НИЙГЭМЯРИЛЦЛАГА

Ч.Алтан-Өлзий: Дата шинжилгээний олон улсын олимпиадад Монголоос анх удаа финалд шалгарч чадлаа

Монгол залуус дата шинжилгээний олон улсын олимпиадад анх удаа финалд шалгарч, түүгээр ч үл барам шилдэг таван багийн нэгээр тодорсон нь яах аргагүй энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Монгол Улсын түүхэнд анхдагч амжилт гаргасан “MN team-2” багийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Чунбукийн их сургуулийн докторант М.Лхагвадорж, Simple аппликейшны дата шинжээч Ч.Алтан-Өлзий, МИГ даатгалын дата шинжээч М.Чойсүрэн нар багтсан юм.

Тус олимпиадад хоёр дахь удаагаа оролцсон тэд энэ удаа ОХУ, Герман, АНУ, Франц зэрэг 15 орны 650 багтай өгөгдлийн ухаан (data science), хиймэл оюун (artificial intelligence), машин сургалтын (machine learning) арга ашиглан, бодит байдалд хамгийн ойр, нийцтэй загвар хөгжүүлэн өрсөлджээ.

Үүний сацуу тэмцээний эцсийн шатанд ОХУ-ын Otkritie банканд “Аль харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болговол бүтээгдэхүүн авах магадлал өндөр болохыг тодорхойлох, улмаар сонгосон харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болгосноор хамгийн их ашигтай байлгах тухай” бодлого бодож, загвар хөгжүүлэн өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.

Дата шинжилгээний олон улсын олимпиадад Монгол Улсаас анх удаа шигшээд шалгарч, шилдэг таван багийн нэгээр тодорсон “MN team-2ын гишүүн Ч.АлтанӨлзийтэй ярилцлаа.

Юуны өмнө дата анализын олон улсын олимпиадад Монгол Улсаас анх удаа финалд шалгарч, V байр эзэлсэнд нь баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг Чулууны Алтан-Өлзий гэдэг. Би дижитал зээлийн үйлчилгээ үзүүлдэг “Simple” аппликейшны Дата шинжилгээ, загвар хөгжүүлэлтийн багийг ахалж ажилладаг. Эдийн засагч, математикч мэргэжилтэй.

Танай баг энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцлоо. Өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байсан нь мэдээж. Олимпиад хэрхэн өрнөв?

-Цахимаар болсон энэ тэмцээнд хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Эхний шатанд хамгийн өндөр оноо авсан 30 баг финалд шалгарсан. Тэдгээрийн нэг нь манай баг байлаа. Бид энэ тэмцээнд өнгөрсөн жил анх удаа оролцохдоо финалд шалгарч чадаагүй. Хэдхэн оноо дутсаны улмаас эхний шатанд хасагдсан. Энэ удаа амжилтаа ахиулж, финалд шалгарлаа. Хоёрдугаар шатанд, финалд өрсөлдсөн 30 багаас V байр эзэллээ.

Эхний шатны даалгавар 30 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Зурган өгөгдөл дээр ажиллаж, даалгавар биелүүлсэн. Хоёрдугаар шатанд хакатон хэлбэрт шилжин, 36 цагийн турш өрсөлдөөд шилдэг нь тодорлоо. ОХУ-ын HSE их сургууль, “Yandex” компанитай хамтран тав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээн их өрсөлдөөнтэй болсон, оролцоход амаргүй байлаа.

Өгөгдлийн ухаан (data science)-ы хамгийн том платформ болох “Kaggle”-ын хамгийн шилдгүүд, гранд мастеруудтай багууд эхний гурван байрт орсон нь хэр чансаатай, өрсөлдөөнтэй тэмцээн болсныг илтгэнэ.

Цаанаас бидэнд тодорхой өгөгдөл өгнө. Тэр өгөгдөл нь тоон, зураг, текстэн, дуу хоолой гэх мэт  ямар ч байж болно. Тухайн өгөгдлийг боловсруулаад, дата шинжилгээ хийлээ.

Сүүлийн шат ОХУын “Otkritie банкны харилцагчдын датан дээр шинжилгээ хийх даалгавартай байлаа. Та хэд өмнө нь банканд ажиллаж байсан туршлагатай нь давуу тал болсон уу?

