Top StoriesЯрилцлага

Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн гэргий С.Наранцэцэг: Бидэнд дахиад аюул учрах вий гэхээс айж, залбирч явна

“Улаан тайга” улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Хөвсгөл нуур, Дархадын цэнхэр хотгороо  хамгаалах ажилд 35 дахь жилдээ хүчин зүтгэж яваа Ж.Төмөрсүх гавьяат болоод хамгийн түрүүн “Энэ олон жил арыг минь дааж, би гэртээ санаа зовох биш, миний төлөө санаагаа чилээн суусан эхнэртээ баярлалаа” гэж хэлсэн юм.  Харин дараа нь байгаль хамгаалж яваад цаг бусаар амиа алдсан том хүү Т.Лхагвасүмбэрэлээ дурсан нулимс унагасан юм.

Энэ нэгэн айлын амьдрал тэр чигээрээ байгаль хамгаалах үйл хэрэгт зориулагдсан. Одоо бага хүү Т.Мөнхтэнгэр Хөвсгөл нуурын байгаль хамгаалагчаар ажилладаг. Бид Ж.Төмөрсүх гуайг гэр бүлийн хамт нийслэлийг зорин ирж, гавьяатын шагналаа хүлээн авсан баярт мөчид гэргий С.Наранцэцэгтэй ярилцсан юм. 

-Байгаль хамгаалагчийн гэргий байна гэдэг дасан зохицож, даван туулахад хэцүү ажил-

-Танай гэр бүлд баяр хүргэе. Түмэн олноороо энэ шагналыг нүдээ оллоо хэмээн тодотгож байна?

-Баярлалаа. Би бүр маш их баярлаж байна. Төмөрөө арваннэгдүгээр сарын 22-нд над руу залгаад “Ерөнхийлөгчийн тамгын газраас над руу шагналаа ирж, ав гээд ярилаа” гэж хэлэхэд нулимс өөрийн эрхгүй урсаад  эхэлсэн. Хүйтэнд хөрж, халуунд халж, ядарч зүдэрч явсныг нь төр үнэлэх өдөр ирдэг юм байна гэж бодогдоод, хажууд хэн ч байсан барьж аваад үнсэхээр байв. /инээв/ Даанч ганцаараа байлаа.

-Байгаль хамгаалагчийн гэргий байна гэдэг яггүй тавилан уу. Учир нь таны нөхөр гавьяат болоод эхний сэтгэгдлээ хэлэхдээ ”Энэ бүх хугацаанд ард минь байсан ханьдаа баярлалаа “ гэсэн шүү дээ?

-Хүнд шалгууртай ажил даа. /Инээв/ Хэрийн хүн дасан зохицож, даван туулахад бэрх, чамгүй тэсвэр тэвчээр, ухаан шаардана. Байгаль хамгаалагч хүн ар гэрээ мартдаг, хаядаг. Манай хүнд ажлаа хийх гэж тайга руугаа яарах цаг байхаас ар гэрээ гэх боломж, хугацаа байдаггүй.  Тэгэхээр энэ эхнэр нь ар гэр, амьдрал ахуй бүгдийг нь даагаад хоцордог байхгүй юу. Хүүхдүүд багад хэцүү байсан. Дэрсхэн дөрвөн жаахан хүүхэдтэй, дээрээс нь баахан зэрлэг амьтад тэжээнэ.

-Бас уу?

-Тэгэлгүй яахав. Тэр хүн зүгээр гэрээ орхиод явахгүй, надад ажил, үүрэг даатгана. Бугын тугал, гахайн тооройноос авахуулаад эхээсээ төөрсөн нялх амьтдыг тэжээж байгаарай гээд үлдээнэ. Овоо болоод ирэхээр нь судалгаа хийлгэнэ. Бугын тугалыг л гэхэд арав хоногоор эврийг нь хэмжээд тэмдэглээд байгаарай гэнэ. Би сумын төвд өссөн, амьтан байтугай мал сайн мэдэхгүй хүн шүү дээ. Одоо эргээд бодоход сайхан л байдаг. Тухайн үедээ бол их айна. Миний талийгаач хүү жаахан гурав, дөрөвхэн настай ч эр хүн л юм болохоор “Ээжээ би хэмжье” гэнэ. Тэгээд нөгөө буганаас чинь хүүхдээ хамгаалах санаатай мод барьчихсан,  хүү минь чичирч байгаад хэмжилт авдагсан. Ямар ч байсан бид хоёр аавыгаа ирэхэд бүх даалгаврыг биелүүлсэн л суудаг байлаа.

-Өөр ямар амьтан авч ирж, танд даатгаж байв?

-Тэжээж үзээгүй амьтан ховор доо. Дээр үед Мөрөнгийн зоопаркийн амьтад хатаад их өрөвдмөөр болчихсон. Сүүлдээ нөгөө хүмүүс нь “Төмөрсүх ээ, чи авч сэргээгээч” гэхэд буга, шилүүс, үнэг, чоно, галуу аваад ирдэг юмаа. Тэгээд яахав, байгаль хамгаалагч маань өөрөө ууландаа аргаль, янгираа харах гээд яваад өгнө. Би хүүхдүүдтэйгээ  нөгөө амьтдаа тэжээх гэж сумаасаа нүүж, модны захад амьдарч эхэлсэн.  Ер нь энэ хүнтэй гэрлэснээс хойш 35 жил албан бусаар байгаль хамгаалагч хийж явна даа. Амьтдыг яг гардаад тэжээж эхлэхээр хайртай болдог, хамгаалахыг хүсдэг. Манай хүүхдүүд хүний мэдээ ороод л амьтадтай харьцаж эхэлсэн. Талийгаач хүү, Америкт сурч байгаа охин хоёр 2-3 настайгаасаа л амьтан тэжээж эхэлсэн. Өвөл болохоор гэрээ таллаж, хашаалаад галуунуудаа оруулчихна.

