Д.Тунгалаг: Боловсрол бол диплом биш, өөрийгөө мэдэх мэдэлтэй болох л юм

2024.06.06-нд нийтлэгдсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.
"Choirongoo" хуудаст хуваалцсан Д.Тунгалагийн залуу насны, шилжилтийн үеийн түүх анхаарал татсан. Багш нар хэрхэн 143 хоног ажил хаяж, мэргэжлийн үнэ цэнээ хамгаалж үлдсэх түүх.
Д.Тунгалаг одоо "Бүх нийтийн боловсролын төлөө" ТББ-д Ерөнхий зохицуулагчаар ажиллаж буй. Түүнтэй дэлгэрэнгүй ярилцлаа.
-Күнз “Шилжилтийн үед амьдар” гэж хараавал хамгийн хатуу хэмээсэн юм билээ. Танд ямар сонсогдож байна?
-Үнэн сонсогдож байна. 1990 онд би гуравдугаар курсийн оюутан. Шал өөр үнэт зүйлтэй явсан, өөрөөр төлөвшсөн байсан. Юуны төлөө, яаж амьдрах нь зурагдчихсан, тодорхой болчихсон, хар зураг гарчихсан байв. Гэтэл юу ч байхгүй болсон. Тэгээд яах вэ гэвэл хариулах хүнгүй. Юу ч тодорхой биш байх бол хамгийн аймшигтай зүйл.
Гол нь нийгэм шилжих үеэр хүмүүст дасан зохицоход нь туслах, дэмжих бодлого санаачлагүй. Биднийг дэмжих манатай ч болж, эдийн засаг хасах руу орсон л доо. Тэгээд л мэргэжилтэй хүмүүс тэрэг түрсэн. Эрчүүд архинд орж, эмэгтэйчүүд наймаанд явсан. Үүнийг л Күнз хэлсэн байх. Амьдралын зорилгогүй, үүрэг хүлээх чадамжгүй болохоор хэн ч биш болно шүү дээ, эрчүүд бол харамсалтай. Үр дагаврыг нь бид өнөөдөр хүртэж буй. Шилжилтийн үеийн нөлөө өнөөдөр ч арилаагүй байна.
2000 оноос хойш тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. 2010 он хүртэл аятайхан болж ирсэн. Харин илаарьшуулах бодлого бариагүй, тэр чигт нь хаячихсан. Үүнийг би харамсаж боддог. Одоо бидний үеийнхнээр дуусаж байна л даа. Цөөн хэд нь баян чинээлэг, үлдсэн нь ядуу тарчиг амьдралыг бид үүрээд туулж буй. Ямар хүнд цаг үеийг давж, улс орноо бүрэн бүтэн аваад ирснийг мэдэхгүй болохоор залуус ойлгодоггүй байх. Бид харин тодрох, өөрсдийгөө өргөмжлөх хүмүүжилгүй улс юм.
Сүүлд би хүн ам зүйч, социологич эрдэмтэдтэй ярилцаж суухад “Хойшлуулсан төрөлт” гэдэг ойлголтын талаар анх сонссон. Ирээдүй тодорхойгүй үед хүүхэд төрүүлэхийг зөнгөөрөө хойшлуулдаг юм байна. 1990 оноос хойш төрөлт эрс багассан. Би 27 настайдаа ганц хүүхэд төрүүлсэн. Эмэгтэй хүний хувьд энэ талаас нь бас шилжилтийн үеийн нөлөөг мэдэрсэн. 2000 он гарсны дараа хүмүүс хоёроос дээш хүүхэд төрүүлж эхэлсэн харагддаг.
-Ирээдүйд итгэл төрөөд эхлэхээр хүүхдээ ч төрүүлээд?
-Тийм, хар зураг ядаж харагдаад байхгүй юу.
Тэр үед чинь бидэнд ардчилал, зах зээл гэдэг ойлголт нь ч байгаагүй. Парламенттай болж байгаа гэнэ. Эрхтэй болж байгаа гэнэ л гэж боддог. Ямар ч байсан өөр “юм” ирж байна гэж төсөөлдөг байсан.
-Яг юу руу, ямар үзэл санаа руу шилжиж буйгаа нийтлэгээр бүрэн дүүрэн ойлгоогүй байсан гэдэг. Одоо эргээд харахад ардчилал, чөлөөт зах гээл гэж юу байж вэ?
-Бид нар эрх чөлөө л гэж ойлгосон. Гүн гүнзгий мөн чанарыг нь бол тайлбарлаж байгаагүй. Радио, телевизээр ч яриагүй. Ардчилагчид өөрсдөө ч мэдэхгүй орсон тал бий гэлцдэг.
