Сурвалжилга: "Ц.Батчулуун багш байхгүйд гуниглаж л байна. Гэхдээ монголчууд том ололтдоо дүн тавилаа"

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. 2005 оноос эхлэн энэ өдөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнаж ирсэн билээ.
Тэгвэл энэ оны “Чингис хаан” одонг урт хугацаанд соёлын биет өвийг түгээн дэлгэрүүлж яваа "Морин хуурын чуулга"-ын хамт олонд хүртээж буй.
Тиймээс "Морин хуурын чуулга"-ын хамт олны баярын сэтгэгдлийг хуваалцахаар тус чуулгын ерөнхий удирдаач МУУГЗ Д.Түвшинсайхан, Улсын филармонийн уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр, Морин хуурын чуулгын виолончель хөгжимчин Д.Адъяабазар нартай ярилцлаа.
Морин хуурын чуулгын бүрэлдэхүүнд үндэсний уламжлалт морин хуур, ёочин, ятга, их хуур хөгжим, өрнийн сонгодог төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор хөгжмийн зэмсгүүд багтдаг.
Чуулгын бүрэлдэхүүнд “Чөлүгэн” морин хуурын дөрвөл, “Хулан” хамтлаг, Ятгын дөрвөл, “Арга билэг” этно жазз хамтлагууд өөр өөрийн өнгө аясыг илэрхийлэн бүтээлээ туурвиж байна.
Морин хуурын чуулга мэргэжлийн дээд боловсролтой /бакалавр, магистр/ 33 уран бүтээлчээс бүрддэг бөгөөд тэдний нэлээд нь олон улсын болон Монгол улсад зохиогддог мэргэжлийн хөгжимчдийн уралдаануудад амжилттай оролцож шагнал хүртсэн туршлагатай хөгжимчид.
-Ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан: Монголчууд өөрсдийнхөө үүх түүх, соёл, оюун сэтгэлгээнийхээ том ололтдоо өнөөдөр дүн тавьж байна гэж харж байна-

-Үндэсний Морин хуурын чуулга Чингис хаан одонгоор шагнагдах боллоо. Энэ мэдээг та бүхэн яаж хүлээж авсан бэ, сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Ер нь бол шагнал урамшуулал аливаа зүйл дээр хүлээлт байгаагүй. Үндэсний урлагт бие сэтгэлээ зориулна гэдэг эх орноо хамгаалж буй цэрэг эрстэй л адил. Бид хийх ёстой зүйлээ л хийж яваа. Тиймээс энэ одонгоор шагнагдана гэж огт бодоогүй.
Яах вэ, Чингис хаан одонг хувь хүмүүст өгдөг л гэсэн ерөнхий ойлголт байсан. Шагнагдах болсноо сонсоод төр үндэсний хэлбэр лүүгээ ингэж хүндтэй хандаж байгаад маш их баярласан. Тухайлаад ингэж нарийн мэргэжлийн найрал хөгжим рүү хандсан тохиолдол ер нь байгаагүй. Тиймээс маш их баярласан бас маш их гунигласан.
-Яагаад гунигласан гэж?
-Олон уран бүтээлчийг багаас нь аавын дайтай аав шиг нь байж өдий зэрэгт хүргэсэн морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч, МУАЖ, сурган хүмүүжүүлэгч, удирдаач, алдарт хуурч Цэндийн Батчулуун багш маань заавал цуг байх ёстой ч бидний дунд байхгүйд нь их гуниглаж байна.
Байхгүйд нь буруутгаад гомдоод ч байгаа юм шиг л. Заримдаа би зурагтай нь ярина. Багшийнхаа зургийг харахаар дэргэд байгаа ч юм шиг санагдаад л. Хэдийгээр би тайзан дээр хамт олонтойгоо гараад байхгүй ч хуурчаар олон жил багшийгаа дагаж явсан учраас багш маань байх ёстой гэсэн бодол одоо хүртэл толгойноос салдаггүй.
Японы гадаад хэргийн яамны шагнал авч байхад ч, өнгөрсөн жил гадаадын олон том театрт тоглож байхад ч багшийгаа л бодож байсан. Чингис хаан одонгоор шагнагдах болсноо сонсоод хоёр хонож байна. Энэ хоёр хоногт нэг л тогтож өгөхгүй, сонин л байна. Хоёр туйлын юм нийлэхээрээ ингэдэг юм уу мэдэхгүй. Г.Жамъян багш, Ц.Батчулуун багш, Н.Жанцанноров гэх энэ гайхалтай гурван хүн бол асар холыг харж, том зүйлийг зорьсон юм байна.
