдэг хүн байгаад ч хэрэг байна уу даа л гэж боддог.

-Бүтээхийг хүсдэг дүр бий гэлээ. Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Сайхан сонгодогуудаас дүр бүтээхийг хүсдэг. Намайг театраас гарч байх үед “Ромео, Жульетта хоёр”тавигдсан. Тийм сайхан жүжигт оролцож чадаагүйдээ үнэхээр гутарсан. Тебальт, Меркуциогийн алийг нь ч авч ажиллахад бэлэн байсан. Гэхдээ ахин хэлэхэд одоо ч би бэлэн байгаа.

-Дүрүүд тоглогдоод өнгөрчээ. Харин өнөөдөр өмнө минь сууж буй А.Алтантөр гэж хүнийг яг юу бүтээчхэв?

-Амьдрал. Миний амьдрал л намайг бүтээж байна. Зөндөө юм үзэж, туулсан. Гэхдээ учиргүй амьдралаа яриад дэмий биз дээ. Мэддэг хүмүүс нь мэдэх л байх.  Миний амьдрал л намайг ийм хүн болгосон. Гэхдээ үүнээс илүү болгоно гэж боддог.

-Бидний ярилцлага энэ хүрээд жаргаж байна. Нууц биш бол та найруулагчаас ирж буй дүрийн саналд хэр шалгууртай ханддаг вэ?

-Жүжигчин хүн бол гүйцэтгэгч бүтээгч байх ёстой. Энэ надад тохирно, тохирохгүй гэж сонгох эрх байхгүй. Бүгдэд тохирох ёстой. Аль болох олон характерийг биеэрээ дамжуулж гаргах ёстой. Хэдэн мянга хувирч байж л жүжигчин байх ёстой. Ингэж бодоод уртын дуу сурч байгаа. Тайзан дээр ч юм уу, дэлгэцэн дээр ч юм уу дуулах хэрэг гарах ч юм бил үү.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-03-01 09:52

amjilt husy

Лөи
Лөи
2021-03-01 14:20

Амьдраач тэндээ.

Zochin
Zochin
2021-03-01 20:30

Гэрлэж амжаагүй явна киноны инженер з�##�уугийн дүрд тоглодог жүжигчиний хүү л юм байна гэж бодож явсан биш байсан юм уу, ямар адилхан юм. Яахав дээ юу ч хийж болно ш дээ. Хүсвэл хүн өөрөө. Амжилт хүсье.

tablet viagra
tablet viagra
2021-10-29 20:02

Baclofene Olivier Ameisen

Propecia
Propecia
2021-11-01 20:47

Cialis 5 Mg Prix

lasix furosemide mail delivery
lasix furosemide mail delivery
2021-11-04 22:06

Propecia Guayaquil

how much viagra should you take
how much viagra should you take
2021-11-06 09:10

Buy Cafergot With No Prescription

cialis online no prescription
cialis online no prescription
2021-11-06 21:38

buy generic cialis online

Prednisone
Prednisone
2021-11-10 01:43

Baclofene Epilepsie

stromectol online
stromectol online
2021-11-10 19:09

le prix du cialis

Priligy
Priligy
2021-11-13 16:12

viagra para mujeres precio

purchase hydroxychloroquine sulfate
purchase hydroxychloroquine sulfate
2021-12-04 08:16

Best Buy Generic Cod Only Pyridium Plymouth

300mg gabapentin
300mg gabapentin
2021-12-04 08:42

acheter cialis sur internet avis

buying cialis online forum
buying cialis online forum
2021-12-09 04:35

Viagra Acquisto Italia

Холбоотой мэдээ

Back to top button