Top StoriesЯрилцлага

Гэртээ ирсэн “The Hu”: Ярилцлага, тоглолтын рэвью

Дараалсан олон нислэг, тэр бүрийн ардах тоглолтод дуулагддаг хэл нь монгол, тоглодог хөгжим нь “Хүннү рок”, тамгалдаг үзэл санаа нь Чингис хаан бөгөөд энэхүү “Хү” хамтлаг үүсгэн байгуулагдсан дороо хоёр удаа л эх орондоо багашаар тоглолт хийсэн юм.  Харин цээжээр тоолж барахгүй, хэлэлцэж суугаад тоймлосон 70 гаруй орон дахь 370 гаруй тоглолтыг таван жил гаруйн хугацаанд бараад, анх удаа Монголдоо, дошин дээрээ бяц авсан үйл явдал өчигдөр буюу долдугаар сарын 10-нд, Үндэсний их баяр наадмын урд өдөр тохиолоо.

Лимбэний битүү амьсгааг эрхшээсэн, соёлын өв тээгч Г.Нямжанцангаас эхлээд ардын урлагт залуу насны амьдралаа өгч, хүүхэд цагийн чөлөө зав бүхнийг төлөөс золиос болгосон эрчүүд “Хү” хамтлагийн үүсгэн байгуулсан юм. Харин сайн менежмент байсан учраас тэд дэлхийд гарсан. Дэлхийд гарч буйг нь монголчууд эндээ шагшин магтаж, хүлээн зөвшөөрч байснаас хэдэн жил өнгөрчихжээ. Өнөөдөр эргээд тэдний сайн, мууг зэрэгцэн хэлэлцэж эхэлсэн нь жам ёсны гэлтэй ч хармын сэтгэл төрөхөөр үйл явдал мөн юм.

“Хү” хамтлагийн олон дуунаас гарын таван хуруу дарж тоолмоор цөөнийг мэддэг нь монголчууддаа үнэн. Тэдгээр нь нэгэн хэвийн загвартай санагдаж, сэтгэлд хоногших ёстой уран бүтээлийн амин чанарыг нь тэмтэрч үзээгүй сонсогчид бүр олон юм билээ.

Магадгүй, учир нь тэд шинэ урсгал туршиж байна. Түүнийгээ “Хүннү рок” гэж тэмдэглэсэн нь гадаадын судлаач, экспертүүдийн анхаарлыг татаж, “80-аад оноос хойш уйтгарт автсан рок хөгжмийн ертөнц амьсгалах агаар чөлөөтэй боллоо” хэмээн бичихэд нь хүргэсэн юм.

“Хү энэ бүх үйл явдлын дараа Монголдоо тоглох гэнэ” гэсэн мэдээг сонсоод гайхширч хүлээж авсан ч олон нийтийн хүлээлт тиймийн адил байсангүй. Тэднийг цар тахлын үеэр тусгай үүргийн нислэгт давуу эрх ашиглан суусан гэдэг яриа явж, чухам тийм шалтгаанаар тоглолтыг нь үзэхгүй гэгдсэн байр суурь цөөнгүй таарч байлаа.

Тоглолтын бэлтгэл ажилтай нь танилцангаа ярилцахаар ирэхэд Youtube хуудаст олон сая үзэлт авч, Европын турүүддээ гадаадуудыг монгол хэлээр даган дуулахад хүргэж байсан хүчирхэг “Хү” хамтлагийн залуус эчнээ танил ч юм шиг, ийм тийм гэж бодоход дэндүү даруу ч юм шиг сэтгэгдэл төрүүлж байв. Мөн олон тоглолт, хамтын ажиллагааны ард гарч сурсан хүмүүсийн тайван хандлага ажиглагдсан билээ.

-Ер нь хэдэн оронд, хэдэн удаа тоглочхов оо?

Ц.Галбадрах: 370 руу дөхөж байна. Давхардсан тоогоор 70 гаруй оронд.

-Одоо энэ бүх хугацааны дараа Монголдоо тоглоно гэхээр арай өөр мэдрэмж байна биз?

