Ж.Бяцхандай: “Тэрбум мод” тариад байна уу, оршуулаад алаад байна уу. Хянах хэрэгтэй
"Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн, агрономич Ж.Бяцхандайтай уулзаж ярилцлаа. Тэрбээр 1977 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг дүүргэсэн. Агрономич мэргэжлээрээ 42 дахь жилдээ ажиллаж байна. Зөвхөн өөрөө үйлдвэрлэгч байх бус үйлдвэрлэгчдэд туслах, техникийн мэдлэгийг олгох , сургалт зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж ирсэн түүнтэй "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд модны асуудлыг хөндөн ярилцсан юм.
-Модыг тарих амар, ургуулахад хэцүү хэмээн ярьдаг. Хэр үнэний ортой үг вэ?
-Тарихад амар хэмээн тодорхойлоход хэцүү л дээ. Юутай ч нүх ухаад, модоо хийгээд, ургуулчихаж чаддаг шүү дээ. Ингэх үед л мод ургачихдаг мэт санадаг. Гэвч модны үндсэнд сорох үндэс гэж бий. Энэ нь хөгжил сайтай байх ёстой.
Хүмүүсийн хувьд өндөр мод тарих сонирхолтой байдаг. Хүлэмжид буюу хэт халуун газар ургуулсны улмаас сорох үндэс богино, цэцэглэсэн, хоёр метр өндөртэй гэх мэт стандарт бус модыг тарьж байна.
Тарихад амар хэмээн тодорхойлох гэж буй бол тухайн мод стандарт хангасан, үндэсний хөгжил нь үржил шимээ сорж чадах хэмжээнд урт байгаа, усыг сороход зориулагдсан байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.
Хоёрдугаарт, мод суулгасан нүхний тэжээлийг судлах хэрэгтэй. Тэжээл багатай хөрсөнд ургамлын ургалт суларна. Мөн хэт их бордсоноор хөрсний уусмалын концентрац ихэссэнээр тухайн ургамал тэжээлийн бодисоо сорж авч чадахгүй нөхцөл байдал үүснэ.
Ургамал хооллоно гэдэг нь хөрсөнд байгаа шим тэжээл, бордоо нь хөрсний усанд ууссаныг үндсээрээ сорох процесс юм. Тиймээс энэ бүх нөхцөлийг арчлах хэмээн тодорхойлдог. Суулгац тарихаас эхлээд ургуулах хүртэл зөв арчлах шаардлагатай юм.
-Мод тарьж байна гээд алаад байж болохгүй-
-"Тэрбум мод" аяныг та хэрхэн тодорхойлж, хүлээн авч байв?
-Миний хувьд уг аяныг дэмждэг, талархаж хүлээж авсан. Эх дэлхийгээ цөлжилт, элсний нүүдлээс хамгаалж байна. Мод тарина гэдэг нь ус тарьж байгаа гэсэн үг. Учир нь ургамал хөрснөөс усыг сорж авна. Навчаараа ус ууршуулж, эргэн тойрондоо чийглэг уур амьсгалыг бий болгодог. Ууршсан ус нь үүл болж эргээд бороо болон хөрсөнд шингэнэ. Хоёрдугаарт, хөрсний усыг дээшлүүлж өгөх нь ургамал ургах нөхцөлийг бий болгодог юм. Энэ чанараараа бол мод тарих нь зөв зүйл.
-Гэвч уг төсөлд алдаа дутагдал байгаа байх?
-Мэдээж хэрэг анхаарах ёстой зүйл бий. Тарихдаа зөв тарьж, арчилгаандаа анхаарсан, суулгацаа 50-60 см-ын гүнд суулгах, агрономийн хэлээр хөрсний хээрийн чийг нь 60 хувьтай байж чадаж буй эсэхэд анхаарах нь зүй.
60 хувийн чийг гэдэг нь хөрсийг атгаад үзэхэд хэлбэржиж, нэг метрийн өндрөөс унагахад цацарч байх хэмжээг хэлдэг юм.
Тарьсныхаа дараа хаячихдаг том дутагдал бий. Анхны багш н.Ёндон маань "Та нар мод тарьж байна гээд битгий оршуулж, алаад бай" хэмээн захидаг байлаа. Энэ бол мэргэжилдээ хайртай, мэдлэгтэй хүний үг.
Тэгэхээр одоо тарьж буй моднуудыг оршуулаад алаад байна уу гэдэгт хяналт тавих ёстой гэж мэргэжлийн хүний хувьд дүгнэдэг.
