Ярилцлага

Б.Солонгоо: “Рио Тинто”-гийн өгч буй мэдээлэл бүрд итгэх эсэх нь эргэлзээ дагууллаа

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг "Рио Тинто” компани геотехникийн нөхцөлөөс болсон гэж мэдэгдсэн байдаг. Гэвч Засгийн газраас томилж ажиллуулсан хөндлөнгийн шинжээчид тийм биш гэж дүгнээд буй.

Төслийн Монгол талд ирэх үр ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээ хийж буй энэ цаг үед "Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй арбитрын маргаанд Засгийн газар хариуцагчаар орж байгаа. Эдгээр цаг үеийн сэдвүүдээр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоотой ярилцлаа.

БҮЛЭГ ОРДЫН НӨӨЦИЙГ 8-10 ХУВИАР БУУРУУЛЖ, ТАЙЛАН ИРҮҮЛСНИЙГ БУЦААСАН

-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулснаас хойш долоон хоног өнгөрлөө. “Рио Тинто” талаас ямар нэг албан мэдэгдэл ирүүлэв үү. “Сайтар судална, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-тэй нягт хамтарч ажиллана” гэх и-мейл илгээсэн тухай гадаадын сайтад нийтэлсэн байсан?

-"Рио Тинто”-гоос одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна. Түүнчлэн наймдугаар сарын 25-нд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэх товтой байгаа. ТУЗ хэлэлцээд, ямар байр суурь илэрхийлэх нь мөн анхаарал татаж байна.

-Дүгнэлтийг танилцуулдаг өдөр Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто” компанийн Монгол дахь төлөөлөлтэй цахимаар уулзсан гэсэн. Тэр үед хариу мэдэгдэл ирүүлэх цаад хугацаа яригдсан болов уу?

-Дүгнэлт нэлээд дэлгэрэнгүй тул гүйцэд танилцахад хугацаа шаардлагатай талаар тэд хэлсэн. Бид ч шинжээчдийн дүгнэлттэй нухацтай танилцаж байна. Урьдчилсан байдлаар далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хугацаа хэтэрсэн шалтгаан нь геотехникийн нөхцөлөөс болоогүй гэдэг нь тодорхой ойлгогдож буй. Энэ бол санаа зовох асуудал мөн. “Рио Тинто” компани өмнө нь геотехникийн шалтгаантай гэж удаа дараа тайлбарлаж байсан учраас үүн дээр албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй, өг гэдэг шаардлагыг ч ажлын хэсгийн зүгээс тавьсан.

-Мөн манай талаас “Далд уурхайн олборлолтыг даруй эхлүүл, шинэ ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мөн мэдэгдсэн гэсэн. Олборлолтыг түргэн эхлүүлэх боломж байгаа юм уу. Ямар ТЭЗҮ-ээр юм бэ?

-Ажлын хэсэг далд уурхайн бүтээн байгуулалт дээр дахиж хугацаа алдах шаардлагагүй, аль болох хурдан дуусгах нь төслийн оролцогч талуудын эрх ашигт нийцнэ гэж харж байгаа. “Рио Тинто” компанийн хувьд улаар гүний уурхайн цаашдын бүтээн байгуулалтын огтлох шийдвэр гаргахын тулд эхлээд ТЭЗҮ-ээ Засгийн газраар батлуулах ёстой. Харин энэ процесс Засгийн газраас болж хойшилж буй мэтээр ойлгогдох тайлбарыг хөрөнгө оруулагчдадаа өгч байна. Уг нь “Рио Тинто” компани нөөцийн тодотгол тайланг эхлээд өгч, түүнийг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авсан байх ёстой. Үүний дараа ТЭЗҮ-ийн асуудлыг ярилцдаг.

Харин тэдний ирүүлсэн нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ оны гуравдугаар сард хэлэлцээд, хүлээж аваагүй. Буцаасан. Учир нь бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэнээс шалтгаалж, Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийг 8-10 хувиар бууруулсан байсан. Ийм том ордын хувьд маш их хэмжээний нөөц хасагдчихаж буй хэрэг шүү дээ. Түүнчлэн зардал нэмэгдсэн шалтгаан дээр хангалттай тайлбар ирүүлээгүй гэхчлэн асуудлууд байсан тул 10 гаруй зөвлөмж өгөөд, уг нөөцийн тодотгол тайланг буцаасан.

