СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Үхлээс мултарсан, эзнээ олсон хүлгүүд

Моринд хайртай, дуртай Х.Түвшинжаргалыг мэдэхгүй хүн тун ховор. Тэрэлжид нохой чарганы аялал зохиодог түүнтэй өнгөрсөн жил уулзан, сурвалжилснаа сэргээн нийтлэв.

Цусны эхүүн үнэр төмөртэй холилдон хамар сэтлэм ханхийх, ижил нөхдийнх нь эд эрхтэн шалаар энд тэндгүй, эмх замбараагүй хөглөрөх, айдас ханхалж, үхэл ээрсэн тийм нэг тамын гэмээр газарт эдгээр морьд үхэлтэй нүүр тулаад, мултарчээ.

Тэрэлжид нохойтой чарганы аялал зохиодог Хүрэлсүхийн Түвшинжаргал гэж залуу бий. 130 гаруй хаскитай, хайрлаж, харамлаж, амьтнаас нууж өсгөдөг тэднийхээ хоол ундыг базаахаар Налайхын бойны газарт үе үехэн очино. Ингэж явахдаа тэр анхныхаа морийг худалдаж авчээ. Удалгүй Хангалыгаа өөрийн болгов. Одоо ч сүргийн манлай Хангал, Түвшинжаргал хоёрын түүх онцгой.

НАМАЙГ АВРААЧ ГЭХ ХАНГАЛЫН “ҮГ”

Зургийн тайлбар: Бөгсөн дээрээ гурвалжин тамгатай Хангал

Түвшинжаргал бойны газарт машинаасаа буухтай нь зэрэгцэн халуун хамар хоншоороороо цээж рүү нь шурган, тийм гэхийн тэмдэггүй дотноор сорж, санаа алдсан морь Хангал байв. Бие том, жин их тэр морины үнийг Түвшинжаргал дийлсэнгүй, бойны газрыг орхин явав. Буцах замдаа эхнэртэйгээ юу ч ярьсангүй, дүнсгэр, дуу муутай. Гэвч мөнгө хүрэхгүй. “Одоо яах билээ” гэснээ хоёул баяртайгаар санаа нэгдсэн нь эхнэрийнхээ ээмэг, бөгжийг ломбардад тавиад Хангалыгаа худалдаж авах байв. Тэд машинаа огцом эргүүлэв. Байгаа бүхнээ “тавьж, туугаад” мөнгөтэй болоод буцаж очиход нь Хангалыг ченж хэдийнэ худалдаж аваад үнийг нь нэмжээ. Гэсэн ч тэд амийг нь аврахыг гуйж, эцсийнхээ “үгийг хэлсэн” тэр дөлгөөхөн морийг 1.050.000 төгрөгөөр өөрийн болгож чадлаа. Хангал амь аврагдсаныг хар зөнгөөрөө мэджээ, машины чиргүүл дээр ачаад бойны газраас холдон холдтол янцгаасаар, самардсаар буцав. Түвшинбаяр Хангалыгаа гэртээ авч ирээд, уламжлал болсон домоо үйлдэж, байшингийнхаа хаалгаар толгойг нь оруулаад “Энэ чиний гэр шүү, чамайг цаашид Хангал гэж нэрийдье” гэж эгээ л нялх хүүхдэд нэр хайрлах мэт нандигнан шивнэжээ. Хангалыг адуунд холбохгүйгээр шууд сүрэгтээ тавьсан ч тэр гүйж одсонгүй. Одоо сүргийн манлай, морьдын “толгой”, итгэлт анд Хангалынхаа хүзүүнд бойноос худалдаж авсан морио холбож, хөтлүүлнэ.

ҮХЭЭД СЭХСЭН ЖЭНИ

“The Voice of Mongolia” шоуны шторк дээр дөрвөн шүүгч нэгэн зүйлийн төлөө тэмцэлдэн, уралдана. Шүүгч Укагийн унасан хонгор алаг морь бол Жэни. Тэр үхэж, сэхээд үхлээс мултарсан бас нэг морь.

