Ярилцлага

ТЭНГЭРИЙН НҮҮДЭЛЧИД: Өв тээж, үндэсний дархлаагаа сэрээх омогшсон сэтгэлээр хүйтэн, халууныг ажрахгүй туулж явна

"Тэнгэрийн нүүдэлчид" баг Монгол улсыг мориор бүтэн тойрох аяллаа өнгөрсөн хоёрдугаар сараас Хэнтий аймгаас эхлүүлсэн. Тэдний аяллын эхний сезон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр гээд таван аймгаар аялаад өндөрлөсөн. Харин хоёр дахь улирлын аялал энэ сарын 29-нөөс Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас эхэллээ. Тэд энэ удаад Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Дундговь, Баянхонгор аймгаар аялна. "Тэнгэрийн нүүдэлчид" морьт аяллын багт тайга ноход, анч шонхор шувуу бас багтдаг. Өв тээж, үндэсний дархлаагаа сэргээн, түүх бүтээж яваа "Тэнгэрийн нүүдэлчид" төслийн санаачлагч, зохион байгуулагч Э.Чинзоригттой ярилцлаа.

-ХАВРЫН ХАХИР ЦАГИЙГ ТАЛ НУТАГ, АХ ДҮҮСЭЭ БАРААДАЖ ТУУЛЬЯ ГЭЖ ШИЙДСЭН-


-Анч шувуу, тайга нохой, морин харваа бүхий аялал хийх санаа юунаас үүдэлтэй вэ?
-Энэ аяллыг эхлүүлэх болсон шалтгаан нөхцөл 2013 оноос эхлэлтэй. Миний бие Тайга нохой судлалын холбоог 2013 оноос үүсгэж, судалгаа хийсээр 2017 онд Хэнтийд тайга нохой сонирхогчдын чуулга уулзалт хийсэн. Яг энэ үед Киргизийн ерөнхийлөгч НҮБ-ын хурлын индэр дээрээс дэлхийн нүүдэлчдийн их наадмыг манай улс анх удаа зохион байгуулах гэж байна. Нүүдэлчин гарал угсаатай ард түмэн соёлын нөлөөнд автаж, даяарчлалын эрин үед байгаль, экологи, соёл, уламжлал устаж үгүй болж байгаа учраас нүүдэлчдийн наадмыг хийх гэж байна, дэмжээрэй гэж уриалсан. Энэ наадамд Монголын шувуулахуйн холбооны тэргүүн Д.Отгонсайхан, морьт харвааны тамирчид, миний бие 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Бид зардал мөнгөний асуудлаас болоод тайга нохойгоо авч явж чадаагүй ч нутгийн иргэд Тайган гээд яг манай тайга шиг нохойноосоо гаргаж өгч, миний нэр дээр уралдуулж байсан. Энэ үйл явдал өнөөдрийн энэ аялал эхлэхэд чухал мессэж өгсөн гэж би боддог. Нөгөө талаас монголд 200-300 жилийн түүхтэй даншиг, эрийн гурван наадам хэдий ч ан гөрөөний наадмыг зайлшгүй хийх ёстой гэж үзсэн учраас 2017 оноос жил бүрийн наймдугаар сард тайга нохойн “Талын гөрөөчин” наадмыг зохион байгуулж ирсэн. Ингэж явахдаа монголын ан гөрөөний өв соёлын салшгүй хэсэг болох морьт харваа, махчин шонхор шувуу, тайга нохой гурвыг нэгтгэсэн эвэнт хийе гээд "Шувуулахуйн холбоо", "Морьт харвааны холбоо"-тойгоо хамтарч, олон жил бүргэдийн баяр, шонхорын наадам, нүүдэлчдийн наадмыг зохион байгуулсэн. Энэ бүхэнд оролцоод харахаар ерөөсөө хүн болгонд язгуур өв соёлын тухай ойлголт, мэдлэгийг өгөх шаардлагатай юм байна. Сонирхон судалж, магадгүй хичээллэж эхэлснээр өв тээгчид олон болно, залуус өв соёл руугаа орж ирснээр энэ бүхэн устахгүй юм байна гэж байнга боддог болчихлоо. Эцэст нь ерөөсөө л 21 аймаг 320 сум сууринд малтайгаа ойрхон байгаа хүүхэд, залууст энэ гурван өв соёлынхоо сургалт, семинар хийгээд тойроод явья гэсэн төлөвлөгөөтэй болсон юмаа. Төлөвлөгөөгөө хүн амьтанд ярьж явтал хамт аялах баг бүрдсэн. Гэхдээ 330 суманд мориор хүрнэ гэдэг бүтэхгүй, харин 21 аймгаа мориор тойръё гээд анхны зам мөрөө Бурхан халдуны дээд цагаан арлаас эхлүүлж, Хэнтийн Ононгийн халуун рашаанд зам мөрөө даатгаж, зан үйл хийснээр аялал эхэлсэн.