Г.Нямжанцан: Хамгийн анхны хоёр тоглолтоо Монголдоо хийж байсан. 1000-аад хүнтэй, хоёр өдөр тоглосон. Түүнээс хойш бидний тур эхэлсэн дээ.

Мэдээж догдолж байна. Бүгд бидний ярихыг ойлгоно. Бүгд хамтдаа дуулсан ч болох уур амьсгал үүснэ. Дээр нь наадам дөхсөн сайхан дэлгэр цаг. Бид өөрсдөө ч гэсэн маш их хүлээлттэй байна.

Эхний асуулт ингэж явлаа. Ц.Галбадрах бол “Хү” хамтлагийн ахлагч. Баргил хоолойтой, морин хуурч тэрбээр хөөмий, хархираанд гаргууд. “Хүннү рок”-ийг илүү зэрлэг, хүчирхэг өнгө аястай болгож өгдөг. Хэдхэн хоногийн дараа, долдугаар сарын 10-нд тэдний тоглолтыг үзэхэд Ц.Галбадрахын хоолойны өнгө наадмын талбайг цочоох болно.

Харин Г.Нямжанцан гоцлол дуучин, түүний зэрэгцээ лимбэдэж, хуур татна. Лимбэний битүү амьсгааны техник бол ЮНЕСКО-д бүртгэсэн соёлын биет бус өв бөгөөд Монголд эзэмшсэн цөөн хүн бийн нэг гэдгийг дээр дурдсан билээ.

-Бид The Hu-г бахархаж л харж явдаг. Харин та бүхний яг дотроо авдаг мэдрэмж юу юм бэ. Монголын нэрийг гаргаж, дэлхийн олон оронд тур хийх, танигдах мэдрэмж?

Б.Энхсайхан: Бид багаасаа ардын урлагаар хүмүүжиж, рок хөгжимтэй салшгүй холбогдсон хүмүүс. Сайхан ч, шантармаар үе ч таарсан. Хамгийн гол нь Монгол Улсынхаа үүх түүх, соёлыг таниулах гоё шанс бидэнд олдсон. Үүнийгээ улам өнгөлж яваа. Нэг үгээр маш хариуцлагатай, зарчимтай авч явах үүрэг оногдсон. Тэгэхээр хөгжмөө, урсгалаа улам л хөгжүүлэх, монгол хэв шинж, хөг аялгуу ямар хүчтэйг шинэ шатны техникээр илэрхийлэхийг л зорьж явна.

-Би гайхдаг юм. Яагаад ч юм та бүхний амжилтыг тулчихсан юм шиг ойлгодог, эсвэл шууд хүлээн зөвшөөрдөг болчихсон л доо. Харин хамтлагийн гишүүд өөрсдөө энэ өнгөрсөн хугацааг юу гэж  дотроо үнэлдэг юм бэ?

Б.Энхсайхан: Хүннү рок гэдэг урсгалыг томьёолж, дэлхий нийтэд толилуулж чадлаа. Энэ эхлэл нь л байлаа. Монгол урлаг ийм байж болдгийг эхний байдлаар үзүүлсэн хэрэг. Дэлхийд олон үндэстэн бий. Тэд бүгд урлагтай. Харин дэлхий хайраа хуваалцах ёстой. Бидний хөгжим энэ цагт дэлхийд, бусад улс үндэстнүүдэд хэрэг болсон байх гэж боддог.

Хэмжээ хязгаар гэж үгүй л дээ. Ямагт, мөнхөд сурч, хөгжинө. Үүний адил, эхлээд ардын соёлыг хөгжимдөө тусгасан бол бол дараагийн цомогтоо нүүдлийн соёлыг чухалчлах жишээтэй. Монгол хүнээс гарах характер монгол рок хөгжимд яаж тусаж болохыг бодож байна шүү дээ. Бид эхлээд явж байна. Тодорхой хэмжээнд нэрээ тамгалж авлаа. Энэ бол өшөө ихийг хий гэсэн үг болж байна.

Ц.Галбадрах: Бидний очих ёстой оргил гэж бий бол бэлдээ явж байна.

-Дууны үг аяыг хэн зохиодог вэ?

