Top StoriesНийгмийнЯрилцлага

Мүраками Харүкигийн шинэ ярилцлага, Kyodo News: Сэтгэлийн тахал эдгэдэггүй

Японы алдарт зохиолч Мүраками Харүки “Kyodo News” агентлагт ярилцлага өгсөн байна. Тэрбээр шинээр гаргасан "Хот ба түүний уяхан, туяхан хана" (Орчуулагч О.Жаргалсайханы оноосноор) романыхаа талаар ярьжээ. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.

-Дөрвөн жилийн өмнө зохиол бичиж эхэлсний 40 жилийн ойд тань зориулсан ярилцлага хийсэн. Ярилцлагын дараа та ихэнх бүтээлүүддээ сэтгэл хангалуун байдаг ч 1985 онд хэвлэгдсэн "Hard-Boiled Wonderland and End of the World" зохиолоо дахин бичихийг хүсэж байгаагаа бидэнд дуулгаж байлаа.

-Мэдээж, тэгэлгүй яах вэ.

-Тэгэж хэлэхэд тань үнэхээр гайхсан шүү.

-Миний хувьд “Хот ба түүний уяхан, туяхан хана”-ын гол утга санаа маш чухал. “End of the World”-д тэр гол санаагаа бүрэн илэрхийлж чадаагүй.

-Гэхдээ “The End of the World” зохиолыг тань таалдаг олон уншигч бий шүү дээ.

-Залуу байхдаа бичсэн болохоор зарим зүйлийг илэрхийлэлгүй алгассан. Таалагдсан, таалагдаагүй хамаагүй, би дахиж тийм байдлаар бичихгүй. Уншигчид тийм төрлийн зохиолыг таалж байгаа нь сайхан ч зохиолч нь утга санаагаа бүрэн илэрхийлж чадаагүй хойно бичсэн юмаа огт хүлээн зөвшөөрөхгүй.

-1980 онд хэвлэгдсэн “Хот ба түүний уяхан, туяхан хана” тууж таны энэ хоёр зохиолын суурь нь болж өгсөн. Тэр туужид гол дүр ба түүний сүүдэр хана хэрэм бүхий хотоос зугтдаг. “The End of the World” зохиолд болохоор сүүдэр нь зугтдаг ч гол дүр хотдоо үлддэг. Таны шинээр гаргасан “Хот ба түүний уяхан, туяхан хана” романд үүнтэй ижил үйл явдал өрнөдөг. Гэхдээ хотод үлдсэн гол дүр жинхэнэ ертөнц рүү тэмүүлж, мөн түүнийг орхиод явж болох байсан сүүдэр нь түүнтэй хамт явдаг.

-Энэ зохиолын хамгийн том ялгаа нь жинхэнэ бие болон сүүдэр хоёр хэн нь хэн бэ гэдгийг үнэндээ мэдэхгүй байгаа нюанс юм. Гол санаа нь тэдний үүрэг солигдсон, энэ хамгийн чухал.

-Би өгүүлэгч өөрийгөө амьд эсвэл үхсэн эсэхээ ялгадаггүй. Тэгтэл Кояасү түүнд “Сүүдэр үү эсвэл жинхэнэ бие үү гэж бодох нь шаардлагагүй зүйл” гэж зөвлөдөг.

-Кояасү амьдрал үхлийг ялгаж салгаж чаддаггүй сүнслэг оршихуй болохоор тэгж зөвлөдөг. Тийм оршихуйн хувьд сүнс болон жинхэнэ бие хоёр бол нэг зоосны хоёр тал.

-Битлс хамтлагийн “Yellow Submarine” цомгийн зурагтай ногоон куртик өмссөн хүүхэд гардаг. Тэр хүү тусгай авьяас билигтэй.

-Кояасү бол сүнслэг оршихуй харин тэр хүү арай өөр ертөнцөд оршдог. Жинхэнэ амьдралаас өөр ертөнцөд буй хоёр оршихуй амьд байгаагаа хүчтэй мэдэрч чаддаггүй гол дүрийн баатрыг удирдан чиглүүлж байгаа тухай зохиол юм.

