НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭнтертайнмент

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 01| Японы зах зээлд хүч үзэж буй “Зэрлэг жимс”-ний түүх

Хэрэвзээ хүн бүхний дотогш өнгийж чадвал ухаарал хайрлам, уучилж өршөөмөөр, хайрлаж нандигнамаар басхүү харамсаж гуньмаар түүхүүд өөрийгөө нээхэд, өгүүлж хүүрнэхэд бэлэн хүлээн байдаг билээ. Танд ч, надад ч, тэдэнд ч бий… Ийм л түүхүүдийг тантай хуваалцахаар Япон улсаас сэтгүүлчийн тэмдэглэлүүдээ дайж байгаа минь энэ.

….“Япон дахь Монголчууд” 10 цуврал нийтлэл маань эгэл жирийн хүмүүсийн энэ л дотоод ертөнц рүү өнгийнө. Эхний дугаартаа бид Япон улсад спорт хувцасны брэндээ бий болгон, Японы зах зээлд төдийгүй Монголын зах зээлд амжилттай борлуулан, байр сууриа олоод буй “Wildberry” брэндийн үүсгэн байгуулагч О.Хулангийн талаар өгүүлэхээр бэлдлээ.

Таны харж буй энэ брэндийн цаана ганцаар зүтгэсэн нэгэн бүсгүйн амьдрал хэрхэн өрнөж, “өнөөдрөө” бүтээсэн тухай нийтлэлээс үргэлжлүүлэн уншаарай.

Тарьмал биш “ЗЭРЛЭГ ЖИМС”-ний түүх

Facebook: Wildberry Activewear

Намайг бага байхад манайх Циркийн хажуугийн таван давхар байранд амьдардаг байв. Циркт тоглолт болох тоолонд би жижигхэн учраас хүмүүсийн дундуур шургаж ороод үнэгүй үзчихнэ. Агаарын акробат, уран нугаралтыг хэд ч үзээд уйдахгүй, үргэлж биширнэ. Тэр үеэс л би циркчин болохыг мөрөөдөх боллоо.

…би ганц бие ээжийн хүүхэд байсан. Таван нас хүртлээ өвөө, эмээ дээрээ өссөн намайг зургаан настайд ээж хүнтэй ханилж, би дүүтэй болов. Ээжтэйгээ бас хойд аавтайгаа амьдарч эхэлсэн үеэс би амьдрал гэгчийг жинхэнэ үзэж эхэлсэн санагддаг. Залуу хосуудын туулдаг олон бэрхшээлүүд тэдэнд минь тулгарч, түрээсийн байр, нийтийн байр, хоосон, хоолгүй өдрүүд, хадам, хажуу өрөө, цэргийн платкан майханд хүртэл бид амьдарч байлаа. Ээж байнга дэлгүүрээс юм зээлүүлнэ. Ургамалын тос грамллуулж авна. “Аавын цалин буухаар өгье гэж хэл” гээд л явуулна. Би жаахан байсан мөртлөө ургамалын тос зээлэхээр явах их л дургүй, зээлэхгүй, гуйхгүй гэж гөжүүдэлнэ. Тэгэх бүртээ дотроо “Ээж шигээ хэзээ ч ингэж амьдрахгүй дээ” гэж боддог байв. Зургаа, долоохон настай хүүхэд шүү дээ.

Ээж өвдөхөөсөө өмнө мөрөөдлийг минь биелүүлж циркэд оруулна гэж ярьдаг байв. “Гоё уран нугараач болчихоод олон орноор аялаарай миний охин” гэж захисан ч амлалтаа биелүүлж чадсангүй. Есөн настайд минь элэгний өвчнөөр намайг бас хорвоог орхин одлоо. Ээжийг өөд болохоос өмнө хойд аав ээж хоёр маань хоёр тийш болсон байв. Тиймээс ээж бид хоёр өвөөгийндөө амьдарч байсан бөгөөд ээжийгээ өнгөрсний дараа өвөөтэйгөө хэсэг хамт амьдрав. Гэвч сургуульдаа очиход хүүхдүүд эцэг эхгүй гээд шоолно. Өвөө маань насаараа цагдаа байсан хүн. Тэтгэвэрт гараад кинотеатрт 24/48 цагаар манаач хийж, амьдралаа авч явна. Шөнийн ээлжтэй үед нь би ганцаараа хононо. Шөнө айгаад өвөө рүүгээ утасдана. Тэр үед өвөө маань “Энэ хүүхдийг зовлон нэгтэй хүүхдүүдтэй нь хамт, сэтгэл амар, гэдэс цатгалан өсгөе. Намайг үхчихвэл энэ хүүхэд юу ч үгүй хоцрох нь…” гээд асрамжийн газарт өгсөн гэдэг. Ингээд би асрамжийн газрын охин болж, 18 нас хүртлээ тэндээ амьдарсан юм.

