Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ А.Солонго: Монгол хүн “хог” идэх ёсгүй

Энэ удаагийн үйлдвэрлэгч буландаа бид “Цайдам трейд” компаний захирал Алтангадасын Солонготой ярилцлаа. Уг компани нь “Бурамхан” нэрийн хатуу чихэр үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг. Өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргээд  нэг жил зургаан сар болж байгаа хэдий ч амттанд дурлагч хүн бүрийн дуртай чихэр болж чаджээ. Биднийг үйлдвэр дотор ороход олон жимсний анхилам сайхан үнэр угтан авсан юм. Савлагдаж буй амтат чихрийг хараад атгаж аваад амандаа хийчихмээр санагдаж байснаа нуух юун.

-ЧИХЭР БОЛ ТАРХИНЫ ГАЙХАЛТАЙ САЙХАН ТЭЖЭЭЛ-

-"Бурхамхан брендийн чихэр Монголд үйлдвэрлэгдэж байгаа хатуу чихэрнээс ямар ялгаатай вэ?

-Монголд үйлдвэрлэсэн хатуу чихэр ховор байдаг. Манайх үйлдвэрийн биш гар аргаар чихрээ хийдэг. Мөн байгалийн гаралтай жимсний амт өнгийг чихрэндээ агуулаад витамин С-ээр баяжуулан хүссэн дүрс болон үгийг бичих боломжтой. Янз бүрийн дүрснүүдийг бүгдийг нь гар аргаар тоног төхөөрөмж ашиглахгүй хийдэг.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Суурь түүхий эдээ монголын зах зээлд орж ирсэн хамгийн дээд зэргийн ургацын  сахар, байгалийн гаралтай жимсний охийг ХБНГУ-аас захиалж авдаг.

-Чихэр хийх санаагаа хэрхэн олсон бэ? Яагаад заавал чихэр үйлвэрлэх болов? Хатуу чихэрний давуу талуудаас дурдвал.

-Яагаад Монголд импортыг орлох бүтээгдэхүүн хийж болохгүй гэж хэмээн бодоод санаагаа хайгаад яваад л байсан. Ингээд чихэр хийж болох юм байна гэж шийдээд түүнийгээ маш сайн судалж эхэллээ. Чихэр бол тархины гайхалтай сайхан тэжээл. Хэрвээ та бүхэн анзаарсан бол хүүхдийг унтахын өмнө чихэр идүүлчихээр сахилагагүйтээд унтдаггүй. Хүмүүс чихэрийг муу гэдэг. Гэхдээ зохимжит хэрэглээгээр бол чихэр гайхамшигтай сайхан. Тэр гоё амтаар хүнийг аз жаргалтай болгож, гоё мэдрэмжүүдийг сэргээж өгдөг. Мөн дээрээс нь хатуу чихэр шүдний массаж болж байдаг. Сүүлийн үед эмч нар "Хүүхдэдээ ааруул болон хатуу чихэр идүүл гэдэг болсон байна лээ.

-Та судалгаа сайн хийсэн гэж хэллээ. Судалгаагаа хэр урт хугацаанд хийсэн бэ? Хүнсний бүтээгдэхүүн учраас судлах зүйл их байсан байх?

-Миний судалгааны ажил хоёр жил гаруй болсон. Эхлээд гэртээ ажлынхаа өрөөг суллаад, тоног төхөөрөмжөө суурилуулаад хийдэг байсан. Өдөржингөө чихрээ чанаад туршиж үзээд болохгүй бол хогийн сав руу хийгээд л. “Болохгүй байна. Яагаад бүтэхгүй байгаа юм бол” гээд л өдрийн бодол, шөнийн зүүд болдог байлаа. Австралид надад сургалт зөвлөгөө өгдөг консалтингийн компани байдаг. Тэднээс чихэр хийх аргаас эхлээд бүх зүйлсийг сурсан. Бүгд оюуны өмчөөр баталгаажсан байдаг.

-Зах зээлээ хэрхэн тодорхойлж байв?

-Манай чихрийг хүн бүр идээсэй, дурлаасай гэж хүссэн. Монгол бүтээгдэхүүн гэхээрээ л яагаад заавал сав баглаа нь онцгүй, царай муутай, өнгө үзэмжгүй байх ёстой гэж. Экспортын чихрийг орлохуйц өнгө үзэмж, амт чанартай байгаасай. Мөн Монгол хүн ийм гоё чихэр үйлдвэрлэж чадаж байгааг харуулахыг хүссэн.

-МИНИЙ БҮХ ЧИХЭР ХАЙР ШИНГЭСЭН УЧРААС ҮНЭ ЦЭНЭТЭЙ-

-Сав баглаа боодлын хувьд шилэн савлагаатай байдаг нь өртөг нэмэгдэх нөхцөл болдог болов уу?

