НИЙГЭМ

Нийслэл 2022 онд 1.6 их наядын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны батлагдсан төлөвлөгөөнөөс 42.5 хувиар өссөн дүн юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө.

Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөхөөр байгаа юм. Ийнхүү нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа нь нийслэлийн төсвийн орлогын хэмжээ дээрх байдлаар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн аж.  

Төсвийн төсөлд тусгагдсанаар 2022 онд нийслэлийн төсвийн орлогын 86.8 хувь буюу 1 их наяд 426 тэрбум төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ. Харин үлдэх 13.2 хувь буюу 216.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тооцжээ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот дүүргээр нь авч үзвэл, хотын шуудын төсөвт 467.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 28.5 хувийг бүрдүүлэхээр байна. Харин дүүргүүдийн төсөвт 1 их наяд 174.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 71.5 хувийг тус тус бүрдүүлэхээр урьдчилсан тооцоолол гарчээ. 

Тэгвэл нийслэлийн төсвийн урсгал зардлын төсөлд дараах томоохон зардлуудыг тусгасан байна. Үүнд: 

  • 2022 онд нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй төсвийн байгууллагуудын төрийн албан хаагчийн цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 112,9 тэрбум төгрөг 
  • Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга, байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 61.2 тэрбум төгрөг 
  • Холбогдох хуулийн дагуу 155.9 мянган ахмад настан, 47.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 107.4 мянган оюутан, 13.1 мянган мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, 5340 цагдаагийн алба хаагчийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих нөхөн олговрын зардалд 36.7 тэрбум төгрөг 
  • Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэгт 130.4 тэрбум төгрөг 
  • Нийслэл дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд нийт 110.5 тэрбум төгрөг 
  • Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын зардалд 33.5 тэрбум төгрөг 
  • Хууль эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд төрийн өмчийн 152 сургууль, 266 цэцэрлэг, 9 дүүргийн спорт хороо, 4 эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын байр ашиглалтын үйлчилгээний зардалд 47.9 тэрбум төгрөгийг 
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 13 тэрбум төгрөг 
  • 2.5 мянган иргэнд онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмжид 1.8 тэрбум төгрөг, олон нитийн оролцоог түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 1.6 тэрбум төгрөг нийт Нийгмийн халамжийн сангийн зардалд 3.4 тэрбум төгрөг 
  • Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд 13.4 тэрбум төгрөг 
  • Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод шилжүүлсэн Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын хөгжлийн банкны хүүгийн төлбөрт 1.1 тэрбум төгрөг 
  • Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж үүссэн орон нутгийн зээллэгийн 2021 оны хүүгийн төлбөрт 7 тэрбум 895.1 сая төгрөг 
  • Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд 6.1 тэрбум төгрөгийг тус тус төсвийн төсөлд тусгалаа. 
  • Бичил бизнесийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх зардалд 4.8 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. Энэ нь нийслэлийн төсвөөс 2014-2016 онд олгосон зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хөрөнгөөс бүрдэх болно. 

Дээрх зардлуудыг төсвийн төсөлд тооцон тусгаснаар нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт нийт 698.8 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулахаар байгаа ба 479.2 тэрбум төгрөг ба 479.2 тэрбум төгрөг буюу 68.6 хувийг хотын шуудын урсгал зардал, 219.6 тэрбум төгрөг буюу 31.4 хувийг 9 дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна. 

Ийнхүү нийслэлийн төсвийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан төлөөлөгчид саналаа хэллээ. 

Х.Болормаа 

/Төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга /

Би Сүхбаатар дүүрэг дээр жишээ аваад гурван санал хэлье. 2022 онд манай дүүрэг дээр шинээр хэрэгжих 12 төсөл арга хэмжээ, он дамжиж хийгдэх 13 төсөл арга хэмжээ байгаа юм. Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд аливаа төсөл арга хэмжээг тухайн жилд нь хэрэгжүүлж дуусахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Өнөөдөр он дамжин хийгдэж байгаа ажлууд үр ашиггүй зардал болон өнгөрч байна. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас маш олон ажил хэрэгжээгүй.

