Нийгэм мэдээ

Дарга нар тайвшруулж, иргэд эрэлд хатаж буй шатахууны хомстол

Сүүлийн саруудад шатахууны олдоц асуудалтай байгаа. Иргэд бензин авах гээд явахаар ихэнх ШТС-ууд АИ92 байхгүй гэж буцаадаг. Түгээж буй ШТС-ууд оочер ихтэй. Хөдөө орон нутагт бүр хомстол үүсч, иргэд хөдөө, хот явах хэрэгцээгээ хязгаарлах болсон тухай мэдээлэл олонтаа гарсан. Гэвч холбогдох яам, газар, албан тушаалтнууд хэвийн байгаа хэмээн мэдээлсээр байгаа юм. Цаг үеийн мэдээллийг нэгтгэн хүргэхэд,

-ШӨХТГ ШТС-уудад шалгалт хийж, нөөц, үнийн мэдээллээ тайлагнахыг шаардав-

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй байна гэсэн тайлбарыг өгчээ. 

Түүнчлэн ихэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олголт хийж байжээ.

Уг хяналт шалгалт 30 хоног үргэлжлэх бөгөөд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийнэ. Хэрэв холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ хэмээн Шударга өрсөлдөөг хэрэглэгчдийн төлөөх газраас мэдээллээ.

-АМГТГ 13-25 хоногийн нөөцтэй байна-

Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ)-аас газрын тосны бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн импорт, үлдэгдэл, нөөцийн мэдээг танилцууллаа.

Тус мэдээлэлд дурдсанаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 71,545 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж. Үүнээс,

  • А-80 авто бензин 2,187 тонн /13 хоног/
  • АИ-92 авто бензин 24,392 тонн /20 хоног/
  • АИ-95 авто бензин 5,071 тонн /25 хоног/
  • Дизель түлш 36,464 тонн үлдэгдэлтэй буюу 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгааг мэдээлэв.

Бүсийн хувьд: 

  • Баруун бүс 5,905 тонн
  • Хангайн бүс 3,789 тонн
  • Төвийн бүс 15,789 тонн
  • Зүүн бүс 3,070 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.

Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,169.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

  • А-80 авто бензин 20.5 мянган тонн 
  • АИ-92 авто бензин 616.4 мянган тонн 
  •  АИ-95/98 авто бензин 18.4 мянган тонн 
  • Дизель түлш 1,187.7 мянган тонн 
  • ТС-1 /онгоцны түлш/ 54.7 мянган тонн
  • Жет А-1 түлш 42.9 мянган тонн 
  • бусад бүтээгдэхүүн 228.1 мянган тонн 

-ОХУ-аас ойрын хугацаанд 730 вагон дизель түлш оруулж ирнэ-

УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд буюу Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргатай уулзаж, үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ОХУ-ын төмөр замын газрын даргатай ярилцаад, ойрын хугацаанд 730 вагон дизель түлш оруулж ирэхээр тохирсон. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд 

  • 11 сарын 29-нд 117 вагон 
  • 11 сарын 30-нд 54 вагон 
  • 12 сарын 1-нд 67 вагон
  • 12 сарын 2-нд 120 вагон буюу нийт 350 вагон дизелийн түлш оруулж ирэхээр эцэслэн тохирлоо".

Мөн ОХУ-ын талаас хориг байхгүй, нийлүүлэлт тогтмол үргэлжилж байгаа боловч тээвэрлэлтийн асуудал гарч байна" гэв.

-Салбарын сайд хоёр хоногийн нөөцтэй байсан ч зарлах нь буруу гэв-

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд "Монгол Улс 62 мянган сая тонн нүүрс экспортолжээ. Сарын хэрэглээ 90 мянган тонн түлш байхын 45 мянган тонныг уул уурхай салбарт ашиглаж байна. Үлдсэн нь бусад салбар руу хэрэглэгддэг. Дизель түлш бол алтнаас илүү стратегийн бүтээгдэхүүн. Түлшний хорь байтугай хоёр хоногийн нөөцтэй байсан ч зарлах нь буруу. Цаашдаа ч зарлахгүй. 21 хоног түлш орж ирээгүй асуудлаас нэг амьсгаагаар гарч чадахгүй байна. ОХУ-аас шатахуун тээвэрлэж буй 592 воганы 430 нь дизель түлш тээвэрлэнэ. Үйлдвэрээсээ шалтгаалаад 4-21 хоногийн хугацаанд орж ирдэг. Бага, багаар орж ирнэ. Ер нь тасалдал бол байхгүй. Хэрэглээгээ л бид гүйцэхгүй байна. БНХАУ-аас мөн орж ирнэ. Иргэд дизель түлшгүй болвол уул уурхайн хэрэглэээг багасгахаас өөр аргагүй" гэсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-11-29 13:07

ганбаатар гэж чадваргүй нөхрийг �######�уулаачээ, байнга худ�##� мэдэгдэл хийнэ

Холбоотой мэдээ

Back to top button