-Их хааны өлгий нутаг гэдэг утгаар Хэнтий аймгаас аялалаа эхлэв үү?

-Би өөрөө Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрж, өссөн. Анхнаасаа аялалаа ихэс дээдсийн хансүр залагдсан Хар зүрхний хөх нуураас эхлүүлж нар зөв тойръё. Мөн хаврын хахир цагийг салхи уруудаж, тал газрын зөөлөн уур амьсгал, танил тал, ах дүүсээ бараадаж туулъя гэж тооцоолсон нь тактикийн хувьд маш зөв байсан. Ингээд хаврын гурван сарыг Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар гэсэн таван аймгийн нутгийг туулж, зургаа дахь аймаг болох Дундговь аймгийн Цагаандэлгэр суман дээр ирчихсэн байна.

-Аяллын нэгдүгээр хэсэг энд хүрээд өндөрлөж байгаа гэсэн. Цааш хэрхэн үргэлжлэх бол?

-Эхний сезон буюу Өвөрмонгол залуутай хамт аялсан аялал энэ хүрээд өндөрлөж, таван аймгаас 10 цуврал нэвтрүүлэг бэлдлээ. Цомхон баг маш их ажилласан, хүч шаардсан аялал байлаа. Аяллын хоёр дахь сезон буюу зуны улирлыг их зөв менежментээр туулах төлөвлөгөөтэй байна. Энэ удаад угсаатан судлаач, аялагч япон бүсгүй Чика Ямомато хамт аялаж, Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг хамтдаа туулна.