Ц.Галбадрах: Дашка ах (Б.Дашдондог) санаачилна, дараа нь бид нэгдэн, боловсруулдаг даа.

Б.Энхсайхан: Гурав дахь цомогтоо өмнө нь зохиосон байсан үг, ая, хэмнэл зэргээ ч баяжуулж байна. Яг л хамтлагийн зарчмаар дуугаа зохиодог.

-Гэхдээ бас тодорхой хэдэн дуугаар л “The Hu”-г таньдаг тал бий. Өөр, төдийлөн олны танил биш ч үнэ цэнтэй дуу бий юу?

Ц.Галбадрах: “Star Wars” кино, тоглоомыг мэддэг хүмүүсийн хувьд их том үйл явдал болсон л доо. Урьд нь энэ тоглоом хөгжмөө симфони оркестроор хангадаг байсан. Харин энэ удаа дэлхий даяар нийтлэг яригддаггүй, сонсогддоггүй хэлээр, дуугаар хийсэн нь манай “The Hu”-тэй хамтран ажилласан явдал. Тус тоглоомын “Jedi Survivor” хэмээх дараагийн хувилбар гарч, бид гурван дуугаа оруулсан. Гэтэл сая “Grammy” наадмаас шагнал авлаа. Бидний нэр дээр биш ч бидний хамтарч ажилласан төсөл гэдэг утгаар энэ их үнэ цэнтэй үйл явдал болсон.

Б.Энхсайхан бол мөн морин хуурч. Хамгийн ширүүн төрхтэй нь мэт мөртлөө дотроо бодолтой, түүнийгээ гаргахдаа гэнэн цагаандуу, даруу төлөв хүн байна.

-Нэг ийм асуулт байх юм. Танай хамтлагийг цар тахлын үед тусгай үүргийн нислэг давуу эрхээр авсан гээд өнөөдөр ч бичээд байна. Энэ юу юм бэ?

Б.Энхсайхан: Биднийг Австралид тоглолт хийж явахад хөл хорио тогтоосон. Тэгээд бид ЭСЯ-нд шууд хүсэлт өгсөн. Энэ Австралиас чартер нислэгийн хүсэлт өгсөн бараг анхны удаа нь болсон байсан. Тэгсэн ч бид хоёр сар хүлээж, тэнд гацсан. Бидний хугацаа хойшлоод л, гэтэл нислэгүүд хийгдээд л байсан. Тэгж тэгж хуваарь өгөхөд нь явсан хэрэг шүү дээ. 2020 онд юм. 

Ц.Галбадрах: Аливаа асуудлыг хэн нэг эзэнд тохдог доо. Тэр тохолтыг л авчих шиг болсон. Бай хэрэгтэй байсан байх. Бидэнд тэр бүү хэл Австралийн чартер ч таараагүй. БНСУ, дараа нь Франкфуртэд очиж, тэндээсээ Монгол руу нисэж магадгүй, Австрали руу буцаж ч болзошгүй нислэг олдсон. Франкфуртэд хаачих нь тодорхойгүй хоёр хоног хүлээсэн. Бид юу гэж бусдын өмнүүр дайрах вэ дээ. Ном журмын дагуу хамгийн эхэнд хүсэлт өгч, хоёр сар хүлээсэн байдаг.

Г.Нямжанцан: “Австрали руу буцаж ч мэднэ шүү” гэж сануулахад нь бид арга буюу суусан. “Юу ч гэсэн Франкфуртэд ирээд хүлээж бай” гэсэн. Монголдоо буцах эсэхээ ч мэдэхгүй Франкфуртийн нисэх буудалд сандал дээр унтаж хүлээсэн.

-Давуу эрх ашиглаагүй юм уу?

Ц.Галбадрах: Тийм байсан бол анхны нислэгээр явах байлгүй дээ. Бидний хүсэлт эхний нислэгийн, эхний 10 нэр дотор багтсан байсан. Түүнээс хойш хоёр сар хүлээсэн. Өнгөрсөн хойно төдийлөн яриад хэрэггүй биз дээ, хө.