Зүгээр нэг олон морин хуурчтай найрал хөгжим эгшиглээд, түүнд нь бахархаад байж байна гэхээс илүү монголчуудыг дэлхий дахинаа үндэсний дархлаа, бахархах зүйлтэй, би хэн билээ гэдгээ таних сэрэх боломжийг байнга дэргэд нь байлгахаар бэлдэж өгсөн хүмүүс юм.
Урлагиийн хүмүүсийг зүгээр нэг хүн зугаацуулах л үүрэгтэй юм шиг санадаг ч үүний цаана асар их хариуцлага явдаг. Хөгжим бүтээх, хөгжимдөх, удирдах, урлагийн хүний гэр бүл байна гэдэг нь хүртэл олон зүйл шаардсан маш хүнд шалгуур. Бидэнд үндэстнээ тодорхой өндөрт өргөж явах асар том үүрэг байдаг.

-Энэ хүндэт шагналыг та бүхэнд өгч буйг юу гэж ойлгож, харж байна вэ?
-Монголчууд өөрсдийнхөө үүх түүх, соёл, оюун сэтгэлгээнийхээ том ололтдоо өнөөдөр дүн тавьж байна гэж харж байна. Үндэстнийг үндэстэн байлгахад юу хэрэгтэйг өнөөдөр сэрж мэдэрч байна л гэсэн үг.
Өвгөддөө талархал илэрхийлж байгааг л Морин хуурын чуулга өнөөдөр гардаж авч байна. Бидний цаашдын зорилго бол ойлгомжтой. Төдийгөөс өдийг хүртэл өвгөдийн тээж, өвлүүлж ирсэн зүйлийг сайн, сайхан байлгахад л бид ямар нэг байдлаар өөртөө золио хийхэд хэзээ ч бэлэн байна.
Золио хийнэ гэдэг нь үүнийхээ төлөө тууштай байх. Цалин мөнгө, өөр зүйл хараад хаяад явчих зүйл одоо нэгэнтээ биш боллоо гэж ойлгож байгаа. Бүх юм амар амгалан, сайн сайхан болохын цондон юм болов уу. Монголчууд оюун бодол, ухамсрын хувьд арай өөр тийшээгээ харж байна гэж ойлгож байна. Морин хуурын чуулга 31 дэх жилийн шинэ мөчлөг дээрээ төрийн энэ хүндэтгэлийг хүртэж байгаа нь ирээдүйн 30 жилд үүнээс илүү сайжрах ёстойг сануулж, тодорхойлж байна.
Улс маань бидэнд найдаж, маш том итгэл, хариуцлага хүлээлгэж байна гэж ойлгож байна. Тиймээс энэ шагналыг бид гардаж авч байгаа ч монголын ард түмэн өв уламжлал, ахуй амьдралдаа морин хуурыг төв байхыг хүлээн зөвшөөрч буй ойлголт гэж харж байна.
-Таны хувьд бахархал, тэр дундаа монгол бахархал гэж юу вэ?
-Монгол монголоороо байх нь л хамгийн чухал зүйл. Би өөрөө хөгжимчин байсан хүн. Морин хуурын чуулгыг анх байгуулагдахад л, хүүхэд байхаасаа л эхлээд багшийнхаа дэргэд явсан азтай, хувь заяатай хүн.
Морин хуурын чуулгаараа үнэхээр бахархдаг. Удирдаачийн хувьд хамгийн яруу тансаг, төв цэг дээр зогсоод удирдаж байгаа мэт боловч цаанаа хамгийн азтай сонсогч нь байдаг. Мэдээж хүнд ижий аав, үр хүүхэд, хань ижил гээд олон бахархал бий. Морин хуур хөгжмийн хийцлэлийг харахад л асар том утга санаа агуулсан байдаг. Луу тэнгэрийн амьтан. Гэтэл хүнд тэнгэрийн амьтнаас илүү, далдын хүчтэй гэсэн утгаар лууны толгойн дээр морины толгой байдаг. Хоёр чавхдас нь бол тэнгэр, газрыг холбосон зам гэж Г.Мэнд-Ооёо гуай “Морин хуурын судар” бүтээлдээ бичсэн байдаг.
Царнаас гарах дуу, аялгуу нь хүртэл хаяж гээж, алдаж боломгүй сайхан зүйл. Тэгэхээр монгол хүн болж төрсөн минь нэг бахархал. Хэцүү ч гэсэн энэ заяан дээр өнөөдөр ингээд байж байгаа минь бас нэг бахархал. Монгол улс Морин хуурын чуулгатай байгаа нь хамгийн том бахархал.
-Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамгийн ахмад болоод залуу нь хэдэн настай хүмүүс байна вэ. Цаашдын боловсон хүчнээ бэлтгэх тал дээр яаж ажиллаж байна?
-23-50 насны хөгжимчид бий. Боловсон хүчин бэлтгэх явцад том саад бий болсон. Морин хуур, үндэсний урлагт сэтгэлтэй хүнийг бэлтгэх л чухал болоод байна. Хангамж, цалин хөлс бага зэрэг нийгмийн байдлаас болоод хөгжимчид өөр чиглэлээр яваад байгаа учраас сургалт, болоод хандлага дээр өөрчлөлт хийх хэрэгтэй болов уу.
Бидний том мөрөөдөл, төсөөллөөр бол Монгол улс зөвхөн бэлгэдэл төдий бус морин хуурын номын сан, музей, судалгаа шинжилгээний төв, архив, мэдээлэл технологийн парк бүхий цогц академитэй болох хэрэгтэй. Нийт масс бол урлагийг бүхэлд нь хүн зугаацуулах л үүрэгтэй зүйл гэж хардаг. Гэтэл их урлаг гэдэг нэг их сурталчлаад, энтертайнмент зүйл оруулаад байх шаардлагагүй өөр зүйл. Тиймээс ч энэхүү шагнал бол энэ ажлыг эрчимжүүлэх, бодлогын хүрээнд анхаарч, үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулахын дохио болж байна гэж харж баяртай байгаа.
-Монголын тайзан дээр тоглох, дэлхийн тайзан дээр тоглох хэр зөрүүтэй байдаг вэ. Монголчууд болоод дэлхийн бусад орны хүмүүсийн энэ урлагийг ойлгож, хүлээн авч буй байдал хэр ялгаатай вэ?
-Зөрүүтэй. Манай монгол үндэсний хөгжим өөрөө дэлхийд цоо шинэ, сонирхолтой зүйл. Үндэсний соёл, ахуй болоод монгол хүний сэтгэлгээг агуулдаг гэдгээрээ дэлхийд маш сонин үзэгдэл мэт ойлгогддог.
-Морин хуурын чуулгын урын санд нийт хэчнээн бүтээл байдаг вэ. Хэдийг нь оюуны өмчөөр баталгаажуулсан бэ?
-Урын санд хөрвүүлсэн, найруулсан, зориулж зохиосон нийт 6000 гаруй бүтээл байдаг. Яг Морин хуурын чуулгад зориулсан бүтээлийн 90 гаруй хувийг Н.Жанцанноров гуайн бүтээл эзэлдэг. Тиймээс морин хуурын чуулгыг ямархуу өнгө аястай эгшиглэхийг бүрэн тодорхойлсон хүн бол Н.Жанцанноров гуай.
-Улсын филармонийн уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр: Бид олон улсад Монголоо тоглож байна гэдгээрээ л хамгийн их бахархдаг-

Тэрбээр яриагаа "Мэргэжлийн хөгжмийн салбараас төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одон хоёр дахь тохиол болж байна. Морин хуурын чуулгын түүх морин хуур хөгжмийн үүсэлтэй салшгүй холбоотой. Анх морин хуур бол гэрт л тоглодог гэрийн л хөгжим байсан. Түүнийг мэргэжлийн тайзан дээр, тэр дундаа олон улсын тайзан дээр тоглож нийтэд таниулсан нь бол гарцаагүй Морин хуурын чуулгатай холбоотой.
Анх 1937 онд уран сайхны сургууль байгуулагдаж, Түдэв, Түвдэн нарын алдарт хуурчид шавь сургалтаар хуурчдыг бэлтгэж эхэлсэн. Тэндээс Монголын мэргэжлийн морин хуурын суурь, үндсийг тавьсан, бидний хүндэтгэж бурханчлан тахидаг алдарт морин хуурч Г.Жамъян багш маань төрөн гарсан.
Тэгээд 1957 оноос хөгжим бүжгийн сургуульд морин хуурын мэргэжлийн сургалтыг явуулж эхэлсэн. Түүний үргэлжлэл нь 1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга маань. Энэ хугацаанд хоёр үе солигдоод байна. Анх байгуулагдсан цагаас нь өнөөдөр тасралтгүй ажиллаж байгаа 6, 7 хүн бий. Тэдний нэг нь би. Чуулга анх байгуулагдахад бид 15, 16 настай 8-р ангийн хүүхдүүд байсан. Одоо бол хамгийн залуу нь 4-р курсийн 23, 24-тэй хуурчид байгаа" хэмээн эхэллээ.