Улсын төсвөөр манай дүүрэг дээр 9 цэцэрлэг, 6 сургууль байсан нь бүгд зогссон. Тиймээс он дамжин хийгдэх ажлуудыг анхааралдаа аваач ээ гэсэн саналыг гаргаж байна. Мөн бидний тооцоо судалгаагаар  манай дүүрэг ХАОАТ, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргээс  нийт 250.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байна. Үүнээс суурь зардлаа хасахад 203.7 тэрбум төгрөгийг нийслэлд төвлөрүүлэх боломжтой. Тиймээс төсөв дээр төлөвлөсөн орлогыг 40 тэрбумаар бууруулж өгөөч гэсэн саналтай байна. 

П . Ганзориг:
/Төлөөлөгч/ 

Надад төсвийн төсөлтэй холбоотойгоор гурван санал байна. Нэгдүгээрт Туул голын дагуух үерийн далангийн зураг төслийг шинэчилж, нарийвчилсан зураг төслийг дахин боловсруулахад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас санаачилга гаргаж, 500 сая төгрөгийг төсөвт суулгуулах шаардлагатай юм.

Хоёрдугаарт Маршалын гүүр, Зайсангийн гүүр,Яармагийн гүүрний хамгийн их эрсдэлтэй, эвдрэлтэй хэсгүүдийг бэхжүүлэх, сэргээн засварлахад нэг тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж, ажил болгон хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн асуудал биш. Нийт Улаанбаатар хотоос сонгогдсон төлөөлөгчдийн асуудал учир МАН, АН-ын бүлгийнхэн анхаарал тавьж, дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Мөн нийтийн тээврийн машин цаг болон нэмэлт татаас, парк шинэчлэлтэй холбоотойгоор санал хэлэхэд цахилгаан болон дизель түлшний автобусны зардал долоо дахин ялгаатай байна. Бид дэлхийн чиг хандлагаас хоцрох ёсгүй. Тиймээс парк шинэчлэлийн хүрээнд авах гэж байгаа 250 автобусаа цахилгаан болгох саналыг гаргаж байна. Ингэж байж бид агаарын бохирдлыг бууруулж, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогоо хэрэгжүүлнэ. Эцэст нь Улаанбаатар хотын нийт иргэний 50 хувь гэр хороололд амьдарч байна. Гэтэл гэр хорооллын инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэхэд 20 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн нь хангалтгүй юм. Энэ төсвийг нэмэх саналтай байна. 

Т.Батцогт
/Төлөөлөгч/ 

Орлого төвлөрүүлэлт дээр хэд хэдэн санал байна. Ирэх онд Тээврийн цагдаагийн газрыг 19.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөл дээрээ тусгасан байна. Замын түгжрэлийг бууруулахын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа замын цагдаа нар торгуулийн араас хөөцөлдөх байдал руу орж байгааг анхаараарай. Мөн НМХГ гурван тэрбум төгрөгийг торгуулиас бүрдүүлэх, Замын хөдөлгөөний удирдлагын төв торгуулиар долоон тэрбум төгрөг… гэх мэтээр төлөвлөсөн нь иргэд рүү чиглэсэн торгууль гэдгийг анхааралдаа аваарай. 

Нийслэлийн өмчит үйлдвэрийн олон газар байдаг. Ямар ч үр ашиггүй, төсөвт нэг төгрөгийн ч  орлого төвлөрүүлдэггүй атлаа төсөв батлах үеэр ороод ирдэг энэ олон нэгжүүд цаашид жил бүр  100-300 сая төгрөгийн цалингийн зардал авдаг байдлаар  явсаар байх  юм уу. Үүнийгээ тодорхой болгох шаардлагатай.

Д. Пүрэвдаваа
/Төлөөлөгч, Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга/

Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээ төсвийн төсөлдөө орхигдуулсан санагдаж байна. Татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх нь бидний үүрэг гэж бодож байна. Хоёрдугаарт, миний хувьд гэр хорооллоос сонгогдсон төлөөлөгч. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц шинээр тавихад бараг мөнгө тусгаагүй байна.

