ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

А.Баярцэцэг: Үзэгчид “Хөхөө”-гөөс кайф мэдрэхээс илүү амьдралаа тунгаагаасай, нэгийг ухаараасай

-Би амьдралаа аялж буйгаар төсөөлдөг-

Монгол жүжигчдийн ур чадварыг дэлхийд тодорхой хэмжээнд таниулж, “Netflix-ын бүтээсэн “Марко поло”, алдарт жүжигчин Стивен Сигалын “Attrition” зэрэг гадаадын цөөнгүй уран бүтээлд тоглоод буй жүжигчин, продюсер Алтангэрэлийн Баярцэцэгтэй ярилцлаа. Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн тэрбээр 2016 онд “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөхдөө шилдэг 11-т багтан, монгол түмнээ баярлуулсныг манай уншигчид сайн мэднэ.

Загварын тайзнаа гялалзаж явсан бүсгүй кино урлагийн салбарт хүч сорин, бүхнээ зориулаад нэлээд удаж буй. Өдгөө тэрбээр жүжигчин мэргэжлээр ажиллахын зэрэгцээ “Сити” их сургуульд хоёр дахь жилдээ багшилж буй.

Ярилцлагынх нь өмнө түүнийг юу, юу гэж тодотговол зүгээр вэ гэж асуухад “Жүжигчин, продюсер л гэчих. Нэг их олон тодотголоор яах вэ” гэж даруухан хариулсан юм.

-Тантай ярилцлага хийхээр цаг товлоход уулзах өдөр, цагаа “Тэдэнд, тэдэн цагт” гээд бүр нарийвчилж тогтсон. Хийх ажлынхаа төлөвлөгөөг их нарийвчилж гаргадаг бололтой. Ингэж төлөвлөх мэдээж олон талын ач холбогдолтой. Ингэснээр танд ямар давуу тал үүсдэг вэ?

-Ингэж нарийн төлөвлөх олон талын ач тустай. Хийх зүйлсээ сайтар төлөвлөөгүйгээс уулзалтуудаа мартах, давхцах зэрэг эрсдэл хүмүүст үүсдэг. Эргээд хүнд худлаа хэлсэн, бусдын ажлыг хүндлээгүй юм шиг буруу сэтгэгдэл төрүүлдэг. Би оюутан байхаасаа “Google хуанли” хөтлөөд хэвшчихсэн. Хийх ажлуудаа ялгаад өөр, өөр өнгөөр тэмдэглэдэг.

Кино урлагийн салбарын ажлаа ногооноор, уулзалтуудаа цэнхэрээр, гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах, хамтдаа хийхээр төлөвлөсөн зүйлсээ ягаан өнгөөр гэх мэт. Ингэснээр хийх ажлууд маань их эмх цэгцтэй байдаг. Үүний бас нэг давуу тал бий. Ингэж тэмдэглэснээр миний амьдралын баланс юун дээр алдагдаж буйг харах боложтой. Магадгүй ажилдаа илүү анхаараад, гэр бүлдээ арай бага цаг зарцуулсан байвал үүнийгээ анзаардаг. Ийм цаг төлөвлөлт ямар ч салбарын хүнд маш чухал.

-Олон хүн таны энэ туршлагаас үлгэрлээсэй. Ялангуяа ажилдаа анхаараад, гэр бүлдээ бага цаг гаргаж буйгаа анзаардаг хүн төдийлөн ховор.

-Ёстой тийм шүү. Тэгээд гэр бүлийнхэн нь хэлэхээр л “Нээрэн тэгсэн юм байна шүү дээ” гээд мэддэг.

-Та жүжигчин, продюсероор ажиллахын зэрэгцээ “Сити” сургуульд багшилдаг. Заримдаа хичээлтэй нь давхацсаны улмаас киноны саналаас татгалзах, хойшлуулах үе гарах юм уу?

https://www.youtube.com/watch?v=N8mWZdsNm4s

-Хийх зүйлсээ нарийн төлөвлөдөг тул тийм зүйл төдийлөн гардаггүй.  Би “Сити” их сургуульд өнгөрсөн жилээс багшилж байгаа. Өмнөх онд нэг хичээл ордог байсан. Энэ жилээс хоёр хичээл зааж байгаа. Ажлынхаа хажуугаар оюутнуудад мэдсэн, сурсан зүйлсээ заан, туршлагаасаа хуваалцах гоё санагддаг. Монгол Улсынхаа дараагийн үеийг бэлдэхэд гар, бие оролцож буйдаа баяртай байна.

Английн Засгын газрын тэтгэлгээр Английн хатан хааны төв сургуульд кино жүжигчин мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Гадаадад сурах, мэргэжлээ ахиулах боломжгүй олон оюутан бий. Англид сурсан, мэдсэн зүйлээ Монголынхоо оюутнуудад хуваалцсанаар олон, олон “ноу-хау” эх орондоо авчирч байгаа. Би сургуульд яваад олон зүйл сурах, сурсныгаа дахин, дахин давтан заагаад мэдлэгээ бататгах хоёр тэс өөр.

