Сурвалжилга, Нийтлэл

Есөн хүүхдийн ээж С.Түмэндэмбэрэл: 12 жил хэвтэрт байгаа аавыгаа босгохоор ихэр охид маань тоглолтоо хийх гэж байна

Баянхошуу, гүнжийн нүдэн нуур. Сонин тогтоц, сонирхолтой түүхт энэ жижиг нуурын арын гудамжид өнөр өтгөн нэгэн гэр бүл амьдардаг. Ам бүл арван нэгүүлээ энэ айлыг С.Түмэндэмбэрэл 12 жилийн турш бүл бүтэн, юугаар ч дутаалгүй сайхан авч явна. Тэднийх анх Төв аймгийн Угтаал цайдам, Жаргалантаар нутагладаг энгийн л малчин айл байж. Тэр ханьтайгаа нэг сургуульд сурдаг байсан бөгөөд наймдугаар ангиа төгсөөд амьдралаа холбожээ.

Гэвч түүний нөхөр шалтгаангүйгээр өвдөж, биеийн байдал нь дордож эхэлсэн тул бүх малаа зараад суурин газар, эмнэлэг бараадахаас өөр аргагүйд хүрсэн тухайгаа есөн хүүхдийн ээж нулимс дуслуулан ярина. Түүний хань 2009 оноос хойш ийн хүндээр өвдсөн, мөн олон нялх хүүхдээ өсгөх гэж багагүй амьдрал туулсан гээд энэ эмэгтэй чамлахааргүй зовлонг туулж өнөөдөрт иржээ. Гэсэн ч би ханиа л эдгээчихвэл тэр миний аз жаргал хэмээн дахин дахин ярихыг нь сонсох бахархам. Түүнтэй хэсэг хугацаанд ийн ярилцлаа.

-Манайх ам бүл арван нэгүүлээ, зургаан охин гурван хүүтэй-

-Одоо хэдүүлээ амьдарч байна, зарим хүүхдүүд нь тусдаа гарсан байх?

-Намайг Сээсрэгийн Түмэндэмбэрэл гэдэг. Төв аймгийн Угтаалжаргалантаар амьдардаг байсан. Би өөрөө Төв аймгийн уугуул. 2012 онд Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд амьдрахаар ирсэн. Ам бүл арван нэгүүлээ. Есөн хүүхэдтэй, зургаан охин гурван хүүтэй. Хамгийн том нь 26 настай, бага нь дөрөвдүгээр анги. Том хүү маань ажил хийдэг, харин том охин маань тусдаа гарсан. Бага хоёр хүү маань хурдан морь унадаг байсан учир хөдөө туслах уяач хийж байна. 

-Том хүүхдүүд нь ямар ажил хийж байна?

-Том охин дөрвөн хүүхдийн ээж, тусдаа гарсан. Харин том хүү авто засварын газар ажилладаг. Бусад охидууд маань сурагч учир хичээлдээ яваад гэртээ л байна даа. Бага хоёр хүү маань хөдөө туслах уяач.

-Хашаанд нь ахиад нэг гэр байна. Олуулаа болохоор хоёр гэрт амьдардаг юм байна гэж бодсон?

-Үгүй ээ. Манайх айлын хашаанд байдаг юм. Нөхөр маань анх 2009 онд өвдөж эхэлсэн. Тэр цагаас хойш эмнэлгээр үзүүлж их явсан. Сүүлдээ хот руу нүүж ирэхээс өөр аргагүйд хүрээд 2012 онд энд ирсэн. Тэр цагаас хойш 3-4 айлын хашаа дамжиж амьдарсан. Сүүлд энэ айлын хашаанд нүүж ирээд байна.

-Өөрийн гэсэн хашаатай болох гэж үзсэн үү?

-Хөөцөлдөж үзсэн л дээ. Гэхдээ бидний зүгээс заавал энэ хороондоо газар авах хүсэлт тавиад байгаа. Учир нь эндээ олон жил болчихсон болохоор ханиа л бодоод байгаа юм. Өөр дүүрэг рүү шилжлээ гэхэд ахиад л шинээр үзүүлж, хяналтад орох гээд асуудлуудтай их тулгарна. Тиймээс эндээ газар авчихвал бидэнд хэрэгтэй.

-Хань маань 12 жил хэвтэрт байна. Турк улсаас 100 хувь эмчлэгдэх боломжтой гэдэг хариу ирсэн-

-Ханийнхаа тухай яривал, олон жил өвдсөн гэлээ шүү дээ?

