НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СЭТГЭЛИЙН ХЭВ

ТҮҮНИЙ ХИЙХ АЖИЛ...

Сонин шүү. Хүмүүс хувцас шиг хуучирч буйг харах. Гэвч хув хуучны дотор цоо шинэ өнгө, шинэ үнэр, цэл дурсамж бий. Түүнийг олж хар гэж л бидэнд мэдрэмж заяасан болов уу. Мэдрэмжийн маань мөр яруу найрагч О.Содномпил рүү хөтлөв. Уран зохиолын багш ч тэр зургийн багш юм шиг санагддаг. Яагаад ч юм харц, биеийн хэлэмж нь тэгж хэлээд байдаг. Уран бүтээлүүд нь ч зурсан зураг шиг нүдэнд дүрслэгддэг.

Яруу найргийн дугуйлангийн ширээний араас л анх түүнийг харж байлаа. Утга зохиолын хүрээнийхэн түүнийг СО гэж дуудна. СО нэрэндээ таарсан “сонин” хүн. Тэр бас сонины ч хүн. 1982 онд “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж түүнээс хойш хувийн хувьсгалын олон ч сонинд ажилласан туршлагатай. Харин одоо их сургуульд багшилж буй.

Талбай дээр болж буй номын үзэсгэлэн худалдааг тэр ер алгасаж үзээгүй байх... Улаанбаатарт амьдарсан он жилүүд минь цөөхөн ч, тэр номын баяраар дандаа л цүнхээрээ дүүрэн ном, тороор дүүрэн ном авчихсан явж байдаг. Гэсэн ч 1000 төгрөгийн ном дунд өвдөглөж суугаад уйгагүй ухаж гарна. Өөрт нь байгаа ховор ном олдвол хамт яваа шавь руугаа гар сунгана. Тэр номын тухай цаг, минут тутамд бодож явдаг ч байж мэдэх юм... Гэхдээ түүнд өөр бодох юм их бий.

Хэзээнээс эхлэн ном цуглуулж буйг нь асуувал “Ховд аймагт аав, дүү нартайгаа хамт очсоноос хойш ном цуглуулж байна. Аав маань гэрээрээ бараа зарж, улсаас цалинждаг байсан. Хүнс, чихэр, ном, ахуйн бараа бүгд ирдэг байлаа. Нэг төгрөгт ийм, ийм бараа ирнэ гэдгийг дүү нартаа заагаад өгчихсөн болохоор бүгд л наймаа хийнэ. Ер нь хүүхэд багаасаа мөнгөтэй харьцаад ирэхээр мөнгийг их юм гэж бодохоо больчихдог юм билээ. Бид аавынхаа ачаар ямар ч шуналгүй хүн болж төлөвшсөн. Орой нь лааны гэрэлд  дэвсгэрт, дэвсгэртээр нь мөнгөө ангилж, тоолцгооно. Тоолсныгоо бие биедээ дамжуулан зөв, бурууг нь шалгана. Харин аав нэгтгэж бичнэ.

Хүүхдүүд л болсон юм хойно хааяа амттай юм идмээр санагдана. Орон доор буй хайрцаг руу зарим нь гараа шургуулж байгаад баригдана. Аав “хүүе тэр орон доогуур хулгана гүйж байна. Очоод цохиорой, цохиорой” гэж хошигноно. Гэхдээ бид аавыгаа хариуцлагад унагаж байсан удаагүй ээ. Бидний идэх чихэр, жимсийг аав тусад нь ялгачхаад, эндээс л авч болно шүү гэдэг байсан. Тэдгээрийн мөнгийг аав минь цалингаасаа өгчихдөг байсан юм.

Бас сар бүр шинэ ном ирнэ. Нэг нь ч зарагдахгүй, буцаагдана. Түүнийг нь би уншиж, тархиа хооллодог байлаа. Зарим номыг нь аавд хэлж байгаад ганц нэгээр нь авдаг болов. Тэнд ирж буй бүх номыг л уншсан даа. Уншчихаад хэл бичгийн болон уран зохиолын багш нарыгаа мадалдаг байлаа”.