Ажлаа зөв төлөвлөх, ачаалал даах, цаг тухайд нь хийж сурахад багын хүмүүжил их нөлөөлдөг. Би багадаа “Сант” сургуульд сурдаг байсан. Манай сургууль сурагчдыг их сайн суулгаж, хичээлийг нь хийлгүүлдэг. “Сант”-ын захирал нь сургуулийг гаднаас нь түгжиж байгаад “Бүх сурагч гэрийн даалгавраа хийсний дараа явуулна” гэдэг байсан. Тийм хатуу аргаар өссөн.

Үүний сацуу ээж минь багш. “Даалгавраа хийж дуусгаж байж л унт” гэх мэтээр чанга гараар намайг өсгөсөн. Үүнээс би юмыг цаг тухайд нь хийж сурсан, хэр баргийн ачааллыг даадаг болсон.

-Монгол оюутнуудын гаргаж буй нийтлэг алдаа, дутагдал юу байна вэ?

-Монгол оюутнууд сурч, мэдэх, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө илүү идэвхитэй байгаасай гэж хүсдэг. Английн их сургуулийн төлбөр маш өндөр, монгол мөнгөөр ойролцоогоор 95 сая төгрөг. Би тэнд тэтгэлгээр сурсан. Гадаадад сурч буй оюутнууд сургууль, сургалтын чанарт яг л дэлгүүрээс юм худалдан авч, үйлчлүүлж буй мэт ханддаг.

Багш нэг хичээл заалаа гэхэд “Энэ хичээлийг “Google”-ээс хайгаад авчих мэдээлэл байна. Үүнээс илүү их зүйлийг би заалгамаар, сурмаар байна” гэж шаарддаг, сурч, мэдэхийн төлөө тэгж тэмүүлдэг. Багшдаа тийм шаардлага тавьдаг оюутан Монголд хэд билээ. Ихэвчлэн багш нь л “Хичээлээ, даалгавраа сайн хий” гэж шавиа шахдаг. Тэгэхээр оюутнууд сургалтын төлбөрөө төлөөд сурч буй тул хариуцлагатай байж, бүх боломжийг бүрэн ашигладаг байгаасай. Үнэхээр чин сэтгэлээсээ хичээж, зүтгэж л чадвал хүссэндээ хүрэх, мөрөөдлөө биелүүлэх боломж оюутан бүхэнд бий.

-Та сая “Хичээл, зүтгэл чухал” гэлээ. Англид сурч байхдаа өөрийгөө дайчилсан гол жор тань юу вэ?

-Хүн бүхний сурах арга барил өөр. Би багшийн хэлсэн бүхнийг хийхийг хичээдэг байсан. Учир нь, Английн магистрын хөтөлбөр нь их шахуу. Өглөө 07.00 цагт сургуульдаа явна. 09.00-18.00 цаг хүртэл тасралтгүй ур чадварын хичээлээр “бөмбөгдүүлнэ”.

Английн хаана, хэзээ кино урлагийн арга хэмжээ, кино, жүжгийн нээлт, алдартнуудын уулзалт болох гэж буй талаарх мэдээлэл долоо хоног бүр сургуулиас и-мэйлээр ирнэ. Тэр бүхэнд идэвхтэй оролцоод ихэвчлэн 22.00 цагт харьдаг байсан. Хураагдсан гэрийн даалгавраа амралтыг өдрүүдэд хийж, дуусгадаг байлаа.

Би Лондонд анх очсоныхоо дараа Английн Засгийн газар, аялал жуулчлалын томоохон газруудыг нь үзээгүй байсан юм. Сургууль, гэр хоёроосоо өөр тийшээ явах, аялах зав ер гарахгүй байв. Сурахын төлөө цаг, заваа тэгж зориулсан, зарцуулсан. Оюутнууд сурахын төлөө тэгж зүтгээсэй, бүхнээ зориулаасай гэж хүсдэг.

-Та мисс, жүжигчин, продюсер, багш. Одоо кино урлагийн салбарт, жүжигчний мэргэжилдээ илүү төвлөрч байна уу?

-Тийм ээ. Миний үндсэн мэргэжил жүжигчин. Энэ мэргэжлээрээ Англид магистр хамгаалсан.

-Хамгийн сүүлд ямар кинонд тоглосон билээ?

-“Amazon Prime”-ын original сериал “The Power” буюу “Хүчдэл” гэдэг нэртэй 10 ангит кинонд тоглолоо. Зураг авалт нь Англид хийгдсэн. Ирэх оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болох байх.

-“Хөхөө” кино хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийлээ. Тус уран бүтээлд та үг дуу цөөнтэй эмэгтэйн дүр бүтээсэн. Харилцан яриагүй, бүхнээ нүүрний хувирал, үйл хөдлөлөөрөө харуулсан нь А.Баярцэцэгийг дахин шинээр “нээв” үү?

https://www.youtube.com/watch?v=mSrVRImgLXE

-“Хөхөө” кинонд би 2018 онд тоглосон. Би энэ кинонд тоглосноор маш их зүйл сурсан. Учир нь, миний дүр ганц ч харилцан яриагүй шахам дүр. Өмнө нь ийм дүр бүтээж байгаагүй. Анх зохиолоо уншихад надад маш их таалагдсан.