-Бид нэг сургуульд сурдаг байлаа. Наймдугаар ангиа төгсөөд гэр бүл болцгоосон юм. Хөдөөний жирийн л нэг малчин айл байв. Малаа маллаад энгийн сайхан амьдарч байсан. Гэтэл ханийн маань бие шалтгаангүйгээр өвдөж, ходоодноос нь цус гарч, цусаар бөөлжөөд эхэлсэн. Ингээд эмнэлгээр явсан ч биеийн байдал нь дээрдэхгүй байсан тул эмнэлгээс холдоно гэвэл бүтэшгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэр үед хүүгээ наймдугаар ангийг нь төгсгөөд ганцааранг нь мал дээр өвөлжүүлж ч үзсэн. Хэцүү юм билээ. Тэгээд энэ л хүнээ эмчлүүлж байвал бусад нь яах вэ гээд бүх малаа зараад хот орж ирсэн.

Гэвч 2013 онд нурууны хагалгаанд ороод хэвтрийн болсон. Тэгээд 2015 онд дүүргийн эмнэлгээс бусад эмнэлгүүдийн заалт ирсэн. Танай хүний биеийн байдал одоо дордоно уу гэхээс дээрдэхгүй ээ. Өөр эмчилгээ байхгүй гэдэг хариуг хэлсэн. Ингээд л би ханиа аваад гэртээ ирж байсан. Хэвтрийн болсноос хойш дөрвөн жилийн дараа буюу 2019 онд түнх нь өвдөөд үзүүлтэл түнхнийх нь толгой идэгдчихсэн байсан. Тэгээд аргаа бараад одоо яах ёстой вэ гээд эмчээсээ асуутал энэ хүн 3-4 сар ингээд өвдөлт өгч байгаад түнхний толгой нь бүрэн идэгдээд дуусахаар өвдөхөө болиод хөл нь огт мэдээгүй болно гэсэн. Ингээд би эмчдээ хандаад есөн сайхан хүүхдийнхээ аавыг ингээд удаан өвдөхийг хараад, орилуулаад баймааргүй байна аа, үе солих энэ тэр арга байхгүй юу гэхэд хүсэлтийг маань хүлээн зөвшөөрсөн.

Үүний дагуу үе тавиулж үзсэн. Хагалгааны дараа 2-3 сар өвдөлт зовуурьгүй сайхан болсон ч хөл нь дахиад өвдөж, өвчин намдаагч ч нөлөөлөхөө больсон тул дахиад л үзүүлсэн. Ингэхэд сольсон үеэ авахгүй бол болохгүй нь ээ. Чөмөг нь дотроосоо идээлчихсэн байна. Ясны идээт үрэвсэл гэдэг онош тогтоогдлоо гэсэн. Аргагүйн эрхэнд нөгөөх солиулсан үеэ авхуулсан. Одоо бол түнхний толгой тайрсан чигээрээ ясгүй, энэ нь эдгэхгүй хэвээрээ. Ийм байдалд удаан байлгаад байж чадахгүй оны өмнө дахиад бүх биеийн шинжилгээ хийлгэтэл ясны хорт хавдар гэх онош тогтоогдсон. Энэ мэдээ мэдээж бидэнд ахиад л хүндээр туссан. 

Харин охин маань ээж ээ, хүүхдүүд нь том болж, өсөж өндийлөө. Ажил төрөлтэй ч боллоо. Хүмүүс Турк руу яваад эмчлэгдээд эрүүл болоод ирээд байна. Аавынхаа материалыг юутай ч явуулаад үзье гээд таньж мэдэх хүнээрээ дамжуулаад явуултал бүрэн эдгэрэх боломжтой. Бүр энгийн хүн шиг болоод ажил төрөл хийгээд явах ч боломжтой гэдэг хариуг сонссон. Ингээд л бид чадлынхаа хэмжээнд эрвийх дэрвийхээрээ хөдөлж эхэлсэн. Эхний ээлжинд бид ийм зовлонтой гээд хүний юмыг зүгээр авч болохгүй ээ гээд “Бал” аяныг өрнүүлсэн. Харин дараа нь долоодугаар ангийн нугардаг хоёр охин маань хөдөө орон нутгаар явж, аялан тоглолт хийсэн. Одоо харин бид "Аавдаа хайртай" нэртэй тоглолтыг "UB" паласт энэ сарын 22-нд хийхээр төлөвлөөд байна. 

-Анх танай нөхөр эмчилгээгүй гэдгийг сонсох тэр мөч л хамгийн хэцүү байсан, өөрт чинь ч хэлж зүрхлээгүй-

-Ийм хугацааны дотор амжиж ир гэдэг ч юм уу, тодорхой хугацаа заасан уу Турк?