-УГСААТАН СУДЛААЧ, ХАРВААЧ ЯПОН ЭМЭГТЭЙ, МОРИН ХУУРЧ ФРАНЦ ЗАЛУУТАЙ АЯЛАЛ ҮРГЭЛЖИЛНЭ-


-Үндсэн багт өөрчлөлт орох уу?
-Аяллыг сонирхолтой байлгах зорилгоор бид анх гарахдаа олны танил хүмүүс, нутаг орны өв соёл тээгч, судлаачдыг аялалд хамтраад явах боломжтойг дуулгасан. Хэнтий аймагт тайга нохой судлалын дүү нар Мөрөн суманд тосч аваад Өндөрхаан хүртэл хамт аялсан. Мөн Бэрх, Дадал, Батноров сумын залуус бас нэгдсэн. Дорнодын залуус Мэнэнгийн талыг туулахад найман морьтой цуг аяллаа. Одоо Өвөрхангай дээр арван морьтон залуус өртөөгөөр аялъя гээд хүлээж байгаа. Морин харваа, шувуулахуйн холбоо, банхар тэжээдэг залуус хаана ч очсон тосч аваад тодорхой газруудад нэгдээд явья гэж байна. Дээрээс нь бид монгол өв соёлоос суралцаж яваа гадаад зочдыг аялалдаа урьдаг. Монгол хүн мориндоо мордохгүй байхад япон эмэгтэй морь унаад, морин дээрээсээ харваад явж байна. Манайхан би хар багаасаа малаас хөндий өссөн одоо морь унавал ясаа тараалгана гэдэг. Харин энэ хүнийг хараад урам авч, адуу дагасан өв соёлоо тээх эрмэлзэлтэй болох болов уу гэж найдаж байгаа. Чика өөрөө морин аяллаар жуулчин авдаг, хөдөө хэдэн малтай, хотод япон хэлний багш, орчуулагч ажилтай, угсаатан зүйч мэргэжилтэй супер эмэгтэй.
-Дараа нь уригдах зочин тодорхой болсон уу?
-Стив гээд морин хуурч франц залуу хамт аялахаар ярьж байгаа. Өөрөө экил хуур судладаг, баруун аймгийн угсаатайн зүйд сонирхолтой хүн болохоор Ховд Увс гээд баруун хязгаарын аймгуудад илүү ач холбогдол өгч байна л даа.
-Франц морин хуурчтай хамт баруун аймгуудаар аялаад төсөл өндөрлөх үү?
-Бид нар таван бүс нутгаа жилийн дөрвөн улиралд туулна. Хоног хугацаа гэхээсээ илүүтэй дөрвөн улирлын эрс тэс уур амьсгал, өөрийн гэсэн өгөгдлүүдийг судалж, мэдэрч явах нь бидний зорилго. Хаврын улирал ирж яваа цаг гээд сайхан ч хавсарга шуурга нь яадаг билээ, зуны улирал дулаахан ч нарны халуун нь юу билээ, намар жимс ногоо дэлгэрч налайдаг ч хүйтэн бороо, шавхай балчигийг хэрхэн гатлахав, өвөл үстэй дээлээ өмсөөд аялаад явах сайхан ч хамгийн экстрем улирал. Монголыг жуулчид ихэнхдээ дулааны улиралд зорьж, ирдэг. Тэгэхээр бид дөрвөн улирлын онцлогийг харуулсан жуулчны маршрут хөтөлбөр гаргах эрэл хайгуул хийж байна. Дөрвөн улирлын турш мориор явна гэдэг нь монгол хүн морио аль ч улиралд, ямар ч цагт унаж эдлэх арга ухааныг сурч мэдэх, сурталчлах зорилго тээсэн. Аялал бол ямартай ч ирэх өвлийн эхэн сард эхлэл цэг Бурхан халдун, Онон мөрөндөө очсноор өндөрлөнө.