Саяхан тухайн зөвлөмжүүдийг тусгасан шинэ нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэхээр өгсөн гэх мэдээлэл авсан. Энэ үйл явцын дараа ТЭЗҮ-ийг хүлээж авах эсэх асуудлыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл шийднэ. Энэ бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өрнөж буй үйл явц болохоос далд уурхайн бүтээн байгуулалттай холбоогүй. Гэвч Засгийн газраас болж асуудал царцаад буй мэтээр хөрөнгө оруулагчдадаа ойлгуулж байгаад бидний хувьд сэтгэл дундуур байгаа юм.

Түүнчлэн бид ТЭЗҮ-ийг хүлээж авахгүй гэж тайлбарлаагүй. Асуудалд аль болох ул суурьтай хандах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж буй. Өмнө нь хийж байсан мэдэгдэл нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн энэ нөхцөлд “Рио Тинто” компанийн өгч буй бүх мэдээлэлд итгэх нь зөв үү гэсэн эргэлзээ үүснэ. Иймд асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхээс илүү харилцан ойлголцолд хүрч авах нь чухал болоод байна л даа.

БИД АВАХ ЁСТОЙ ТАТВАРАА АВСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

-Үүнтэй зэрэгцээд татварын акттай холбоотой Лондонгийн арбитрын шүүхийн маргааныг энэ наймдугаар сард багтааж хэлэлцэх тухай мэдээлэл байсан. Үүн дээр тодорхой тов байна уу?

-Энэ маргааны хүрээнд, 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд Засгийн газар хариу тайлбар өгч, сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. “Оюу толгой” ХХК нэхэмжлэгч, Монголын Засгийн газар хариуцагчаар орж буй. Бидний хувьд сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэл нь, Оюу  толгой төсөлд менежментийн алдаа гарсан байж болзошгүй байна. Иймд менежментийг хэрэгжүүлдэг гэдэг утгаараа “Рио Тинто”, “Туркоиз Хилл Ресурсес” компаниуд ч уг маргаанд оролцогч болох гэдэг асуудал юм. Тэднийг оролцогч тал болгох эсэхийг арбитрын бүрэлдэхүүн шийдвэрлэхээр байгаа. “Рио Тинто”, “Туркоиз Хилл Ресурсес” компаниудын хувьд маргаанд оролцогч тал болохоос татгалзсан байр сууриа илэрхийлсэн. Бидний зүгээс байр сууриа хамгаалж, хариу мэдэгдэл гаргах хэлбэрээр энэ маргааны процесс хэвийн үргэлжилж байна. Харин наймдугаар сардаа багтаж тодорхой шийдвэр гарахгүй байх.

-Арбитрын маргаан хэр удаан үргэлжлэх талаар багцаа төсөлөөл бий юу? Дунджаар 3-4 жил үргэлжилж байж шийдэгддэг тал бий шүү дээ?

-Мэдээж эцсийн шийдвэр бол тодорхой хугацаа авч, 2023 оны нэгдүгээр хагаст гарах байх. Гэхдээ энэ бол Засгийн газрын эхлүүлсэн маргаан биш. Бид хөрөнгө оруулалтын гэрээний маргаан шийдвэрлэх заалтыг хүндэтгэж үзээд, байр сууриа хамгаалаад л орж буй. Засгийн газарт энэ маргаанаас илүү Оюу толгой төслөөс хүртэх үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ, УИХ-ын 92-р тогтоолоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн чиглэлд л илүүтэй анхаарч, ажиллаж байна. Мэдээж арбитрын маргаанд бид бэлтгэл ажлаа сайн хангах ёстой. Аль аль тал нь буулт хийхийг хүсэхгүй байгаа асуудлууд бий.

Том агуулгаараа, Оюу толгой төслөөс Монгол Улсад ирэх ёстой байсан үр ашиг маш их өөрчлөгдчихсөнд л гол асуудал байгаа юм. Тэгэхээр үүнийг яаж засах сайжруулах вэ, хяналт тавих боломж юу байна. Төслийн менежментийг илүү хариуцлагатай хэрэгжүүлэх хөшүүргийг яаж бий болгох вэ гэхчлэн асуудалд анхаарах нь зүй.

Хүмүүс яагаад хөрөнгө оруулагчдын ажилд Засгийн газар оролцох гээд байгааг гайхаж байж магадгүй л дээ. Манай Засгийн газар “Оюу толгой” ХХК-иас төслийн менежментэд хяналт тавих түвшний өндөр хувьцаа эзэмшдэггүй. Тэгэхээр ажлын хэсгийн хүрээнд энэ хяналтын тогтолцоог сайжруулах асуудлыг чухалчлан авч үзэж буй. Тэгэхээр компанийн гүйцэтгэх удирдлагад бодитой хяналт тавих боломжийг бүрдүүлэх засаглалын тухай сэдвийг сөхөхөөс өөр аргагүй болно. Эдгээрийг бид хэлэлцээний явцад яриад явах боломжтой гэж харж байгаа.