-Уг нь боломжтой бол гуравдугаар сард ирж болно гэсэн ч бид санхүү мөнгөний асуудлаас болоод явж чадаагүй. Энэ бүхэнд хугацаа алдаад л байгаа гэсэн үг. Одоо энэ тоглолтоо амжилттай зохион байгуулчихвал шууд л явахгүй бол болохгүй. Эцсийн хугацаа зургаадугаар сарын 5 гэхэд л оччихсон байхаар төлөвлөөд байж байна. Эмчилгээний зардлын хувьд эхний ээлжинд буюу ясны хавдрыг эмчлээд, шинжилгээ хийлгэхэд 50-60 сая төгрөг шаардлагатай гэсэн. Харин үе тавиулаад өөрөө хөл дээрээ алхдаг болоход 200-300 сая төгрөг хэрэгтэй болчхоод байгаа. Энэ их мөнгө бидний хувьд боломжгүй мэт санагдаж байгааг нуух юун. Гэхдээ ядаж л зуун хувь хөл дээр нь босгоод ирдэггүй юм аа гэхэд эхний ээлжид хавдрын эмчилгээг нь хийлгээд өвдөх зовуурьгүй болгочих юм сан. Тэгвэл ядаж өвдөлт мэдрэхгүйгээр биднийхээ дунд сууж байвал гэж бодох юм. 

-Их олон жил өнгөрчээ. Энэ хугацаанд та хэр их шантарч байв?

-Хамгийн их шантарч байсан үе гэвэл 2015 онд Цамбагаравын мэдрэлийн тасгаас танай хүн эмчилгээгүй гэхийг сонсоод ханиа аваад гэртээ ирж байсан тэр өдрийг гэж хэлнэ. Тухайн үед нь аав минь амьд сэрүүн байлаа. Одоо хоёр ээж минь 80 гарч байна. Тэгээд энэ хүмүүстээ хэлчихвэл настай хүмүүс хямарна гэж зовоод өөрт нь ч хэлэлгүй нуугаад ганцаараа уйлаад л сууж байсан.

Тухайн үед наймдугаар хорооны халамжийн Отгоо гэдэг эгч надад “За, миний дүү чи ингээд уйлаад суугаад байвал энэ хүн хөл дээрээ босож чадахгүй. Тийм учраас сэтгэлийн тэнхээтэй бай. Чадна гээд бодвол чи чадах болно, эрт бууж өгч л болохгүй. Би энэ олон нялх хүүхэдтэй би чадахгүй нь гээд шантраад байвал чи чадахгүй шүү” гэж хэлж байсан. Энэ үг тухайн үед надад маш их хүч болсон гэж боддог.

-Танд тусалж, дэмнэх ах дүүс гэж байв уу?

-Ах дүүс, аав ээж маань их ч тус болсон доо. Нялх хүүхдүүдээ хоёр талынхаа ах дүү нарт аваачиж өгчихөөд гэртээ ч байхгүй эмнэлгээр явж байсан олон өдөр хоног бидэнд бий. Гэлээ гээд би нэг ч удаа шантраагүй. Дандаа болно, бүтнэ, ханиа эдгээнэ л гэж бодож, итгэдэг. Одоо ч хэвээрээ. Би өөрөө 2017 онд бамбайн хорт хавдартай гэж оношлогдоод хагалгаанд орж байсан. Энэ үед хоёулаа хэвтэрт босож чадахгүй ийм өдөр ч бидэнд ирсэн. Ханьдаа, хоёр талын орон дээр хэвтэж хүүхдүүдээ зовоож байхаар ядаж хамт нэг орон дээрээ хэвтье дээ гээд хоёр тийшээ хараад хэвтэж байсан үе ч байлаа. Гэсэн ч бууж өгөөгүй. Би л өөрөө босохгүй бол энэ амьдрал хэцүүдэх гээд байсан болохоор хавар гурван сард хүчлээд боссон. Эхлээд хоёр орныхоо хооронд явж чаддаггүй, гадагш ноль ч орж чаддагүй байсан бол бага багаар чаддаг болж, өдөр ирэх тусам бие маань сайжирсан. 

-Энэ үеүдэд юу бодогдож байв?