-Та нар замдаа морьт харвааны бэлтгэл хийгээд явна уу?
-Тийм ээ. Манай Чика, Зоригоо хоёр морьт харвааны тамирчид, би бас сонирхон харвагч. Миний хувьд хоббигоор суралцаж яваа нь хүүхдүүд, дүү нартаа сэдэл, үлгэр дуурайл, мотиваци өгөх сонирхолтой. Морьт харваа бол манай үндэсний спортын төрөлд ордоггүй. Морины давхил дунд харвана гэдэг хүнээс ямар их авхаалж самбаа, хурд хүч шаардахав. Одоо хүйсийн ялгаа багасаж, гадны соёлын нөлөөллөөр эршүүд шинж алдагдаж байна. Энэ үед өсвөр үеэ энэ спортоор хичээллэвэл адерналин ялгарч эрч хүчтэй болно, өвөг дээдсийнхээ морин дэл дээрээс дэлхийг эзэлж байсан тэр мэдрэмжийг авах боломжтой. Эрчит давхианд тэр олон байг харвана гэдэг нь эрэмгий чадварыг суулгаж өгнө. Сум хөвчнөөс гарах үеийн мэдрэмж бол үнэхээр гайхамшигтай. Баатарлаг мэдрэмж дотор асч байдаг. Энэ мэдрэмжийг хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд асаамаар байна.
-Ингээд явахад сэтгэлдээ тээж яваа хүсэл мөрөөдөл, зорилго биелэлээ олох боломж харагдаж байна уу?
-Нийгэм тэр чигээрээ хүсч байгаа зүйл нь мөн боловч, барьж аваад зориод хийх хүн ховор байна. Аяллын зорилгыг хүн бүхэн дэмжиж байгаа. Зорилго биеллээ гэхээсээ илүүтэй зориг гаргаад эхлүүлсэндээ ач холбогдол өгдөг. Аль ч аймаг, суманд очсон сургалт хийгээд гарч ирэхдээ зөв зүйл хийж байгаагаа мэдэрдэг. Хүүхдүүд нохойнуудыг маань тэврээд, шувуу сонирхоод, харваж үзье гээд нүд нь гялалзаж догдлохыг харах үнэхээр бахархалтай. Тэдний энэ эмоци, ассан харц надад мөрөөдөл биелэхэд ойрхон байгааг харуулсан. Мөн цогц бодлого, цөм хөтөлбөр хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Насанд хүрэгчид хэрхэн хүлээн авч байна вэ?
-Монголчууд байлдан дагуулалтын хүчирхэг үеээс хойш манжийн эрхшээлд 200-300 жил, хувьсгал, социализмын нөлөөнд далаад жил, ардчилал гээд гучаад жилд гадны соёлын нөлөөнд автаж, үзэл сурталд угаагдсан. Ард түмэн дотроо хуваагдсан учраас үнэт зүйл гэж байхгүй болжээ. Амьдралын хэв маяг ч бас нөлөөлж байна. Ерөөсөө л хот хөдөө, хөгшин залуу, хэлтэй хэлгүй, барилддаг барилддаггүй гээд яаж ийгээд хоёр хуваагдчхаж. Магадгүй энэ мэтээр дахиад хэдэн жил болоход үндэсний дархлаа алдагдах аюулын харанга дэлдэхэд бэлэн болжээ. Аяллын явцад хүн бүхэнтэй уулзаад ярьж хөөрөөд явахад энэ бүхнээ засч залруулах боломжууд харагддаг.