Туулын дүрийг бүтээхэд надад хүнд байсан. Нууцлагдмал хэрнээ амьдралд олон байдаг дүр. Найруулагч маань зураг авалтын өмнө Чойномын нэг шүлгийг над руу явуулсан юм. Тэр шүлгээс Туулын дүрийн тодорхойлолт, онцлогийг би харсан, анзаарсан.

“Хөхөө” киноны зураг авалтыг Ховд аймгийн Үенчийн хавцалд хоёр сарын хугацаанд хийсэн. Үнэхээр сайн “чанаж”, цаг хугацаа зарцуулж хийсэн уран бүтээл. “Хөхөө” кино өнгөрсөн жил “Улаанбаатар” кино наадмын шилдэг киногоор тодорсон.

-Туулын дүрийг аль талаас нь илүү товойлгож, амилуулахыг эрмэлзэв?

-Товойлгох гэхээс илүү ийм хүн, ийм амьдрал байдгийг харуулах, амилуулахыг хичээсэн. Бусдын амьдралыг хөндлөнгөөс хараад “Ийм, тийм байна, Ингэх, тэгэх хэрэгтэй” гээд шүүмжлэх нэг өөр. Яг тухайн хүний амьдралыг хэн ч төдийлөн мэдэхгүй шүү дээ. Туулын дүрээр энэ санааг хэлэхийг, үзэгчдэд харуулахыг хүссэн.

-Жүжигчид зарим дүрийг бүтээхдээ яг бодит амьдралаар нь амьдраад, суралцан, дүрээ судалдаг юм билээ. Хогийн цэг дээр амьдардаг хүний дүрийг бүтээхийн тулд тухайн орчинд нь амьдрах гэх мэтээр. Туулын дүрийг бүтээхийнхээ өмнө та тэгж судалсан уу?

-Бид зураг авалтаа Үенчийн хавцалд хоёр сар хийсэн гэж түрүүн хэлсэн. Тухайн хугацаанд малчин айлуудаар орно. Тэгж явахдаа Туулын дүртэй төстэй хүмүүсийн үйлдэл, зан араншин, амьдралын хэв маягаас нь судалж, суралцсан.

-Монголын олон кинонуудаас “Хөхөө”-ний онцлог, давуу тал, үзэгчид ямар кайф мэдрэх вэ гэвэл та юу, юуг нь онцлох вэ?

-Үзэгчид кайф мэдрэхээс илүү “Хөхөө”-г үзээд өөр, өөрийнхөө амьдралыг тунгааж хараасай. Амьдралд тохиолдог, тулгардаг асуудлыг харуулсан. “Энэ нь зөв, тэр нь буруу” гэхээс илүү өөрийнхөө амьдралыг тольдоосой, нэгийг ухаараасай. Магадгүй ээж рүүгээ утастмаар санагдах ч юм уу. Тиймэрхүү байдлаар үзээсэй.

-Өнөө цагийн кино урлагийн талаар хүн бүхний дүгнэлт ондоо. “Хуучны үеийн кино гоё. Сүүлийн үеийн уран бүтээлчид олигтой кино хийхгүй байна” гэж шүүмжлэх хүн олон. “Монголын кино урлаг хөгжиж байна. Залуус хөгжүүлэхийн төлөө явж байгаа” гэх нь ч бий. Ер нь сүүлийн үеийн киног нэг үзээд л уйдчихдаг. Таны бодлоор кино урлаг хөгжиж байна уу, зогсонги байдалд орчихов уу?

-Мэдээж “Алтан үе”-ийн кино урлагтай хэн ч маргахгүй. Бүх хүн шимтэж үздэг. Монголын кино урлаг хөгжлийнхөө хурдаар урагшилж байгаа гэж боддог. Сайн кино хийгдэж байна, муу кино ч олны хүртээл болж байгаа. Магадгүй зорилгоо биелүүлээд явж байгаа кино ч бий. Ашгаа эсвэл чанар, хийцээ нэгдүгээрт тавих гэх мэтээр киног янз бүрийн зорилгоор хийж болно. Тэгэхээр энэ дундаас уран бүтээлчид өөрсдөө шигшигдээд, хөгжүүлээд явж байгаа тул кино урлаг тодорхой хэмжээнд хөгжсөөр байгаа. Сүүлийн үеийн залуус, уран бүтээлчид, орлон тоглогчид дэлхийн томоохон уран бүтээлүүдэд тоглож байна. Энэ хэрээр кино урлаг хөгжиж байгаа.

-Кино урлагт чухал зүйлсийн нэг нь маркетинг. Жишээлбэл, “Явуулын хүн”-ийг анх олны хүртээл болгоход хүмүүс төдийлөн үзээгүй. Гэтэл олон жилийн дараа гэнэт тэсрэлт хийсэн, шуугиулсан. Тэд маркетинг дээрээ алдчихав уу?