Бас л мөнөөх бойны газар. Айдас хургасан нүдтэй хонгор алаг морийг харсан даруйдаа л Түвшинжаргал худалдаж аваад, сүргийн олонтойгоо нийлүүлэхийг хүсэж. Гэвч бойны хүн бэлэн мөнгө шаардаж, элдэв данс, шилжүүлэгтэй холбогдохыг хүссэнгүй. Бушуухан Налайхын төв рүү давхиж, бэлэн мөнгөний машин олоод хэдэн төгрөгөө халааслаад яаравчлан буцлаа. Гүйгээд ортол Түвшинжаргалын нүдэн дээр Женигийн духан дундуур цохиод унагачихав. “Яаж байгаа юм, би авна шүү дээ” гэж хэдхэн хором хоцорсон залуу гаслантайгаар орилж бойчин нөхөртэй барьцалдаж авлаа. Дээр доороо оролцож баахан ноцолдлоо. Гэтэл гэнэтхэн л Жени босоод ирэв. Тэндэхийн хүмүүс бүгд гайхсны дотор сурцтай, сурамгай “цохигч” бойчин нөхөр ч байв. “Миний цохьсон морь босдоггүй юм даа, үнэхээр л чамд очих гэж дээ” хэмээн алмайрсаар Женигийн үнийг 100 мянган төгрөгөөр хямдруулан худалджээ. Жени одоо духан дээрээ тэр явдлаас үлдэж хоцорсон халцархайтай.

Эзэн нь морьдоо хүүхэд шигээ хайрладаг, ийм нэг нандин харилцаатай гэр бүл бол Түвшинжаргалынх. Гурав, таван настай хүү охин хоёртой. Амьтан гэж л яваад танилцаж, ханилсан гэргийтэй. Хашаа хороогоор хүүхэд, нохой, морь мал 200 гаруй бий ч, хүн малгүй нарийн дэгтэй амьдардаг ийм нэгэн айлд зочиллоо.   

Х.Түвшинжаргал:

БОЙНЫ ХАШАА РУУ АДУУ АЧСАН МАШИН ЗӨРЖ ӨНГӨРӨХӨД ЯНЦГААГААД Л, БАЙЖ ЯДДАГ. УЧИР НЬ ТЭР АМЬТАН ТЭР ЦУСТАЙ ГАЗРААС ГАРЧ ИРСЭН

-Таныг бойнд оруулах гэж байсан морьдоос худалдан авч, эндэхийн /Тэрэлж/ аяллынхаа уналгад ашигладаг гэж сонссон. Энэ түүх тань хэрхэн эхэлсэн юм бэ?  

-Би хүүхэд байхаасаа л хүмүүст морь унуулдаг байсан. Тийм жаахан мөртлөө хүмүүст гоё гоё өнгийн зүстэй морь унуулахсан гэж бодож явдаг байлаа. Дөрөвдүгээр анги хүртлээ аавынхаа адуунаас хүмүүст унуулдаг байгаад удалгүй хот руу сургуульд явж мориноосоо саллаа. Хааяахан ирэхдээ л аавын морьдод өвс тэжээл өгөхөөс хэтрэхгүй явсаар гурван жилийн өмнөөс нохой чарганы аялал эхлүүлсэн дээ. Олон нохойгоо хооллохын тулд анх Солонгос улсаас завь авч ирээд завьтай аялал гээчийг эхлүүллээ. Завьтай аялалаас олсон мөнгөөрөө нохойгоо хооллоно. Ингээд удалгүй нутгийн хүмүүсийн морийг гуйж аяллынхаа нэг хэсэг болгон, аялагчдадаа унуулдаг болов. Гэтэл зун болж яг аяллын улирал эхлэхтэй зэрэгцээд Тэрэлжид ирж морь унаж байгаа хүн маш их болов. Урд талын морьтнууд манайх руу ирж амжихгүй тул аялагчид ч их бухимддаг боллоо. Учир нь урд хэдэн нөхөд 10 ам.доллараар морь унана гэчихдэг. Би энд 10 мянган төгрөгөөр хүнд морь унуулах гээд байдаг. Мэдээж 10 ам.доллар нь хүмүүст хэрэгтэй учир манай аялагчдыг хүлээлгээд, над дээр ирэхгүй. Хоёр цагийн дараа л нэг суларч, хүмүүстээ унуулна. Сүүлдээ энэ бүхэн  нэг л болохгүй байгааг ойлгож банкнаас зээл аваад, Хэнтийгээс 24 морь худалдаж авч байлаа. Морь унуулж олсон мөнгөөрөө Налайхын бойноос 100  хаскиндаа зориулж хоол буюу хог хаягдлыг нь худалдаж авна. Тэгэж явахдаа л Хятад руу мах гаргахын тулд өдөрт 200, 300 морь бойнд оруулдаг гэдгийг мэдэж авсан юм. Удалгүй хүмүүст морь унуулсан мөнгөө цуглуулж бойноос морь худалдаж авдаг болов. Өдөр бүр худалдаж авч чадахгүй шүү дээ. Одоо тооцоход өнгөрсөн гурван жилийн хугацаанд Налайхын бойноос 100 гаруй морь худалдаж авсан байдаг. Тэднийгээ одоо уналганд ашиглаж байна.