-“Оюу толгой” ХХК-иас Төрийн санд түр байршуулсан татварын төлбөрийг Засгийн газар 300 мянган төгрөг болгож тараасан. Тэр утгаараа ч,  ер нь Засгийн газарт энэ арбитрын маргаанд ялах нь илүү чухал байгаа мэт ойлгогдож байгаа юм?

-Бидний хувьд “Оюу толгой” ХХК-д тавьсан татварын актыг үндэслэлтэй гэж харж байгаа. Эхлээд 2018 онд 350 гаруй тэрбум төгрөгийн акт тавигдсан байдаг. Сүүлд 650 тэрбум. Нийлбэр дүнгийн ихэнх хувь нь “Оюу толгой” ХХК-ийн төлөх ёстой татвар биш. Харин хөрөнгө оруулагч талууд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу суутгалын татвар төлөөгүй гэдэг асуудалтай холбогддог. Өөрөөр хэлбэл “Оюу толгой” ХХК-ийн нийт орлогын багагүй хувийг “Рио Тинто”, “Туркоиз Хилл Ресурсес” компани менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн хүү хэлбэрээр авдаг. Энэ төлбөрөөсөө Монгол Улсад суутган татвар төлж байна уу гэдэг асуудал юм л даа.

Засгийн газар авах ёстой татвараа авсан гэж харж байгаа. Цаашлаад, ирээдүйд ч бид “Оюу толгой” ХХК-иас хангалттай хэмжээний татвар авч чадах уу гэдэг асуудал мөн анхаарал татна. 2020 оны арванхоёрдугаар сард гарсан нарийвчилсан тооцоолоор, тус компаниас манай улсад орж ирэх татварын орлого маш их буурсан. ААНОАТ бараг төлөхөөргүй, ихэнх хугацаандаа алдагдалтай ажиллах төсөл болсон байсан. Оюу толгой дэлхийд дээгүүр бичигддэг уурхай болох учиртай төсөл. Тэгсэн мөртлөө ирээдүйд Монгол Улсад ашгийн татвар бараг төлөхгүй байх хэмжээний төсөл болж хувирах уу гэдэг бол том асуудал.  

ГҮНИЙ УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ЦААШИД ХЭРХЭХ НЬ ХЭЛЭЛЦЭЭНИЙ НЭГ СЭДЭВ

-Татварын маргаанаас илүү Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээнд илүү ач холбогдол өгч буй талаар баталж хэллээ. Гэхдээ манай талаас хэлэлцээнд орж буй ажлын хэсгийн гишүүдийг өөрчлөх асуудал яригдсан уу. Эхний уулзалтад хэтийдсэн гэмээр олон өөр өнгийн хүмүүс орчих шиг харагдсан л даа?

-Би бол тэгж харахгүй байгаа. Ажлын хэсэг УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлж байгаа. Нэгдмэл байр суурьтай болох зорилгоор тодорхой УИХ-ын гишүүд орсон байгаа. Тодруулбал, УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл орсон.  Том зургаараа бол, хэлэлцээнд үр дүн гаргахын тулд дотооддоо аль болох нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй байгаа юм. Засгийн газар нэг ажил хийгээд, түүнийг нь УИХ дээр шүүмжлэх гэхээс илүү улсынхаа нэгдмэл эрх ашиг дээр, нэг талд гарч зогсох хэрэгтэй. Ингэж байж дотооддоо мэдээлэл болон байр сууриа нэгтгэж, хэлэлцээндээ амжилттай орно. Нөгөө талаас, Засгийн газрын ажлын хэсэгт УИХ-ын гишүүд орж байна гэдэг нь ч “Рио Тинто”-д маш том мессеж өгч буй хэрэг.

-“Рио Тинто” талаас ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон олон нийтийн ойлголтод нөлөөлөх оролдлого хэр ирж байгаа бол?

-Тэдний юу хийж байгааг бид мэдэхгүй л дээ. Мэдсэн ч бидний ажилд төдийлөн ач холбогдолтой биш - бид хийх ёстой ажлаа хийгээд яриа хэлэлцээндий бэлтгэл хангаж байна. “Рио Тинто” компани хэлэлцээний үеэр өөрсдөдөө давуу тал үүсгэх бэлтгэл ажлаа мэдээж хийж байгаа байх. Үүн дээр сэтгэгдэл илэрхийлэх нь зохимжгүй байх.

-Ташрамд асуухад, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сольсон нь, хуучин гишүүд нь өнгөрсөн хугацаанд улсынхаа эрх ашгийг төдийлөн хамгаалж чадсангүй гэж дүгнэснийх үү?