-Тэгсэн. Бид гурвуулаа эдийн засагч мэргэжилтэй, өмнө нь банканд ажиллаж байсан туршлагатай. Жишээ татаад хэлэхэд, би Монгол банканд ажиллаж байсан. Сүүлийн шатанд банктай холбоотой даалгавар өгсөн нь бидэнд давуу тал боллоо. Багуудаар  

ОХУ-ын “Otkritie” банкны харилцагчдын картын гүйлгээний, зээлийн зэрэг маш олон дата өгөөд, дата шинжилгээ хийлгүүллээ.

Аль харилцагчид ямар зээлийн бүтээгдэхүүн санал болговол авах магадлал өндөр вэ гэдэг талаас нь модель боловсруулсан. Таамаглах модель боловсруулсан үр дүн нь банкны ашгийг хамгийн их байлгах даалгавар байв. 36 цагийн турш олон загвар илгээн өрсөлдлөө.

Шалгаруулалтын 30 хувь болоход манай модель нэгдүгээрт явж байсан. Байр эзлэх боломжтой гэсэн итгэл, өндөр хүлээлттэй байлаа. Үлдсэн хувь болох тестийн датан дээрээ оноо маань бага зэрэг буураад V байрт орлоо. Амжилтаа юу гэж чамлах вэ. Сэтгэл хангалуун байна.

Амжилтаа ахиулах, эхний гурван байрт орох боломж хэр байв?

-Бид тэмцээний дараа алдаа, оноогоо нэлээд ярилцаж, дүгнэлээ. Тэмцээний үеэр манай баг нийт 50 орчим шийдэл хийсэн. Хамгийн сайн гэж бодсоныгоо сонгоод илгээсэн юм. Сүүлд дүгнэхэд тэр шийдэл бидний хамгийн сайн нь биш байсан байна лээ. Гуравдугаар байрт орох хэмжээний шийдэл бидэнд байсныг сүүлд анзаарлаа.

Тэгэхээр сонголтон дээр алдсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Сонголтон дээр алдсан байна лээ. Туршлага болоод үлдлээ.

Тус олимпидад өмнөх жил энэ бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн үү?

-Тэгсэн. Манай баг гурван гишүүнтэй. Багийн маань ахлагч нь Лхагвадорж. Илүү академик түвшний гишүүн. Учир нь тэрбээр Өгөгдлийн ухааны чиглэлээр БНСУ-ын Чунбукийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байгаа. Багийн маань нөгөө гишүүнийг Чойсүрэн гэдэг. МИГ даатгалын дата шинжээч. Жилд нэг удаа болдог тэмцээнд бид ийм бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бид энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон 650 багтай өрсөлдлөө.

Монголоос өрсөлдсөн өөр баг бий юү?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Монголоос анх удаа финалд шалгарсан нь манай баг.

Дата шинжилгээ, өгөгдлийн ухаантай ажил, амьдралаа хэдийнээс хослуулж байгаа вэ?

-Манай багийн гурван гишүүн гурвуулаа эдийн засагч мэргэжилтэй. Гурвуулаа өгөгдлийн ухаан руу шилжсэн. Би МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Сүүлд нь математикийн чиглэлээр суралцсан. Их сургуулиа төгсөөд Монгол банканд ажилласан. Тэнд ажиллаж байхдаа датан дээр ажиллаж сурсан юм. Би үнийн өсөлтийг таамагладаг байлаа. Тэгж байгаад өөрийгөө хувийн байгууллагад сорьё гээд “Simple” аппликейшнд ажилд орсон юм.

Энд дата шинжилгээ чиглэлээр жинхэнэ утгаар нь ажиллаж байгаа. Өгөгдлийн ухаан чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, тэмцээнд оролцохоос гадна би MLUB (Machine Learning UB) Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн. Өгөгдлийн ухаан, машин сургалт, хиймэл оюун ухааныг сонирхдог залуус Монголд илүү олон болоосой, бие биендээ мэдлэг, туршлагаасаа хуваалцаасай гэж хүсдэг.

Өгөгдлийн ухаан руу өөр, өөр салбарын хүмүүс их хөрвөж орж ирдэг. Тэгж орж ирсэн төлөөлөл нь бид гурав. MLUB энэ чиглэлд залуусыг улам хөгжүүлэх зорилгоор “MLUB night” арга хэмжээг энэ сарын 29-нд зохион байгуулна. MLUB-ийг хамтран үүсгэн байгуулагч С.Уянга урилгаар оролцоод, мэдлэг, туршлагаасаа хуваалцана. Аль болох олон залуус энэ салбарт ороосой, өөрийгөө хөгжүүлээсэй гэсэндээ хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил бидэнд их бий.