-Сав баглаа боодол хамгийн чухал. Би нэлээн ач холбогдол өгсөн. Манай чихэр ямар нэгэн хадгалалт уртасгах бодис байхгүй, цардуул агуулаагүй байдаг. Миний бүх чихэр хайр шингэсэн учраас үнэ цэнэтэй байлгах үүднээс шилэн савлагааг сонгосон. Энэ нь эрүүл ахуйн шаардлагад ч бүрэн нийцэж байгаа. Хүн бүрт идүүлэхийн тулд хямд үнээр худалдаалмаар байгаа. Гэсэн хэдий ч өөрийн гараар хийдэг хүчин чадал бага, өдөрт 10 гаруй цаг зогсоод, хамгийн сайн түүхий эдийг монгол хүнд зориулаад  “Монгол хүн хог идэх ёсгүй, гоё сайхан зүйл идэх ёстой” гэсэн сэтгэл маань муу түүхий эд ашиглах боломж олгохгүй, өртөг өндөр болоод байна. Гэхдээ байж болох хамгийн бага үнээр борлуулж байгаа. Хүн бүрт хүртээмжтэй хямдхан чихэр хиймээр л байна.

-Хадгалалт уртасгах бодис байхгүй гэж хэлсэн шүү дээ. Хадгалах хугацаа хэр урт байдаг вэ?

-Бусад үйлдвэрийн аргаар хийдэг чихэр хоёр жил болон түүнээс дээш хугацаагаар хадгалдаг. Манай чихэр зургаан сараас нэг жил хадгална. Жилийн дараа муудаад идэх боломжгүй болохгүй ч тод улаан өнгө нь байгалийн гаралтай болохоороо бүдгэрэх талтай.

-Бурамхан гэж их өхөөрдөм хөөрхөн нэр. Яагаад энэ нэрийг өгөх болсон бэ?

-Энэ их түүхтэй. "Бурам гэж өгье гэхээр нэг зүйл дутуу санагдаад болдоггүй. Найзууддаа анхныхаа “царай муутай” чихрийг амсуулаад сууж байлаа. Нэрийг нь олоогүй байгаа гэж хэлсэн чинь манай нэг найз ах “ Бурамхан ” гээд өгчихөөч гээд бөөндөө сууж байгаад уг нэрийг өгч байлаа. Яг нэг донжоо олсон нэр гэж бодож байгаа. Таалагдах нэр олдохгүй олон нэрэн дундаас шалгарсан.

-Танай үйлдвэрлэж байгаа чихэрний онцлог эрүүл мэндэд тустай, сав баглаа боодлын хувьд ашигтайгаас өөр юу байна вэ?

-Гурван төрлийн шилэн, хоёр төрлийн уутан гэсэн таван төрлийн савлагаатай. Бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд хэлбэр нэг ижил ч доторх дүрснүүд олон янз. Одоогоор 100-аад төрлийн дүрсийг хийх боломжтой. Компаниудын тусгай захиалгын чихэр болон хурим найр,  ойн баярт зориулж хийж байна. Амтны тухайд одоогийн байдлаар 10-аад төрлийн сонголтуудтай. Хуримаа хийх гэж байгаа хосуудын нэрийг дунд нь зүрхтэйгээр бичиж өгөөд өнгө, амтыг нь өөрсдөө сонгох боломжтой байгаа. Сүүлийн үед компаниудын логог чихрэн дотроо хийж өгч байна.

-ЕРӨӨСӨӨ Л БИ ЧАДДАГ ЗҮЙЛЭЭ ХИЙХ ЁСТОЙ-

-Анхны бүтээгдэхүүнээ гаргаж байсан үеийн сэтгэгдэл ямар байсан бэ? Айж байсан уу?

-Бүх зүйл зэрэгцэж байсан. Яг жил зургаан сарын өмнө "алаад ” хаях юм шиг л бодогдож байлаа. Дэлгүүрийн лангуун дээр байгаа тэр мөч ямар гоё юм бэ гэж бодож байсан. Бүтээгдэхүүний танигдах хугацаа гэж байдаг. Хэцүү санагдаад болъё гэж бодож байсан амаргүй үе зөндөө байсан.

-Тийм хүнд хэцүү үеийг хэрхэн давж гарсан бэ?

-Хамаг үйлдвэрээ цоожлоод гэртээ хариад хийх юмгүй гэрээ цэвэрлэж, хүүхдээ асарч байсан. Ерөөсөө л би чаддаг зүйлээ хийх ёстой. Ингэж бууж өгч болохгүй. Би хийхгүй бол хэн хийх юм гээд л бүх зүйлээ эхнээс нь хийсэн. Энэ хугацаанд зөндөө юм болсон.