ЗХУ задраад л, дэлхий даяар давлагаа өрнөхөд мухар сохроор орчихсон. С.Зориг тэргүүтэй хэдхэн хүн л тодорхой ойлголттой, ихэнх нь морин дэл дээр хийчихсэн юм уу даа. Зах зээлийн эдийн засгийг бол бидэнд тулгасан л даа. АХБ, ОУВС зэрэг санхүүгийн байгууллагууд улай үзсэн хэрээ шиг орж ирсэн. Өөр хэн ч санхүүгээр туслах билээ. Төсөв бүрдүүлэх гэж л зээл авч буй. Харин дандаа нөхцөл болзолтой. Тэр нь “Нийгмийн салбаруудаа багасга” гэдэг. Хуучин нийгэмд урлаг соёл, боловсрол, эрүүл мэндийг бодлогогоор санхүүжүүлж авч явдаг байсан.
Гэтэл зээл тусламж өгч буй талын нөхцөл болзлоор, нийгмийн салбарын зардлыг танасан. Тэгээд л багийн сургуулиудыг татан буулгаад эхэлсэн л дээ. Их дээд сургуулиудыг хувьчлаад л. Хүний төлөө байсан суурь тогтолцоог нураасан, гоёор хэлэхэд бүтцийн өөрчлөлт хийх замаар эдийн засгийн тусламж үзүүлсэн. Гурван мянган багшийг гурван жилийн цалинг нь нэг дор өгч, ажлаас чөлөөлж байлаа. Эдийн засгийн бодлого нийгэмд нөлөөлдөг гэдгийг тэр үед харсан. Гурван мянган багш чөлөөлсөн нь бол эдийн засгийн бодлого байсан. Гэтэл яг 30-45 насны, учраа олсон, идэвхтэй, сайн багш нарыг гаргачихаар салбар яаж доройтдогийг үзсэн.
-Хэдэн онд юм бэ?
-1994 он хавьцаа. Тэгээд л багш нар авсан цалингаар зах зээлд орно, хөрөнгөтэй болно гээд давхисан. Үүнээс болж боловсролын чанар унасан. Үр дагаврыг нь дараа дараагийн үеийнхэн туулж байна.

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ч ийм шилжилтийн үед орж ирээд, шууд өөрсдийгөө тулгадаг л даа?
-Цалин өгөх мөнгөгүй юм чинь, ядаж цалин тавих гээд зээлийг авна, нөгөө тал нөхцөлөө тулгана. Ингээд удалгүй төлбөрийг нь дийлэхгүй юм чинь хүүхдээ сургуулиас гаргая, малчин болгоё, зах дээр тэрэг түрүүлье гэдэг хандлага давамгайлсан.
Уг нь 2010 онд уул уурхайн хөрөнгө оруулалт орж ирж, өөрчлөлт илт мэдэгдэж ирсэн. Цалин хүрдэг болоод л. Ардчилал, зах зээлийн үр шимийг одоо л бид нар хүртэх нь дээ гэтэл идэж уух, хулгайлах, цөөнхийн эрх ашигт үйлчлэх бүхэн залгаж авлаа.
-Тухайн үед хамгийн олон хоног, хамгийн тууштай тэмцсэн хүмүүс багш нар юм байна. Салбарынхаа бөгөөд мэргэжлийнхээ үнэ цэнийг хамгаалж. Ингэхдээ гурван шаардлага тавьж, боловсролын систем уналтад орсныг онцолж байж. Яг ямар дүр зурагтай болчихсон байв?
-Тэр үед би залуу л байлаа. Одоо эргэж бодох нь ээ, гурван гол зүйл байсан шиг.
Нэгт, нэг жилд 30 мянган хүүхэд сургуулиас гарчихсан. Зах зээл гэдэг чинь өмч хөрөнгөтэй болоход л болох юм байна, малтай боллоо, одоо баян тансаг амьдарна, боловсролын хэрэг алга гэж бодоцгоосон. Дотуур байруудыг төлбөртэй болголоо. Тэгээд малчид “Төвөг төвөг, мөнгө хаана байна” гээд хүүхдүүдээ сургуулиас гаргахгүй юү. Энэ дүр зургийг хараад багш нарын зүрх өвдсөн. Мэргэжлийнхээ үүднээс эмзэглэсэн. Энэ олон боловсролгүй хүүхдүүд яана аа гэж. Сургуулийн насны хүүхэд зах дээр тэрэг түрж явахыг багш нар харж тэвчээгүй. Ойлгохгүй, хүлээж авахгүй байсан.
Хоёрт, 1990 онд хөтөлбөр тодорхой байлаа. Юуг юу гэж заах нь. Гэтэл зах зээлд шилжсэний дараа агуулга хоцорсон. Зааж болохгүй болчихсон.
-Хөтөлбөрөө шинэчлэхгүй л байсан юм уу, нийгмээ өөрчилчхөөд?