-Тэр олон морьдоос алийнх нь амийг аврах вэ гэдэг хэцүү сонголт байдаг болов уу? Багын мөрөөдөл тань гоё өнгөтэй, сайхан зүстэй морь хүнд унуулах байсан тухай та хэлсэн. Зүсийг нь л харж сонгодог уу? эсвэл..

-Голцуу зүс хардаг. Мэдээж залуу байвал сайн. Номхон байна уу, ааштай догшин байна уу гэдгийг шалгаж хашаан дотор унаж үзнэ, ноолж үзнэ. Гэхдээ заримдаа морьд өөрсдийнхөө амийг хүртэл аварсан нь бий.

Хангал гэж морь бий /өмнө өгүүлсэн. сурв/ Хангалын зургийг фэйсбүүк дээрээ тавьтал эзэн нь надтай холбогдсон. Хонинд унадаг, гэрийнхээ үүдэнд л байж байдаг морь шүү гэж билээ. Гачууртын наадамд миний бойноос авсан бор үрээ амаа хүзүүдсэн шүү дээ. Тэр морь энэ жилийн Тэрэлжийн наадамд түрүүлж орж ирснээ үзэгчид рүү ороод айргийн таваар орсон. Бойноос аваад найздаа зарсан тийм морь хүртэл бий шүү.

-Хангалын түүх их сэтгэл хөдөлгөм юм. Женигийн түүхийг ч та бидэнд ярьж өглөө. Өөр сонин түүхтэй ямар морь байдаг вэ?

-Манай эхнэр цоохон моринд дуртай. Өмнө нь Пинтер гээд цоохор морьтой байсан юм. Тэр нь чононд идүүлчихсэн. Энэ уул маань чоно ихтэй шүү дээ. Нэг удаа Налайхын зам дээгүүр давхиж явтал яг адилхан цоохор морь машинаас буулгаж байна. Гялс давхиж очоод асуутал “Маханд өгөх гэж байгаа” гэдэг юм. Тэр дор нь худалдаж авсан. Бойнд өгөх гэж буй морьдыг малчдын гараас нь худалдаж авбал хямдхан авдаг. Ченжийн гар дамжих л юм бол 200-500 мянган төгрөг нэмэгддэг. Тиймээс өглөө эрт эсвэл шөнөөр бойн дээр зогсвол их адуу малчдаас нь өөрсдөөс нь шууд ярилцаж тохироод авчихдаг.

