НийгмийнСПОРТ

Багийн спорт Монголд хөгжих боломжтойг дэлхийд мэдрүүлсэн дасгалжуулагч

Монголчууд бид багийн спортын төрлөөр олимпод оролцох бүү хэл ДАШТ-д хүч сорих нь мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Одоогоос гуравхан жилийн өмнө хэн нэгэн “Манай сагсан бөмбөгчид Азийн АШТ-д түрүүлнэ, олимпын эрх авна” гэж хэлвэл хүмүүс хэрхэн хүлээж авах байсан бол. За, баримжаатайхан бурна шүү гээд дооглох байсан болов уу. Тэгвэл тэр бүхэн одоо мөрөөдөл биш болсон.

Монголын сагсан бөмбөгчид 3х3 төрлөөр дэлхийд чансаагаараа эхний тавд багтан, олимп, ДАШТ-ээс бусад томоохон тэмцээнээс медаль хүртсэн нь үүний илрэл. Түүгээр ч үл барам нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй дэлхийн гран прид болон Азийн АШТ-д түрүүлж, эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020”-д өрсөлдөх эрх авсан нь яах аргагүй түүхэн амжилт. Хэрвээ Япончууд зохион байгуулагч орны давуу эрх эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулаагүй бол монгол эрчүүд чансаагаараа олимпын эрх өвөртлөх байв. Дэлхийд чансаагаараа дөрөвт эрэмбэлэгдэн Токиогийн олимпод өрсөлдөх болзол хангачихсан байсан юм, уг нь.

Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт ингэж өндөр хөгжин, манай тамирчдын амжилт, ур чадвар дэлхийн хэмжээнд хүрнэ чинээ таамагласан хүн хэд байгаа бол. Манай тамирчид Азийн АШТ, хэр баргийн олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэхийг спортын хорхойтнууд одоо төдийлөн тоохоо больж. Төрийн дууллаа эгшиглүүлэхийг л тамирчдаасаа хүсэн, олимп, ДАШТ-ээс медаль хүртээсэй хэмээн дээлийнх нь захыг мушгин хүлээсээр.

Энэ бүхэнд дасгалжуулагч Сүхбаатарын Тулгын хөдөлмөр, хичээл зүтгэл асар их. Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд монголчууд дэлхийд өнгөлж, олимп, ДАШТ-ээс медаль хүртэх хэмжээнд хүрэхэд түүний оруулсан гавьяа, орон зай үлэмж.

Хүн аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж, түүнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр уйгагүй зүтгэж чадвал хэзээ нэгэн өдөр үр шимийг нь заавал хүртдэгийг С.Тулга олон хүнд үлгэрлэж явна.

Түүнийг сагсан бөмбөгийн дасгалжуулагч төдийхнөөр өнгөц дүгнэж болохгүй. Монголд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө нойр, хоолоо умартан зүтгэж яваа спортын зүтгэлтнүүдийн нэг нь тэр яах аргагүй мөн.

-САГСАН БӨМБӨГИЙН СПОРТОД ИНГЭЖ ХӨЛ ТАВЬСАН

Улаанбаатар хотод 1981 онд төрсөн тэрбээр багаасаа сагсан бөмбөгийн спортод хорхойсон, дасгалжуулагч Дэмбэрэлийн удирдлагад эл спортын А үсгээ заалгажээ.

УАШТ-ий өсвөр үеийн ангилалд 1998, залуучуудынхад 2002 онд түрүүлж, МУИС-ийн шигшээ багт тоглож явсан удаатай. Тэгж явсаар лигийн аварга болох зорилгоо “Лидер” багийнхныхаа хамт 2005 онд биелүүлжээ.