-Харин тийм, тэгэх мөнгө байгаагүй юм чинь. Тэгснээ гэнэт монгол бичгээр цагаан толгой заана ч гэх шиг. Дөнгөж л цалин тавина. Урсгал зардал гэдэг юм байхгүй. Сургууль өөрөө төсөвгүй. Засвар, үйлчилгээ хийх мөнгөгүй. 2010 он хүртэл боловсролын салбар хөрөнгө оруулалтгүй явсан л даа. Шохой ч олдохгүй байсан. Шохойн чулууг гудамжаас түүж, долоож бичнэ. Самбар нь хуучраад, шохой гарахгүй. Юун бичгийн цаас манатай. Самбар, шохой ч үгүй болсон.
Гурав дахь хүчтэй юм бол, мэргэжлээрээ авсан шок. Багш хамгийн нэр хүндтэй мэргэжил байсан. Дарга цэрэг, өвгөд хөгшид бүгд хүндэлнэ. Түүндээ таарсан өндөр цалин авна. Амралтын мөнгө их. Амьжиргаа болгоод цаана нь их мөнгө илүү гардаг байсан. Орон нутагт бол багш хүн өв тээгч. “Манайд ийм ховор ном судар байна. Та л хэргийг нь гарга. Манай хүүхдүүд тоохгүй нь” гээд багшид л барьж очно. Тэр хэрээр өөрсдөө хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг, дагаад боловсролын чанар сайн байв.
Одоо л ярьж эхэлж буй сэтгэцийн эрүүл мэнд, хүчирхийлэл сурлагын амжилтад нөлөөлдөг гэдгийг тэр үед батлаад, хэрэгжүүлж байсан. Харин зах зээлд шилжээд багш хэн ч биш болчихсон. Энэ хувь заяатай багш нар эвлэрч чадахгүй байсан. Тийм учраас 1995 онд батлагдсан бодлогын баримт бичигт багш нар “Боловсрол тэргүүлэх салбар мөн” гэж хүсэж бичүүлсэн. Өнөөдөр лоозон төдий болсон л доо. Тэр өгүүлбэрээр багш нар үзэл санаа тунхагласан юм. Бодоход мөн сэтгэл шимширдэг.
“Бороо гоулд”-ын ажилчид тэр үед долоон хоног ажил хаяад л, шууд өлсгөлөн рүү шилжсэн. Ажил хаяна, тэгж удаан тэснэ гэдэг амаргүй.

-Сонин “тамлал” шиг санагдсан. Үйл явдал өрнөөд байхад мэдээлэхгүй, зочин хөөхгүй хараад сууна, мөртлөө ажилдаа ирнэ гэхээр хүнд санагдсан.
-143 хоног шүү. Хүний бүх юмыг шалгана. Адаглаад ингэж ингэж бүр ажилгүй болчих вий гэж айна. “3-4-р курсийн оюутнуудыг түргэвчилж төгсгөөд, ажилд авна гэнэ. Биднийг хална гэж байна гэнэ” гээд л ярьж байсан. Гадаадын орнуудад хүч хэрэглэн жагсаал цуглаан дарсан талаар мэдээ ч сонсогдоно. Тэр олон хоног тэсэж ажил хаяна гэдэг цаана нь асар ноцтой шалтгаан байсных.
-Өөр ийм урт хугацаанд ажил хаясан салбар байдаг уу?
-Байхгүй.
-Тэгэхээр багш нарынх бол түүх юм билээ.
-Тийм. Нөгөө талаар жинхэнэ ардчилал өөрөө энэ байсан. Анхны ардчилагчдын гавьяа ч мөн. Хоёр дахь давлагаа нь энэ болсон гэж боддог. Зохион байгуулалттай иргэний хөдөлгөөн, тэгээд энх тайванч. Өлсгөлөн бол хүчирхийллийн арга хэлбэр. Харин энх тайванч замаар тэмцэж болж байна гэдэг нь ардчиллын том илэрхийлэл. Одоо бид тэмцэгч ард түмэн ч юм шиг, үгүй ч юм шиг болчихлоо. Нэг өдөр талбай дээр гарч ирээд больчихдог боллоо.
-Одоо байнга л өлсгөлөн, жагсаал, тэмцэл болж байна. Гаднаас нь харахад идэвхтэй иргэний нийгэм юм шиг. Багш нарын тэмцэл эдгээрээс юугаараа өөр юм бэ?
-Зохион байгуулалттай хөдөлгөөний ард нэг үнэт зүйл, зарчимтай хэсэг хүн байдаг. Тэд хэсэг хугацаанд ажиллаж, шат шатны тэмцэл явуулж, аргаа барахдаа ажил хаяж буй хэрэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хуулиар олгогдсон хамгийн эцсийн тэмцлийн хэлбэр бол ажил хаялт шүү дээ. Хардах үндэслэлгүй. Одоо жагсаалуудыг харддаг боллоо.
