УРЛАГ

Кино сэтгэгдэл: Бодол, сэтгэлд эргэж ирэх намар

Намрын улирал уй гунигийн цаг. Тэр хэрээр ямарваа нэгэн зүйлийг санагалздаг. Санагалзах байлаа ч хаанаас ч юм дулаахан мэдрэмж сэтгэлийн гүнд хийсэн ирдэг. Уйтай мэт мэдрэмж нь эргэн санахад дулаахан мэдрэмжийг төрүүлэх болсон нь хачирхалтай. Магадгүй энэ нь намрын шинж биз ээ.

Тэртээ уулын орой цасанд хучигдаж, тэнгэр баганадсан мод шарладаг нь гунигтай юм байлгүй дээ.

Амьтад ичээндээ орж, аяны шувууд нисэх нь бодол хоосруулаа биз ээ.

Айл саахалт буйр сэлгэж, амраг нэгнээсээ холддог нь сэтгэл өвтгөдөг байлгүй дээ.

Намар уйтай ч хачин сайхан улирал. Уйтай мэт мэдрэмжийг эргэн санахад дулаахан мэдрэмж төрүүлдэг нь хачирхалтай.

Жүжигчин Б.Амарсайханы найруулагчийн гараагаа эхлүүлж буй бүтээл бол "Эргэж ирэхгүй намар" билээ. Ванкуверийн олон улсын кино наадмын дэлгэцэнд гарч үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн энэхүү бүтээл өдгөө Оскарын урьдчилсан шалгаруулалтад буй. Оскарын урьдчилсан шалгаруулалтад олон орны бүтээл цугласнаас шилдэг 15-ыг нь сонгон авч, Оскарын номинацад нэр дэвшдэг. "Эргэж ирэхгүй намар" бүтээл манай улсаас Оскрын урьдчилсан шалгаруулалтад явуулсан долоо дахь бүтээл гэдгийг ч дурдъя.

Киноны урьдчилсан үзвэрийг үзэх боломж олдлоо. Зорьж очихоосоо өмнө зохиолыг нь багахан судлахад Т.Бум-Эрдэнэ зохиолчийн "Түнтүүлэй" өгүүллэгээс сэдэвлэсэн 90 минут үргэлжлэх кино байв. Түнтүүлэй гэдэг нь гол дүрийн хүүгийн нэр. Ганц бие бүсгүйн бөгөөд хөдөө өвөө эмээ дээрээ амьдардаг нэгэн. Харин Тулга бол хот газраас хөдөө рүү нас өндөр аавыгаа зорьж ирэх залуу. Товчхондоо тэдний хооронд өрнөх үйл явдал, бодол санаа, нөхөрлөл, нэгнээ гэх мэдрэмж энэ киног амилуулах гол зүйл.

Киног үзээд гойд магтах зүйлс ч бий, багахан сөрөг сэтгэгдэл үлдээх хэсэг ч бий. Гол нь кино шүүмжлэгч бус кинонд дуртай нэгний хувиар өөрийн бодол, эргэцүүллийг бичиж байгаа гэдгийг уншигч та ойлгоорой. Мөн энэхүү бүтээлийг үзэж амжаагүй бол спойлер агуулсан хэсгийн өмнө сануулах тул, спойлердуулахгүйн тулд цааш уншихгүй байхыг анхааруулж байна. Ийнхүү сэтгэлд таатай мэдрэмж үлдээсэн хэсгээс эхэлье.

1.Амаараа ярихгүй ч харцаараа ярилцана

Монголын орчин үеийн уран бүтээлийн хамгийн том сул талуудын нэг бол тайлбарлах шаардлагагүй хэсэгт хэт их харилцан яриа, тайлбар орж ирдэг явдал билээ. Гэсэн ч сүүлийн 2-3 жилийн хугацаанд кино театруудаар гарч буй уран бүтээлүүдийн дунд харилцан яриа багассан нь үзэгчдэд таатай мэдрэмж төрүүлэх нэг алхам гэдгийг онцолъё. Хуучны монгол киноны харцны өгүүлэмж дэндүү гайхалтай. Баярласан, бахархсан, гунигласан, хайрласан, шоглосон, өхөөрдсөн, гомдсон, ичингүйрсэн гээд л. Ийм кино үзэж өссөн хүмүүс орчин үеийн монгол киноноос харцны өгүүлэмжийг дэндүү олон жил хүлээжээ.

Хамгийн сүүлд "Хөхөө" уран бүтээлд харилцан яриаг багасгасгаснаас гадна жүжигчин Ц.Цэрэнболдын амаараа ярихгүй ч харцаараа ярих хэсгүүд дэндүү таалагдсаныг дурдах нь зүйтэй. Харцаар ярих илэрхийллийг сайн гаргасан кинонуудын эгнээнд зүй ёсоор орох бүтээл болжээ.