Баавар нэртэй морийг минь дөрөв, таван бойчин цохих гээд хашаа руугаа оруулж чадахгүй, зодож байхад нь би очоод авч байсан. Бааварыг наана нь зогсож байхад цаана нь ижлүүдийг нь янзалж байгаа хэцүүхэн дүр зураг биднийг угтаж билээ. Дух нь халзан, дөрвөн хөл нь цагаан ийм нэг сайхан морь надад бий. Хамаг бие нь цусанд будагдсан Баавар нохойн хоолонд өгөхөөр ачсан адууны элэг уушигтай чиргүүл дээр өөрөө л үсрээд гараад ирсэн. Хашлагыг нь буулгаагүй байхад шүү дээ. Намайг аврах гэж байна гэж бодсон юм болов уу, эсвэл тохиолдлоор ч тэр юм уу үсэрч гарч ирээд,  ижлүүдийнхээ элэг, уушгийг самардаж хойшлуулаад л байрлалаа олоод зогсчихсон нь элэг эмтрэм санагдаж билээ. Нүднийх нь хүүхэн хараа нь томроод айчихсан дүр төрхтэй Баавар минь.

-Үхэл амьдралын зааг дээр байгаа амьтанд амь бэлэглэж байна гэсэн үг шүү дээ. Амьтны амь аварчихаад буцаж явахад танд бас таны мордын янз байдал ямар байх вэ?

-Үхэх гэж байсан морийг дараа нь унаад явахад “гэрэлтдэг”. Бойны хашаанаас яаж ийж байгаад авч гараад машиндаа ачаад хөдлөхөд янцгаадаг. Бойны хашаа руу адуу ачсан машин зөрж өнгөрөхөд янцгаагаад л, байж яддаг. Учир нь тэр амьтан тэр цустай газраас гарч ирсэн. Бойны хашаанд хаалга нь онгорхой цаана нь нядалгаа явж байхад наана нь морьд хараад зогсож байдаг. Түүн рүү нь чирч оруулаад л цохидог. Адуу орохгүй байхад л бөөнөөрөө хөөж, нүдэж оруулаад, трубанаас уяж байгаад, сүхээр нэг нэг цохиод унагана. Нэг нь цохиж унагаад, нөгөө хэд нь янзалдаг. Морьдын нүдэн дээр түүнийг хийдэг. Ядахдаа тэр үйл явцдыг гадныхан шиг хаалттай хашаанд хиймээр. Айлгаж байгаад идэхээр мах нь жаахан хатуу байдгийг хүртэл бодолцмоор. Адуу ядаж нутгаа харж байгаад үхдэг бол… гэж их бодогдоно. Адуу буулгаж байхад цаана нь хөл, арьс ширийг нь овоолоод хаячихсан, үнэр танар нь аймшигтай, улаан цус болсон газар. Тэр дотроос адуу аваад гарах шиг гоё юм байхгүй.

АНХ “АЛСАД ҮЛДСЭН НАЙМ” НЭРТЭЙ ХАСКИТАЙ КИНОГ ҮЗЭЭД ГУРВАН НОХОЙГОО ЧАРГАНД ХӨЛЛӨЖ ҮЗСЭН

-Таны хүүгийн унасан байсан морийг хүмүүс их шохоорхдог юм билээ?

-Тиймээ. Хүүгийн морийг асуусан хүмүүст би хариу ч бичдэггүй. Хүү мориндоо жигтэйхэн хайртай. Хотод байхдаа биднийг ааваа, ээжээ л гэнэ. Наашлах тусам морь нь бодогдоод, шөнө буусан ч адууны хашаа руу гүйгээд орчихно. Аль хэдийнэ өөрийнхөө морин дээр очоод маажчихсан зогсож байна. Охины минь унадаг морь ч бий. Хотод хоёр хүүхэд маань цэцэрлэгт явдаг. Орныхоо хоёр талын толгой дээр мордчихсон, “чү чү чү” гээд л уралдаад л байна. Хүү таван настай, охин гурван, хоёулаа морины хоббитой, “хүнд гарууд” бий /инээв. сурв/.

-Хүнээр бол их зовлон үзэж яваад жаргаж байна гэсэн үг. Тэгж амь аврагдаж ирсэн морины авир бэлчээрээс худалдаж авсан мориныхоос өөр байдаг уу?