-Танай хүн би ар талдаа санаа зовж байгаагүй, харин миний араас энэ хүний санаа зовдог гэсэн. Та чинь байгаль хамгаалагчаасаа дутахааргүй ачаа үүрээд үлддэг байж?

-Өөрөө залуу, хүүхдүүд нялх учраас тэр бүхэнд дасах гэж түүртэж явснаас Төмөрөөгийн туулсан замын дэргэд юу ч биш шүү дээ. Явсан хүний араас санаа зовно гэдэг үнэхээр хэцүү. Одоо ч бас харилцаа холбоо үүсээд арай дээрдэж.  Наяад оны үед наад тал нь 40-60 хоног  ямар ч сураг чимээ, зүг чиггүй явна. Байгаль хамгаалагч хүний ажлын онцлог болохоор хаашаа, хэд хоног явахаа хэлэхгүй. Заримдаа гурван сар болоод ирнэ. Төрөөд сар гаруй болсон хойно ч орж ирдэг л байлаа. Үер ус, аянга цахилгаантай үед галзуурахаас л наагуур байна. Өндөр газар яваа болов уу, усанд боогдоо болов уу гээд л, нөгөө муу бодлооосоо айж түүнийгээ цэгцлэх гээд бас сандарна. Хүүхдүүд нялх, хэндээ хэлж ярих билээ. Өөрийгөө хүчээр тайвшруулж, аавынхаа зааж өгсөн мэгзэмийг уншина. За тэгээд бороо онгойхоор баярлана гэж жигтэйхэн. Ядаж хувцас нь хуурай яваадаа гэж тайтгарна. Би байхгүйд нь амттай хоол идэж чаддаггүй байсан. Тэр хүн хоолтой, хоолгүй явахад би энд идээд яахав дээ гээд өөрийгөө хүртэл шийтгэдэг байж дээ. Шөнө гэнэт сэрээд тэр хүн цасан дээр хэвтэж байхад би дулаан хөнжилд унтаж байдаг гээд л нойр хулжчихна. Бие л хол болохоос сэтгэл санаа ерөөсөө тэр хүнээ л тойроод байна. Тархи амрахгүй насыг элээлээ дээ. /инээв/  

-Ирэхээр нь нэг дотор онгойх уу?

-Хэцүү дээ. Манай хүн ирэхдээ яадаг гээч. Хаалга татаад л “Би гурав, тав хоноод буцна” шүү гэдэг. Хүүхдүүд багад би уйлаад “Чи ядаж орж ирэхдээ битгий буцахаа хэлж бай л даа,  явахдаа явна л биз” гэж гуйдаг байлаа. Гурван сар хэл сураггүй явчихаад, босго алхангуутаа гурав хоноод явна шүү гэхээр сэтгэхүйд аймаар хүнд тусдаг. Залуу хүн тунина, гунина, амьдралын тэр олон нугачаа бартааг туулахад хэцүү. Хүүхдүүд зэрэг өвдөнө, аавыгаа санана. Дөрвөн хүүхдээ араараа хийгээд, шувууны буу сумалж дэргэдээ тавиад унтана. Амьхандаа л айдас хүйдсээ л дарах гэж тэр шүү дээ. Шүдэнзний мод торхийж дуугарахад л буугаа бариад л босоод ирнэ. Одоо хүүхдүүд том болчихлоо, үзэж амсахаа туулж, юмыг уужуухнаар боддог болж дээ.

-Нөхөртөө гомдоллодог байв уу?

-Гомдлоод яахав, амьдрал тийм л хойно. Хүүхэд өвдсөн, эсвэл их удаан явж ирээд буцах гэхэд нь “Чи ганцхан өнөөдөр өнжчих, маргааш явчих” гээд цулбуураас нь бариад авна. Үг дуугүй цулбуураа шувт татаж аваад мордоод явахад нь уйлаад хоцорно. Дөрвөн хүүхэд нь дэрийтэл хажууд зогсчихсон. Нөгөө хэдийгээ бодоод буруу зөрүү харж нулимсаа арчина. Манай гэрээс 800-гаад метр яваад битүү мод руу орчихдог байхгүй юу. Мод руу орон ортол эргэж харах болов уу гэхэд нэг ч харахгүй, далд орно доо.

-Дараа нь яагаад гэж асуух уу?

-Тухайн үедээ асуудаггүй байсан. Нулимсаа арчаад хүүхдүүдийн хоол унд, амьтдын өвс, тэжээл, сүү гээд амьдрал үргэлжилнэ.  Хүүхэд, зэрлэг амьтад, амьжиргааны хэдэн малаа хаяад би хаачхав. Хаяад явъя гэхэд уулын мухраас намайг хэн ирж авахав. Талийгч хүү минь том нь болохоороо аав яваад ээж уйлж байна гэдгийг ойлгосон нь илт мэдрэгдэнэ. Миний хүү өөдөсхөн жаахнаасаа мод түлээгээ хагалж, малаа харж гар хөлийн үзүүрт ээжийгээ хөдөлгөхгүй шүү дээ. Хоёр томыгоо 2-3 настайд хонинд явуулна, дээрээс нь хонио алдав гээд загнадаг байсан шүү дээ. Зүүд шиг л амьдрал даа, бидний туулсан он жилүүд.