2.Орчны чимээ болон ашигласан дуу

Харилцан яриа бага киноноос юуг нь сонсох юм хэмээн гайхах байх. Сонсоно оо. Сонсолгүй яахав. Намрын улирал, морь мал, шувуу, нуур, байгалийн үзэгдэл, хадлан хадах, машин тэрэгний гэх мэт бүхий л орчны чимээг сонсох боломжтой. Энэ бол киноны хувьд гайхамшигтай илэрхийллээс гадна торгон мэдрэмж. Хадлан хадах, борооны шаагих болон зөгий ялааны чимээ гэх мэтээр үйл явдлын арын дуунаас илүүтэй байгалийн чимээгээр орлуулсан нь нэн таатай.

Түүгээр ч зогсохгүй кино уран бүтээлчид киноныхоо зохиогчийн эрхийг хөндөж ярьдаг ч кинондоо ашигласан дуу нь зохиогчийн эрхийг зөрчсөн багагүй тохиолдол бий. Тэгвэл энэ киноны эхлэл хэсэгт Ардын жүжигчин П.Адарсүрэнгийн дуу гарсан юм. Түүний дууг өөр хүнээр дуулуулж, кинонд ашигласан гэдгээ ч найруулагч Амараа дурдаж байв. Харин бусад дуунуудын хувьд буриад ардын дууг сонгосон байна.

3.Байгалийн зураглал болон өнгө

Монголын хөдөө нутгийн амар амгаланг харуулахуйц объектууд ихтэй, дэлгэцээр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөм өнцгөөс байгалийн зураглалыг гаргаж байсны хувьд зураглаачид алга таших хэрэгтэй. Доороос дээш, дээрээс доош, зүүнээс баруун, баруунаас зүүн гэх мэтээр яг л голыг нь онож, хүний нүдний харцад тохируулж зураг авсан нь таалагдсан юм.

Түүгээр ч зогсохгүй дэлхий дахинаа кино урлагт өнгө ихээхэн чухал байр суурийг эзлэх болсон. Тэнгэр, байгаль, нар жаргах, үүрийн хаяа, шөнийн одот тэнгэр, нуурын эрэг гэх мэт. Кино сонирхогчид нүдээр таалах нь ихэссэн энэ үед харилцан яриа багатай кинонуудын өөр нэгэн давуу тал, ялгарал бол киноны өнгө юм.

4.Тунг нь тааруулсан хошигнол

/Кинонд гарах харилцан ярианаас гурван өгүүлбэр оруулсан тул спойлер хэмээн бодож байвал энэ хэсгийг алгасаад уншиж болно/

Түнтүүлэй их хөгжилтэй хүү. Өвөө эмээтэйгээ хөдөө өссөн болоод ч тэр үү, хэл яриа гэж айхавтар. Киноны хувьд хөнгөн, хөөрхөн, марзан хошин хэсгүүд нэлээд бий. Тухайлбал,

Түнтүүлэй: Тулга аа, чи хотод юу хийдэг юм бэ?

Тулга: Би чинь таван одтой зочид буудлын ахлах тогооч болох гэж байлаа шүү дээ, Түнтүүлэй минь.

Түнтүүлэй: Тавхан одтой юу? /тэнгэр өөд харна/

Тулга: ... /Түнтүүлэйг дагаж, тэнгэр өөд харна/

5.Сцен хурдан солигдоно

Драм төрлийн бүтээлийг зорьж үзэх үзэгчид бусад төрлөө бодвол харьцангуй цөөн. Учир нь нэгэн хэвийн үргэлжлэлтэй, хэт өрнөл, зангилаа гэхээр зүйл байхгүй нь үзэгчдийг уйдаадаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэхүү бүтээл нь сценээ хурдан сольж буй нь киноны орчин огцом солигдсоноор үзэгчийг уйдаахгүй нөхцөлийг бий болгожээ.

6.Залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнийн жүжиглэлт

Энэхүү кинонд цөөн дүрүүдийг онцолж авч, тэднийг киноны туршид гаргасан нь авууштай. Гол дүрийн Түнтүүлэйгийн дүрд залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ тоглосон юм. Насандаа баймааргүй авьяастай, сайн жүжиглэлт нь түүнийг ирээдүйд манай улсын урдаа барих жүжигчдийн нэг болох боломжтойг ч харуулна. Морь унах чадвар, хэл яриа, дүрээ гаргаж буй байдал нь түүнийг төрөхөөсөө л хөдөө өссөн малчны хүүхэд хэмээн эндүүрэхээр сайн жүжиглэлттэй. Нүүрний хувирал, тэр дундаа нүдэн хэлэмж нь сайн байсан жүжигчин Тэнүүн-Эрдэнийг олон уран бүтээлээс харна гэдэгт итгэлтэй байна.

Харин энэ хэсэгт сөрөг сэтгэгдэл орж ирж байна шүү. Дахин хэлэхэд танд уншихгүй байх эрх ч бий.

1.Энэ жилийн гурав дахь нь

Олон улсын кино фестивальд явсан монгол бүтээлүүдээ үзэхэд энэ жилийн хувьд гэрийн зүүн орон дээр хэвтэх нэгний нас барж буй үзэгдэлтэй гурав дахь кино нь энэ кино юм. "Хөхөө" киноноос эхлэлтэй, "Трио" киногоор үргэлжилж, "Эргэж ирэхгүй намар" бүтээлээр хааж байна. Кинонуудад энэ мэт хэсэг давхцаж болохыг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч хөдөө амьдрах настай нэгэн гэрийнхээ зүүн талын орон дээр нас барах хэсгийг гурвантаа үзэх нь үзэгчдэд "Нөгөө л нэг" гэх хандлагыг үүсгэх эрсдэлтэй. Киноны сцен бүр кино сонирхогчдод чухал гэдгийг мартаж болохгүй.