-Кино урлагийг бүтээгдэхүүн гэж бодъё. Бүтээгдэхүүнээ хийчихээд л хүмүүс санаа амардаггүй. Сав, баглаа боодол ямар байх, аль дэлгүүрт, хаана худалдах, давуу, тал чанарыг нь хэрхэн таниулах, хэрэглэгчдэд хэрхэн хүргэх гэх мэт олон зүйл чухал.

Сайн кино хийчихээд үзэгчдэд хүргэх чухал зүйлсийн нэг нь зөв маркетинг. Үүнийг дутуу хийвэл хэчнээн сайн уран бүтээл ч олон нийтэд хангалттай хүрдэггүйн нэг жишээ нь “Явуулын хүн”. Кино театрт нээлтэй хийгээгүй, шууд IPTV-д тавигдсан. Тухайн үед “Явуулын хүн”-ий талаар хүмүүс төдийлөн мэдэхгүй байсан тул хангалттай хэмжээнд үзээгүй. Сүүлд телевизүүдээр гарахад нь хэрхэн үзэж, шуугиан тарьсныг хүмүүс мэдэж байгаа. Тэгэхээр кино урлагийн салбарынхан маркетинг дээрээ үнэхээр сайн анхаарах чухлын илрэл нь энэ.

-“Явуулын хүн”-д гол дүр бүтээснийхээ дараа танд “Чанартай уран бүтээл боллоо” гэсэн дүгнэлт байсан уу. Олны хүртээл болсон даруйд хүмүүс төдийлөн сонирхохгүй, үзэхгүй, киноны гол санааг бүрэн ойлгохгүй байхад эмзэглэсэн үү?

-“Явуулын хүн” сайн уран бүтээл болсон эсэхийг тоглосныхоо дараа мэдээгүй. Учир нь би тухайн үед туршлага дутуу, Монголынхоо кинонд анх удаа тоглосон маань тэр. Ямар киног сайн уран бүтээл гэх, би дүрээ хэр бүтээсэн талаар мэдэхгүй байсан л даа. Байгалиас заяасан мэдрэмжээрээ л тоглосон болохоор энэ талаар асуултын тэмдэгтэй үлдэж байв. “Ийм чанартай уран бүтээл олон нийтэд яагаад хүрэхгүй, таалагдахгүй байна вэ” гэсэн асуулт надад байгаагүй, үнэнийг хэлэхэд.

-Тэгэхээр монголчуудынхаа хийсэн кинонд анх удаа тоглосон нь “Явуулын хүн” юм байна. Гадаадынхны, монголчуудын кинонд тоглохын гол ялгаа юу вэ. Мэдээж төсөв мөнгө, техник хэрэгсэл нь харьцуулахын аргагүй. Кино хийх арга барил, ур чадвар талдаа?

-Хамгийн том ялгаа нь бэлтгэл ажил, ажилдаа хандах хандлагын ялгаа. Гадаадын кино урлагийн бүх зүйл нь стандарттай. Би өнгөрсөн жил Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болсон. Ямар нэгэн кинонд тоглох эрх тухайн холбоогоор хамгаалагддаг. Хэдэн төгрөгний цалин авах, бэртвэл хэн даатгалыг нь хариуцах, кинонд тоглох үеэр сэтгэл зүй, бэлгийн дарамтанд өртвөл хэнд хандах зэрэг бүх зүйл ойлгомжтой, тодорхой. Энэ бүх стандартыг хангахын тулд гадаадынхан бэлтгэл ажлаа маш сайн хийдэг. Тэгэхээр зураг авалт эхэлснээс хойш гэнэтийн зүйл бага гардаг. “Киноны төсөв ихэсчихлээ. Зураг авалтын хугацаа сунгагдчихлаа, дахиад тэд хонох нь. Жүжигчиндээ “Гэрээсээ тийм хувцсаа аваад ирээрэй” гэх мэт мэргэжлийн бус хандлага гардаггүй.

Монголд тийм стандарт байхгүй. Бүх зүйлс уран бүтээлчдийн тохиролцоон дээр тулгуурладаг, үндэслэдэг. “Би тэдэн төгрөгөөр, тэдэн хоног ажиллана” гэсэн тохироогоор явдаг. Хамгийн том ялгаа нь энэ. Бусдаар Монголын уран бүтээлчид чадвартай, авьяастай.

-Киноны зохиол бичих, найруулах бодол бий юү?

-Өнгөрсөн жил би хоёр богино хэмжээний кино зохиол бичээд, өөрөө найруулаад хийсэн. Коронавирусийн энэ цаг үед Монголын кино урлагийн салбар тэг зогсолтод ороод байгаа. Ийм эрсдэлтэй цаг үед уран бүтээлчид заавал уулзалгүй, техник, технологийн дэвшлийг ашиглан, дэлхийн өнцөг булан бүрээс хамтраад кино хийх боломжтойг харуулсан тийм төсөл байсан. Коронавирусийн сэдвээр дэлхийн зургаан оронд зургаан богино хэмжээний кино хийгдсэн. Тэдгээрийн хоёрыг нь хийлээ. Нэг нь богино хэмжээний анимэйшн, нөгөө нь драмын кино.