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ЭХЛЭЛ НЬ “TLG-13” БАЙЛАА

Монголын бүх томоохон тэмцээнд түрүүлсэн түүний мөрөөдөл нь эх орондоо сагсан бөмбөгийн спортыг улам хөгжүүлэх, дэлхийн хэмжээнд хүргэх, олимп, ДАШТ-д шавь нараа оролцуулах байв. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхийн тулд залуудаа зодог тайлж, “TLG-13” төрийн бус байгууллагыг 2004 онд байгуулж, шавь нараа багаас нь бэлтгэжээ. Тухайн үед Монголын сагсан бөмбөгийн спорт нэлээд уналтад орчихсон, олонх шилдэг тамирчид спортоосоо хөндийрчихсөн байсан хүнд үе л дээ. Тийм үед “Спрайт” лигийг зохион байгуулсан нь Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг нэг бус нэжгээд алхмаар урагшлуулсан гэж спортын хүрээнийхэн дүгнэдэг юм билээ.

-МҮСБХ-НЫ ГЕНСЕК, СПОРТЫН МЯТРАШГҮЙ ЗҮТГЭЛТЭН-

Тийнхүү тамирчдаа бэлтгэн, тэмцээн хийж явсаар 2013 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулсан нь манай сагсан бөмбөгийн спортын хөгжилд ташуур өгсөн юм. Үндэсний супер лигийг зохион байгуулж эхлэн, гадаадаас легионер тамирчдыг олноор тоглуулах болсон нь манай тамирчдын амжилт, ур чадвар ахихад их нөлөөлсөн. МҮБСХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахын зэрэгцээ тамирчдаа дасгалжуулан, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэсээр байлаа.

Монголын сагсан бөмбөг хоёр холбоотой, хэзээнээс түнжин муутайг уншигчид сайн мэднэ. Хоёр холбоон дундах хагарал, заналхийллийн улмаас гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бодолцон гадаадад түр амьдруулсан удаа ч түүнд бий. Тэглээ гээд С.Тулгын зориг мохоогүй, арагш ухраагүй. Харин ч улам урагшаа зүтгэсээр эх орондоо үндэсний супер лигээс гадна 21 аймгийн үндэсний лигийг зохион байгуулж байна.

-ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БАГАА ГУРАВХАН ЖИЛИЙН ДОТОР ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДИЙН НЭГ БОЛГОВ

С.Тулга мөрөөдлөө биелүүлэх шинэ гарц олсон нь сагсан бөмбөгийн 3×3 төрлийг эх орондоо хөгжүүлэх байлаа. 2017 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөл Токиогийн олимпын хөтөлбөрт албан ёсоор багтсан нь Монголын тамирчдад томоохон боломж олгосон юм. Одоогоос дөрвөн жилийн өмнөөс энэ төрлөөр хичээллэж эхэлсэн манай тамирчид мэргэжлийн дэвжээнд гуравхан жил өрсөлдөөд өдгөө чансаагаараа эмэгтэйчүүд дэлхийд гурав, эрчүүд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь гадаадынхны анхаарлыг их татдаг юм билээ. Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд л гэхэд ДАШТ-д өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарч, Азийн АШТ-ий аваргын төлөө гурван удаа тоглон, дэлхийн гран прид түрүүлсэн Азийн анхны баг болсон нь яах аргагүй түүхэн амжилт. Үүний сацуу Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпын эрх авах хүртлээ ямар амжилт гаргаж, дэлхийд мөрөө тод үлдээж явааг нь манай уншигчид сайн мэднэ.

Энэ жил Монголд анх удаа болсон 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-д Ц.Шаравцамц гавьяатын хүү Энхийн-Од тэргүүтэй шилдгүүд монгол түмнээ хэрхэн огшоолоо доо. Манай сагсан бөмбөгчид 3×3 төрлийн өсвөр үе, залуучууд, оюутны Азийн АШТ, ДАШТ-д торолгүй түрүүлдэг, медаль хүртдэг болсон нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны үйл ажилллагаа, С.Тулга дасгалжуулагчийн ур чадвартай салшгүй холбоотой. Өдгөө Монгол Улс сагсан бөмбөгийн 3×3 төрлийн насанд хүрэгчдийн, оюутны, залуучуудын, өсвөр үеийн, 18 хүртэлх насны гээд олон шигшээ багтай болсон нь түүний уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Үүнд “М-Cи-Эс Кока-Кола” ХХК, “Энержи ресурс” компанийн дэмжлэг асар их.