-Тийм байх нь

-Гол дүрийн баатар маань хэчнээн нас ахисан ч өөртөө эргэлзсээр байдаг. Кояасү түүнд мэргэн ухаан заахыг хичээдэг бол хүү гэнэн цайлган сэтгэлд сургахаар оролддог. Мэргэн ухаан болон гэнэн цайлган сэтгэлээр гол дүрийн баатар өөрийнхөө эго хаана илэрч байгааг анзаарч эхэлнэ.

-Гол дүрийн баатар “илүү ихийг”, “илүү ихийг” гэж хэлж буй хүүхэд рүү чихээ ойртуулаад хазуулдаг хэсэг надад их сэтгэгдэл үлдээсэн.

-Чихийг нь хазаж буй хэсэг тэр хүү гол дүрийн баатрын амьдрах хамгийн чухал утга шалтгааныг ойлгон өөртөө шингээж, тэр хоёр нэгдэж байгааг илэрхийлж байгаа.

-Чихийг нь хаздаг хүү 16 настай, номын эхэнд гардаг өгүүлэгчтэй нэг үеийнх. Дээрээс нь насанд хүрсэн өгүүлэгч 45 насандаа Фүкүшима мужид байрлах хотын номын сангийн эрхлэгч болдог. Түүний өмнө эрхлэгч хийсэн Кояасү мөн 45 насандаа эхнэр, хүүхдээ алддаг.

-Кояасүгийн амьдралын тэр хэсэг насанд хүрсэн өгүүлэгчид шилжиж, насанд хүрсэн өгүүлэгчийн нэг хэсэг ч мөн хүүд шилжсэн гэсэн үг. Гурван үеийн залгамжлал.

-Өөр сонирхолтой мөрүүд бий. Жишээ нь хүү гол дүрийн баатарт өндрөөс унаж байхдаа газар дээр хэн нэгэн чамайг тосож авна гэж итгэх нь чухал гэж хэлдэг.

-Энэ итгэл “The End of the World”-д байгаагүй. “The End of The World” нэг л тодорхойгүй төгсгөлтэй. Харин “Хот ба түүний уяхан, туяхан хана”-д би маш тодорхой төгсгөл өгөхийг хүссэн.

-Хоёрдугаар хэсэгт гардаг кофе шопын эзэн эмэгтэй сэтгэл татам дүр байсан.

-Гол дүрийн баатар маань кофе шопын эзэн, Кояасү болон хүүгийн тусламжтай аврагддаг. Аврагддаг учраас сүүдэр жинхэнэ биеийг гүйцэн ирж, нэг бие болдог.

-Тэгэхээр гол дүрийн баатар сүүдэртэйгээ ингэж нэг бие болдог байх нь.

-Би энэ номоо “The End of the World” шиг уншигчаа хөсөр хаяж төгсгөхийг хүсээгүй. Харин ямар нэгэн хариулт олоход нь тусалж, логиктой төгсгөхийг хүссэн. Энэ нь намайг зохиолчийн хувьд өсөж, хөгжсөнийг харуулж байна гэж би бодож байна.

Түүний зохион бичих хэв маяг бодит болон хийсвэр ертөнцийг илэрхийлэхийн тулд хувьсан өөрчлөгдсөн

-“Хот ба түүний уяхан, туяхан хана” гурван хэсэгт романы хоёрдугаар хэсгийн үйл явдал Фүкүшима мужийн Айзү бүс дэх хотод өрнөдөг. Тус хотыг жинхэнэ амьдрал дээр оршдог мэт маш үнэмшилтэй бичжээ.

-Би Айзүд хэзээ ч очиж байгаагүй болохоор төсөөллөө ашиглан бичсэн. “Hard-Boiled Wonderland and the End of the World” дээр үүн шиг үнэмшилтэй бичиж чаддаггүй байсан.

-Та 1987 онд гаргасан “Норвегийн ой” зохиолоо реалист хэв маягийг ашиглан бичсэн

-“Норвегийн ой”-н хувьд би анхны удаа реалист хэв маягтай бичиж чадсан. Энэ хэв маягаа би шинэ номынхоо хоёрдугаар хэсэгт шингээсэн. Үүгээрээ “The End of the World”-оос ялгаатай.

-Тийм байх нь.