Асрамжийн газарт гадаад улсын сайн дурынхан маш их ирж, хичээл сургалт орно. Циркчин болох мөрөөдөл талаар болсон ч “Олон орноор аялаарай, миний охин” гэсэн ээжийн үг дурсамжаас мартагдахгүй. Ингээд л Япон явна, Америк явна гэсэн гэгэлхэн мөрөөдлүүдээ бяцхан зүрхэндээ тээн, гадаад хэлээ сайн сурна гэж шамдан мэрийлээ.

16 настай байхдаа “Шинэ Монгол” ахлах сургуульд үнэ төлбөргүй хоёр жил суралцах тэтгэлэгт тэнцэх нь тэр. Сургуулийн захирал Ж.Галбадрах багш маань жил бүр асрамжийн газраас нэгээс хоёр хүүхэд сонгон авч, үнэ төлбөргүй суралцуулдаг байсан бөгөөд би үеийнхнээсээ сонгогдсон нь гайхамшиг байлаа. Багшийнхаа буянаар ийнхүү сайн боловсрол эзэмшиж, Япон хэлтэй ч танилцлаа.

Гэхдээ сургуулиа төгссөн даруйдаа Япон явах амьдралын боломж нөхцөл байгаагүй тул Төрийн сангийн тэтгэлэг хөөцөлдсөөр Мандах их сургуулийн нягтлан бодогчийн ангид дөрвөн жил үнэ төлбөргүй сураад авав. Багаасаа л азгүй юм шиг хувь тавилантай хүүхэд хэрнээ эсрэгээрээ азтай ч юм шиг явж ирсэн нь миний бас нэг урам зориг байж. Их сургуульд сурдаг байхдаа асрамжийн газарт ирж англи хэл заадаг байсан сайн дурын байгууллагатаа ажилд орлоо. 18 настайгаасаа л хар ярианы англи хэлээр орчуулга хийж явсаар нэг мэдэхэд өөр шигээ жаалуудад хичээл заадаг багш болчихсон байх нь тэр. Их сургуулиа төгсөх хүртлээ тэндээ ажиллав, сургуулиа ч гайгүй төгссөн болохоор тэр даруйдаа ажилд орлоо. 2013 он шүү дээ. Гэтэл нийгэм дунд ороод дасаж чадахгүй л байв, бүх хүн миний эсрэг байгаа ч юм шиг, нөгөөх л хохирогчийн сэтгэлзүй намайг дагана. Нөгөөтээгүүр мэргэжлээрээ ажиллаад үзтэл өндөр дүнтэй мөнгөтэй харьцахаараа л балмагдаад, ямар нэг алдаа гаргаад байгаагаа мэдэв. “Хүннү-Эйр”-т ажиллаж байхдаа маш том шилжүүлэг хийх ёстой байснаа мартаж, тун хариуцлагагүй алдаа гаргасныхаа дараа өөрийгөө ойлгож авлаа. Би нэг л явах ёсгүй замаараа яваад байна аа гэж…

