НИЙГЭМ

Монголын МУЗЕЙНҮҮДИЙГ "Музейд тавихаар болсон” гэх эмгэнэлт ТҮҮХҮҮД

Үргэлжилсэн бороо орж буй өдрүүдэд нийслэлийн зам усанд автахаас гадна улсын өв соёл, түүхийн орон гэр болсон Монголын үндэсний музей ч усанд автжээ. Дээврээс нь дусаал дусаж цэнхэр, ногоон өнгийн хувин тавьсан дүр зураг бидний анхаарлыг татав.

Музей усанд автаж эхэлжээ. Бид Үндэсний музейн нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар тус музейг зорьсон боловч “Сүртэй юм болоогүй, дээврийн жаахан засвар хийж байгаа, дээвэр янзлуулахаар тендер зарласан, БСШУСЯ-наас төсөв гаргаж өгөөгүй, захиралтай уулзуулахгүй, захирал угаасаа ээлжийн амралттай байгаа” гэх тайлбарыг өгөөд халгаасангүй.

СҮРТЭЙ ЮМ БОЛООГҮЙ....ГЭХ УСАНД НОРСОН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

түүхийн музей

Уг нь энэ байшин дотор Монгол улсын 13 зууны түүх, МЭӨ он цагт хамаарах түүхүүд ч хадгалагдаж байгаа. Дээврээс ганц дусал л дусах төдийд бид сүржигнэх ёстой. Ер нь Монголчууд “сүртэй юм” гэдэг үгээр бүхний хаацайлдаг сул талтай, Монгол хэлний үгийн сангаас “юун сүртэй юм” гэдэг үгийг хасвал таарна гэж Б.Батцэнгэл инженер хэлж байсан нь оройд буув.

Нүдэнд харагдах хэсэгт дусаал гоожиж буй нь энэ боловч бидний мэдэхгүй өөр ямар газарт, ямар үзмэрүүд, ямар түүхийн баримт бичгүүд дээр дусал ус бууж байгааг таамаглахын аргагүй.

Үүнийг яагаад нууна вэ? Угаас музейн ажилчдын буруу биш. Үнэхээр л дээврийн засвар хийх нэн шаардлагатай бол хэвлэл мэдээллийнхэн “сүржигнээд” уг ажлыг хурдлуулахсан. Гэтэл гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хэвлэлийнхнийг нэвтрүүлэхгүй, сүртэй юм болоогүй гэж нуух нь эгээ л хувийн хэвшлийн ажилтан балгаа нуух гэж гүрээнийхээ судсыг гүрэлзүүлэх шиг. Энэ бол тэдний нууж, үүднээс хөөж буцаадаг хувийн өмч биш, бидний, нийтийн өмч.

Өнөөдөр Монголын үндэсний музейд монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувь буюу 60000  орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж, дэлгэн үзүүлж байна.  Энд нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаар дамжуулан үзэгчдийн хүртээл болгодог бөгөөд Нэн эртний монгол орон, Эртний улсууд, Монголын уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн, Монголын уламжлалт соёл, Монголын уламжлалт аж ахуй, XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон, Социализмын үеийн Монгол улс, Ардчилсан Монгол Улс гэсэн сэдэв, агуулгад хуваан дэглэсэн есөн танхимтай.

ГАЗРААСАА ХӨӨГДӨХ ГЭЖ БУЙ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

Байгалийн түүхийн музейн барилга 10 гаруй удаа актлагдаж, ажиллагаагүй болсноос хойш олон жил өнгөрчээ. Гэвч хотын төвийн А бүсэд хэзээ ч нураад уначихаж мэдэх хоосон саарал байшин дүнхийсээр.

2013 онд Соёл спорт аялал жуулчлалын сайд байсан Ц.Оюунгэрэл саяхан манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би сайд байхдаа бэлэн зураг төсөл хүлээлгэж өгсөн байдаг. Ингэхээр зураг төсөл бэлэн, газар нь бэлэн, үзмэрүүд нь бэлэн, боловсон хүчин нь бэлэн. Гэтэл бэлэн зураг төслөөр нь барилга барьчихгүй сүүлийн таван жил өнгөрлөө. Сүхбаатарын талбайн баруун хойно байгаа тэр гоё газрыг хэн нэгэн хүн хараандаа авчихсан юм уу, яасан юм, барилгыг нь барьж өгсөнгүй. Барья гэсэн бол барьчихаар хугацаа өнгөрсөн. Ингэж барилгыг нь барьж өгөхгүй гацаасаар, одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй музейтэй нэгтгэн юу ч биш болгож буй нь хардлага төрүүлж байна. Энэ бол Байгалийн түүхийн музейн газрыг яах гэж байгаа юм? гэх хардлага” хэмээн ярьсан.