Г.Нямжанцан: Давуу эрх ашиглах бол хоёр сар тийм их зардал гаргаж, хүлээхгүй шүү дээ. Найман эрэгтэй хүний хоол, тэгээд тусдаа унтлагын өрөө шаардлагатай гээд л. Энэ бүхнийг ойлгох хүн цөөн байж мэднэ.

-"The Hu" их хурдтай хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо дараагийн шатанд дэвших хүлээлтийн өмнө ирчихлээ. Чимээгүй ч болчих шиг санагдах тал байна. Энэ зурвас үеийг та бүхэн яаж хүлээж авч байна?

Ц.Галбадрах: Үргэлж өгсдөг түүх хэзээ ч үгүй. Бид зогсоогүй. Цомгоо, тоглолтоо хийсээр байна. Одоо яг шинэ цомог дээр ажиллаж, түүндээ өндөр шаардлага тавьж байна. Хүннү рок урсгалаа хөгжлийн дараагийн шатанд гаргах боловсруулалт дээр шаргуу сууж байна. Хувийн эрх ашгийн төлөө биш шүү дээ. Бид нэгэнт Монгол Улсынхаа өв соёлыг дэлхийд түгээх замд орсон. Яривал олон золиос бий, гэхдээ тоочдоггүй. Хийж буй зүйлээрээ харуулахыг л хүсдэг.

-Ер нь монгол хамтлагийг дэлхий сонсдог болно гэхэд боломжгүй санагддаг байлаа. “The Hu” анхны жишээ болчих шиг. Зөв стратегиар явбал энэ боломжтой юм байна гэсэн бодит итгэл төрсөн үү?

Г.Нямжанцан: Төрсөн учраас бид олон турийн ард шүд зууж гарлаа. Дараагийн тур ч товлогдсон байна. Бидний ижил хэв маягаар ажилладаг хамтлагууд бий. “Бид шатаар явган өгсөж байхад “The Hu” лифтээр гарчихлаа, азтай” гэж ярьдаг. Энэ бол Хүннү рокийн ач шүү дээ. Шинэ урсгалыг бид дэлхийн рок ертөнцөд туг болгож хатгасан. “Рокийг амьсгалах агаартай болголоо” гэж экспертүүд нь үнэлж байсан. “Яах л бол доо, цаашдаа” гэж харж байсан хүмүүсийн эргэлзээ одоо тайлагдсан. Хүннү рок сонирхолтой байгаа учраас олон орны, олон хүн сонсож байна.

Б.Энхсайхан: Мөн биднийг гарч ирснээс хойш “Болох юм байна” гэж урам авсан хамтлаг, дуучид, хөгжимчид олон. Энэ утгаар бид монголчууддаа урам өгсөн, итгэл асаасан. Ардын урлаг хэзээ ч хоцрогддоггүй юм билээ. Электро хөгжимтэй хөөмийлөхөд л дэлхийд шинэ зүйл болдог юм байна. Бидэнд бодсон их зүйл байна.

-Сонин асуулт байх л даа. Гэхдээ “Биднийг гадаадууд сонсож байна шүү дээ” гэж ухамсарлан мэдэрсэн тэр мэдрэмж хэзээ, хаана байв аа. Тайзан дээр үү, Youtube-ийн үзэлт хараад мэдрэх үү?

Ц.Галбадрах: Анхны турүүдийг ярих болох байх. 370 гаруй тайзан дээр гарчихсан байна. Тэр дунд онцгой тохиолдол олон. Яг одоо Францын нэг тоглолт санаанд орж байна. “Le Trianon” театрын тайз. Алдартай, гурван давхар бельэтажтай. Барууны хамтлагууд бидэнд “Энэ тайзыг 10 жил хүлээж байж ордог. Та нар асар хурдтай тоглочихлоо” гэж тоглоом шоглоомоор хэлж байсан. Тэгэхэд “Yuve yuve yu”-г зрителиэрээ, монгол хэлээр дуулсан.

