НийгмийнОРОН НУТАГСПОРТ

Айсуй баярын ЧИМЭЭ…

Морь уралдаж, бөх барилдахыг утгаар нь үзээгүй учир “наадам айсуй” гэх үгийг ойлгодоггүй байж. Харин аавынхаа нутгийн наадмыг үзсэнээр угтаа энэ баяр ямархан өнгөтэй байдгийг ойлгосон юм.

2016 оны аагим зун санж. Дундговь аймгийн Говь-Угтаал сумыг нутаг, Хонгорын Бригад. Говийн зэрэглээ тодорно. Голио шаргиж, үе үе царцаа дэвхэрнэ. Уяан дээр адуу шилгээж, тургиан сонстох нь их хотын чимээнээс эрс өөр аж. Манай энд бороо хур бага, өвс ногоо тачир. Бут сөөг элбэгтэй ч халцгай байх нь их. Хангай газар ойр ойрхон бороо ордог бол говийн нутагт сард тоотой хэд л орно. Тиймдээ ч говийнхон усанд их аригч, гамтай. Бороо орж, тэнгэр бүрхэх нь цөөн учир говийн нар хурцаар төөнөдөг. Мөн хангайд өндөр хадархаг уул, ой мод гол байдаг бол говьд бут, гүвээ, тал газар, хаад нэг тойром бий. Хангай газраас ийм л ялгаатай говийн нутагт бид гурван гэрээр зусав.

Энэ бол Нямынх гэдэг айл. Том, дунд, жижиг гэсэн гурван гэрийн томд нь гийчдийг хоноглуулж, дунд гэртээ өөрсдөө аж төрж, унд цайгаа хийнэ. Харин жижиг гэрээр банаг хийнэ. Банагт хөхүүртэй айраг, өглөөний бүрсэн тараг, цартай ааруул, нойтон аарц, борц өлгөөтэй. Нөгөө хоёр гэрээс ялгаатай нь энэ гэр шалгүйгээс гадна хүнс цагаа агуулна.

Ням ах нохой гаслам халууныг ч ажрахгүй орос бакал дээрээ дээл өмсөн уяан дээрээ өнжинө. Мориныхоо хөлсийг хусаж, өөрийнхөө хөлсийг нударгаараа нэг шударна. Хааяа нэг гэрт орж данхтай цай залгилах нь түүний амралтын цаг гэмээр. Сунгаагүй өдрөө дэмбээдэж том хулаар айргийг гүд гүд хийтэл залгилна. Түүнийг хуруудаж, дэмбээдээд барах хүн үгүй.

Хонгорын бригад энэ нугынхан наадмын сунгаагаа хийнэ. Долоо хоногт нэг удаа болдог энэ сунгаанд уяачид хоорондоо бооцоо тавьдаг бол морины хүүхдүүд мөрийтэй уралдана. Нэг уяаны хүүхдүүдийн мөрий ихэвчлэн морины ажлаа хийлгүүлэх байдаг.

Зургийг интернет орчноос ашиглав.

-УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ТОГЛООМ-

Унаач хүүхдүүд морины ажлаа түр завсарлахаараа худаг явна. Тэд усанд тоглох дуртай. Морины хүүхдүүдтэй хамт худаг орохоор онгоцтой ус дүүргэж тавингаа амаараа чулуу түүж тоглоно. Онгоц дүүрэн уснаас амаараа хэн олон чулуу түүсэн нь ялдаг тоглоом. Дотор нь хумсны чинээтэй чулуу нэг дор биш, тарааж тавиад түүж гарна. Дөнгөж ховоодсон онгоцтой усанд нүүрээ дүрээд л хамаг толгой хага ташин, янгинаж байхад мориныхон ер сурамгай. Даарсандаа биш амьсгаагаа барьж дийлэхээ болихоор л гарч ирнэ.

Сунгааны дараа уяачид тойрч суугаад хэний морь чанга, өнгөтэй, сойлго таарч байгаа, энэ наадмаар хэр давхих зэргийг шинжин хөөрөлдөнө. Тэдэнд сөгнөсөн айраг дөхүүлэх зуур “сойлго сунгаа дутсан хүлэг л наадмаар энддэг юм, уначих юм бол цоройг нь цочроож амьсгалуулж чадвал аварч болно. Гэхдээ л хөлсөлгөөгөө дутаагаад унагасан л бол авралгүй. Хөлсөлгөөгөө л сайн хийх чухал даа” гэж ярих нь сонстов.

Уяач, унаачид үүр цайхаас өмнө босоод морины ажлаа эхлүүлдэг нь нэг хүлгээ ч болов дутуу хийсэн ажлын үрээр унагачихгүй юм сан гэх сэтгэл байсныг сунгааны үеийн ярианаас мэдсэн юм. Ийн өдөр хоногууд өнгөрсөөр зургадугаар сарын сүүлийн долоо хоногт наадам болов. Бид сумын төв рүү нэг өдрийн өмнө очиж асар, цээл уяагаа зоож, бэлтгэл ажлаа хийв.