-Тарих модныхоо суулгацыг худалдан авснаас мод үржүүлгийн газартай болох нь хэд дахин хямд зардалтай-
-Та маш чухал зүйлийг дурдлаа. Хяналт тавьдаг хүн байх хэрэгтэй гэж. Танай салбарын хүний нөөц нь өөрөө хомсдолтой байгаа болохоор хяналт тавьж чадахгүй байна уу?
-Хүний нөөцийн хомсдол гарцаагүй бий. Энэ салбарын мэргэжлээр сураад, төгсөөд амьдралд гарч ирж буй хүний ажиллах орчинд анхаарах хэрэгтэй.
Жишээлбэл, би 45 жилийн өмнө мэргэжилтэн болж очихдоо үйлдвэрлэл санхүүгийнхээ төлөвлөгөөг хийж, жилийн төлөвлөгөөгөө өгснөөр Нэгдэл сангийн аж ахуй цалинжуулдаг байв. Мэргэжилтэн ажилтнаа мэдэж хийдэг байлаа.
Харин өнөөдөр мэргэжилтэнг очих үед ногоочин шиг ажиллуулж байна. Хүмүүс халширч байна шүү дээ. Тухайн салбараа авч явах бодлогыг төлөвлөж чадахгүй байна. Улмаар мэргэжилтний ажлаа хийж чадахгүй байгаа юм.
Хоёрт, хөдөө аж ахуйн салбарын мэргэжил хүнд төрлийнх. Бид үндсэнд тэжээл, ус байгаа эсэхиийг судалдаг нарийн мэргэжил эзэмшдэг. Үүнд хүний нөөцийн чадавхажсан мэргэжилтэн бэлтгэх, тэднийг дахин чадавхжуулах, эсвэл ажилтан бэлтгээд цалинжуулдаг байх хэрэгтэй. Хэрэв тухайн ажилтан эхний жилээ 10 мянган мод тарьсан бол амьд модных нь үнийн 50, хоёр дахь жилд нь 30, гурав дахь жилд нь 100 хувийг нь олгодог байх боломжтой. Цаашлаад жижиг дунд бизнес болгож, мод суулгац бэлдэх зэргээр хөгжүүлэн явах боломжтой юм.
Сүүлийн үед агро-ой хэмээн их ярих боллоо. Ойн зурвас хэлбэрээр мод тариулсны дараагаар дотор нь ногоо тарьдаг систем рүү орох боломжтой. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Ингэсэн цагт хүний нөөцөө бий болгох боломжтой. Мөн амьд модны тоо ч нэмэгдэнэ. Урамшууллын хэлбэрийг ашиглана гэсэн үг юм.
-Мэргэжилтэн дутмаг байгаагаас гадна орон нутагт мод үржүүлэг бий болгоно гэдэг ч бодит байдалд хэрэгжиж чадахгүй байх шиг. Та орон нутгаар явахдаа хэр ажив?
-Би хөдөө, орон нутгаар сүүлийн өдрүүдэд зөвлөхөөр ажиллаж байна. Аймаг бүр 20, 30 сая мод тарина хэмээн төлөвлөжээ. Уг 30 сая модны суулгацыг худалдаж авахад одоогийн ханшаар тооцоолбол 375 тэрбум төгрөгийг зарцуулах юм билээ. Ажиллах хүчний зардал, усны асуудал, систем, цахилгаан тог хэмээн нэмэлт зардлаа тооцоолбол уг зардал нэмэгдэнэ.
Таван га талбайд мод үржүүлгийн газар ажиллуулж, найман гэр бүлийг ажиллуулах, хоёр худаг гаргаад, 850 эх ургамал тарьж, услалтын систем, цахилгааныг нь татаж өгөөд, тэдний цалинг нэмж тооцоолбол 1.3 тэрбум төгрөгийг зарцуулах боломжтой тооцоолол бий.
Тэгэхээр бид 375 тэрбум төгрөгөөр суулгац худалдан авч олонхыг нь оршуулсан нь дээр үү, эсвэл мод үржүүлгийн талбайг тухайн орон нутагт нутагшсан суулгацыг нь тарих боломжтой газрыг бий болгож, дөрөв дэх жилээс нь орон нутгуудын тарих модыг үнэгүй гаргах боломж бүрдэх юм. Мод ургуулах хэчнээн хүн ажлын байртай болох билээ. Үүнд ч мэргэжлийн хүмүүсийн тооцоо шаардлагатай.