-Морин хуурын чуулга шинэчлэгдэж, хоёр, гурав дахь үе дээрээ явж байна гэлээ. Энэ үе хоорондын шинэчлэгдэх хэрэгцээ, шаардлага нь ер нь юу байв?
-Анх чуулга байгуулагдсан 1992 он бол нийгэм, цаг үеийн байдал тодорхойгүй, шилжилтийн үе байсан. Тэр үед монголчууд яг юун дээр нэгдэх вэ гэдэг асуудал их чухал, хурц хөндөгдсөн байх. Үүнийг тухайн үеийн урлаг соёлын зүтгэлтнүүд, алтан үеийнхэн нэлээн сайн анзаарч, ойлгож Ц.Батчулуун багшид маань зөвлөсөн байх.
Тиймээс багш маань морин хуурын үндэсний урлагаа сарниулж, мартуулахгүй авч үлдэх, илүү гүнзгийрүүлж судалж хөгжүүлэхэээр алсыг харж энэ чуулганыг үүсгэн байгуулжээ гэж хардаг. Солигдож буй үе тутамдаа бид хойчдоо уламжилсаар явдаг тул бидний чин хүсэл эрмэлзэл байсаар байдаг. Орчин цагтай яаж уялдуулж ямар бүтээл хүргэх вэ гэдэг дээр хүртэл гүн бодлого баримталж ажилладаг.
-Дэлхийн хэдэн оронд тоглолтоо хийж байв. Дэлхийд үндэстнээ төлөөлж өв, соёлоо тээж буй хүмүүсийн хувьд монгол бахархал гэх зүйл илүү үнэ цэнтэй байдаг байх?
-Анх 1996 онд Улаан-Үүдэд Морин хуурын чуулга тоглолтоо хийж байснаас хойш өнөөдөр дэлхийн 30 орчим улсад 600 гаруй тоглолт хийгээд байна. Хамгийн олон очсон нь Япон. Тиймээс ч хоёр улсын соёлын болоод гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээх агуулгатай Японы гадаад хэргийн яамны сайдын хүндэт өргөмжлөлийг хүртэж байсан. Төр засгийн гадаад, дотоод айлчлалаас эхлээд маш олон арга хэмжээн дээр тоглосныг бол тоолж баршгүй.
Хамгийн гол нь бид олон улсад Монголоо тоглож байна гэдгээрээ л хамгийн их бахархдаг. Хөгжимчид, уран бүтээлчид амаараа биш хөгжмөөрөө дамжуулж л тухайн улсын ард олонд Монголоо таниулах хариуцлагтай үүргийг хүлээдэг. Тиймээс ч өнөөдөр монгол төр үнэлж энэ хүндэт шагналыг олгож буй нь ганцхан хуурын чуулгын асуудал биш. Энэ бол монголын төр монгол үндэсний хөгжим, үндэсний соёл, бахархлаа дахин хүндэлж, дахин хоймортоо залж байгаагийн илрэл гэж харж байна.
-Дэлхийн олон орноор явж, морин хуур хөгжмийг, үндэсний урлагийг таниулж буй энэ цөөхөн хүнийг бусад орноос илүү өндөр цалин, хангамж амлаад авъя гэх тохиол цөөнгүй л гардаг байх. Тэгэхээр уран бүтээлчдээ тогтоож үлдээхэд ямар асуудал тулгарч байна вэ?
-Морин хуурын чуулга бол төрийн байгууллага. Улсын филармонийн харьяанд байдаг. Ялгаагүй л төрийн цалингийн системээр цалинждаг. Гэхдээ морин хуурын чуулгын хөгжимчдийн, мэргэжлийн урлагийнхны оюун санааны онцлог гэж бий. Мэргэжлийн хөгжмийн урлагийнхан энэ мэргэжлээ эзэмшихийн тулд хамгийн багадаа 13 жил сурдаг. Тиймээс энэ хөгжмөөрөө амьдралаа залгуулж буйн хувьд мэргэжилдээ маш үнэнч хүмүүс байдаг.
Ямар нэг ашиг хараад гадагшаа явах нь тун цөөн. Гэхдээ мэргэжлийн хөгжмийн салбарт ажиллаж буй энэ цөөн хэдэн хүнээ өөр байдлаар харж, өөр системээр цалинжуулах хэрэгтэй. Зүгээр нэг зэх зээлйн хөгжимчдөөс өөр зүйл хийдэг өөр хүмүүс. Нийгмийн оюун санааг хөгжмийн урлагаараа дамжуулж гэгээрүүлэх ажлыг энэ хэдхэн мэргэжлийн урлагийн хөгжимчид л хийдэг. Хэн дуртай нь үүнийг хийж чадахгүй. Тиймээс ч дэлхий дахинаа мэргэжлийн урлаг оршиж байдаг.
