Гадаад мэдээДЭЛХИЙ

Бохирдолтой агаараар амьсгалж буй иргэдийн 90 хувь нь ядуу орнуудад амьдардаг

Яг одоо агаарын бохирдол хамгийн ихтэй улсуудын жагсаалтыг манай улс Камеруны хамт тасархай тэргүүлж байна. Numbeo судалгааны агентлагаас гаргасан энэхүү жагсаалтад дэлхийн 116 улс бичигдсэн бөгөөд хот, том хотуудын агаарын бохирдлын хэмжээ, жилээс жилд нэмэгдэж байгаа хурдац, хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө зэрэг үзүүлэлтийг харгалзан гаргасан байна.

Хамгийн сонирхолтой нь, дэлхий нийтийн санааг зовоож байгаа баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа агаарын бохирдолтой шууд хамааралтай байгаа явдал юм. Тодруулбал, сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудын хотуудад агаарын чанар сайжирсан байхад ядуу буурай орнуудын хотуудад бохирдол эрчимтэй нэмэгдэж байгаа нь тодорхой болжээ.

Уг жагсаалттай хамт “Дэлхийн 10 хүн тутмын ес нь агаарын бохирдолтой бүсэд оршин суудаг, жилд долоон сая гаруй хүн агаарын бохирдолтой холбоотой өвчнөөр нас бардаг” гэсэн сэтгэл эмзэглэм тоо баримт олон нийтэд дэлгэгдсэн юм.

Тэгвэл бохирдолтой агаараар амьсгалан амьд явах эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн 90 хувь нь буурай хөгжилтэй орны иргэд гэдгийг ДЭМБ-аас тодотгосон байна.

Эхний зурагт дэлхийн таван тивийн суурьшлын бүсүүдийн агаарын чанарын түүхийг /2010-2016 он/ харьцуулсан судалгааг харуулж буй бөгөөд Хойд, Өмнөд Америкийн хотуудын 57 хувь, Европын хотуудын 61 хувьд нь агаарын чанар сайжирсан /Агаар дахь бүдүүн ширхэглэгт тоосонцор PM10, нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5-ын хэмжээ буурсан/ гэсэн үзүүлэлт гарсан байна. Эсрэгээрээ Ази, Африкийн орнуудад агаарын чанар эрс мууджээ /Зураг №1/.

ДЭМБ-ын албан ёсны цахим хуудаст тавигдсан энэхүү мэдээллийг Монгол Улсын талаар онцгойлон дурдаж, нийслэл Улаанбаатарын зургаар зурагжуулсан нь Монгол Улс агаарын бохидлоороо ДЭМБ-ын анхаарлыг татаж буйг илтгэнэ.

Уг мэдээлэлд Улаанбаатарчуудыг “Өвөлдөө “хүчлийн /Хүчилтөрөгч биш/ коктейль” уудаг хүмүүс” хэмээн зүйрлэсэн байв.  

Агаарын бохирдлын улмаас нас барагсдын тоо сүүлийн зургаан жилд хоёр дахин нэмэгджээ

Агаар дахь хорт бодис тоосонцрын гол эх сурвалж нь цахилгаан станц, автомашины утаа, асфальт, цемент, үнсний тоосонцор байдаг аж. Томоохон хот суурин газруудынх нь тоосонцор, хорт бодисын хэмжээг  PM 2.5 /нарийн ширхэглэгт тоосонцор/, PM 10 /бүдүүн ширхэглэгт тоосонцор/ гэсэн хоёр үзүүлэлтээр тооцож үзэхэд агаарын бохирдол хамгийн ихтэй улс нь Энэтхэг, Бангладеш, Афганистан байсан аж. 

Агаар нь хамгийн ихээр бохирдсон том хотуудын жагсаалтыг Энэтхэгийн Дели /14 сая хүнтэй/ хот тэргүүлэв

Европын сатандартаар нэгж агаар дахь РМ10 буюу том ширхэгтэй тоосонцрын хэмжээ 40-өөс дээш гарахад агаарын бохирдолтой гэж үздэг юм байна. Агаар мандалд буй хий болон шингэн төлөвийн тоосонцорын диаметрээс хамаарч тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй байдаг бөгөөд диаметр нь 10 микроноос бага хэмжээтэйг нарийн буюу амьсгалаар ордог тоосонцор гэдэг юм байна.

Нарийн ширхэглэгт тоосонцор нь нэгээс доош настай хүүхдийн уушгины үйл ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөлж, багтраа болон цусны эргэлтийн тогтолцооны өвчний шинж тэмдгүүд болох ханиад, бронхитийг улам хүндрүүлдэг ажээ. Мөн насанд хүрсэн хүний цусны эргэлтийн тогтолцоонд нөлөөлж, энэ төрлийн мөвчнөөр өвдөх, нас барах тохиолдолыг нэмэгдүүлдэг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор, 2012 онд агаарын бохирлын улмаас дэлхий дээр нийт 3.7 сая хүн нас барж байжээ. Энэ сарын 1-д гаргасан хамгийн сүүлчийн мэдээллээр энэ тоо долоон сая болж, бараг хоёр дахин нэмэгдсэн байна.

Зураг №3. Агаарын бохидлоос үүдэлтэй нас баралтын 90 хувь нь бага, дунд орлоготой орнуудад ногдож байна. Нас баралт /саяар/

Манай улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр маш их хөрөнгө мөнгө зарж байгаа ч үр дүн тэр бүрий гарахгүй байна. Гэтэл зарим улсууд агаарын бохирдлыг бууруулах мөнгө төгрөг олдохгүй зовж байна. Баян, тооцоотойгоороо алдартай Израильчууд гэхэд л Агаарын бохирдолтой тэмцэх тухай хуулийг 2011 онд баталсан ч эдүгээ хүртэл хэрэгжүүлж чадаагүй байгаа гэнэ.

Учир нь агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх 690 сая шекел /2 орчим тэрбум ам.доллар/ олдохгүй байгаа учраас ийм байдалд хүрсэн ажээ. Төсвийн хөрөнгө мөнгө жинэхэнэ зарцуулах ёстой зүйлдээ бүрэн зарцуулагддаг болохоор л тэр байх даа. Түүнээс биш ийм хэмжээний мөнгийг израильчууд өлхөн гаргаж чадна шүү дээ. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд 200 гаруй тэрбум төгрөгийг утаатай тэмцэхэд зарцуулсан гэсэн тоооцоо бий. Үүний 80 тэрбум төгрөгийг Цэвэр агаар сангаас, 70 тэрбумыг Засгийн газраас, 50 тэрбум төгрөгийг АНУ-ын “Мянганы сорилтын сан”-гаас олгожээ. Гэвч хөрөнгө мөнгөний хувьд харьцангуй сайн хангамжтай байсан хэрнээ ажлын үр дүн хангалтгүй байсан нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button