Тэр жил ажлаасаа гараад жаахан гансрангуй, хийцгүйхэн алхаж явснаа анх удаа амьдралынхаа хэв маягаа өөрчилж үзмээр санагдав. Тэр дор нь яг хажууханд байсан фитнессийн хаалгыг юу ч бодолгүй татан орлоо. 2014 онд. Эзэн нь бололтой нэг эгч үнэ төлбөрөөс эхлээд бэлтгэлийн заалаа сайхан тайлбарлаж өгсөн ч харамсалтай нь сарын 70 мянган төгрөг гэдэг надад боломжгүй. Учир байдлаа ч олигтой тайлбарлаж чадаагүй би бушуухан нүүр буруулан гарах гэвэл өнөө эгч минь “Эгчийн дүү арай хямдхан явж болно шүү дээ. Манай хамаатан гээд хэлчихье. Оюутны үнээр яв” гэдэг юм. Дотор минь баяр хөөр, урам зоригоор дүүрэн болж, тэр оройноосоо л шууд явж эхэлсэн дээ. “Баян-Оргил” фитнессийн хаалгыг татсан тэр өдрөөс хойш би долоон жил тасралтгүй дасгал хөдөлгөөн хийж байна.

Эхэндээ эв хав байгаагүй ээ. Арван жилийн сургуульд биеийн тамирын хичээлд ч ордоггүй, сонирхдоггүй байсан хүүхэд шүү дээ. Гэртээ байсан улбар шар өмдөө өмсөөд, даавуун цамц углачихлаа. Дасгал хийгээд ирэхээр цамц халуудаад, өмд ар хэсгээрээ нороод, хөхний даруулганы төмөр нь нухна. Хүн хар харж байгаад бушуухан татаж доошлуулаад л дасгалаа үргэлжлүүлнэ. Дасгал хөдөлгөөнд хувцас чухал болохыг биеэр ойлгож, анх удаа л өөртөө зориулж дасгалын ретүз худалдан авч байжээ. Гэсэн ч тэр үед сэтгэлд таарсан хувцасаа олж чадаагүй юм.

Ингээд жилийн дараа 2015 онд ажлын шугамаар Японд ирэх боломж олдлоо. Үйлдвэрийн гурван жилийн гэрээт ажилтан. Учир нь миний амьдралын төвшинд таарах боломж нь энэ л байлаа. Японы Айчи мужийн Нагояа хоттой ойрхон жижиг тосгонд манай бяцхан үйлдвэр байрлана. Нэгэнт л фитнесст дурлачихсан хүн чинь ирсэн хойноо ч тосгоныхоо нүх сүв бүрийг судалсаар нийтийн заалнууд олж авав. Угаас Японы аймаг хот бүрт нийтийн фитнесс, дасгалын өрөөнүүд гэж байдаг. Намайг харж үзсэн юм шиг манай жижигхэн тосгон маш том усан сантай, түүнд нь тосгоны оршин суугчид мягмар гараг бүрт үнэгүй орж үйлчүүлэх боломжтой байв. Дээрээ дасгалын өрөөтэй, доороо усан сантай. Тосгоны эмээ өвөө нар ихэвчлэн үйлчлүүлдэг энэ газарт тэдэнтэй найзалж нөхөрлөнгөө хэл усаа сайжруулах алтан боломж. Бас тэдэнтэй хамт тосгонд байх үнэ төлбөргүй англи хэл, япон хэлний клубүүдэд хамрагдаж их ч юм сурлаа.

Хичээсээр л, хичээсээр л… Гэхдээ л сэтгэлийн гүнд хамаг хурдаараа ирж байгаа галт тэрэгний урдуур гүйгээд орчихмоор тийм нэг мэдрэмж үе үе цухалзаад, өөрийгөө үл ойлгож эхлэв.

Учир нь Японд ажиллахаар ирснийхээ дараахан удалгүй сэтгэл санааны хувьд тун хэцүү байдалд орчихсон. Сэтгэл гутрал гэж хэлж болно. Үнэнийг хэлэхэд өмнө нь тийм хүнд ажил хийж үзээгүй. Асрах газрыг хүнд хэцүү гэдэг ч хүүхдүүд биднийг өрөөнийхөө шалыг л угаахаас бусдаар хоол ч хийлгэж үзүүлэлгүй өсгөдөг шүү дээ. Тийм л бэлэн юман дээр өссөн хүүхдүүд амьдралд шууд гарчихсан шиг санагддаг. Хөдөө гадаа өсөж, айл гэр, аав ээждээ тусалж, ажил хийж байсан хүүхдүүд биднээс арай л өөр. Гэнэт тийм хүнд хүчир ажил хийхээр шантарсан юм болов уу гэж одоо боддог. Ингэж шантрахдаа өөрийгөө голж явсаар сэтгэл гутралд орчихсон.