Мөн фестивалиуд байна. 2019 онд, шинэ хамтлаг учраас фестивалиудаар эрт цагт л гарна шүү дээ. Хамгийн эхэнд бичигдчихсэн байсан.  “Эхний цагуудад хүн бага, сэтгэл санаагаа бэлдээрэй” гэж байлаа. Гэтэл биднийг гарахын өмнө “Хү Хү” хэмээн нүргэлж эхэлсэн. Тоглоод л эхэлтэл монгол хэлээр үгчлэн дуулаад, завьчид болж бөөнөөрөө хөдлөөд л. Тэр мэдрэмжүүд гоё л доо.

-Тэгээд яг яаж мэдрэгдэх вэ?

Б.Энхсайхан: Бид багаасаа ардын урлагаар амьдарсан. Хүний өмнө нүүр улайлгүй тоглох боломжтой болсон цагаас эхлээд гаднынханд ардыг урлагаа толилуулж эхэлсэн. Ингэхэд, гаднынхан манай ардын урлагийг үргэлж биширдэг байсан юм. Тийм ч учраас бид дотроо хүлээж, горьдож байсан. Ардын урлагаа улам хөгжүүлж, загатнасан газрыг нь маажвал цөм авна гэж тооцсон. Гадарлаж байсан. Тийм болохоор гайхшрал бага байсан ч гэмээр юм уу.

-Хийх юмаа хол харж зурсан бол тийм байх талтай л даа?

Ц.Галбадрах: Мэдээж сэтгэл зүй гэдэг баригдашгүй зүйл. Гэхдээ бид мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс. 20, 30 жил энэ зүйлийг хийж ирсэн. Сэтгэл хөдөлснөөр сайн тоглодог хэрэг биш. Бүгд цаанаа хатуу тооцоотой явдаг. Тодорхой хэмжээнд эмоци бий. Гэхдээ контрол үргэлж байх ёстой. Олон жил хана ширтэж, үеийн залуус гадаа тоглож, цэнгэн жаргаж байхад сургуулийн коридорт хөгжмөө давтаж суусны гавьяа одоо гарч байгаа хэрэг.

-“Лифтээр явчихлаа” гэдэг сэдэв... Үнэндээ та нарын ямар жаргал зовлон туулж байгаа руу хэн ч өнгийгөөгүй.

Г.Нямжанцан: Сайхан бүгдэд золиос бий. Бэрхшээл олон. Гэхдээ багаасаа л урлагаар явчихсан учраас ар гэрийнхэн маань ч биднийг эрвийх дэрвийхээр дэмжиж өдийг хүрсэн. “Чи баараггүй, би баараггүй” гээд амьдралын төлөө хамтдаа зүтгэж байгаа.

Зарим жилд долоон сар нь замд явсан. Гэртээ ирээд өдөржин студид ажиллана. Хөгжмийн ажил гэдэг цаг наргүй. Нэг бичүүлээд эхэлбэл дуусгаж байж л ханана. Үүр цайна уу, хамаагүй. Харин шантарч явсангүй. Больчихъё гэж бодоогүй. Шал өөр зарчмаар амьдарч ирээд, шүд зуугаад, одоо ийм үр дүнд хүрчхээд шантарч болохгүй шүү дээ. Домог хамтлагууд 40-50 жил тоглоод л байна. Бид энэ замаар явна. Тэдний араас замнана. Сонгосон учраас. Хаана хүрнэ, тэр хүртэл унахгүй явахын төлөө нуруун дээрх ачаагаа хувааж үүрээд зүтгэцгээнэ.

-Үүнд багийн гишүүдийн онцлог нөлөөлдөг үү?

Ц.Галбадрах: Олон жилийн өөрсдийн замналын дараа тал талаас нэг цэг дээр уулзсан хүмүүс дээ. Олон эрэгтэй хүн баг болж ажиллах тийм хялбар биш. Өөр үзэл бодолтой, өөр орчинд өсөж төрсөн. Нас зүсний хувьд ч өөр. Гэхдээ нэг зүйлд нэгдсэн. Эрхэм зорилго тээсэн учраас нэг туган дор нэгдэж буй. Юу гэмээр юм дээ. Асар том сахилга бат дээр энэ бүхэн явж байгаа. Тийм учраас оршин тогтнож буй. Нэг л хүн дээр асуудал үүсвэл бүхлээрээ болохгүй болчихно. Биеэ цэгнэж, зөв байхын төлөө хичээхээс аргагүй. Эв нэгдэл, сахилга бат, хариуцлага, гол нь зорилго дээр бид зангидагдаж байгаа.