-Хэрвээ бүх зүйлийг бодитойгоор бичье гэвэл хотын нарийн ширийн деталийг оруулах хэрэгтэй. Номыг бичихдээ нарийн деталь оруулах нь надад маш их тааламжтай байсан. Хэрвээ би нарийн детальтай дүрсэлж чадаагүй бол энэ ном хэзээ ч бүтэхгүй байх байсан юм. Тийм болохоор энэ ном зохиол бичсэн он жилүүддээ олж авсан чадваруудын минь тусгал.

-Номонд Габриэль Гарсиа Маркесийн "Холерийн үеийн дурлал" номыг уншдаг кофе шопын эзэн эмэгтэй гардаг. Тэр эмэгтэй номыг уншаад"Түүний түүх бодит байдал ба бодит бус байдал, амьд ба үхсэн хоёрыг нэг дор нэгтгэсэн" гэж дүгнэдэг. "Хот ба түүний уяхан, туяхан хана" Кояасү яг л тийм.

-Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч хамгийн анхны зохиолд хийсвэр зүйлс жинхэнэ амьдрал дээр их гарч ирдэг. Реалист байдлаар бичихийн тулд хийсвэр зүйлсийг мөн оруулах хэрэгтэй гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ бол хийсвэр гэх мэт хэтэрхий илт бичиж болохгүй. Хийсвэр болон бодит зүйлсийг эн тэнцүү мэт үзэх хэрэгтэй.

-Тийм байх нь

-Зохиол бичсэн жилүүддээ хэрвээ бодит байдлыг илэрхийлж чадахгүй бол хийсвэр зүйлсийн талаар ч гэсэн дүгнэлтэд хүрсэн. “The End of the World”-ыг хэвлүүлэх хүртлээ би поп хэв маягтай бичдэг байсан. Харин “Норвегийн ой”-г реалист байдлаар бичиж чадсан юм. Түүнээс хойш “Эрэг дээрх кафка”, “1Q84” дээр би илүү нягт нямбай бичиж чадсан. Ингэж өөрчлөгдсөн маань Маркесийн реализмтай холбоогүй, харин зөн совингоор өөрчлөгдсөн.

Маркесийн зохиолуудад уугуул байдал их чухал элемент нь болж өгдөг. Харин миний зохиолуудад бараг байхгүй. Одоо үед уугуул байдал алга болж байгаа. Ийм учраас миний зохиолууд уншигчдад хүлээн авахад амархан байдаг байх.

-Таны зохиолын хувьд холерын үед биш коронавирусийн цар тахлын дундуур бичигдсэн. Номонд Готик фонтоор “Үүрд мөнхийн тахал” гэж бичсэн хуудас байсан. Би тэр өгүүлбэрийг КОВИД-19-ийн талаар байсан гэж бодсон ч сэтгэлд үүссэн тахал байжээ.

-Тийм шүү. Махан биед үүссэн тахал эдгэрэх магадлалтай, харин сэтгэлийн тахал эдгэх нь хэцүү. Үүний улмаас хүмүүс сэтгэлдээ “хана” босгодог гэж би боддог.

-Та өсөж, тэлдэг эгоны талаар бичжээ. Гол дүрийн баатрын ханаар хүрээлэгдсэн хана дахь даалгавар бол хуучин зүүднүүдийг тайлж унших байсан.

-Уншигч уншигчаас хамаарч зүүд тайлж уншиж байгаа нь өөр утгатай байж болно.Миний хувьд өндөгний хэлбэртэй зүүд нь эгог сорж шингээдэг. Тийм зүүдийг тайлж уншсанаар эгоноос чөлөөлөгдөх боломжийг олгож өгнө.

-Тэгэхээр зохиолч уншигчийн байр сууриас харж тайлбарлавал ийм утгатай байх нь.

-Энэ ном дахь нийгэмд хүмүүс эгогоор дүүрсэн ч түүнийг нь хүлээж авах газаргүй болжээ. Ийм учраас эгогоо хана давуулаад шидэхийг хүсдэг хүмүүс зөндөө. Хана доторх ертөнц бол эго хуримтлагддаг газар. Хэрвээ хүмүүсийн эго суллагдахгүй бол хуучин зүүд их цугларна. Үүний улмаас тэсрэлт үүсэх вий гэж хүмүүс их айна.

Түүний зохиолуудад байгаль орчин их чухал

-“Хот ба түүний уяхан, туяхан хана” романы бүх хэсэг голын дүр зурагтай эхэлдэг.