-Таны хувьд монгол бахархал гэх зүйлийг юу гэж ойлгодог вэ?
-Би өөрөө морин хуурч хүн. Монгол хүн болж төрөөд, ямар сайн тохиолоор морин хуур хөгжимтэй, Ц.Батчулуун багштайгаа, энэ Морин хуурын чуулгатай холбогдсон юм гэж бодохоор морин хуур хөгжимтэй л салшгүй холбоотой. Морин хуур хөгжим бол монголчуудын оюун санааны хэзээ ч салж, мартаж болохгүй их том өв соёл, бахархалт зүйл мөн. Тиймээс ч би өнөөдрийн энэ баяртай мэдээтэй хамт монгол хүн болж төрснөөрөө, морин хуурч болсноороо маш их бахархаж байна.
-Залуу хойч үе Монгол хүн болж төрснийхөө хувьд юугаараа хамгийн их бахархах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Юмыг монголчилно гэж ярьдаг даа. Тэр монголчилж буй зүйл нь ч бүтээд байдаг. Тэгэхээр монгол хүнд төрөлхийн юманд дасан зохицох болоод сэтгэхүйн чадвар өгөгдсөн байдаг байх. Монгол хүн болж биеэр төрнө гэдэг нэг зүйл. Оюун санаагаараа монгол хүн болж төлөвшинө гэдэг бас өөр хэрэг. Тиймээс тэр монгол гэсэн оюун санаагаараа л бахархаж, чухлыг нь ойлгох хэрэгтэй. Бид хүний тоогоор цөөн ч оюун санаагаараа их хүчтэй ард түмэн.
-Морин хуурын чуулгын виолончель хөгжимчин Д.Адъяабазар: Дэлхийн сонгодгуудтай морин хуур болон үндэсний хөгжмөө ойртуулахын төлөө хичээсээр ирсэн-

Тэрбээр "Морин хуурын чуулгад анх үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш ажиллаж байна. Бид монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын ардын болон сонгодог олон төрлөөр хөгжимдөж ирсэн. Дэлхийн сонгодгуудтай морин хуур болон үндэсний хөгжмөө ойртуулахын төлөө хичээсээр ирсэн. Энэ сайхан баяраар энэ шагналыг авах болсондоо бид маш их баяртай байна. Ялангуяа Ц.Батчулуун багшийнхаа их хичээл зүтгэлийн үр дүнд бид өнөөдрийн энэ шагналыг хүртэж байна гэж бодож байна" хэмээлээ.

"Чингис хаан" одонгоор шагнагдаж буй Морин хуурын чуулгын хамт олон энэ шагналаа монголын ард түмэн, өвөг дээдэс, тэр дундаа Ц.Батчулуун багшийнхаа нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэлтэй салшгүй холбоотой гэж харж буйгаа нэгэн дуугаар хэлж байв.
Мөн энэ шагнал зүгээр нэг бэлгэдэл төдий зүйл биш, цаашид энэ урлагийг төр засгийн зүгээс бодлогын хүрээнд анхаарч, илүү өргөжүүлж, өвлүүлэн үлдээх их үйлсэд чиглэсэн маш том сэргэлт, боломж гэж ойлгож, баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе улам мандан бадрах болтугай, Шарав гуайн хөгжмийг тоглох нь багасч байна яагаад ьэ, Нацагдорж Ханг�##� Чинзоригийн хөгжим эгшиглэж байгаасай
Батчулуун та 2т өгсөн шагн�##� биш!!!! Морин хуур чуулга нэртэй Мохин хуурт өгсөн шагн�##� шдээ!!!
Батчулуун бол жаахан 3 хүүхдээ хаяад явсан өөдгүй муу аав
Чи зүгээр л хуц
Za ungursun huniig muulaad yahav.Hun bolgon magtaad baina.Gants ter hun ch bish Jantsannorov ch gesen ehner huuhdee hayad zaluu huuhentei suusan l yum baina lee deg.Erchuud bugd adilhanshdee.
Үнэхээр бахархаж байна.Сайхан хамт олонд баяр хүргэе.Та на маань гайх�##�тай гайхамшигтай.
Та нартаа баярл�##�аа. Морин хуурын чуулга маань Миний Монголын нүүр царай, өнгө төрх, итгэл найдвар. Цаашдаа улам олон сайхан уран бүтээлээр урын сангаа арвижуулж, бөмбөрцгийн хүмүүст Монгол хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ гэдэгт итгэж байна. Уран бүтээлчиддээ Дахин Баярл�##�аа. Уран бүтээлийн улам их амжилтыг ерөөе.