Ийм л хэцүү үедээ “Wildberry”-г олсон. “Wildberry” бол ойд ургадаг зэрлэг жимс. Гүзээлзгэнэ, нэрс, аньс жимс ургахад зөвхөн байгалийн нар, ус, салхи л хэрэгтэй, хэн нэгний арчилгаа тусламж, хүний оролцоо хэрэгггүй. Өөрийнхөөрөө, өөрөө өөрөөрөө, өөртөө тусалж, өөрийгөө ургуулах байгалийн зэрлэг жимс. Хэн нэгний “тарьсан” биш өөрийнхөөрөө “зэрлэг” байгаарай, хэн ч чамд тусалж чадахгүй ээ, чи л өөрөө өөртөө тусалж чадна гэж сануулах гэсэн миний сэтгэлийн илрэл нь “Wildberry” байв.

Сэтгүүлч: Ер нь Японд ирсэн хүн бүр л их бага хэмжээгээр сэтгэл гутралтай нүүр тулдаг шигээ?

Wildberry: Тийм байх. Бодит байдал төсөөлөл хоёр зөрчилддөг шиг.

Сэтгүүлч: Энд нийгмийн гэх асуудал ер нь гарахгүй, бүх зүйл бэлэн, хажууд байгаа, дутагдах гачигдах зүйлгүй мөртлөө л гутраад байдаг нь сонин. Ер нь ирээд амьдраад үзэхэд Япончуудын амиа хорлолт яагаад тийм өндөр байдгийг яс махандаа тултал ойлгосон шүү. Хэлж, тайлбарлаж боломгүй тийм нэг зүйл байдаг юм билээ…

Wildberry: Заримдаа галт тэрэгний урдуур орчихмоор ч юм шиг санагддаг үе байсан. Сайн бодоод үзэхээр хэн ч надад хайргүй юм шиг санагдаад л, энэ хорвоо дээр би төрөөгүй байсан нь дээр байсан юм шиг тийм сонин орон зайд орчихсон. Яаж хичээж сурсан билээ, гэтэл одоо энд ийм ажил хийгээд гэх мэт хийсвэр зүйлсэд маш их санаа зовсон. Сүүлд нь сэтгэл гутрал гэх энэ өвчинтэйгөө сайн танилцаад үзэхэд ядаргаанд орчихоод, ажил албаа, бие хаагаа зохицуулж чадахгүйгээс сэтгэлээр унаад байсан гэдгийг ойлгосон.

Сэтгүүлч: Өөрийгөө хэт их хатамжилж явсанаа гэнэт барьж чадахгүй “алдчихдаг” шүү дээ. Тэгснээ тэр уналтын дараа эргээд босохдоо хэрэггүй зүйлсээ тэр доор үлдээгээд, хэрэгтэйгээ аваад босоод ирдэг шиг санагдсан. Ахиад нэг удаа өөрийгөө “төрүүлж” байгаа юм шиг л…

Wildberry: Тийм шүү. Би сэтгэл гутралтай нүүр тулсандаа харин ч баярладаг. Анх ирэхдээ их дэврүүн жаахан охин байсан. Одоо арай амьдрал ойлгочихсон, дэврүүн охины минь зарим дүр алга болчихсон байна….