1950-ИАД ОНД НААДМЫН ГАНГАРАА ХӨХ, НОГООН ДЭЭЛ БАЙЛАА

Бэлтгэл ажил дуусч бага үдийн үед сумын төв дээрх ажаагийндаа очив. Ижий цай чанаж, хуушуурын мах татаж суух зуур залуу насных нь наадмын дурсамжийг яриулсан юм. “1950-иад оны наадам аж. Наадмын асар, талбай, суудал гэж байдаггүй. Хүн болгон хамгийн ганган дээлээ өмсөнө. Тэр үед хүн бүр дээл өмсдөг байсан ч нийтлэг цэнхэр, ногоон дээлийн торго л байдаг байлаа. Эмэгтэйчүүд ногоон, эрчүүд цэнхэр дээл өмсдөг. Хамгийн цэвэрхэн дээл өмссөн хүнийг хамгийн ганганд тооцно. Одоогийнх шиг ганган хээ, саатай торго гэж байдаггүй. Чанартай торго л байдаг. Наадмын тойргийг тэгшхэн талбайд хийнэ. Тэр зүг рүү явах гэж морио унаад л шогшчихно. Эрт үед дэрс их өндөр ургадаг байсан. Морьтой хүний толгой л шоволздог. Морин дээрээсээ өндөлзөөд л. Наадамд хүн бүр морио унаад ирнэ. Одоогийнх шиг унаа тэрэг гэж байхгүй. Наадам болж байгаа хэсэгтээ нутгийнхнаараа нийлж цээл уяа зоогоод тэндээ морио уячхаад талбай руу алхаад очно.

Ерөөс энэ наадам гэдэг тэр үеэс өөрчлөгдсөн зүйл үгүй. Улам л орчин, хүрээгээ тэлж байна. Энэ бол Монголчууд соёлын өвөө их сайн тээж яваагийн илрэл юм шүү дээ” гэсэн юм.

Маргааш өдөр нь наадмаа үзлээ. Манай нутгийн наадмыг бодвол цомхоноос гадна ганц өдөр үргэлжлэв.

НААДМЫН ХУУШУУР ГЭРЭЛТЭХГҮЙ БАЙНА, ХАР ДАА

Хуушуур 600 төгрөгөөр авав. Үнэ нь манай нутгийнхаас 300 төгрөгөөр хямд байв. Уутанд хийгээд автал пэндийтэл чихсэн мах, халиар, шөл ихтэй, халуунаараа. Нар өөд бариад цаадахыг нь нэвт харна гэвэл яагаад ч харагдахгүй. Хөөх… цаад тал нь гэрэлтдэггүй хуушуур байна. Хар даа… гэж дуу алдав. Гэртээ хийж иддэгээс арай том, их махтай байсан юм даг.

БӨХ НЬ ЗОДОГ, ШУУДАГ ӨМСДӨГГҮЙ ЮМ БАЙНА

Наадмын бөх гэж хээгүй, хөгжөөнтэй барилдаан болов. Ихэнх бөх нь гэдсээрээ тэлээ тэлээлчихсэн, зарим нь дээлийн бүс бүсэлчихсэн байв. Саравчтай малгайтай гарч ирээд хол хол хариан дэвж шаваад л. Сумын эгч нар дээлийн ханцуйгаараа амаа дарж инээгээд тэдэн өөд сэгсэрч, биенээ цохиж инээлдэнэ. Бүгд биенээ танина. Гарч ирсэн бөхийг “манай тэр гараад ирлээ” гэх. Давсан бөх асар дахь цартай боорцгоос атгаж аваад тойрон суусан үзэгчдэд цацна. Ийн барилдсаар энгийн хувцас, саравчтай малгайтай бөх түрүүлэв.

ШАНДАС ХҮЛГИЙН ХАТААГҮЙ ХӨЛСИЙГ ХАДГАНД ШИНГЭЭ АВАВ

Хурдан морины уралдаанд түрүү, аман хүзүүг тэр жил авсан юм. Ням ах баярлаж, шандаст хүлгийнхээ хөлсийг хусахад хүлгийн хурдныг шагшсан хүмүүс хөлснөөс нь хадганд шингээж авав.

Наадам гэдэг өнгөндөө цэнгэл мэт боловч эмээгийн ярьсан шиг 70 жилийн дараа хэлбэрээ хадгалсаар л байх биз ээ… Цар тахал арилж, цаг үе сайхан болохоор айсуй баярын чимээнээр хөдөө нутгийг зорин наадаад өв тээж, уламжлуулж байгаа их үйлийг хараад бахдан баясах сан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button