Тавдугаар ангиасаа хойш ном цуглуулж буй тэрбээр одоо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх номтой. Хүмүүс түүний цуглуулсан номыг дуудлага худалдаагаар авах хүсэлтээ илэрхийлж, зарим нь уулзах санал ч тавьж байсан. Гэвч тэр цуглуулсан номоо үнэлж, зарах биш өөрийн гэсэн номын сантай болохыг мөрөөддөг.

Тэр дан ганц уншигч бус бүтээгч. “Толгод”, “Өөр шүлгүүд” нэртэй яруу найргийн бүтээл болон “Утга зохиолын судлал шинжлэл” цувралыг эмхтгэн, хэвлүүлсэн. Хэвлүүлсэн номоо ч рекламдаж, энд тэнд магтаад байдаггүй. Олж унших нь уншина даа гэж итгэдэг... Тэр ийм л сонин хүн.

ӨНЧРӨЛ ХАГАЦЛЫН ДУУН

Тэр их дүрсгүй хүүхэд байжээ. Гэрт нь ирсэн зочдын дээлийнх нь хормойг газарт хадчихна. Алх эсвэл чулуу барьж очоод л хадчихдаг байж. Түүний энэ үйлдлийг хорих хүн ч байгаагүй аж. Ирсэн гийчин буцахдаа “Ойдовын шар банди хүн болохгүй ээ” гэж үг хаяна. Томчуудын энэ мэт яриаг гэрийнхээ хаяагаар чагнаж, хүмүүсийн үзэл бодолтой дам танилцдаг байжээ. Аав ээж нь түүнийг “Дүрсгүй шар” хэмээн өхөөрдөнө. Харин ангийнхан нь “Жижгээ” гэж дуудна. Дөрвөн настайдаа тамхи татна гэхэд нь аав нь ер хорилгүй сонины цаас ороогоод л өгч. Юу ч бодож, саналгүй асаатал өнөөх нь хоромхон зуур шатаж, хамрынх нь үзүүрийг нь түлчихжээ. Дэггүйтлийн эл сорви түүнээс ер арилаагүй. Уг явдлаас хойш тэрбээр тамхи татах тухай хэсэгтээ л бодоогүй байна. Харин дөрөвдүгээр ангиасаа эхлэн тамхи татах болжээ. Анги дэвшин суралцах үеэр аав нь түүнд гаанс бэлдэж өгсөн байна. Уг гаансыг одоо ч хадгалдаг тухайгаа тэрбээр дурслаа.

Багаасаа л өөрийнхөөрөө байж бусдын хайрыг татаж, зэмлэлийг ч хүртээд амжсан тэрбээр ганцхан хүнээс л айдаг байсан гэнэ. Ааваасаа л. Буруу юм хийснээ ухаарчхаад ээжийнхээ хормой дор нуугдчихна. Ээжийгээ өмөг түшиг гэж бодож явдаг байсан нь энэ үйлдлээс илт. Найман нас хүртлээ ээждээ үүрүүлж, дүү нартайгаа мээм булаалдан эрхэлж өссөн ч, хүний хорвоо хүйтэн, хатуу... 10 настайдаа аав, гурван дүүтэйгээ хамт хоцорч, ээжийгээ төрөхийн хүндрэлээр алджээ. Гэхдээ тэр одоо ч ээжийнхээ нуруун дээр үүрүүлж явна.

ДУРСАМЖИЙН ЦУУРАЙ 1

Тэрбээр “Манайх дөрвөн үнээтэй байлаа. Нэг үнээнээс 15 литр сүү гардаг. Өрмөөр тасардаггүй айл байсан. Дөрвөн тогоо сүү хөөрүүлнэ. Ээжийнхээ өрмийг л их санаж байна. Ээж минь үсээ байнга буржийлгадаг, их ганган эмэгтэй байсан. Ижий минь дөнгөж 37 настай...” хэмээн яриад, хэсэг чимээгүй боллоо.

Түших, тулах хүнгүй үлдсэн тэд аавынхаа төрсөн нутаг болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумыг зорьжээ. Сумын сургууль дөрвөн жилтэй тул жилийн дараа тэднийх аймаг руу шилжин суурьших сонголттой нүүр тулсан байна. Эхийнхээ сүүг амлаагүй хоцорсон дүүгээ ямааны сүүгээр хүн болгож, тэд ч аймгийнхаа сургуульд сурцгаажээ.