Бид байгаагаараа хайрлагдах эрхтэй – Хамгийн түрүүнд өөртөө

….би их эзмэг хүүхэд байсан. Ээжтэйгээ хамт байсан богинохон жилүүддээ хангалттай анхаарал, хайр халамж авч үзээгүй гэдгээ их хожуу ухаарсан. Дээр нь дүүтэй болно гэдэг айлын том хүүхэд бүрийн хувьд амаргүй даваа. 1990-ээд онд төрөөд, бага насаа туулсан хүүхдүүдийн жишгээр гэртээ цоожлогддог, ганц бие ээжийн хүүхэд, ээж нь дахин гэрлэсэн, дүүтэй болсон, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж мэдэрсэн гээд надтай адил мэдрэмж хаа нэгтээ байгаа байх даа. Энэ бүх байдал эцэст нь хохирогчийн сэтгэлгээ буюу өөрөө өөрийгөө өрөвддөг, байнга л бусад хүмүүс өөрт минь муухай хандаад байгаа мэт санагддаг тийм сэтгэлзүйг бүрдүүлдэг. Бүх зүйл дээр би хохироод байгаа юм шиг тийм таагүй мэдрэмжтэй болчихдог. Ажил дээр, амьдрал дээр энэ мэдрэмж хүний хөгжил дэвшилд асар их саад болдог. Үүнээс үүдээд би сүүлийн жилүүдэд өөрийнхөө сэтгэлзүйн учрыг олох их ажилд орсон билээ.

Сэтгэл гутралд орсон юм байна гэдгээ хүлээн зөвшөөрснийхөө дараа сэтгэлзүйчийн тусламж авч эхэлсэн. Цогтын Амгалан гэж сэтгэлзүйчийн сургалтад хамрагдах үед тэр хүн “Яг бүх юм таарсан момент амьдралд хэзээ ч тохиохгүй. Одоо л энийг хийхэд яг тохиромжтой” гэх үе хэзээ ч, яагаад ч тохиохгүй. Амьдрал угаасаа л хэцүү, өнөөдөр боломжгүй гэж үзвэл маргааш чиний амьдралд ахиад л нэг төлөвлөөгүй зүйл болохоор хүлээж байгаа. Тиймээс мөнгө төгрөг чинь гэнэт л бүтээд, чи цаг завтай байгаад л “за одоо л нэг эхэлье дээ” гэсэн үе байдаггүй. Зүгээр эхэлсэн хүмүүс л бүтээнэ. Эхлэл угаасаа хялбар байхгүй” гэсэн. Тиймээс шууд л өөр шигээ сэтгэлзүйн хүнд байдалд байгаа олон хүнд жаахан ч болов гэрэл гаргаж өгөхийг хүсэн “Wildberry”-гээ эхлүүллээ. “Та ганцаараа биш шүү, олон хүн тийм мэдрэмж мэдэрдэг, та тийм байсан ч хайрлагдах, аз жаргалтай байх эрхтэй шүү” гэсэн миний сэтгэлээс гарч буй зэрлэг жимс. Сэтгэлзүйг эрүүл байлгахад хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол мэдээж спорт.

ЯПОН ДАХЬ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС ГАР ДЭЭР ИРЭХ ХҮРТЭЛ

Одоогийн нөхөр, тухайн үед миний найз залуу надад үйлдвэрийг минь зуучилж өгч, дээр нь цагийн ажил хийж хуримтлуулсан бүх мөнгөн дээрээ найз залуугаасаа мөнгө зээлэн эхлэл хөрөнгөө босголоо. Би нөхрөөсөө авсан мөнгөө дараа нь сар сард нь буцааж төлсөөр дуусгасан байдаг. Данс тооцоонд хатуу ханддаг нь миний мэргэжлийн онцлог төдийгүй, өөрөө босгоно гэсэн зорилгодоо хүрэх гэж ийн хичээв. Анх 3115 доллараар бизнесэээ эхэлсэн ч вэбсайт гэх мэт чухал биш зүйлд багагүй хөрөнгө үрсэн гэдгээ одоо ойлгодог. Үйлдвэр маань ч анхны захиалга дээр намайг зайлшгүй олон тоогоор хийлгэх санал тавьсан учир бултах арга байсангүй, маш олон тооны бараа гэнэт л гар дээр ирэв.

Би аль болох будаг гардаггүй материал сонгосон. Японд ер нь өдөр болгон угаалга хийдэг шүү дээ, та бүхэн мэдэх байх. Энэ бүрт хувцас маш хурдан өнгө алдана. Ганц бие байсан болохоор цагаан хар ч ялгадаггүй, өдөржин шөнөжин ажиллаж ирээд өмссөн хувцасаа бөөнд нь угаалгын машинд хийчихээд унтчихдаг. Ийм учраас будаг гардаг хувцас бусдыгаа бохирдуулна. Тиймээс миний нэгдүгээрт тавьсан шаардлага бол энэ. Хоёрдугаарт өмсөхөд биед тун эвтэйхэн байх. Дасгал хөдөлгөөн хийхэд саад болоод байвал спорт хувцас гэж нэрлэх хэрэг юун.