-Нэг жилийн цэргүүд нь айлд ирээд буцах зочид шиг тул мэргэшсэн хэмээн тодорхойлж болохгүй-
-Мэргэжилтэн бэлтгэх хийгээд мод үржүүлгийн асуудлыг цэргийн ангиудад түшиглэж байсан шүү дээ?
-Цэргээс халагдаж буй залуучууд мэргэшээд халагдаж байна хэмээн ярьсан. Цэргийн алба хаах хугацаа нэг жил. Хавар татагдсан цэргүүд мод тариад, услаад дараа жил нь халагдана. Намрынх нь цэргүүд бага зэргийн арчилгаа хийдэг. Яаж тарьж, арчилдаг, хэрхэн үржүүлдэг, 3-4 жилийн дараа талбайд суулгах ёстой гэх тэр бүх процессыг сурдаггүй.
Нүх ухаж, мод суулгаж, услаад, хааяа нэг зэрлэг зулгаадаг байдлаар мэргэжилтэн болж байгаа хэмээн дүгнэж болохгүй. Мод үржүүлгийн газрын цэргүүд бол айлд ирээд ажилд нь хэсэг хугацаанд тусалж байгаад явж буй зочид шиг. Тиймээс мэргэжилтэн хэмээн дүгнэхэд хангалтгүй гэсэн үг.
Түүний оронд орон нутгийн иргэдэд түшиглэсэн мод үржүүлгийн талбай байгуулж, тухайн газарт удирдаж, чиглүүлж явах хүний зардлыг дааж, мэргэжилтэн бэлтгэснээр бодит хүний нөөцийн өсөлтийг бий болгож чадна.
-Бүс бүсээс хамаарч өөр өөр төрлийн онцлог моддыг тарьдаг. Төслийн хүрээнд ч тэр, орон нутгуудын хувьд ч мэргэжилтний заавар доор мод тарих магадлал нь хэр байгаа бол?
-Эрдэмтдийн судалгааны баг уг асуудалд анхаарч ажиллаж байгаа. Тиймээс тэдний зүгээс зөвлөгөөгөө сайн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч говийн хөрсөн дээрээ 50-60, агаартаа 30-40 хэмийн халуунтай байдаг нөхцөлд ямар мод тарих, хангайд хэрхэх гэх мэтэд нарийвчлан эрдэмтэд зөвлөдөг.
Миний хувьд хангайд агро-ойд зөвлөхөөр ажиллаж байна. Төслийн багтаа бүх мод тарих талаар хэлсэн юм. Ойн бүх модыг тарих бөгөөд үүнд говьд тарих мод ч багтана. Хэдийгээр онолын хувьд зөвлөдөг ч хүмүүст практикаар нүдээр үзүүлж, гараар бариулах хэрэгтэй. Мөнгөлөг жигд, сухай бол хангай газарт ургахад хүндрэлтэй. Гэтэл шилмүүст мод говьд ургахгүй. Учир нь агаарын чийгшлээс болдог юм.
Ямартай ч орон нутагт хэдэн мянган жилийн турш дасан зохицсон моднуудыг тухайн газарт үржүүлж, тарих нь чухал.
-Залуу байсан бол хурдан ургадаг мод асуусан хүмүүсийг загинах байлаа-
-Хүмүүс өнөөдөр мод тарьсан даруйдаа хурдан ургаасай хэмээдэг. Зарим хүмүүс хурдан ургах модыг ч эрдэг. Ийм хүлээлт хэр оновчтой вэ?
-Шууд ургах мод бол бортоготой мод юм. Үндэс орчмыг гэмтээхгүйгээр суулгадаг. Харин талбайгаас суулгаж буй суулгац нь анхны жилдээ өсөлт өгсөн цагт цаашид сайн ургах нь тодорхой болдог. Арчилгаа сайн хийвэл хоёр, гурав дахь жилээсээ өндөр ургадаг юм.
Хүмүүс түргэн ургах модыг их асуудаг. Үүнд арчилгаа шаардлагатай. Хэрэв шилмүүст мод биш л бол шүү дээ. Шилмүүст моднууд эхний таван жилдээ бага багаар өсөж, зургаа дахь жилээсээ жилд 50-60 см өсдөг юм. Арчилгаа багатай, түргэн ургадаг модыг асуудаг хүмүүсийг залуу байсан бол загинах сан. Одоо бол өөрөө л ядрах тул хүмүүст зөвөөр ойлгуулахыг зорьдог.
-Хотын гудамжинд тарих модыг уулнаас авч ирэх нь хэр зөв зүйл вэ?