Багш нар таван жил тэмцээд, эцэст нь ажил хаялтад шилжсэн. Цалингаасаа ҮЭ-д татвар төлж байсан. Үйлдвэрчний эвлэлийн зорилго өөрөө тодорхой байсан.
Харин өнөөдөр гэнэт л, шууд л жагсаад эхлэхээр ойлгомжгүй. Өмнө нь шат дараатай тэмцлүүд явагдсан байх ёстой. Мөртлөө богино хугацаанд алга болдог, дуусдаг. Одоогийн тэмцлүүдэд итгэл үнэмшил төрдөггүй шалтгаан тэр л дээ.
-Та багш нарын Үйлдвэрчний эвлэлийг хэдэн жил удирдсан билээ?
-Гурван жил, 2008-2011 он.
-Одоо итгэл үнэмшил төрдөггүй байгууллага болсон. Та одоо байр сууриа хэлж болох уу. Шантааж хийх маягаар, түрэмгийлж асуудалд ханддагий нь цөөнгүй харсан.
-Ч.Мөнхтуяа, Д.Мөнхбаатар нарыг хэлж байна уу?
-Тийм.
-Тэд тусдаа ҮЭ байгуулаад явчихсан л даа.
Эхнээс нь ярья. Үйлдвэрчний эвлэл бол социализмын үед бараг сүүдрийн засгийн газар байсан. Нийгмийн даатгалыг захиран зарцуулдаг байсан гээд бод доо. Амраах, амралтад явуулах, туршлага судлуулахаар гадаадад явуулах асуудлыг ч шийднэ. Намын төв хороо даргыг нь томилдог байсан. Тийм зэрэглэлийн байгууллага. Тэгээд өмч хөрөнгөтэй. Одоо талбайн хажуу дахь тэр том барилга бол ҮЭ-ийнх. Тусдаа автобаазтай ч байсан, одоогийн Union Building-ийн суурь дээр.
Англиар Trade Union гэдэг чухал ойлголт л доо. Одоо багш, эмч гээд салбараар 13 салсан байгаа. Өмч хөрөнгөө, нүсэр бүтцээ чирээд ҮЭ зах зээлийн нийгэмд хөл тавьсан. Намын аппаратад ажиллаж байсан олон хүн Үйлдвэрчний эвлэлд орж ирсэн. Тэгэхээр шинэчлэгдэж чадаагүй. Тэд санаа зовох юмгүй, ажлын байртай, оффистой. Цалин хэрэгтэй болонгууд нэг өрөөгөө түрээсэлчихнэ. Ингээд л явж ирлээ. 1990-ээд онд уг нь олон сургалт хийсэн. Халамжийн байгууллагаас тэмцэгч байгууллага болгоно гэж. Гэвч гишүүд нь хүртэл “Биднийг яагаад харж үздэггүй юм” гэж уурладаг байсан.
-Хуучин сэтгэлгээгээр хандаад байж.
-Тийм. Гишүүд нь халамж нэхээд байхаар тэдэндээ таалагдаж, татварыг нь авах, өөрөө сонгогдохын тулд л ажиллана.
-Одоог хүртэл ийм байгаа юм уу, эсвэл?
-Зарим нь тийм байна. Арай ахиц дэвшилтэй явааг нь багш нарынх гэнэ. Өөрөө ажиллаж байсан болохоор ч тэгж хэлж байж мэднэ.
Ажил хаялтаар их зүйл ойлгосон л доо, багш нар. Иймд ойр ойр тэмцдэг, арай идэвхтэй ажилладаг. Багш нарын Үйлдвэрчний эвлэл гэж л сонсогддог гэлцдэг. Би гурван жил даргалахдаа Норвегийн Үйлдвэрчний эвлэлтэй хамтарч, байгууллагадаа сургалт авсан. Шинэчлэх гэж 10 жилийг зориулсан. Дотоод ардчилалтай, дүрэм журмаар удирдагддаг, хяналттай болж өөрчлөгдсөн. Хамгийн ойр хугацаанд дарга нь солигддог Үйлдвэрчний эвлэл бол багш нарынх.
Харин заавал нэг Үйлдвэрчний эвлэл байх албагүй. Олон байж болно. ШриЛанкад багш нар заадаг хичээл, хичээлээрээ Үйлдвэрчний эвлэл байгуулсан. Бүр шүтдэг шашнаараа багш нар ялгарсан. Үүний нэгэн адил Ч.Мөнхтуяа, Д.Мөнхбаатар нар тусдаа Үйлдвэрчний эвлэл байгуулсан.
Энэ бол хуультай л даа. Яаж ажиллах, эрх үүргийг нь хуульд заасан. Хуулиас хэтэрсэн үйл ажиллагаа явуулж байгаа бол харин татан буугдах учиртай. Улайм цайм хууль бус үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг ч татан буулгаж байх ёстой.