Үнэхээр л уг музейг Их тэнгэр рүү нүүлгэж, Байгалийн түүхийн музейн газрыг зарж олсон мөнгөөр нь шинэ музей байгуулах тухай мэдээлэл цацагдаж, Засгийн газар, БСШУСЯ шүүмжлэлд өртсөн. Энэ даруйд “Уг газрыг зарахгүй, зарахааргүй шийдсэн. Харин энэ газар дээр нь долоон давхар хаадын музей барина” хэмээн тэс өөр мэдээлэл хэвлэлийнхэнд өгөх болов. Хэвлэлийн үүрэг энэ.

Байгалийн түүхийн музейн одоо байгаа барилга, барилга ч гэж балгасын “Б” блокын хэсгийн суурь суулт өгсний улмаас даралтын хүчинд хана нь бүлтэрч, нурж эхэлсэн. 1954 онд анх баригдсан уг барилга усархаг бороонд улам л муудсаар, хэзээ мөдгүй, хэн нэгний дээрээс нурж унахыг үгүйсгэхгүй. Учир нь барилгын элэгдэл 99 хувь хүрчээ.

ТАТАН БУУГДАЖ БУЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ

Үлэг гүрвэлийн төв музей долоодугаар сарын 31-нд нээлтээ хийж, наймдугаар сарын 01-нд Засгийн газрын тогтоолоор татан буугдав. Татан буугдаагүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа л гэж албаныхан хэлж байна. Гэвч тогтоол гарсан нь үнэн үү гэвэл ҮНЭН.

Өмнө ярьсанчлан Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэн Их тэнгэрийн ам руу одоогийн байгаа газраас 25 дахин том талбайд байгуулна гэсэн. Зураг төсөл нь дөнгөж гарсан хоосон газраас болж бүхэл бүтэн музейг ийм эрт татан буулгах эрх ашиг юуных вэ?

Үлэг гүрвэлийн музей гэж тусгай, төв музей байхад Хүннү моллд жинхэнэ үзмэрээ хадгалаад байдаг улсад, удирдлагуудад үнэндээ л итгэх арга үгүй тул ийн хардаж сууна. Барилга баригдахаас ч өмнө музейг татан буулгачихаад одоо байгаа цөөн үзмэрүүдийг ямар дэлгүүр, молл, худалдааны төвүүдэд байлгах гэв?

АВРАЛ ЭРЖ БУЙ БОГДЫН МУЗЕЙ

Өнгөрсөн пүрэв гарагт /2019.08.01/ Монгол улсын иргэн Ш.Баатар төрийн өндөрлөгүүдэд нээлттэй захидал бичив. Үүнд “Богд хааны ордон музейг:

-Хором алдалгүй авран хамгаалах

-Нэн яаралтай сэргээн засварлах

-Өмчлөлийн нарийвчилсан хэлбэр

-Хуульзүйн орчинг илт сайжруулах гэсэн дөрвөн зүйлийг хүсжээ.

Баригдаж дууссанаасаа хойш 100 жил болж буй хааны ордон хотын нягтралаас үүссэн агаарын бохирдол, эргэн тойрны барилга бүтээн байгуулалт болоод автомашины яндангаас ялгарч буй хорт хий, Улаанбаатар хотын агаарын бохирдлоос шалтгаалан нүдээр харахад нурж унах нь тун дөхжээ. Хэзээ ч нурж магадгүй ийм хааны ордон музейд Монголд нэг жилд ирдэг 80 мянган жуулчны тэн хагас нь очиж үздэг. Сэргээн засварлах тал дээр өөрсдөө чадахгүй бол манайд удаа дараа хүсэлт тавьсан улсуудын хүсэлтийг хүлээж авах, хөрөнгө мөнгө байхгүй бол хөршүүддээ хандвал тэд бүрэн ойлгож дэмжинэ гэжээ.

Богдын музейд үнэхээр арчилгаа, хайр дутжээ. Монголын Соёлын өвийг сэргээн засварлах төв гэж бий ч төр засгаас даалгавар өгөхгүй бол тэд сайн дураараа очоод засварлана гэж үгүй. Музей 10 жилийн өмнө ямар байсан яг тэр чигээрээ л өнөөдөр дүнсийх аж.

Богдын музейн газар хүртэл дээсэн дөрөөн дээр дэнжигнэх шиг. Иргэд, хэвлэл мэдээллийн анхаарал суларсан нэг өдөр л хойноос нь ухаж, хуулаад эхэлчихэж мэдэх. Өнгөрсөн удаа хөлбөмбөгийн ДАШТ болоход нэгэн нэр хүндтэй байгууллага хойд газарт нь шар айрагны том асар засах гэж байгаад иргэдийн шүүмжлэлд өртөж, шийдвэрээ буцааж байв. Сошиал орчин байгаагүй бол тэд түүхэн газартаа шар айрагны асар засахаас сийгэхгүй улс.