-Хожим та яагаад биднийг эргэж хардаггүй байсан юм гэж асуув уу?

-Тийм ээ. Яагаад чи надаас цулбуураа булааж аваад уйлуулаад явахдаа эргэж хардаггүй байсан бэ гэхэд “Би эргэж харах л юм бол явж чадахгүй ш дээ. Тийм улсууд орхиод, гадаа уйлаад зогсохыг  хараад явж чадах уу. Тийм болохоор би чигээрээ явсан нь дээр байхгүй юу” гэсэн.

-Байгаа үедээ хэр нөмөр нөөлөгтэй хүн бэ?

-Ирээд гурав хоноод буцдаг хүн. Гэртээ тогтож, олон хоногоор байсан удаа ховор доо. Хааяа нэг хэд хоног ирвэл контортоо очиж, бичиг цаасны ажлаа хийгээд суучихна. Өөрөө амжихгүй бол надад тэндээс тэр тоог тэгж нэгтгээрэй, бичээрэй, тэмдэглээрэй гээд даатгаад явна.  

- Хамгийн удаан хамт байсан нь...?

 - Ер нь байхгүй дээ.

-Одоо ч уу?

-Одоо бүр тусдаа амьдарч байна. Төмөрөө 140 км-ийн цаана Улаантайгадаа,  би Хатгалд хадам ээжтэйгээ. Нэгэнт бий болгосон амьдрал маань Хатгалд болохоор би байнга тийшээ яваад байж чаддаггүй. Яваад очлоо ч намайг ирлээ гээд хамт байх биш, уул руугаа яваад л өгнө. Ерөөсөө байгаль хамгаалагч хэний ч амьдрал ийм.

-Хохь чинь яах гэж холын хүнтэй суусан юм гэж өөрийгөө загнадаг байсан-

-Хүний нутагт ер бусын амьдралд дасаж ядаж байхдаа нутагтаа, аав, ээж рүүгээ явахсан гэж бодсон удаатай юу?

-Байлгүй яахав. Ингэж суухаар явахсан гэдэг бодол хааяа, хааяа орж ирнэ. Гэхдээ нэгэнт өөрөө сонгосон, үр хүүхэд төрүүлсэн учраас тэднийгээ өнчрүүлэхгүй энэ амьдралдаа эзэн болоод дуусах ёстой гэсэн бодлоор өөрийгөө барьж ирсэн. Яг тийм үед би өөртөө “Хохь нь чи, яах гэж холын хүнийг сонгосон юм. Аав ээж чинь хэлж л байсан” гэж хэлдэг байсан.  Миний аав Архангайн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрт насаараа слесерь хийсэн хүн. Бид эцэг, эхээс долуулаа. Аав бидний багад “Холын хүнтэй суув аа, гэр орноосоо хэцүү шүү” гэдэг байсан. Дараа нь оюутан болсон хойно мэдлэг, мэдээлэлтэй ч болсон юм уу “Миний хүүхдүүд тив алгасааад суусан ч болдог болж дээ” гэх болсон. Аавын минь бодол өөрчлөгдсөн учраас би Төмөрөөтэй суусан. Гэхдээ шантрах үедээ өөрийгөө тэгж загнадаг байлаа.  Бид хоёрын сонгосон ажил мэргэжилтэй холбоотой хүнд нөхцөл байдал байснаас би зовж амьдраагүй. Миний хань намайг идэх хоол, өмсөх хувцас, сэтгэлийн сайхнаар дутаагаагүй. Амьдралын эрээн, барааныг залуу хүний хувьд туулахад жаахан хүнд байсан.

-Та хоёр их сургуульд байхдаа танилцаж, үерхээд тэгээд л далай ээжээ бараадсан улс уу?

-Би Монгол улсын их сургуулийн худалдааны ангийг 1988 онд, Төмөрөө химийн ангийг 1987 онд төгссөн. Талийгч хүү минь намайг төгсөх жил гарсан. Төгсөнгүүт Сүхбаатар аймаг руу хуваарилчихсан.  Хүү Архангайд эмээ, өвөө дээрээ, Төмөрөө Хатгалд, тэгээд би Сүхбаатар явчихаар манай амьдрал юу болох вэ гэж бодоод томилолтоо хаячихсан. Миний хувийн хэрэг одоо Сүхбаатар аймагт л байдаг байх. Худалдаа бэлтгэлийн яамнаас зөндөө гуйхад минь дахиж томилолт байхгүй, ажил сайжруулахаар тавьсан гээд авч хэлцээгүй. Тэгээд шууд хаяад Архангай орж, хүүгээ аваад Хөвсгөл явсан даа.

-Анх удаа очиж байгаа нь тэр үү?