Кино найруулагч хүн хийсээр байгаад сурна, туршлагажина гэхээс илүү төрмөл авьяастай байх чухал. Тэгэхээр кино найруулах хэмжээний төрмөл авьяастай хүн би мөн үү. Үүнд өнөөдөр хариулж мэдэхгүй байна. Тиймээс цаашид жүжигчний карьертаа түлхүү анхаарна.

-Хэрвээ найруулагчаар дахиад ажиллах боломж гарвал, тийм бодол төрвөл “Ийм л асуудлыг хөндөх юм сан” гэж бодож явдаг сэдэв бий юү?

-Тийм сэдэв байгаа. Би маркетинг, бизнесийн удирдлагаар баклавар хамгаалсан. Бүх зүйлийг өөрөө хийх шаардлагагүйг тэндээс сурсан. Чаддаг хүнээр чаддаг зүйлийг хийлгэх нь төсөл амжилттай болохын нэг үндэс. Би кино найруулагч болохыг мөрөөддөг гээд тэр олон хүнийг, төслийг эрсдэлд оруулж болохгүй. Өөртөө эргэлзэж л байгаа бол чаддаг хүнээр нь хийлгээд, өөрөө чаддаг юмаа хийх хэрэгтэй. Би өөрийгөө продюсер хийх илүү ур чадвартай гэж боддог.

-Бүрэн хэмжээний кино хийж байсан бил үү?

-2015 онд бүрэн хэмжээний баримтат кино хийх гэж оролдсон ч амжилттай болоогүй. Камер яаж ашигладгийг ч мэдэхгүй байж сэтгэл хөөрлөөрөө эхлүүлчихсэн кино. Тэгэхээр мэдээж локигийн алдаа гарна. Хэдийгээр амжилтгүй болсон ч миний амьдралыг өөрчилсөн уран бүтээл. Нэр нь “Язгуур лугаа”. Соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах тухай кино байсан юм. Хотын охин хөдөө очоод, өв соёл уламжлалтайгаа дахин танилцаж, амьдрал нь хэрхэн өөрчлөгдөж, ухаарч буйг харуулсан уран бүтээл. Хэзээ нэгэн цагт “Язгуур лугаа” баримтат киног “Хар инээд” төрлийн, драм хэрнээ нийгмийн асуудлыг хөндсөн уран бүтээл болгож хийх бодол бий.

-Та одоогоор гадаадын, Монголынхоо 10 гаруй уран бүтээлд тоглоод байгаа. “Ийм дүрд А.Баярцэцэгийг тоглуулбал зүгээр юм байна” гэж найруулагчдад, олонд таниулсан уран бүтээл аль нь вэ?

-Маш олон хүн “Явуулын хүн”-ыг үзсэн байна лээ. Тэр талаасаа “Явуулын хүн” кинонд бүтээсэн дүр намайг олонд илүү таниулсан байж магадгүй.

Энэ дүр намайг үнэхээр сорилоо гэж дүгнэсэн уран бүтээл бол найруулагч Алтантуяагийн “Хөх тавилан” кино. Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэн хийсэн уран бүтээл. Тус киноны Бадамцэцэгийн дүр намайг үнэхээр сорьсон, ур чадварыг минь тултал нь шалгасан. “Дүрээ сайн бүтээлээ” гэж бус “Амилуулахад хэцүү дүрийг бага ч гэсэн хичээж гаргалаа” гэж өөрийгөө дүгнэсэн юм. Бадамцэцэгийн дүрээр 2019 онд Флоренцын олон улсын кино наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авсан. Тэр шагналыг аваад үнэхээр их урам авч билээ.

-Жүжигчин хүн уран бүтээл бүрээсээ суралцдаг гэдэг. Цаашид өөрийгөө “Ингээд хөгжүүлье. Ийм чадвараа сайжруулъя” гэж бодож яваа зүйл бий юү?

-Байгаа. Тулааны урлагаар хичээллэх бодол бий. Сүүлийн үед Холливүүдэд Азийн эрэн үе эхэлж байгаа. Энэ нь олон шалтгаантай. Европ хүмүүс Холливүүдийн уран бүтээлийн гол дүрийг бүтээж байхад азичууд тогооч, хамгаалагч хавьцаа л дүр оноогддог байсан. Энэ нь эрх тэгш байдлын маш том асуудал болсон юм. Та бүхэн анзаарсан бол “Marvel”-ын сүүлийн цувралд маш олон үндэстэн хүмүүс гол дүрийг нь бүтээсэн. Тэгэхээр азичуудад үнэхээр том хаалга, боломж нээлттэй байгаа, монголчуудад ч мөн адил.

Азичуудад тулааны гоё, гоё дүр бүтээх боломж бий. Кунг фу, морьт харваа гэх мэт тулааны урлагаар хичээллэвэл жүжигчин хүнд давуу тал үүснэ. Ойрын хугацаанд эзэмших, өөрийн болгох шаардлагатай ур чадваруудын нэг нь энэ.

