ВИДЕО КОНТЕНТНийгмийнСурвалжилга, Нийтлэл

ХОТЫН ХОЁР ӨНГӨ: Хүүхдийнхээ төлөө өдрийн 3-4 цагт багш болж, төвөггүй уншуулж, 100 дотор тоо бодуулж сургажээ

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 10-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хичээл, сургуулийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Учир нь өнгөрсөн намар нэгдүгээр ангид элсэн орсон сурагчид өдгөө төгсөж, анги дэвших болзлоо хангаад буй юм. Гэвч хоёр сар гаруйхан хугацаанд танхимаар хичээллэсэн сурагчид түүнээс хойш гэрийн нөхцөлд теле хичээлээ үзэж, цахимаар ангийн багштайгаа холбогдсоор ийн төгсөж байна. Улсын хэмжээнд хэдийгээр вакцинжуулах ажил хурдацтай өрнөж буй ч коронавирусийн нөхцөл байдал сайнгүй хэвээр байгаа тул энэ жилийн төгсөгчдөөс улсын шалгалт авахгүй, дээр нь зуны амралтыг урагшлуулахаар болсон билээ. 35 үсгээ сурсан багачуудын хувьд “Үсэглэлийн баяр”-аа гэр бүлийн хүрээнд тэмдэглэсэн юм.

Иймд бид ирэх намар хоёрдугаар ангид элсэн суралцах сурагчид ерөнхий эрдмийн хичээлээ хэрхэн сурсан, цаашлаад теле хичээл үр дүнтэй байсан эсэх асуудлаар төлөөлөл болсон хоёр сурагчийн гэр бүлээс сурвалжилга бэлтгэлээ.

-ДОЛООН НАСТАЙ С.ХАНГАЛ ХҮҮ ХОТЫН ТӨВӨӨС 28 КМ-ИЙН АЛСАД ОРШИХ ГЭРТЭЭ ЭЭЖ, ЭМЭЭГИЙН ХАМТ АМЬДАРДАГ-

Бидний очсон эхний айл Сонгинохайрхан дүүргийн алслагдмал хороодын нэг, хотын төвөөс 28 км алсад орших Баруунтүрүүнд байрладаг. Долоон настай С.Хангал хүүгийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Хөгжил цогцолбор сургуулийн 1е ангид суралцан төгсөж байгаа юм. Гэрээс нь сургууль руу ердөө хоёр автобус явдаг бөгөөд хичээллэж байх хугацаандаа эмээгээрээ хүргүүлж байжээ. С.Хангал хүү эмээ, ээжтэйгээ амьдардаг. Ээж нь ажилдаа явсан хойгуур эмээтэйгээ теле хичээлээ хийсээр төгсөж байгаа юм. Хүүгийнх гэртээ цөөн тооны үхэр, тугалтай бөгөөд хичээлийнхээ завсраар эмээдээ тусалдаг байна. Хотын их түгжрэл, хөл хөдөлгөөнөөс хол бөгөөд агаарын сайхан, байгалийн үзэмжид амьдарч байв.

Хотын хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор Баруунтүрүүн руу хоёр цаг орчим явж хүрч очсон юм. Биднийг очиход хүү, үеэлийнхээ хамт гадаа бөмбөгөөр тоглож, харин эмээ нь хашаа хороогоо янзалж байлаа. Тэд теле хичээлээ хийгээд хүүгийнхээ толгойг амраахаар түр завсарлаад буй нь энэ аж.

-С.ХАНГАЛ ХҮҮГИЙН ЭМЭЭ Д.ОЮУН: ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХДЭЭ 35 ҮСЭГ СУРГАЖ, 100 ДОТОР НЭМЖ ХАСУУЛЖ СУРГАЛАА-

Бид энэ үеийг ашиглан С.Хангал хүүгийн эмээ Д.Оюунтай теле хичээлийн үр дүн ямар байсан, хүү нь хичээлээ хэр сурсан тухай цөөн хором ярилцлаа.

Д.Оюун өдгөө 60 гаруй настай бөгөөд цэцэрлэгийн багшаар ажилласаар тэтгэвэртээ гарчээ. Ийнхүү охиндоо тус дэм болж, хүүгээ сургуульд зөөх, хичээлийг нь давтуулахад тусалж буй аж.

-Хүүхэдтэйгээ хамтарч ажиллахад ямар байсан бэ?