-Анх удаа. Төмөрөөгийн албаны нэг жижиг өрөөнд тусдаа гарсан. Бид хоёрыг ирнэ гээд мод эгнүүлэн хадаад ор хийчихсэн байж билээ. Тэр орон дээр бид хоёр одоо ч унтдаг. Хүүхдүүд "Ээж арай дэндүү юмаа, наадхаа солиоч" л гэдэг. Амьдрал үүссэн анхны бүхэн үнэ цэнтэй байдаг юмаа гээд би хөдөлгөдөггүй. Бид хоёрын амьдрал тэгж л эхэлсэн.

-Дархад түмний ахуй байдал, аялга яриа холын хүн ойлгоход хэсэгтээ л хэцүү. Тэр бүхэнд хэрхэн дасав?

-Төмөрөөг дархадын сумдаар явах ажлыг далимдуулж, хүүхдээ аваад анх очсон. Бид хоёрыг орхиод ажлынхантайгаа яваад өгсөн. Яг тэр өдрүүдэд ихээ бороо орж, үер буулаа. Манай хадам аав настай хүн, өглөө хөл нүцгэн гараад явдаг байхгүй юу. Нэг хэсэг болоод орж ирэхээрээ “Гол нь ч гайгүй байна, гоо нь л хэцүү байна, Төмөржий маань ирж чаддаг л байгаа даа” гээд ээжтэй ярина. Би бүр гайхаад гоо гэж юу юм бол, тийм хэцүү юм байхдаа гээд  янз бүрээр бодож хэд хонолоо. Тэгж байтал бороо татарч, хүн маань ч ирлээ. Би Төмөрөөгөөс хэрэндээ аминчлаад “Гоо гэж юу юм” гээд асуулаа. Тэгсэн манай хүн, бэр чинь тэгж асууж байна гээд хэлчихдэг юмдаа. Гэтэл гол нь бол задгай болохоор гайгүй, гууны ус их гүн болохоор гарахад хэцүү гэсэн юм байж. Би ойлгохгүй, хэд хоног тэр гоо гээч юмнаас айж л дээ. /Инээв/ Миний хадмууд их сайхан хүмүүс. 94 настай ээж минь одоо надтай байна. Уг нь би Улаан-Уулд очиж хардаг байсан. Сүүлдээ гэр орон, үүсгэсэн ахуй, хэдэн мал Хатгалд болохоор ээжийгээ аваад ирсэн.

-Төрөхөд тань хүртэл байдаггүй байсан гэсэн үү...?

-Хоёр охин дээрээ лав байгаагүй. Би чинь төрөх дөхөхөөр хувцас хунараа бэлдээд энийг авч очоорой гээд хажуу айлдаа захичихна. Мөнхдалай /гурав дахь хүүхэд/дээр төрөөд сар гаруй болсон хойно ирсэн. Манай хадам ээжийн эгч намайг төрөх болгонд ирж хэсэг хамт байна. Охиноо төрсний дараа нэг орой гэнэт ороод ирсэн. Нөгөө хөгшин таягаа бариад гэр тойроод элдчихсэн. “Хүн төрөөд сар болж байхад ирдэг, яадаг муу тэнэмэл үү” гээд таягаараа нэг цохиж санаа нь амарсан, хөөрхий. “Өө төрчихсөн үү” гээд ороод ирнэ ш тээ. Аминдаа амжиж ирэхийг боддог байх л даа. Ажил нь тийм хойно яалтай.  

-Ирэхээрээ та нартаа санаа зовлоо, энэ тэр гэнэ биз?

-Тэгэлгүй яахав дээ. Хөөрхий минь, хоёр талдаа сэтгэл зовсон амьтад л явлаа. Мөнхтэнгэрийг /бага хүүхэд/ төрөхөд нэг удаа хамт байсан даа. Гуравдугаар сард, тэр жил далай ээж их цастай. Уг нь манай хүн эртхэн төв ор, айл бараад гэнэт өвдвөл яана гээд л байсан. Би хэдэн хүүхдэдээ хоргодоод гайгүй биз гэсээр цагийг нь тулгачихгүй юу. Нэг орой яалт ч үгүй өвдөөд эхэллээ. Нуугаад л байсан, сүүлдээ бүр тэсэлгүй хэллээ. Төмөрөө урд өдөр нь айлын хүүхдүүд гулгах гэж авч ирсэн чаргыг энэ хэрэг болноо энэ гээд хашаан дээр тавьсан. Ёстой л хэрэг болсон доо.

-Суулгаад чирэх юм уу?

-Тэр шөнө болсон хойно өөр яахав. Чарган дээрээ суулгаад, өөрөө тэшүүр углаад, гурван хүүхдийнхээ хаалгыг гаднаас нь дарчихаад явсан. Далай цоохор цастай, чарга хунгар руу мөргөхөөр аймаар базална. Төмөрөөгийн  хөвөнтэй дээлнээс эхлээд уур савсаад байсан, сүүлдээ нуруу нь тэр чигээрээ мөс болчихсан харагдана. Найман км газар шүү дээ. Үстэй дээл, хөвөнтэй өмдтэй, би даараад, манай хүний хөлс нь цуваад, өвдөлт ойртоод. Далайн ээж дээр тэмцэл явагдаж байгаа байхгүй юу, одоо бодоход.

-Амжиж эмнэлэг хүрсэн биз дээ?

