ЯРИЛЦЛАГА

З.Алтай: Ногдол ашиг тараадгаа больж, олсон хэдээ сэтгүүлчийн цалинд зарцуулдаг болсон

Монголын анхны чөлөөт телевиз, 25-р суваг үзэгчдийн хойморт морилоод 25 жил болжээ. 25-ынхан 25 жилийн ойгоо тэмдэглэж буй эл өдрүүдэд МУСГЗ З.Алтайг ярилцлагын зочноор урилаа. Тэр “25-р суваг телевиз”-ийг төдийгөөс өдий хүртэл удирдаж яваа. Тэр эзэн, тэр уран бүтээлч. Тэр бизнесмэн. 25 жилийн дараа цонхоо нээгээд харахад нь харин амьдрал хэрхэн өөрчлөгдөж вэ.


-ИРЖ БУЙ ЦАГТ ЗАЛУУСТАЙГАА БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

-25-р суваг телевиз “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” гэсэн уриатай. Орчин үед бусдаас илүү сэтгэж буй хүмүүсийн хэрэгцээг телевиз хангаж чадах уу?

-Сэтгэлгээ гэж үү…

-Тийм. Зарим хүмүүсийн яриагаар, сэтгэдэг байх тусмаа л орой зурагт үзэхээ больж байгаа гэх юм?

-Энэ сошиал ертөнц, техник технологи гэгч асар хурдтай хөгжиж байна шүү дээ, бурхан минь. Лав сонин уншдаг хүн их цөөрлөө. Одооны залуусыг нэг их сонин захиалаад л, хуудсыг нь шаржигнатал эргүүлж сууна гэж бодохгүй байна. Телевизийг ч ер цаашдаа хүн үзэх нь үү, үгүй юу. Маш эвгүй байдалд орж байна.

Хүмүүс сошиал орчноос маш богино хугацаанд, маш товчоор тал бүрийн мэдээллийг авдаг болжээ. Тэгэхээр би ч бас санаа зовж байна. Хувийн компаниуд ч бас бодно биз дээ. Телевизэд “Секунд нь тэдэн мянга” гэж мөнгө төлж, рекламаа тавиулах уу, өөрсдөө сошиал хуудсаа хөгжүүлэх үү гэж бодно. Яах вэ, өнөө маргаашдаа бол явах л байх. Гэвч “Михайльд бодол бий” гэдэг шиг, алсын бодолтой л байхгүй бол хэцүү цаг үе ирж байна л даа.

Харин сэтгэлгээ гэж яривал, сэтгэхэд банкаас зээл авах хэрэггүй биз дээ. “Сэтгэх гэсэн чинь хэдэн цаас хэрэг болчихлоо” гэж тэнэгтдэг хүн гэж байхгүй. Бидэнд бурхнаас заяасан уураг тархи, түүгээр зөв сэтгэж, зөв бодож үйлдвэл хангалттай сайхан амьдрах нөөц байна. Энэ муу тархи чинь хүнийг үхэн үхтэл нь төлбөр нэхэхгүй, бензин масло шаардахгүйгээр залж, авч явж байна. Хөөрхий хүчин чадлыг гүйцэд ашиглаж чадахгүй, хушги шиг хатаасаар амьдралаа дуусгавал хайран л даа.  

Нөгөөтээгүүр телевиз бол сэтгэж гэмээ нь л хүнд үзүүштэй нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэдэг газар. Сайн, сайхан телевиз олон болж. Гэхдээ зарим телевизүүдийг хараад байхад, монгол сэтгэлгээгээр сэтгэж, монгол контент хийх нь ховор байгаад байна л даа. Болж өгвөл энэ муу уураг тархийг зовоохгүйгээр, мөнгөөр зодож, гадаадын контентуудыг худалдаад авч байна. Уг нь тэр америк, тэр герман хүний тархи биднийхээс илүү ажиллана гэж байхгүй. Тиймээс энэ салбарт ажиллаж буй хүмүүсийг битгий бэлэнчлээсэй л гэж бодож явдаг юм.