Дахин төлөвлөлт гээд баахан компани шалгаруулчихсан байгаа. Гэтэл эрчим хүч, цахилгаан дулааны асуудлыг нь шийдэхгүй бол тэр ажил урагш явахгүй. Тиймээс энэ ажлуудаа уялдуулмаар байна. Эцэст нь газрын албаныхан газар чөлөөлөх зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Зам чөлөөлөхөд 60-аад сая, барилга байгууламж чөлөөлөхөд 10 орчим тэрбум төгрөг тавьсан байгаа нь хангалтгүй. Ядаж 30-40 тэрбум төгрөг төсөвлөж байж сургууль, цэцэрлэг барих, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай нэмэгдэх нөхцөл бий болно шүү.

П.Наранбаяр
/Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга/

Төсөв бол эрэмбэ юм. Гэтэл төсөвт шинээр хороод байгуулахад зориулж төсөв тавьсан байна. Энэ тийм их яаралтай хэрэгжүүлэх ажил мөн үү. Хороо шинээр байгуулах тухай шийдвэрийг Нийслэлийн ИТХ гаргаагүй байна. Тиймээс энэ асуудлыг нэг жилээр хойшлуулж, төсвийн төсөлд тусгасан хөрөнгийг чөлөөлөх боломж байна. Мөн Богд уул руу алхдаг замын тохижилтод 6.3 тэрбум төгрөг суулгасан байгаа.

Би Богд уулын Хамгаалалтын захиргаанаас тодруулахад “Энэ том бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авах ёстой”гэсэн мэдээллийг өгч байна. Тиймээс энэ мэт зардлыг багасгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зардлаа нэмэгдүүлээч ээ. Ердөө 500 сая төгрөг энэ чиглэлд тавьсан нь хангалтгүй юм. Өвөл хүйтэн болохоор тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд гэрийн хорионд орчихдог. Яагаад гэвэл ээлтэй орчин байхгүй, халтирч унаад гэмтэж, бэртэх гээд байдаг. Гэтэл юун Богд уулын алхалтын замыг тохижуулах, хороо нэмж байгуулах талаар яриад байгаа юм бэ. Тиймээс дээр дурдсан хоёр зардлыг хасах саналтай байна.

Д.Гантулга:
/Тэргүүлэгч/

 Бараг бүх төлөөлөгч гэр хороолол руу чиглэсэн санал хэлж байгааг анхааралдаа аваарай. Мөн П.Наранбаяр төлөөлөгчийн хэлсэн саналыг би мөн гаргаж байна. Хороо хуваахад зориулсан 13 тэрбум төгрөгөөр 13 өрхийн эмнэлэг барих боломжтой шүү. Хоёрдугаарт агаарын дүүжин тээврийн асуудлыг Байгаль орчны яам руу шилжүүлмээр байна. Хотын хувьд эхлээд газар дээр явдаг нийтийн тээвэр, явган хүний замыг засаж сайжруулахад анхаарах хэрэгтэй.

Мөн Олимпийн гүүрний хажуугаар явган хүний болон дугуйн зам барихад төсөв тавьсан бол яг ямар ажил аль талаар нь хийхийг тодотгож оруулах шаардлагатай. Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн Хонхтой цэцэрлэгт хүрээлэн гэж ямар учиртай бүтээн байгуулалт вэ. Жил бүр төсөв дээр нэмэлт санхүүжилт төсөвлөгдөж байгааг тайлбарлаж, задаргааг нь авах хүсэлтэй байна.

С. Эрдэнэбаяр
/Төлөөлөгч, Багахангай дүүргийн Засаг дарга/

Багахангай, Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргүүдийн ард иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж байж бид төвлөрлийг бууруулж, агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэх гарцаа олно. Наад зах нь Улаанбаатар хотын А бүсээс гаргах аж ахуй нэгжийн жагсаалтыг гаргах цаг нь болсон. Энэ асуудлыг зоригтой хөндөх ёстой. Эцэст нь хэлэхэд түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гарч, Хотын орлогч Д.Одсүрэн энэ ажлыг базаж байгаа гэж ойлгосон. Тиймээс миний хэлсэн дээрх дүүргүүд болон бусад алслагдсан бүстэй таны хариуцаж байгаа ажил хэрхэн уялдах вэ гэдгийг бодолцоорой

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x