-Яг далайн зах хүрэх үед нэг түлшний машин явж таарсан. Тэр үед мөн ч тэнэг байж дээ, эмнэлэгт хүргүүлээд авахгүй, хоёулаа төв зам дээр буучихсэн. Чарган дээрээ суулгаж, чирээд нэг айлд орсон. Намайг дулаацуулах гэж байгаа юм л даа. Аяга цай ууж амжилгүй, төрөх болчихсон. Хоёулаа сугадалцаж, эмнэлгийн хаалгаар дөнгөж ороод төрсөн дөө. Унаа машин, эм тариа ч ховор, кальци хлорид олддоггүй цаг байлаа. Би их амархан төрдөг хэрнээ эхэсээ дандаа гардуулна, дотуур цус алдана. Бага хүү дээрээ их даарсан болохоор хүндхэн төрсөн. Нэг сэргэсэн манай хүн кальци хлорид олж ирлээ гэснийг санадаг. Түр ухаан санаа балартсан юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө хүн маань тариагаа өгчихөөд эргээд  тэшүүрээрээ хэдэн хүүхдүүд рүүгээ явсан. Одоо тэр хүү 30 нас хүрчихлээ.

-Надад байна гээд ил гаргахад хэцүү, байхгүй гээд дараад явахад давчуу амьдрал туулж явна даа-

-Та тусгай хамгаалалттай газар ажиллаж байсан. Тэр хэдийд вэ?

-1988 оны долоодугаар сард Хөвсгөлд очоод есөн сард Хатгалын худалдаа бэлтгэлийн трестэд мэргэжилтнээр ажилд орсон. Тэр үед Хатгал 10 мянган хүн амтай, олон дэлгүүртэй том газар байсан ч зах зээлд шилжээд трест тарсан. Би ч зэрлэг амьтдаа харахаар хөдөө гарсан. Тэгж байтал хүүхдүүд сургуульд орох боллоо. Бид хоёр чинь томыгоо нэг жил өнжүүлчихсэн. Ганц хань бараа болдог нь учраас сургуулийн захиргаанаас гэрээр нь үсэг, тоо заагаад өгчихье гэсэн уурлаад хүлээж авдаггүй. Тэгэхээр нь хавар манай хүүхэд, таны сургасан хүүхэд ямар байхыг шалгаж үзээд хоёрдугаар ангид оруулах эсэхээ шийдээрэй гээд аваад явчихсан. Миний хүү гэрээрээ маш сайн сурсан, шалгалтаа ч сайн өгсөн. Дараа нь жил охин сургуульд орох байсан учраас хүчээр орж ирсэн дээ. Тэр үед гээд Хөвсгөл нуур дээр Америк гэр бүл ирж төсөл хэрэгжүүлээд намайг гэрийн үйлчлэгчээр авсан юм. Хоолоо л хийлгэх зорилготой, би яахав олуулаа өссөн, амьдрал үзсэн хүн чинь хувцас хунарыг нь угаачихна. Тэгээд байж байтал тухайн төслийн хүрээнд мэдээллийн төв байгуулахаар боллоо. Гэтэл нөгөө хоёр маань мэдээллийн төвийн ажилтнаар Нараагаа сургана гээд намайг Америк руу сургалтад авч явсан. Ингээд Тусгай хамгаалалттай газрын мэдээллийн төвийн эрхлэгч, бүс хариуцсан мэргэжилтнээр найман жил ажиллаж, 2010 онд тусгай хамгаалалттай газраасаа гараад сумынхаа цаг уурын газар ажилд орсон. Тэндээсээ тэтгэвэрт гарсан даа. Эгчийнх нь амьдралын түүх ердөө л ийм.  

-Та хоёр бүхий л амьдралаараа гайхамшигтай түүх бүтээж яваа. Байгаль дэлхийгээ хэрхэн хайрлаж, хамгаалахыг танай гэр бүл үлгэрлэж байна. Талийгч хүү тань ч тэр,  одоо Ж.Мөнхтэнгэр хүү ч бас л байгалиа хамгаалж явна шүү дээ?

-Хүүхдүүд маань багаасаа аавынхаа ажлыг харж, мэдэрч, ойлгож өссөн. Нөхөр маань байгаль, ан амьтнаа хамгаалахаар өөрийгөө бүрэн зориулаад явна, ард үлдсэн бид тавд хавь орчноо хамгаалах үүрэг бий болсон. Манай хүүхдүүд бүр жаахнаасаа ээжээ, буу үүрсэн хүн явж байна, мод ачсан машин явлаа, номерийг нь биччихлээ гээд өөрсдийнхөө үүрэг гээд хүлээж авсан.  

-Том хүү тань байгаль хамгаалж яваад амиа алдсан. Бага хүүгээ байгаль хамгаалагч болоход та дургүйцэж байв уу?

-Аав нь өөрөө мэд гэсэн. Хэдэн жилийн өмнөөс л “Ээж би байгаль хамгаалагч чиглэлээр дахиад суръя” гэдэг байсан л даа. Нэг хүн маань амьдрал гэж мэдэхгүй насаараа явлаа, нэг хүн маань эрсдэлд орлоо гээд дотроо дургүй байсан ч хүүдээ хэлж чадаагүй. Гэвч аав нь зоригжуулаад л тавьсан. Яг тэр үед надад “За бас нэг тэнэдэг хүн гарч ирэх нь, энэ айлын амьдрал над шиг болох нь дээ” гэсэн бодол төрсөн. Гэхдээ яахав, эцсийн зорилго нь ирээдүйн сайн сайхны төлөө болохоор өөрийгөө чангалсан даа. Ахиад бидэнд аюул учрах вий, эрсдэлд орох вий гэж айж, сэртэс хийж, залбирч явдаг даа. Бэр охиндоо “Миний хүү нэгэнт л байгаль хамгаалагч болсон бол ингээд л явна. Болохгүй бол ээждээ хэлээрэй” гэдэг. Бэрээ их хайрладаг, чанга ч дуугарч чаддаггүй, ядаж хүүхдийг нь хараад өгье гэж боддог. Байгалийн төлөө төрчихсөн хүмүүс дунд ороод ирсэн амьтан шүү дээ, эвий минь.  