ДУРСАМЖИЙН ЦУУРАЙ 2

Түүний аав эхнэрээ тэнгэр болсноос хойш хэнтэй ч амьдрал холбоогүй байна. Хүүхдүүддээ хойт эхийн гар харуулахгүй хэмээн хүүхнүүдэд хөгшин харагдахын тулд сахлаа ургуулжээ.

Тэрбээр аавынхаа тухай “Аав минь банкны нягтлан бодогч мэргэжилтэй. Их ухаантай хүн байсан. Зун сэрүүхэн, биед зөөлхөн байдаг юм гээд тэрлэгийн гадна талыг даавуугаар, дотор талыг нь торгоор доторлож өмсдөг байсан. Намайг 30 хүртэл амьд байж, хань бараа болж, тулж түшсэн. Их сургуулиа төгсдөг жил минь 79 насандаа тэнгэр болсон. Карл Марксынх шиг сахалтай. Тэр үед тийм сахалтай хүн байгаагүй. Өвлийн өвгөнийг амьдаар нь харж байгаа юм шиг л санагддаг байсан” хэмээн ихэд бодлогошронгуй ярьсан юм.

ХУВЬ ТАВИЛАН

Наймдугаар ангиа төгсчхөөд ОХУ-д хоёр жил суралцаж, орос хэлний мэдлэгээ дээжлүүлээд амжжээ. Сургуулиа төгсөлгүй Монголдоо ирж, гэр бүлээрээ Сэлэнгийн Орхоны сангийн аж ахуй руу нүүсэн байна. Аав нь тэнд малчнаар ажиллаж, хүүхдүүд урьдын адил хичээл, сургуульдаа явжээ.

Тэрбээр сумын сургуульд анхны хайртайгаа учирч, аравдугаар ангидаа хүүтэй болжээ. Гэсэн ч тэд хамтдаа амьдраагүй хоёр тийш болсон байна. Тухайн үед тэрбээр ерөнхий боловсролын сургуулиа төгсчхөөд хүсэл сонирхлын дагуу сэтгүүлчийн ангид элсэх гэсэн боловч элсэлт авалгүй, хоёр жил өнжжээ. Энэ хугацаанд тэр зүгээр суусангүй. Сумын сургуульд биеийн тамирын багшаар, мөн дотуур байрны багшаар зэрэг ажиллажээ. Багшаар ажиллаж байх хугацаандаа хоёр охиныхоо ээж П.Хишигсүрэнтэй танилцсан байна. Тэд хамтдаа амьдарч, баяр жаргалтай 20 жилийг хамт өнгөрүүлсэн ч мөн л хоёр тийш болжээ. Энэ хугацаанд МУИС-ийн Авто инженерийн ангийн төгсөж, Сэлэнгийн Цагаан толгойн ХАА-н мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд онолын багшаар, Залуучуудын үнэн сонинд сурвалжлагчаар ажилласан байна. Тэрбээр энэ тухайгаа “Бид гэрлэлтээ цуцлуулчхаад хамтдаа хоол идсэн. Охидтойгоо би найз нь юм шиг л, нэг үеийн хүмүүс шиг байдаг. Сар болгон л уулздаг. Тэр хэд дээрээ очихоор хамаатныдаа очиж байгаа юм шиг л сайхан байдаг” хэмээн дурссан юм.  

Аяархан, чамдаа хэлсэн үг минь

Амьдралд бас аяархан байсан уу?

Зөөлөн хонгор салхин 

Зориг муутайхан хүссэн хайрыг минь 

Зөндөө олон хүнд хэлчихсэн юм биш байгаа

Хурим хэзээ вэ гэж 

Хүссэн ч юм шиг 

Хүлээсэн ч юм шиг

Хүмүүс асуух боллоо.

Хоёр биений маань хэрэг биш байж шүү дээ.

Тэр цаг 

Чи биднээс холдсоор...

Чиний тухай шүлэг 

Миний сэтгэлд олдсоор...

Шүлгэнд минь л үлдэх гэж 

Чи минь 

Олдсон юм уу?

Одсон юм уу?

Аяархан чамдаа илчилсэн хайр минь

Амьдралд бас аяархан байсан уу?