Монголд сагсан бөмбөгийн 3×3 төрөлд яаж ингэж богино хугацаанд, өндөр хэмжээнд хөгжив гэж олон хүн гайхдаг. Тэгвэл С.Тулга шиг олон залуус МҮСБХ, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоонд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нь үүнд ихэд нөлөөлдөг нь мэдээж. Одоо “Токио-2020”-иос өмнө С.Тулгад нэг даваа үлдсэн нь эрэгтэй багаа олимпын эрх авахуулах. Тэгвэл ч ёстой манай сагсан бөмбөгчид төдийгүй монгол түмэн башийгаад явчих нь тэр. Тэгээд Токиогийн олимпод эрэгтэй, эмэгтэй багаа дэмжин, дээлийнх нь захыг мушгиад суувал мөн ч сайхан аа. Манай хоёр багийн алинд ч олимпод түрүүлэх, медаль хүртэх боломж бүрэн байгааг гаргаад буй амжилтаас нь бэлхнээ харж болно.

-С.ТУЛГАД ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛ ОЛГОЁ-

Монголын сагсан бөмбөгийн спортод оруулсан С.Тулгын хувь нэмэр, шавь нарынх нь амжилтын талаар бичвэл цаг, цаас нэлээд орно. Анхны дототгол бүхий олон амжилтыг нь дээр дурьдсан. Өдгөө дэлхийд алдаршиж яваа Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Цэрэнбаатар тэргүүтэй олон шилдэг түүний унаган шавь.

Аливаа зүйлд анхдагч байх сайхан. Ялангуяа спортын ертөнцөд бүр ч илүү. Спортын хүрээнийхэн төдийгүй монгол түмэн түүнийг Гавьяат дасгалжуулагч болгоё гэдэгт санал нийлдэг нь үндэслэлтэйг гаргаад буй амжилтаас нь бэлхнээ харж болно. Бүх насны ангилалд ДАШТ-д оролцон, олимпын эрх авч, дэлхийн гран при тэмцээнд түрүүлж, эрэгтэй, эмэгтэй багаа дэлхийн хэмжээнд хүргэлээ, үүнээс илүү яах вэ дээ. Аливаа шагнал урамшуулал, халуун амьсгаан дээрээ л улам үнэ цэнэтэй, утга учиртай. Хожим хойно “Тэгсэн бол, ингэсэн бол” гэж хэчнээн яриад, яаж ч шагнаад нэмэргүй. Түүнийг Монголд сагсан бөмбөгийн 3×3 төрлийг хөгжүүлж, тамирчдаа бэлтгэхээс өмнө монголчууд ДАШТ-д оролцох, Азийн АШТ-д түрүүлэх, олимпын эрх авах биелшгүй мөрөөдөл мэт байсан гэхэд хилсдэхгүй. Бидэнд боломж байгааг, тордоод өгвөл олимп, ДАШТ-ээс медаль хүртэн, олон жил тасархай байж чадахыг С.Тулгын шавь нарын амжилт харуулсаар. Монголчууд багийн спортоор амжилт гаргах хэмжээнд хүрээгүй, дэлхийн шилдгүүдээс дутуу гэх гутранги үзэлтэй зарим хүний бодлыг тэрбээр өөрчилж чадсан. Түүхэн амжилт байгуулснаас дутахааргүй түүний бүтээсэн гавьяа бол энэ. Төр засаг маань тамирчид, дасгалжуулагчдынхаа амжилтыг шударгаар үнэлж, урамшуулбал тэд эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргахын төлөө улам хичээнэ шүү дээ.