Үйлдвэрчний эвлэл гол нь намаас л хараат бус байх ёстой. Ажил олгогчоор удирдуулсан эвлэлийг бид “шар” Үйлдвэрчний эвлэл гэж нэрлэдэг. Энэ бас явцгүй хэлбэр.
Манай одоогийн Үйлдвэрчний эвлэл төрийн байгууллага дээр биш хувийн компаниуд дээр хөгжих хэрэгтэй байна. Том компаниуд дээр. Тэгж нийгмийн асуудлаа шийдүүлэх, хөдөлмөрөө хэсэг бүлэг хүмүүст мөлжүүлэхээс сэргийлэх боломжтой. Япон, Өмнөд Солонгост Үйлдвэрчний эвлэл маш сонгодог ажилладаг учраас хувийн компаниуд нь хөгжиж дэвшдэг. Нийгмийн баялгийн шударга хуваарилалтад хувь нэмрээ оруулдаг том бүтэц бол Үйлдвэрчний эвлэл юм.

-Ажил хаялтын сэдэвтээ буцаж оръё. Яг юу өөрчлөгдсөн бэ?
-Нэгдүгээрх зорилго бол одоо ч биелээгүй. Тухайн үедээ бол шийдээд өнгөрсөн. Дотуур байрыг эргээд төлбөргүй болгосон. 30 мянга гаруй хүүхэд сургууль завсардаж байсныг болиулсан. Одоо хамрагдалт 95 хувьтай байгаа. Азийн орнууд дундаа манайх дээгүүр бичигдэж буй.
Харин багш нарын нэр хүндийг өндөрт өргөх зорилгодоо хүрээгүй. Сүүлийн хэдэн жилд л боловсролын салбарт төсөв тавьж байна. Багш цахимаар хичээл заах болоход датагийн төлбөрийг өгч байна. Харин багш дутагдах гэдэг том асуудалд уналаа. Тийм болохоор дээд сургуулийг нь хүртэл төлбөргүй болгож байна.
“Боловсролын салбар тэргүүлэх чиглэл байна” гэдэг үзэл баримтлалд, ноднин хууль баталснаар жаал ойртож очлоо. Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга олон ашиг сонирхлын дундуур туучиж батлагдлаа. Төрд бэлэн хөтөлбөр шахах, хувийн бизнесээ хамгаалах гэсэн олон лоббигийн ард гарсан. Эсвэл монгол хүн болоход л болоо, чөдөр ногт зангидаж сурахад л хангалттай гэсэн туйлшралтай тулсан. Эсвэл зургаан насыг найм болгож ухрах гээд л. Маш их зөрчил тэмцэл, ашиг сонирхлын дундуур явж баталсан.
Монгол Улс хөгжье гэвэл хүний хөгжилдөө л анхаарах ёстой. Үүнийг хийж буй гол “үйлдвэр” бол ерөнхий боловсролын сургууль шүү дээ. Нэлээд урагш чирсэн хууль болсон шүү. Зарим сургуулийн захирал хэцүү, хэрэгжүүлэхэд амаргүй байна гэж ярьж байна. Би олзуурхаж байгаа. Нэлээд урагш нь чирсэн хууль болж дээ гэж.
-Явсөөр дөнгөж жилийн өмнө шүү дээ, хууль батлагдсан нь?
-Нийгмийн хөгжил ийм удаан юм байна.
Бүх боловсролын байгууллагын суралцагчид нийлээд нэг сая болдог. Эцэг эхийг нь оруулбал хоёр сая. Ийм том нөлөөтэй салбар л даа. Зах зээлийн нийгмийг буруу ойлгосны лай ланчгийг л удаан үүрч явлаа. Өв соёл, уламжлалаа сэргээе гээд ярьцгааж л байна. Уг нь монгол хүн эрдэм номыг шүтдэг, эртний сэтгэлгээтэй. Торго дурданд боож, авдар дээрээ залдаг байв. Одоо ч эцсийн сохор зоосоо хүртэл хүүхдийнхээ боловсролд зориулдаг хэвээр.
Иймд зөв зам дээрээ гараад зогсвол монгол хүн сэргэн мандах гэх үү, хөгжих боломжтой гэдэг итгэл найдвар маань ер тасардаггүй. Заримдаа унадаг. Гэхдээ итгэл найдвар тасардаггүй. Тийм болохоор 1995 оны ажил хаялтын үзэл санааг үргэлжлүүлж яваа гэж боддог.
-Та өөрөө хэдэн жил багшилсан хүн бэ?