-Т.Лхагвасүмбэрэл агсан говь руу явахдаа аав, ээжтэйгээ зөвлөлдсөн үү?

-Миний хүү чинь оюутан байхдаа “Ирвэс сан” дээр дадлага хийж, амралтуудаараа судалгаа, төслүүд дээр ажиллаад л байсан. Тэгээд төгсөөд тэндээ очсон. Нэг их айхтар зөвлөж бариагүй. Таван жил гаруй ажилласан. Бас л амралт байхгүй. Нэг л удаа цагаан сараар аав, ээждээ очсон доо.  

-Танд энэ хэрэг дээр хүлээлт байдаг уу?  

-Долоон жил өнгөрлөө шүү дээ. Миний хүү тэндээс ээж рүүгээ байнга ярина. Тэгэхдээ энд дэндүү байнаа, өнөөдөр өрөмдлөг эхэлчихлээ. Очиж хэлсэн тоохгүй байна. Хятадууд миний нутаг, миний газар гээд номергүй машинтай явж байна гээд ярьдаг байсан. Бидний нутагт тийм зүйл байхгүй учраас огт хүндээр тусгаж авч байгаагүй, харамсалтай. Нэг машин давхиад өнгөрөх дайны л төсөөлөл байсан. Дараа нь бид хоёр 2016 онд говь руу очиход үнэхээр хүнд юм билээ. Уул уурхайд бүрэн эзлэгдчихсэн, миний хүү тэр бүхнийг л эсэргүүцэж явж. Уул ус, нөөц баялаг бүх юмыг мэддэг учраас хэлж ярьж, хорьдог байсан юм билээ. Бидний хүүхэд яав ч тэгнэ гэж байхгүй. Хэзээ нэгэн цагт үнэн мөн гарч ирэх байх. Бид хоёр энэ жил хүүхдүүдтэйгээ дахиад Гурван тэс суманд очсон. Хамгаалж, хайрлаж байсан аргаль, янгирт нь ус хужир өгч, хадан дээр хүүгийнхээ дүрийг сийлж мөнхөлсөн. Миний хүү яг л тэр газар ус, өвс, хужир үүрээд байгаль дэлхий, ан амьтнаа хамгаалж явсан юм шүү дээ.  

-Та нөхрийнхөө энэ олон жилийн хөдөлмөрийг хэрхэн дүгнэж боддог вэ?

-1987 онд их сургууль төгсөөд Хөвсгөл нуурт мэргэжилтнээр очсон. Тэр цагаас хойших бүх өдрийг энэ хүн Далай ээж, Дархадын цэнхэр хотгорт зориулан амьдарч яваа. Маш их юм хийсэн. Тусгай хамгаалалтад орох газруудын судалгаа, шинжилгээ, үндэслэлийг бүгдийг өөрөө гаргаж ирнэ. Тэгээд энийг оруулна гээд зүтгэчихдэг. Улаан тайга, Тэнгис шишгэд, Хорьдол сарьдгийг шинээр хамгаалалт хийж, оруулсан. Цагаан цаасан дээр нэрийг нь бичээд эхэлсэн хүн шүү дээ. Тийм болохоор энэ хүнийг хориод ч нэмэргүй.  Энэ бүхнээ давахын тулд ар гэр, амьдрал, үр хүүхэд хамаг юмаа орхисон. Өөрийн гэсэн бүхнээ золиослоод явж байгаа энэ ажлыг нь төр үнэлэхэд ямар их баярлав, эгч нь. Насаараа уулаар хэсэж, явдаг амьтныг төр хардаг юм байна, ямар их бартаа зам  бэрхшээл байсан билээ дээ. Энэ хүнийг хаднаас дүүжлэгдээд унаж байна, үерийн усанд урсаад явж байна гэж зүүдлээд сэрж, биеэ сэгсэрч айдсаа өөрөөсөө зайлуулах гэж оролдог байсан тэр шөнүүд санаанд зурсхийгээд орж ирсэн. Ганцаараа баярлаад, уйлаад хүүхдүүддээ хэлсэн чинь бүгд л орилоод би ч явна, би ч явна гэцгээсэн. Аргагүй шүү дээ, хөөрхийс. Аавтай ч юм шиг, аавгүй ч юм шиг л хүүхэд насаа үдсэн хүмүүс. Бидний туулсан амьдралын утга учрыг энэ шагнал олон хүнд таниулсан болов уу.

-Нөхрийгөө, байгаль хамгаалагч хүүгээ хамгаалах арга дом танд бий юу?  