-Бойноос авсан морьд гүйдэггүй, хурдан нутагшдаг. Тэрэлж бол уул хад ихтэй. Харин урд талын бойнд ихэвчлэн талаас морьд ирдэг. Уг нь талын морьд хангайд ирвэл тураад, сэтгэлээр унаж хямраад балардаг юм. Тэгэхэд тийм юмгүй. Адуучин дүү нар минь морийг их хайрладаг. Морьтой их зөв харьцдаг. Бид ч морь бүртээ нэр өгч, тэр хэмжээгээрээ нэг бүрчлэн хайрлана, зөв эдэлнэ. Манайх 60, 70 гаруй морьтой, тэднээс их уналгаа эдэлгээ авсан эсвэл туранхай байгаа морьдоо хашаандаа авч үлдээн тэжээгээд, бусад нь уул хадандаа бэлчдэг.

Бас манай гэрийн нэг дом бий. Гэрийнхээ хаалгаар морийг шагайлгаад “Энэ танай гэр шүү” гэж хэлээд нэрийг нь чихэнд нь шивнэнэ. Ингэсэн морь гүйж, ийш тийш зугтдаггүй. Юун нөгөө маханд орох гэж байсан морь маш гоё болдог шүү дээ. Гэртээ шагайлгах гэтэл эрхлээд ороод ирэх ч морь бий. Морьдын минь ихэнх нь л мал нядалгаанаас гарсан даа.

-Та Тэрэлжид аялал жуулчлалын ажил хийж эхэлж байсан түүхээсээ хуваалцаач?

-10 жилийн өмнө би байгууллага дээрээ сугалаа сугалтал Чежү арал руу явж аялах эрх хожлоо. Тэнд очихдоо манайхтай жаахан төстэй, завиар аялуулдаг, морь унуулдаг, дөрвөн дугуйтай мотоцикль унуулдаг, унадаг дугуй унадаг, нум сум харвадаг амралт дээр очиж, түүнээс үлгэр авсан. Монголд ирээд удалгүй энэ газрыг авсан.

Энэ газрыг авахаас өмнө нээрэн, би хоёр нохойтой байсан. Тэднийгээ чарганд хөллөнө ч гэж боддоггүй, мэддэггүй байхдаа “Алсад үлдсэн найм” нэртэй хаскитай кино үзэж таардаг юм. Тэгээд л Боолт нэртэй нэлээд том болчихсон нэг гөлөг, хоёр нохойндоо мяндсаар шахуу цээживч дуурайлгаж хийгээд, аавын фургоны сандлыг зад татаж, төмрийг нь ухаж гаргаад цана дээр хадчихсан. Түүн дээрээ найзуудынхаа нэгийг суулгаад голын эрэг дээр очоод өөрөө урд нь гүйж үзлээ. Болдог юм байна. Ингэж гурав, дөрвөн жил болж байгаад дараагийн гөлгүүдээ авч яг нохой чаргатай болсон доо. Удалгүй Тэрэлж амралт нээгдээд, тэндээс хамгийн эхнийхээ жуулчныг авч үйлчилж байсан. Тэр жуулчин надаас хэдэн төгрөг өгөх вэ гэхэд нь “Та өөрөө мэд” гэж хариуллаа. Жуулчин надад 40 ам.доллар өгснийг нь би одоог хүртэл үнэлж, тэр л үнээ барьж явна. Гадаадад нохой чарга унахад асар үнэтэй, очихдоо хүртэл нисдэг тэргээр явж очно. Монголд бол их амархан, нислээ, буулаа, Тэрэлж явлаа, нохой чаргаар явна. Гурван нохойтой эхэлж байсан одоо 130 гаруй нохойтой байна. Тэднийхээ вакцин туулга, эмнэлгийн үзлэг гээд асар их зардалтай. Морьд ч мөн их зардалтай шүү.

-Хашааны ноход, морьд, хаски гээд танай хашаанд одоо хэдэн амьтан байна вэ?

-200 гаруй амьтан бий шүү. Гэртээ хүртэл загастай /инээв.сурв/ Бойноос авсан гүүнүүд маань унагалаад бүр л олуул болж байна. Нэг гүүг хээлтэй байхад нь худалдаж авч одоо хоёр ч удаа унагалаад байна.