16 ЖИЛИЙН ДАРАА ЗАСВАРЛАГДАЖ БУЙ ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙ

Өчигдөрхөн энэ тухай мэдээлэл news.mn сайтад нийтлэгдэв. Мөн л Улаанбаатар хотын төв цэгт буй хуучны түүхэн дурсгалт цөөн газруудын нэг, БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсан уг барилгыг төр засаг мөн л тоосонгүй. Энэ түүхэн дурсгалт байшинг 1996 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд П.Гэндэнгийн охин Г.Цэрэндуламын санаачилгаар музей болгож, долоон танхимд үзмэр дэлгэжээ. Одоо энэ музейг түүний хүү С.Бэхбат залгамжлан ажиллуулж байгаа тухай тус сайтад өгүүлжээ.

Зориулалтын бусаар ажиллуулж, элдэв байгууллага үйл ажиллагаа явуулж байхдаа гадна талаас нь шавардсанаас үүдэн модонд сөргөөр нөлөөлж, анхны байдалд нь буцаахад хүндрэлтэй болсон аж.

Хэлмэгдэгсдэд зориулсан дэлхийн хоёр дахь музей ийм дүр зурагтай дүнхийнэ.

111 ЖИЛИЙН НАСТАЙ ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ

Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Чойжин ламын сүм музейг VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Төрийн их Чойжин  Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оруулж байжээ. Уг музейг 1960-аад оны үед музей болоход нь сэргээн засварлалт хийсэн. Түүнээс хойш бүтэн сэргээн засварлалт хийгээгүй, өдий хүртэл хадгалагдаж байна. 2013 онд хэрмэн хашаанд сэргээн засварлалт хийсэн нь түүхч, судлаачдын дургүйцлийг хүргэж, түүхэн өвийг буулгаж оронд нь тоосгон хашаа барьсанд ундуйцаж байв.

2014 онд гэхэд ширүүн борооны улмаас “Занхан” сүмийн дээврийн баруун хойд хэсгээр ус орж Богд хаан, Лован Бадамжунайн баримал, түүний сэнтий, жавилын урд хэсэг, Балин зэрэг үзмэр усанд норж байв.

Өнөөдөр ч уг музей шил толь шиг гялайж, гялтайхгүй ч бидний нүдэнд үзэгдэхгүй олон бэрхшээлийг туулан буй нь тодхон.

Монголын музейнүүд бүгд л ийм нэг эмгэнэлт драмыг туулж явна. Үзмэрүүдийн аюулгүй байдал алдагдаж, бүхэл бүтэн улс үндэстний туулсан түүхийн баримт, өв соёл минь дагшин байдлаа алдах эрсдэлтэй байна. Гэвч байгаа музейгээ хайрлаж, хамгаалж чадахгүй байгаа төрийн "томчууд" шинэ барилгын шав тавьж, тууз хайчилсаар. Музейн барилга хэзээ ашиглалтад орохыг таашгүй. Одоо ч сайхан зүйл ярьж л байна. 2020 он өнгөрөхөд барилга үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ гэдгийг хэн хүнээр хэлүүлэлтгүй бүгд л мэднэ. Номын сан, эмнэлгүүд, сургууль, цэцэрлэгийн барилгууд шиг мартагдаж ч мэднэ. Түүнээс өмнө өв соёлынхоо орон гэрүүдийг авран хамгаалмаар байна.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-08-07 09:13

Muzien gazriig bas xen nam tur avch yu barix geed bnaa. Muzeig gazriig ni xaash ni ch buu nuulge

Зочин
Зочин
2019-08-07 20:34

Үндэсний түүхийн музей нь дампуурсан нэг нөхөр. АН-ын үед томилогдож очоод л ах дүү хамаатан садан, нягтлан гээд л бөөн романс. Үлэг гүрвэлийн гайгүй ажиллаж байгаа музейн амыг барьж байх шив. Чойжин ламын сүмийг нэг бүжигчин хүүхэн авч явж чадах уу, Богдын сүүлчийн ордон ч нураад дууслаа. Бодлого барьж байгаа яам нь ёстой л чууаас нөхөд. Театраа сүйрүүлсэн хүн улс орны хэмжээнд хийж чадлаа юу

Зочин
Зочин
2019-08-18 23:54

Helmegdegsdiin musie gj hoorhii tolbortei zogsool l bolson bnle dee hichneen udaa orood vzeh yumsan gj haalttai haalga morgood butsaw daa aylal juulchlal hogjvvlne ntr gd l yriad bdag ydaj ehleed vzeh yumtai bj yrina biz dee

StevSlarie
StevSlarie
2019-11-17 05:47

Levitra Cialis Comparison Como Comprar Kamagra Online Rezept Fur Viagra [url=http://leviinusa.com]can i buy levitra in mexico[/url] Sale Secure Ordering Macrobid 100mg Las Vegas Propecia Cost Online

Холбоотой мэдээ

Back to top button