-Энэ жил бид хоёр цахимаар хичээл хийж, 35 үсгийг сургаж, тоо бодуулж сургалаа. Манай хүүхэд 100-гийн дотор чөлөөтэй нэмж, хасаж чадна. Минутын уншлага хийнэ. Багштай хамтраад цахимаар хичээлээ сурсан. н.Оюунхишиг багш сайн заадаг. Заасан хичээл нь өгөөжөө өгсөн. Ямар ч байсан нэгдүгээр ангиа төгслөө.

-Зарим үед хэцүү л байлаа. Би насаараа цэцэрлэгт багшилж, хүүхдүүдтэй ажиллаж байсан тулдаа л харьцангуй тайван даваад гарлаа. Багш нь сайн байвал, цахимаар хичээллэсэн ч хоёулаа хичээлээ үзээд давгүй давчихдаг юм байна. Хичээл нь интернэтэд тавигдсаны дараа багш нь цахимаар орж заадаг. Гэхдээ танхимаар хичээлээ үзсэн бол арай л илүү байх байлаа.

-Өдөрт хэчнээн цагийг хичээл хийхэд зарцуулсан бэ?

-Бид хоёр өдөрт 4-5 цагийг хичээл хийхэд зарцуулсан шүү. Өдрийн турш л хоёулаа хичээлээ хийж байсан. Цахим хичээл дөнгөж орж эхэлж байхад биеийн тамир, дууны хичээл гээд бүгдийг нь хийдэг байлаа. Сүүлдээ зөвхөн монгол хэл, математик хоёрыгоо л хийдэг болсон доо. Зургаан настай хүүхэд ихэнхдээ л тоглох гээд байдаг юм байна. Сууж сурахгүй. Босож гүйгээд хэцүү байлаа. Гэхдээ хоёулаа гэртээ хичээлээ хийгээд, давгүй л сайхан даваад гарсан даа.

-СУУЖ СУРААГҮЙ ХҮҮХДЭД ХИЧЭЭЛ ЗААХАД ХҮНДРЭЛТЭЙ БАЙЛАА-

-Нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийг хийлгэх, заахад хэцүү байв уу?

-Хэцүү л байлаа. Гэхдээ ямар ч байсан болгосон. Өнгөрсөн намар хоёр сар орчим хичээлд нь зөөж байтал хөл хорьчихсон. Тэгээд л цахимаар хичээллэж эхэлсэн. Намар хоёрдугаар ангид ороход нэг их гологдоод байхгүй болов уу. Заримдаа хичээлийг нь зааж мэдэхгүй үе ч байлаа. Хичээлийн систем, арга барил нь бас өөрчлөгдсөн байна. Одоо ингээд 60 хүрчихээд зээгээ сургах гэж зүдэрлээ.

-Ирэх намар анги дэвшихэд хэр бэрхшээл тулгарах бол. Хичээлээ хэр сайн сурсан гэж бодож байна вэ?

-Ер нь дунд зэргийн л сурсан болов уу гэж бодож байна. Ямар ч байсан муу бол биш. Хоёрдугаар ангид орвол танхимаар хичээллээсэй л гэж бодож байна. Сургууль руу нь зөөх илүү амар юм аа. Хүүхэд бас хүн элэг бариад байх шиг. Дураараа аашлаад, дургүйлхэх нь их. Багш бол яг л багш байдаг юм байна. Багш нэг дуугарвал үгэнд орно. Хичээлээ яс хийнэ.

-Үсэглэлийн баяр, улсын шалгалтгүй анги дэвшиж байна. Багш, анги хамт олноос яах тухай ярьсан уу?

-Үсэглэлийн баярыг “Эх үрсийн баяр”-аар гэр бүлийн хүрээнд тэмдэглээрэй гэсэн. Манай хүүхэд нэгдүгээр анги төгсөж байгаагаа ч мэдэхгүй байна. Мэдвэл нэхээд байх болов уу. Толгойд нь үсэг хийж өгөөд, тэмдэглэнэ дээ.

-35 үсгээ бичиж, уншиж, нүдэлж сурсан уу. Хэдийн дотор тоо бодож сурсан бэ?