-Та телевизийн зах зээл хумигдана гэдгийг хүлээн зөвшөөрч явдаг юм байна.

-Зөвшөөрөхөөс аргагүй. Надаас шалтгаалахгүй процесс юм чинь.

-Сонинд олон жил амьдарсан эзэд, авторууд “Сонин хэзээ ч моодноос гарахгүй, үргэлж оршин тогтноно” гэж тунхаглаж байхтай цөөнгүй таарсан л даа?

-Үнэн гэвэл инерц нь аажим, аажмаар буурч л байна. Чиний уураг тархиа зовоож бичсэн нийтлэлийг уншъя гээд худалдаж авдаг хүнгүй болчихвол, мянга сонингийн цаастай зууралдаад яах юм бэ. Энэ бол хэн ч сүржин тунхагласан зах зээлийн зарчмаар өөрөө өөрийгөө шинэчлээд явчих үйл явц.

-Тэгэхээр телевизүүд улам л шинэчлэгдэх хэрэгтэй болно оо доо. Таны хувьд үүнтэй нүүр тулж, байлдаж ажиллах эрч хүч хэр байна. “Бэлэн байх ёстой” гэж өөрийгөө чангалж байна уу. Эсвэл “Дараагийн үеийн хийх ажил” гэж бодох юм уу?

-Ний нуугүй хэлэхэд би залуусын энэ өндөр техник технологи, элдэв юмыг сайн мэдэхгүй. Үнэнээ л хэлье. Харин ерөнхий хандлагаа чиглүүлж, “Яаж мөхчихгүй явах вэ” гэдэг сэдвийг би бодох л ёстой. Манайд олон залуус бий. Тэдэнтэйгээ хамтарч, нэг баг болж ажиллаж л гэмээ нь урагшилна. Тийм учраас бид хамтдаа бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ тэр бэлтгэл нь ирээдүй цагт биш, яг одооноос эхлэх ёстой. Мэдээ, нэвтрүүлгээ сошиал ертөнцтэй яаж уялдуулж, форматыг нь хувиргах вэ гэдэг бол үндсэн том бодлогын асуудал болсон.

“Орой тэдэн цагаас манай мэдээг үзээрэй” гээд суувал хэн ч үзэхгүй. Харин товч агуулгыг нь сошиалаар түрүүлж өгч л таарна. Тэгэнгүүтээ “Дэлгэрэнгүйг нь орой манай телевизээр үзээрэй” гэвэл байж болно. Ингэж ажиллахаас өөр аргагүй.

-БИ САЙН АЖИЛ ОЛГОГЧ БАЙЖ ЧАДСАН-

-Ажил олгогчийн хувиар харвал компанийн засаглалын тогтолцоо хэр хувьсаж байна. Таны үед хөрөнгө мөнгө ч бага, нөхцөл байдал өөр байсан. Эзний хувьд давхар хүлээх үүрэг цаг үеэ дагаад хэр өөрчлөгдөв?

-Би сайн хүн ажилд авч, сайн баг бүрдүүлж байж л амь зогооно. Аа, муу хүн л ажилд авчихвал энэ компани дампуурна. Гэхдээ чиний диплом ерөөсөө хэрэггүй. Харвард төгсөөд ирсэн байлаа ч тэр картонон цаас яг юу юм бэ. Энэ муу бөндгөр дотор нь юу байна вэ гэдэг л надад чухал. Ерөөсөө сургууль төгсөөгүй байсан ч болно шүү дээ. Өөрөө өөрийгөө боловсруулсан, тэмүүлсэн, төлөвшсөн байж болно оо доо. Тэгвэл илүү гоё.

Харин одоогийн залуус нэг картонон цаас үзүүлчихээд, “Танайд ажиллая. Цалин хэд вэ” гэдэг. Юу яриад байгаа юм бэ. Би дипломыг нь чанаж идэх үү, сервантанд хийгээд тавих уу. Юу хийж чаддагаа, хэн гэдгээ харуулаагүй байж цалин асуудаг байхгүй юу, залуус.