-Тийм шүү.

- Номнын эхний хэсэгт өсвөр насны хүү, охин хоёр голын эрэг дээр алхаж байгаа нь надад тод санагдаж байна. Харин хоёрдугаар хэсэг Фүкүшима мужийн голын ойролцоо эхлэдэг. Кофе шопын эмэгтэйтэй гол дүрийн баатар алхаж байгаа үзэсгэлэнтэй дүр зураг гардаг билээ. Таны бүтээлүүдэд гол мөрнийг үргэлж эергээр дүрсэлсэн байдаг. Үүнээс тань би амьдралын гэрэл гэгээг мэдэрдэг.

-Тийм ээ, миний өссөн Ханшинкан нутгийн гол мөрөн Рокко уулаас шууд урсдаг болохоор үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг л даа. Миний сэтгэлд хамгийн тод үлдсэн голууд бол Хёого мужийн Ашияа, Шүкү мөрөн. Ханаар хүрээлэгдсэн хотын дундуур урсдаг гол ч мөн адил үзэсгэлэнтэй гол.

-Тийм байх нь

-Би баруун Японы Ханшинкан нутагт өссөн. Тийм болохоор гол мөрөн, далай тэнгис, уулс бол миний сэтгэлд их дотно.  Роман дээр гардаг Фүкүшима мужийн Айзү бүс дэх хот уул дунд байрладаг.  Би багадаа ууланд байнга гардаг байсан болохоор тайван уур амьсгал миний хувьд их чухал.  Гэхдээ голын эх хүртэл алхахад жихүүдэс төрөм санагддаг.  Би ийм айдсын мэдрэмж гаргаж ирэхийг хүссэн.

-"Хот ба түүний уяхан, туяхан хана"-д ч энэ мэдрэмжийг шингээжээ. Голоос гадна таны зохиолуудад номын сан их гарч ирдэг. Жишээлбэл "Эрэг дээрх Кафка" гэх мэт.

-Миний хувьд номын сан ч гэсэн чухал ач холбогдолтой газруудын нэг.

-Ногоон куртиктэй хүү ч бас номын санд сууж ном уншдаг хүн. Түүнийг "М......" гэдэг нь "Мураками" ч гэж бас уншигдаж болох юм

-Бага байхдаа Нишиномияа хотын номын сан руу очихдоо дугуйтай их явдаг байсан.  Тэр номын санд хүүхдүүдэд зориулсан өрөө байсан. Би бараг бүх залуучуудад зориулсан номыг уншсан даа.

-Энэ зун таны Япон хэл рүү орчуулсан Трумэн Капотегийн “Other Voices, Other Rooms" хэвлэгдсэн. Та Капотегийн талаар илүү яриач.

-Ахлах сургуульд байхдаа Капотегийн зохиолд дурлаж, англи хэл дээрх номыг нь байнга уншдаг байсан. Би ном унших дуртай хүүхэд байсан ч түүний зохиол үнэхээр гайхалтай байсан болохоор тийм түвшинд бичиж чадахгүй гэж боддог байсан юм. 29 настайдаа бичиж эхлэх хүртлээ зохиолч болох хүсэл надад огт байгаагүй.

-Миний хамгийн сүүлийн асуулт бол маргаан үүсгээд буй Токио дахь түүхэн Мэйжи Жингу Гайэн цэцэрлэгт хүрээлэнгийн дахин төлөвлөлтийн тухай юм. "Хот ба түүний уяхан, туяхан хана" дээр гардаг ганц эвэрт амьтад ч бас Гайэн дахь ганц эвэртийн хөшөөнүүдээс сэдэвлэсэн байх тээ?

-Тийм ээ. “A Poor-Aunt Story” дээр ч бас ганц эвэрт гардаг.

-Дээрээс нь 2023 оны Астур гүнжийн шагнал хүртсэнд тань баяр хүргэе.

-Шагнал гардуулах ёслол 10-р сарын 20-нд болсон. Ёслолын үеэр Элиуд Кипчоге (Рио-де-Жанейро, Токиогийн олимпийн марафон гүйлтийн алтан медальт тамирчин) жүжигчин Мерил Стрип нартай яриа хөөрч амжсан шүү, үнэхээр хөгжилтэй байсан.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button