-ЗӨВ МАРШРУТ ГАРГАХГҮЙ БОЛ ТӨӨРӨХ, ДААРАХ ЭНҮҮХЭНД ШҮҮ-

-Цар тахлын хөлд салбар бүр хямарсан хүнд үеэр та нар аялалд гарсан. Эрсдэлийг тооцоолсон уу?
-Зориглоод хөдөлсөн нь эрсдэл биш амжилт байлаа. Миний хувьд сүүлийн арваад жил өв соёлоо судлаад явж байна. Үүнтэй холбоотой мэдлэг туршлага, баг хамт олон, танилын хүрээ, эдлэл хэрэгслийн хүртэл бааз суурьтай болсон. Нөгөө талаараа монгол зон олны найрсаг, зочломтгой өв уламжлал аяллын салшгүй хэсэг болоод явж байна. Хаана ч очсон хоноглох айлтай. Хоол цайгаар дайлаад, морьдод маань өвс, ус өгч, нохойг маань хүртэл хооллочихно. Зориглоод гарсан, зориглоод гарахдаа нутаг усаа бараадаж эхлүүлэн хахир цагийг тууллаа. Соёлын довтолгоо л хийхгүй бол оройтчих гээд байгаа энэ үед бид нар эрсдэл үүрч, золиос гаргаж хөдлөхгүй бол бүх юм нь бэлэн зэлэн болох цаг хугацаа гэж угаасаа ирэхгүй. Тийм учраас зориглоод хөдөлсөн.
-Нутаг бүр өөр өөрийн онцлогтой. Салхи, ус, хөрс шороо нь хүртэл өөр. Эрсдэлт хүчин зүйлс хэр байна вэ?
-Хүйтэн ширүүн цагт бол хүн, малгүй л зутарна. Аяллынхаа маршрутыг маш зөв гаргаж явахгүй бол эрсдэлд орох юм байна. Байгалийн ширүүн үзэгдэлтэй үед отог майхан, газар усаа буруу сонгож байрлавал төөрөх, даарах, салхинд уруудах магадлал өндөртэй. Говийн бүс рүү ороод ирэхээр усгүй бол хүн, мал, амьтангүй сөхөрнө. GPS дээр худаг заагаад байгаа юм. 10-20 км-ийг туулаад найдаад очихоор айлууд нь мотор, онгоц, ховоогоо аваад нүүчихсэн байдаг. Нэг удаа бригадын төв гээд заагаад дагаад очсон чинь хилийн отряд. Нууцлалтай болохоор ингэж буруу заадаг, нэвтрүүлэхгүй буц л гэж байгаа юм чинь. Тэгэхээр малчид, нутгийн иргэдээс байнга асууж, лавлаж явахгүй бол болохгүй юм билээ. За тэгээд газар газрын морьд өөр учраас хатуу хөрстэй газар улдана. Нохой ч бас улдана. Бид нар өглөө кэмптэйгээ 30-60 км яваад уулзахаар тохироод салдаг. Тэр хооронд сүлжээ тасраад морь, нохой улдахад бас хэцүү юм билээ. Аяны замд дөрөө хоршино гэдэг үгний учрыг ойлголоо. Энэ мэтээр эрсдэлээ тооцоолоод явж байгаа нь өв соёл, мэдлэг шүү дээ.
-Маш цомхон супер багтай гэж танилцуулж байсан. Тодруулбал…?
-Үндсэн багийн тухайд манай А.Нармандах зурагчин, зураглаач, эх бэлтгэгч, найруулагч, админ, дээрээс нь аж ахуйгаа хариуцана. Би болохоор төслөө бичээд удирдчихна, тайга нохойгоо хөтлөөд талын гөрөөчин, шонхор шувуугаа маллаад шувуулахуйн өв тээгч болчихно. Морьт харваагаа үзүүлээд харваач болчихно. Нутгийн удирдлагуудтай уулзаад менежер хийчихнэ. Манай В.Мөнхболд суугаа волейболын олон улсын хэмжээний мастер, кэмп менежер, жолооч, тогоочоо хийчихнэ. Аялалд, аян замд мөнгө санхүүгээс илүү сэтгэл санаагаараа нэгдэх нь чухал. Тэгэхээр манай энэ үндсэн баг дээр ямар ч зочин аялагч орж ирсэн тав тухтай, сэтгэл санааны хувьд тааламжтай харилцаагаар аян замыг туулах бүрэн боломжтой гэж би боддог. Бид өв тээж, үндэсний дархлаагаа сэргээж бас үүх түүхээ бүтээж яваа омогшсон сэтгэлээрээ хүйтэн, халууныг ажрахгүй туулж явна.
-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 08:14

Mundag zaluuuu baihneee. Amjilt hvsii

Зочин
Зочин
2022-07-05 08:25

Өв тээгч з�##�уугаар бахархаж бна. Чингис хаан интэр шиг битгий байгаарай????

Зочин
Зочин
2022-07-05 08:34

Ямар сайхан яриа болоо вэ? Монгол сэтгэлтэй, Монгол өв тээгч гайх�##�тай ийм хүмүүс аривжих болтугай????

Зочин
Зочин
2022-07-05 08:39

ямар хөөрхөн яриа болоов ээ

Зочин
Зочин
2022-07-05 10:36

З�##�уу үедэээ үлгэр жишээ болж өв уламжл�##�аараа гоёж байгаад таниар үнэхээр их бахархаж байна

Зочин
Зочин
2022-07-05 20:29

Алтан шар замд нь амжилт хүсэе

Зочин
Зочин
2022-07-06 00:35

Уншихад сэтгэл хөдлөөд ямар гайхамшигтай мундаг хүү байна. Ийм з�##�уучууд олон болох байх. Аян замд нь амжилт хүсэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button