-Үйлдвэрийн хүчин чадал, хэдэн ажилтан ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар үйлдвэр дээр надаас гадна гурван хүн ажилладаг. Өдөрт 35-50кг чихэр хийх хүчин чадалтай. Манай санхүү болон вэбсайт хийдэг маркетингийн ажилчид утсаар яриад, мэйлээр харьцаад гэрээгээр ажилладаг.

-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Монгол улсад баримталдаг чанар, стандартуудыг хангасан байх шаардлагатай. Тэдгээр стандартыг хэрхэн биелүүлсэн. Ямар стандартыг барьж ажилладаг вэ?

-Стандартчилал хэмжилзүйн газраас тогтоосон стандарт байдаг. Тэрийг тохирлын гэрчилгээгээр авдаг. Монголд баримталж байгаа чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүн мөн юм гэсэн тодорхойлолт өгдөг. Тэрийг авахад бас их амаргүй юм билээ. Нэлээн олон шалгууртай, даваа гүвээ их. Манай бүх түүхий эд болон бүтээгдэхүүнийг стандартад тохирч байна гэж үзээд гэрчилгээ олгосон.

-Тийм гэрчилгээ авсан газрууд цөөхөн байдаг. Давуу тал нь юу байна вэ?

-Бүтээгдэхүүнээ эскпортод гаргах эрхтэй байдаг юм байна. Манайх тийм гэрчилгээтэй учраас "Tote free ” -үүдээр болон ӨМӨЗО-ны Эрээн хот, Хөх хот, Бугат хот, Шилийн хот гээд дөрвөн хотод зарж байгаа.

-Цаашдаа өөр улс руу экспортлох бодол бий юу?

-Мэдээж сонирхол бол байна. Одоогийн байдлаар манай компани үйлдвэрийнхээ өргөтгөлийг хийх гээд дараагийн төсөлрүү орчихсон. Чихэр савладаг машин нь бэлэн болчихсон байгаа. Есөн сараас бараг ирэх байх. Чихрээ нэг бүрчлэн уутанд савлаж худалдаална гэсэн үг. Ингэвэл олон хүнд хүртээмжтэй, хямд үнэтэй болох боломжтой. Идэх дуртай хүмүүс их боловч өртгөнд нь баригдаад байдаг. Шилэн савлагаан дээр хямдхан стикер нааж болох хэдий ч миний чанартай байх гэсэн санаанд нийцдэггүй учраас виноны наалт ашигладаг. Энэ мэтчилэн зүйлээс өртөг нэмэгдэх нөхцөл үүсдэг. Чихэр савладаг машин ирээд нэг тус бүрээр уутлах юм бол өртөг багасах боломжтой болж байгаа юм.

-ҮНЭХЭЭР САЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЧИНЬ ӨӨРӨӨ ТАНИГДДАГ ЮМ БАЙНА-

-Санхүүгийн хүндрэлтэй хэр тулгарч байв. Улсаас зээл авсан уу?

-Санхүүгийн бэрхшээл бол тулгарч байсан. Одоо ЖДҮЭС-д төслөө өгчихсөн байгаа. Хариу нь гараагүй л байна. Нааштай хариу гарна гэж найдаж байгаа.

-Танайх нийгмийн хариуцлагын хүрээнд асрамжийн газрын хүүхдүүдийг хэд хэдэн удаа баярлуулсан байсан. Тогтсон хугацаанд сайн дурын ажил хийдэг үү?

-Тогтсон хугацаа одоохондоо байхгүй. Би гурван хүүхдийн ээж хүний хувьд аль болох боломж бололцоогоор хүүхдүүдийг баярлуулах юмсан гэж боддог. Дээрээс нь чихрэнд дургүй хүүхэд гэж байдаггүй шүү дээ. Бид "Ид шидийн орон ” -той хамтарч ажилласан. Мөн "Өнөр бүл ” -ийн хүүхдүүдийг баярлуулсан зэрэг аль болох боломжоороо хүмүүнлэгийн ажил хийж байна. Өөрсдөө ашиг олж эхлээгүй байгаа хэдий ч хүсэл сонирхол байгаад байдаг. Бизнес маань амжилттай явбал энэ ажлаа тогтмол хугацаанд үргэлжлүүлнэ гэж бодож байна.

-МИАТ зэрэг томоохон компаниудтай хамтарч ажиллаж, XMF-ийн амттанг хийж байгаа гэхчлэн маш богино хугацаанд амжилттай яваа нууц тань юу вэ?

-Бид хичээж байна. Үнэхээр сайн бүтээгдэхүүн чинь өөрөө танигддаг юм байна. Тусгай захиалгын чихэр хийдэг маань давуу тал болж магадгүй. Хэдийгээр үнэтэй ч хүмүүс их дуртай байна. Чихэр бүртээ хайраа шингээж хийж байгаа маань хүмүүсийн анхаарлыг татаж чадаж байна.