Анхны хайр минь 

Аяархан хайр минь 

”Аяархан хайр” нэртэй эл шүлгийг тэрбээр хоёр охиныхоо ээжид бичиж байжээ. Тэрбээр “Энэ их зөнтэй шүлэг. Хагацаж, салахаа мэдэж байсан юм шиг л бичсэн байгаа юм” хэмээв.

ЭРГЭЛТИЙН ЦЭГ

Тэр эмэгтэй хүнээс болж нэг ч удаа эр хүнтэй нударга зөрүүлж байгаагүй ч, эмэгтэй хүнээс л болж 35 насандаа сархад хэмээх хорыг амссан. Гэхдээ өнгөрсөн бүхэнд тэгтэл их харамсдаггүй, тэр бүхнийг хувь тавилан байсан л гэж бодох дуртай гэнэ. Хүүтэйгээ, охидтойгоо холбоотой байдаг.

50 нас хүртэл ганцаар амьдарч, амьдралын хань П.Пүрэвсүрэнтэй учирсан. Тэд ирэх жил хамт амьдарсныхаа 20 жилийн ойг цомхон тэмдэглэнэ. Тэр царайлаг, нуруулаг биш ч хүүхний тэнгэртэй найрагч ажээ. Хүмүүсийн сэтгэлд өөр, өөр хэв төрх үлдээж, кино шиг л амьдарчээ. Зарим хэсэгтээ бага зэрэг зурагдчихсан CD шиг уйтгартайг эс тооцвол. Хачин гоё амьдарч. Хайраар өөрийгөө усалжээ. Өрөөлийг ч чадахаараа усалж.

Гаднаас нь харахад их л хянуур болгоомжтой хүн санагддаг. Гэвч тэр хэтэрхий хайнга хүн бололтой. Өөрийнхөө төрсөн өдрийг ч яг таг хэлж мэдэхгүй. Төрсөн өдрөө ч тэмдэглээд байдаггүй хэмээн хээв нэг ярьж байлаа. Дурсамжинд хамаатай тоо тооллуудыг ч муухан санаж байв. Хайнга хүн гэдгээ ч өөрөө хүлээн зөвшөөрлөө.

Тэр их нийтэч, ямар ч хүнтэй, ярих юмаа ярьчихдаг. Гэхдээ тэр харьцангуй ганцаардмал хүн бололтой. Хэнд ч амьдралаа дэлгэж, яриагүй, ийм л чимээгүй цээжийг нээлээ. Хангалтай их зүйлийг ярьсан ч хагасыг нь өөртөө үлдээнэ гэсэн амлалтаа санаад, үгээ дотогш залгилаа.


ТҮҮНИЙ ШҮЛГҮҮДЭЭС

Танайх руу зорьсон 

миний мөр тодрон тодорсоор

Хэн ч үл төөрөх, 

хэн ч үл явах 

Зам болжээ.

Болзооны төгөл рүү очдог

Чиний мөр

бүдгэрэн бүдгэрсээр

Чи ч өөрөө төөрч дээ!

Замаа олохгүй,

зангаа олохгүй

Бид хоёр хаачих юм бол доо! 

/1973 он/


Өөрөөн би хэлээгүй ч

Өдөр болгон чамайг ширтэх

Харцнаас минь 

Хайртай гэсэн ганцхан үгийг 

Харсангүй гэж үү?

/1974 он/


Өөрийгөө би голж

Үгээ ч хэлж чадахгүй ичиж

Сүүдэртэй чинь 

сүүдэр минь ханьсвал

Жаргал юм шиг санаж

Сүлэлдэн явлаа, чамайгаа

Нэхэн бодоход

Нээрэн 

биеэ биш сүүдрээрээ л 

шүргэлцсэн минь заяа!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Номт
Номт
2021-03-17 15:20

Монгол улсад одоо хайгаад ч олдохгүй нандин чух�##� хүн дээ. Ном эрдмийг эрхэмлэж, ном, бичгийн үйлийн төлөө нэгэн биеийг зориулсан гайхамшигтай хүмүүн.

Хөх Толбот
Хөх Толбот
2021-11-22 18:53

Амттай нийтлэл байна

Холбоотой мэдээ

Back to top button