Хувцаснуудаа гар дээр авсан өдрөөс хойш жинхэнэ “амьдрал” эхэллээ. Хэрэглэгчээ бэлдэлгүй эхлүүлсэн бизнес гэр бүл, найз нөхдийн хүрээнд ч олигтойхон урагшилсангүй. Тэдний дунд дасгал иог хийдэг, ийм төрлийн хувцас авдаг нь хэд билээ, нөгөөтээгүүр Японоос Монгол руу шууд үйлдвэрийн үнээр нь явуулсан ч эндэхийн өртөг өндөр учир яаж ч бууруулсан үнэтэй л тусна. Тэгэхээр бэлэн мөнгөөр шууд авах хүн олдоогүй. Ингээд л ахиад шууд сэтгэлээр унасан. Өөрийн гэсэн сайтаа хүртэл нээгээд тун албан ёсны эхлүүлсэн байтал хэрэглэгчээ бэлдэх нь хамгийн чухал байж гэдгийг хамгийн сүүлд ойлгох нь тэр. Яг үнэнийг хэлэхэд ийм зүйл эхлүүллээ гэхэд хүмүүс маш их дэмжсэн. “Хөөх ямар гоё юм бэ, Монголд ийм юм байхгүй шүү, чи эхлүүлбэл дэмжинэ, нүдээ олсон байна” гэж сонссон. Гэвч зарагдаад эхлэхэд хүмүүсийн хэлсэн шиг хүлээж авч, худалдан аваагүй.

Гэсэн ч заавал ард нь гэж зүтгэсэн.

Анх 2019 оны тавдугаар сард борлуулалтад гарснаас хойш хоёр жил өнгөрч байна. Эхлээд Японы зах зээл рүү гаргахаар төлөвлөж шууд Японы сайтуудад тавьж үзлээ. Япончуудын онцлог бол шинэ гарч буй зүйлд тун хянамгай ханддаг. Дэлхийд танигдчихсан юмыг тэдэнд зарахад асуудалгүй. Харин шинээр гарч буй зүйлд тун болгоомжтой ханддаг тул тэдний худалдан авах соёл, тэдэнтэй харьцах арга техникийг сайн судлах шаардлагатай боллоо. Үргэлжлүүлээд Япон дахь Монголчууддаа зориулан борлуулж эхэлсэн. Монголчуудын нэгдсэн зарын фэйсбүүк группууд рүү уйгагүй шэйрлэж байж борлуулалтаа эхлүүлсэн дээ. Одоо харин Японоос Монгол руу, эх орон руугаа бүтээгдэхүүнээ цөөн тоогоор явуулж, борлуулж эхлээд байна.

ГОЁ МОДЕЛЬ ХӨЛСӨЛЖ, “ИНФЛЮҮНЗЭРЭЭР” СУРТАЛЧЛУУЛЖ, ҮНЭТЭЙ ХАРАГДУУЛАХ МАРКЕТИНГ ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ

Сэтгүүлч: Японы зах зээлд та хэр их “хөлөө олсон” байгаа вэ? Цаашид энд оршин тогтнох боломжтой юу?

Wildberry: Цаашид хөлөө илүү сайн олохын тулд мэдээж маркетинг тун чухал. Одоогоор би эндэхийн Мэркари гэж хуучин бараа зардаг томоохон сайтад бараагаа оруулж зардаг.

“Wildberry”-ийг эхлэхээс ч өмнө гурван жилийн өмнөөс л би энэ сайтад юм зардаг байсан юм. Гэрийнхээ хуучин тавилгыг зараад шинийг худалдаж авах гэх мэтээр ашигладаг байснаа сүүлдээ бизнес маягаар ашиглаж эхэлсэн. Тэнд зөвхөн хуучин бараа бус хямд шинэ бараануудыг ч зардаг. Ковидоос өмнө би АНУ-руу явж “outlet”-ээс үнэтэй брэндийнх мөртлөө хямдхан зардаг баахан бараа бөөндөж ирээд дээрх сайтаар дамжуулж зардаг байсан юм. Миний оруулдаг бүтээгдэхүүнүүд хүмүүст таалагдаж байвал дараагийн зарах бүтээгдэхүүнийг минь харахын тулд намайг дагадаг гэсэн үг. Ингээд олон дагагчтай болох тусам бизнес өргөжих боломжтой. Энэ хаягаараа би өөрийнхөө “Wildberry”-г борлуулдаг.