-Энэ хүнийхээ тариаг тасалчихгүй юм сан, хүүхдүүдээ сургууль завсардуулчихгүй юм сан гээд бодох, санаа зовох зүйлс маш олон байсан л даа. Хамгийн түрүүнд том хүү маань наймдугаар ангиа төгсөөд нэг жил коллежид сураад ажлын гараагаа эхэлсэн. Мөн дараагийн хоёр хүү маань есдүгээр ангиа төгсөөд ахдаа, ээждээ нэмэр болъё гээд хөдөө туслах малчнаар явсан. Хүүхдүүдийнхээ багад бол ах дүү нараасаа гуйгаад энд тэнд өр, зээл тавиад болгодог байсан. Харин одоо хүүхдүүдтэйгээ хамжаад болгоод л байна. Өмнөх үеэ бодвол арай дээр ээ. Гэхдээ эм тарианы мөнгөнд л гэхэд өдөрт 200-300 мянгыг зарцуулдаг болохоор амаргүй шүү дээ.

Түүний охин Б.Отгонжаргал: Аавыгаа эдгээх л миний хамгийн том зорилго

"Би арван хоёрдугаар ангиа төгсөөд хоёр жил болж байна. Энэ хугацаанд аавыгаа л эрүүл болгож, эмчлүүлэхийн төлөө олон ч хүнтэй уулзаж, олон ч зүйлийг үзлээ. Туркээс 100 хувь эмчлэгдэх боломжтой гэж хариу ирсэн нь миний амьдралдаа сонссон хамгийн сайхан мэдээ байсан. Ингээд л илүү их итгэл найдвар төрж, тоглолт хийхээр зориглоод байгаа. Гурван эмэгтэй дүү маань уран нугаралтаар хичээллэдэг. Тиймээс бид үүн дээрээ түшиглээд энэ сарын 22-нд хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байна. Өмнө нь хөдөө орон нутгаар тоглоод ирсэн. Энэ үед дүү нар маань жаахан ч гэсэн хэцүү байна, больё гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Бид аавынхаа төлөө ингэж л хичээцгээж байна.

Би үеийнхээ хүүхдүүд шиг их сургуульд элсээд мэргэжил эзэмшээд явмаар байдаг ч аавыгаа эдгээх л миний нэгдүгээр зорилго учраас харамсдаггүй. Яагаад гэвэл надад сурах, хөгжих цаг хугацаа хангалттай бий. Гэсэн ч би мөрөөдлөө хэзээ ч орхихгүй. Учир нь дүү нар маань надаас үлгэр жишээ авах ёстой шүү дээ. Иймд надад бууж өгөх эрх байхгүй. Хүүхэд байх үедээ аавыг өвдөж байна гэж үнэндээ мэддэггүй байсан. Ээж аавыг аваад 2-3 сар явж байгаад ирдэг тийм л байв. Сүүлд л аавыгаа ойлгож эхэлсэн. Би бараг л эмээгийндээ өссөн гэж хэлж болно. Энэ байдал ч нөлөөлсөн байх. Бид аавыгаа л эрүүл саруул болгоод хөл дээр нь босгохыг маш их хүсэж байна. Тиймээс та бүхнийг бидэнд туслаад, дүү нарын маань тоглолтын билетийг худалдаж аваад ирээд үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж бас гуймаар байна" гэсэн юм.

Хандивын данс: Хаан банк 5165291154 С.Түмэндэмбэрэл

Холбогдох утасны дугаар: 96150499

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2023-05-19 10:31

Амьдр�##�, хүүхдийг ч ухаантай болгох юм даа. Аав нь хөл дээрээ босож, энэ хэдэн хөөрхөн хүүхэд баяр хөөрөөр дүүрэн болоход нь бүгд чадахаараа тус�##�ъя. Сэтгэл хөдлөөд зүгээр ч уншиж чадсангүй ....

Зочин
Зочин
2023-05-19 22:50

Bajuud darga nariin 2 huuhdiin 32000#*2=64.000# bn shu de Tednii telberee teleegui gadaadaar zugaalsan2 huuhdiin surgaltiin zeel ene ailiig buten bolgoj jargaah n bn shu de tegheer hijneen ailiin jatgaliig hulgailsan bn ene bolosroliin zeeliin San busad sanguud bas Tednii huuhduud ger buluud shu de hulgaijuud ted

Зочин
Зочин
2023-05-20 16:15

урлаг соёлынхон олон дагагчтай хүмүүс туслаад 9 хүүхдийг аавыг босгоод ирээсэй ххандиьт нэгдэцгээе

Zochin
Zochin
2023-05-20 18:30

Хэлэх үг олдохгүй хоолой зангирч бн гэр бүлээрээ бүгдээрээ очиж үзнээ аав нь хань нь эрүүл болноо уншсан бүхэн очиж үзэж бага гэсэн хандив өргөе өө монголчуудаа.Мундаг ухаантай ханьд нь амьдр�##�д хатуужсан мундаг хүүхдүүдэд баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button