-35 үсгээ мэднэ. 100 хүртэл бол нэмэж хасаж чадна шүү. Бодлого бодно. Ямартай ч дунд зэрэгт байгаа болов уу. Уг нь анхаарал нь төвлөрвөл хичээл хийхдээ сайн шүү манай хүүхэд. Цэцэрлэгт бэлтгэл хийгээгүй учир бас бэрхшээлтэй байна. Цэцэрлэг бэлтгэл хийсэн бол манай хүүхэд энэ жил толгой өвдгөхгүй байх байлаа. Цэцэрлэгтээ бэлтгэл хийсэн хүүхэд өөр байдаг байхгүй юу. Бид чинь насаараа цэцэрлэгт ажилласан учир мэдэж байгаа юм. Гэрээсээ хичээл үзэж болдог л юм байна. Цахимаар хичээллээд, зайнаас суралцаж чадлаа.

-Хүүхдээ анзаарахад аль хичээлдээ түлхүү сонирхолтой байна вэ?

-Тооныхоо хичээлд түлхүү сонирхолтой байна. Тоог цээжээрээ бодно. 100 дотор нэмж хасна гэнэ шүү.

-Өөрийн санаачилгаар хичээлээ хийх нь хэр вэ?

-Ер нь л үгүй шүү. Шахалт шаардлагаар л хийнэ. Хийгээрэй, алив Хангалаа гэж хэлүүлж байж л хийнэ. Гэхдээ бас сүүлийн үед хичээлээ хийхгүй бол болохгүй, багшийн даалгавар орж уу үгүй юу гээд байдаг болсон. Сүүлдээ л тэглээ. Эхлээд бол ёстой үгүй шүү.

-АЛСЛАГДМАЛ ГАЗАРТ АМЬДАРДАГ УЧИР ТОГ ТАСРАХ, ИНТЭРНЭТ ГАЦАХААС ЭХЛҮҮЛЭЭД БЭРХШЭЭЛ ИХ БАЙЛАА-

-Цахимаар хичээллэхэд ангийн багш нь гэрийн даалгаврынхаа биелэлтийг хэр шалгаж байна вэ?

-Багш нь бол сайн. Давгүй сайн шалгадаг. Гэрийн даалгавартаа оноо өгөөд урамшуулаад байхаар түүндээ урамшаад байдаг юм байна. Таван хошуу авахаараа урамшаад хичээлээ хийх гээд байдаг. Орой бүр хичээлээ хийгээд багш руу нь интернэтээр илгээнэ. Багш нь дүнгээ тавиад эргүүлээд явуулдаг. Нэлээн сайн зааж, шалгадаг шүү.

-Танхимаар бус цахимаар хичээллэхэд ямар бэрхшээлүүд учирч байна вэ?

-Заримдаа интернэт гацна, тасарна. Мөн цахилгаан тасарчихдаг юм. Тасарсан үед бол яагаад ч хичээлд орж чадахгүй. Гэхдээ бас гайгүй ээ. Цахимаар ч гэсэн чадахаараа л хичээсэн дээ.

-Үзсэн эрдмийн хичээлүүдэд нь ангийн багш нь дүн тавьсан уу?

-Урамшуулах хэмжээнд л таван хошуу тавиад байх шиг байгаа юм. С.Хангал таван хошуу авахын төлөө нэлээн сайн ажилласан. Хүүхдүүдээс хоцрохгүй гээд бас хичээгээд байгаа нь ажиглагдсан” гэв.

Удалгүй хүү цайгаа ууж, эмээтэйгээ ширээнийхээ ард суугаад монгол хэлнийхээ хичээлийг хийж эхэллээ. Танхимаар хичээллээгүй гэхэд хүү түргэн уншлагаа сайн уншиж байв. Эмээ нь хажуунаас нь хүүгээ дэмжиж, үес үес толгойг нь илнэ. С.Хангал хүү бидэнд цээжилсэн шүлгээ уншиж бас түргэн уншлага уншиж өгөв. Танхимаар ердөө хоёр сар хичээллэсэн гэхэд хүү чамлахааргүй их чармайлт гаргажээ. Хүүгээс анги, сургуулийнх нь тухай асуухад тэрбээр мэдэхгүй байв. Ангиасаа дөрвөн хүүхдийн нэрийг л нэрлэж байлаа. Ийнхүү бид хүүтэй хэсэг ярилцав.

-С.ХАНГАЛ: БИ ЗАМЫН ЦАГДАА БОЛНО-

-Цахимаар хичээллэхэд ямар байсан бэ?

-Гоё.