Энэ ташрамд, хиймэл оюун, өгөгдлийн ухааны салбарыг Монголд хөгжүүлэх, олон олон залуусыг энэ салбарт амжилт гаргуулахын төлөө Ашгийн төлөө бус байгууллага байгууллан, хамтран зүтгэж буй MLUB-ийн залуустаа баярлаж явдгаа илэрхийлье.

Эдийн засгийн дүн шинжилгээ, таамаглал гаргах, эрдэм шинжилгээний хуралд оролцоход ч мөн танд давуу тал болдог уу?

-Тэгдэг. Лхагвадорж бид их сургуулийн найзууд. Бид хоёр эдийн засгийн эрдэм шинжилгээний хуралд оролцохдоо Өгөгдлийн ухааны техник, аргачлалыг давуу тал болгон ашигладаг. Өнгөрсөн жил бид хоёр Монголбанкны судлаачдын эрдэм шинжилгээний хуралд оролцоод түрүүлсэн. Тэгэхдээ хиймэл оюун ухаан, машин сургалтын арга текник зэрэг эдийн засагт төдийлөн нэвтрээгүй аргачлалыг ашигласнаараа онцлог байсан юм.

-Дата шинжилгээ, өгөгдлийн ухааны салбар Монголд хэр хөгжиж байна вэ?

-Дата шинжилгээ дэлхийд моданд орж байгаа. Бүх салбарт дата анализын ашиглах болсон. Дата шинжилгээний тодорхой мэдлэгтэй, туршлагатай болчихсон байхад ямар ч салбарын хүнд давуу тал болно. Монголд энэ салбар хөгжсөөр байгаа. Дата шинжлэлээр мэргэшсэн, тэмцээнд оролцдог залуус Монголд олон бий. Би математикч мэргэжилтэй. Залууст нэг зүйлийг ойлгуулахын тулд “Math Matters” гэдэг нэртэй эвент хийдэг. Тэр талаараа ярьж болох уу?

Бололгүй яах вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд үздэг тоо, томъёо амьдралд хэрэггүй, ашигладаггүй гэж ярих хүн бий. Математик тухайн хүнд логик, цэгцтэй зөв сэтгэлгээг төлөвшүүлдэг. Энэ талаасаа хүний амьдралд их хэрэгтэй.

Багадаа бид Бүндэнгийн өгүүлбэртэй бодлогын ном их боддог байсан. Өгүүлбэрээ сайн ойлгож байгаад хариуг нь гаргадаг шүү дээ. Үүнтэй адил амьдралд тулгарч, тулгамдаж буй асуудлууд бол өгөгдөл. Матемакик тоо нэмж, хасан, үржүүлж хуваахдаа гол нь бус цэгцтэй зөв сэтгэлгээ, оновчтой гаргалгаа, шийдэл гаргах чадварыг хүнд сургадаг, төлөвшүүлдэг юм шүү.

Эргээд дата олимпиадын тухай ярилцахад, танай баг анх удаа финалд шалгарч, V байрт орсноор Монгол Улсад, монголчуудад ямар боломж нээгдэж байгаа вэ?

-Энэ салбарт зөндөө олон боломж байгааг монгол залуус хараасай, бидний амжилтаас урам аваасай гэж хүсэж байна. Өгөгдлийн ухааныг илүү олон хүн сонирхоосой, ажил, амьдралдаа ашиглаасай. Ирэх жил энэ тэмцээнд Монголоос илүү олуулаа өрсөлдөөд, манай улсаас аль болох олон баг финалд шалгарвал сайхан байлгүй яах вэ.

Танай баг энэ тэмцээнд ирэх жил дахиад оролцох уу?

-Оролцоно. Амжилтаа ахиулахыг зорино. Нээрэн энэ тэмцээний финалд шалгарсан багууд Москва хотод очоод, “Yandex”-ийн оффист өрсөлддөг юм билээ. Хэрвээ энэ жил цар тахалгүй байсан бид тэнд очоод өрсөлдөх байсан юм.

Харамсалтай нь, энэ удаа нөхцөл байдлын улмаас цахимаар оролцлоо. Ирэх жил Монголоос олон баг финалд шалгараад, Москваг зориосой. Дата шинжилгээний олимпиадад оролцдог, өгөгдлийн ухаанаар өөрийгөө сорьж буй хүн бүхэнд гранд мастер цол хүртэхийг зорьдог. Миний зорилго ч мөн тийм. Гэхдээ одоохондоо арай хол байгаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button