-Цайныхаа дээжийг өргөөд Хорьдол сардаг, Далай ээждээ байнга залбирдаг юм даа. Сайхаан, сайхан. Залуу халуун наснаасаа ажил амьдралдаа хоёргүй сэтгэлээр зүтгээд энд ирлээ. Амьдрал мэдээж дардан замаар яваагүй. Зовлонтой, хүнд хэцүү үе одоо хүртэл сэтгэлээс гарахгүй байж л байна. Надад байна гээд ил гаргаад явах хэцүү, байхгүй гээд дараад явахад давчуу амьдрал юм даа. Бид хоёрын туулах л ёстой даваа, туулаад давна л гэж бодож явдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2022-11-29 08:52

Aлуурчин нь сайд болчихсон шүү дээ.

Зочин
Зочин
2022-11-29 09:04

МУНДАГ САЙХАН ГЭР БҮЛ ШҮҮ ДЭЭ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛЬ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫГ ХАМГААЛЖ ЯВНАА ГЭХДЭЭ ХАЙРАН САЙХАН ХҮҮГЭЭ НЭГ МУУ ТӨМРӨӨР СОЛЬДОГ НЬ БУРУУ НҮҮР ЛҮҮ НЬ ШИДЭХ БАЙСАН ЮМ.ХЯЗГААРГҮЙ ИХ МӨНГӨНИЙ ШУНАЛ ТАЧААЛ АЙМШИГТ ХИЙРХЛИЙН ЗОЛИОС БОЛСОН ХАЙРАН ЗАЛУУ ҮНЭН ЗОРИГТОЙ МОНГОЛ БОЛ ЗОРИГТНЫ ӨЛГИЙ НУТАГ ШҮҮ АЛСАН ХУЛГАЙЧУУД ЗОВЖ ҮХНЭЭ ТЭР ТӨМӨРИЙГ ХЭРЭГГҮЙ АВСАН ЮМ АМИНДАА ТАНЫГ АРГАЛЖ БАЙНА ШҮҮ АЛУУРЧИНГУУД

Maanag yumnuud ih bainaa
Maanag yumnuud ih bainaa
2022-11-29 09:23

Iim saihan humuus bh yum da. Tanai ger buld az jargal, sain saihan buhniig husye

Зочин хн
Зочин хн
2022-11-29 19:38

эхнэрийг нь мөн улсаас ##дар цол олгож шагнах хэрэгтэйдээ. Ухаантай гэр бүл байна.

Зочин
Зочин
2022-11-29 09:38

Гайх##тай хүмүүс олон байдаг болоосой дооо та нартаа маш их баярл##аа. Амжилт бүхнийг хүсье.

Зочин
Зочин
2022-11-29 09:39

Сайхан гэр бүлд нь аз жарг## хүсье үнэхээр мундаг юмаа

Зочин
Зочин
2022-11-29 10:07

Ямар сайхан ярилцлага уншиж өглөөг эхлүүлэв ээ.Хүн ингэж өөрийн хариуцсан ажил эзэмшсэн мэргэжилдээ дуртай үнэнч хариуцлагатай бүхнээ зориулдаг байх нь ямар их бахарх## вэ......Сайхан бүхний дээдийг өнөр сайхан гэр бүлд ерөөе.

Зочин
Зочин
2022-11-29 10:08

Бидэнд дунд ийм л хүмүүс байдаг учраас байг##ь дэлхий эх орон минь амар амг##ан бид аз жарг##тайгаар амьдарч байдаг юм шүү. Та нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Зочин
Зочин
2022-11-29 10:11

Ёстой хөдлөмөрч хүний үнэр үнэртэж байнадаа Нүдээ олсон шагн## гэж энийг хэлхээс яахавдээ мөрөөдөл нь биелэлээ олох байхаа

Зочин
Зочин
2022-11-29 10:11

Шагн## эзнээ олжээ ажилд нь амьдр##д нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-11-29 10:12

Төмөрсүхдээ баяр хүргэе. Эх орондоо хайртай эгэлгүй эгэл гэр бүлд нь эрүүл энх амар амг##анг ерөөе????????????????????

Зочин
Зочин
2022-11-29 10:12

Хоймор нутгийн эзэн нутгаа зэрлэг амьтдын диваажин болгоно гэсэн ямар сайхан мөрөөдөл бэ?

Зочин
Зочин
2022-11-29 10:22

Iim saihan amidral ger bul olon baigaasai. Nutag ornihoo tuluu ami nasaa amidralaa zoriulj bgaa ta nartaa mehiin zalbariyu

Зочин
Зочин
2022-11-29 10:54

Хүүхдүүдээ аавтай ч юм шиг аавгүй ч юм шиг гэнээ. хаха . жирийн монгол сайхан яриа байна. Сайхан гэрбүлд баяр хүргэе

Зочин
Зочин
2022-11-29 10:55

Эдний гэрбүлд лус баярлаж буй биз ээ.

Зочин
Зочин
2022-11-29 11:17

ХАЙР ЮМ АА

Иргэн
Иргэн
2022-11-29 12:40

Хатуу ч гэсэн гайх##тай амьдр##тай хүмүүс юм байна. Баярл##аа, Танай гэр бүлд хорвоогийн хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Гавъяат одоо ар гэртээ жаахан тогтож байх хэрэгтэй, гэргийгээ хэдий болтол шар махтай нь хатаах гэж?

Зочин
Зочин
2022-11-29 12:45

Байг##ь орчны сайдаар ажиллуулмаар юмаа. Тэнэг авгай нарын хажууд бол их өөрчлөт авцрана шүү. Дэмжиж б.на....