Цаашид энэ том зах зээлд айхтар амжилт олоод явъя гэсэн төлөвлөгөө байхгүй. Харин өөр шигээ дасгал хийдэг бүсгүйчүүдэд нэг ч гэсэн аятай тухтай сайхан хувцас өмсгөхсөн гэсэн сэтгэл минь байна. Тиймээс манай компанийг олоод худалдан авалт хийгээсэй гэсэн сэтгэлээс энэ хувцас минь урган гарсан. Түүнээс биш гоё модель охид хөлслөөд л үнэтэй харагдуулах маркетинг хийгээд, мөнгө төлж “инфлюзүнзэрүүдээр” сурталчлуулаад “байяа” гэтэл нь өргөж, нэр хүндтэй болгож болдог л юм билээ. Гэхдээ би барааныхаа зургийг авахдаа нэг ч филтер оруулж, засварладаггүй. Яг байгаагаар нь яг өөрөө өмсөөд л зургаа авч оруулдаг.

Сэтгүүлч: Яагаад нэгэнт эхлүүлсэн бизнесийг “тэгж” болохгүй гэж?

Wildberry: Өдөр ирэх тусам аливааг трэнд болгож шууруулах, олноор нь үйлдвэрлэж, олноор нь зарах гэхээсээ илүүтэй хэрэгтэй хүн нь л аваасай гэж хүсэх болсон. Ер нь л масс үйлдвэрлэлд дургүй. Би өөрөө АНУ-д очоод хямдарсан бараануудын дэлгүүрт оруут маш их гоё бараа хараад баярлах, нөгөөтээгүүр ой гутах мэдрэмж зэрэг төрсөн. “Аймар” ихийг үйлдвэрлэчихсэн. Тэр нь зарагдаагүйгээс ч юмуу маш хямд зарж байгаа юм. Японд 2 ман буюу тав, зургаан зуун мянган төгрөгөөр авдаг цүнх тэнд 20 доллар гээд газар дээр хэвтэж байх жишээтэй. Юмны үнэ цэн гэдэг юу юм бэ, яагаад 200 доллараар Японд зарагдаж байгаа юм энд 20 доллар гээд газарт хэвтэж байгаа юм. Ингээд л би масс үйлдвэрлэлд улам улам дургүй болж эхэлсэн. Чанартай, цөөн, хэрэгтэй байх нь л чухал аж. Хэрэгцээ нь байгаа хүнд л зориулж, үйлдвэрлэе, заръя гэдэг зорилготой болсон.

Ашиг олъё, амьдралаа болгоё гэвэл айхтар маркетинг хийгээд цаашид үргэлжлүүлж болно. Гэхдээ одоохондоо тийм бодол алга байна.

Сэтгүүлч: Харин Монгол дахь борлуулалтаа танай брэнд хэрхэн хийдэг вэ?

Wildberry: Монголд найзтайгаа хамтран борлуулалтаа хийдэг. Бизнес амжилттай явахад сайн хамтрагч хэрэгтэй юм байна лээ. Хамтрагчтай болсон нь Монголдоо бизнесээ амжилттай явуулах нөхцөл болсон. Алсаас удирдана гэдэг бол хэцүү зүйл. Харин сайн хамтрагч байснаар Монгол дахь захиалга, хүргэлт, асуултанд хариулах гээд бүх ажлыг минь найдвартай хийж өгдөг найздаа баярлалаа гэж хэлье. Бас манай бүтээгдэхүүнийг сонгон авдаг хөөрхөн үйлчлүүлэгчдэдээ баярлалаа. Монголд зарагдаад хагас жил болж байгаа ч биднийг дэмждэг байнгын худалдан авагчидтай болсондоо баяртай байгаа. Гадаадаас бас захиалга хийдэг Монголчууддаа, Японд биднийг дэмждэг нүүрний иогийн Сола гэж мундаг бүсгүй бий, Соладаа мөн дахин дахин талархлаа илэрхийлье.