-2020 оны есдүгээр сард анх удаа "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хоёр гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, томилсон. Санхүү, уул уурхайн мэргэжлийн хоёр гишүүн одоо бүтэн цагаар ажиллаж байна. Энэ төсөлтэй холбоотой асуудлыг харахаар хувь хүний үүднээс бид өнгөрсөн дэх хэн нэгнийг буруутгах нь чухал биш гэж боддог. Тэд тухайн цаг үедээ хангалттай сайн хэмжээнд ажиллах гэсэн итгэл үнэмшлээр асуудалд хандаж байсан болов уу гэж итгэж, найдаж байна. Бидний зорилго бол хэн нэгнийг буруутгах биш, харин аль болох Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, төслийн үнэ цэнийг өсгөх юм. "Рио Тинто” компани ч өөрсдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж байгаа гэдэгт найдаж байна.

-Эргээд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт рүүгээ ороход, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хугацаа хойшилсон бодит шалтгааныг олох аудиторууд ажиллуулах шаардлагатай гэж зөвлөсөн байсан. Энэ тал дээр ажиллах уу?

-Сүүлд танилцуулаад буй хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг илүү техникийн дүгнэлт гэж ойлгож болно. Харин бүтээн байгуулалтын зардал 1.45 сая ам.доллароор нэмэгдсэн асуудал нь үндэслэлтэй эсэхийг, илүү санхүүгийн талаас нь дүгнэх аудиторууд ажиллуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Энэ тал дээр “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ ажиллах шаардлагатай байгаа. Бидний зүгээс ТУЗ хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хангалттай судалж үзэн, тухайн зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр ажиллах болов уу гэж харж байна.

-Хэлэлцээнд төслийн менежментийг сайжруулж, хяналттай сайн засаглалынг бий болгох гэхчлэн тодорхой зорилтууд бий. Энэ дунд байгаль орчинд чиглэсэн агуулгууд багтсан эсэхийг ярилцлагын төгсгөлд тодруулж асууя. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд л гэхэд гүний усны хэрэглээний тал дээр манай улсын эрх ашиг нэлээд зөрчигдсөн байдаг?

-Засгийн газрын ажлын хэсгийн хэрэгжүүлж буй УИХ-ын 92-р тогтоолд байгаль орчны үнэлгээг дахин хийлгэх гэхчлэн энэ чиглэл дэх асуудлууд багтсан байдаг. Мөн манай ажлын хэсэгт БОАЖ-ын сайд багтаж, ажилладаг. БОАЖЯ, Усны газартай хамтарч, ирээдүйд үүсэж болох эрсдэлийг тооцох асуудалд анхаарч байгаа. Ялангуяа гүний усны ашиглалттай холбоотой сэдэв дээр байр сууриа нэгтгэж буй гэж болно. Цаашид Оюу толгой төслийн үйлдвэрлэл нэмэгдэнэ. Урт хугацаандаа гүний усыг ашиглаад л байх нь хэр зөв бэ. Эсвэл гадаргын ус ашиглах боломжийг судлах шаардлагатай юу гэдэг тал дээр гадаадын судлаачидтай хамтарч ажиллах хүлээлттэй байна. Говийн бүсэд амьдардаг малчин өрхүүдийн хувьд усны нөөцийн асуудалд ихээхэн санаа зовдог. Бидний зүгээс төслийг аль болох байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй үйл ажиллагаа явуулах үүднээс хандана. Гүний усны хэрэглээг цаашид хэрхэх нь хэлэлцээний нэг сэдэв байгаа. Яваандаа уул уурхайн зориулалтаар гүний усыг ашиглах нь зохимжтой юу гэдэг асуудлыг тавихыг  үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-18 08:12

туз нь байдаг 3 хүн тэгээд юу хийжбайдаг юм зг төлөөлж суудаг биз дээтэр хүмүүстэйгээ хариуцлага тооцож арбитрын зарлаа төлүүл

Зочин
Зочин
2021-08-18 09:05

Гарчгаас нь харахад татвараа авах естой ч гэх шиг, Нооцоо 5-10 хувиар буруулсан ч гэх шиг юм яриад их зарчимч дур эсгэсэн Байна, Энэ Солонго гэх авгай худлаа шуу, Монголчууд Минь, Энэ авгайг яар�##�тай ажлаас нь оорслооч, Энэ Риогийн Тагнуул, тэдний хун

Зочин
Зочин
2021-08-18 09:13

Монголоос илт урвасан гэрээ хийгээд гадаадад гарч зугтсан сайхабилигийг хулгайлаад ч хамаагүй авчираад төв т�##�бай дээр дүүжлэх хэрэгтэй бу�####�д нь мөн рио д сануулга болог