Зочин
Зочин
2022-11-29 12:46

Сайхан бнаа...сэтгэлиин үгииг нь сонсоод огшлоо...

Зочин
Зочин
2022-11-29 12:46

хүүд нь бас нөхөө өгсөн бол сэтгэл нь сайхан байх байсан даа

Зочин
Зочин
2022-11-30 08:22
Reply to  Зочин

Харин тийм б##ин хамартын гай шагнлыг нэхэн өгөхгүй гэсэн нь үхсэн хүн гэж доромжилж бгаа үзэл ер б##ин хамраа засуулсан ч өмхий санаа хэвээр монголчууд бид уужуу тайвандаа юу хэнэггүй ажиггүй дээ юу ер бурууг тухайн цаг үед засахгүй өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч явдаг даа

Зочин
Зочин
2022-11-29 12:47

Аргагүй авах ёстой эзэн нь шагн##аа авчээ

Зочин3
Зочин3
2022-11-29 14:06

Uilchlaa sh de.ug n seheeten humuus iim amidarliig songoj utga uchirtai saihan amidarchee.Mundag egch bna.saihan meregjil tav tuhiig martaj nuhurtuu buhnee zoriulsan bas tevchsen yum bn.horvoogiin hamgiin sain saihniig husye

Зочин
Зочин
2022-11-29 14:46

saixan ajil mergejil sain xani saixan ur xuuxduudtei aztai amnii xichigtei xumuus bainaa

Зочин
Зочин
2022-11-29 14:58

Гар хуруу ч гэж бн аа бн. Их л хэцүү ажил байх даа ######уул. Баяр хүргиййййй. Би ч бас зүмбээгийн үеийн сайхан хүүгээ ##даад удаагүй бн. Хэцүү байдым бн аа гавьяатаа. Хайран ч сайхан хүүхдүүд минь.сайн сайхныг хүсье Баатар болоорой гавьяатааааа

zochin
zochin
2022-11-29 16:19

Надад байна гээд ил гаргаад явах хэцүү, байхгүй гээд дараад явахад давчуу амьдр##. .....Аавтай ч юм шиг, аавгүй ч юм шиг л хүүхэд насаа ......“Чи ганцхан өнөөдөр өнжчих, маргааш явчих” гээд цулбуураас нь бариад авна. Үг дуугүй цулбуураа шувт татаж аваад мордоод явахад нь уйлаад хоцорно .....Гурван сар хэл сураггүй явчихаад, босго ##хангуутаа гурав хоноод явна шүү гэхээр сэтгэхүйд аймаар хүнд ту####г. ХҮНД ЯРИЛЦЛАГА УНШЛАА.ЁСТОЙ ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙН ТУЙЛ ГЭЖ ЭНЭ БАЙХ.ЗОЛИОСЛОГДСОН АР ГЭР ЭХНЭР ХҮҮХЭД,АМЬДРАЛ

Зочин хн
Зочин хн
2022-11-29 19:40
Reply to  zochin

энэ их уха##аг монгол эмэгтэй байнадаа. ховордоо ийм хань, ийм хүн

Өв соёлоо гэх Чү.Пүрэвдорж
Өв соёлоо гэх Чү.Пүрэвдорж
2022-11-29 18:07

Жинхэнэ монгол бүсгүй гэж Ямар хүн байдгийг ажил амьдр##аараа нотолсон энэ бүсгүйн санасан бүхэн нь бүтэж явөх болтугай

Зочин
Зочин
2022-11-29 22:19

Ёстой иймэрхүү байсан байна гэдэг төсөөллийн төдий ч юмгүй байдаг юм байна шүү дээ төвийн бид нь, нөгөө гайхамшиг гэж энийг хэлэхгүй бол өөр юуг хэлэв гэдэг л байна

Зочин
Зочин
2022-11-29 23:04

Бидний зовлон бол энэ хүмүүсийн хажууд жарг## юм байна

Зочин
Зочин
2022-11-30 05:53

Choijisuren zi enhbold nariin zahialgaar hulsnii aluurchid alsan baidag

Зочин
Зочин
2022-11-30 14:08

Чойжилсүрэн муу усан нүдэт ##сан нүгэл нь нүдээрээ гарнаа. хайран з##уугын амь

Гомбо Тунгалаг
Гомбо Тунгалаг
2022-11-30 17:25

АГУУ САЙХАН ХҮМҮҮН ТАНД АЛИВ САЙН БҮХНИЙГ ХҮСЬЕ!❤

Зочин
Зочин
2022-11-30 22:51

Эрүүл энх сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
2022-12-01 05:16

Хувиршгүй уужуу сэтгэл , зүтгэлтэй хүн байна.

Хуягаа
Хуягаа
2022-12-02 07:54

Авах ёстой гавъяагаа хүртэж, танай гэр бүлд баяр хүргэн сайн сайхныг ерөөе.

Ж.Янжив
Ж.Янжив
2022-12-02 08:39

Гэр бүл үр хүүхэд ач зээ нарт нь аз жарг## амжилт бүтээлийн дээдийг ерөөе !Хагац## амсаж явсанч хайрт эх орныхоо төлөө зүтгэсэн танаа гэр бүлд баярл##аа.Их амжилт ,урт нас ерөөе !

Холбоотой мэдээ

Back to top button