Дүрийн сонголт ирэхдээ “Тулааны урлагаар хичээллэдэг жүжигчин” гэсэн шалгуур тавихад л надад хэчнээн тохирсон дүр байсан ч би тэнцэхгүй. Миний CV дээр “Тулааны урлагаар хичээллэдэг” гэсэн тодотгол байхгүй бол шалгаруулалтад оролцож чадахгүй. “Тулааны урлагаар хичээллэдэг” гээд хэлчихвэл шалгаруулалт дээр юу болох нь тодорхой.

-Энэ ярилцлагыг уншиж буй кино урлагийн салбарын уран бүтээлчид, жүжигчид “Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, хэнтэй холбогдвол олон улсад гарах вэ, танигдах вэ” гэж сонирхож байгаа нь лавтай. Тэдэнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-“Энэ продюсертой уулзвал олон улсад танигдана, гадаадын киноны санал авна” гэсэн юм байхгүй. Хүн бүхний амьдралын зураглал, амжилтад хүрэх зам нь өөр. Кино урлагийн салбарынхан амжилтад хүрэх, олон улсад танигдахад нийтлэг нэг шалгуур бий. Тэр нь гадаад хэл. Ялангуяа англи хэлгүй бол дэлхийн хэмжээний уран бүтээлд тоглоно гээд мөрөөдөхөд үнэхээр хэцүү. Яг монгол хэлээрээ ярьдаг дүр л таарахгүй бол шүү дээ.

Ер нь гадаад хэлгүй л бол олон улсад танигдана, гадаадын кинонд тоглоно гэдэг үнэхээр биелшгүй мөрөөдөл. Тэгэхээр миний ярилцлагыг уншиж буй жүжигчид, залуус хэлээ сайжруулахад үнэхээр сайн анхаарч, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг. Адаглаад л англи хэлтэй хүн “Гадаадын кинонд тоглоход юу чухал вэ” гэж интернетээс хайгаад хүссэн мэдээллээ авч чадна.

-Та гадаадын цөөнгүй уран бүтээлд тоглосон, тодорхой түвшинд танигдчихлаа. Гадаадын уран бүтээлчид монгол жүжигчинг сонгохдоо юуг нь илүү чухалчилдаг вэ?

-Би өөрийгөө тодорхой хэмжээнд танигдсан гэж боддоггүй. Өөрийгөө “Эхэлж байна” л гэж дүгнэдэг. Миний сүүлд тоглосон “Amazon”-ы цувралд намайг монгол жүжигчин гэдэг талаас нь сонгоогүй. Ерөөсөө тэдэнд ази жүжигчин хэрэгтэй байсан. Сонгон шалгаруулалтад нь тэнцээд би сонгогдсон.

Миний дүр анхандаа тайланд эмэгтэйн дүр байсан юм. Киноны уран бүтээлчид “Заавал тайланд эмэгтэй байх албагүй” гэнгүүтээ Солонгоо гэдэг нэр өгөөд, монгол эмэгтэйн дүр болгосон юм. Миний дүр монгол эмэгтэй болонгуут дагаад ахын маань нэр мөн монгол хүн болсон, Батбаяр гэдэгтэй. Тэр хэрээр гадаадын уран бүтээлд Монгол Улсаа сурталчилдаг. Энэ их чухал.

-Жүжигчин бүхэнд амбийц бий. Та гадаадын уран бүтээлд тоглохдоо юуг илүү чухалчилдаг вэ?

-Би дүрээрээ дамжуулан бусадтай найзлахыг, танилцахыг, үлгэрлэхийг хүсдэг. Гэхдээ “Энэ хүн дараа нь надад ийм талаасаа хэрэгтэй. Түүнтэй танилцаад авбал ашигтай” гэдэг талаас бус зүгээр л дэлхийн хэмжээний мундаг, урам зориг өгдөг хүмүүстэй ойрхон байхад сайхан санагддаг, урам авдаг. “Amazon”-ы кинонд тоглоход би дөрвөн найруулагчтай ажилласан. Нэг нь бүр 35 настай, исланд эмэгтэй найруулагч. “Хөөх, 35-хан насандаа ийм том уран бүтээлийг найруулж байна” гээд бодохоор бахархмаар. 10 ангитай тус уран бүтээлийн дөрвөн ангид нь би тоглосон юм.

Олон улсад ажиллаж буй уран бүтээл маань ирээдүйд Монгол Улсад шууд  болон шууд бусаар үр дүн, өгөөжөө өгөөсэй гэж хүсдэг. Тиймээс би ажилласан уран бүтээл бүртээ хариуцлагатай, чин сэтгэлээсээ тоглохыг чухалчилдаг. Гадаадын уран бүтээлчдэд монгол жүжигчдийн талаар сайхан сэтгэгдэл, үнэлгээ үлдээхийг хүсдэг. Тэгж байж дараа, дараагийн уран бүтээлчид маань олон улсад гарахад хөшүүрэг болно. Би хариуцлага алдаад, таагүй сэтгэгдэл төрүүлбэл надаас болж Монголын кино урлагийн, монгол жүжигчдийн нэр хүнд унана.