69 АВТОМАШИНТАЙ ОФФРОАД АЯЛАЛ ХИЙЖ, МОРЬ УНАХ АЯЛАЛ БОЛНО

-Ярилцлагынхаа төгсгөлд аяллын тухай мэдээлэл өгөх ёстой болов уу? Одоо танайх ямар ямар аялалууд санал болгож байгаа вэ? Морин аялал дөнгөж саяхан хамгийн сүүлийн аяллаа хийлээ?

-Гол хөлдтөл манайх 69 автомашинтай оффроад аялал хийнэ. Нутгийн залуус 69 автомашинтай, бүгд нийлж байгаад, нэг 69 автомашинд дөрвөн хүн суулгаад, уул хад, зоон дээгүүр явна. Үүнд мөн морь орно. Нийт 50 хүн ирлээ гэхэд таван машинд 25 хүнийг нь суулгаад бусад нь морио унаж байхаар ээлжилнэ. Голд нь өглөөний цай, өдрийн хоол, нум сум харвах, мориор 01.30 цаг минут явах аяллын хөтөлбөр бий. Үргэлжлээд гол захлаад ирэхээр мөсөн уулын авиралтаа хийнэ. Мөсөн уулын авиралт, морин чарга, нохой чарганы аяллуудаа гаргана. Хотоос хүмүүсээ автобусаар авч ирэн, эндээ хөгжөөнт тоглоомоо тоглох гэх мэтээр цагийг чөлөөтэй, цэвэр агаарт, голын эрэг дээр дурсгалтай өнгөрүүлэх болно.

-Аяллуудын товыг хүмүүсээс санал авч товлодог уу?

-Албан байгууллагуудаас захиалга авч, он сар өдрийг нь тэмдэглэн авдаг. Үүндээ тааруулан аяллынхаа төрлийг сонгоно. Ингээд эвент зарлаж, хүмүүсээ бүрдүүлдэг. Нэг, хоёр гурван ч хүн бүртгүүлж болно. Манайх морийг нэг гарахдаа 100 байхаар тооцож, 10 моринд нэг хөтөч гарна. Үүний дотор хүүхдээ морь унаж сургах гэж байгаа хүмүүс ч их ирнэ. Аав нар нь хүүхдүүдээ дагуулаад ирнэ, аавд нь дундавтар, хүүхдэд нь маш номхон морь, хүүхдийн эмээл өгнө. Эсвэл аав нар нь багадаа тохдог байсан эмээлээ авч ирнэ. Хотынхонд өв соёл нь байгаа мөртлөө хазаар эмээлээ хэрэглэж чадахгүй, тиймээс түүнийхээ цангааг тайлахаар манай морьдод хэрэглэн, хүүхэдтэйгээ 20 км-ийн аялалд явж байна. 7,8 настай хүүхэд ч ирнэ, “Өдөржин явахад ядраад ирж чадахгүй байхдаа” гэж бодохоор Монгол хүний тэсвэр хатуужил нь хэдий хотынх ч гэсэн дотор нь байдаг. Тиймээс тэд аяллын маршрутыг дуусгаад л ирдэг. Үүгээр барахгүй хүүхдүүд эхлээд хөтлүүлж явж байснаа тойроод ороод ирэхэд толгойлогч нь манай 5 настай жаахан хүү, бүгдийг нь дагуулаад давхилдсаар ирдэг. Аав ээжүүд нь ч өөрсдөө хүүхдүүдээ гүйцэхгүй. Энэ ч бас их сайхан шүү.

-Морин аялалд явахыг хүсдэг ч морь унаж чадахгүй гэх айдастай хүмүүст номхон морь оноодог байх нь ээ?