Зочин
Зочин
2021-08-18 09:22

Уншиж узлээ, асууд�##�д ингэж хандаж болохгуй, Маш бооронхий, урьд нь болж байсан буруу зоруу дудагдлыг гот авч хэлэлцэхгуй гэнэ, Энэ нь ТУЗ д байсан Моггллвн эсрэг ажиллаж байсан нохдийн толгойг нь илнэ гэнэ, тэгэхээр Энэ авгай Рио Тинтогийр т�##�ын авгай, Монголын Засгийн газрын Х�##�уун цэгт нь ажиллаж Байна, Энэ авгайг х�##�аачээ, эсвэл та нар Авилг�##� авчихсан уу

Зочин
Зочин
2021-08-18 10:25

Тэр хүн ч буруу энэ хүн ч буруу гээд монголчууд хоорондоо хэрэлдээд байх юм.Гайхаж байна.УИХ хэлэлцээд шийдвэрийг нь засгийн газар гүйцэтгэсэн байх юм.Ж:нь Заав�##� 34 % иа эзэмших ёстой байсан юм уу.Рио тинто зарчихаад зүгээр ханг�##�ттай ямар л татвар байна аваад шатааж хийгээд хэвтэж байсан бол өрөнд орохгүй байсан даа.34% даа рио тинтогоор дамжуулж өр зээл аваад ,ядаж байхад МАН 2008-2012 онд рио ТИНТОгоос 100 сая $ын зээл аваад тараагаад өөрсдөө идээд өрийг улам нэмэгдүүлсэн дээ.Хараав�##� тэр УИХ аа хараацгаа.Наад захын энгийн ийм мэдлэгтэй бай.

Зочин
Зочин
2021-08-18 16:56

34%-d nogdox xurungu oruulaltaa mongolin tal zeeleer burduulsen. 34%-d xamaarax tulburuu xurdan tul. Tegvel arai naashtai bolno gej uzej baina. Daraa ni xuvitsaani
17%-iig nemeed avchix. Tegexgui bol shiideld xurexgui sunjrax tusam zeelin xuu tulbur ni ulam nemegdeed baigaa yum bish uu.

Новш
Новш
2021-08-19 07:38

Ийм бооронхий оох ч биш булчирхай ч биш юм ярьж хэрэггуй дээ Солонго гэгч чи, Чи Монгол Улсын Засгицн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга гэсэн Албан туша�##� дээр байгаа �##�баны хун, ийм усан толгойтой тэгсэн ингэсэн Байна гэдэг юм яриад сууж байдаг нь гутамшиг, Чи байгаа байд�##�д дугнэлт гаргаад ингэвэл ингээд .... Гээд Монголынхоо толоо яриач, Рио Тинто чинь тэртээ тэргуй Монголыг луйвардаад бутэн з�##�гих хэмжээнд Монголын авилгачдын тусламжтайгаар оччихсон байхад Чи Рио -г хааца�##�сан байдлаар хошуугаа будчихаад яриад сууж болохгуй, эсвэл Чи огцроод �######�аад ог

иргэн
иргэн
2021-08-19 07:40

СОЛОНГО ГЭЖ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ МУНДАГ БҮСГҮЙ БАЙНА ДАА ИЙМ ЗАЛУУС БАЙГАА НЬ БИДНИЙ АЗ ЮМ БИШҮҮ ИЙМ ЗАЛУУС ОЛШИРЧ ТӨРД АЖИЛААСАЙ

БАГАБАНДИ ЯАГААД туз ӨӨС ГАРАХГҮЙ БАЙНА ВЭ?
БАГАБАНДИ ЯАГААД туз ӨӨС ГАРАХГҮЙ БАЙНА ВЭ?
2021-08-19 07:46

ТУЗ өөё багабандийг гаргах ёстой. ЯАГААД гаргахгүй байна вэ? Мэргэжлийн, эх орноо гэх сэтгэлтэй хүнийг томилооч.

bb
bb
2021-08-19 13:29

Ene xudlaa avgai shv!Riogiin taliin taviul Ulsaa xudaldsan urvagchaas seremjil bolgoomjil Ajliin xesgiinxeeeeeen!!!

Зочин
Зочин
2021-08-22 14:39

Ажлаа мэддэг, ажил хийдэг хүний яриа байна. Энд бусдыг доромжилж байгаа этгээдүүд л Оюутолгойн гэрээг Монголд хохиролтой хийхэд оролцсон байж таарна.

Холбоотой мэдээ

Back to top button