2.Сцен хурдан солигдоно

Сцен хурдан солигдох нь хоёр талтай санагдсан тул энэ хэсэгт ч дурдмаар байна. Учир нь сцен ойр ойрхон хурдан шилжиж байсан нь драм үзэгчдийг уйдаахгүй боловч гэнэтийн орчны шилжилт нь хараа болон сонсголд таагүй мэдрэмж төрүүлнэ. Аниргүй нам гүмээс гэнэтийн их чимээнд шилжих нь үзэгчдийн сонсголд таатай биш. Мөн зарим хүмүүст нүд өвдөх зовиур ч илрэх боломжтой.

Нөгөө талаас сцен ойр ойрхон хурдан солигдох нь кино хорхойтнуудад гол урсгалаа дагаад намуухан урсаж байхад том чулуу "пал" хийтэл орж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ.

3.Жүжигчин Б.Амарсайхан

Яагаад ч юм түүнээс өөрийн мэдэлгүй ихийг хүссэн бололтой. Жүчигчин Б.Амарсайханы сүүлийн үед тоглосон бүхий л кинонуудын нүүрний хувирал нэгэн хэвийн байсан болоод ч тэр үү, эсвэл Г.Тэнүүн-Эрдэнэ хэт их нүүрний хувирал гаргаж байсантай нь харьцуулсан уу, бүү мэд. Ямартай ч түүнээс өмнөх дүрүүдтэйгээ ижил нэгэн хэвийн дүр төрхийг харсан нь багахан урам хугарахад хүргэсэн.

4.Киноны цаад утга санаа гаднынханд төдийлөн хүрэхгүй болов уу

Яагаад гэдгийг найруулагч маань өөрөө ч хэдийн мэдсэн юм билээ. Харин уншигч танд яагаад гэх тайлбарыг хэлье. Учир нь олон хүн амтай улс оронд гэр бүлийн салалтын талаарх гэдгийг төдийлөн ойлгож, ач холбогдол өгөхгүй болов уу. Манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд энэ бол хөндөх ёстой сэдэв мөн үү, гэвэл мөн. Харин гаднын үзэгчдийн хувьд киноны өнгө, байгалийн дүрслэл түлхүү таалагдана гэдэгт итгэлтэй байна.

5.Киноны төгсгөл

Нүдэн ярианд суурилсан бүтээл болоод ч тэр үү, киноны төгсгөлийн хэсгийг толинд бие биенийхээ нүд рүү харж байгаагаар нь дуусгаасай хэмээн ихэд бодож билээ. Киноны төгсгөлийг найруулагч Б.Амарсайхан есөн удаа янзалсан гэдэг. Мөн кинонд зориулан зохиолоос нь өөрөөр дуусгасан гэсэн шүү. Ямартай ч миний хувьд киноны төгсгөлийн харилцан яриа илүүц байсан билээ. Бусад монгол киноны адил уйлуулдаг төгсгөл нь кино сонирхогч өчүүхэн миний хувьд киноны ялгарах байдлыг бууруулсан гэж бодож байна.

Эцэст нь кино сонирхогчийн тэмдэглэл: Нэгэн хэвийн, замбараагүй, өдөр хоногоос баяр баясал мэдрэхээ больсон идэр насны залуу болон морин дэл дээр эрх чөлөөтэй давхих, айдасгүй, зоримог, хүний мөрөөсөл болсон хүүгийн хооронд ассан оч нь эрчүүдийн нөхөрлөл үү, эцэг хүүгийн барилдлага уу гэдгийг тодорхойлох боломжгүй. Тэдний нэгнээ гэсэн харц, хамт байхдаа ч нэгнийгээ санагалзах мэдрэмжийг дэргэд төрүүлнө. Хүн бүр киноноос адил мэдрэмж авч, мэдрэх боломжгүй. Гэсэн хэдий ч хүн бүр намрын улирлын өөр нэгэн гунигт мөчийг харж, сэтгэл нь шимшрэх болно. Киногоо үзэж дуусгаад гарахдаа ямар нэгэн бодол, дурсамжиндаа ороогдох биз. "Эргэж ирэхгүй намар" хэмээн нэрийдэх хэдий ч үзэгч таны бодол сэтгэлд тань үргэлж ирдэг намар бий юм шүү. Учир нь хүн хүндээ дасаж, хүний мөрөөсөл болох шиг хэцүү зүйл хаана байна. "ХООЛОНД ДАСАХ Ч ЯАХ ВЭ, ХОДООДНЫ АСУУДАЛ. ХҮН ХҮНДЭЭ ДАСАХ Л ХЭЦҮҮ ЮМ ШҮҮ" гэх киноны эшлэлээр тэмдэглэлээ дуусгая.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button