Магадгүй хэдэн жилийн дараа миний тоглосон киноны уран бүтээлчид “Тийм дүрд монгол жүжигчин хэрэг боллоо” гээд надтай холбогдох ч юм бил үү. Тийм боломж монгол жүжигчдэд маань аль болох олон гараасай.

-Гадаадын найруулагч, уран бүтээлчид монгол жүжигчдийн талаар ямар үнэлэлт, дүгнэлттэй явдаг бол?

-Би сайн мэдэхгүй байна. Хамгийн олон монгол жүжигчин, уран бүтээлч ажилласан уран бүтээл бол “Netflix”-ын “Марко поло” цуврал. Нэгдүгээр ангид нь Амарсайхан ах, хоёрдугаар ангид Цэрэнболд ах, Хубилай хааны бага насанд монгол хүү тоглосон. Баярсайхан эгч, би мөн дүр бүтээсэн. Үүний сацуу маш олон монгол бүжигчин, дуучид ажилласан. “Марко поло” цувралын уран бүтээлчдэд бид маш сайхан сэтгэгдэл үлдээсэн гэж нүүр бардам хэлнэ. Монголчууд олуулаа тоглосон өөр уран бүтээл цөөхөн. Тав, арвуулаа олон улсын уран бүтээлд тоглох боломж ховор.

-Та одоогоор зорилгынхоо хэдэн хувьд нь хүрээд байгаа вэ?

-Тийм зорилго тавьчихаад, түүнийхээ тэдэн хувьд нь хүрээд байна гэж би хэлэхгүй. Учир нь би хүрэхийг, хийхийг хүссэн болохоор тэр зорилгыг өмнөө тавьсан. “Би заавал тэгэх ёстой” гэхийг хүсдэггүй. Миний амьдрал надад зүгээр л аялал шиг санагддаг. Ямар нэгэн зүйл хийснийхээ дараа дахиад өөр зүйл бүтээмээр санагддаг. Энэ уулын орой дээр гарна гэж зориод, санасандаа хүрсний дараа хаачих вэ. Амьдрал дуусах уу, эсвэл тэтгэвэртээ гарах уу (инээв).

-Амьдралаа аялалаар төсөөлдөг гэлээ. Аялах дуртай юм билээ. Одоогоор хэдэн улсад аялаад байгаа вэ?

-Зарим хүн мөнгөө цуглуулж байгаад үнэтэй зүйл, гоёл чимэглэл, эд материал авдаг. Би мөнгөө цуглуулж байгаад түүгээрээ аялчихдаг төрлийн хүн. Багаасаа сурахаар, найз нөхөдтэйгээ уулзахаар, ажлын шугмаар гэх мэт ямар нэгэн байдлаар аялах боломжийг эрэлхийлсээр ирсэн. Одоогоор 39 орноор аялаад байгаа. Багадаа “30 насандаа дэлхийн 50 орноор аялна” гэсэн зорилго өмнөө тавьж байсан. Түүндээ хараахан хүрээгүй байгаа. Ямар ч байсан 80 хувь нь биелсээн.

Аялсан орнуудаас маш өвөрмөц сэтгэгдэл үлдээсэн газрууд олон бий. Азийн орнуудаас Мьянмар улс. Үзэх юм, түүх дурсгалын зүйл маш ихтэй. Мьянмарт байхад надад нэг хөгжилтэй зүйл тохиолдож байсан юм. Тэр талаар ярьж болох уу?

-Бололгүй яах вэ.

-Баган хот 12.000 гаруй сүм хийдтэй. Тэнд аялж явахад тайлбарлагч нь “Баган хотыг барих үеэр урчууд уран зураг зурж байсан юм. Тухайн үед Чингис хааныхан ирэхэд урчууд зугтаагаад явчихсан. Энэ хананы тал нь зурагтай, хагас нь зурагггүй байгаа нь ийм учиртай” гэсэн юм. Надад их инээдтэй санагдаж билээ. Тэд намайг монгол хүн гэдгийг мэдээгүй.

Европоос Ром хот их таалагддаг, түүхийн цаг хугацаагаар аялж буй мэт өвөрмөц сэтгэгдэл төрдөг. Мөн Будапешт хот маш их таалагдсан. Тэнд “Марко поло” киноны зургийг гурван сар авсан юм.

-2016 онд “Дэлхийн мисс”-т оролцсоныхоо дараа та загварын тайзнаас хөндийрч, жүжигчин мэргэжлээр түлхүү ажиллаж байгаа. Тухайн үед алийг нь сонгох вэ гэж хэр эргэлзсэн бэ?

-Ийм сонголт хийхэд надад хэцүү байгаагүй. “Дэлхийн мисс”-т оролцсоныхоо дараа гавьяаныхаа амралтад гарсан, дахиж миссийн тэмцээнд өрсөлдөх шаардлагагүй гэж бодсон юм. Учир нь “Дэлхийн мисс” спорттой зүйрлэвэл олимпын наадам. “Дэлхийн мисс”-т өрсөлдчихөөд өөр тэмцээнд оролцох шаардлага байна уу гэж бодсон.