-Би ердөө таван жил. Хойно төгсөж ирээд Төв аймагт хоёр жил, Улаанбаатарт шилжээд гурван жил багшилсан. Тэгээд ҮЭ намайг англи, орос хэлтэй болохоор авчихсан. Тэгээд л ҮЭ-г бэхжүүлэх төслүүд дээр багагүй ажилласан. Жаахан амбицтай байсан юм уу. Даргын сонгуульд өрсөлдөөд ялагдсан л даа, залуу эмэгтэй. Хоёр удаа ялагдсан. Нэгт нь С.Ганбаатарт. Дараагийн сонгуульд би дахиж өрсөлдөөд ЕНБД-аар сонгогдож ажилласан. Гэтэл 2008 онд юу боллоо. Долдугаар сарын 1. Шинэ дарга эрчтэй, цалин нэмэх шаардлага тавьсан. Аравдугаар сард нь жагсъя гээд л. Хүмүүс айж байсан. Жагссан, цагдаад дуудагдсан. Тэр үед дэлхий даяар санхүүгийн хямрал болсон. ДНБ анх удаа хасах руу орсон. Төсөв байхгүй. Нэмсэн ч бусад салбар барьцана. Тийм болохоор шинэ механизм оруулж ирье гээд, анх удаа үр дүнгийн урамшуулал олгодог болсон. Хүнд цаг үед багш нарын цалин тэгж нэмэгдсэн. Тийм болохоор ҮЭ-ийн хүчинд би итгэдэг. 4000 айлын орон сууцны хөтөлбөрт ажиллаж, багш нарт 1500 орчим квотыг олж өгсөн. Багш нар байртай болж болно гэдэг итгэл үнэмшлийг тэр үед анх бий болгож байлаа.
-Эцэг эхчүүд одоо хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч л байна. Мөнгө зарж байна. Гэхдээ англи хэлтэй л болбол болчих юм шиг хандаад байна. Нийгмийн тухай ойлголтгүй, суурь мэдлэггүй хүүхдүүд төгсөж гараад, алдаа хийгээд байх шиг. Боловсрол гэж тэгвэл юу юм бэ?
-Нийгэмд тухайн хүнийг өөрөө өөрийгөө авч явах чадалтай болгох л юм. Маш товчоор хэлэхэд. Өөрийгөө мэдэх мэдэлтэй болгох юм.
Боловсролыг дөрвөн чиглэлд задалж байгаа.
Мэдлэг. Юмыг танин мэдэх арга хэрэгсэлтэй болох гэсэн үг. Хүний нийгэм хөгжих тусам шинэ зүйлтэй учирна. Тэдгээрийг өөрийн чадлаар, арга хэрэгслээр танин мэдэж, ашиглаад явчих боломжтой болно.
Чадвар. Гэхдээ яг тодорхой чадварууд. Амьдралд хэрэгтэй, яг тодорхой зүйлсийг чаддаг болох. Чам шиг бичих, над шиг хичээл заах гэдэг ч юм уу. Дээр нь амьдралд хэрэгтэй чадварууд суулгана. Харилцааны, гэр бүлийн, үр хүүхдээ хүмүүжүүлэх гэх мэт. Мөн өөрийгөө таньж мэдэх чадвар ч энд хамаарна. Хүнд хэцүү үед сэтгэл зүй, бие бялдраа эрүүл саруул аваад явчих. Эрхэм үнэт зүйл, зорилго, төлөвлөгөөтэй байчих хат, тийм чадвар суух.
Сүүлд нь бусдыг ялгаварладаггүй байх, ялгаатай байдлыг ойлгон хүндэтгэх, тэгж харилцах бол боловсролын нэг элемент.
Энэ дөрвөн тулгуур баганыг боловсрол гэж үздэг. Англи бол танин мэдэхэд суралцахын нэг жижиг хэсэг. Өөр хэл сурах чадварыг хөгжүүлэх өчүүхэн жижиг ялтас. Зөвхөн үүнд бүтэн 12 жилийг үрнэ гэдэг туйлын хайран.
Гэтэл бид маш явцуу хүрээнд боловсролыг харж, үнэлж байна. Ингэхээр цухал төрдөг. Хүүхдийн эрхийг зөрчиж буй явдал шүү дээ. Хүүхэд одоохондоо өөрөө мэдэж шийдэх чадвар бөгөөд эрх зүйн боломжгүй байхад, эцэг эх тийн хандах бол харамсалтай.
Мөн хүүхдийн эрхийг хамгаалах ёстой төрийг бид татвараар санхүүжүүлж байгаа. Хэчнээн зүүн төвт, коммунист гэж хэлүүлсэн ч энэ чиглэлд дуугарна, тэмцэнэ гэж боддог.
Боловсролыг бас Enabling Right буюу “Боломжийн эрх” гэж тодорхойлдог. Боловсрох эрхээ эдлээгүй хүн өнөөдөр сонгох сонгогдох, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг эрхээ эдэлж чаддаггүй. Тэгэхээр хүн боловсрол эзэмшсэн бол сонголт хийх эрхээ олж авдаг. Боломжийн үндсэн эрх гэдэг утгаар нь үүнийг заавал хангаж өгөх ёстой.