Эмэгтэй хүн өөртөө дэндүү харгис ханддаг. Сайхан биетэй байж л ийм хувцас өмсөх ёстой гэж өөрийгөө голно. Гэхдээ бид бүх төрлийн биеийг хүлээн зөвшөөрдөг гэдгээ байнга хэлдэг. Тиймээс ямар нэгэн байдлаар өгзөг өргөдөг, гэдэс дарна гэсэн тайлбар бичдэггүй. Эмэгтэйчүүд ихэвчлэн“Би гэдэстэй болохоор, би авгай махтай болохоор, би хөгшин болохоор” гэх зэргээр спорт цээживч авахаас татгалздаг. Бид ямар ч биетэй байсан байгаагаараа хайрлагдах эрхтэй. Миний спорт хувцас хөлс шингээдэг, дасгал хийхэд саад болдоггүй байхад хангалттай. Гэдэсгүй нарийхан хүмүүс биеэ гайхуулж өмсөх биш, бүх төрлийн биетэй хүн дасгал хөдөлгөөн хийхдээ өмсөөд өөртөө таатай байдал мэдрэх нь энэ хувцасны гол хэрэглээ юм.

Don’t limit yourself. You deserve it.

Be Wildberry,

Be with Wildberry…

Эцэст нь таны мөрөөдөл юу вэ? Минийх лав циркчин болох байсан. Уран нугараач аль эсвэл агаарын гимнастикчин болоод олон орноор аялаад, гоё хүмүүстэй танилцаж олон зүйл сурч мэдэх байсан. Хүсэл минь биелээгүй ч олон жил жуулчдад орчуулагч хийж, фитнесээр хичээллэн, Японд ажиллаж амьдардаг нь миний мөрөөдлийн биелэл билээ. Яаж ч зам зөрсөн огтлолцол үүсээд байдаг нь тархинд гүн суусан хүүхэд насны хүсэл мөрөөдөлтэй минь холбоотой юм болов уу… Харин одоогийн мөрөөдөл минь эмэгтэй хүнийхээ хувьд өндөр дээд болж, өөрийгөө илүү хайрлаж суръя, өөртөө сонирхолтой амьдаръя, өөрийгөө танин мэдье, дараа нь бусад эмэгтэйчүүддээ гэрэлт цамхаг больё гэж мөрөөдөж байна. Баярлалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. Сэтгэл зүйг маш сайн суд####жээ. Мундаг эмэгтэй байна. Ээж нь Өвөө нь түшдэг байх даа. Амжилт. Сайхан ярилцлага байна.

  2. Шинэ Монгол сургуулийн захир#### Г####аа мундаг юм. Баячуудын хүүхдүүдээс гадна Асрахын хүүхдүүд авч үнэгүй сургана гэдэг чинь Эх оронч хүн гэж болно. Та бүхэнд амжилт хүсье.

  3. Шинэ Монгол сургуулийн захир#### Г####аа мундаг юм. Баячуудаас гадна Асрахын хүүхдүүд авч үнэгүй сургана гэдэг.

  4. ЗОВСОНЫ ЭЦЭСТ ЖАРГАДАГ НЬ , БАЙГАЛЬ НИЙГМИЙН ХУУЛЬ ЮМ ДАА. ДҮҮ МИНЬ ЧАМД ИЛҮҮ ИХ САЙХАН АМЬДРАЛ, ХУВЬ ТАВИЛАН ИРНЭЭ. УЧИР НЬ ЧИ, ХАМГИЙН ГОЛ НЬ ОГТ ШАНТАРДАГГҮЙ, МЯТАРШГҮЙ ТЭМЦЭГЧ ХҮҮХЭД ЮМ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

  5. Монголынхоо зах зээлийг хангах т#### дэр сайн анхаарад үзээрэй. Чадлынхаа хэрээр туслахад бэлэн шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button