-Модтой чихэрний тестэрийг үзлээ. Энэ мэтчилэн нэр төрлөө нэмсээр л байх уу?

-Хүсэл мөрөөдөл хязгааргүй байна. Монгол хүн чанартай бүтээгдэхүүн идэх ёстой, “хог” идэх ёсгүй гэсэн бодол зарчмаар ажилладаг. Энэ бодлынхоо дагуу хэрэглэгчиддээ хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг зориулж хийхийг эрмэлздэг. Хүүхэд шүдээ угаах боломжгүй газар явж байгаад миний үйлдвэрлэсэн чихрийг идвэл амны хөндий цэвэрлэгдэж, хоолойны бактерийг устгадаг чихэр хийхийг зорин ажиллаж байна. Уг санаа маань судалгааны  шатанд явж байгаа. Хүний биед сайн, ашигтай бүхний эрэл хайгуул хийж байна. Ойрын үед сахаргүй чихэр хийе гэж бодож байгаа. Сахартай хүмүүс их байдаг. Гэхдээ бас өртөг нэлээн их болох гээд байна.

-ТЭР ДУНД АЛДАНА, ОНОНО, БОСНО, СУУНА, СӨХРӨНӨ ЗАРИМДАА ГҮЙНЭ-

-Танай чихэр хаагуур зарагдаж байна вэ?

-"E-Mart”, "Номин”, "Оргил”, "Сарнайх”, "Наран”, "Ханбүргэдэй” зэрэг Улаанбаатар хотын 50 орчим салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

-Баяр наадмын үеэр цаг үед нь тохирсон сэдэвтэй чихэр худалдаанд гаргадаг. Энэ санаагаа хэрхэн олж, хэрэгжүүлэх болов?

-Хийх гэж байгаа чихрийнхээ нэр төрлийг урьдчилан бэлддэг. Шинэ жил, цагаан сар, мартаар гэхчлэн сэдвүүдээр нь ялгаж амт болоод хэлбэрийн сонголттойгоор хийдэг. Монголын баяр олон болохоор сэдэв дуусаж, дундардаггүй.

-Таныг хараад дуртай зүйлээ хийж байгаа хүн аз жаргалтай болж, хэцүү зүйл тохиолдсон ч дуртай зүйлийнхээ төлөө даваад гарах зоригтой байдаг юм байна гэдгийг харлаа. Үйлдвэрлэл эрхлэх гээд зориг нь хүрэхгүй байгаа залуучууд олон байгаа тэдэнд хандаж хэлэх үг байна уу?

-Би хэлмээр санагдаад байдаг. Хийгээд л үзэх хэрэгтэй. Хэрвээ чамд бяр амтагдаж байвал. Санаанд чинь багтаад хийж чадах юм шиг бодогдоод  байх юм бол хийгээд л үзэх хэрэгтэй. Тэр дунд алдана, ононо, босно, сууна, сөхрөнө заримдаа гүйнэ. Энэ бүхний үр дүнд маш их зүйл сурсан байдаг. Хамгийн чухал зүйл нь эхлэх гэж хэлмээр байна. Эхлээд сайн бодох хэрэгтэй. Модон чихэр гоё юм байна хийнэ ээ гэвэл бас хэцүү. Маш сайн бодсоны эцэст хүнд нэг мэдрэмж төрдөг. Яг тэр үеийг л алдаж болохгүй. "Заа, яахав болно биз дээ ” гээд нэг өдөр баян хүн хүрч ирээд мөнгө өгөөд хамаг мөрөөдөл чинь биелэхгүй гэдгийг ойлгох чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-04 19:05

Amt bol dajgui, gehdee nomingoos avsan chihrend us yumuu hyalgas yumuu garch irsen. Garaar hiij bga ni ariun tsever her bdagiin boldoo, arai zavaan uu. Shuud hayasan, huuhed idej baiga shuu dee.

Bilegt
Bilegt
2019-09-08 12:30

Us garsan genee. Bi huuhduuddee dandaa yanz buriin savlagaataigaas ni avch ogdog. Us ch yum u hog garch bsan udaagui. Amjilt husie.

ЛХАГВАА
ЛХАГВАА
2020-11-23 19:29

түүх эдээ хаанаас хэрхэн бэлтгэдэг вэ?

Лайхан
Лайхан
2021-02-19 13:14

AMjilt husey baiguullagad zoriulj uurin logotoi chiher hiilgesen nice baisan amjilt

Зочин
Зочин
2022-01-31 11:17

Түүхий эдээ Хятадаас авдаг гэсэн мөртлөө Хог идэх ёсгүй ч гэх юм логик муутай л сонсогдож бна

Холбоотой мэдээ

Back to top button