-Монгол гэдгээрээ бахархах хүн улам цөөн болж байна уу даа гэж боддог юм. Үндэс угсаа руугаа орох, ухамсарлах гэдэг хувь хүний хөгжилд их чухал асуудал байдаг. Урлагаар дамжуулж үүнийг олон улсад илэрхийлж буйн хувьд, энэ тал дээр бодлоо илэрхийлэхгүй юу?

Ц.Галбадрах: Манай Монгол Улс агуу бахархалт түүхтэй нь маргаангүй. Энэ дэлхий дээр нээлт авчирсан хүмүүс. Дипломат паспорт гэрэгэ нь байна. “Торгоны замын нэг захаас нөгөө зах руу алт үүрсэн эмэгтэй хүн явахад аюулгүй байлаа” гэж судар бичигт дурдаж үлджээ. Амар амгаланг, аюулгүй байдлыг ч ийн тогтоож. Хууль цааз бий болгосон. Олон үндэсний шашныг зөвшөөрөх ардчилсан зарчим байсан. Яривал олон гайхалтай зүйл бий.

 Өв дээдсээр дамжиж, хэдэн зуунаар өртөөлж ирсэн тул бидний цусанд энэ бүхэн байгаа. Энэ өөрөө гайхалтай гэдгийг зөвхөн урлагт биш салбар салбарт харж байна. Монгол хүн гэдгээр бахархахгүй байхын аргагүй.

Бид суурин иргэншилд ороод үндсэндээ 100 гаруй жил л болж байна. Талд эрх чөлөөтэй давхиж явсан улс. Энэ соёлоо хайбрид хэлбэрээр авч яваа онцлогтой. Улаанбаатарт л асуудал яригддагаас манай улс өөрөө хамгийн цэвэр цэнгэг агаартай, эртний ноён оргил уулстай. Монголынх шиг амттай мах хаана ч идэж үзсэнгүй.

Б.Энхсайхан: Монгол хүн болж төрсөндөө ямар ч хүн бахархана шүү дээ. Миний бодлоор, бидний өвөг дээдэс агуу гайхамшигт цаг үеийг бий болгосон. Аливаа зүйл өгсөж уруудахын хуулиар уналтад орно. Энэ нь эв түнжин муутай, хагаралдан бутарснаас үүдэлтэй. Аливаа зүйлд дэг гэж бий. Нэгнээ хүндлэх. Хүнээр хүндлүүлэх бол түүндээ нийцэх ёстой. Эв түнжин хагарч, би үзэл дэндээд ирэхээр эвгүй байдал үүсэж, өдийг хүрсэн ч юм шиг санагддаг.

Өнөөдөр янз бүрийн юм ярьж л байна. Гэхдээ сайхан зүйл нь их байна. Саар зүйлийг хараад байдаг. Хүмүүс чухал зүйлийг чухал бишид, чухал биш зүйлийг чухалд боддог болчихсон.

Бидний уран бүтээл ерөөсөө л энэ. Дотроо жаахан гутарч гуньсан монголчуудыг сэрээх, энэ үзэл бодлоос нь салгах. Оронд нь оюун санаагаараа энэ байдлаас гарч, сэргэн мандах чиглэлд л дуугаа хийдэг.

Г.Нямжанцан: Зөндөө орноор явж үзлээ. Гэхдээ бидний энэ дэлхий дээр авч үлдэж буй олон зүйл байна. Жишээ нь нүүдэлчин соёл. Адаглаад тэнгэрийг ажаад мэдчихдэг мэдлэг бидэнд бий. Хэзээ ч үүнийг мартаж болохгүй. Аав ээжийн, өвгөдийн захиж хэлснийг тогтоож үлдэх нь өөрөө асар том мэдлэг байдаг. Энэ л монгол хүнийг бүтээж байгаа. Үүнийг л мартаж, холдоод байна.