Ийм нэгэн залуу эх орондоо сагсан бөмбөгийн спортыг улам хөгжүүлэх, олимп, дэлхийн медальтан төрүүлэхийн төлөө 15 дахь жилдээ зүтгэж явна.

Б.БУЯНДАЛАЙ

.

Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Za gants unen yum bichie. Ene huniig udii zeregtei yavuulsan hun ni Sharavjamts gaviyat. Amerik ulsaas 2004 ond irenguut ni gert ni amidarch, sprite ligiig ni zohion baiguulahad ni anhnii sanaag ugsun. Mun MNBA-g baiguulahad Sharavjamts hamt baisan. Ene hunii achaar Tulga olond tanigdaj ehelsen. Buhii l sanaag Sharavjamtsaas gardag baisniig ter ueiin sagschid medej baina. Uuruu ch gesen yariltsganadaa EnhiinOdiig baga baihad hamt amidarch baisan gesen baisan. Ene hund Sharavjamts ahiig muulah erh ch baihgui. Yu ch ugui hen ch bish baihad ni Sharavjamts ahaas uur tuslah hun baihgui baisniig sagschid bid medne. Harin odoo olon hureelegchtei bolson. Mongol Hun idsen togoo ruugaa nulimdaggui.

    1. Za Sharvaa harin naad hunii buyand chin darga bolchood odoo yu hiij bna. Yaaj sharavaa dandaa hunii hiisen ajil deer garj urdeg hogin demii gonzgoi. Sagsan bombogt Shavariin haalt bolj bgaa.

    2. Za Sharvaa harin naad hunii buyand chin darga bolchood odoo yu hiij bna. Yaaj sharavaa dandaa hunii hiisen ajil deer garj urdeg hogin demii gonzgoi. Sagsan bombogt Shavariin haalt bolj bgaa.

  2. Соц- ийн үед боловсон хүчний бодлого гэж мундаг юм байлаа. Тухайн мэргэжил албан тушаалд эзнийг нь олж тавих ухаан. Одооных шиг жалга дов, танил тал, арван цаас харж ажил нураадаг байгаагүй юм. Эзнээ олж тавибал ийм л амжилт хүлээж байдаг, эх орон хөгжиж байдаг.

    1. Ажил нураасан хүн гэвэл өмнөх БТСГ-ын дарга нар байх. Өрөнд оруулж өтөнд бариулсан хүмүүс дэ. Жижиг Наранбаатар, Жаргалсайхан муу новшнууд. Харин ч Шаравжамц даргын хувьд өрнөөс салж ажил ч урагштай явж,бүх төрлийн холбоодууд ам сайтай байна. Та нар муулж бичсэн ч бид нар спортынхон яаж ажиллаж байгааг нь мэдэж байгаа болохоор.

  3. Шараваа харин ч энэ хүнийг ашиглаж улс төр энэ тэр гэж дарга болсон. Тулга гэдэг хүнийг муулж Одоо спортын дарга болсон. Олигтой хүүхдийн секц ажилуулж үзээгүй байж спортын дарга болж, сагсан бөмбөгөө хааж боож байдаг арчаагүй дэмий гонзгой. Одоо сагмчид олимпийн эрх авлаа. Яаж ичихгүй дарга хийж чаддаг нохой вэ?

    1. Хэн коммент бичиж байгааг төвөггүй олж мэдэж байна. Та нарын бэлдсэн хүүхдүүд SCF багийн хүүхдүүдийг нь хожиж чаддаггүй. Дандаа хожигддог байж. Гахгах. Бас олон юм бичээд яахав. Шараваа ахад атаархаж үхлээ муусайн юмнууд. Энхийн-Одтой ядаж ойролцоо тоглох хүүхэд бэлд за.

  4. Шаварын хаалт. Дэмий гонзгой Шараваа худалаа чрихаас өар юм байхгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close