Одоо хүний хөгжлийн талаас ч боловсролыг тайлбарлаж байна. Одоо сургуулийн өмнөх боловсролоос доош бууж, нарийсаж байна. Төрсний дараах мянга хоног, хоёр мянга хоногийг ярьж байна. Таван нас гэхэд хүний тархины 80 хувь хэдийнэ бүрэлдсэн байдаг. Тэр үед баялаг нейроны холбоос үүсгэж чадвал цаашид мэдлэг боловсрол “өрөгдөнө”. Энэ алтан үед боловсролын интервенц ороод ирэхээр тархины хөгжлийн суурь сайжирна. Боломжгүй айлд өссөн ч амьдралаа сонгох боломжийг пуужинд суулгачхаж байгаа хэрэг. Тэгэхээр боловсрол бол хүний хөгжлийн хурдасгуур юм.

-Одоо арай өөр зүйл ярихаар л хуучин нийгмээ санагалзагч, коммунист, зүүнтэн, бараг “Путлер” гэж дуудуулдаг болчхоод байна. Олон үзэл санаа уралдах ёстой. Та бол боловсролын салбарыг зах зээлд даатгаж болохгүй гэж үздэг. Үүгээрээ чөлөөт зах зээлийн эсрэг гэж шүүмжлүүлдэг байх.
-Өмнөх нийгмийн идеал бол дутагдах гачигдахын зовлонгүй, ирээдүйд санаа зовохгүйгээр наад захын хэрэгцээгээр бүрэн дүүрэн хангагдаж амьдрах шүү дээ.
Одоогийн капиталист нийгмийн хавдар болчхоод буй тэгш бус байдлыг шийдвэрлэх аргыг эрж байсан. Би тэр нийгэмд амьдарч байсны хувьд, тухайн нийгэмдээ яг тохирсон боловсролын системтэй байсан гэж хэлнэ.
Боловсрол, эрүүл мэнд хоёрыг зах зээлд даатгахдаа азнаж болохгүй юм байх даа гэж боддог. Мөртлөө бусад салбаруудаа зах зээлд оруулдаггүй. Төрийн өмчийн компани байгуулчихна. Тэгснээ боловсрол, эрүүл мэндийг л хувьчлах гээд дайраад байна.
Дахиад ардчилсан нийгмийг өөрсдөө ойлгохгүй байна. Социализмд ганц үнэт зүйл байсан. Гэтэл энэ нийгмийн үнэт зүйл бол плюрализм. Олон ургальч байвал сайн гэдэг. Гэтэл яагаад социалист агуулгатай гаргалгаа ярихаар шууд үзэн ядаж, хүрээллээс хөөн гаргадаг юм. Хүний өөр үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Тэгэхээр манай нийгэм өнөөдөр ч ардчиллаа ойлгоогүй яваа юм биш үү.
Ардчиллаар олон үзэл бодлыг уралдуулна. Тэр дундаа олонхоороо шийдэж, цөөнхөө хүндэтгэнэ буюу сонсоно гэж байгаа. Гэтэл чи социалист, бараг фашист гээд үг хэлүүлдэггүй л дээ.
Боловсролын салбарт неолиберализм хүчтэй явсан. Милтон Фридман, “Chicago Boys”-ийнсонгодог жишээ бол Чили. Өнөөдөр эргээд буцаж байна. Боловсролын тогтолцоо нь гурван давхраат болсон. Чанар муутай, санхүүжилт багатай улсын сургуулиуд. Чанар гайгүй, төсвөөс санхүүждэг сургуулиуд. Дахиад төсвөөс дэмжлэг авдаг хувийн сургуулиуд гэж.
Гэтэл нийгэм нь шууд гурав хуваагдаж, шаазан шиг бутарч унасан. Байнгын жагсаал цуглаан, зэвсэгт мөргөлдөөн өрнөдөг болсон. Одоо үүнийгээ буцааж байна. Ашгийн байгууллага байхыг шууд хориглож байна. Энэ бол шударга зарчим л даа. Зах зээлд хөндлөнгөөс оролцож болохгүй л юм бол хувийн сургууль яагаад төсвөөс татаас авдаг юм бэ. Өрсөлдөөд, үнэхээр чанар нь сайн байгаа юм бол яагаад төр түүнд төсвийн дэмжлэг өгдөг юм. Үүнд логик байхгүй.
Сүүлд Милтон Фридман өөрөө хүлээн зөвшөөрсөн. Боловсрол бол квази-маркет юм. Цэвэр зах зээлийн зарчмаар явж болохгүй юм гэж.