Хуучны хүмүүс юм мэдэхгүй гэж боддог. Гэтэл байгальтай харьцах мэдлэгийг гар утас ашиглахтай харьцууламгүй. Бороо орсны дараа үнэртдэг үнэр дэлхийн хаана ч байхгүй гээд бод доо. Улаанбаатараас ч үнэртдэг шүү дээ. Энэ өөр байна гэсэн үг.

Бусдаас илүү зүйл бидэнд байна аа. Үүнийгээ үнэтэйд тооцвол асуудал өөр өө. Үнэ цэнтэй зүйлээр амьдарч байгаа хүний бүх зүйл л үнэ цэнтэй болно. Үнэгүйдүүлбэл бүгд дагаад үнэгүйднэ. Үүнийг л бодож яваасай

Морь малд ойртохгүй ч гэсэн мэддэг байх хэрэгтэй. Бидний уран бүтээл ерөөс энд чиглэдэг. Шинэ үеийн сэтгэл зүрхэнд хөгжмөөр дамжуулж хүрэх. Монгол хүний үнэлэмжийг гадаадад нэмэгдүүлэх л маш чухал. Үүнийг дараа дараагийн дэлхийн тавцанд ажиллаж, амьдрал монгол хүмүүст маань ч чухал хэрэгтэй гэж үздэг.

Ц.Галбадрах: Гадаад дахь монголчууд маань маш мундаг явдаг шүү. Олон мундаг хүмүүстэй уулзсан. Хүүхдүүд нь монгол хэлээ бага хэрэглэж буй асуудал ихээхэн тулгамдаж байгаа юм билээ.

Харин бидэнд урам өгсөн. “Та нарын дууг сонсоод, мянга хэлж ойлгуулах гээд чаддаггүй зүйлийг маань хүүхдүүд шууд ойлгож байна. Би монгол хүн гэдгээрээ бахархлаа, монгол хэлээ суръя гээд эрмэлзэж эхэллээ” хэмээж байсан. 

 “Hit Park” хэмээх Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалтын, хамгийн анхны задгай тоглолтыг “The Hu” хийсэн юм. Наадмын мини нээлт маягийн найруулгад ч “Skin Entertainment” анхаарчээ. Бүжигчидтэй, салюттай, тулганд асаасан галтай. Тайзны орой дээр Чингис хааны эш хөрөг гэрэлтэж байна. МУСГЗ Г.Отгон тайзны араас уншиж, ерөөс “Монгол хүн мандан бадраг” гэдэг агуулгыг шүлэглэн хэлж, “Чингис хаан мандтугай” хэмээн ерөөн шүншиглэж, зэрэгцээд тайзнаас “The Hu” хамтлаг рок хөгжим тоглоод, түүнд нь цугласан олон хүн уухайлж бүр хурайлаад эхлэхээр “Энэ чинь ер юу болоод байна аа?” гэж гайхшран бодмоор хүчтэй сэтгэгдэл төрүүлэх нь тэр. Нас зүс залуу олон монгол хүн Чингис хаан, тулгатай галын дэргэд цуглаад хурайлахыг ер үзээгүй явлаа. Нэг тийш харвал энд тэндхийн тоглолт хэсээд явахгүй, хэссэн нь тоотой хэд баймаар хижээл насны амьдралд үнэнч эрчүүд, нөгөө тийш харвал ач зээ нараа хөтлөн дагуулчихсан эмэгтэйчүүд нүдэнд тусахад эв нэгдэл мэдрэгдэж байв. Үргэлж талцал маргаан, шүүмжлэл, сошиалд үсэрсэн шүлсээр амьдарч байгаа орчин цагийн монголчуудыг нэг шөнө ингэж хураан цуглуулж, дээр нь рок хөгжим дор элдэв санаа зовних асуудлыг нь таягдан хаяж, дураар зоргоор болгож чадсан нь “Хү” хамтлагийн эл тоглолтоос онцлох зүйл байв.