Оролцсон тэмцээний чансаа ахьсаар “Дэлхийн мисс”-ээр миссийн тэмцээнүүд дууссанд баяртай байдаг. Загвар өмсөгч залуу насны мэргэжил. Загвар өмсөх, тайзан дээр гарах их гоё, надад сайхан мэдрэмж төрдөг.

Жүжигчин мэргэжилд нас харгалзахгүй. Хэдэн нас хүрсэн ч жүжигчнээр ажиллах боломжтой. Тиймээс би жүжигчин мэргэжлийг чухалчилсан юм. Мэдээж одоо ч загварын тайзаа санадаг. Хааяа, хааяа урилгаар загварын тайзнаа алхдаг. Гэхдээ кино урлаг, жүжигчин мэргэжлээс илүү гоё мэдрэмж, кайф авч байгаа.

-Тэгэхээр “Дэлхийн мисс”-т оролцсон нь танд хангалттай санагдсан гэж ойлгож болох уу?

-Зүгээр л “Дэлхийн мисс”-т оролцохдоо Монгол орноо тултал нь сурталчлах, дэлхийд таниулахыг зорьсон. Яагаад гэвэл, дэлхийн 100 улсаас 100 өөр мисс, 100 өөр соёл, уламжлал нэгэн дээвэр дор цугларна гэдэг нь надад том боломж байсан. “Дэлхийн мисс”-т Монголынхоо соёл уламжлал, хувцас загвар, монгол хэл, язгуур урлагаас авхуулаад бүхий л зүйлийг хийж буй үйлдэл, хэлж буй үг бүхэндээ шингээхийг зорьсон. Түүндээ хүрсэн, зорилго маань биелсэн. Тэгээд л бол оо.

-“Дэлхийн мисс”-т үзүүлсэн үзүүлбэрүүдээ сурахад хэр хугацаа зарцуулсан бэ. Та өмнө нь чаддаг, сурсан байсан зүйлс бий юү?

-Авьяасын үзүүлбэрт би түрүүлсэн. Тухайн үзүүлбэрийг хийхдээ монгол бүжиг, калиграфыг илбэтэй хослуулсан юм. Монгол бүжиг, калиграфыг өмнө нь хийж байсан. Илбийг амьдралдаа хэзээ ч өмнө нь хийж байгаагүй. “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч Билэгт найзаараа заалгаад, тэр илбийг яг гурван хоногийн хугацаанд сурсан. Маргааш өглөө нь 07.00 цагт АНУ руу ниснэ гэж байхад шөнийн 02.00 цагт илбээ давтаж байлаа.

-Монгол хүн бүхэн эх орондоо хайртай. Монгол хүн байхын, эх орноо хайрлахын гол утга учир юу вэ?

-Монгол хүн байх, эх орноо хайрлах нь заавал Монголдоо амьдрах, “Би Монголдоо хайртай” гэж хэлснээр хэмжигдэх зүйл биш. Үнэхээр эх орондоо хайртай бол “Би Монголынхоо төлөө юу хийж, ямар хувь нэмэр оруулж чадах вэ” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

-Амьдралдаа, ажилдаа баримталдаг зарчим тань юу вэ?

-Ээж минь “Хүн хэн ч байж болно. Ямар ч амжилтад хүрч болно. Хамгийн гол нь хүн хүнээрээ байх ёстой. Даруухан байгаарай” гэж захьдаг. Ямар ч үед бусадтай хүний ёсоор харилцдаг, хүн чанаараа хадгалж үлдэхийг хичээдэг.

-Одоо ер нь гадаадаас, Монголоос киноны санал танд хэр их ирж байгаа бол?

-Ирнэ ээ, ирнэ. Санал гэхээс илүү сонгон шалгаруулалт их ирдэг. Шалгаруулалтад нь тэнцэх эсэх нь өөр асуудал. Тийм сонгон шалгаруулалт долоон хоногт багадаа нэг ирдэг.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Залууст хандаж юу хэлэхийг хүсэж явдаг вэ?

-Мөрөөдлөөсөө битгий айгаарай. Бүх зүйл бүтэх боломжтой. “Та өөрийгөө чадна гэж бодвол та чадна. Чадахгүй гэж бодвол чадахгүй. Аль ч таны зөв” гэдэг үг бий. Тэгэхээр хамгийн их хүч чадал хүний дотор байдаг. Өөртөө итгэлтэй байгаарай, мөрөөдлөөсөө битгий айгаарай л гэж хэлье.

-Бидний урилгыг хүлээж аван, дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа. Танай хамт олонд ч мөн ажлын өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-09-20 11:06

yostoi mundag jujigchin shuu amjilt ireeduin ajild ni

Зочин
Зочин
2021-09-20 14:03

Би 33 тай, өөрийг тань харж явдаг шүү. Сайхан хүүхэн. Амжилт хүсье.

IOP
IOP
2021-09-20 14:04

Би 33 тай, өөрийг тань харж явдаг шүү. Сайхан хүүхэн. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button