-Уулнаас мод авч ирж суулгах нь зөв. Нэгдүгээрт, хэдэн настай модыг, хаанаас авч байгаа нь чухал. Ойн сийрүүлэлт хийхгүйгээр мод ургах боломжгүй. Манай улсад гэрэл дутахгүй гэж ярьдаг шүү дээ. Гэвч хоорондоо стандарт бус зайтай мод тарьснаар хэт шигүү байдал үүсэж, ургамалд гэрэл тусахгүйн улмаас турьхан, нарийхан мод ургах эрсдэлтэй. Тиймээс ойн цэвэрлэгээ хийх маягаар авч ирж тарих хэрэгтэй. Сийрүүлэлт хийж мод авч байгаа бол тухайн газарт мод тарих шаардлагагүй.
Хоёрдугаарт, үндсийг нь хөндөхгүй байх нь чухал. Ярилцлагын эхэнд дурдсан сорох үндсийг гэмтээж болохгүй. Бидний амыг таглачихаад хоол ид хэмээж болохгүй шүү дээ. Сорох үндэс бол ургамлын ам. Тиймээс үүнийг тасдаж болохгүй.
Гуравдугаарт, зөв зөөвөрлөх хэрэгтэй. Сорох үндэс бол хялгасан үндэс. Үүнийг хатаахгүйгээр зөв суулгаж, нягтруулаад, сайн услахад хангалттай. Тиймээс тендер авсан байгууллагууд ойн захаас мод аваад хотод суулгахдаа дээрхийг анхаарахгүйн улмаас мод үхээд байгаа хэрэг.
Сүүлийн үеийн сайн жишээг дурдах нь зүй ёсных. Хэдэн жилийн өмнө манай хотын зүлгийг арчилдаггүй, модыг хэлбэржүүлдэггүй байлаа. Одоо бол холбогдох байгууллагууд нь төлбөр мөнгийг нь өгөөд мэргэжилтнүүдийг ажиллуулснаар хотын моддын ургалт сайн, өнгө үзэмжтэй байгаа. Зөв голдрилоороо явж байна. Цаашдаа хүмүүс экологийн боловсролоо нэмж, ирээдүй үеийинхэн ч энэ салбарт орж ирэх болов уу гэх хүлээлттэй байна. Эцэг эхчүүд ч хүүхдүүддээ байгалиа хамгаалах, хайрлах, ургуулахад үлгэр дууриалал болоосой.
-Мод тарих нь зөв хэдий ч хортноос хамгаалахыг ч орхигдуулах шиг?
-Ойд өвчин, хортноос хамгаалах нь чухал зүйл. Тэрбум мод тарьж буй хэдий ч зэрэгцээд уулын мод ихээр үхэж байна. Шалтгаан нь өвчин хортон хийгээд түймэрт өртөж байгаа юм. Бид үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тарьж байгаа, амьд бүхнийгээ хамгаалах нь чухал.
-Ярилцлагын төгсгөлд одоо тарьж буй моднуудын амьдынх нь тоог нэмэхийн тулд юунд анхаарах шаардлагатай талаар зөвлөөч?
-Бүс бүсдээ тохирсон технологийг мөрдүүлэх хэрэгтэй. Технологи мөрдүүлнэ гэдэг нь эзэнтэй ургуул гэсэн үг. Тариад бүү хая. Цаашид хэрхэх бодлогоо мод тарьж буй байгууллага бүр тодорхойлсон байх хэрэгтэй. Тарьсан бүх мод ургахгүй. 10-30 хувийн эрсдэл байгаа. Гэсэн хэдий ч эрсдэл бүрээсээ цаашид хэрхэн модоо ургуулах бодлогоо боловсруулж, сайжруулж, анхаарах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм туршлагатай мэргэжилтэн хүмүүсийн үгийг сонссон нь зүгээр болов уу. Эдгээр хүмүүс олон жилийн практик, туршлага хуримтлуулсан шүү дээ.
Бяцхандаа гуай шиг мэргэшсэн хүмүүс мод, ногоо, зүлэг,цэцэг жимс гээдл ургадаг бүгдэд ан�##�из хийж туршлагажсан хүмүүс тул мэргэжилтнүүдээ үнэлж зөвлөгөө авч ажиллаасай гэж хүсдэг юм. танд эрүүл энх амжилтыг хүсэе.
Зөв хүнтэй ярилцжээ.Ийм л мэдлэг туршлагатай ,хүмүүсээс туршлага суд�##�ж тарив�##� хоргодол багатай урамтай байх бус уу