-Цахим хичээлд суугаад юу сурсан бэ?

-Би 35 үсгээ сурсан. 100 дотор тоо бодож сурсан. Шүлэг, дуу сурсан.

-Найзуудыгаа санаж байна уу?

-Санаж байна.

-Хэдэн найзтай вэ. Нэрийг нь мэдэх үү?

-Мэднэ. н.Цацрал, н.Гэрэлт-Ирээдүй, н.Гэрэлт-Од, н.Чингүүн-Од.

-Цахим хичээлийнхээ хажуугаар өдөрт ихэвчлэн юу хийдэг вэ?

-Даам, хөзөр тоглодог.

-Ямар хичээлдээ илүү дуртай вэ?

-Тооны хичээлдээ илүү дуртай.

-Яагаад дуртай вэ?

-Бодлого боддог болохоор гоё байдаг юм.

-С.Хангал том болоод ямар хүн болох вэ?

-Цагдаа болно.

-Яагаад?

-Замын хөдөлгөөний дүрэм мэддэг болохоор.

-Мэддэг дүрмээсээ хэлж өгөөч?

-Ногоон гэрэл асахад гарцаар гарч, улаан гэрэл асахад гарч болохгүй” гэв. Ийнхүү С.Хангал хүү хичээлээ хэсэг завсарлаж, шатар, даам тоглож эхлэв. Бид ч дараагийн айл руугаа явахаар замдаа гарлаа.

-Б.ШҮРЭН-ОД ОХИН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙРЛАХ ОРОН СУУЦАНД ААВ, ЭЭЖ, ДҮҮТЭЙГЭЭ ХАМТ АМЬДАРДАГ-

Бидний зорьсон дараагийн айл Баянзүрх дүүрэгт байрладаг. Б.Шүрэн-Од охин бяцхан дүү, аав, ээжтэйгээ дөрвүүлээ орон сууцанд амьдардаг. Аав нь ажилтай тул өглөө гараад орой ирнэ. Харин ээж Б.Сүмбэрмаа бяцхан хүүгээ харахын сацуу охиныхоо хичээлийг давтуулдаг байна. Биднийг гэрт очиход Б.Шүрэн-Од охин дүүгээ саатуулж байв. Энэ зуур бид охины ээжтэй ярилцсан юм.

Түүний хувьд хөл хорионы үеэр амаржсан тул хүүгээ асрахын сацуу бяцхан охиныхоо теле хичээлийг чадахаараа хийлгэсээр иржээ.

-Хүүхэдтэйгээ ажиллаж, хичээлийг нь хийлгэхэд хэр хүндрэлтэй байв аа?

-Энэ жил нялх хүүхэдтэй гэртээ байгаа учраас хүүхдийнхээ хичээлд илүү анхаарч чадлаа. Гэртээ чөлөөтэй байгаа болохоор бусад ажилтай хүмүүсийг бодоход харьцангуй дээр байгаа. Түүнээс зургаан настай хүүхэд бие даагаад теле хичээлээ хийнэ гэж байхгүй шүү дээ. Босоод явахад ард дагаад явж байдаг. Тиймээс зурагтаа буцааж ухраагаад хичээлээ ахиад л хийдэг.

-Эхлээд их хэцүү байсан. Арваннэгдүгээр сарын 10 гээд л ангийнхаа хүүхдүүдтэй ч танилцаж чадаагүй хичээл нь хаагдчихсан. Би өөрөө хичээлийг нь яаж ойлгуулах учраа олохгүй байлаа. Багш нь зүүмээр хичээл ороод байсан учир дэмтэй байсан. Хүүхэд багшийнхаа үгийг илүү ойлгодог юм билээ. Хүүхэд сайн тогтоогоод авсан юм шиг санагддаг.

-Өдөр хэчнээн цагийг хүүхэдтэйгээ даалгаврыг нь хийлгээд ажиллаж байна вэ?

-Бид хоёр 12:00 цагаас эхлээд хичээлээ хийж эхэлдэг. Яг тогтсон цагтай болчихсон. 12:00 болохоор теле хичээлээ нөхөж үзээд, хийж байтал үргэлжлүүлээд багш нь даалгавар өгдөг. Түүнийг нь хийлгээд өдөр 15.00 цаг  хүртэл суудаг гэхээр дөрвөн цаг орчим суудаг гэсэн үг юм.