Мөн дуу нь үнэхээр метал рок урсгалын суурьтай нь тоглолтоор мэдрэгддэг юм байна. Тэд “онол”-ын дагуу хөгжимдөж байна. Харин тогтоон барихаар хичээж байгаа “Хүннү рок” урсгалынх нь онцлог болох ардын элементүүд нэмэгдээд ирэхээр зайлбаргүй нэг цул болох юм. Өөрөөр хэлбэл нэгэнт тусдаа урсгал болчихсон юм байна гэж итгэл төгс бодоход хүрэв. Өөр онцлогтой, өөр хэмнэлтэй дуунууд шил шилээ даран дуулагдах бөгөөд тэд үгэндээ үргэлж Монголын түүхийн агуулгыг шингээх гэж эрмэлздэг нь ил. Домог болон сургаалийн шинжтэй lyrics бий учир монголчуудад энэ хол санагдаад байдаг байж мэдэх юм. Зэргэлдээ зогссон жуулчдын нүүрнээс инээмсэглэл буухгүй, туж бүжиглэх бөгөөд тоглолтын дунд хавиас хойш гар гараа барилцан тойрог болж бүжиглэх, нэгнээ гар гаран дээрээ дамжилдан өргөх үйл явдлыг харж бахдах сэтгэл төрлөө. Төгсгөлд нь монголчууд “Дахиулъя, дахиулъя” хэмээн дуу мэдэн бахирахад утгыг нь ойлгож байгаа эсэх нь мэдэгдэхгүй нэг харь эмэгтэй ч мөн дагаж хэлээд инээж зогсохыг харав.

“Монгол улс мандан бадартугай” гэж хэлэхэд инээмсэглэн алгаа ташиж, өөрсдийн санаачилгаар хурайлж байгаа тэр залуу үеийн дүр зураг сэтгэлд үргэлж хадгалагдах болно.

“Хү” хамтлагийнхны ч сэтгэл урьдаас илүү хөдөлсөн нь илт ч олон тоглолтын ард гараад сурчихсан хийгүй нягт, дадсан төрх байдал онцгой ажиглагдаж байлаа.

Ямар ч тохиолдолд эрэмбэлэх үнэ цэнийн орой дээр нь тэдний олон улсад Монголын тухай тууштай дуулж, тэр нь амжилтад хүрч, анхаарал татаж байгаа явдал бичигдэнэ. Ийм хамтлаг, тийм уран бүтээлч олон бол өөр хэрэг. Харин хамгийн тод нь өнөөдөртөө “Хү” хамтлаг болоод байгааг статистик гэрчлэх юм. Энэ үнэ цэнийг дотор цээжиндээ монгол хүн гэдгээрээ илээр бахархан амьдрахыг үргэлж хүсдэг монголчууд ямар нэгэн сэжмээр мэдэрдэг нь харагдлаа. “Хүн бага ирвэл яана, монгол үзэгчид нь тоохгүй бол яах билээ” гэж санаа зовоход хүргэсэн урьдын хандлага бут цохигдож, давхар монголчууддаа итгэл төгс урагш алхахад түлхэц болсон.

“Хү” хамтлагийн гишүүдтэй ярилцахад сагаж галзуурсан юм уу өнөөдрийг хүртэл хийснээ болсон, ханасан гэж үзсэн байр байдал анзаарагдаагүй нь дараагийн бахархалд тооцогдож буй. Тэд энэ даруу эрчээр илүү ихийг хийх нь дамжиггүй боллоо. Зэрэгцээд олон монголчууд монгол хүний үнэлэмжийг олон улсад өргөнө, тийм эргэн орчлонгийн ээлжит хугацаа ч ойртон дөхөж байгаа.

Тоглолтын гэрэл зургууд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-11 10:53

Anh udaa togloltiig ni uzlee. Omog tuguldur bailaa.

Зочин
Зочин
2024-07-11 13:30

Өвчтэй �########�а вэ гуньж гутарсан Монголчуудын оюун санааг яана гэнэ үү

Зочин
Зочин
2024-07-11 13:44

Дүүлэн нис з�##�уусаа

zochin
zochin
2024-07-11 15:08

Нээх гуниад байгаа юм байхгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button