-Тиймээ. Анх удаа унаж байгаа хүмүүсээ сургадаг 15 морь бий. Гэнэт нохой гарч ирэх, гялгар уут хийсэхэд үргэдэггүй, явахаа больчихсон ааштай морь биш. Унаж чаддаггүй хүмүүст зориулсан жороо морь хүртэл манайд бий. Давхидаггүй зөвхөн жороолно. Жороолно гэдэг 40 миллийн хурдтай л явна гэсэн үг шүү дээ. “Чү, чү” гэх тусам жороолоод л байдаг, цаашид даварч давхидаггүй юм.

-Бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Ийнхүү ярилцсаны дараа бид Тэрэлжийн уулаар бэлчиж буй сүрэг адууг нь хайж 69 автомашинтай нь уул руу эгц өөд, хадат зам, голын дундуур нэг үгээр хэлбэл оффроад аялал хийв. Харамсалтай нь морьд ус руу дөхөхөөр хэд хэд салсан байсан тул заримынх нь гэрэл зургийг авч чадсангүй хот руу буцлаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

29 Сэтгэгдэл

  1. Ийм буянтай з####уугийн ажил саадгүй бүтэх биз ээ. Энэ сэдвийг олж харж сайхан нийтлэл бичсэн сэтгүүлчид т####архъя. Хэдхэн жилийн өмнө хайртай морио бойнд өгчхөөд зөндөө уйлж билээ. Сүүлнээс нь тугыг авчхаад уучлаарай гээд эргэхэд хөөрхий минь араас үүрсээд том том нулмис унагаад л үлдсэн дээ. Яг тэр үед мөнгөтэйсэн гэсэн бодол зүрх зүсэж байлаа.

  2. Зөндөө ч уйллаа, зөндөө ч баярл####аа. Уяа тойрч хурдны морь хөтөлж өссөн бага нас санаанд орлоо. Тэнгэр минь монгол морьдыг минь хамга####ж хайрлаарай. Буянтай з####уу юм аа

  3. Сайхан зөв сэтгэлтэй хүн байна, өөрийн эрхгүй л нулимс гарч байна даа. Би адуу м####ын дэргэд өсөөгүй ч м####, амьтан хайрлаж, зөв ажил үйлс эрхэлж байгаа монгол гэр бүлээр яаж бахархахгүй байх билээ. Ийм хүмүүс улам олон болох болтугай.

  4. Буян хураана гэдэг л энэ байхдаа. Монгол адуу хүнээс ч илүү ухаантай шүү дээ. Танай гэр бүлийг адууны хийморь үргэлж тэтгэж явах байхаа. Үнэхээр сайхан сэтгэл хөдөлгөсөн нийтлэл байна. Кино ч хийсэн болохоор маш гоё санагдаж байна. Баярл####аа.

  5. Нулимс гарган уншлаа. Хайран сайхан морьд минь тийм зовлон үзэж байх нь ямар ч хэцүү юм бэ. Харамсмаар юм аа. Майн з####ууд үнэхээр их баярлаж байна.

  6. Сайн байна ийм з####уус уул нь олон бий дээ, гэтэл 25 ч хурээгуй охид нудээ бултийтэл гоечихсон (тэр нь зохиогуй гээч) 200 саяын машин унаад явж байхыг нь толгойд юу байгаа бол гэж бодоод имнеес нь ичих юм

  7. Сайхан түүх байна бүгдийг нь шимтэн уншлаа хамгийн инээдтэй хэсэг нь гэнэт нохой гарч ирэх гялгар уут хийх байлаа хэхэ ажилд нь амжилт хүсье

  8. Дүүдээ аз жарг#### хүсье! Сайн үйлсийн үзүүрт тос гэдэг.Амьтны ####тан амийг аврана гэдэг том буян юм даа.Ажил үйлс нь лэлгэрэх болтугай!

  9. БИ ЕР НЬ МАХ ИДЭХЭЭ БОЛИЛОО ТОФҮ БУДАА Л ИДЭЖ БАЙЯ . МОНГОЛ ХҮН ГЭЭЛ МАХ МАХ ГЭЭД ДАЙРНА ,ТЭГСНЭЭ БУЯНТ МАЛ МИНЬ ГЭЭЛ УЙЛНА.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button