Чи үнэхээр чадварлаг байвал би хэд л бол хэдэн төгрөгийн цалин өгнө. Би чамайг алдахыг хүсэхгүй. Юугаар торгоох юм бэ, цалингаар. Тийм учир сайн ажилтан, сайн баг бүрдүүлэхийн тулд цалин зарах надад юу ч биш.

Хоёрдугаарт, сүүлийн үед телевизийн ганц орлого олдог реклам захиалга гэдэг зүйл их багаслаа. Цагийн сайханд компанийн хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг тараадаг, хуушуурын хэдэн төгрөг өгдөг байсан. Одоо тэрийг зогсоосон. Энэ цагт хамаг хүчээ ажилчдын цалин руу хаяхаас өөр арга алга. За, цаашлаад телевиз гэдэг техник, төхөөрөмж дээр тогтдог айл. Хэдэн цаас олдвол бас тийш нь хийнэ. Ингээд азаа үзнэ. Мэдээж уураг тархиа ажиллуулна. Сэтгэ, сэтгэ, сэтгэ.

-З.Алтай захирал шинэ ажилтнаа яаж шинжиж авдаг вэ?

-Телевизэд ганц урлаг, ганц спорт мэддэг байгаад ажиллаж чадахгүй. Юм, юмны зах зухтай байх хэрэгтэй. Тэгэхээр хэдэн ерөнхий асуулт асуудаг байхгүй юу. “Чи энэ асуудлыг юу гэж боддог вэ?”. “Үүн дээр чи яаж ханддаг вэ?”. Ингээд багцлаад, багцлаад асуухаар толгой доторх юмных нь багцаа гараад ирдэг. Тэгээд надтай ярьж байгаа яриа, хандлага, харц зэрэг нь хэн бэ гэдгээ илэрхийлдэг. Өөртөө хэр илтгэлтэй юм, өөрийн гэсэн тогтсон үзэл бодол байна уу, үгүй юу гэдэг нь харагддаг.

Гэхдээ надад суурин, тогтвортой ажиллах хүн л хэрэгтэй. Зуурдынх бол хэрэггүй. Өнөөгийн залуусын сул тал нь, жаал юм сурчихаад өөр юманд хөтлөгдөөд хаяад явчихдаг.

-Тантай санал нэгдэж байна л даа. Нэг дургүйгээ хүрэхээр л орхиод явчихдаг юм шиг?

 -Дургүй хүрнэ гэдэг өөрөө юу гэсэн утгатай юм бэ. Чиний дураар би ажиллуулах юм уу, жишээ нь. Удирдлага өөрийн бодлого, төлөвлөгөөгөөр л ажилчдаа чиглүүлнэ. Гэхдээ бүх юманд нь оролцоод, заагаад, загнаад явна гэсэн үг биш. Ерөнхий чигээ өгнө, харин чи өөрөө хөгжих ёстой.  

Тэгээд, явбал явна л биз дээ. Хувь хүний л асуудал. Өнөөгийн залуусын дунд хамгийн том алдаа байдаг байхгүй юу. “Би чадна аа, дутахгүй ээ. Яаж ийгээд болгочихно оо” гээд гараад явдаг юм. Буцаад л ирдэг байхгүй юу. “Би хэлсэн шүү дээ. Сайн бодоорой гэж. Чи уг нь дажгүй л байсан. Оронд чинь сайн хүн авчихсан. Орон тоо байхгүй”.

Энэ аягүй эмгэнэлтэй. Нэг л их айлын эрх хүүхэд шиг, ялих шалихгүй юманд гомддог юм уу, яадаг юм. Даргадаа загнуулахгүй хүн гэж хаана байх вэ дээ. Загнаж байна гэдэг чинь би дуртайдаа биш. Өөрийнхөө эрч хүчийг шавхаж, эд эсээ үхүүлж буй хэрэг мөн биз. Тэгэн тэгэн ажилтнаа хөгжүүлчих, болгочихыг л хичээдэг шүү дээ, удирдлагууд.