-Б.СҮМБЭРМАА: ГЭРТЭЭ БАЙХААР ХҮҮХЭД БОСОЖ ГҮЙГЭЭД, ХИЧЭЭЛ ХИЙХЭД ХЭЦҮҮ БАЙДАГ-

-Хичээлээ хэр сайн ойлгож байх шиг байна вэ?

-Эхлээд ерөөсөө ойлгохгүй А үсгийг А-гийн тоо гэж хэлдэг байсан. Улирал дуусаад амарч, арванхоёрдугаар сараас хойш хичээлээ сайн ойлгож эхэлсэн.

-Ямар хичээлдээ илүү сонирхолтой байна вэ?

-Математикийн хичээлдээ илүү сонирхолтой байгаа. Монгол хэл дүрэм ихтэй учир буруу уншихаас эхлүүлээд хэцүү юм билээ. Авиа, үсэг, эр эм үсэг, хос эгшиг гээд л тайлбарлахад төвөгтэй. Багштай нь хамтраад заахад бас арай дөхөм байсан.

-Багш нь өгсөн даалгавараа хэр сайн шалгадаг вэ. Хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Багш нь их сайн ажилладаг. Минутаар байнга уншуулж, долоо хоногт хоёр удаа холбогдоод хүүхдийнхээ ур чадварыг шалгадаг.

-Хүүхэдтэй гэрээсээ ажиллаад явахын давуу болон сул талыг хэлж өгөөч?

-Хүүхэд танхимд суралцахаар нэг нэгнээсээ суралцана. Дээр нь багшийн хэлснийг илүү сайн ойлгодог юм билээ. Гэртээ байхаар босож гүйгээд хичээл хийхэд хэцүү. Сууж сураагүй. Би өөрөө завтай гэртээ байгаа учраас хүүхэдтэйгээ тулж ажиллаж байгаа болохоос ажилтай хүмүүст хэцүү. Хүүхдээ аргадаж л хийлгэнэ. Цэцэрлэгт гарыг нь зүгшрүүлээд овоо сурж байтал хичээл нь дахиад л хаагдчихсан. Намар хичээллээд бас л хаагдсан учир хүндрэлтэй байлаа.

-АНГИЙНХАА ХҮҮХДҮҮДИЙГ АСУУДАГ Ч, ЗУРГИЙГ НЬ ХАРЧИХААД ТАНИХГҮЙ БАЙГАА-

-Бичгийн хэвэнд яаж анхаарч байна вэ?

-Ерөнхийдөө надтай адилхан бичигтэй болчихсон. Зааж байгаа хүнийхээ бичгийн хэвийг дуурайдаг юм билээ.

-Олон сарын хөл хорио, хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Ийм насны хүүхдүүд гүйж харайх их дуртай болчихдог юм билээ. Гадаа гарахаараа тоглоомын талбайд л гүйгээд байдаг. Би 7 хоногтоо нэг удаа л хоёр хүүхдээ аваад гардаг. Бусад үед гэртээ л гүйгээд, их үймүүлдэг. Их ганцаардаад байгаа нь ажиглагдсан.

-Таниас сургуулийнхаа, найзуудынхаа, багшийнхаа тухай асуудаг уу?

-Асуудаг. Манай ангийнхны зураг байна уу гээд л асууна. Охины анги 37 сурагчтай юм билээ. Зургийг нь харчихаад л энэ чинь хэн билээ гэдэг. Хүүхдүүдийнхээ долоог нь л таниад байх шиг. Эрэгтэй хүүхдүүдийг бол бүр ч танихгүй.

-Ирэх намар анги дэвшихэд бэлэн үү?

-Би долдугаар сарын 20 хүртэл амраагаад түүнээс хойш хичээлийг нь давтуулна гэж бодож байна. Ер нь гайгүй байх л гэж бодоод байна” гэв.