Чөлөөт зах зээлд бараа бүтээгдэхүүний худалдагч, худалдан авагч хоёр тал ижил мэдээлэлтэй байж гэмээнэ үнэ тогтож, арилжаа явагддаг. Боловсролд тэгж болдоггүй. Хүүхдээ хувийн сургуульд өгье. Хөтөлбөрийг нь харж чадах уу. Хараад яг олон улсын хөтөлбөр мөн, үр дүнтэй гэдгийг яаж мэдэх үү?
-Юу заахыг нь мэдэхгүй?
-Тийм, тэгсэн мөртлөө худалдаж авах гээд байдаг. Бүх мэдээлэл, эрх мэдэл худалдагч талдаа. Тийм болохоор зоригтойгоор хүүхдээ аваад зайл гэж хэлж чаддаг. Өөр нэг юм нь, суудал хадгалах хэрэгтэй болдог. Хоёрдугаар ангид хүүхэд дэвшиж ирэх ирэхгүйг есдүгээр сарын 1-нд л мэднэ. Энэ чинь бизнес шүү дээ. Тэгэхээр хүүхэд олох ёстой. Анги бүрээс 10 хүүхэд ирсэнгү гэхэд л багш нараа цалинжуулж чадахгүй. Больё, дампууруулъя, хүүхдүүдээ тэгээд яах вэ. Шал өөр хөтөлбөрөөр явчихсан болохоор сурагчид нь шилжиж бас болдоггүй ээ.
Тэгэхээр төр бол хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Хүний эрхийн конвенцын дагуу ч хүлээсэн үүрэг.
12 жил өндөр төлбөр төлтөл ямар ч чанаргүй боловсрол эзэмшчихсэн байвал яах вэ. Тэр чанарын хяналтыг хэн хийх вэ. 12 жилийн амьдралаа үрлээ, эцэг эх мөнгө төллөө. Засаж залруулах арга байх бил үү. Тиймээс ад үзэгдэхээс, дуугарахаас өөр арга байхгүй. Сүүлдээ бүр “сталинист” болсон. Гэхдээ хувийн сургуулиуд асар хүчтэй лобби хийдгийг хууль батлах үеэр харсан л даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙХАН ТОМ МӨӨТЭЙ ХҮҮХЭН БАЙНА АМЖИЛТ МИСС
Маш зөв. Эцсийн эцэст сургууль ашгийн төлөө байж хэрхэвч болохгүй. Ашгийн бус гэж хуульд тэмцэж байж оруулсныг хожим хувийн сургуультай гишүүд Ашгийн төлөө болгож өөрчилсөн. Үүнийг шийдсэн цагт л боловсрол хөгжинө.
Маш зөв. Эцсийн эцэст сургууль ашгийн төлөө байж хэрхэвч болохгүй. Ашгийн бус гэж хуульд тэмцэж байж оруулсныг хожим хувийн сургуультай гишүүд Ашгийн төлөө болгож өөрчилсөн. Үүнийг шийдсэн цагт л боловсрол хөгжинө.
Гучин хэдэн жилд юу өөрчлөгдөв. Бараг юу ч өөрчлөгдсөнгүй шив дээ. коммунистууд төр барьсан хэвээрээ Орос дарангуйлсан хэвээрээ. Харин боловсолын чанар 100 дахин унаж Бүгд дипломтой Ажил хийж чадах хүн байхгүй. Энэ олон хувийн сургуулиа хаагаач ээ. Энэ олон эдийн засагч хуульч нараа бэлтгэхээ болиоч.
Tungalag guai bolowsroliin bagts huulid mongoliig hunuuh heden zaalt oruulsan shu;
Ялзарсан улс төрд дулдуйдсан гадны диплом нэртэй хоосон цаас анкетний хойноос хошуурдаг оюуны ялзр�##� ид хүчээ авч одоо л модноос гарах дөхөж л байна. Боловсролын агуулга хөтөлбөрийг хэнч өмчилж болохгүй нийтийнх учир боловсролын байгууллагыг нийтийн эрх зүйн этгээд болгож өмчийн оролцоог хязгаарлах ёстой. Банктай л адил нэг өмчлөгчийн хувь оролцоо 20-30 аас бага байх ёстой. Яам нь сург�##�тын хөтөлбөр буюу агуулга элсэлтийн журмаа ягшт�##� баримтлах улс төрөөс ангид байхад л болчих зүйл шүү дээ.
энэ үед цав цагаан толгойтой бор царайтай хүн боловсролын сайд байсан ,хэдэн жилийн дараа тэр цагаан толгойт ш�##� согтуу төрийн ордноос гарч бу�####�ар түшүүлэн машинд суугаад явахыг олон хүн харсан ,тэр хүн хэн гэдэг хүн байсан бэ?
Хойно төгсөөгүй орос хэлний дээдэд магай нөгөө ангид байсан. Хуплаа яоьдаг рэвээрээ