-Та 25 жил сайн ажил олгогч байж чадсан уу?

-Чадсан. Манайд хэдэн жилийн өмнө 130-аад хүн ажилладаг байлаа. Би төдий тооны хүнд цалин өгч, ажил амьдралыг нь авч явж байсан. Тэр хүмүүс цаанаа хэдэн хүн тэжээдэг байсныг би мэдэхгүй.

Харин өнөөдөр нэг хүнээс гарах үр өгөөжийг л дээшлүүлэх хэрэгтэй болж. Ерөөс хэд хэдэн зүйлийг зэрэг хийдэг байх ёстой. Зургаа аваад, найруулгаа ч хийдэг, монтажаа ч хийчихдэг байх хэрэгтэй. Нэг талаар би орон тоогоо хэмнэж байгаа боловч, тэр хүн их хөгжинө. Нэг сурчихсан юмыг хэн ч булааж авдаггүй. Ирээдүйн хоолоо л бэлдэж буй хэрэг.

-Таныг анх 25-р суваг телевизийг эхлүүлэхдээ л ажилчдадаа ийм шаардлага тавьдаг байсан гэж дуулсан. Олон юм зэрэг хийж чаддаг бай гэж. Тэр концепц тань одоо ч өөрчлөгдөөгүй байх нь?

-Өөрчлөгдөөгүй. Би өөрөө тийм байсан. МҮОНРТ-д 10 гаруй жил ажилласан, тэндээс их юм сурсан. Тусдаа гарлаа, хүн хүч, цалин пүнлүү хэцүү ш дээ. Би зураглаач биш сэтгүүлч. Гэхдээ л “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийг хийхэд би өөрөө зургаа авдаг байсан. Зураглаач авч явах мөнгө байхгүй юм чинь. Текстээ өөрөө бичнэ, дүрсээ авна. Эгээтэй л монтаж хийхгүй. Ингэж болдог юм байна, өөрөө их хөгждөг юм байна гэдгийг мэдчихсэн болохоор ажилчдаа аль болох тэр чиглэлд л шахдаг.

-Орчин үед, цахим сэтгүүл зүйд ч нэг хүн олон талд ажилладаг байх хэрэгтэй болоод байна.

-Тийм, тэгэхгүй бол хувь уран бүтээлч өөрөө мөхнө. Манай телевизэд найруулагч байхгүй. “Чи наад нэг юм аа өөрөө найруулаад сурчих аа” гэхээр хүн толгойгоо ажиллуулж эхэлдэг юм.  

-Энэ сэдвийг үүгээр хаах гэж байна л даа. Үүний өмнө асуухад, таны үеийн эзэд сэтгүүлчдийн хөдөлмөр шулж, өөрсдөө хөлжсөн гэж шүүмжлүүлдэг. Хэчнээн найруулагч хийлээ ч тэр хүн сэтгүүлчийн цалин л авна биз дээ. Үүн дээр ямар хэлэх үгтэй байдаг вэ?

-Би аягүй буруу л гэж боддог. Бусад телевизийн сэтгүүлчид яаж мөлжиж, шулдгийг би мэдэхгүй. Тийм биз. Харин би ажилчидтай хөдөлмөрийн гэрээ гэж зүйл байгуулж байгаа. Энэ бол гэрээ. “Ийм ажил хийлгээд, ийм цалин өгнө. Зөвшөөрч байна уу, эс зөвшөөрч байна уу. Болж байвал хамтраад ажиллая”. Гэдэг зарчмаар байхгүй юу. Энэ бол хүн төрөлхтний бодож олсон сонгодог соёл.

Өнөөгийн цаг үед надад асар чадварлаг ажилтан л хэрэгтэй. Тэр ажилтан байхгүй бол би юу ч хийж чадахгүй. Тийм болохоор хэдэн цаасны илүү ашиг гардаг л юм бол өөртөө халааслахгүй. Яах юм, би тэр мөнгөөр. Хөөрхий, хэн хүнгүй л гайгүй цалин аваад амьдармаар байгаа. Тараагаад л өгчихнө. Түүнээс илүүг авна гэвэл чадахгүй. Компани дампуурчихдаг юм. Харин би шулж, мөлжөөд байгаа бол хаалга онгорхой. Гэтэл яагаад гарахгүй байгаа юм бэ.