-Б.ШҮРЭН-ОД: БАГШАА ХАВАР ЗУГААЛГААР ЯВНА ГЭСЭН ЯАСАН БЭ-

Б.Шүрэн-Од охин сурсан шүлгээ уншиж, цэвэр бичгийн дэвтрүүдээ ч мөн бидэнд харууллаа. Угаас сэргэлэн, хэвлүүхэн яриатай бяцхан охин тоогоо сайн бодож, түргэн уншлагаа ч мөн тод, хурдан хэлж байлаа. Коронавирусийн өвчлөл хүүхдүүдэд түгээмэл байгаа учир Б.Шүрэн-Од охин өдрийн ихэнх хугацааг дүүтэйгээ өнгөрүүлнэ. Ид тоглож, гүйж нааддаг насандаа гэртээ хоригдсон учраас гэртээ гүйх, тонгочиж үймүүлэх нь их гэв. Мөн үес үес сургуулиа, найзуудыгаа санаж ээжээсээ асуудаг гэв. Биднийг ярилцаж байхад охин биднээс "Хавар зугаалгаар явна гэсэн яасан юм бол. Та ангийн багшаас маань асуугаад өгөөч” гэх нь ангиа, багшийгаа, найзуудаа ямар их санасныг илтгэж байлаа. Бид түүнтэй ийн ярилцсан юм.

-Ангид нь хэдэн хүүхэд сурдаг вэ?

-Би лав сайн мэдэхгүй ээ.

-Найзуудыгаа санаж байна уу?

-Жоохон л. Хэдэн хүүхдийг л санаж байна.

-Цахимаар хичээлээ хийх ямар байна вэ?

-Гоё.

-Юу нь гоё байна вэ?

-Багш хичээл зааж өгөх нь гоё.

-Хичээлээсээ хэр их зүйл сурсан бэ?

-Тоогоо бодож сурсан. Үсгээ үзээд дууссан.

-35 үсгээ мэдэх үү?

-Мэднэ.

-Тоогоо хэдийн дотор нэмж, хасаж сурсан бэ?

-100 хүртэл

-Ямар хичээлдээ илүү дуртай вэ?

-Хоёуланд нь дуртай.

-Хичээлээсээ гадна юу хийдэг вэ?

-Дүүгээ харж, буулгасан зүйлсийг нь хураадаг. Бас дүүг унтуулах, усанд оруулахад тусалдаг.

-Дүүдээ хэр их хайртай вэ?

-Зөндөө их хайртай.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Шүдний эмч

-Яагаад?

-Хүмүүсийн өвдсөн шүдийг эмчилж өгөхийг би хүсдэг.

-Шүдээ хэр сайн угаадаг вэ?

-Өглөө л угаадаг. Орой угаахгүй орхичихдог.

-Гэртээ байхдаа ихэвчлэн ямар тоглоомоор тоглож байна вэ?

-Чихмэл тоглоомоор тоглодог.

-Гадаа гарч байгаа юу?

-Жоохон л тоглож байгаа. Коронавирустэй байгаа болохоор айгаад гарч чадахгүй байгаа.

-Найзууддаа хандаж хэлэхийг хүсэж байгаа зүйл бий юу?

-Найзуудтайгаа хамт зөндөө их тогломоор байна. Зуныг зугаатай өнгөрүүлээд, ирэх намар уулзацгаая. Бас дүүдээ, ээждээ, аавдаа, эмээ, өвөө, аниадаа, багшдаа хайртай. Бүгдэд нь баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна” гэв.

-СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ-

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэр рүү шилжүүлсэн ч, эцэг эхчүүд багш нартайгаа уялдаатай ажиллаж, хүүхдэдээ хичээлийн хоцрогдол үүсгэхээс сэргийлж чаджээ. Бидний сонгон сурвалжилсан айлууд алслагдмал, нөгөө нь хотын төвд байрлалтай хэдий ч тэднийг нэг зүйл ижилсүүлж байв. Тэдгээр хүүхдийн ээж, эмээ өдөр бүр 3-4 цагийг хүүхдүүдтэйгээ хичээл хийхэд зарцуулж байжээ. Эсрэгээрээ маш завгүй амьдралын хэмнэлтэй, хүүхдэдээ хичээл давтуулах цаг гаргаагүй аав, ээжийн хүүхэд 35 үсгээ бүрэн сурах нь бүү хэл, тоо нэмж, хасаж чадахгүй байгаа болов уу. Тэгэхээр энэ хөл хорио, теле хичээл эцэг эхийн зав цаг, чансааг шаардсан зүйл болж хувирлаа. Харамсалтай нь үүний хохирогчид нь бяцхан хүүхдүүд болж үлдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хичээлээ сайн дүнтэй төгсөж буй сурагчид ангийнхнаа, тэр бүү хэл явдаг сургуулиа ч сайн мэдэхгүй хэр нь "Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэж таарах нь...

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button