-Танайхаас ажилтнууд хэр орж, гарах уу?

-Гайгүй ш дээ. Гайгүй. Ер нь хүнийг чиглүүлж ажиллуулах, юманд сургах гэдэг тал дээр манайх хавьгүй илүү газар. Би өөрөө насаараа телевизийн сэтгүүлч хийлээ. Тийм учраас 25-ыг илүү бодитой удирддаг. Зүгээр нэг мөнгөтэй нөхөр, энэ салбарын жаргал зовлонг мэдэхгүй босс гараад ирвэл ажилчдадаа над шиг шаардлага тавьж чадахгүй. Сэтгүүлчийн амьдралыг мэдэхгүй юм чинь.

Зарим нэг хүн орж, гардаг л юм. Тэр тэдний асуудал. Харин энд овоо балбуулж байгаад гарсан юм болохоор, сүүлд сураг сонсох нь ээ энд тэнд очоод дарга, цэрэг болчихсон явж байдаг.  Сайн байна. Бид сайн бэлдсэн байна.

-ТЭРТЭЙ ТЭРГҮЙ УНАЧИХСАН ХҮМҮҮСИЙГ ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ УЛАМ ҮХҮҮЛЖ БОЛОХГҮЙ-

-25 жилийн өмнө та нэг зүйлд хүрнэ гэж зориод л энэ том алхмыг хийсэн байх. Маш зоригтой алхам. Өнөөдөр эргээд харахад, та зорьсноо бодит болгож чадаж уу?

-Хүн ер нь “Би чадчих байх аа. Болгочих байх” гэж сэтгэлд багтсан юмаа л барьж авдаг юм. Түүнээс зоогийн газар ажиллуулъя, барилга барья, тэгвэл ашигтай юм байна гэсэн бол хэзээ ч хол явахгүй. Яагаад гэвэл тэр миний мэддэг ч, ойлгодог ч ажил биш.

Ямартай ч манай телевизийн эфир 25 жил үзэгчдийн хойморт өдөр алгасалгүй хүрлээ. Энэ хугацаанд муу, сайн нэвтрүүлэг гарч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын ард түмэн 25 жил энэ телевизийг үзлээ. Өмнө нь ганц МҮОНТ л гардаг байсан. Гэтэл кноп дарангуут өөр нэг суваг гараад ирнэ гэдэг иргэдийн хувьд бөөн зол баяр биз дээ.

-Тэр утгаараа хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд асар том орон зай нээгдэхийн эхлэл болсон, 25-р суваг телевиз. Гэхдээ та амаргүй замыг туулсан. Тэсэж үлдсэн тэр амаргүй үеүдийн тухай дурсамж яривал сонирхолтой байх аа?

-Ямар нэг хүндрэл, бэрхшээлгүй ажил бол ажил биш л дээ. Халаасандаа таван цаасгүй мөртлөө телевиз байгуулна гээд дөрөв, тавуулаа ажлаасаа гарсан хэрэг шүү дээ. Бүгдээрээ хуучин ажилдаа дарга, цэрэг хийж байсан улс. Хэн ч биднийг гар гээгүй. Өөрсдөө гарсан. Мөнгө байхгүй.

Тэгээд ёстой хүний хийж болох бүх л бизнес гэдэг юм уу, наймаа гэдэг юм уу, тэр бүхнийг хийлээ шүү дээ. Телевизтэй болохын төлөө. Хамгийн эхлээд нэхийний ченж болсон. Өвлийн хүйтэнд хэдүүлээ зах дээр зогсчихсон, хөлдүү нэхий ачуулаад л. Хийгээгүй юм байхгүй. Аккумуляторын шингэн, бугын эвэр, тракторын дугуй мугуй. Тоймоо алдсан. Тэгж байж хэдэн цаас бага багаар хуримтлуулсаар, техник төхөөрөмж болгосоор л 25-ыг нээсэн.

Гэхдээ энэ бэрхшээл биш. Яагаад гэвэл бидэнд агуу их хүсэл мөрөөдөл байсан. Түүндээ цатгалдаж, өлсөж байсан ч лаг хоол идчихсэн юм шиг ханаж явлаа. Энэ бол туулах ёстой цаг үе байсан. Тийм учраас “Тэр үед тэгж баларч билээ” гэж үүх түүх яриад ч яах вэ. Энэ бол нийгмийн хэрэгцээ байсан. Телевиз гэдэг агуу хэрэгслээр дамжуулж, арай өөр дуу хоолой олж сонсох гэсэн нийгмийн захиалга л байсан. Хэн ч бидэнд захиалга өгөөгүй  боловч бид тэр орон зайг мэдэрсэн.

-Харин өнөөдөр манай салбар өнөр өтгөн болжээ. Сонин, сайтууд олон телевизийн хамт зэрэгцэн оршиж байна. Эргээд “Сэтгүүл зүй гэдэг чинь юу билээ?” гэж гайхах асуудал босож ирж байх шиг. Та үүн дээр яаж харж байна вэ?

-Би энэ салбарыг нэг их дүгнээд л, “Болж байна, болохгүй байна” гэж хэлэх утгагүй л дээ. Хэлсэн, хэлээгүй зах зээлийн зарчмаараа, унах нь унаад, хөгжих нь хөгжөөд л жамаараа урагшилна. Би бол өөрийгөө чадан ядан авч яваа нөхөр. Тэртэй тэргүй бүгд цаг хугацааны шалгаралд орно. Тэр нэг баян босс мөнхөд крандаад, тэжээгээд байна гэж байхгүй. Монголын зах зээл дэндүү жижиг шүү л гэж хэлмээр оргидог юм.

-Таны хувьд “Уг нь ийм байвал зохилтой” гэж онолдох хэмжээний л туршлага, цаг хугацаа гэж бодох юм?

-Би нэг их сүртэй амьтан ч биш дээ. Онолдоод байх мэдлэг, чадвараар маруухан. Сэтгүүл зүй гэгч нийгэмд асар чухал үүрэг гүйцэтгэдэг эд. Ойлгож гэмээ нь.  

Хар л даа, сошиалд харааж зүхэхгүй сэдэв ч алга, хүн ч алга. Нийгмээрээ ханарч, хэн нэгнийг үзэн яддаг болчихсон. Гэтэл тэгж харааж, муулж бичиж байгаа нөхрийг яг өөрийг нь харвал ямар үрчийсэн, олхиогүй амьтан байх бол. Өөрийнхөө амьдрал руу өнгийгөөгүй мөртлөө бусдад хамаг бурууг тохдог хүмүүсээр л дүүрсэн юм биш үү, сошиалаас хараад байхад.

Гэтэл амьдрал ямар гоё гээч. Өөрөө хий, хөлсөө дуслуул, хөдөлмөрлө. Төсөөлж барамгүй их боломж гарын алганд багтаж байхад зүгээр л хайран цаг хугацааг алдах юм. Амьдралын үй түмэн гоё сайхныг олж хар. Тархиа дандаа гэгээлэг, гоё зүйлээр дүүргэ. Харин яг энэ талын мэдээ, мэдээллийг л хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өгч байх ёстой юм. Тэртэй тэргүй эргэн тойрноосоо, сошиал ертөнцөөс болохгүй, бүтэхгүй мэдээллүүд цуглуулж, хувь ертөнц нь нам уначихсан хүмүүсийг бид харанхуй мэдээллээр улам дарж, үхүүлж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Тийм шүү. Энэ хүнээр удирдуулж, шүүсээ шахуулж явсан хүмүүс одоо бол тв ажлыг хөнгөхөөн хийгээд явж бгаа. Баярладаг шүү 25tv дээ???? Хоолыг минь бэлдэж өгсөн газар.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button